МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-03-09
Дугаар 39
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр ажлын албаны хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан, ажиглагчаар өргөдөл гаргагч Ч.С-г байлцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Иргэн Ч.С нь ...шүүхийн шүүгч А.М-д холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан өргөдлийг илтгэгч гишүүн хүлээн авч хянаад, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ГЗҮ/2023/...9 дүгээр захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулаад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2023/...9 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Шүүгч А.М-д сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад доорх хууль зүйн үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав. Үүнд:
1. Шүүгч хэнээс ч хараат бусаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргаж хэрэг маргааныг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд шүүгчийг шийдвэр гаргахад хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй болохыг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор хуульчлан баталгаажуулсан бөгөөд шүүхийн шийдвэрийг хууль бус, үндэслэлгүй байсан эсэхийг гагцхүү дээд шатны шүүх нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг үндэслэн хянаж, тогтоодог эрх хэмжээг эдэлдэг байна.
Холбогдох шүүгч А.М нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр З.А-ын нэхэмжлэлтэй, Г.Т, Ч.С нарт холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 1../ШШ2020/0...80 дугаар шийдвэр гаргасан байна.
2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Г.Т давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ...9 дүгээр магадлалаар 1../ШШ2020/0...80 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргаж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2021/...6 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ...9 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У-ын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон иргэний хэрэгт хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх, хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хянах эрх хэмжээг гагцхүү дээд шатны шүүхүүд буюу давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хуулиар олгосон, дээд шатны шүүхийн онцгой бүрэн эрхийн асуудал юм.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан эсэхийг Шүүхийн сахилгын хороо тогтоохгүй ба тус хорооны эрхлэх асуудалд хамааралгүй, харьяаллын бус болно.
Мөн ...шүүхийн 1../ШШ2020/0...80 дугаартай шийдвэр гарах үед Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль үйлчилж байсан байна. Тус хууль 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан байх тул шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсантайн холбогдуулан тэр дундаа шүүхийн шийдвэр гаргасантайн холбогдуулан буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй болно.
2. ...шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1../ШЗ2022/...6 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар шинжээч томилж, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1../ШТ2022/....7 дугаар “Гомдол шийдвэрлэх тухай” тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1../ШЗ2022/...6 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 5-д нэмэлт, захирамжлах хэсгийн 2 дахь заалтаас тодорхой хэсгийг нь хасаж, захирамжийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Тус шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1../ШЗ2022/....1 дүгээр “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай” захирамжаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” ...6 дугаар захирамжаар шинжээчээр “И” ХХК, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, шинжээч “И” ХХК нь дээрх захирамжид заасан шинжээчийн дүгнэлтийг гаргаж тус шүүхэд ирүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь З.А, Г.Т нарыг хүүхдүүдийн хамт эцэг тогтоолгох шинжилгээний дээжийг өгөөгүй учраас шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн, иймд З.А-ын нэхэмжлэлтэй Г.Т, Ч.С нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна.
Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1../ШЗ2022/....1 дүгээр “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай” захирамжийг эс зөвшөөрч хариуцагч Г.Т 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргажээ.
...шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.М даргалж, шүүгч О.О, Б.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж, “Гомдол хянан шийдвэрлэх тухай” 1../ШТ2022/....9 дүгээр тогтоол гаргажээ.
Уг тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ...6 дугаар захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1...27 дугаартай албан бичгээр шинжилгээний дээж өгөх тухай, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1...56 дугаартай албан бичгээр шинжилгээ хийх боломжгүй тухай албан бичгийг тус шүүхэд ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд уг гомдол шийдвэрлэсэн хуралдааны бүрэлдэхүүнд өмнө нь уг хэргийг шийдвэрлэж байсан шүүгч А.М орсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, гомдол хянан хэлэлцэх бүрэлдэхүүнд тэрээр өөрийн хүсэл сонирхлоор буюу ашиг сонирхлын нөлөөллийн улмаас орсон бус харин хуулиар хүлээлгэсэн ажил үүргийн хуваарийн дагуу санамсаргүй тойргийн аргаар сонгогдож тус хуралдаанд оролцсон байна.
Мөн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1../ШЗ2023/...1 дүгээр “Урьдчилсан арга хэмжээ авч, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тухай” захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг дахин шинжээчээр томилж хариуцагч Г.Т нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн Т.Б-ы биологийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.
Хэрэв холбогдох шүүгчийн хээл хахууль авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбоотой гэж үзэж байгаа бол энэ нь тус Шүүхийн сахилгын хорооны шийдвэрлэх эрх хэмжээний асуудалд хамааралгүй асуудал болохыг тухайлан тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ.
Шүүгч А.М тайлбартаа: “...шүүхэд нэхэмжлэгч З.А нь хариуцагч Г.Т, Ч.С нарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хүү Т.И, хүү Т.Б нарыг өөрийн асрамжинд авч эх З.А-аас тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Хариуцагч Г.Т-ын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1../ШЗ2022/...6 дугаар захирамжаар эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор “Х” ХХК-ийг, эцэг тогтоох шинжилгээг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
“Х” ХХК нь үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн нь "Нэхэмжлэгч З.А, хариуцагч Г.Т нарыг хүүхдүүдийн хамт эцэг тогтоолгох шинжилгээний дээж өгөхийг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1...27 дугаартай албан бичгээр хүссэн боловч өнөөдрийг хүртэл тус хүрээлэнд ирж дээж өгөөгүй тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасныг үндэслэн шинжилгээ хийх боломжгүй байна" гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У-ын гаргасан хүсэлтээр шүүгч Н.О нь шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1../ШЗ2022/....1 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.
Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1../ШЗ2022/....1 дугаартай "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай" захирамжид хариуцагч Г.Т 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргаж, шүүгч А.М надад хувиарлагдсан болно.
Гомдол хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16:00 минутад товлон зарлаж, хуралдааны товыг зохигчдод 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч Г.Т, Ч.С нар нь гомдол хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн.
...Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульчилсан тул гомдлын хуралдааныг хойшлуулах зохицуулалтгүй учраас хүсэлтийг хангахаас татгалзаж, хүсэлттэй хавсарган ирүүлсэн нотлох баримтууд нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй болохыг дурдаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1../ШЗ2022/....1 дугаартай захирамжийг хэвээр үлдээсэн шүүхийн тогтоол гаргасан.
Шүүгч А.М, Б.Б, О.О нарын бүрэлдэхүүнтэй гаргасан шүүхийн тогтоол нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, шүүгчийн хувьд хуульд заасан ажиллагааг явуулсан тул Ч.С-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Ч.С “шүүгч А.М шүүх эрх мэдлээ хэтрүүлэн, нэхэмжлэгч талд давуу байдал бий болгон, ялгаварлан хандсан ба нэхэмжлэгч талаас хахууль авсан байх магадлалтай. Тодруулбал, шүүгч А.М нь З.А-ын нэхэмжлэлтэй, Г.Т, Ч.С нарт холбогдох иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэрлэсэн ба тухайн иргэний хэрэг нь хяналтын шатны шүүхээс буцаж, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Н.О-ийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэх 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг өөрөө даргалсан. Мөн шүүх хуралдаанд хариуцагч уг шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт өгсөөр байхад хариуцагч нарыг оролцуулахгүйгээр хуралдааныг явуулсан” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.
1. Иргэний хэргийн тухайд:
1.1. З.А-ын нэхэмжлэлтэй, Г.Т, Ч.С нарт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, хариуцагч нарын хооронд байгуулсан хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Т-ын хүү Т.И, хүү Т.Б нарыг өөрийн асрамжид авч, эх З.А-аас тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч А.М 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 1../ШШ2020/0...80 дугаар шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас заримыг нь хангаж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн ...9 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 1../ШШ2020/0...80 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр 07-ны өдрийн 001/ХТ2021/...6 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ...9 дүгээр магадлалыг хэвээр үлдээснээр тухайн иргэний хэрэг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаагдаж, шүүгч Н.О-д холбогдох журмын дагуу хуваарилагджээ.
1.2. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Т-ын хүсэлтийг хүлээн авч, шүүгч Н.О-ийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1../ШЗ2022/...6 дугаар захирамжаар “хүү Т.Б-ы биологийн эцэг Г.Т мөн эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр, нэхэмжлэгч З.А-ын нэр дээрх 4 газрын зах зээлийн үнэлгээг “И” ХХК-иар тус тус тогтоолгохоор шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан байна.
Улмаар тус шүүхийн шүүгч Н.О-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1../ШЗ2022/....1 дүгээр захирамжаар “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс З.А, Г.Т нарыг хүүхдүүдийн хамт эцэг тогтоолгох шинжилгээний дээж өгөхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч хүссэн боловч дээж өгөөгүй тул шинжилгээ хийх боломжгүй тухай албан бичгийг тус хүрээлэнгээс шүүхэд ирүүлсэн. Мөн шинжээчээр томилогдсон “И” ХХК нь дүгнэлтээ ирүүлсэн” гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ.
Харин хариуцагч Г.Т 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “...шүүгчийн 1../ШЗ2022/....1 дүгээр “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай” захирамжийг хүчингүй болгож, дахин эцэг тогтоолгох болон хөрөнгийн үнэлгээг дахин хийлгүүлэхээр “Л” ХХК, “И” ХХК, “М” ХХК зэрэг компаниудаас өөр бусад байгууллагыг шинжээчээр томилуулах болон гомдлын шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцох боломжоор хангаж өгнө үү” гэх гомдлыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Г.Т-ын гомдлыг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн холбогдох журмын дагуу томилогдож, даргалагч шүүгч А.М, шүүгч Б.Б, О.О нарын бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар уг гомдлыг хянан хэлэлцээд шүүхийн 1../ШТ2022/....8 дугаар тогтоолоор “хариуцагчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай” хүсэлтийг хангахгүй орхиж, мөн өдрийн 1../ШТ2022/....9 дүгээр тогтоолоор шүүгчийн 1../ШЗ2022/....1 дүгээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2. Холбогдох шүүгч сахилгын зөрчил гаргасан эсэх тухайд:
2.1. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж заасан.
Ч.С-ийн өргөдөлд дурдсан шүүгч А.М-ын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1../ШШ2020/0...80 дугаар шийдвэр нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд хамаарна.
З.А-ын нэхэмжлэлтэй, Г.Т, Ч.С нарт холбогдох иргэний хэргийг шүүгч А.М нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1../ШШ2020/0...80 дугаар шийдвэрээр шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ...9 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр 07-ны өдрийн 001/ХТ2021/...6 дугаар тогтоолоор уг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаажээ.
Дээд шатны шүүхүүд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан, хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй бөгөөд тухайн тохиолдолд шүүгчид хариуцлага хүлээлгэх талаар холбогдох хууль, дүрэмд заагаагүй байна.
Иймд шүүгч А.М-ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж заасан.
Шүүгч А.М нь хариуцагч Г.Т-ын гомдлын дагуу шүүгч Н.О-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1../ШЗ2022/....1 дүгээр “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай” захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй эсэхийг хянах гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар оролцсоныг тус иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэхэд оролцсон гэж үзэхгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгч А.М татгалзан гарах үндэслэлгүй байна.
Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч А.М дангаараа шийдвэрлээгүй, харин шүүгч Б.Б, О.О нарын бүрэлдэхүүнтэйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.3. Хариуцагч Г.Т, Ч.С нарын гомдлыг шүүх 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, гомдол шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр товлон зарлаж, хуралдааны товыг гомдол гаргачид буюу зохигчдод 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгджээ. Хариуцагч нар гомдол шийдвэрлэх шүүх хуралдааныг хойшлуулж, уг хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ бичгээр ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гаргасан гомдлыг мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр ...хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасан.
Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангахаас татгалзаж, хүсэлтэд хавсаргасан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлага хангаагүй байсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулжээ.
Ийнхүү шүүх бүрэлдэхүүн хариуцагч нарын гаргасан хүсэлтийг хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хангахаас татгалзаж, гомдол шийдвэрлэх хуралдааныг үргэлжлүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар 1../ШТ2022/....8 дугаар тогтоолоор шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэн буруутгах үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч А.М нь өргөдөлд дурдсан үйл баримттай холбоотойгоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зөрчил гаргасан нь сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2023/...9 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
О.НОМУУЛИН