МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-03-03
Дугаар 37
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр ахлах шинжээч Б.А нарыг оролцуулан, ажиглагчаар өргөдөл гаргагч Ш.З-ыг байлцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Иргэн Ш.З нь ... шүүхийн шүүгч Т.Б-д холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийг илтгэгч гишүүн хүлээн авч хянаад 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ГЗҮ/2023/...6 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулаад 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ГС/2023/0...6 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: ... Холбогдох шүүгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан асуудлаар дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.
Ш.З-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэргийн хугацааг сунгасан нь хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр дурдсан үндэслэлээр удаа дараа үүнээс нэхэмжлэгч талын хүсэлтээр 7 удаа хойшилж байсан байх ба энэ тохиолдолд шүүгчийг “...хэт нэг талыг барьсан, хэргийг санаатайгаар удаашруулж хариуцагчийн талд илтэд үйлчилж байгаа” гэж үзэх үндэслэлгүй болно.
2. 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.З өмгөөлөгч Л.Д-ийн хамт оролцсон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Энэхүү шүүх хуралдааны явцад шүүгч нь нэхэмжлэгчид хандан “чи хоёр өмгөөлөгчтэй биз дээ? Чамаас ирэх ямар ч санал хүсэлтийг би хүлээж авахгүй! өмгөөлөгчтэйгөө ярь!” гэж хэлсэн гэх байдал шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгт тусгагдаагүй тул дээрэнгүй зан авир гаргасан гэх үзэхгүй.
Түүнчлэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож хүлээн авсан байх ба энэхүү шүүх хуралдаанд шүүгч “чи шүүх хуралд ганцаараа орох юм уу? Б чиний төлөө явахгүй! Чи ер нь хэнийг ч өмгөөлөгчөөр авсан намайг дийлэхгүй, одоо яв, гар, хурал хойшилсон” гэж хэлсэн гэх байдал тогтоогдоогүй болно.
3. Хэргийн оролцогчийн “...шүүгч болон тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах” хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн байна.
Дээр дурдсанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгч Т.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Шүүгч Т.Б тайлбартаа: “...иргэн Ш.З-ын нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийдвэр, Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2020/0...7 тогтоолоор хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд энэ хэрэг зохих журмын дагуу надад хуваарилагдсан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой шалтгаан, хуульд заасан үндэслэлээр шүүх хурал удаа дараа /13/ хойшлогдож байсан бөгөөд 9-10 удаад нь нэхэмжлэгч талын хүсэлтээр хойшлогдсон байна.
Шүүх хуралдааныг даргалан явуулахдаа иргэн Ш.З-ын гомдолд дурдсан шиг хэргийг санаатайгаар удаашруулсан зүйлгүй, мөн нэхэмжлэгчийг дарамталсан зан авир гаргаагүй, зохисгүй үг хэллэг хэлээгүй болно.
Нэхэмжлэгч Ш.З, хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Б.Б нар 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд хамт оролцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгч Ш.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б нарын хүсэлтээр хойшилсон, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Б-ыг өмгөөлөгчөөр оролцуулах, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцуулах эсэхийг тодруулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт “өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь Г.Б-д олгосон итгэмжлэлээсээ татгалзсан болохоо бичгээр гаргаж өгөөгүй болно. Иргэн Ш.З-ын гомдол нь илтэд үндэслэлгүй, худал мэдээлэл агуулсан байх бөгөөд харин ч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-ыг шүүх хуралдаанд оролцуулах боломжийг олгож байсан нь баримтаар тогтоогдоно. Миний хувьд хуульд заасан сахилгын болон ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Ш.З “миний бие “С” ХХК-д холбогдуулан ... шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тухайн иргэний хэрэг нь 2017 оноос өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй. Шүүгч Т.Б хэт нэг талыг барьсан, хэргийн санаатайгаар удаашруулж, хариуцагчийн талд илтэд үйлчилж байна, мөн шүүх хуралдаанд дээрэнгүй зан авир гаргасан” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.
1. 2017 оноос өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй буюу шүүгч Т.Б нэг талыг барьсан, санаатайгаар хэргийг удаашруулж байна гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ш.З нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан нөхөн олговрын орлого 306.001.668 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ...шүүхэд гаргасан байх ба шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас Ш.З-д холбогдуулан 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрүүдийн “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэнтэй байгуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, 43.575.675,1 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Тус шүүх 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийн хэлэлцэн, 1../ШШ2019/0...7 дугаар шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийг хариуцагч талаас эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гарган Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1...1 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 1../ШШ2019/0...7 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Хариуцагч талаас магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2020/0...7 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн 1../ШШ2019/0...7 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 1...1 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааснаар тухайн иргэний хэрэг нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ... шүүхийн шүүгч Т.Б-д хуваарилагджээ.
Шүүгч Т.Б шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцүүлэхээр товлосон боловч товлогдсон шүүх хуралдаанаар “нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, талуудыг мэтгэлцэх боломжийг хангахаар шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан шүүгчийн мөн өдрийн 1../ШЗ2021/0...5 дугаар захирамж гарчээ.
Товлогдсон шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ш.З “өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1.../ШЗ2021/0...3 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна.
Уг шүүх хуралдаан болоход Коронавируст халдварын гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан тул шүүх хуралдааныг жич товлох тухай шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1.../ШЗ2021/0....8 дугаар захирамж гарсан.
Шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр товлосон ба тухайн өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д “шүүгч Т.Б-ийг татгалзан гаргах болон хэргийн материалтай танилцах”, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г “шинжээч томилуулах тухай” хүсэлтүүдийг тус тус гаргаж, шүүгчийн мөн өдрийн 1../ШЗ2021/0....6 дугаар захирамжаар шүүгчийн татгалзан гаргах тухай хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулжээ. Улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1../ЕШ2021/0...4 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүгчээс татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан байна.
Мөн тус шүүхийн Тамгын газрын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/..5 дугаар тушаалаар шүүгч Т.Б нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байжээ.
Шүүх хуралдааныг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр товлоход нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д “нотлох баримт гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” хүсэлтүүд гаргасныг шүүгчийн мөн өдрийн 1../ШЗ2021/0...3 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, харин нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаснаар шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулжээ.
Шүүхээс шаардсан нотлох баримтууд ирснээр шүүх хуралдааныг товлож, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б “шүүх хуралдаан давхардсан тул хойшлуулах тухай”, хариуцагчийн төлөөлөгч Б.Б “эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлтүүд тус тус гаргасныг хэлэлцэн, хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан шүүгчийн мөн өдрийн 1../ШЗ2021/1...3 дугаар захирамж гарчээ.
Товлогдсон шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б “шүүх хуралдаан давхардсан тул хойшлуулах” хариуцагчийн өмгөөлөгч Б.Г “хариуцагчийн төлөөлөгч Б.Б тусгаарлалтад байгаа тул хойшлуулах” тухай хүсэлтүүд тус тус гаргасныг хангаж, шүүгчийн мөн өдрийн 1../ШЗ2021/1...7 дугаар захирамжаар шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан.
Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас “шинжээч томилуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1../ШЗ2022/0...1 дүгээр захирамжаар хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт ирснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1../ШЗ2022/0...10 дугаар захирамжаар сэргээсэн байна.
Шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1../ШЗ2022/1..0 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас товлогдсон шүүх хуралдааныг явуулах боломжгүй болсон тул товыг өөрчлөн жич товлохоор шийдвэрлэжээ.
Шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутад товлоход нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г нар “шүүх хуралдаан давхардсан тул хойшлуулах”, хариуцагчийн өмгөөлөгч А.Х “гэрч асуулгах тухай” хүсэлтүүд тус тус гаргасныг хангаж, шүүгчийн мөн өдрийн 1../ШЗ2022/....3 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
Товлогдсон шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б “шүүх хуралдаан давхардсан тул хойшлуулах” тухай хүсэлт гаргасныг ханган, шүүгчийн мөн өдрийн 1../ШЗ2022/...5 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ.
Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас дахин шүүгч Т.Б-ийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1../ЕШ2022/0...6 дугаар захирамжаар хангахаас татгалзсан байна.
Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б “тус шүүхийн бүх шүүгчээс татгалзах тухай” хүсэлт гаргасан тул шүүгчийн мөн өдрийн 1../ШЗ2022/...4 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулжээ. Тус хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1../ЗТ2022/...60 дугаар зөвлөгөөний тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзжээ.
Улмаар шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутад товлосон боловч тухайн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б “шүүх хуралдаан давхардсан тул хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг ханган шүүгчийн мөн өдрийн 1../ШЗ2023/0...1 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна.
Товлогдсон шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б “өвчний улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг ханган шүүгчийн мөн өдрийн 1../ШЗ2023/...1 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ.
Дээрхээс үзвэл шүүгч Т.Б-д хэрэг хуваарилагдсан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш нийт 14 удаа шүүх хуралдаан хойшилсон байгаагаас хүсэлт шийдвэрлэсэн давхардсан тоогоор нэхэмжлэгч талаас шалтгаалан 11 удаа, хариуцагч талаас шалтгаалан 4 удаа, шүүхээс шалтгаалан 1 удаа, коронавирусийн цар тахлын хөл хорионоос шалтгаалан 1 удаа тус тус шүүх хуралдааныг хойшлуулж байсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 5 сар түдгэлзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч нь хуанлийн 39 хоног ээлжийн амралттай байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудаар хэрэг шийдвэрлэгдээгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгч Т.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж, талуудын тэгш эрхийг баримтлан ажиллажээ.
Иймд өргөдөл гаргагчийн “шүүгч нэг талыг баримтлан, санаатайгаар хэргийг удаашруулж байна” гэх өргөдөл нь үндэслэлгүй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
2. Шүүгч шүүх хуралдааны явцад дээрэнгүй хандсан гэх тухайд:
Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад гишүүний 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ГЗБ/2023/0...5 дугаар захирамжаар тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгүүдийг нотлох баримтаар авч, үзлэг хийж бэлхжүүлсэн байна.
Шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1../ШЗ2022/....3 дугаартай тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1../ТМ2022/0...9 дугаартай тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгүүд болон илтгэгч гишүүний дуу-дүрсний бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд шүүгч Т.Б шүүх хуралдааны явцад “... Б чиний төлөө явахгүй. Чи ер нь хэнийг ч өмгөөлөгчөөр авсан намайг дийлэхгүй”, “чи одоо яв, гар, хурал хойшилсон”, “чи 2 өмгөөлөгчтэй биз дээ. Чамаас ирэх ямар ч санал хүсэлтийг би хүлээж авахгүй, өмгөөлөгчтэйгөө ярь” гэж хэлсэн үйл баримт тогтоогдсонгүй.
Тодруулбал, ...шүүхийн Тамгын газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1..9 дүгээр албан бичгээр ирүүлсэн цэнхэр өнгийн “hp invent” гэсэн бичигтэй
1 дэх СД-нд “19...1” гэх нэртэй бичлэгийг нээж үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 40 минут 47 секундээс эхэлсэн нийт 20 минут 07 секунд үргэлжилсэн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг,
2 дахь СД-нд “19...5” гэх нэртэй бичлэгийг нээхэд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 16 минут 43 секундээс эхэлсэн нийт 33 минут 58 секундын шүүх хуралдааны бичлэг тус тус байна.
Бичлэгүүдийг үзэхэд шүүгч Т.Б дээрх үгсийг хэлсэн нь тогтоогдохгүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Т.Б нь Ш.З-ын өргөдөлд дурдсан үйл баримттай холбоотойгоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зөрчил гаргасан нь сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ГС/2023/0...6 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Т.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
С.ЭНХТӨР