info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-10-05

Дугаар 230

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 127 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Эрдэнэчулууны илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

            Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: ... шүүхэд шүүх хуралдаан даргалагчаар С.Б, шүүгч С.Б, Ц.А нарын бүрэлдэхүүнтэйгээр О.Э-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн .../ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэжээ. Өргөдөл гаргагч О.Э нь тус хэргийг шийдвэрлэхээс өмнө, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болсон 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар түүний өмгөөлөгч Д.Б -ийн “шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Б болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан татгалзалтай” холбогдуулан Ерөнхий шүүгч Б.Х-ыг хууль бус шүүх бүрэлдэхүүн томилсон гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийг  2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1147 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явууллаа. Шалгах ажиллагааны хүрээнд гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1154 дүгээр “Нотлох баримт гаргуулах тухай” захирамж гаргаж, ... шүүхийн Тамгын газрын дарга Т.Б-ийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 518 дугаар албан бичгээр 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, мөн өдрийн .../ШТ/10, .../ШТ/11, .../ШТ/12, .../ШТ/13, .../ШТ/14, .../ШТ/15 дугаартай шүүхийн тогтоолуудыг тус тус гаргуулан авав. Мөн тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт болон О.Э-д холбогдох эрүүгийн 17 хавтас, 4140 хуудас хэрэгт үзлэг хийж шаардлагатай баримтуудыг хуулбарлан авч сахилгын хэрэгт хавсаргасан болно. ... шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10, 11, 12, 13, 14, 15 дугаартай тэмдэглэл, уг шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, мөн өдрийн хүсэлт шийдвэрлэсэн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн .../шт/10, 11, 12, 13, 14, 15 дугаартай тогтоолууд, шүүгчийн хариу тайлбар, эрүүгийн 17 хавтаст хэрэгт хийсэн үзлэг хийж бэхжүүлсэн зэрэг сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ерөнхий шүүгч Б.Х-ыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ. Тодруулбал: Тус шүүхэд явагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд “b-zaal-11-january-2022-6-15-31” нэртэй фолдерт “mainfeed_dual_400” нэртэй 29 минут 40 секунд үргэлжилсэн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 08 минут 25 секундээс шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Б “шүүгдэгч О.Э-ын гомдлоор Хууль зүйн байнгын хороо болон Шүүхийн сахилгын хороонд өмнөх шүүх бүрэлдэхүүнийг ёс зүйн хороонд гомдол гаргасан юм билээ. Тэр өмнөх бүрэлдэхүүнд шүүгч миний бие байсан. ... ингээд шүүгч С.Б над дээр 2 сахилгын хэрэг үүссэн байгаа. Энийг та бүхэнд мэдэгдсэн нь зүйтэй байх. Та бүхэн татгалзлаа хэлье” гэхэд шүүгдэгч О.Э “би улсын яллагч Б.- аас татгалзаж байна...” гээд хүсэлтээ бичгээр өгч, бичлэгийн 26 минут 06 секундээс шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б  “шүүх бүрэлдэхүүн даргалагч С.Б-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр татгалзан гаргах тухай” хүсэлтээ хэлж байна. Улмаар “b-zaal-11-january-2022-7-16-05” нэртэй фолдерт “mainfeed_dual_400” нэртэй 4 минут 11 секунд үргэлжилсэн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт шүүх бүрэлдэхүүн “шүүх хуралдаан даргалагч С.Б-ийг татгалзан гаргах тухай хүсэлтийг бүрэлдэхүүн хангахаас татгалзан шийдвэрлэж” байгаа нь бичигджээ. Мөн “b-zaal-11-january-2022-9-16-31” нэртэй фолдерт “mainfeed_dual_400” нэртэй 6 минут 15 секунд үргэлжилсэн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 30 секундээс шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслээд 2 дахь хэсгийн “шүүх хуралдаан эхэлснээс хойш татгалзан гаргах үндэслэл мэдэгдвэл уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болно” гэж заасан бөгөөд энэ үндэслэлээр хүсэлт гаргаж байгаа гэж ойлгож болно. Энэ шүүх бүрэлдэхүүн манай үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлаар гаргаж байгаа удаа дараагийн хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаа. Мөн хуульд заасан хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд хангалттай бэлтгэлтэй оролцох эрхийг нь хязгаарласан шийдвэрүүдийг дөнгөж сая гаргалаа. Энэ шийдвэр сая гарсан учраас 10.3.2-т заасан миний дурдсан үндэслэлд хамааруулж энэ хүсэлтийг гаргаж байна. Шүүх бүрэлдэхүүн удаа дараа шүүгдэгчийн эрхийг зөрчсөн шийдвэрүүдийг гаргаж байгаа байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан “шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Энэ хүн эрүүл мэндийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн байнгын хороо, прокурор, шүүхэд удаа дараа хүсэлтүүдийг ирүүлж байгаа. Эрүүл мэндийн талаарх зохих байгууллагуудын тодорхойлолт ирээд байна. Эмнэлгийн байгууллагад шилжүүлж, яаралтай шаардлагатай хагалгааг хийлгэх шаардлагатай гэдэг байдлыг тодорхойлсон эмчийн тодорхойлолт удаа дараа гаргаад байгаа. Энэ байдлуудыг шүүх анхаарч үзэхгүй байгаа байдлууд, энэ хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа байдлууд нь сая миний дурдсан үндэслэлд хамааруулж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас шүүх бүрэлдэхүүнийг бүрэлдэхүүнээр нь татгалзаж байна. Иймээс шүүх бүрэлдэхүүнийг бүгдийг нь буюу бүрэлдэхүүнээр нь татгалзаж байгаа татгалзлыг тус шүүхийн ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлсний дараа шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэх хүсэлт гаргаж байна” гэж хэлж байна. Харин “b-zaal-11-january-2022-10-16-54” нэртэй фолдерт “mainfeed_dual_400” нэртэй 1 минут 50 секунд үргэлжилсэн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт шүүх хуралдаан даргалагч шүүгч “...Ерөнхий шүүгч 3 хоног сургалтад явсан юм байна. Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч шүүгч одоо цайндаа гарсан байна, цайны цаг болсон байна. Бүрэлдэхүүнийг татгалзсан хүсэлтийн талаар хэлэхэд өөрөө хүсэлт аваад, танилцаж байгаад шийдвэрээ гаргана гэж хэллээ. Тиймээс шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулж байна” гэж хэлж байгаа нь бичигджээ. Эдгээр нь шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10, 11, 12, 13, 14, 15 дугаартай тэмдэглэлийн 5 дугаар талын 13, 14 дүгээр догол мөр, 6 дугаар талын 4 дүгээр догол мөр, 8 дугаар талын 11 дүгээр догол мөр, мөн өдрийн .../ШТ/10, .../ШТ/11, .../ШТ/12 дугаар тогтоолын 1 дүгээр талын 9 дүгээр догол мөр, 2 дугаар талд авагдсан “Тогтоох нь” хэсэг, .../ШТ/13, .../ШТ/14, .../ШТ/15 дугаар тогтоолын 1 дүгээр талын 9 дүгээр догол мөр, 2 дугаар талд авагдсан “Тогтоох нь” хэсэгтэй болон О.Э-д холбогдох эрүүгийн 17 хавтаст хэрэгт авагдсан түүний өмгөөлөгч Д.Б-ийн “Шүүгчийг татгалзан гаргах тухай” болон “Шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай” бичгийн хүсэлтүүдтэй тохирч байгаа болно. О.Э-ын өмгөөлөгч Д.Б 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдаан даргалагч, шүүгч С.Б болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах тухай хүсэлт гаргах үед тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х  нь албан үүргээ түр хугацаагаар гүйцэтгээгүй, сургалтад сууж байсан болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг болон Ерөнхий шүүгч Б.Х-ын хариу тайлбар, Ерөнхий шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. Ерөнхий шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ЕШЗ/555 дугаар захирамжаар Ерөнхий шүүгчийг амралттай болон бусад шалтгаанаар түр эзгүй байх хугацаанд Ерөнхий шүүгчийг орлон ажиллах шүүгчээр тодорхой хугацаагүйгээр шүүгч Ё.Ц томилсон бөгөөд уг захирамжаар олгогдсон бүрэн эрхийн дагуу Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ё.Ц өмгөөлөгч Д.Б-ийн хүсэлтийг хүлээн авч, хуулийн дагуу 2022 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн .../ШЕЗ/52 дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байх ба хүсэлт нь үндэслэлгүй байна” гэж үзэн хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Мөн хугацаанд болон тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 845 дугаар захирамжаар шүүгдэгч О.Э-д холбогдох ... дугаартай хэргийг шүүгч С.Б, Б.М , П.А нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр томилсон боловч шүүгч Б.М нь Ковид-19 цар тахлын халдвар авсан, шүүх бүрэлдэхүүний хуралдааны тов зэргийг харгалзан үзэж, Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн .../ЕШЗ/47 дугаар захирамжаар “шүүгдэгч О.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний шүүх хуралдааны даргалагчаар шүүгч С.Б, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Б, Ц.А нарыг томилох шийдвэр гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болно. Түүнчлэн О.Э-д холбогдох эрүүгийн 17 хавтас, 4140 хуудас хэрэгт үзлэг хийхэд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хэргийг шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд уг хэргийг хянан шийдвэрлэхээр бүрэлдэхүүнд томилогдсон дээр нэр дурдсан шүүгчид болон тус шүүхийн нийт шүүгчдээс татгалзах тухай хүсэлт бүхий ямар нэгэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байсан болохыг дурдъя.

Мөн О.Э-ын өмгөөлөгч О.Б “...Өмгөөлөгч Д.Б-ийн зүгээс нийт шүүгчдээс татгалзсан. Шүүх бүрэлдэхүүний олонхоос биш, гурвуулангаас нь татгалзсан. Үүнийг нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх ёстой. Гэтэл Ерөнхий шүүгч нь шийдвэрлэсэн ...” гэж давж заалдах гомдолдоо бичсэн болох нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн .../ДШМ/325 дугаар магадлалын 24 дүгээр талын 2 дахь догол мөрт тусгагджээ. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн байх ба уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Б , О.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, ...” гэсэн нь .../ДШМ/325 дугаар магадлалын 30 дугаар талын 4 дүгээр догол мөрт бичигдсэн байгааг тэмдэглэж байна. Иймд өргөдөл гаргагч О.Э-ын өргөдөлд дурдсан ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х- ыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэхгүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна гэжээ.

... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х  тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... шүүх бүрэлдэхүүн аль нэг шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэж, санал тэнцвэл уг шүүгчийг татгалзсанд тооцно...”, мөн хуулийн 5 дахь хэсэгт “... шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ ...”, мөн хуулийн 6 дугаар хэсэгт “... энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ ...” гэжээ. Шүүх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... анхан шатны шүүхэд ирсэн хэргийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилна ...” гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилдог. О.Э-д холбогдох хэргийг хэрэг шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг тус журмын дагуу хуваарилсан. Шүүгдэгч О.Э-ын гомдолд дурдсан түүний өмгөөлөгч Д.Б-ийн шүүхэд гаргасан хүсэлт нь “... шүүх бүрэлдэхүүн түүний эрүүл мэндийн талаар хангалттай нотлох баримт, үндэслэл байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэж байгаа нь иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 7 дугаар зүйлд заасныг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Шүүх бүрэлдэхүүн ийнхүү шүүгдэгч О.Э-ын эрхийг зөрчсөн, түүнд хүнлэг бус хэрцгий хандсан шийдвэрийг удаа гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийн “шууд бусаар энэ хэрэгт хувийн ашиг сонирхолтой” гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тус хэргийг шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүнийг бүгдийг татгалзан гаргах хүсэлт гаргаж байна ...” гэх тодорхой үндэслэлтэй, хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүн буюу 3 шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг хуульд заасны дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг орлон гүйцэтгэж байсан Ё.Ц шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно. Өөрөөр хэлбэл О.Э, түүний өмгөөлөгч нар нь хуралдаан даргалагч С.Б-ээс татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн бөгөөд оролцогчдоос дахин тус хэргийг шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй. Түүнчлэн хэргийн оролцогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгчийг татгалзан гаргах эрхтэй боловч тэдгээр нь шүүгч шүүн таслах ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэх үндэслэлээ бодитой тайлбарлах үүргээс чөлөөлөгдөхгүй, хувийг ашиг сонирхол  нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нь төрийн байгуулал, шүүхийн тогтолцоотой хамааралгүй тул өөрийн татгалзан гаргах үндэслэлээ дурдаж, тодорхой шүүгчийг нэр заан татгалзахаас бус нийт шүүх бүрэлдэхүүнийг, шүүхийг бүхэлд нь татгалзах нь хуульд нийцэхгүй. Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн магадлалд шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүгчийн татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэсэн талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            О.Э-аас өөртэй нь холбоотой эрүүгийн гэмт хэргийг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ерөнхий шүүгч Б.Х  хууль бус бүрэлдэхүүн томилж, шүүгчээс татгалзах хүсэлтийг хууль зөрчиж шийдвэрлэсэн, улмаар түүний томилсон хууль бус бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

          

            Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ЕШЗ/555 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х-ыг ээлжийн амралттай болон бусад шалтгаанаар түр эзгүй байх хугацаанд ерөнхий шүүгчийг орлон ажиллах шүүгчээр Ё.Ц-г томилжээ. /хэргийн 38 тал/

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч сонгогдох хүртэл хугацаанд түүний албан үүргийг шүүгчээр хамгийн олон жил ажиллаж байгаа танхимын тэргүүн, эсхүл шүүгч орлон гүйцэтгэнэ.” гэж заасан. Иймд шүүгч Ё.Ц нь ерөнхий шүүгчийн түр эзгүй байх хугацаанд түүний үүргийг орлон гүйцэтгэх эрхтэй байсан гэж үзнэ.

            Мөн тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х  2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хугацаанд түр эзгүй байсан болох нь түүний Сахилгын хороонд гаргасан “... уг хугацаанд албан үүргээ гүйцэтгээгүй, сургалтад сууж байсан” гэх тайлбар болон 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд даргалагч шүүгч С.Б-ээс “... Ерөнхий шүүгч 3 хоног сургалтад сууж байгаа юм байна. Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч шүүгч одоо цайндаа гарсан, цайны цаг болсон байна. Бүрэлдэхүүнийг татгалзсан хүсэлтийн талаар хэлэхэд өөрөө хүсэлт аваад, танилцаж байгаад шийдвэрээ гаргана гэж хэллээ. Тиймээс шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулж байна” гэж бичигдсэн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тус тус тогтоогдож байна.

            Ийнхүү Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Ц-аас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн .../ЕШЗ/47 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар “... тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 845 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийг шүүгч С.Б, Б.М , П.А нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр томилсон боловч шүүгч Б.М  нь коронавирус цар тахлын халдвар авсан тул хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнээр шүүгч С.Б, С.Б, П.А нарыг томилсон” нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т нийцсэн байна. /хэргийн 32 тал/

     Мөн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б -ээс “... даргалагч шүүгч С.Б-ээс татгалзах хүсэлт” гаргаж, уг хүсэлтийг мөн өдрийн .../ШТ/12 дугаар тогтоолоор хүлээн авахаас татгалзаж, үүний дараа тус хэргийг шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах хүсэлт гаргасан болох нь тус өдрийн 10-15 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, .../ШТ/12, 15 дугаар тогтоол, өмгөөлөгч Д.Б-ийн гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна. /хэргийн 48-50 тал/

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүний аль нэг шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэж, санал тэнцвэл уг шүүгчийг татгалзсанд тооцно” гэж, 5 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ.” гэж тус тус заасан.

            Ийнхүү шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б-ээс гаргасан шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах хүсэлтийг тухайн үед Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан шүүгч Ё.Ц 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн .../ЕШЗ/52 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. /хэргийн 30,31 тал/

     Дээрх ... дугаартай эрүүгийн хэргийг тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгч С.Б, С.Б, П.А нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, .../ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоол гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн .../ДШМ/325 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцаажээ. /хэргийн 54-84 тал/ Тус магадлалаар мөрдөн байцаах болон шүүхийн шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт хийгээгүй болохыг тус тус дурдсан байна. Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт хэргийн оролцогчийн нэр бичээгүй нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэжээ.

Түүнчлэн, өргөдөлд дурдсан бүрэлдэхүүн томилсон, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсаныг шийдвэрлэсэн захирамжийг Ерөнхий шүүгч Б.Х  гаргаагүй байх ба тэрээр хуульд заасны дагуу өөрийн түр эзгүйд орлон гүйцэтгэгчийг томилж, томилогдсон шүүгчээс түүний эзгүйд бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасан үйл баримт болсон нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Өргөдөлд дурдсан Ерөнхий шүүгч Б.Х  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй. Иймээс сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 127 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХТӨР

 ГИШҮҮД                                                 Д.АРИУНТУЯА

Х.ХАШБААТАР