МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-06-27
Дугаар 204
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, шүүгч Л.Б, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Л.Б-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
“У” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш нар ирүүлсэн өргөдөлдөө: “..2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг “... битгий худлаа яриад бай...” гэж үг хэлсэн нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заалтад “... шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг, илэрхийлэх..” гэж заасныг илтэд зөрчсөн, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “... шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй...” гэж заасныг ноцтойгоор зөрчсөн. 2. Үзлэг хийх үеэр гуравдагч этгээдийн төлөөлөгч Д нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш рүү зүй бусаар дайрч, доромжилж, орилж байхад Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заалтад “... хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх...” гэж заасан үүргээ биелүүлээгүй. 3. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг болохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.8 дахь хэсэгт “... Шаардлагатай бол энэ хуулийн 70.1-д заасан хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор шүүгч сунгаж болно...” гэж заасан хугацааг хэтрүүлэн 11 дэх өдөр нь буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр товлосон Шүүхийн тухай хуулийн 50.1.23-т “... хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах...” гэж заасныг зөрчсөн. 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10 дахь хэсэгт “... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй ...” гэж заасныг илтэд зөрчин нэхэмжлэлийн шаардлага бүрийг нэг нэгээр нь үндэслэлээ тайлбарлахыг шаардсан. 5. 2021 оны 12 дугаар сарын 02-ны болон 13-ны өдрүүдэд болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-т “Шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх..” гэж заасныг зөрчиж шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон хүнд шүүх хуралдааныг журмын дагуу явсан мэтээр бичих тухай хууль бусаар үүрэг даалгавар өгсөн байж болзошгүй. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд болоогүй зүйлсийг болсон мэтээр бичсэн байгаагаа засах тухай саналыг хүргүүлсэн боловч татгалзсан хариуг өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж буйтай нь холбогдуулж “... энэ чинь жирийн нэг компани биш бүхэл бүтэн Монгол улс Орос улсын хамтарсан компанийг ийм хүн төлөөлж байна ...” гэж утга бүхий зүйлийг хуралдааны явцад нийт 3 удаа хэлсэн байдаг. Үүнийгээ тухайн хурлын тэмдэглэлд мөн тусгаагүй. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дээрх зүйлээ дахин давтаж нэг удаа хэлсэн бөгөөд түүнийгээ хуралдааны явцад хэлсэн байдлаасаа өөрөөр залруулж бичсэн байсан. Энэ нь Шүүхийн тухай хуулийн 50.1.31-т заасныг зөрчсөнөөс гадна нэхэмжлэгчийн хэнээр төлөөлүүлэх эсэх нь өөрийн эрх бөгөөд энэхүү бүрэн эрхэд халдсан ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. 7. Шүүх хуралдаан завсарлаад Захирамжийн агуулгыг уншиж сонсгохдоо “... 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэл, ... 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамж, ... 2020 оны 10 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгаагаа дурдаагүй атлаа 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9918 дугаартай захирамжийн үндэслэх хэсгийн 3 дахь заалтад хэрэгсэхгүй болгож байгааг бичсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчингүй болно” гэж заасныг ноцтойгоор зөрчсөн. Иймд ... шүүхийн шүүгч Л.Б-ын гаргасан дээрх үйлдлүүд нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон үйлдэл мөн эсэхийг зохих журмын дагуу шалгаж, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Холбогдогч шүүгч Л.Б тайлбартаа: ... Шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй ... Засаг даргын 2015 оны А/276 захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан ... Засаг даргын 2015 оны А/276 захирамжийг хэзээ мэдсэн талаар тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш ...шүүх дээр ирэхэд хэргийн материалтай танилцаж мэдсэн... гэх тайлбарыг өгсөн. Бодит байдалд нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа уг маргаж буй актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар “илт хууль бус" тооцуулахаар шаардлага гаргасан. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан ажиллагааг хийсэн тул Шүүхийн тухай хуулийн 50.1.4 дэх заасан “нотлох баримтыг үнэлэх”-тэй холбон буруутгах үндэслэлгүй. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр маргаан бүхий газар дээр үзлэг хийсэн. Үзлэг хийх процесс, тэр дундаа хэргийн оролцогч нарт тусгайлан баримтлах зохих харилцааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулаагүй. Шүүх талуудыг аль болох биеэ биедээ хүндэтгэлтэй хандах шаардлагыг тавьсан ба үзлэгийн тэмдэглэлд тусгайлан тусгуулах зүйл байгаа эсэхийг тодруулахад энэ талаар огт дурдаагүй болно. Гомдол гаргагчийн энэ талаарх асуудал Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасан хуралдааны дэг сахиулах хүрээнд огт хамааралгүй. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8-д заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг “...нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ...” үндэслэлээр хойшлуулсан. Харин хуульд заасан 10 дахь хоног амралтын өдөр таарсан учир түүний дараагийн ажлын өдөр уг хэлэлцүүлгийг товложээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь үндсэн хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны бэлтгэл үе шат бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал” хянан хэлэлцэнэ гэж заасны дагуу хэргийн оролцогч нараас гаргасан бусад хүсэлтийг шүүх шийдвэрлэсээр ирсэн. Уг хэлэлцүүлэгт гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд байгаа асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг шийдвэрлэхийн тулд талуудаас тайлбар, тодруулга авсан болно. Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тохиолдолд асууж тодруулах, эсхүл нотлох баримтын асуудлыг хэлэлцэхэд нэхэмжлэлийн шаардлага зайлшгүй яригддаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан "Урьдчилсан хэлэлцүүлэг" хийж хүсэлтийг шийдвэрлэх, тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.14-т заасан шийдвэр гаргах шүүх хуралдаан тус тусдаа өөр ойлголт юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх хуралдааны нийтлэг, журам, дэгийг дагуу хийх ёстой гэж хатуу хуульчилсан зохицуулалт байхгүй, шүүгчид болон хэргийн оролцогч нар хэн алиндаа хүндэтгэлтэй хандаж уг ажиллагааг явуулдаг ба шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааны зарим нэг зохицуулалтыг ашиглах тохиолдол байдаг. Яг одоогоор захиргааны процесст тогтсон жишиг үгүй. Тухайн хэлэлцүүлэг нь хуульд харшлаагүй, хуулийг ноцтой зөрчөөгүй. Учир нь хэргийн оролцогч нарт урьдчилан эрх, үүрэг танилцуулж, гарын үсэг зуруулсан, тэдгээрийн хэн ч хэдий ч эрхээ эдлэх боломжтой. Шүүх эрхийг нь хязгаарлаагүй. Харин нарийн бичгийн даргын хувьд журамд заасны дагуу хэлэлцүүлгийн заал, оролцогч нарыг урьдчилсан бэлдсэн байсан. Тэрээр өөрийн сонссон зүйлийг тэмдэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд шүүгчийн зүгээс тэмдэглэлийг албажуулсан болно. Харин “хууль бусаар үүрэг даалгавар өгсөн байж болзошгүй” асуудлыг өөрөөс нь тодруулах нь зүйтэй болов уу. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. 63.3 Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно. Өөрөөр хэлбэл шүүгч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш нийт 105 хоногийн дотор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тус шүүхэд 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан. Түүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийг хүртэл шаардлагаа эцсийн байдлаар тодруулж өгөөгүй, улмаар дахин боломж олгон урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан боловч дараагийн хэлэлцүүлэг эхлэх үед хуульд заасан шаардлага хангасан байдлаар тодруулаагүй байсан тул шүүгчийн зүгээс зарим нэг зүйлийг тодруулан зөвтгөсөн. Гэвч энэ үйлдлийг гомдол гаргагчийн зүгээс хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаад харамсалтай байна. Энэ бүгд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж. биелэлтэд хяналт тавих үүрэгтэй холбоотой. Хэрэв нэхэмжлэгчийн ярьж буй шиг зүйл болсон бол хэлэлцүүлгийн явцад энэ асуудалд гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс “төвийг сахисан байр сууринаас хандах” зарчим алдагдах гэж буй талаар шүүгчид сануулах уу. Шүүх хэлэлцсэн асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан гэсэн гомдол ямар ч үндэслэлгүй, энэ талаар урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Эцэст нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан журмын дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан. Хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т "шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна Энэ заалт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хамаарахгүй гэж заасны дагуу шүүх маргаж буй хэлэлцүүлгийн тэмдэглэлийг хуулбарлаж авах үүргийг хүлээгээгүй байна. Иймд өргөдөл дурдсан үндэслэл нь Шүүхийн тухай хулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй гэж үзэж байна гэжээ ...” гэжээ.
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “... Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тодруулах зорилгоор нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэлд дурдсан захирамжуудыг анх хэзээ мэдсэн талаар асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... 2005 оны 38, 2008 оны 456, 2012 оны 1360, 2015 оны А/276 дугаар захирамжуудыг захиргааны шүүхэд маргаан үүсэхэд мэдсэн” гэсэн тайлбар өгөхөд хуралдаан даргалагч “... та яагаад шүүхэд худлаа тайлбар гаргаад байгаа юм бэ, 2015 оны А/276 дугаар захирамжийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна” гэж хэлсэн нь тэмдэглэлд тусгагджээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шүүхэд гаргах ба хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэлд тусгах шаардлагатай.
Хуулийн энэхүү зохицуулалтаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн ямар шаардлага гаргаж буйгаа нэхэмжлэлд заах бөгөөд шүүгч “... 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2015 оны А/276 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан” байна гээд уг актыг хэзээ мэдсэн талаар асууж тодруулсан ба энэ нь хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлоход ач холбогдолтой гэж үзжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй, шүүгч нэхэмжлэгчийн төлөөлөгчид үүргийг урьдчилан сануулсан нь мөн тэмдэглэлд тусгагдсан байна.
Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга, шаардлагатай тохирохгүй байна гэж шүүгч үзэн, “... худал тайлбар гаргаад байна ...” гэж хэлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.4-т заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” үйлдэлд хамаарахгүй.
2. ... Үзлэгийн явцад гуравдагч этгээдийн төлөөлөгч Д нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш-г дайрч, доромжилсон гэх байдал тогтоогдоогүй бөгөөд энэ талаар үзлэгийн тэмдэглэлд тусгагдаагүй, оролцогчид тэмдэглэлд тусгайлан тусгуулах зүйлгүй гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд үзлэг хийх ажиллагаа шүүх хуралдаанд хамаарахгүй тул Шүүхийн тухай хуулийн 50.1.20-т заасан “... хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох шаардлага тавих үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэхгүй.
3. “У” ХНН-ийн нэхэмжлэлд 2021 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр хэрэг үүсгэсэн бөгөөд шүүгчдийн зөвлөгөөнөөс хэргийн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүртэл сунгасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.-т хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ, 63.3.-т Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно гэсэнтэй нийцжээ. Харин хэргийн хугацаа дууссан сүүлчийн өдөр амралтын өдөр тул урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдөр товлосон нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан “тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэснийг зөрчөөгүй тул шүүгч Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-г зөрчөөгүй байна.
4. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-т заасан. Урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлээс үзвэл шүүгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар асууж тодруулсанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар, тодруулга гаргасан байна. Урьдчилсан хэлэлцүүлэг нь шүүх хуралдааны бэлтгэл үе шат болохын хувьд шүүгч шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг тодруулсныг Шүүхийн тухай хуулийн 50.1.23-г зөрчсөн гэж үзэхгүй.
5. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах журмыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх хуралдааны нийтлэг журмын дагуу явуулахаар хуульд тусгайлан заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хуралдаан даргалагч хуулийн 95.1-т заасан хэргийн оролцогч, бусад оролцогчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгөх талаар зохицуулаагүй байна. Гэвч урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүгч татгалзал байгаа эсэхийг асууж, хэргийн оролцогчдын эрх үүргийг тайлбарлан өгсөн талаар тэмдэглэлд тусгагджээ.
Түүнчлэн нарийн бичгийн дарга шүүгчийн даалгавраар тэмдэглэлийг буруу бичсэн гэх байдал тогтоогдоогүй тул шүүгч Шүүхийн тухай хуулийн 50.1.35-т заасан “шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх” зөрчил гаргаагүй байна.
6. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.31-т зааснаар хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэхийг шүүгчид хориглосон. 2021 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлийн 7 дугаар хуудсанд шүүгч “... Монгол Оросын хувь нийлүүлсэн У-ын нэхэмжлэл байж яагаад хуулийн нэр томьёо байхгүй, энэ шаардлага яагаад байхгүй байгаа юм бэ, ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй, захиран тушаасан байдлаар бичих биш цэгцлээд хууль зүйн үндэслэлийг тодорхойлж нэхэмжлэлээ гаргах ёстой” гэж, 9 дүгээр хуудсанд “...шүүхээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн аваагүй, хэлбэрийн хувьд шаардлага хангасан хэлбэрээр авч байж энэ асуудлыг хэлэлцэнэ, У ХНН байж нэхэмжлэлийн шаардлагаа цаасны тал дээр гараараа хууль зүйн үндэслэлгүй бичиж байгааг хараад гайхаж байна” гэж хэлсэн нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хэрхэн тодорхойлсон, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хуульд нийцсэн эсэхийг тодруулсан агуулгатай бөгөөд энэ нь хуулийн 50.1.31-г зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
7. 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлээс үзэхэд “У” ХНН-с ... засаг даргад холбогдуулан гаргасан Монгол Улсын ... 2020 оны 10 дугаар тогтоолын 7 дахь хэсгийг биелүүлэхийг даалгах, ... 2021 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 162 дугаар захирамж, ... 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж 2015 оны А/276 дугаар захирамжаа хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус захирамжаа хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, “У” ХНН газар эзэмших эрхийг олгохыг даалгах бүхий нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар тусгагдсан бөгөөд энэ талаар шүүгчийн ... захирамжийн 3-т тодорхой тусгасан байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 926 дугаартай захирамжаар “У” ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш нарын өргөдлөөр ... шүүхийн шүүгч Л.Б-т холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
1. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “... 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг “... битгий худлаа яриад бай ...” гэж үг хэлсэн нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасныг зөрчсөн” гэжээ.
2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000/ТМ2021/3453 дугаартай урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд даргалагч шүүгч “2015 оны А/276 дугаар захирамжийг хэзээ мэдсэн” гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “..шүүх дээр ирэхэд нь хэргийн материалтай танилцаж мэдсэн” гэх тайлбарыг гаргасан. Даргалагчаас “та яагаад худлаа тайлбар гаргаад байгаа юм бэ. 2015 оны А/276 дугаар захирамжийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд 20.2.4-т нэхэмжлэгч “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүрэгтэй байхаар зохицуулжээ.
Шүүгчийн “та яагаад худлаа тайлбар гаргаад байгаа юм бэ” гэж хэлснийг шүүгч хэрэг маргааны талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн гэх үндэслэлгүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” гэснийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
2. Өргөдөл гаргагч “2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ...үзлэг хийх үеэр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Д нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш рүү зүй бусаар дайрч, доромжилж, орилж байхад зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлээгүй” гэжээ.
2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, С.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Д.Б, хөндлөнгийн гэрч Х.Б нарыг оролцуулан үзлэгийн тэмдэглэлийг шүүгчийн туслах М.Ц-р хөтлүүлэн шүүгч Л.Б маргаан бүхий газарт үзлэг хийсэн байна.
Үзлэгийн тэмдэглэл хөтөлсөн шүүгчийн туслах М.Ц гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... Д нь өөрөө чанга дуутай хүн байдаг. Тэгээд Д.Ш рүү хандаж чи битгий ингэж шантайж хийж бай гэж хэлсэн. Үг хэлээр доромжилсон зүйл байхгүй. ... Шүүгч чанга дуугаар ярьсан зүйлд ямар арга хэмжээ авсан бэ гэх асуултад Энэ бол үзлэг, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаа яриарай гэж хэлж байсан” гэжээ.
Д гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... Д.Ш рүү дайрсан зүйл байна уу” гэхэд “Тийм зүйл байхгүй. Харин газрыг хэмжих талаас маргалдсан. Хэл амаар доромжилсон зүйл байхгүй” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэж заасны дагуу шүүгчээс хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд маргаан бүхий газарт үзлэг хийсэн байна.
Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээс үзвэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч рүү дайрч, доромжилсон, орилсон гэх үйл баримт нь тогтоогдоогүй, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд үзлэг хийх ажиллагаа шүүх хуралдаанд хамаарахгүй тул шүүгчийг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасан “... хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох шаардлага тавих үүргээ биелүүлээгүй” гэх зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
3. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн 11 дэх өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдааныг товлосон нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “... хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах...” гэж заасныг зөрчсөн гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8 дахь хэсэгт “Шаардлагатай бол энэ хуулийн 70.1-д заасан хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор шүүгч сунгаж болно” гэж зааснаас үзвэл 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр товлох ёстой боловч тус өдөр нь амралтын өдөр байсан учир Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэж заасны дагуу дараагийн ажлын өдөр буюу 12 дугаар сарын 13-ны өдөр товлон хойшлуулсныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
4. Өргөдөл гаргагч “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг илтэд зөрчин нэхэмжлэлийн шаардлага бүрийг нэг нэгээр нь үндэслэлээ тайлбарлахыг шаардсан” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 5809 дугаартай шүүгчийн захирамж, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 6397 дугаар шүүгчийн захирамжуудаар нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож байсан.
Мөн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6927 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт захиргааны хэрэг үүсгэж, үлдэх хэсгийг бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон.
Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж, тодруулсан байна.
Шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан байдлаар шаардлага хангаж ирүүлэхээр урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9918 дугаартай шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан шаардлагын хүрээнд хангаж гаргаагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-т зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал”, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа тохиолдолд шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн эрх нь хуулиар олгогджээ.
Түүнчлэн илтгэгч гишүүн “... шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-т заасан. Урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлээс үзвэл шүүгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар асууж тодруулсанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар, тодруулга гаргасан байна. Урьдчилсан хэлэлцүүлэг нь шүүх хуралдааны бэлтгэл үе шат болохын хувьд шүүгч шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг тодруулсныг Шүүхийн тухай хуулийн 50.1.23-г зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Иймд шүүгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10 дахь хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
5. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “... Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон хүнд шүүх хуралдааныг журмын дагуу явсан мэтээр бичих тухай хууль бусаар үүрэг даалгавар өгсөн байж болзошгүй. ... засах тухай саналыг хүргүүлсэн боловч татгалзсан хариу өгсөн” гэжээ.
2021 оны 12 дугаар сарын 02, 12 дугаар сарын 13-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... эрх үүргийн тайлбарлаж өгсөн, тэмдэглэлд тусгасан байгаа. ... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасан, эрх үүрэг танилцуулаагүй гэх гомдол гаргасан байсан. Тэмдэглэлээ шалгаад үзэхэд эрх үүрэг танилцуулсан байсан учраас засвар оруулахгүй гэж үзсэн” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89-106 дугаар зүйлд шүүх хуралдааны дэгийг зохицуулсан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дараалал, дэгийг тусгайлан зааж өгөөгүй байна.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлийг хөтлөхдөө тэмдэглэлийн загварын дагуу хөтөлсөн гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд шүүгч ирүүлсэн тайлбартаа “... хэргийн оролцогч нарт урьдчилан эрх, үүрэг танилцуулж, гарын үсэг зуруулсан, тэдгээрийн хэн ч хэдий ч эрхээ эдлэх боломжтой. Шүүх эрхийг нь хязгаарлаагүй. Харин нарийн бичгийн даргын хувьд журамд заасны дагуу хэлэлцүүлгийн заал, оролцогч нарыг урьдчилсан бэлдсэн байсан. Тэрээр өөрийн сонссон зүйлийг тэмдэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд шүүгчийн зүгээс тэмдэглэлийг албажуулсан болно” гэжээ.
Иймд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүгчийн даалгавраар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлийг бичсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-т заасан “... шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгсөн” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
6. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “... урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаатай нь холбогдуулж “... энэ чинь жирийн нэг компани биш бүхэл бүтэн Монгол улс Орос улсын хамтарсан компанийг ийм хүн төлөөлж байна...” гэх утга бүхий зүйлийг хуралдааны явцад нийт 3 удаа хэлсэн. Тухайн хурлын тэмдэглэлд тусгагдаагүй ...” гэжээ.
Урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд гэрч “Та жирийн компани төлөөлж байгаа биш ийм том байгууллагыг төлөөлж байгаа гэж хэлсэн” гэж мэдүүлсэн.
Мөн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд даргалагчаас “... Монгол Оросын хувь нийлүүлсэн У нэхэмжлэл байж яагаад хуулийн нэр томьёо байхгүй, энэ шаардлага яагаад байхгүй байгаа юм бэ, ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй” гэж тусгагдсан бөгөөд үүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-т “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
7. Өргөдөлд “... 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэл, ... 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамж, ... 2020 оны 10 дугаартай тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгаагаа дурдаагүй атлаа 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9918 дугаартай захирамжийн үндэслэх хэсгийн 3 дахь заалтад хэрэгсэхгүй болгож бичсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэжээ.
2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9918 дугаар шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан “У” ХНН-ээс ... Засаг даргад холбогдуулан гаргасан “Монгол Улсын ... 2020 оны 10 дугаар тогтоолын 7 дахь хэсгийг биелүүлэхийг даалгах, ... 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар захирамж, ... 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж 2015 оны А/276 дугаар захирамжаа хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг нь хууль бус болохыг тогтоож, тус захирамжаа хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, “У” ХНН-ийн газар эзэмших эрхийг олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд хэргийн оролцогч захирамжийг эс зөвшөөрвөл хуульд заасны дагуу гомдол гаргах эрхийг захирамжид тусгасан байна.
Түүнчлэн тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурджээ.
Иймд өргөдөл гаргагчийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй атлаа шүүгчийн захирамжид тусгасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” заасныг зөрчсөн гэж буруутгах боломжгүй.
Дээрх үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ... шүүхийн шүүгч Л.Б-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
С.ЭНХТӨР