МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-06-07
Дугаар 194
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Ч.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Ч.С ирүүлсэн өргөдөлдөө: “...Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албанаас ... газрын албанд явуулсан 2012 оны 7-р сарын 10-ны өдрийн 1/0009, Улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан 2012 оны 7-р сарын 10-ны өдрийн 1\0008 дугаартай албан бичгүүдийг хүчингүй болгуулахаар ... шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгч Ч.Д 2022 оны 04-р сарын 01-ний өдрийн 04224-р захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн. Миний бие зуслангийн 700 м.кв газрыг ... Засаг даргын 2005 оны 237-р шийдвэрээр эзэмшдэг боловч ... эрүүгийн шүүхийн 2008 оны 117А-р шийтгэх тогтоол, 2009 оны 79-р гүйцэтгэх хуудсыг үндэслэн Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албанаас уг газар дээрх 84м2 зуслангийн сууцыг 2012 онд албадан дуудлага худалдаанд оруулж О.А гэгч худалдан авч Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах алба уг дуудлага худалдааг үндэслэн 2012 оны 7-р зарын 10-ны өдөр Ч.С миний эзэмшлийн 700 м.кв газрыг бүхэлд нь шилжүүл гэсэн утгатай, 1/0009 дугаартай албан бичиг ... газрын албанд хүргүүлсэн байдаг. Иргэний хуулийн 84-р зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна", 85-р зүйлийн 85.2-m байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа, салшгүй бэхлэгдсэн хэсэг газар нь уг үл хөдлөх эд хөрөнгөдөө хамаарах болохоос түүний бусад орчны хэсэг 616 м.кв газар \700-84=616\ хамаарахгүй байхад Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах алба 84 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд бусдын эзэмшлийн 700 м.кв газрыг хамтад нь дуудлага худалдаагаар худалдсан мэтээр албан бичиг газрын албанд явуулсан нь Ч.С миний газар эзэмших хууль ёсны эрхийг зөрчсөн үйлдэл болсон гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай хуулийн заалтыг нь дурдаж маш тодорхой бичсэн. Гэтэл шүүгч Ч.Д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.1-т “...хэргийн харьяалал зөрчсөн”, 65.1.11 “...хуулийн 62-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй” буюу 62.1.4 “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага..." тодорхойгүй гэж гэсэн хуулийн заалтуудыг захирамжийн үндэслэл болгожээ. Ч.С миний бие шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргах эрх бүхий гуравдагч этгээдээр оролцож хөндөгдсөн эрх ашгаа хамгаалуулахаар гомдлоо шүүхэд гаргах эрхтэй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122-р зүйлийн 3-т “Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй” гэж заасан байх тул мөн хуулийн 44-р зүйлийн 44.3-т заасны дагуу шат дараалан гомдол гарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагагүй байхад шүүгч харьяалал зөрчсөн үндэслэлээр \65.1.1\ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцэхгүй байна. Харин нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дээр маш тодорхой, нотлох баримтуудыг дурдаж бичсэн байхад тодорхойгүй байна гэж \эсвэл ойлгохгүй, эсвэл санаатайгаар\ миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шүүхээр хамгаалуулах эрхийг минь зөрчиж байгаад гомдолтой байна. ....Мөн шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.1-ийг үндэслэл болгосон байхад хуулийн 170-р зүйлийн 170.1-д заасан зохицуулалтад хамаарахгүй гэж бас хууль бус дүгнэлт хийсэн нь дээрх эргэлзээг улам лавшруулж байгаа бөгөөд гомдол гаргах, гомдол гаргах эрхгүй хоёр заалтыг хамтад нь үндэслэл болгосон бол хэрхэхийг хуулиар зохицуулаагүй тул миний бие гомдол гаргах эрхээ эдлэх ёстой гэж ойлгогдож байна. Шүүхийн тухай хуулийн 50-р зүйлийн 50.1.22-т шүүгч “... хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих эс үйлдэхүй гаргах ..."-ыг хориглосон байх тул Ч.Д шүүгч иргэн миний шүүхээр хамгаалуулах эрхийг хязгаарлаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122-р зүйлийн 3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.1, 170-р зүйлийн 170.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж сахилгын арга хэмжээ авхуулахаар гомдол гаргаж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Холбогдогч шүүгч Ч.Д тайлбартаа: “Ч.С-ийн Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох нэхэмжлэл шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хуваарийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 07-нд хуваарилагдан ирсэн. Уг нэхэмжлэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4-т заасан үндэслэлд хамаарч байсан тул хуульд заасан хугацааны дотор эхлээд шийдвэр гүйцэтгэгчид, мөн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандан гомдлоо шийдвэрлүүлэхээр байсан тул 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 7315 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан, захирамжид 10 хоногт гомдол гаргах эрхтэйг заасан, гомдол гаргаагүй. 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ч.С-ийн нэхэмжлэлтэй Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох нэхэмжлэл хуваарилагдан ирсэн. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дэх хэсэгт заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэлд хамаарахгүй тул 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4224 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Ч.С-ийн нэхэмжлэлтэй О.А-д холбогдох газар болон үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг огт гаргаагүй ба 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1107 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Би гомдолд дурдсанаар Ч.С-ийн шүүхээр хамгаалуулах эрхийг хязгаарлаагүй бөгөөд холбогдох хууль ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй болно...” гэжээ.
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Ч.С-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ, мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа холбогдох шүүгч Шүүхийн тухай хуульд заасан хориглосон зүйлийг зөрчсөн эсэхийг шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтын хүрээнд тодорхойлох учиртай.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.1-т зааснаар нэхэмжлэл энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Өөрөөр хэлбэл, шүүх зөвхөн хуульд зааснаар өөрийн бүрэн эрхэд хамаарах маргааныг хянан шийдвэрлэдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4.-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, түүний шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Түүнчлэн эд хөрөнгийн үнэлгээний талаарх, мөн төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх, хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болохоор мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.1, 122.2.-т тус тус заасан. Ч.С-ийн нэхэмжлэлд дурдсан “... Улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан 1/0008, ... газрын албанд явуулсан 1/0009 тоот албан бичгүүдийг хүчингүй болгох” тухай гомдол шүүхэд харьяалагдахгүй гэж үзсэн үндэслэлээ шүүгч захирамжид тодорхой тусгасан ба энэ нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэй ба нэхэмжлэгч гомдол гаргаагүй талаар шүүгч тайлбартаа дурджээ.
2. Шүүхэд гаргасан нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан байх ёстой ба бүрдүүлбэрийн аль нэг зүйлийг нь хангаагүй бол шүүгч хуулийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Ч.С нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өмнө гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг дахин гаргасанд шүүгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус гэж үзэн хүлээн авахаас татгалзахдаа “...ямар үндэслэлээр юу шаардаж байгааг тодорхойлох боломжгүй ...” гэж үзжээ. Нэхэмжлэгч нь шүүхэд хандах болсон бодит нөхцөл болон түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг тодорхойлж, энэхүү үндэслэлд тулгуурлан шаардлагаа тодорхойлох бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас шүүх шийдвэрлэх гэж буй хэргийн төрлийг тодорхойлдог. Иймд үндэслэл, шаардлага нь ойлгомжгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульд зохицуулсан тул дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн шүүгч хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх энэхүү ажиллагаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэх зөрчилд хамаарахгүй болно.
3. Ч.С-ийн О.А-д холбогдох ... газар болон үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүгч Ч.Д хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, энэ хэрэгт нэхэмжлэгч гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргасан нь тогтоогдоогүй бөгөөд уг хэргийг шийдвэрлэсэн шүүхийн 786 дугаар шийдвэр хуулийн хүчинтэй байна. Дээрх үндэслэлээр шүүгч Ч.Д-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 887 дугаартай захирамжаар иргэн Ч.С-ийн өргөдлөөр ... шүүхийн шүүгч Ч.Д-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Өргөдөл гаргагч өргөдөлдөө “... Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг маш тодорхой, нотлох баримтуудыг дурдаж бичсэн байхад тодорхойгүй байна гэж /эсвэл ойлгохгүй, эсвэл санаатайгаар/ миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шүүхээр хамгаалуулах эрхийг минь зөрчиж байгаад гомдолтой байна” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл иргэн Ч.С-ээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт явуулсан 1/0008 тоот, ... газрын алба руу явуулсан 1/0009 тоот албан бичгүүдийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 000/ШЗ2020/07315 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг тус хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэх бөгөөд харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар дурдсан нэхэмжлэлийн шаардлага болох шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хэн, хэрхэн яаж шийдвэрлэхийг хуулийн 44, 55, 122 дугаар зүйлээр харьяалуулан тогтоосон байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Мөн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 000/ШЗ2022/04224 дугаартай шүүгчийн захирамжаар Ч.С-ийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт явуулсан 1/0008 тоот, ... газрын алба руу явуулсан 1/0009 тоот албан бичгүүдийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хоёрыг ялган зааглаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулснаар нэхэмжлэгч ямар шаардлага гаргах, улмаар шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, 44.4 дэх хэсэгт “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Шүүх дараах үндэслэлээр иргэний хэрэг /цаашид "хэрэг" гэх/ үүсгэж болно”, 12.1.1-т “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл”, 12.1.2-т “бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл”, 12.1.3-т “онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт”, 12.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол”, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид "нэхэмжлэл" гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ”, 65 дугаар зүйлийн 65.1.1-т “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн”, 65.1.11-т “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтуудаас үзвэл шүүгч нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн эрх нь хуулиар олгогдсон байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцсэн байна.
Түүнчлэн өргөдөл гаргагч өргөдөлдөө “... шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-ийг үндэслэл болгосон байхад хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан зохицуулалтад хамаарахгүй гэж бас хууль бус дүгнэлт хийсэн нь дээрх эргэлзээг улам лавшруулж байгаа бөгөөд гомдол гаргах, гомдол гаргах эрхгүй хоёр заалтыг хамтад нь үндэслэл болгосон бол хэрхэхийг хуулиар зохицуулаагүй тул миний бие гомдол гаргах эрхээ эдлэх ёстой гэж ойлгогдож байна” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.
Шүүгч 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 000/ШЗ2020/07315 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасныг баримталсан тул мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар тус захирамжид гомдол гаргах эрхтэй юм.
Харин 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 000/ШЗ2022/04224 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасныг баримталсан байх ба тус захирамжид гомдол гаргах эрхгүй гэж дурдсан нь шүүгч Ч.Д-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж буруутгах боломжгүй.
Дээрх үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ... шүүхийн шүүгч Ч.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
С.ЭНХТӨР