МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-02-15
Дугаар 28
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.А-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн М.Д, Ц.У, өмгөөлөгч Г.Т, Д.Г, С.Т нар сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “... 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан эхлэхэд шүүгч П.А-ыг татгалзан гаргах хүсэлтийг шүүгдэгч М.Д, өмгөөлөгч Г.Т, Д.Г, Д.Г нар гаргасан юм. Гэтэл шүүгч хүсэлтийг Ерөнхий шүүгчид танилцуулахын оронд татгалзах хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа хэмээн өөрөө дур мэдэн шийдвэрлэж, үргэлжлүүлэн орчуулагчийг татгалзан гаргах хүсэлтийг шууд шийдвэрлэж, орчуулагч томилуулах хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг товлон зарласан.
1. 2022.10.13-ны өдрийн шүүх хуралдаанд өөр өмгөөлөгч өөр үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэг; 7.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан. Хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх эрх бүхий этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой заасан байхад хуулийн тодорхой заалтыг, мөн 10.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчиж Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1; 50.1.23 заалтуудыг ноцтой зөрчсөн.
2. Хэргийн хууль ёсны харьяаллын шүүх биш байхад харьяаллын дагуу шилжүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүй орхиж, үргэлжлүүлэн шүүх хуралдааныг товлож байгаа нь хэрэгт хувийн ашиг сонирхолтой байна гэж үзэх бүрэн үндэстэй тул шүүгчээс татгалзсан.
2.1. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан эхлэх үед өмгөөлөгч Д.Г хэргийг харьяалах шүүхэд шилжүүлж өгөх хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэж 2022/ШЗ/316 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
2.2. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр хэргийг хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/653 дугаар захирамжаар буцаан шилжүүлсэн. Гэтэл П.А шүүгч 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/1113/315 дугаар захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байсныг шүүгч С.Ө олж харсангүй, эсвэл тус захирамж тухайн үед хэргийн материалд байсангүй. Ямартай ч буруу дүгнэж, буцаан шилжүүлжээ.
2.3. Хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Монгол улсын дээд шүүхэд харьяалал тогтоолгох тухай хүсэлтийг хүргүүлсэн. Тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Х уг хүсэлтэд хэргийн харьяаллыг Баянзүрх дүүргийн шүүх болохыг шүүх хуралдааны үед мэдсэн гэж мөн буруу тайлбартайгаар явуулсан.
2.4. Монгол улсын Дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн 2022.04.12-ны өдөр 2/1507 тоот албан бичгээр шүүхийн харьяалал тогтоохоос татгалзсан. Танхимын тэргүүний өгсөн чиглэлээс үзэхэд хэргийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн атлаа шүүхийн харьяаллыг өөрчлөн тогтоосон нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн болохоос хэргийг хэлэлцэж эхлээгүй үедээ харьяаллын асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг буруу гэж үзээгүй. Гэтэл танхимын тэргүүний өгсөн чиглэлийн агуулгыг буруу ойлгож, хэргийн хууль ёсны харьяаллын шүүх биш байхад харьяалал тогтоох асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүй орхиж, үргэлжлүүлэн хурал товлож байгаа нь хэрэгт хувийн ашиг сонирхолтой байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
2.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх анх хэргийг хүлээн авсны дараа 15 хоногийн дотор харьяалах шүүхэд шилжүүлэх ёстой байсныг шилжүүлэлгүй 2 жил гаруй хугацаанд Монгол улсын шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй хэргийг шийдвэрлэхийг оролдож байна. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс буцаан ирүүлсний дараа П.А шүүгч нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд харьяаллын талаар маргааныг шийдвэрлүүлэхээр хэргийг явуулж болох байсан атал энэ ажиллагааг хийлгүйгээр мөн хууль зөрчсөн.
2.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж заасан боловч хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлтийг шүүх хуралдааны явцад биш анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан эхлэх үед буюу 2022 оны 02 сарын 16-ны өдрийн хуралдаан эхлэхэд гаргаж шийдвэрлүүлсэн тул дээрх заалтыг хэрэглэх үндэслэлгүй.
3. Шүүгчийн 2022/ШЗ/315 дугаар захирамжаар хүчингүй болсон 2022 оны 01 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч П.А нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1; 50.1.23; 50.1.27 заалтуудыг дараах байдлаар удаа дараа мөн зөрчсөн. Үүнд: Хууль бус оролцогчтойгоор шүүх хурлыг хийж, хохирогчоор тогтоогдоогүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй, татан буугдсан хуулийн этгээдэд иргэний шүүхийн журмаар аль хэдийн шийдвэрлэгдсэн төлбөрийг дахин олгуулахаар шийдвэрлэсэн...
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.27 дугаар зүйлд шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон гэх нөхцөл байдал байна. Шүүгч урьд нь тус хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулж, захирамждаа үндэслэлээ тодорхой заагаагүй гэх дүгнэлтийг дээд шатны шүүхээс хийж захирамжийг нь хүчингүй болгож, анхан шатны хэлэлцүүлгийн шатанд хэргийг буцаах тухай Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.06-ны өдрийн 2020/ДШМ/1297 тоот магадлал гарч хуулийн хүчин төгөлдөр болсон.
5. 2021.05.24 өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгч нар өмгөөлөгчийн хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн хэд хэдэн хүсэлт, гомдол гаргасан боловч “яллагдагчийн өмгөөлөгч нарын хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д заасан үндэслэлд хамаарахгүй байх ба уг хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой байна” гэж үзэж шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Энэ нь магадлалын заалт, шаардлагыг хангаагүй ба хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай өмгөөлөгчдийн үндэслэл бүхий хүсэлтүүдийн нэгийг нь ч шийдвэрлэлгүй орхиж, шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой гэж шүүхэд шилжүүлсэн атлаа 2022.01.17-ны өдрийн шүүх хуралдаанаар ч хүсэлтийг үл хэрэгсэн шүүгдэгч нарыг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцсон.
6. Хэргийн мөрдөн байцаалт илтэд гүйцэд бус байхад тухайн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар шууд хэлэлцүүлсэн. М.Д, О.А, Л.З, М.Р, Ц.У, Б.Д нарыг тус тусын холбогдох хэрэгт нь гэм буруутайд тооцож хууль буруу хэрэглэсэн.
7. 2022.01.17-ны өдөр анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг завсарлуулж, 2022.01.24-ны өдрийн 08.30 цагт үргэлжлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нараас шалтгаалаагүйгээр Ковид цар тахлын тархалтаас болж шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийх хөл хорио тогтоож, онцгой нөхцөл байдал үүсэж, үргэлжлүүлэн нийтээр амрах болон амралтын өдрүүд үргэлжилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5-д заасанчлан ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй гэдэг хуулийн заалт зөрчигдсөн. Түүнээс хойш 2022.02.07 ажлын эхний өдөр байсан. Шүүгч энэ өдөр биш 02-р сарын 08-ны өдөр 11.30 цагаас шүүх хуралдаан товлосон боловч тухайн өдрийн 16.30, 2022 оны 02 сарын 09-ний өдрийн 14.00 цаг болгож хойшлуулсан. Шүүх хурлын товыг амаар, утсаар дахин дахин хойшлуулж шүүн таслах ажиллагаа тасралтгүй явагдах зарчим алдагдсан, оролцогчдыг бүтэн өдрийн турш хүлээлгэсэн атлаа хуралдаан хойшлуулж байгаа үндэслэл шалтгаанаа тайлбарлалгүй, захирамж гаргалгүй тараагаад 2022.02.09-ний өдрийн 14 цагт болгож өөрчилсөн талаар туслах нь зарим оролцогчдод утсаар мэдэгдсэн. Хуульд заасан журмын дагуу товыг нийт оролцогчдод албан ёсоор мэдэгдээгүй. 2022.02.09-ний 14 цагт дахин товлосон шүүх хуралдаанд М.Д-ийн өмгөөлөгч Д.Г Ковидын тусгаарлалтад орсон болон шүүгдэгч Ц.Уянгын өмгөөлөгч Г.Т хөдөө эхнэр нь нярайлахаар өвдсөн тул хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөөр байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14.1-т заасныг зөрчиж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Иймд шүүгчээс татгалзах хүсэлтийг шүүгдэгч, өмгөөлөгч нар гаргасан. Шүүгч энэ үйлдлээрээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-г зөрчсөн. Үүний дараа 2022 оны 01 дүгээр сарын17-ны өдрийн шүүх хуралдааныг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
8. 2022.10.13-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч С.Т хэргийг түдгэлзүүлэх талаар үндэслэл бүхий хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, 22.11-г зөрчсөн. Иймд шүүгч П.А-ын хууль зөрчсөн үйлдлүүдийг сахилгын хэрэг үүсгэн шалгаж, шийтгэл ногдуулж өгнө үү ... ” гэжээ.
Шүүгч П.А сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “... Б.Д, М.Р, О.А, Л.З, Ц.У нарт холбогдох эрүүгийн 1709 01111 0443 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсны дагуу 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ЕШЗ/577 дугаар ерөнхий шүүгчийн шүүх хуралдааны даргалагч томилох захирамжид даалгасны дагуу хүлээн авсан. Ингээд хэрэг маргааныг шүүхэд шилжүүлэх хуулийн хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр М.Д-ийн өмгөөлөгч Г.Т, Д.Г нарын хүсэлтийг хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/1082 дугаар захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж товлосон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааны оролцогчдын хүсэлтийг хэлэлцэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг улсын яллагч С.С, Ц.Х нар эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж, Давж заалдах шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1136 дугаар захирамжийг хүчингүй болгож, яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн. Уг шийдвэрт М.Д-ийн өмгөөлөгч Г.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гомдол гаргаж Улсын Дээд Шүүхээс хэргийг хэлэлцэхгүй Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд буцаан хүргүүлснийг эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсны дагуу хүлээн авч 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоосон боловч М.Д-ийн өмгөөлөгч Г.Т, Д.Г нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүх, шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангаж 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “ковид 19” илэрсэн, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 19-ний өдрийн хүртэл хугацаанд товлогдсон 5-аас дээш оролцогчтой шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүхийн тамгын газрын албан бичгийг баримтлан шүүх хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан боловч мөн дахин тус шалтгаанаар 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хойшлуулсан. М.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааны товыг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр товлосон. Ингээд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг удаа дараа хүлээн авч шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрх, өмгөөлөгч нарыг мэтгэлцэх эрхээр нь хангаж буюу 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 11 удаагийн шүүх хуралдааныг хойшлуулсан байна. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр товлосон. 2022 оны 01 сарын 24-ний өдөр шүүгдэгч М.Д нь “Ковид-19” өвчний улмаас уг товлогдсон хуралд ирэх боломжгүй талаар хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулан 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр товлох боломжгүй байсан /хэргийн оролцогчид 5-аас дээш хүнтэй бөгөөд “ковид-19” цар тахлын үед стандарт хангасан шүүх хуралдааны заал байхгүй байсан/ учраас шүүхийн тамгын газраас хуваарилсан хуваарийн дагуу 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон. Тухайн өдөр шүүгч П.А миний бие шүүгдэгч М.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд томилогдон орсон. М.Л-д холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 10 цагт эхэлж, тухайн өдрийнхөө 20 цаг 30 минутад дууссан байна. Ажлын цаг дууссан учир 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 246 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг хугацаа хэтэрсэн гэж үзэж дахин шүүх хуралдааныг шинээр эхлэх нөхцөл байдал үүссэн тул шүүх хуралдааныг эхнээс нь дахин явуулсан. 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шүүгч П.А миний бие буюу шүүх хуралдааны даргалагчаас татгалзах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн татгалзлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулж, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ерөнхий шүүгчийн 2022/ЕШЗ/126 дугаартай захирамжаар шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэлэлцэж хангахгүй орхисон тул шүүх 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр дахин тов тогтоож шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч С.Т мөн бусад оролцогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлтийг гаргаж, шүүгч миний бие шүүгдэгч М.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/316 дугаартай шүүгчийн захирамжаар харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны 2022/ШЗ/653 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “... Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ ...” гэх үндэслэлээр хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаан шилжүүлсэн. Эрүүгийн хэргийн харьяаллыг шийдвэрлүүлэхээр хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүнд хүргүүлсэн боловч 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2/1507 дугаар албан тоотоор шүүхийн харьяалал тогтоохоос татгалзсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд товлогдсон шүүх хуралдаан шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн хүсэлтийг хуульд заасан үндэслэлийн дагуу хүлээн авч, шүүх хуралдааны оролцогчдын эрх тэгш байдлыг хангаж нийт 26 удаа хойшилсон.
2022 оны 10 дугаар сарын 13, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Д-ийн өмгөөлөгч Г.Т, Д.Г, Д.Г нар шүүгчийг татгалзах тухай хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1,8 дахь хэсэгт “энэ хуулийн 1,2,3,5,6 дахь хэсэгт заасан үндэслэлээр гаргасан шийдвэр эцсийн байна” гэснийг баримтлан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан болно. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанд шүүгдэгч М.Д, өмгөөлөгч Д.Г, Г.Т, Д.Г нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн харьяаллыг тогтоолгох хүсэлт гаргасныг хүлээн авч 2022/ШЗ/1988 тоот захирамжаар шүүхийн харьяаллын талаар доод шатны шүүх хооронд гарсан маргааныг шийдвэрлүүлэхээр хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн. Шүүгдэгч М.Д, Б.Д, М.Р, О.А, Л.З, Ц.У нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг чанд сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, шүүгчийн тангарагт үнэнч байж, хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар гагцхүү хуульд нийцүүлэн, хууль зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэл гаргаагүй болно” гэжээ.
Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоожийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “... Шүүгч П.А нь нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан асуудлаар дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1. Шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Г.И, шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Г.Т, Л.З нар “...хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзэж байна...” гэсэн үндэслэлээр шүүгч П.А-оос татгалзсан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон бол өөр шүүгч томилж, шүүх хуралдааныг эхнээс нь явуулна гэснийг зөрчсөн агуулгатай хүсэлт гаргасан боловч энэ нь шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах, шүүгч өвчлөх, бусад хэлбэрээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй болох зэргээр шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх шинээр томилохыг ойлгоно. Харин хуралдаан даргалагч шүүгчийн шүүх хуралдаан давхацсан нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон гэж үзнэ. Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваагүй нь шүүгчийг энэхүү хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм ...” гэж дүгнэжээ. Шүүгдэгч М.Д, өмгөөлөгч Г.Т, Д.Г, Д.Г нар 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч П.А-ыг татгалзан гаргах хүсэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн 2-т заасныг дурдаж “... хэргийн хууль ёсны харьяаллын шүүх биш байхад харьяалал тогтоох асуудлыг шийдвэрлэхгүй орхисон, магадлалын заалт, шаардлагыг хангаагүй, мөрдөн байцаалт илт гүйцэд бус байхад хэргийг хэлэлцсэн, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд тохироогүй, гэмт хэрэг гараагүй байхад хууль буруу хэрэглэсэн, яллагдагч нарыг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцсон, уг шийдвэрээ хуульд заагаагүй үндэслэлээр хүчингүй болгосон” гэсэн үндэслэл дурджээ. Шүүгч хүсэлтийг хүлээн авахаас татгалзахдаа ерөнхий шүүгчийн дээрх захирамжийг дурдсанаас гадна татгалзан гаргах үндэслэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлийг нэрлэн заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын алинд ч хамаарахгүй байна. Иймд шүүгч хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-г зөрчсөн гэж үзэхгүй. Шүүгч Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн зохих болзол, шалгуурыг хангасан төрийн тусгай албан хаагч бөгөөд шүүгчийн гүйцэтгэж буй чиг үүргийн онцлогоос хамааран хуульд зааснаас өөр үндэслэлээр түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах боломжгүй болно.
2. Өргөдөл гаргагч нь өргөдлийн 2-т шүүгчийн шийдвэрлэж буй тухайн хэргийн харьяалал, хэргийг шийдвэрлэж буй ажиллагаа, хууль хэрэглээтэй холбоотой өөрсдийн санал дүгнэлтээ дурджээ. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж, улмаар хэргийг прокурорт буцаахдаа үндэслэлийг захирамжид тодорхой тусгасан байна. Давж заалдах шатны шүүхээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан, шүүгчийн 688 дугаар захирамжаар М.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцүүлэхээр тогтоосон, шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон нөхцөл байдал тогтоогдсон. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шүүгч энэхүү хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд түүнд сахилгын шийтгэл ногдуулах учиртай. Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой тухайлбал, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох эсэх, мөн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, хэргийн харьяаллын асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг шүүгч хуульд зааснаар хараат бусаар бие даан шийдвэрлэх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1, 40.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах бол хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тохиолдолд хэргийг хянан хэлэлцэнэ. Иймд дээрх асуудалтай холбоотой хийгдсэн шүүгчийн ажиллагааг сахилгын хороо хянах, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй бөгөөд энэ талаарх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
3. Шүүгч 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба хохирол төлөх хугацаа олгох тухай шүүгдэгч, өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг хүртэл завсарлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5-т заасныг зөрчөөгүй байна. Харин мөн өдрийн хуралдаанд шүүгдэгч М.Д өвчний улмаас ирээгүй ба шүүгч өөр шүүх хуралдаантай байсан, мөн шүүгчээс татгалзсан тул 2022 оны 02 дугаар сарын 8, 2022 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаан тус тус товлосон цагтаа хийгдээгүй байна. Дээр дурдсанаар шүүх хуралдаан завсарлах хуульд заасан 5 хоногийн хугацаа хэтэрсэн тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцэх үндэстэй гэж үзэн, шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 315 дугаар захирамжаар шүүх хуралдааныг дахин товлон зарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 7-д заасан “энэ хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг явуулах шийдвэр гаргасан тохиолдолд уг шүүх хуралдааныг явуулахад энэ хуулийн Гучин дөрөвдүгээр бүлэгт заасан шүүх хуралдааны ерөнхий нөхцөл нэгэн адил хамаарна” гэснийг зөрчөөгүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлд заасан. Дээрх тохиолдол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэлд хамаарахгүй тул шүүгчийг Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1; 50.1.23; 50.1.27 дах заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
4. Шүүгчийн 2020.07.01-ний 1136 дугаар захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалган ажиллагаа явуулахаар прокурорт буцааж шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасан. Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн ба шүүгчид хориглох зүйлийг нэрлэн заасан 50 дугаар зүйлийн 50.1.27-д “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон” гэжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан байх тул шүүгчийг энэхүү зөрчлийг гаргасан гэж үзэхгүй. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг энэхүү хууль хүчин төгөлдөр болохоос өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ба өргөдөл гаргагч нь гомдлоо хууль хүчин төгөлдөр болсны дараа гаргасан байна.
5. Өргөдлийн 5, 6-т заасан гомдлын талаар.
Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгохдоо давж заалдах шатны шүүх “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг ажиллагаа хийгдээгүй бөгөөд тухайн ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл бүрдэнэ, ... анхан шатны шүүх иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх, иргэний эрх зүйн маргаан эсэхийг шалган тогтоолгох үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна ...” гэсэн үндэслэл дурджээ. 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаан товлосон ба өмгөөлөгч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д заасан үндэслэлд хамаарахгүй тул уг хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэж үзсэн талаар тодорхой дурджээ. Шүүгч 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон боловч хуульд заасан завсарлага авах хугацаа хэтэрсэн гэж үзэж хэргийг анхан шатны журмаар дахин хянан хэлэлцэхээр шийдвэрлэж захирамж гаргасан нь хүчинтэй байгаа ба үүнээс хойш шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнээс үзвэл, хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээгүй, энэ тохиолдолд өмгөөлөгч нарын хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэсний үндсэн дээр шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэм буруутай болох эсэхийг шийдвэрлэх тул “... шүүгдэгч нарыг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцсон, ... М.Д нарыг “зээлийн гэрээ буюу санхүүгийн баримт” хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд илтэд тохироогүй байхад хууль буруу хэрэглэсэн” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
7. Шүүх хуралдаан завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй талаар хуульд заасан, эрүүгийн хариуцлагын хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 08.30 цагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн боловч шүүгдэгч М.Д өвчний улмаас шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 8-ний өдрийн 13.30 цагт товложээ. Энэ үед цар тахлын улмаас 5 дээш оролцогчтой хэргийн шүүх хуралдаан явуулах шаардлага хангасан хуралдааны танхим байхгүй байсан тул тамгын газраас хуваарилсан хуваарийн дагуу хуралдааныг товлосон, мөн цагаан сар болсон тул 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдөр хүртэл бүх нийтийн амралтын өдөр байсан талаарх холбогдох шүүгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна. Иймд “... шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдөр товлох боломжтой байсан” талаарх гомдолд шүүгчийг буруутгах үндэслэлгүй. 2022 оны 02 дугаар сарын 8-ны өдөр шүүгч П.А өөр шүүх хуралдааны бүрэлдэхүүнд томилогдсон, тус шүүх хуралдаан 20 цагт дуусжээ. Ажлын цаг дууссан тул шүүгч шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба шүүгчийн туслах энэ тухайг хэргийн оролцогч нарт мэдэгдсэн нь гэрч Б.Оюунбилэгийн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба мөн өдрийн шүүх хуралдаан энэ үндэслэлээр хойшлогдоогүй байна. Иймд хуульд заасан журмын дагуу товоо нийт оролцогчдод албан ёсоор мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй.
8. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Т шүүгдэгч Ц.У-д холбогдох хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Мөн өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн тэмдэглэлд шүүгч шүүх хуралдааныг хойшлуулсан захирамжийн агуулгыг танилцуулахад өмгөөлөгч С.Т миний саналыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэхэд шүүгч хүлээж авахаас татгалзсан гэжээ. Шүүгч хэргийг түдгэлзүүлэх тухай өмгөөлөгчийн саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээ танилцуулсан боловч энэ тухайгаа захирамжид тодорхой тусгаагүй нь учир дутагдалтай боловч Шүүхийн тухай хуулийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” зөрчсөн гэж үзэхгүй. Дээр дурдсанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгч П.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоожийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 0014 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” үндэслэлтэй байх тул хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэн М.Д, Ц.У, өмгөөлөгч Г.Т, Д.Г, С.Т нар нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.А-д холбогдуулан эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.27 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр өргөдөл гаргажээ.
Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан нотлох баримтыг үнэлсэн, хуулийг тайлбарлан, хэрэглэхдээ буруу хэрэглэсэн алдааг дээд шатны шүүх нь залруулдаг онцлогтой.
Харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тул эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдөл мэдээллийн 3-т заасан “хууль бус оролцогчтойгоор шүүх хурлыг хийж, хохирогчоор тогтоогдоогүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй, татан буугдсан хуулийн этгээдэд иргэний шүүхийн журмаар аль хэдийн шийдвэрлэгдсэн төлбөрийг дахин олгуулахаар шийдвэрлэсэн ...” гэх, 5-д заасан “магадлалын заалт, шаардлагыг хангаагүй ба хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай өмгөөлөгчдийн үндэслэл бүхий хүсэлтүүдийн нэгийг нь ч шийдвэрлэлгүй орхиж, шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой гэж шүүхэд шилжүүлсэн атлаа 2022.01.17-ны өдрийн шүүх хуралдаанаар ч хүсэлтийг үл хэрэгсэн шүүгдэгч нарыг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцсон” гэх, 6-д заасан “хэргийн мөрдөн байцаалт илтэд гүйцэд бус байхад тухайн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар шууд хэлэлцүүлсэн. М.Д, О.А, Л.З, М.Р, Ц.У, Б.Д нарыг тус тусын холбогдох хэрэгт нь гэм буруутайд тооцож хууль буруу хэрэглэсэн” гэх, 7-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөөр байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн” гэх үндэслэлүүдэд хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрх хэмжээгүй, энэ талаар илтгэгч гишүүн үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Хоёр. “2022.10.13-ны өдрийн шүүх хуралдаанд өөр өмгөөлөгч өөр үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж байхад хуульд заасан эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан, хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх эрх бүхий этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой заасан байхад хуулийн тодорхой заалтыг зөрчсөн” гэх гомдлын тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 153 дугаар захирамжаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгдэгч М.Д нарт холбогдох эрүүгийн 1709011110443 дугаартай хэргийг хянан хэлэлцэх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл завсарлуулсан, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 187 дугаар захирамжаар шүүгдэгч М.Д-ийн “... Ковид-19 туссан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 30 минут хүртэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг хойшлуулсан, 02 дугаар сарын 08-ны өдрийн 246 дугаар захирамжаар “шүүгч П.А нь шүүгдэгч М.Л-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд орсон, шүүх хуралдаан тасралтгүй явагдаж 20 цагт дууссан” гэх үндэслэлээр тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан, 02 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4, 34.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгч П.Аоос татгалзсан тул тус өдрийн 250 дугаар захирамжаар татгалзлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан, тус шүүхийн ерөнхий шүүгчийн 02 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар захирамжаар “... хуралдаан даргалагч шүүгчийн шүүх хуралдаан давхацсан нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон гэж үзнэ. Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваагүй нь шүүгчийг энэхүү хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм ...” гэж дүгнээд татгалзлыг хангахгүй орхисон, 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Д, өмгөөлөгч Г.Т, Д.Г, Д.Г нар дахин шүүгч П.А-оос татгалзсан татгалзлыг тус өдрийн 1674 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4 “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэж заасныг үндэслэн шүүгч П.А-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсантай холбоотойгоор татгалзсан байх ба 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Д, өмгөөлөгч Г.Т, Д.Г, Д.Г нарын гаргасан татгалзал мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр, шүүгч П.А-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсантай холбоотой байх тул дахин шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзсэнийг сахилгын зөрчилд тооцох боломжгүй. Тодруулбал,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 452 дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбын “... шүүх хуралдаан давхацсан” гэх хүсэлтийг хангаж,
2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 778 дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч, С.Т нарын “... шүүх хуралдаан давхацсан” гэх хүсэлтийг хангаж,
2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 896 дугаар захирамжаар шүүгдэгч О.А-ын “... ковид туссан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж,
2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1149 дүгээр захирамжаар шүүгдэгч М.Р-ийн “... шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж,
2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1212 дугаар захирамжаар М.Р-ийн “... өмгөөлөгчөөсөө татгалзсан тул ... шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж,
2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1324 дүгээр захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Т-ийн “... ковид туссан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж,
2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1368 дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч-ийн “... шүүх хуралдаан давхацсан” гэх хүсэлтийг хангаж,
2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1393 дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч-ийн “... миний үйлчлүүлэгч ковид туссан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж,
2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1652 дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.И-ын “... шүүх хуралдаан давхацсан” гэх хүсэлтийг хангаж,
2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1838 дугаар захирамжаар шүүгдэгч Ц.У-ын “...ковид туссан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж,
2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 88 дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч-ийн “... эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж,
2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 761 дүгээр захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-ын “... батлагдсан хуваарийн дагуу хичээл орох учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх, өмгөөлөгч Д.Г-ын “... шүүх хуралдаан давхацсан” гэх хүсэлтүүдийг хангаж,
2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 854 дүгээр захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-ын “... өвдөгний үений зөөлөн эдийн гэмтэл учирсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж,
2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 959 дүгээр захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г-ийн “... хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж,
2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1083 дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г-ын “... ойрын хавьтал болсон ...” гэх хүсэлтийг хангаж,
2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1142 дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-ын “... шүүх хуралдаан давхацсан” гэх, өмгөөлөгч С.Т-ын “... өвдөгний хагалгаанд орсон ...” гэх хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хуульд заасан эрхийг хангалттай эдлүүлсэн байх бөгөөд шүүгчийг татгалзсан татгалзлын агуулгаа өөрчилсөн, өөр өмгөөлөгч татгалзсан гэх үндэслэлээр дахин дахин татгалзлыг шийдвэрлүүлэх нь хэрэг маргааныг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэх шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэгтэй нь зөрчилдөх тул энэ тохиолдолд эрх хязгаарласан зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Гурав. “Хэргийн хууль ёсны харьяаллын шүүх биш байхад өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй хэргийг шийдвэрлэх гэж оролдсон” гэх агуулгаар гаргасан гомдлын тухайд:
2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6-д “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийн харьяаллыг Баянзүрх дүүрэгт шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч тус өдрийн 316 дугаар захирамжаар хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд шилжүүлсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 653 дугаар захирамжаар хэргийг буцаан шилжүүлсэн, Улсын дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02/1507 дугаар албан бичгээр шүүхийн харьяалал тогтоохоос татгалзсан үйл баримтууд тогтоогдсон.
Дээрх Улсын дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02/1507 дугаар албан бичигт “... танай шүүх хэргийг хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцсэн атлаа эцэслэн шийдвэрлэхгүйгээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна...” гэж дүгнэсэн төдийгүй Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗТ/2 дугаар тогтоолоор М.Д нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүхийн харьяаллыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоосон байх тул шүүгчийг хуульд илт тодорхой заасан хэргийн харьяаллыг зөрчсөн гэж үзэхгүй.
Дөрөв. “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.27 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон” гэх гомдлын тухайд:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1136 дугаар захирамжийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1297 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “... шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, ... прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27-д заасан “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон” гэх зөрчилд хамаарахгүй.
Тодруулбал, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн харилцааг зохицуулсан хуулийн заалтад нийцүүлэн тайлбарлаж, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгснөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангадаг бөгөөд ийнхүү хууль зүйн дүгнэлт огт хийгээгүйг дээд шатны шүүх тогтоосон тохиолдолд дээрх хуульд заасан зөрчил болно.
Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1136 дугаар захирамжид “...иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэхийг шалган тогтоох үндэслэлтэй ...” гэх агуулгаар дүгнэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байх тул үндэслэл огт бичээгүй гэж үзэхээргүй байна.
Тав. “2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч С.Т хэргийг түдгэлзүүлэх талаар үндэслэл бүхий хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан” гэх гомдлын тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 2022/ШЗ/1674 дүгээр шүүгчийн захирамжид өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн заалтгүй, харин шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд шүүгч шүүх хуралдааныг хойшлуулсан захирамжийн агуулгыг танилцуулах үед өмгөөлөгч С.Т “миний саналыг хэрхэн шийдвэрлэсэн бэ” гэж асуухад шүүгч “хүлээж авахаас татгалзсан” гэж хэлж байгаа нь тэмдэглэгджээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж тухайн зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилсан гэж ойлгох бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй татгалзаж шийдвэрлэснээ танилцуулсан атлаа бичгийн хэлбэрээр гаргасан шүүгчийн захирамждаа тусгаагүй нь учир дутагдалтай ч “ноцтой зөрчил”-д тооцогдохгүй талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.Эрдэнэчулуун
ГИШҮҮН Д.Мягмарцэрэн