info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-01-11

Дугаар 11

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 

         Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн  Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, сахилгын хэргийн оролцогч шүүгч Д.Б, Г.Д, Г.Б нарыг оролцуулан, ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Б, шүүгч Г.Д, Г.Б нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Х.С ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Б-д холбогдуулан гаргасан өргөдөлдөө: “... Ерөнхий шүүгч Д.Б нь албан тушаал эрх нөлөөгөө урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох зэрэг олон хэлбэрээр Шүүхийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргаж байна. “Т” хувьцаат компанийн нэхэмжлэлтэй ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.С хариуцагчтай иргэний хэргийг ... сум дахь сум дундын шүүхийн анхан шатны шүүх хурал 2021 оны 09 сарын 03-ны өдөр хуралдаж гаргасан 144/шш2021/00085 шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргасан. Гомдлыг ... аймгийн Эрүү иргэний давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж, дээрх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр магадлал гаргасан. Магадлал гарснаас хойш 2022.09.08-ны өдрийг хүртэл ... сум дахь Сум дундын шүүхээс хариуцагч гэх Х.С, миний өмгөөлөгч Б бид хоёртой 10 сар огт холбогдоогүй. Гэтэл 2022.09.08-нд “Т” ХК-ний нэхэмжлэлтэй Х.С хариуцагчтай иргэний хэргийн шүүх хурал 2022.09.12-ны 10 цагт болно гэж ажлын 2 хоног амралтын 2 хоног нийт 4 хоногийн өмнө шүүхийн туслах Б.Н утсаар мэдэгдсэн.  Би шүүх хуралд цахимаар оролцож болох уу гэж асуухад шүүх хурлыг зөвхөн танхимаар хийдэг журам үйлчилж байгаа гэсэн хариу өгсөн. Өмгөөлөгч Б цахимаар орж болох уу гэж асуухад болохгүй, заавал биеэр ирж оролцох тухай хариу өгсөн байдаг. Ингээд шүүх хуралд өмгөөлөгч Н.Б-ын хамт УБ хотоос машин хөлсөлж 2022.09.11-ний өдөр очиж оролцсон. Шүүх хурал эхлэхэд нэхэмжлэгч талын төлөөлөгч өмгөөлөгч Э цахимаар оролцож байсан. Шүүх хуралдааны үед өмгөөлөгч Э шинжлэн судлуулах баримт байхгүй гэж хэлсээр байхад шүүгч Д.Б Э-д хандаж дахин дахин танай тал нотлох баримтаар шүүхэд өгсөн хоёр СД-ээ шинжлэн судлуулахгүй юм уу гэж асуугаад байсан. Дээрх үйлдлүүд нь нэхэмжлэгч талд давуу байдал олгосон, дотно харилцсан, шүүхийн шийдвэр гаргах хугацааг санаатай зөрчсөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.26. 50.1.1. 50.1.8 -р заалтуудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Шүүх хурлыг хаалттай хийнэ гэж мэдэгдээгүй тул ... аймаг дахь ... телевизээс сурвалжлах баг авч очсон. Сэтгүүлчийг шүүх хурлын танхимд оруулахыг хүсэхэд Д.Б нарын шүүгчид хариу өгөхгүй байснаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э-аас хариуцагчийн саналыг дэмжих үү гэж асуухад дэмжихгүй гэж хэлсэн. Гэхдээ өмгөөлөгч шүүх хурлыг хаалттай хийе гэсэн санал хэлээгүй байхад шүүгчид нэхэмжлэгч талаас энэ шүүх хурлыг хаалттай хийх санал гаргасан тул шүүх хурлыг хаалттай хийхээр шийдэж байна гээд хэвлэлийн багийг хуралдааны танхимд оруулаагүй. Нэхэмжлэгч 2020 онд гаргасан нэхэмжлэлдээ Аймгийн иргэдийн хурлын дарга Х.С 2019 оны 11 сард багуудын хуралд оролцохдоо албаны эрх мэдлээ ашиглаж компанийн нэр төрд халдсан гэх утга илэрхийлсэн байсан. Би албан тушаал ажил үүргийн дагуу 2019 оны 11 сард багуудын иргэдийн хуралд оролцсон, хурлаар  нүүрсний хулгай луйвар орсон нутгийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж “Т” ХК-ний ашиг орлогын талаар иргэдийн асуусан асуултад Сангийн яам, Мэргэжлийн хяналт, холбогдох хууль хяналтын байгууллагуудын олон удаагийн шалгалтаар илэрсэн олон зөрчлүүдийн талаар орон нутгийн өмчийн өмчлөгчийг төлөөлж байгаа албан тушаалтны хувьд мэдээлэл хийж хурлаас хийж байгаа ажлаа товч танилцуулсан байдаг. Би 2020 оны 11 сард АИТХ-ын даргын ажлаа хүлээлгэн өгч ажил албан тушаалгүй болсон. Иймд “Т” ХК-ний нэхэмжлэлийн хариуцагчаар одоо ямар ч албан ажил сонгуульт ажилгүй иргэн Х.С байх боломжгүй байсаар байтал “Т” ХК-ний нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч иргэн X.С гэсэн шийдвэрийг ... сум дахь сум дундын Ерөнхий шүүгч Д.Б бусад шүүгчдийн хамт гаргасан. Энэ нь хэт нэг талыг барьсан “Т” ХК-ний хувьцаа эзэмшигч ... хэмээх Д.Б, “Т” ХК-ний гүйцэтгэх захирал асан ... аймгийн Засаг дарга Р.С нарын захиалга даалгаврыг хэрэгжүүлж тэдэнд давуу байдал олгож Х.С-ыг ямар ч хамаагүй аргаар буруутгах гэсэн зорилгоор шүүгч ажиллаад байна гэсэн хардлага над төрж байна. Ерөнхий шүүгч Д.Б нь тус шүүхэд удаан хугацаагаар  ажилласан. Энэ хугацаандаа ... хэмээх Д.Б, Д, “Т” ХК-ний гүйцэтгэх захирал асан Р.С нартай хувийн дотно харилцаатай болж улмаар тэдний өгсөн хүсэлт захиалгаар бусад шүүгч нартаа албаны байдлаар нөлөөлж “Т“ ХК-ний болон тэдний талд анхан шатны шүүхийн шийдвэр гаргуулдаг байж болзошгүй гэсэн хардлага төрсөөр удаж байна. Тухайлбал 2016 оны 10 сард болсон орон нутгийн сонгуулиар ... аймгийн ... сумаас аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуралд Монгол ардын намаас нэр дэвшсэн дөрвөн хүн төлөөлөгчөөр бусад нэр дэвшигчдээсээ илт хол давуу саналаар сонгогдсон. Гэтэл аймгийн Ардчилсан нам түүний тэргүүнүүд ... хэмээх Д.Б, Р.С нар тус сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй гэж улс төрийн зорилгоор ... сум дахь сум дундын шүүхэд гомдол гаргасан байдаг. Энэ гомдлыг хүлээж авангуутаа тэр өдрөө тус шүүхийн шүүгч Д.Б ганцаараа шийдвэр гарган тэр дөрвөн төлөөлөгчийг сонгуулийн хууль зөрчсөн гэсэн шүүгчийн захирамж гаргачхаад амралт авсан нэрээр олон хоног алга болсон. Ингээд тухайн дөрвөн төлөөлөгч дээд шатны шүүхэд давж заалдсанаар тэр захирамжийг нь дээд шатны шүүх хянан хэлэлцэж хууль зөрчсөн байна гэж үзэн хүчингүй болгосон Энэ нь шүүгч Л.Б-ын ажлын хариуцлага байдал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийг удаа дараа зөрчдөг, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн өөрт болон бусдад давуу байдал үүсгэж хувийн ашиг сонирхлын зөрчилд ихээхэн автсан байж болох талтай гэж үзэж байна. Мөн “Т” ХК-ний нэхэмжлэлтэй энэ хэргийг хоёр удаа энэ шүүхээр хэлэлцэгдэн шийдвэр гаргах үед Ерөнхий шүүгч Д.Б голлон оролцож өөрийн удирдлага дор ажилладаг шүүгч Г.Б, Г.Д нарт албан тушаалын байдлаа ашиглаж нөлөөлдөг байдал байж болзошгүй гэж хардахаар байсан. Иймд ерөнхий шүүгч Д.Б-ын дээрх хууль зөрчсөн байж болох үйлдлүүдийг нягтлан шалгаж хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна” гэжээ.

Иргэн Х.С шүүгч Г.Д-д холбогдуулан гаргасан өргөдөлдөө: “Т ХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч гэх Х.С нарт холбоотой иргэний хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэргийн хамт ... сум дахь сум дундын шүүх рүү 2022 оны 02 сарын 21-ний өдөр хүргүүлсэн байдаг. Тус шүүхийн шүүгч Г.Д хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй 2022 оны 09 сар хүргэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.26 заалтыг зөрчсөн. Шүүх хурал 2022 оны 09 сарын 12-нд ... сум дахь шүүхийн танхимд хуралдаж шийдвэр гаргахдаа шүүх хурлыг даргалагч шүүгч Г.Д шүүх хуралд иргэний төлөөллөөр оролцсон Б.Л-ын “Х.С төрийн албаны хүрээнд иргэдэд мэдээлэл өгсөн байна, “Т” ХК-д хэд хэдэн удаа шалгалт хийгдэж зөрчил илэрсэн, хариуцагч Х.С буруугүй юм байна” гэж гаргасан санал дүгнэлтийг үндэслэлээ тодорхойлоогүй буруу дүгнэлт гэж шүүхийн шийдвэрт бичсэн. Энэ нь шүүх хурлыг даргалагч шүүгч Г.Д хэт нэг талыг барьсан нэхэмжлэгч талд давуу байдал үүсгэсэн, шүүгч өөрөө шүүхээс гарах шийдвэрийг шүүх хурлаас өмнө урьдчилан гаргаж бэлтгэж ирсэн байж мэдэх тэр шийдвэртээ тааруулах гэсэн илт хууль зөрчсөн үйлдэл гэж ойлгогдож байгаа. Тухайлбал, шүүх хурлыг даргалагч шүүгч Г.Д шүүхийн тогтоол уншиж танилцуулахдаа олон хуудас цаас бүхий хэвлэмэл материал барьж түүнийгээ уншиж сонсгосон. Шүүх хурлын хэлэлцүүлэг дуусгаад шүүх бүрэлдэхүүн арын өрөөндөө орж шүүх хурлаас гаргах шийдвэрээ боловсруулахдаа 20-30 минутын дотор ийм олон хуудас шүүхийн шийдвэрийг гар бичмэлээр биш компьютерт шивж хэвлэх боломжгүй тул энэ шүүх хурлаас гаргасан шийдвэрийг урьдчилан гаргасан гэж үзэж байна. Иймд шүүгч Г.Д-ийн гаргасан дээрх үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.23, 50.1.26, 50.1.4, 50.1.1 заалтуудыг зөрчсөн” гэжээ.

Иргэн Х.С шүүгч Г.Б-д холбогдуулан гаргасан өргөдөлдөө: “... сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 сарын 03-ны өдөр хуралдсан “Т” ХК-ний нэхэмжлэлтэй Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.С хариуцагчтай шүүх хурлын даргалагч шүүгч Г.Б нь “Т” ХК-ний нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн 00085 тоот шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг гаргахдаа хариуцагч Х.С-аас гэм буруугүйгээ нотолж шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг нэхэмжлэгч “Т” ХК-ний талаас няцааж үгүйсгэсэн нэг ч нотлох баримтыг бичгээр болон бусад хэлбэрээр гаргаж өгөөгүй. Ийм байхад шүүгч Г.Б тодорхой үндэслэл бичихгүйгээр шийдвэр гаргахдаа Шүүхийн тухай хуулийн 50.1.27 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь ... аймгийн Эрүү иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 сарын 08-ний өдрийн магадлалын ХЯНАВАЛ гэсний 11 дэх нүүрний хамгийн доод хэсгийн есөн мөрөнд бичсэнээр тогтоогдсон байна. Иймд шүүгч Г.Б-д сахилгын хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.

Шүүгч Д.Б сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг нэхэмжлэгч, хариуцагч шинжлэн судалсны дараа хуралдаан даргалагч шүүгч Г.Д нэхэмжлэгчийн төлөөлөгч Э-аас “2 ширхэг СД ирүүлсэн байна,  шинжлэн судлуулах уу” гэсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч цахимаар оролцож байсан учраас гаргаж өгсөн нотлох баримтынх нь хүрээнд шинжлэн судлуулах эсэх талаар  нэмж тодруулсан байх, түүнээс давуу байдал олгосон, дотно харилцсан, дахин дахин асуусан зүйл огт байхгүй. Сэтгүүлчийг шүүх хурлын танхимд оруулах хүсэлтийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу шийдвэрлэж  хангахаас татгалзсан. Тухайн иргэний хэрэг ... аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс харьяаллын дагуу шилжиж ирсэн. Нэхэмжлэлийг анх хүлээн авсан шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг хянаж үзсэний үндсэн дээр гаргадаг. Түүнээс ерөнхий шүүгч бусад шүүгчдэд нөлөөлж хамтаар гаргах боломжгүй, хуулийн үндэслэл байхгүй.  Ерөнхий шүүгч нь Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т зааснаар хэрэг маргааныг шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэхэд оролцох, 17 дугаар зүйлийн 17.2-т ерөнхий шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцохдоо давуу эрх эдлэхгүй гэж зааснаар шүүн таслах ажиллагаанд бусад шүүгчийн нэгэн адил оролцсон. Гомдолд дурдсан ... хэмээх Д.Б, “Т” ХК-ийн захирал Р.С гэх хүмүүсийн гаргасан болон холбоотой нэг ч гомдол, хүсэлт, эрүүгийн болон иргэний хэрэг хүлээн авч байгаагүй. ... хэмээх Д.Б гэх хүнийг Улсын Их Хурлын гишүүн, Р.С-ийг ... аймгийн засаг дарга л гэж мэдэх ба ямар ч хувийн харилцаа байхгүй. Д гэж ямар хүн байдгийг мэдэхгүй. Өргөдөлд “...Энэ хугацаанд нүүрсний хулгай луйврын хэрэгт олон удаа холбогдож байгаа ... хэмээх Д.Б, Д, “Т” ХК-ийн захирал асан Р.С нартай хувийн дотно харилцаатай болж улмаар тэдний өгсөн хүсэлт захиалгаар бусад шүүгч нартаа албаны байдлаар нөлөөлж “Т” ХК-ийн болон тэдний талд анхан шатны шүүхийн шийдвэр гаргуулдаг байж болзошгүй гэсэн хардлага над болон бусдад төрсөөр удаж байна" гэсэн нь илтэд гүтгэлгийн шинжтэй буюу Шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.3 дахь заалтад заасан шүүгчийн ажил хэргийн нэр хүнд, шүүгчийн хараат бус байх зарчимд ноцтой халдсан үйлдэл гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “...Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн томилно” гэж зааснаар мөн тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 2021/ШЗТ/01 тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох” журмын 2.5-д “...Нэхэмжлэл болон адил шатны өөр шүүхээс шилжүүлсэн, харьяалал тогтоон ирүүлсэн хэрэг, шүүхийн даалгаврыг шүүгчид тойрог дотор санамсаргүй, тохиолдлын аргаар ажлын ачааллыг харилцан тэнцвэртэй байх зарчмаар хуваарилна” гэж зааснаар ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс харьяаллын дагуу, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр ирүүлсэн “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй Х.С-т холбогдох иргэний хэрэг тус шүүхийн шүүгч Г.Б, Г.Д нарт хуваарилагдсан. Ерөнхий шүүгчийн хувьд шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулсан захирамж гаргасан. Түүнээс Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтад зааснаар тус шүүхийн Ерөнхий шүүгч миний бие бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг маргааныг нэр заан хуваарилах зэргээр хамт ажиллаж байгаа шүүгч нарынхаа хараат бус байдалд халдаж байсан тохиолдол гаргаж байгаагүй гэдгээ илэрхийлж байна. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Д.Б нэмэлт тайлбартаа: “2016 оны 7 дугаар сард ... аймгийн ... сумын Ардчилсан намын дарга С.С-ын гомдлоор ... аймгийн ... сум дахь Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн “...Монгол Улсын Их Хурлын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Л.Э, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч О.Б, Б.Б, Д.Б, Ц.Д, Б.Б нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.10, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн зөрчил үйлдсэн” болохыг тогтоолгох гомдлын материалыг хүлээж аваад 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 06 дугаартай шийтгэвэр гаргасан. Тухайн шийтгэвэрт давж заалдах гомдол гаргаж, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Тухайн захиргааны зөрчлийн маргааныг тус шүүхийн шүүгч Г.С 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр дахин шийдвэрлэсэн. Дээрх баримтуудаар би ... хэмээх Д.Б, “Т” ХК-ийн захирал асан Р.С нартай холбоотой гомдол, маргаан, хэрэг хянан шийдвэрлэж байгаагүй. Тус шүүх 2015 оноос хойш 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ба Нийт шүүгчдийн чуулган, тус шүүхийн шүүгчдийн 2021 оны 12 сарын 22-ны өдрийн Шүүгчдийн Зөвлөгөөнөөс баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан” журмын 2.5 дахь заалтад зааснаар шүүгч Г.Б, Г.Д нарт “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй Х.С-т холбогдох иргэний хэрэг хуваарилагдсан. Мөн журмын 3.1 дэх заалтад зааснаар тус шүүх хуралдааныг шүүгч Г.Б, Г.Д нар даргалж шийдвэрлэсэн.” гэжээ.

Шүүгч Г.Д сахилгын хороонд гаргасан тайлбартаа:  “.Т" ХК-ийн нэхэмжлэлтэй Х.С-т холбогдох иргэний хэрэг нь эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой маргаан учраас 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ. Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч Г.Б нь хүнд өвчтэй эхнэрээ асрахаар 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 21 хоногийн хугацаатай чөлөө авсан, мөн эхнэр нь хүнд өвчний улмаас нас барж, ар гэрийн гачигдал гарсан тул чөлөөний хугацааг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгасан тул уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан хугацаанд хэргийг шийдвэрлэх боломжгүй болсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаагаар шүүгчдийн зөвлөгөөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасны дагуу сунгасан.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн илтгэгч шүүгч болохын хувьд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зүүн талын гарын бугуйн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл авч, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажлаасаа чөлөөтэй байсан. Би 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орсон ба тус хэргийн шүүх хуралдааныг товлон зарлах гэтэл Ерөнхий шүүгч Д.Б нь 2022 оны 06 дугаар сарын 16-аас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуустал чөлөө авснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч солигдсонтой холбоотой хуульд заасан ажиллагааг явуулсан. ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/31 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалаар Ерөнхий шүүгч Д.Б нь 2022.07.18-2022.08.22, шүүгч Г.Д нь 2022.07.18-2022.08.15, шүүгч Г.Б нь 2022.08.15-2022.09.08-ны өдөр хүртэл тус тус ээлжийн амралттай байсан. Ээлжийн амралттай хугацаанд хуваарилагдсан хэргийг өөр шүүгчид шилжүүлдэггүй, тухайн шүүгч өөрөө шийдвэрлэдэг болно. Шүүгч нарын ээлжийн амралт дуусаж, шүүх бүрэлдэхүүн бүрдмэгц 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарлаж, тухайн өдрийн 144/ШШ2022/00133 дугаартай шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн болно. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр-гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэх зөрчлийг гаргаагүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй, илтгэгч шүүгчийн өвчтэй, чөлөөтэй байсан хугацаа, шүүгч нарын ээлжийн амралттай байсан хугацаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, иргэний хэргийн хариуцагч солигдсонтой холбоотойгоор процесс ажиллагаа болох нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тодруулгыг гардуулах, хариуцагчийг хариу тайлбар өгөх хуульд заасан хугацаагаар хангах зэргээр удааширсан болно. Шүүх 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 144/Ш32022/00477 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад товлон зарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “...шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний 52 дугаартай "Аргачлал, баримтын загвар батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралт ‘Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал"-ын 6 дугаар зүйлийн 6.2.3-т “Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас /албаны мессеж/, факс, цахим шуудангийн хаяг, шуудангаар мэдэгдсэн бол “шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримт №9-т заасныг үйлдэн, хэрэгт хавсаргана...” гэж заасны дагуу шүүгчийн туслах Б.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр албаны ... дугаарын утаснаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын ... дугаарын, хариуцагч Х.С-ын ... дугаарын, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б-ын ... дугаарын утас руу тус тус залгаж, мэдэгдсэн болох нь “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтаар тогтоогдож байна. Шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг шүүх хуралдаан болохоос 6 хоногийн өмнө буюу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн оролцогч нарт хуулийн хугацаанд зохих журмын дагуу мэдэгдсэн байна. Шүүгчийн туслах Б.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдааны товыг хариуцагч Х.С-т мэдэгдэхдээ: “шүүх хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох боломжтой" тухай мэдэгдсэн, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Х.С руу дахин залгаж “шүүх хуралдаанд ямар хэлбэрээр оролцох, цахимаар оролцох тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу “Цахим оролцогчийн баталгааг авах” тухайгаа хэлэхэд хариуцагч нь: “Би шүүх хуралдаанд биечлэн оролцохоор ... аймгийн ... суманд ирсэн, өмгөөлөгч араас ирж байгаа, шүүх хуралдаанд бид биечлэн оролцоно” гэх хариуг өгсөн болох нь шүүгчийн туслахын гаргасан тайлбараар тогтоогдож байна. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтээ 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Цахим оролцогчийн баталгааг" гаргаж ирүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ыг “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-д заасан шаардлагыг хангасан гэж үзэж, түүнийг шүүх хуралдаанд цахимаар оролцуулсан болно. Шүүгчийн туслахаас зохигчдод шүүх хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох боломжтой талаар мэдэгдсэн байх ба хариуцагч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд цахимаар оролцох эрхийг шүүхээс ямар нэгэн байдлаар хязгаарласан зүйлгүй болно. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан эхлэхээс өмнө зохигч болон хэвлэл мэдээллийн байгууллагаас шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлээгүй. Шүүх хуралдааныг нээсний дараагаар хүсэлт сонсох шатанд хариуцагч Х.С нь “шүүх хуралдааныг нээлттэй явуулж, шүүх хуралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагыг оролцуулж, шууд дамжуулах" тухай хүсэлтийг гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам"-д зааснаар хэвлэл мэдээллийн байгууллагаас шүүх хуралдааныг мэдээлэх хүсэлтийг шүүхэд, шүүх хуралдаанд бичгээр ирүүлээгүй учир хариуцагчийн хүсэлтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааны явцыг шууд дамжуулах боломжгүй байна. Мөн тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэх гэж байгаа маргаан бол байгууллагын нууц, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой учир шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хаалттай явуулах нь зүйтэй” гэж  дүгнэж, хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн. Х.С нь өргөдөлдөө: “...шүүх хурлыг даргалагч шүүгч Г.Д шүүхийн тогтоол уншиж танилцуулахдаа олон хуудас цаас бүхий хэвлэмэл материал барьж, түүнийгээ уншиж сонсгосон. Шүүх хурлын хэлэлцүүлэг дуусаад шүүх бүрэлдэхүүн арын өрөөндөө орж шүүх хурлаас гаргах шийдвэрээ боловсруулахдаа 20-30 минутын дотор ийм олон хуудас шүүхийн шийдвэрийг гар бичмэлээр биш компьютерт шивж хэвлэх боломжгүй байх тул энэ шүүх хурлаас гаргасан шийдвэрийг урьдчилан гаргасан гэж үзэж байна" гэж тусгасан байх ба шүүх бүрэлдэхүүн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.3-д заасны дагуу зөвлөлдөх тасалгаанд орж, олонхын саналаар шийдвэрээ гаргасан. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний дараагаар зөвлөлдөх тасалгаанд олонхын саналаар гаргах шийдвэрийг даргалагч шүүгч дангаар урьдчилан гаргах боломжгүй, шийдвэрийг урьдчилан гаргаж, бэлтгэсэн зүйл байхгүй, шийдвэрээ уншиж сонсгохдоо олон хуудас хэвлэмэл цаас материал бариагүй болно. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т "шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” гэх зөрчлийг гаргаагүй” гэжээ. 

Шүүгч Г.Б сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.С-т холбогдох иргэний хэрэг нь ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 143/Ш32021/00810 дугаар хэрэг шилжүүлэх тухай шүүгчийн захирамжаар ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхэд шилжиж ирсэн. Шүүх хуралдаанд оролцсон зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж шүүх бүрэлдэхүүн ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 144/ШШ2021/0Э085 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ үндэслэлийг шийдвэрт бичсэн болно. ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 203/МА2021/00029 дугаар магадлалаар ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 144/ШШ2021/00085 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаан шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг бичихдээ шүүх хуралдаанд оролцсон зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрсдийн дотоод итгэлээр үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэлийг бичсэн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27-д  заасан шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон гэснийг  зөрчөөгүй. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоожийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...1. Ерөнхий шүүгч Д.Б-д холбогдох гомдлын тухайд: а/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. гэж тодорхойлсон, энэ тохиолдолд хуульд зааснаар тухайн иргэний хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэх ба ... сум дах сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2022.09.08-ний өдрийн захирамжаар хуралдаан даргалагчаар шүүгч Г.Д-г, бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Д.Б, шүүгч Г.Б нарыг томилсон шийдвэрийг албажуулсан нь Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2-т нийцжээ. ... сум дахь сум дундын шүүх нь ерөнхий шүүгч Д.Б, шүүгч Г.Б, Г.Д гэсэн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг, нэхэмжлэл хүлээн авах, хуваарилах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг баталж, улмаар шүүгчдийн нэрсийн дарааллыг сугалаагаар тогтоож, нэгдсэн системд байршуулж, тойрог үүсгэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг болох нь хуульд нийцжээ. Тус шүүх “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй Х.С-т холбогдох иргэний хэргийг 2 удаа анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд ерөнхий шүүгч Д.Б хуулиар тогтоосон журмын дагуу шүүх бүрэлдэхүүнд томилогдсон байх тул “... албан тушаал эрх нөлөөгөө урвуулан ашигласан...” гэж үзэх үндэслэлгүй.

б/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т шүүх хуралдаан даргалагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авахаар заасан. 2022 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “... даргалагчаас: бичгийн нотлох баримтыг шинжлэн судалъя, 3 хавтас иргэний хэрэг болон эд мөрийн баримтаар CD байгаа, нотлох баримтыг эхнээс нь уншиж судлаад явах уу, эсвэл өөрсдөө заагаад судлуулах уу, санал авъя гэхэд нэхэмжлэгч: нэг бүрчлэн уншаад явах шаардлага байхгүй, хариуцагч талаас гаргасан нотлох баримт дээр маргаагүй, хариуцагч: миний хувьд бүгдийг заавал унших шаардлага байхгүй...” гэсэн нь тусгагджээ. Шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгээс үзвэл хуралдаан даргалагчийн дээрх асуултын дараа бүрэлдэхүүний шүүгч “... СД шинжлэн судлуулахгүй гэсэн үг үү” гэж асуухад нэхэмжлэгч шаардлагагүй гэж хариулсан нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Үүнээс үзвэл, өргөдөлд дурдсан “... өмгөөлөгч Э шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэж хэлсээр байхад шүүгч Д.Б дахин дахин танай тал нотлох баримтаар шүүхэд өгсөн 2 CD-гээ шинжлэн судлуулахгүй юм уу” гэж асуугаад байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

в/ Хариуцагч тал “... шүүх хуралдаанд сэтгүүлч, зураглаачийг оролцуулж, шүүх хуралдааныг нээлттэй явуулах” хүсэлт гаргасан, шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэлэлцээд хангахаас татгалзсан тогтоол гаргахдаа Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор баталсан журмыг дурдсаны зэрэгцээ энэхүү маргаан нь байгууллагын нууц, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой тул хаалттай явуулах нь зүйтэй гэж үзжээ. Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т заасан “хэргийн нотлох баримт, эсхүл үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах бол хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдааныг бүрэн буюу түүний зарим ажиллагааг хаалттай явуулж болно” гэснийг зөрчөөгүй байна. Тодруулбал, энэхүү асуудлыг шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааныг хаалттай хийх эсэх нь тухайн шүүх бүрэлдэхүүний бүрэн эрхийн асуудал тул энэ нь сахилгын зөрчилд хамаарахгүй.

г/ Д.Б ерөнхий шүүгч хэдий ч тэрээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасны дагуу дээр дурдсан иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдон оролцжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан баримтыг харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба 94 дүгээр зүйлийн 94.1.-т бүх шатны шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана, 94.2.-т зөвлөлдөх тасалгаанд хэргийг хянан шийдвэрлэх талаар шүүх бүрэлдэхүүний гаргасан санал нууц байна, 114 дүгээр зүйлийн 114.3.-т хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж байгаа бол олонхын саналаар шийдвэр гаргана гэж тус тус заасан. Иймд “... ерөнхий шүүгч Д.Б өөрийн удирдлага дор ажилладаг шүүгч Г.Б, Г.Д нарт албан тушаалын байдлаа ашиглаж нөлөөлдөг байдал байж болзошгүй ...” гэх гомдол үндэслэлгүй.

д/ ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.С нь 2016 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 8 дугаар шийтгэврээр нэр бүхий этгээд Сонгуулийн тухай хуулийг зөрчсөнийг тогтоолгох тухай гомдлыг хянан шийдвэрлэжээ. Уг маргааныг шүүгч Д.Б өмнө нь буюу 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар шийтгэврээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан талаар өргөдөлд дурдсаныг холбогдох шүүгч үгүйсгээгүй болно. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн ёс зүйн дүрэмд зааснаар шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үздэг. Давж заалдах шатны шүүхээс шүүгчийн гаргасан шийтгэврийг хүчингүй болгосон нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй. Хэрэв шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл өргөдөл гаргагч тухайн үед шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргаж эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан байна.

2. Шүүгч Г.Б-д холбогдох гомдлын тухайд: ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ний өдрийн 29 дүгээр магадлалаар ... сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ний өдрийн 85 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “... хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн, ... хариуцагчийн өмгөөлөгч Н.Б-ын хүсэлт өмнөх хүсэлттэй холбоотой эсэхийг түүнчлэн лавлагаа гэдэгт ямар мэдээлэл хамаарахыг тодруулаагүй байна, ...мэдээлэл нь бодит байдалд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй, ...шийдвэр ...хуульд заасан шаардлагын дагуу бичээгүй...” гэсэн үндэслэл дурджээ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрийг хүчингүй болгосон, энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27-д заасан шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон зөрчилд хамаарахгүй.

3. Шүүгч Г.Д-д холбогдох гомдлын тухайд:

а / Давж заалдах шатны шүүхээс дахин шалгуулахаар буцаасан “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй Х.С-т холбогдох иргэний хэрэг зохих журмын дагуу шүүгч Г.Д-д хуваарилагдсан, тэрээр  хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 17:58 минутад хүлээн авсан нь хэрэг хуваарилсан бүртгэлээр тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх ба 71.2.-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэжээ. Энэхүү зохицуулалтаар хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хэтрүүлэхгүй шийдвэрлэх учиртай. Шүүх хуралдааны бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч Г.Б өвчтэй эхнэрээ асрахаар 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдөр хүртэл чөлөө авсан, ар гэрт  гачигдал гарсан тул чөлөөний хугацааг тодорхойгүй хугацаагаар сунгасан тул хэрэг хуваарилалтыг зогсоож байсан байх ба тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор хэргийн хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл сунгасан нь хуульд нийцжээ. Түүнчлэн шүүгч Г.Д өвчний улмаас 2022 оны 05 дугаар сарын 30-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл эмнэлгийн чөлөөтэй, ерөнхий шүүгч Д.Б 2022 оны 6 дугаар сарын 16-с 2022 оны 6 дугаар сарын 24-ний хооронд чөлөөтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Үүнээс үзвэл, уг хэргийг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байсан тул шүүх хуралдаан товлон зарлах боломжгүй байсан талаарх холбогдох шүүгчийн тайлбарыг буруутгах боломжгүй болно.

б/ Тус шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/31 дүгээр тушаалаар ерөнхий шүүгч Д.Б 2022 оны 7 дугаар сарын 18-наас 2022 оны 8 дугаар сарын 22, шүүгч Г.Б 2022 оны 8 дугаар сарын 15-наас 2022 оны 9 дүгээр сарын 8, шүүгч Г.Д 2022 оны 7 дугаар сарын 18-наас 2022 оны 8 дугаар сарын 15-ны хооронд тус тус ээлжийн амралттай байжээ. Шүүгч нарын ээлжийн амралтын хугацаа харилцан адилгүй учраас амралтын хугацаа дуусах хүртэл шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхүй тул шүүх хуралдааныг товлон зарлах боломжгүй байжээ.

в/ Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх хариуцагчийн эрх зүйн байдал тодорхой бус гэж үзсэн, хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч тал 2022 оны 6 дугаар сарын 28-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагчийг солих хүсэлт гаргасныг шүүх 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагчийг сольсон байна. Хариуцагч солигдсон тул шүүгч 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, тайлбар гаргах хугацааг 2022 оны 8 дугаар сарын 25 гэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-г зөрчөөгүй байна. Нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан баримтад хариуцагч Х.С гарын үсэг зурсан байх тул “... хэрэг буцааснаас хойш  огт холбогдоогүй, ...” гэсэн гомдол тогтоогдохгүй байна.

г/ Шүүгч Г.Д 2022 оны 9 дугаар сарын 8-ны өдөр 477 дугаар захирамж гарган “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй Х.С-т холбогдох  хэрэг хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн 10 цагт товлон, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчид мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Н-т даалгажээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.7-т зааснаар шүүгчийн туслах шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах чиг үүрэгтэй. Шүүгчийн туслах Б.Н шүүх хуралдааны товыг хариуцагч Х.С түүний өмгөөлөгч Н.Б нарт утсаар мэдэгдэж, энэ тухай баримт үйлдсэн нь тогтоогдож байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Шүүгчийн туслах хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу шүүх хуралдааны товыг зохигч талуудад мэдэгдсэн, энэ тухайг өргөдөл гаргагч үгүйсгээгүй тул шүүгчийг шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэж буруутгах боломжгүй. Шүүх хуралдаанд биечлэн эсхүл цахимаар оролцох нь зохигчийн эрх бөгөөд хэрэв цахимаар оролцох тохиолдолд хэргийн оролцогч нь ШЕЗ-өөс тогтоосон журмын дагуу баталгаа гаргаж өгөх ёстой. Шүүгчийн туслах Б.Н “...Х.С руу дахин залгаж шүүх хуралдаанд ямар хэлбэрээр оролцох вэ, цахимаар оролцох тохиолдолд баталгаа авах ёстой гэхэд, ...өмгөөлөгч араас ирж байгаа бид 2 шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэсэн” тайлбар гаргасан, энэ нь гэрч Н.Б-ын мэдүүлгээр тогтоогдож байна. ШЕЗ-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмын 3.1.-т зааснаар шүүх хуралдаанд оролцогч нь шүүх хуралдааны товыг мэдсэний дараа шүүх хуралдаанд цахимаар оролцох бол энэ тухай шүүгчийн туслахад бичгээр, эсхүл утсаар, шүүхийн Тамгын газрын албан ёсны цахим шуудангийн хаяг /цаашид “цахим шуудан” гэх/-аар мэдэгдэх учиртай. Хариуцагч тал шүүх хуралдаанд цахимаар оролцох бол энэ тухайгаа дээрх журамд заасны дагуу мэдэгдэх байсан ба энэ тухай баримт тухайн иргэний хэрэгт авагдаагүй байна. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр цахимаар оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байх тул шүүгчийг “... нэхэмжлэгч талд давуу байдал олгосон” гэж үзэх үндэслэлгүй.

д/ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-т зааснаар шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгах ба энэхүү заалтыг биелүүлээгүй бол сахилгын зөрчилд тооцохоор хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-т заасан. Дээрх хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Л оролцож “Х.С төрийн албаны хүрээнд иргэдэд мэдээлэл өгсөн байна. “Т” ХК-д хэд хэдэн удаа шалгалт хийгдэж, зөрчил илэрсэн байна. Хариуцагч гэм буруугүй байна” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт агуулгыг бичиж үндэслэх хэсэгт дүгнэлтийн талаарх үндэслэлээ тодорхой тусгасан. Иймд холбогдох шүүгчийг иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар шийдвэрт тусгаагүй гэж үзэхгүй.

е/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3.-т “шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан. Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч нарт гардуулсан, хүргүүлсэн баримтад 2022 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн 133 дугаар шийдвэрийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зохигч талуудад шуудангаар хүргүүлсэн тэмдэг дарагдсан байх тул шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргажээ.

ё/ Тухайн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахаас өмнө холбогдох шүүгч нар өөрийн байр суурийг олон нийтэд ямар нэгэн байдлаар мэдээлсэн, илэрхийлсэн, шийдвэрийг урьдчилан гаргасан, шийдвэрийг уншиж сонсгохдоо олон хуудас хэвлэмэл цаас материал барьсан гэх байдал тогтоогдоогүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр “Т” ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Х.С-т даалгаж шийдвэрлэсэн, тус шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаснаар ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан, ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 133 дугаар шийдвэрээр дахин “Т” ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээллийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Х.С-т үүрэг болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...тараасан арга хэлбэрээр” гэдгийг “... аймгийн ... сумын 3 дугаар багийн иргэдийн хүрээнд” гэж өөрчлөн, магадлал хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Х.С нь дээрх 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 85 дугаар шийдвэрийг гаргасан шүүгч Г.Б-д холбогдуулан “...Шүүхийн тухай хуулийн 50.1.27 дахь заалтыг зөрчиж тодорхой үндэслэл бичихгүйгээр шийдвэр гаргасан нь ... аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн магадлалын ХЯНАВАЛ гэсний 11 дэх нүүрний хамгийн доод хэсгийн есөн мөрөнд бичсэнээр тогтоогдсон” гэж, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 133 дугаар шийдвэрийг гаргасан шүүх бүрэлдэхүүнд холбогдуулан “...Шүүгч Д.Б шүүх хуралд цахимаар оролцож байсан нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Э шинжлэн судлуулах баримт байхгүй гэж хэлсээр байхад дахин дахин танай тал нотлох баримтаар шүүхэд өгсөн хоёр СД-ээ шинжлэн судлуулахгүй юм уу гэж асуугаад байсан нь нэхэмжлэгч талд давуу байдал олгосон, дотно харилцсан, “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй энэ хэргийг хоёр удаа энэ шүүхээр хэлэлцэн шийдвэр гаргах үед Ерөнхий шүүгч Д.Б голлон оролцож өөрийн удирдлага дор ажилладаг шүүгч Г.Б, Г.Д нарт албан тушаалын байдлаа ашиглаж нөлөөлсөн байж болзошгүй”, “...Шүүгч Г.Д хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй 2022 оны 09 сар хүргэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.26 заалтыг зөрчсөн, ... даргалагч шүүгч Г.Д хэт нэг талыг барьж нэхэмжлэгч талд давуу байдал үүсгэсэн, шүүхээс гарах шийдвэрийг шүүх хурлаас өмнө урьдчилан гаргаж бэлтгэж ирсэн байж болзошгүй олон хуудас цаас бүхий хэвлэмэл материал барьж түүнийгээ уншиж сонсгосон, дээрх үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.23, 50.1.26, 50.1.4, 50.1.1 заалтуудыг зөрчсөн” гэж тус тус гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.

Мөн ерөнхий шүүгч Д.Б-ыг ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар шийтгэврээр Монгол Улсын Их хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Л.Э, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр дэвшигч Д.Б, Ц.Д, О.Б, Б.Б нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.10, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоож шийдвэрлэсэнтэй холбогдуулан “...гомдлыг хүлээж авангуутаа тэр өдрөө ганцаараа шийдвэр гарган сонгуулийн хууль зөрчсөн гэсэн шүүгчийн захирамж гаргачхаад амралт авсан нэрээр олон хоног алга болсон нь албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн өөрт болон бусдад давуу байдал үүсгэсэн, хувийн ашиг сонирхлын зөрчилд автсан байж болох талтай” гэж өргөдөлдөө дурдсан байна.

Ерөнхий шүүгч Д.Б-д холбогдох гомдлын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд шүүгчийн дангаар шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргааны талаар тусгасан байх ба маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх тул уг маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэжээ.

Тус шүүх нь 3 шүүгчийн орон тоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх тул “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй Х.С-т холбогдох иргэний хэргийг 2 удаа анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд ерөнхий шүүгч Д.Б холбогдох хууль журамд заасны дагуу шүүх бүрэлдэхүүнд томилогдсон, ингэж томилогдсоноор бусад 2 шүүгчид албан тушаалын байдлаа ашиглаж нөлөөлдөг гэж үзэх боломжгүйн зэрэгцээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байна.

Түүнчлэн, сахилгын хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний 03397.MTS нэртэй бичлэгийн 55:12 минутаас нотлох баримтыг шинжлэн судалж, даргалагчаас хэрэгт авагдсан CD-г шинжлэн судлуулах эсэхийг асуухад нэхэмжлэгч, хариуцагч тал аль аль нь шаардлагагүй гэж хариулж байх ба шүүгч Д.Б “...CD шинжлэн судлуулахгүй гэсэн үг үү” гэж лавлан асууж байгаа нь бичигдэн үлдсэн, мөн тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас сэтгүүлч, зураглаач оролцуулах хүсэлт гаргасныг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэр тул шүүгч Д.Б-ыг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Мөн, ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар шийтгэвэр гаргасан тухайд зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлж гомдлыг шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах тул “... бусдад давуу байдал үүсгэж хувийн ашиг сонирхлын зөрчилд автсан байж болох талтай” гэсэн сэжиг таамгаар шүүгчийг буруутгах боломжгүй.

          Шүүгч Г.Б-д холбогдох гомдлын тухайд: ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 85 дугаар шийдвэрийг ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “... шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу бичээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гаргаагүй ...” гэж дүгнэснийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27-д заасан “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон” гэх зөрчил гаргасанд тооцохгүй.

Тодруулбал, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн харилцааг зохицуулсан хуулийн заалтад нийцүүлэн тайлбарлаж, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгснөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангадаг бөгөөд ийнхүү хууль зүйн дүгнэлт огт хийгээгүйг дээд шатны шүүх тогтоосон тохиолдолд дээрх хуульд заасан зөрчил болно.

Харин ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 85 дугаар шийдвэрт “... бодит байдал нийцээгүй, үйл баримтыг тодорхой заахгүйгээр ярьсан, ... иргэд олон нийтэд мэдээ тараасан үйл баримт тогтоогдсон бөгөөд хариуцагчаас мэдээ тараагаагүй гэж маргаагүй ...” гэх агуулгаар дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул үндэслэл огт бичээгүй гэж үзэхээргүй байна.

Шүүгч Г.Д-д холбогдох гомдлын тухайд:

Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүгч Г.Д нь “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй, Х.С-т холбогдох иргэний хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 477 дугаар захирамжаар шүүх хуралдааныг товлон зарлаж, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд шүүгч Г.Б-д 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс ар гэрийн гачигдлын улмаас тодорхойгүй хугацаагаар чөлөө олгосон, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, хариуцагчийг сольсон, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагаа хийсэн, шүүгч нар нийтдээ 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хуулиар олгогдсон ээлжийн амралтаа эдэлсэн үйл баримтууд хангалттай нотлогдож байх тул шүүгч Г.Д-г Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулсан, улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийг солих ажиллагааг хийсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, мөн хугацаанд шүүгч чөлөөтэй, ээлжийн амралттай гэхчлэн шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй шалтгаанаар шүүх хуралдааныг товлон зарлаж хуралдуулах боломжгүй байсан байна.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д “Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана”  гэж зааснаар хууль хэрэглээ, нотлох баримтыг дотоод итгэлээрээ хэрхэн үнэлэх, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах эсэх, дүгнэлтийн үндэслэлээ хэрхэн тодорхойлох нь шүүгчид хуулиар олгосон бүрэн эрх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хянаж, хууль зүйн  дүгнэлт өгөх эрх сахилгын хороонд олгогдоогүй болно.

Дээрх болон өргөдөлд дурдсан бусад гомдолд илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Б, шүүгч Г.Д, Г.Б нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ                                                            О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                                                  Д.Эрдэнэчулуун

ГИШҮҮН                                                                 Д.Мягмарцэрэн