info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-11

Дугаар 52

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Х.Хашбаатар, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч П.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгч П.Б- тайлбартаа “...М.Б-ыг эхнэрээ зодсон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба 3 удаа прокурорт буцаасан. Хэргийг хянан шийдвэрлэх явцад түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг шүүхээс 6 удаа шийдвэрлэсэн, эдгээр шийдвэрт М.Б- болон түүний өмгөөлөгчийн зүгээс санал хүсэлт гомдол гаргаагүй. М.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд 2019 оны 5 сараас 2020 оны 6 сарын хугацаанд нийт 6 удаа хохирол учруулсан үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргах зайлшгүй шаардлага үүссэн. Тэрээр шалгагдаж байхдаа таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж шүүхийн дуудсан цагт ирэхгүй, дахин тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэн тул цагдан хоригдсон. Хэргийг шийдвэрлэхдээ ёс зүйн зөрчил гаргаагүй. ...шүүх 3 шүүгчийн орон тоотой байгуулагдсан боловч 1 шүүгч шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж байгаа болно. Энэ хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэхээр шүүгчийн зөвлөгөөнд тусган шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж байгаа. М.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт оролцогч болон прокурорын зүгээс шүүгчийг татгалзах хүсэлт гаргаагүй, шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах нөхцөл үүсээгүй” гэжээ.

Илтгэгч гишүүний саналд: “...Өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т “шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасан. Шүүгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-т “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан. Дээр дурдсанаас үзвэл, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл хуульд нийцээгүй гэж үзэж давж заалдах шатны шүүх уг захирамжийг хүчингүй болгож, буцаасан байхад шүүгч өмнө нь дурдсан үндэслэлээр прокурорт дахин буцаасан нь хууль нийцээгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой дурдсан бөгөөд энэ нь ёс зүйн зөрчилд хамаарч байна. Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан. Давж заалдах шатны шүүхийн 2021.01,19-ний өдрийн 97 дугаар магадлал гарснаар ёс зүйн зөрчил гаргасан гэж тооцвол сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна. Иймд шүүгч П.Б-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв." гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар ...шүүхийн шүүгч П.Б- нь М.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:

1.Шүүгчийн 2020.09.08-ний өдрийн 34 дүгээр захирамжаар М.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт шалгах ажиллагаа явуулахаар прокурорын газарт буцаахдаа “...М.Б- нь эхнэр Б.О-тэй байнга харгис хэрцгий харьцан догшин авирлаж, зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эдгээр үйлдлүүд нь дахин давтагддаг, тогтвортой шинжтэй болсон байна,...үйлдлийг шалган гэмт үйлдэлд тохирсон Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэхийг тогтоон яллах дүгнэлт үйлдэх шаардлагатай” гэж үзжээ.

Прокурор уг захирамжид эсэргүүцэл бичсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020.10.20-ний өдрийн 1334 дүгээр магадлалаар “...М.Б- нь 2019.10.03-ны өдөр эхнэр Б.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байхад уг үйлдэлд дахин эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй...” гэж дүгнээд 34 дүгээр захирамжийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

2.Үүний дараа шүүгчийн 2020.12.01-ний өдрийн 41 дүгээр захирамжаар М.Б-т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан, прокурор дахин эсэргүүцэл бичжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.19-ний өдрийн 2021/ДМ/97 дугаар магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, буцаахдаа “...шүүгчийн 34 дугаартай захирамжид заасан, ...шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгосон үйлдлийг хамааруулан дахин зүйлчлэлийг өөрчлүүлэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэжээ.

3....шүүхийн 2021.03.17-ны өдрийн 06 дугаар Шийтгэх тогтоолоор М.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, ...ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан ба өргөдөлд дурдсан үйл баримт буюу хэргийг удаа дараа прокурорт буцаасан нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө болсон байна.

Дээр дурдсанаас үзвэл, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл хуульд нийцээгүй гэж үзэж давж заалдах шатны шүүх уг захирамжийг хүчингүй болгож, буцаасан байхад шүүгч өмнө нь дурдсан үндэслэлээр прокурорт дахин буцаасан нь хуульд нийцээгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх магадлалд тодорхой дурдсан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т “шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасан ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

Гэхдээ Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж тус тус заасанчлан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1....шүүхийн шүүгч П.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

ГИШҮҮН                                    Х.ХАШБААТАР

                                   Б.СУГАР