info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-05-11

Дугаар 180

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Шүүхийн шүүгч Ч.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгч Ч.А тайлбартаа: “шүүхийн шүүгч Ч.А миний бие иргэн Б.Х-н 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдлыг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гардан хүлээн авч танилцан, энэхүү тайлбарыг гаргаж байна.

Иргэн Б.Х хэргийн оролцогч биш атлаа хүү Х-н Б-ийн үйлдсэн хэрэгт холбогдуулан гомдол гаргажээ. Үүнд:

1. Шүүх хуралдааны дэг журам алдагдаж хуралдааны дундуур орж гарсан. Би хуралдаан даргалагчаар орсон тул хуралдааны дундуур орж гарсан асуудал байхгүй. Үүнийг шүүх хуралдааны бичлэгээс харна уу.

2.Нотлох баримтгүй шүүх хуралдаан явуулсан гэсэн тул хавтаст хэргийг авч харах шаардлагатай. Ямар ч нотлох баримтгүй шүүх хуралдаан явуулна гэсэн ойлголт байхгүй болно.

3.Өмгөөлөгчийг үг хэллэгээр дарамтласан гэжээ. Үүнийг мөн хурлын бичлэгээс харна уу.

4.Гэм буруугийн шүүх хуралдаан явагдаж байхад өмгөөлөгчийн ярих 20 минутыг хасаж, дүгнэлттэйгээ уншаад явчих гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт тэдгээрийн тайлбар гаргах хугацааг талуудын санал хүсэлтийг харгалзан урьдчилан тогтооно гэж хуульчилжээ. Шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс харахад өмгөөлөгчийн дарамталсан үг хэллэг алга, буруу яриад байсныг шүүх хуралдаанд оролцсон шүүгч Э.Ч залруулсныг давж заалдах шатны шүүх шүүгч зөв шаардлага тавьсан болохыг дурьдсан байна. Давж заалдах шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлээс харна уу. Өмгөөлөгч 10,10 минутаар 2 удаа үг хэлж 20 минутаа эдэлсэн нь анхан шатны шүүх хурлын тэмдэглэлээс харагдаж байна.

5. Прокурор Ч.М нь за шууд хурлаа хийчихье гээд байсан гэжээ. Ийм үг хэллэг хэлсэн талаар хурлын бичлэгт авагдаагүй байна.

6. Төрийн албаны ажил 17.30 цагт дуусдаг байхад 18.50 цаг хүртэл үргэлжилж 19.30 цагт шийдвэр гарсан гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.30 дахь хэсэгт “...шөнийн цаг гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг” ойлгохоор тус тус хуульчилжээ. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүх хурал 15.00 цагт эхэлж 19.00 цагт дууссан тухай тэмдэглэгдсэн нь хууль зөрчөөгүй байна.

7. Шүүх хуралдааны дундуур 2 удаа тог тасарсан гэжээ. Энэ нь шүүх хуралдаан даргалагчаас шалтгаалах асуудал биш болно.

8. Х.Б-ээс асуултыг Ч.А нь асуучихаад хариулт хэлээгүй байхад нь өөрөө хариултыг хэлж хурлаа даргалдаг шүүгч гэжээ. Шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс харна уу.

9. Х.Б-ээр сүүлийн үгийг нь хэлүүлээгүй нь хүний эрхийг дээдэлдэг шударга эрх зүйт, Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон, Шүүхийн тухай хууль, Хүний эрхийн конвенцыг зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...улсын яллагч дүгнэлт, өмгөөлөгч санал, тэдгээрийг тайлбар хэлж дууссаны дараа эцсийн үг хэлэхийг шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчид зөвшөөрөх ба шүүгдэгч эцсийн үг хэлж байхад түүнд асуулт тавьж болохгүй, 2-т шүүгдэгчээс хэлэх эцсийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй. гэж тус тус хуульчилсан. Хурлын бичлэгээс харахад шүүгдэгч Х.Б-т эцсийн үг хэлэх боломжийг олгоход юу ч хэлэхгүй дуугүй зогсоод байсан тул шүүх хуралдаан даргалагчийн зүгээс юу гэж хэлэх санааг өгөх замаар сануулсан байгаа нь хууль зөрчиж шүүгдэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэсгүй байна. Шүүгдэгчийн эцсийн үг хэлэхийг хэдэн цаг хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй болно.

10. Тухайн шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэр нь цаг хугацаандаа гараагүй гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчид гардуулна гэж хуульчилжээ. Х.Б-т холбогдох шүүх хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 25-нд болсон байх ба хуульд зааснаар 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг гэхэд хэргийн оролцогч нарт гардуулах ёстой байтал миний ар гэрт гачигдал гарч төрсөн эгч Х хүндээр өвчлөн хөдөө орон нутаг руу явах гэнэтийн гачигдал гарч 2021 оны 12 дугаар сарын 07, 08-ны өдрүүд явж өвчтэй хүнээ сахисан бөгөөд миний эгч нас барсан тул оршуулах ёслолын ажлаа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусган Улаанбаатар хотод ирж 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шийтгэх тогтоолоо баталгаажуулан хэргийн оролцогч 7 хоногийн хугацаа хожимдуулан гардуулсан үнэн болно. Энэ нь тус шүүх хурлыг даргалан явуулсан шүүгч надаас шалтгаалан шүүхийн шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэл цаг хугацаандаа баталгаажаагүй нь үнэн. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдсөн Шүүхийн тухай хуулийн 50.1.26-т “...шүүхийн шийдвэр гарахтай холбоотой хуульд заасан тодорхой хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн бол шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээр хуульчилжээ. Гэтэл миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 7 хоногийн хугацаагаар хожимдуулсан нь сахилгын хэрэг үүсгэх үндэсгүй гэж үзэж байна. /Холбогдох нотлох баримтыг тайлбартаа хавсаргав./

11. Давж заалдах шатны шүүх рүү явуулахдаа анхан шатны шүүхээр дамжуулдаг нь маш том хуулийн зохион байгуулалттай, шударга бус хуйвалдааныг үүсгэж, үгсэн хуйвалдаж хийсэн гэж харагдаж байна гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй гэж хуульчилсны дагуу анхан шатны шүүхэд хэргийн оролцогч тал гомдол, эсэргүүцлээ бичгээр гаргаж, гомдол гаргаагүй оролцогч нэг бүрт танилцуулан тэмдэглэл үйлдэн давж заалдах шатны шүүх рүү хэргийг явуулдаг болно.

12. Давж заалдах шатны шүүх рүү хэргийг явуулахдаа нэг хоногийн дотор прокурор Ч.М-тай нийлээд алдаагаа засаад явуулж байгаа нь ноцтой гэж хар төрүүлж байна гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэж хуульчилсны дагуу улсын яллагчийн гаргасан шийтгэх тогтоолд залруулга хийх саналыг хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1307 дугаартай шийтгэх тогтоолд холбогдсон хэргийн товч утгыг бичихдээ хэрэг болсон цаг хугацаа буюу "03 дугаар сар"-ыг "08 дугаар сар" гэж алдаатай бичсэн хэсэгт залруулга хийгдсэн болно. Шийтгэх тогтоолын олон газарт энэ алдааг гаргасан бол шүүх залруулах боломжгүй ба нэг газарт сарыг андуурч бичигдсэн тул шүүхийн тогтоолоор залруулга хийсэн ба хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нь хууль зөрчөөгүй байна.

13. Шүүгч Ч.А нь өөрөө хуулийг хэрэгжүүлж, зөв шийдвэр гаргах чадваргүйгээ мэддэг гэж харагдлаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны дагуу шийдвэрлэсэн эсэхийг хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл гаргаснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж эцэслэн шийдвэрлэдэг, уг хэрэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээр хянагдаж 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна. /Шүүхийн магадлалыг хавсаргав./

14. Шүүгч Ч.А нь өөрөө хуулийг зөв дүгнэж олон нийтэд таниулан түгээх үүрэгтэй, атал өөрөө хуулиа гажуудуулж, хэрэг мөрдөн шалгах явцын процессын алдаатай хэргийг илт эрх бүхий албан тушаалаа ашиглаж шийдвэр гаргасан нь шүүгчийн нэр хүндийг унагааж уг хэргийг буруу шүүсэн гэж харахад хүргэж байна гэжээ. Үүнд шүүхийн сахилгын хороо дүгнэлтээ гаргана гэж үзэж байна.

15. Шүүгч Ч.А нь шүүх хуралдааныг даргалж хуралдуулахдаа гэм буруугүйн хурлыг хийгээгүй, өмгөөлөгчийн мэтгэлцэх эрхийг хааж, боогдуулсан нь шүүгч бусдын амьдралыг захиалгатайгаар хууль бус шийдвэр гаргасан гэж хардах эрх төөрүүлж байна гэжээ. Үүнд: гомдол гаргагч Б.Х-ээс нотлох баримтыг шаардан гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

16. Прокурор Ч.М нь "за шууд хурлаа хийчихье, амархан юм чинь" гэхэд зөвшөөрч дуугай байсан нь захиалгатайгаар хүний амьдралыг үрэн таран хийсэн шийдвэр гаргаж байна гэж хардах эрх төрүүлж байна гэжээ.Прокурор ийм үг хэллэг хэлсэн эсэхийг шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгээс харна уу.

17. Шүүгч нь нотлох баримтгүй, мөрдөн шалгах явцын алдаа их байгаа уг хэргийг захиалгаар л хийгээгүй юм бол шударга шүүж шийдээгүй нь өшөө олон хүний амьдрал, цаг хугацаагаар үгсэн хуйвалдаж шийдвэр гаргаж байхыг үгүйсгэхгүй, учраас хардах эрхийн дагуу энэ шүүгчийг шалгаж, хариуцлага тооцож шүүгч байх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авахыг шаардаж байна гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилжээ. Прокуророос шилжүүлж ирүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэгдсэн болно. Үүнийг сахилгын хороо шийдвэрлэх асуудал гэж үзэж байна.

18. Шүүгч Ч.А нь чи буруутай биз дээ гэж асуучихаад хариулт шаардалгүй хурлыг дуусгасан нь мөн л зохион байгуулалттайгаар хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж хардаж байна. Хурлын бичлэгээс харахад шүүгдэгч Х.Б-т эцсийн үг хэлэх боломжийг олгоход юу ч хэлэхгүй дуугүй зогсоод байсан тул шүүх хуралдаан даргалагчийн зүгээс юу гэж хэлэх санааг өгөх замаар сануулсан байгаа нь хууль зөрчиж шүүгдэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн эцсийн үг хэлэхийг хэдэн цаг хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй болно.

19. Шүүгч нар мөнгөтэй өндөр албан тушаалтай хүмүүсийн хэргийг шийдэхдээ гэм буруугийн мэтгэлзэх зарчмыг их анхаарч удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хэрэгсэхгүй болдог нь олон нийт бидэнд шударга шүүхэд, шүүгчид итгэх арга үнэндээ энэ нийгэмд алга байна. Үүнд: Шүүхийн сахилгын хороо дүгнэлт гаргана байх.

20. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүнд Ч.А шүүгч нь Д.О шүүгчид нөлөөлсөн байх магадлалтай. Учир нь Ч.А нь буруу шийдвэрээ хамгаалах гэж зохион байгуулалттай сэдэл төрүүлэхүйц уг хэрэг нь шийдвэрлэх хүртэл алдаатай шийдвэрийг "Монгол улсын нэрийн өмнөөс гаргаж байгаад гомдолтой байна. (Үүнийг давж заалдах шатны шүүхийн хурлын тэмдэглэлээс харна уу).

21. Өмгөөлөгчийн тухай хэргийн талаар дандаа цагаатгах саналтай бичигдсэн материалуудыг нь сайтар уншихад л хуулийн санкцын дагуу тодорхой бичсэн нь илт санкцын тодотголыг уншихгүй байгаад захиалгатайгаар биеийн хэлэмж, үзэмжээрээ шударга бус шийдвэрийг гаргасан байх магадлалтай гэж хардах эрх төрүүлж байна. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн талаар ямар ч саналыг тавьж болно. Шүүх өмгөөлөгчийн санал нь хуульд нийцэх саналыг гаргавал хүлээн авах боломжтой, харин хуульд нийцээгүй бол саналыг хүлээн авах боломжгүй, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт түүний биеийн хэлэмж, үзэмжээр шийднэ гэсэн ойлголт бол байхгүй болно. Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч, бусад оролцогчийн эрх үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлээс 8.6, 9.1 дүгээр зүйлээс 9.7 дугаар зүйлүүдэд хуульчилан зохицуулсан.

Өргөдөл гаргагч Б.Х-н хувьд шүүгдэгч Х.Б-ийн хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн, шүүх хуралд биечлэн оролцоогүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон /хаалттай/ явагдсан шүүх хуралдааны процессийг зөрчсөн гэсэн гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна” гэжээ.

Илтгэгч гишүүний саналд: “…шүүхийн шүүгч Ч.А нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргаагүй байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

             Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 666 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

шүүхийн шүүгч Ч.А даргалж, шүүгч Э.Ч, Х.С нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүгдэгч Х.Б-т холбогдох эрүүгийн 2106012681545 дугаартай хэргийг хянан хэлэлцээд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1307 дугаар шийтгэх тогтоолоор Х.Б-ийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Х.Б -ийн ээж Б.Х нь хуралдаан даргалагч шүүгч Ч.А-ийг хуульд нийцээгүй, шударга бус шийдвэр гаргасан гэж Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан.

Өргөдөлд дурдсан “шүүх хуралдааны дэг журам алдагдаж, хуралдааны дундуур орж гарсан” гэх тухайд:

шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэг болон шүүгч Ч.А-ийн тайлбараас шүүх бүрэлдэхүүний шүүгч Э.Ч, Х.С нар шүүх хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авч, хуралдааны танхимаас ээлжлэн түр гарсан байх ба хуралдаан даргалагч шүүгч Ч.А шүүх хуралдааны танхимаас гараагүй болох нь тогтоогдож байна.

Тухайн өдрийн шүүх хуралдаан нь 15.00 цагт эхэлж, бүтэн 4 цаг үргэлжилсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд шүүгч нарыг танхимаас шүүх хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авч, ээлжлэн түр гарах үед шүүх хуралдаан хэвийн үргэлжилсэн байх бөгөөд шүүх хуралдааны дэг алдагдсан, хууль зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

“...Нотлох баримт нотлогдохгүй, баримтгүй байхад шүүх хуралдаан явуулсан” гэх тухайд:

шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1307 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар талд тодорхойлох хэсэгт “...шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав...” гээд “Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3042 дугаартай шинжээч Т.Ч-ын дүгнэлт, Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Т.Ч-ын өгсөн мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 461 дугаартай “насанд хүрээгүй хохирогч Б.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй...” гэх дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 311 дугаартай “Х.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3606 дугаартай “Х.Б нь бэлгийн харьцаанд орох чадвартай....” гэх дүгнэлт, Нас тоолсон тэмдэглэл, Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.А-гийн өгсөн мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Х.Б-ийн өгсөн мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Б-н өгсөн мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч З.Х-ийн өгсөн мэдүүлэг зэргийг шийтгэх тогтоолын 2-8 дугаар талуудад дурдсан,

Харин шийтгэх тогтоолын 9 дүгээр талд “шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэсэн, мөн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэхдээ дээрх баримтуудаар нотлогдож, тогтоогдож байгаа тухай шийтгэх тогтоолын 9-13 дугаар талд тусгасан,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ДШМ/225 дугаартай магадлалын тодорхойлох хэсгийн 14 дүгээр талд “Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.” гээд “...Шүүгдэгч Х.Б нь ...бага насны буюу 12 нас, 5 сартай Б.А-тай хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь” Хохирогч Б.А-гийн мэдүүлэг, гэрч У.Б-ийн мэдүүлэг, Гэрч З.Х-ийн мэдүүлэг, Х.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээч эмч Т.Ч-н мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3042 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3606 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 461 дүгээр дүгнэлт,  Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 311 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ” гэсэн,

Мөн магадлалын 19 дүгээр талын 2 дахь догол мөрт “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Х.Бийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ” гэж дүгнэсэн, болон Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 298 дугаар тогтоолоор шүүгдэгч Х.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б нарын хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн гэх дээрх баримтуудаас өргөдөл гаргагчийн “Нотлох баримт нотлогдохгүй, баримтгүй байхад шүүх хуралдаан явуулсан” гэх гомдол нь үндэслэлгүй байна.

“Шүүгдэгчийн өмгөөлөгчид шүүгч үг хэллэгээрээ дарамт шахалт үзүүлсэн, гэм буруугийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн ярих 20 минутыг хассан, өмгөөлөгчийн мэтгэлцэх эрхийг хаан боогдуулсан” гэх тухайд:

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Х.Б-ээс шүүгдэгчийн өмгөөлөгч асуулт асуух үед буюу шүүх хуралдааны бичлэгийн 1 дүгээр хэсгийн 27 минут 35 секундээс 33 минут 13 секунд хүртэл, 35 минут 49 секундээс 36 минут 06 секунд хүртэл, нийт 6 минут 55 секундийн хугацаанд 4 удаа шүүгдэгчээс “...бэлгийн харьцаанд орох гэдгээ яг юу гэж ойлгоод байна вэ” гэсэн нэг асуултыг давтан асуухад шүүх хуралдаан даргалагчаас “чи түрүүн асуултаа асуусан ш дээ. Хэд асуудаг юм бэ. Нэг асуултаа оновчтой асуу...” гэж хэлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, ...хуульд заасан арга хэмжээ авна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана” гэж заасны дагуу шүүх хуралдаан даргалагч шүүгч Ч.А шүүх хуралдаан дээр дэг сахиулж, асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж ажилласан гэж үзэхээр байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчид дарамт шахалт үзүүлсэн, мэтгэлцэх эрхийг нь хаасан гэж үзэхээргүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт тэдгээрийн тайлбар гаргах хугацааг талуудын санал, хүсэлтийг харгалзан урьдчилан тогтооно” гэж заасан байх ба 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагч шүүгч  “шүүгдэгчийн гэм буруугийн дүгнэлтийг улсын яллагч хэдэн минутад багтааж хэлэх вэ” гэхэд улсын яллагч “3 минут”, даргалагч шүүгч “хохирогчийн өмгөөлөгч” гэхэд, хохирогчийн өмгөөлөгч мөн 3 минут, даргалагч шүүгч шүүгдэгчийн өмгөөлөгч гэхэд харин шүүгдэгчийн өмгөөлөгч “20 минут” гэсэн,

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөний дараа даргалагч шүүгч “шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг 10 минутад багтаахаар тогтлоо...” гэж хэлсэн байх бөгөөд энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 18 дах талд тэмдэглэгдсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч бичлэгийн 51 минут 24 секундээс 1 цаг 01 секунд (нийт 9 минут 37 секунд) хүртэл, мөн 3 дугаар бичлэгийн эхний 03 минут 44 секунд, мөн 10 минут 50 секундээс бичлэг дуусах хүртэл буюу 15 минут 21 секунд (6 минут 11 секунд) ярьсан гэх зэрэг баримтуудаас шүүгч гэм буруугийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн ярих 20 минутыг хассан, өмгөөлөгчийн мэтгэлцэх эрхийг хаан боогдуулаагүй байна.

“Прокурор Ч.М нь “за шууд хурлаа хийчихье”, “амархан юм чинь” гэж хэлсэн, төрийн албаны ажил 17:30 цагт дуусдаг байхад шүүх хуралдааныг 18:50 цаг хүртэл үргэлжлүүлж, шүүхийн шийдвэрийг 19:30 цагт танилцуулсан, шүүх хуралдаан дундуур 2 цаг тог тасарсан” гэх тухайд:

шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1307 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт прокурор Ч.М “за шууд хурлаа хийчихье”, “амархан юм чинь” гэж хэлсэн үйл баримт байхгүй байна.

2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ...  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Х.Б-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна”, 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хуралдааныг дараах тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна”, мөн зүйлийн 2.3-т “арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзвэл түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх” гэж тус тус заасанчлан хаалттай явагдсан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж заасныг баримтлан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн байх ба шүүх хуралдаан 15.00 цагт эхэлж, 19.00 цагт дууссан тухай шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсан, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж дуусгасныг хууль зөрчин ажлын бус цагаар шүүх хуралдааныг явуулсан гэж үзэх боломжгүй юм.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад тог тасарсан болох нь шүүхийн Тамгын газрын дарга Г.Б- ийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 193 дугаар албан бичгээр тогтоогдож байх боловч уг тог тасарсан явдал нь шүүх хуралдаан даргалагчаас шалтгаалаагүй, тог тодорхой хугацаанд тасарснаас шалтгаалан шүүн таслах ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бололцоо алдагдаагүй байна.

“Шүүгч нь шүүгдэгч Х.Б-ээс асуулт асуугаад, хариулт хэлээгүй байхад өөрөө хариултыг нь хэлсэн, шүүгч “чи буруутай биз дээ” гэж асуучхаад хариулт шаардалгүй, сүүлчийн үгийг нь хэлүүлэлгүйгээр шууд шүүх хуралдааныг дуусгасан” гэх тухайд:

Шүүх хуралдааны 1307 дугаар тэмдэглэлийн 26 дугаар талын 5 дугаар догол мөрт даргалагчаас “шүүгдэгчид хэлэх зүйл байна уу?” гэхэд шүүгдэгч “Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна”, мөн 27 дугаар талын 4 дэх догол мөрт даргалагчаас “шүүгдэгч Х.Б-т хэлж хүсэх зүйл байна уу. Өөрийгөө гэм буруутай гэж үзэж байна уу, гэм буруугүй гэж үзэж байна уу” гэхэд шүүгдэгч “Гэм буруугүй гэж үзэж байна” гэж хариулсан тэмдэглэл байх ба шүүх хуралдаан даргалагчаас шүүгдэгч Х.Б-ийг “чи буруутай биз дээ” гэж асуусан болон шүүгдэгчийн үг хэлэх эрхийг эдлүүлээгүй гэх үйл баримтууд тогтоогдоогүй.

“Шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийтгэх тогтоол нь цаг хугацаандаа гараагүй" гэх тухайд:

2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, шүүхийн шийтгэх тогтоол нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бичгийн хэлбэрээр гарах байсан боловч 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарч, шүүхийн шийтгэх тогтоол гаргах хуульд заасан хугацаа[1]-г хэтрүүлсэн байна.

Гэхдээ шүүгчийн хөдөө орон нутагт амьдарч байсан эгч нь нас барж, ар гэрт нь гачигдал тохиолдсон болох нь холбогдох баримтаар нотлогдсон байх ба энэ нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан хугацаанд нь гаргаагүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан зөрчилд хамаарахгүй байна.   

“Давж заалдах шатны шүүх рүү хэргийг явуулахдаа анхан шатны шүүхээр дамжуулдаг нь зохион байгуулалттай, шударга бус, буруу, мөн шүүгч алдаатай шийдвэр гаргаснаа мэдэж байсан учраас прокурор Ч.М- тай нийлэн 1 хоногийн дотор засаж давж заалдах шатны шүүх рүү явуулсан” гэх тухайд:

анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын хамт давж заалдах шатны шүүх рүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль[2] болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”[3]-д заасны дагуу хүргүүлж байгааг шүүгч зохион байгуулалттай, шударга бус, буруу үйлдэл гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Шүүгдэгч Х.Б-т холбогдох 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны 2021/ШЦТ/1307  дугаартай шийтгэх тогтоолын 2 дах талын эхний догол мөрт 2021 оны 03 дугаар сарын 15, 18-ны өдрүүдэд гэхийг 2021 оны 08 дугаар сарын 15, 18-ны өдрүүдэд  гэж техникийн алдаа гаргаж бичсэн болох нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэг, тус шүүхийн 2021/ШЦТ/1307 дугаар шийтгэх тогтоол, мөн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” 2022/ШТ/08 дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШТ/23 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэж заасанчлан шүүх бүрэлдэхүүн улсын яллагчийн хүсэлтийг хүлээн авч, тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22/ШТ/08 дугаар “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” тогтоолоор техникийн шинжтэй гарсан алдаа буюу “шийтгэх тогтоолын 9 дүгээр талд гэм буруугийн талаарх хэсэгт “Х.Б нь 08 дугаар сарын 15, 18-ны өдрүүдэд” гэснийг “Х.Б нь 03 дугаар сарын 15, 18-ны өдрүүдэд” болгон залруулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

“Шүүгч албан тушаалаа урвуулан ашиглаж, буруу шийдвэр гаргасан, хэргийг шударгаар шийдвэрлээгүй” гэх тухайд:

...  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.А даргалж, шүүгч Э.Ч, Х.С нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүгдэгч Х.Б-т холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 2021/ШЦТ/1307 дугаар шийтгэх тогтоолыг гаргажээ.

Уг шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-ы гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ДШМ/225 дугаартай магадлал гарсан байна.

Түүнчлэн, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 298 дугаар “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолоор “Шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч С.Б нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар дөрөв, түүнээс дээш шүүгч санал гаргаагүй тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй” гэж тодорхойлон Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Давж заалдах болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул шүүгчийг албан тушаалаа урвуулан ашиглаж, буруу шийдвэр гаргасан, хэргийг шударгаар шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

“Шүүгч Ч.А нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ц.О шүүгчид нөлөөлсөн байх магадлалтай” гэх тухайд:

шүүхийн шүүгч Ч.А даргалж, шүүгч Э.Ч, Х.С нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүгдэгч Х.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1307 дугаар шийтгэх тогтоолоор Х.Б-ийг гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-ны гаргасан давж заалдах гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ДШМ/225 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ шүүгч Д.О даргалж, илтгэгч шүүгч Б.Б, шүүгч Л.Д нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана”, 2 дахь хэсэгт “зөвлөлдөх тасалгаанд хэлэлцсэн асуудлын талаар шүүгч бүр санал гаргах тэгш эрх, үүрэгтэйгээр оролцож, өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, тайлбарлана” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн заалтаас Х.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх бүрэлдэхүүнтэй буюу 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн ба шүүх хуралдаан даргалагч шүүгч Ч.А, Ц.О нарт саналын ямар нэг давуу эрх байхгүй байх бөгөөд сахилгын хэргийг шалгах ажиллагааны хүрээнд шүүгч Ч.А шүүгч Д.О-д нөлөөлсөн гэх үйл баримт байхгүй байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас шүүхийн шүүгч Ч.А нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргаагүй, өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан зөрчлүүдийг гаргасан гэх үндэслэл нотлогдохгүй байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай илтгэгч гишүүний гаргасан саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. шүүхийн шүүгч Ч.А холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                        Д.МЯГМАРЦЭРЭН

ГИШҮҮН                                          О.НОМУУЛИН 

Х.ХАШБААТАР

 

[1] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль

11.8 дугаар зүйл 1.шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна

36.13 дугаар зүйл 1.шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.

[2] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана” гэж

[3] Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 7.7 дугаар зүйл

7.7.1. “шүүгчийн туслах хэрэг хүргүүлэх албан бичгийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, эсхүл түүний эзгүйд томилсон шүүгчээр гарын үсэг зуруулж, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарын хамт хэрэгт хавсаргана. Хэрэг хүргүүлэх албан бичигт хэргийн дугаар, шүүгдэгчийн овог, нэр, шүүхийн шийдвэрийн огноо, дугаар, хавтас, хуудасны тоо, хавсаргасан эд мөрийн баримт зэргийг тодорхой дурдана”,

7.7.2 дахь хэсэгт “шүүгчийн туслах системээр хэрэг хүргүүлэх ажиллагааг бүрэн, зөв хийж, аргачлалын 7.3.1, 7.3.2-т заасны дагуу хэргийг эмхэлж, түүнд хавсаргасан эд мөрийн баримтын хамт бичиг хүргэгчид хүлээлгэн өгч, Бүртгэл №41-т бүртгэж, “Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журам”-д заасны дагуу харьяалах шүүхэд хүргүүлнэ”.