МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-21
Дугаар 163
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Х.Г, Д.Ч, Э.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгч Х.Г, шүүгч Д.Ч, Э.Э нар 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хариу тайлбартаа: “... шүүхийн шүүгч Х.Г, шүүгч Д.Ч, Э.Э нар нь Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 503 дугаартай "Сахилгын хэрэг үүсгэх тухай" захирамжийг, иргэн Г.Г-ийн гомдлын хамт 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.3 дахь хэсэгт зааснаар дараах тайлбарыг хамтран хүргүүлж байна.
Шүүхэд ... дүүргийн прокурорын газраас 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүгдэгч Э.М-д холбогдох эрүүгийн 2107000000079 дугаар хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ирүүлснийг тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан "Шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, санал, дүгнэлтийг хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийг томилох журмын" дагуу шүүгч Х.Г-д харьяалан хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус хэргийг хянан шийдвэрлэсэн.
Тус хэргийг хянан шийдвэрлэхэд шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчид болох шүүгч Х.Г, шүүгч Д.Ч, шүүгч Э.Э нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэлгүй бөгөөд шүүх бүрэлдэхүүн болон бусад оролцогчдыг татгалзан гаргах эрхийг шүүх хуралдаан бүрт хэргийн оролцогч болон талуудад танилцуулсан бөгөөд уг хэргийг хянан хэлэлцсэн бүх шүүх хуралдаанд шүүгч бид нартай холбоотой татгалзал гаргаагүй болно.
Уг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн бидний зүгээс уг хэргийн оролцогч, талуудтай ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй билээ.
Мөн шүүгдэгч Э.М-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө Тамгын газрын дарга Ж.Л нь дур мэдэн тухайн шүүгдэгчийг өрөөндөө дуудан уулзсан болохыг бид тус шүүх хуралдааны дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдэж, холбогдох цагдаагийн албан тушаалтнаас тайлбарыг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бичгээр авсан.
Энэхүү тайлбартай холбоотойгоор 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Тамгын газрын дарга Ж.Л-ийн өрөөнд тайлбарыг танилцуулан шүүгдэгчтэй ямар шалтгаанаар уулзсан талаар тайлбар өгөхийг хүсэхэд дур мэдэн уулзсан шалтгаанаа өөрийн ажлын хэрэгцээнд ашигладаг компьютерийг янзлуулахаар уулзсан гэж хэлсэн болно.
Шүүгдэгч Э.М-д холбогдох эрүүгийн хэргийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд Цагдаагийн албан хаагчийн тайлбарыг уг хэргийн оролцогч болон талуудад танилцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзал байгаа эсэхийг тодруулахад талууд болон хэргийн оролцогч нарын зүгээс ямар нэг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй болно.
Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний хувьд уг хэрэгтэй холбоотойгоор Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ж.Л-г хэрэг хянан шийдвэрлэх ямар ч ажиллагаанд оролцуулаагүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын Тамгын газрын дарга Ж.Л-тай холбогдуулан гаргасан гомдлын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлд тодруулгыг шүүгч Х.Г хүргүүлсэн болно.
Мөн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдааны танхимд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлэхээс өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар нь тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Л-с даргалагчийн ширээн дээр байсан эрүүгийн хэргийг авч үзэхдээ уг хэргийн ард шүүгчийн туслах Ц.З-н Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 89.3.3-т "шүүчийн үйл ажиллагаанд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх", 89.3.8-д "шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах" чиг үүргийн хүрээнд боловсруулсан тогтоолын төслийн хэсгийг гар утсаар зураг дарсан байна. Шүүгч бид нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг гаргасан болно.
Иймд уг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн болох шүүгч Х.Г, шүүгч Д.Ч, шүүгч Э.Э нарын зүгээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон аливаа зөрчлийг үйлдээгүй болохыг тайлбарлан хүргүүлж байна” гэжээ.
шүүгч Х.Г 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн нэмэлт тайлбартаа: “...Шүүхийн Сахилгын хороонд иргэн Г.Г-н тус шүүхийн шүүгч нарт гаргасан өргөдлийн 2 дахь хэсэгт дурдсан “2021 оны 11 дүгээр сарын 06-ны шүүх хурал болохгүй хойшилдог өдөр манай өмгөөлөгч Л.О хэргийн материалтай танилцахаар шүүхийн нарийн бичгийн ажилтан Ц.Л-р хэргийн материалыг нь авчруулж үзэхэд хавтаст хэргийн ард “камерын бичлэгийн мемори карт, уншигч зэрэг нотлох баримтыг устгах талаар 4-5 хуудас бичвэр байснаас манай өмгөөлөгч Г.Т эхний болоод сүүлийн хуудасны зургийг гар утсан дээрээ дарж авсан“ талаар бичсэнтэй холбогдуулан дараах байдлаар тайлбарлан хүргүүлье.
Тус шүүхийн шүүгчийн туслах Ц.З нь яллагдагч Э.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан шүүхийн шийдвэрийн төслийг бэлтгэн эрүүгийн хэргийн хамт шүүх хуралдаан эхлэхэд шүүх бүрэлдэхүүнд өгсөн. Тухайн шүүх хуралдаанаар шүүх бүрэлдэхүүн талуудын хүсэлтийг хянаад хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулсан бөгөөд шүүхийн шийдвэрийн төсөлтэй холбоотой шийдвэр гаргаагүй.
Уг шүүхийн шийдвэрийн төсөлд хэргийг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүний зүгээс шүүх хуралдаанаас өмнө шүүхийн шийдвэрийг урьдчилан шийдвэрлэхтэй холбоотой болон бусад асуудлын талаар чиглэл өгөөгүй бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн болон хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гарган талуудад болон хэргийн оролцогч нарт танилцуулахад, шийтгэх тогтоолыг хүргүүлэхэд өргөдөлд дурдсан шүүхийн төсөлд дурдсан эд мөрийн баримттай холбоотой шийдвэрийг гаргаагүй болно” гэжээ.
Илтгэгч гишүүний саналд: “Сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлэг зэргээс үзвэл шүүгч Х.Г, шүүгч Д.Ч, Э.Э нарыг ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэх үйл баримт шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдоогүй болно.
Иймд шүүхийн шүүгч Х.Г, шүүгч Д.Ч, Э.Энхжаргал нар нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргаагүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхийн шүүгч Х.Г, шүүгч Д.Ч, Э.Э нарын хянан шийдвэрлэсэн шүүгдэгч Э.М-д холбогдох эрүүгийн хэргийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ДШМ/258 дугаар магадлалаар хэргийг буцааж, прокурорт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Сахилгын хэргийг шалгах ажиллагааны хүрээнд гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 771 дүгээр захирамжаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/1154, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/09 дүгээр албан бичиг, шүүхийн шүүгч Х.Г, шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ж.Л нарын хариу тайлбарууд, гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 249 дүгээр албан бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ж.Л-г албан тушаалаас түр чөлөөлсөн тухай тогтоол, мөн гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 805 дугаар захирамжаар ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн шүүхийн 50 дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” тогтоол, тус шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дүгээр тэмдэглэл, мөн өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ДШМ/258 дугаар магадлал, тус шүүхийн шүүгч Х.Г, туслах Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Л, мэдээлэл технологийн мэргэжилтэн Ц.Д, өргөдөл гаргагчийн өмгөөлөгч Г.Т нарын гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, сахилгын хэрэгт хавсаргажээ.
Өргөдөлд дурдсан шүүгч Х.Г, шүүгч Д.Ч, Э.Э нар ашиг сонирхлын зөрчилтэй буюу хувийн ашиг сонирхолтой гэх тухайд:
Г.Г өргөдөлдөө “...шүүх хуралдаан болохоос өмнө шүүгдэгч Э.М-ийг шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ж.Л өрөөндөө оруулж, уулзаж, хоол цай болсныг шүүгч Х.Г мэдэж байсан” гэж дурджээ.
Дээрх баримтууд, Тамгын газрын дарга асан Ж.Л, шүүгч Х.Г нарын тайлбар, гэрч буюу тус шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Ц.Д-ийн мэдүүлэг зэргээс үзвэл шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ж.Л нь шүүгдэгч Э.М-тэй 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө тодорхой хугацаанд уулзсан болох нь нотлогдож байх ба энэхүү үйл баримтыг шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдсэн, Цагдаагийн хэлтсийн Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад О.Г 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тайлбар авахад тэрээр “...өөрийн ажлын компьютерыг янзлуулахаар уулзсан” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Л.О, Г.Т нар Ж.Л-д холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргасан ба Ж.Л нь уг гомдолд дурдсан асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б-д 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бичгээр тайлбар гаргаж өгсөн байна.
Ж.Л тайлбартаа “...Э.М-г 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан болохоос 10-20 минутын өмнө хорих ангиас авчраарай гэж өөрийн гар утаснаас ярьж хэлсэн нь үнэн. Урьдчилан авчрах шалтгаан нь тухайн хүний тусгай мэдлэгийг ашиглан шүүхийн сайт болон Facebooк группийг хэрхэн ажиллуулах, хөгжүүлэх, мэдээллийг ямар өргөтгөлөөр /зурган, файл, фото, цаасан гэх мэт/ оруулбал иргэдэд хүртээмжтэй байх талаар зааварчилгаа авах чиглэлээр байсан. Түүнтэй уулзахад Мэдээлэл, технологийн мэргэжилтэн Б.Х, шинэ ажилтан Ц.Д нар байсан бөгөөд 2-3 минут л уулзаж мэдээлэл авсан...” гэжээ.
Б.Х ажлаасаа гарсан бөгөөд харин Ц.Д нь шүүхийн мэдээлэл, технологийн мэргэжилтнээр ажиллаж байгаа ба түүний “...Ж.Л дарга шүүгдэгчтэй 2-3 минут уулзаад, шүүхийнхээ пэйж хуудсыг Б.Х бид хоёрын хамт харуулан зөвлөгөө аваад, цагдаад өгч явуулсан” гэх мэдүүлгээр Ж.Л-ийн тайлбар нь нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлд “Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах эрхтэй байсан боловч тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Х.Г “шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ж.Л-г шүүгдэгч Э.М-тэй уулзсан талаарх Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад О.Г-ын илтгэх хуудсыг танилцуулж, хэргийн оролцогч нараас үүнтэй холбоотойгоор шүүх бүрэлдэхүүнээс татгалзал байгаа эсэх”-ийг тодруулахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар “татгалзал байхгүй” гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Тус шүүхийн Тамгын газрын дарга Ж.Л нь шүүгдэгч Э.М-тэй уулзсанд шүүхийн шүүгч Х.Г, шүүгч Д.Ч, Э.Э нартай холбоотой гэх үйл баримт нотлогдохгүй байна.
Өргөдөлд дурдсан “2021 оны 11 дүгээр сарын 06-ны шүүх хурал болохгүй хойшилдог өдөр манай өмгөөлөгч Л.О хэргийн материалтай танилцахаар ...үзэхэд хавтаст хэргийн ард "камерын бичлэгийн мемори карт, уншигч зэрэг нотлох баримтыг устгах талаар 4-5 хуудас бичвэр байснаас ...үзэхэд шүүгч Х.Г-д хэн нэгэн хүний даалгавар, захиалгаар тус шүүх хурлыг явуулсан” гэх тухайд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-н өмгөөлөгч, гэрч Г.Т, Ерөнхий шүүгчийн туслах Ц.З нарын мэдүүлгээс үзвэл дээрх үйл явдал нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдаан эхлэхийн өмнө болсон байна.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Ц.З нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.8 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах” гэж заасан чиг үүргийнхээ хүрээнд шийтгэх тогтоолын төслийг боловсруулсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ”, 2 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана”, ....2.4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”, 2.5 дахь хэсэгт “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг тусгахаар заажээ.
Өөрөөр хэлбэл Г.Г-н өргөдөл, түүнд хавсаргасан зураг, өмгөөлөгч, гэрч Г.Т-н “...шийтгэх тогтоолын төсөл хэрэгт байсан”, Ерөнхий шүүгчийн туслах Ц.З-н “зураг бүрсгэр байгаа боловч миний бичсэн төсөл мөн юм шиг байна” гэх мэдүүлгээс үзвэл шүүгчийн туслахын боловсруулсан шийтгэх тогтоолын төслийн тогтоох хэсэгт шүүгдэгч Э.М-г гэм буруутайд тооцсон, эд мөрийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хорыг иргэний журмаар нэхэмжлэх эсэхийг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан хэдий ч, уг шийтгэх тогтоолыг гаргах болсон үндэслэл болох “тодорхойлох хэсэг” байхгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” гэж заасныг шүүгч шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг санаатайгаар олон нийтэд хандан тодорхой үйлдэл хийх гэж ойлгогдоно.
Ерөнхий шүүгч Х.Г-н туслах шийтгэх тогтоолын төслийг бэлтгэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”,”мөн зүйлийн 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлөхүйц болохуйц нөхцөл байдлыг” ойлгоно гэж тус тус заасан.
Сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгч Х.Г, шүүгч Д.Ч, Э.Э нар ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэх үйл баримт нотлогдоогүй байна.
Иймд шүүхийн шүүгч Х.Г, шүүгч Д.Ч, Э.Э нар нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн болох нь нотлогдохгүй байх тул шүүгч нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байна.
Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. шүүхийн шүүгч Х.Г, шүүгч Д.Ч, Э.Э нар холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Г.ЦАГААНЦООЖ