МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-06-02
Дугаар 190
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
шүүхийн шүүгч С.Х-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгч С.Х тайлбартаа: “...1. Шүүхийн шүүгч миний бие 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч А.Т-н хариуцагч “МД” ХК-аас нийт 86,133,116 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагч “МД” ХК-аас 82,197,406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Т-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэр нь дор дурдсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр албажин гарч, “МД” ХК-д 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргэгдсэн бөгөөд “МД” ХХК-аас хүлцэл өчиж байна. Тус шүүхэд ерөнхий шүүгчийн хамт нийт 14 шүүгч ажиллах орон тоотойгоос хамгийн ихдээ ерөнхий шүүгчийн хамт нийт 12 шүүгч ажиллаж байсан болно. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/02348 дугаар шийдвэрийг гаргах хугацаанд, мөн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл тус шүүхэд Ерөнхий шүүгчийн хамт нийт 7 шүүгч ажиллан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан. /Дээрх нөхцөл байдалтай холбоотой 2021 оны 12 дугаар сарын 13-ны байдлаар нэг шүүгч дунджаар 153.3/ нэг зуун тавин гурав аравны гурав/ хэрэг, нэхэмжлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хүний физиологийн боломж, ажлын ачаалал даах чадвараас хэд дахин давсан, хэтийдсэн үзүүлэлт юм. /2021 оны 12-р сарын 13-ны өдрийн 3541 дугаар Сэлгэн ажиллуулах шүүгч хүсэх болон ажлын ачааллын тухай албан бичгийн хуулбарыг хавсаргав. Миний бие 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 130 хэрэг, 7 түдгэлзүүлсэн, нийт 137 иргэний хэрэгт, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны байдлаар 193 хэрэг, түдгэлзүүлсэн 7, нийт 200 иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Миний бие нийт 200 иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулж, хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх зорилгоор ажлын 5-н өдрийн 3-н өдөрт нь өглөөний 09 цаг 00 минутаас 15 цаг 30 минут хүртэл хамгийн багадаа 4 шүүх хуралдаан тогтмол зарлаж, үлдсэн 2 өдрийн нэг өдөрт бусад шүүгчийн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүнд оролцох, үзлэг хийх, гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийж, мөн хуваарьт өдрөө гомдлын хурлын бүрэлдэхүүнд орж байна. 2021 оны 11 дүгээр сар нь ажлын 20 өдөртэй байсан байх ба миний бие энэ өдрүүдийн 11 өдөр нийт 47 шүүх хуралдаан зарлаж, үлдсэн 9 өдрийн 4 өдөр нь шүүгч Н.О, О.О, Н.Т, Г.Э нарын шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүнд, 2 өдөр нь үзлэг хийж, гэрчийн мэдүүлэг авч, гомдлын 10 хурлын шүүх бүрэлдэхүүнд орж, үлдсэн 3 өдөр шийдвэр, захирамж бичих хугацаа гарсан байна. 2021 оны 11 дүгээр сард дээр дурдсан 47 шүүх хуралдаанаас 29 хэргийг шийдвэрлэж, ажиллагаанд байсан хэргүүдээс 15 хэргийг хаягаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ./Иргэн-2014 программаас шийдсэн болон хэрэгсэхгүй болгосон хэргийн жагсаалтыг хэвлэж хавсаргав/ Түүнчлэн хүсэлт шийдвэрлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, иргэний хэрэг үүсгэх, эвлэрлийн гэрээг баталгаажуулах зэрэг нийт 208/хоёр зуун найм/ ширхэг шүүгчийн захирамж гаргажээ.Шүүхийн шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэх ба шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийг бичихэд багадаа 2 өдрийн хугацаа шаардлагатай болно.Дээр дурдсан ажлын 3 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн 29 хэргийн шийдвэр, хаягаар хэрэгсэхгүй болгосон 15 хэргийн захирамж, 208 ширхэг шүүгчийн захирамж зэргийг гаргах боломжгүй юм. Уг эрхийн актын тоонд бүрэлдэхүүнтэй хурлын тогтоол ороогүй болно. 2021 оны 12 дугаар сар ажлын 22 өдөртэй байснаас миний бие долоо хоног бүр 3-4 өдөр шүүх хуралдаан тогтмол зарлаж, нийт 71 шүүх хуралдаан зарлаж, нийт 52 хэргийг шийдвэрлэжээ. 2021 оны 12 дугаар сард ажиллагаанд байсан 15 хэргийг хаягаар хэрэгсэхгүй болгож, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хүсэлт шийдвэрлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, иргэний хэрэг үүсгэх, эвлэрлийн гэрээг баталгаажуулах зэрэг нийт 245 ширхэг шүүгчийн захирамж гаргажээ. 2021 оны 12 дугаар сар ажлын 22 өдөртэй байснаас 14 өдөрт нь өөрийн нийт 71 шүүх хуралдааныг зарлаж, 3 өдөр нь шүүгч А.М, О.О, Н.Т, Г.Э нарын шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүнд орж, 1 өдөр нь үзлэг хийж, гомдлын хурлын шүүх бүрэлдэхүүнд орж, 2 өдөр нь Шүүхийн ерөнхий зөвлөл дээр кредит цагийн сургалтад хамрагджээ. Миний бие 2021 оны 12 дугаар сард 2 өдөр шүүх хуралдаангүй байсан байна. Уг ажлын 2 өдөрт нийт 52 хэргийн шийдвэр, хаягаар хэрэгсэхгүй болгосон хэргийн 15 шүүгчийн захирамж, хүсэлт шийдвэрлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, иргэний хэрэг үүсгэх, эвлэрлийн гэрээг баталгаажуулах зэрэг нийт 245 ширхэг шүүгчийн захирамжийг гаргах боломжгүй болно. /Иргэн-2014 программаас шийдсэн болон хэрэгсэхгүй болгосон хэргийн жагсаалт, шүүгчийн захирамжийн жагсаалтыг хэвлэж хавсаргав/. Харин 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдөр хүртэл 11 шүүх хуралдаан зарлажээ. Хэт өндөр ачаалалтай тус шүүхэд 2021 оны 12 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл нийт 7 шүүгч ажиллан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь тус шүүхэд гарч байгаагүй тохиолдол болно. Тус шүүхэд нийт 7 шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь шүүгч Б.У өөрийн хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаар зарлигаар, шүүгч Ө.У өөрийн хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 161 дугаар зарлигаар, шүүгч С.Э өөрийн хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн, шүүгч Ч.И хүнд өвчний улмаас 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн удаан хугацааны чөлөөтэй байгаа, шүүгч Н.Г 2021 оны 10 дугаар сараас жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авсантай шууд холбоотой. Ажлын хэтийдсэн ачаалалтай холбоотой тус шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлд сэлгэн ажиллуулах шүүгч хүсэх тухай хүсэлт, тогтоолуудыг удаа дараа хүргэж байсан боловч сэлгэн ажиллуулах 1 шүүгчийн асуудлыг зөвхөн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шийдсэн болно.Энэ нь тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Шүүгч сэлгэн ажиллуулах тухай тогтоолууд болон тус шүүхийн сэлгэн ажиллуулах шүүгч хүсэх тухай албан бичгүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Шүүгч сэлгэн ажиллуулах зараар тогтоогдоно./Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01-р сарын 06-ны өдрийн Шүүгчийг сэлгэн ажиллуулах зарын хуулбарыг хавсаргав/ Шүүхийн ажлын ачаалалтай холбоотой тус шүүх нь орон тоо батлагдсан 2016 оноос эхлэн бүтэн орон тоогоор ажиллах, шүүгч сэлгэн ажиллуулах тухай хүсэлт, тогтоолуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргаж байсан ба 2018 онд 11 шүүгч, 2019, 2020 онуудад 10-11 шүүгчтэй, 2021 онд 10/арав/ ба түүнээс доош тооны шүүгчтэй ажиллаж байсан болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар 2018 онд “Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв” ТТБ-с шүүхийн ажлын ачааллын судалгааг хийсэн ба уг судалгаагаар дүүргийн иргэний хэргийн шүүхүүд ажиллах ёстой ажлын цагаас 40/дөч/ хувиар илүү ачаалалтай ажиллаж байсан гэсэн тайлан гаргасан./Судалгааны тайлангийн танилцуулгыг хэвлэж хавсаргав/ Миний бие дээрх тайланг гаргах судалгааны ажлын “Ажлын байрны зураг авалт”-д хамрагдсан ба миний бие шүүгчээр ажиллаж байгаа 2015 оноос хойш өвчин болон бусад шалтгаанаар чөлөө авч байгаагүй бүх цаг зав, сэтгэл зүрхээ шүүхийн ажилд зориулан иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг аль болох хурдан, шуурхай явуулах зорилготой ажиллаж байна. Тус шүүх бүтэн орон тоогоор ажиллаж чадахгүй, орон тоо нэмэгдэхгүй байгаа ч ажлын ачаалал жилээс жилд нэмэгдэж 2020 онд 4152 нэхэмжлэл хүлээн авч байсан боловч 2021 онд 4697 нэхэмжлэл хүлээн авчээ./Тоон судалгаа бүхий 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хүсэлтийн хуулбарыг хавсаргав/ Иймд дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 181/ШШ2021/02348 дугаар шийдвэр 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр албажиж гарсан болно. 2. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д "шүүхийн шийдвэр гаргахтай ... хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар ... зөрчих;” гэжээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.4.1, 22.4.2, 22.4.3 дахь заалтад зааснаар шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь анхан шатны шүүхийн шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол гэсэн хэлбэртэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг ... бүрэн эхээр нь бичгээр үйлдэж ... шүүгч ... гарын үсэг зурна.” гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь заалтад заасан шийдвэрийг бичгээр гаргах хугацааг 30 хоногоос дээш хугацаагаар зөрчих гэдэг нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайд шийдвэрийг бичгээр гаргах 14 хоногийн хугацаа дуусаж түүнээс хойш 30 хоногоос дээш хугацаа өнгөрсөн байхыг ойлгоно гэж үзэж байна. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-т “Хяналтын журмаар хэргийг ... хянан хэлэлцэж ... Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ... сунгаж болно.” гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг 30 хоногийн дотор гаргах тул хугацаа хэтэрсэн хоногийг 30 дахь хоногийн дараагийн өдрөөс тооцох юм. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд уг хугацааг 14 хоногоос хойших хугацаанаас эхлэн тооцдог болно. Тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/02348 дугаар шийдвэрийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаанаас хойш 30 хоногийн хугацаа өнгөрөөгүй болно. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг 30 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн зөрчил гараагүй гэж ойлгож байна. Шүүгч С.Х миний биед холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Илтгэгч гишүүний саналд: “Сахилгын хэргийн үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн үйл баримт байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн ёс зүйн дүрэм /хуучнаар/-ийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Түүнчлэн өргөдөл гаргагч “шүүгч С.Х ын хөөн хэлэлцэх хугацааны дотор шийдвэрлэсэн хэргүүдээс шүүхийн шийдвэрийг хэзээ гаргасан, хэзээ гардуулсан талаар бүх баримтыг тухайн шүүхээс гаргуулж өгч тусална уу” гэх өргөдлийн тухайд: Дээрх өргөдлийн үндэслэлд хэний нэхэмжлэлтэй, хэнд холбогдох хэргийн талаар ямар гомдол гаргаж байгаа нь тодорхойгүй байх тул нь Шүүхийн сахилгын хороо шалгах ажиллагаа явуулах боломжгүйг дурдах нь зүйтэй. Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” 734 дугаар захирамжаар Шүүхийн шүүгч С.Х ад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдийн 734 дүгээр захирамжаар шүүгч С.Х -д сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж 40 хоногийн дараа гаргасан” гэх тухайд:
“М Д ” ХК-д холбогдуулан гаргасан А.Т-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүгч С.Х хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 02348 дугаар шийдвэр гаргасан ба уг шийдвэрийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохигч талуудад өдөр хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүгчид хориглох зүйлийг тодорхойлсон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэжээ.
Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3-т заасан.
Энэхүү зохицуулалтаар шүүгч 2021.12.01-ний өдрийн 02348 шийдвэрийг 2021.12.15-ний дотор бичгээр гаргаж үүрэгтэй бөгөөд энэхүү хугацааг 25 хоногоор хэтрүүлсэн боловч энэ нь Шүүхийн тухай хуулийн 50.1.26-т заасанд хамаарахгүй байна.
“М Д” ХК-тай холбоотой маргааныг шийдвэрлэсэн бүх тохиолдолд шийдвэр хуулийн хугацаанд гарч байгаагүй гэх тухайд:
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 518 дугаар албан бичгээр шүүгч С.Х нь “М Д” ХК-ийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцож байсан 7 хэргийн жагсаалтыг ирүүлсэн байх бөгөөд Г.У-ны нэхэмжлэлтэй “М Д” ХК-д холбогдох иргэний хэрэг нь хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа, “М Д” ХК-ийн нэхэмжлэлтэй “М А” ХХК-д холбогдох иргэний хэргийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01858 дугаар шүүхийн шийдвэрийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, “М Д” ХК-ийн нэхэмжлэлтэй “М М” ХХК-д холбогдох иргэний хэргийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШЗ2019/09846 дугаартай шүүгчийн захирамжийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, Б.Т-ын нэхэмжлэлтэй “М Д” ХК-д холбогдох иргэний хэргийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/00314 дугаартай шийдвэрийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, “М Д” ХК-ийн нэхэмжлэлтэй “ МК” ХХК-д холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШЗ2016/07644 дугаар шүүгчийн захирамжийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус тус гардуулсан байна. Мөн иргэн А.Т-ийн нэхэмжлэлтэй “М Д” ХК-д холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг гардуулсан. Дээрх иргэний хэргүүдийн шүүхийн шийдвэр, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг гардуулж, хүргүүлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан хугацааг хэтрүүлсэн гэх байдал нотлогдоогүй болно.
Харин О.Г-н нэхэмжлэлтэй “МД” ХК-д холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШЗ2016/06448 дугаар шүүгчийн захирамжийг 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр буюу 04 сар 17 хоногийн дараа нэхэмжлэгчид гардуулан өгсөн нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Гэвч дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар энэхүү зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн байна.
Дээрх үндэслэлээр шүүгч С.Х -д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай илтгэгч гишүүний саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Өргөдөлд шүүгч С.Х-ын хөөн хэлэлцэх хугацааны дотор шийдвэрлэсэн хэргүүдээс шүүхийн шийдвэрийг хэзээ гаргасан, хэзээ гардуулсан талаар бүх баримтыг гаргуулах талаар дурдсан боловч хэний нэхэмжлэлтэй, хэнд холбогдох хэргийн талаар ямар гомдол гаргаж байгаа нь тодорхойгүй тул энэхүү асуудлыг шалгах боломжгүй байгаа талаарх илтгэгч гишүүн саналыг буруутгах боломжгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн шүүгч С.Х -д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Г.ЦАГААНЦООЖ