МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-12-22
Дугаар 268
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
... шүүхийн Ерөнхий шүүгч Л.О, шүүхийн шүүгч Э.О нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Дээрхээс үзвэл шүүгч Д.Б , Г.Д, Ч.М , Б.М , Ц.А нар нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажлын цагаар Амарбаясгалан хийд рүү явсан болох нь өөрсдийнх нь өгсөн гэрчийн мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.24-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа таслах” гэж заасан сахилгын зөрчлийн удаа дараа гэх шаардлагад хамаарахгүй байх тул дээрх шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаагүй болно. Харин дээрх нэр бүхий шүүгч нар нь цаашид ажлын цагаар амралт зугаалгаар явж, архидан согтуурч, зохисгүй байдалтай харагдахаас сэргийлж ажиллахыг анхааруулж байна. Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1307 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар шүүхийн Ерөнхий шүүгч Л.О , шүүхийн шүүгч Э.О нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв...” гэжээ.
Шүүгч Л.О ирүүлсэн тайлбартаа: “.... аймгийн шүүхийн хамт олон болон миний бие 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр /баасан гариг/ 15 цагт товлогдсон иргэний шүүхийн шүүх хуралдааныг дуусгаад ажлын цаг тарсны дараа 18 цаг 30 минутын орчим аймгийн ... сумын нутаг ... хийдэд болох тахилгат явсан бөгөөд орой 22 цагийн орчим бүрэнхий болж байхад тус газарт очсон. Энэ нь гомдол гаргагч иргэний өргөдөлд дурдагдсан ажлын өдөр, ажлын цагт шүүхээ орхин амарсан гэх гомдлыг үгүйсгэж байна. Тухайн газарт хүрч очиход аймгийн төвөөс гараад Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дамжин Эрдэнэт орох хар замаас салаад намаг шалбаагтай бартаатай шороон замаар явдаг бөгөөд орой 22 цагийн орчим нэлээн бүрэнхий болж байхад очсон тул иргэний гомдолд дурдсан шиг архидан согтуурах цаг хугацаа байгаагүй тул архидан согтуурсан гэх гомдлыг үгүйсгэж байна. Шүүгч Э.О нь хэн нэгнийг уу уу гэж архиар шахсан, өөрөө хэрхэн архи уудаг талаар ярьсан болон хэн нэгэнтэй маргасан ямар нэг асуудал ерөөсөө болоогүй бөгөөд харин гомдол гаргагч буюу шүүгч Ц.А-н нөхөр Б.Н нь өөрөө ... хийд явах замдаа би пиво уудаг хүн гэж хэлээд пиво ууж согтууран машинд хамт явсан тус шүүхийн захиргааны ажилчдыг загнаж зандран очих газраа согтуу очсон бөгөөд /хамт машинд явсан захиргааны ажилчид ярьсан болно/ тухайн газарт ... хийдийн амрах байранд буюу ажлын бус газарт, ажлын бус цагт шүүгч Э.О-г чи манай эхнэрийг хүндэтгэж Ерөнхий шүүгч гэж албан тушаалын нэрээр нь дуудахгүй хүндлэхгүй байна гэж эмэгтэй хүнийг өдөж... эмэгтэй хүн тэр тусмаа шүүгч хүнийг хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлон, дарамталж уйлуулсан бөгөөд миний зүгээс чи эр хүн байж яагаад эмэгтэй хүнийг дээрэлхэж доромжлоод бүр дарамтлаад байгаа юм бэ бид байгууллага хамт олноороо энд тахилгад оролцохоор ирсэн, чамайг энд ирэхийг хэн зөвшөөрсөн юм чи бол гаднын хүн эхнэр чинь шүүгч болохоор юм дугараагүй шүү. Ингэж эх захгүй дураараа аашилж согтуурч, эмэгтэй хүнийг доромжилж дарамтлахаа боль гэдэг үгийг хэлсэн. Түүнээс биш гомдол гаргагч Б.Н-н дээр дурдсан шиг миний зүгээс түүнтэй хэл ам, хэрүүл зодоон хийж нүдийг чинь сохолно гэж дайрч давшилсан заналхийлсэн зүйл яриагүй, тийм зүйл огт болоогүй бөгөөд энэ талаар хамт байсан шүүгч нар, тамгын дарга мэдэх учраас миний зүгээс иргэн Б.Н-н /шүүгч Ц.А-н нөхөр/ Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөл гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, Шүүхийн тухай хуульд заасан сахилгын ямар нэг зөрчил гаргаагүй гэж үзэж байх тул шүүхийн Ерөнхий шүүгч Л.О, шүүхийн шүүгч Э.О нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Шүүгч Э.О ирүүлсэн тайлбартаа: Миний бие шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 19-нд томилогдсон бөгөөд шүүхэд шүүгч Ц.А ганцаараа ажиллаж байхад нь томилогдон очиж 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүгчдийн зөвлөгөөн хийж, ерөнхий шүүгчээр Ц.А шүүгчийг шүүхийн ерөнхий шүүгчээр сонгож бид хамтдаа одоо хүртэл ажиллаж байна. Гомдол гаргагч Б.Н нь ерөнхий шүүгч Ц.А-н нөхөр юм. шүүхийн шүүгч, тамгын газрын ажилчид бид амралтын өдрүүдээр хамт олноороо ... аймгийн ... суманд болох тахилга гэдэг зүйлд оролцож үзэхээр ярилцаж төлөвлөөд 2022 оны 06 дугаар сарын 17-ны баасан гаригийн орой байгууллагын гаднаас хэд хэдэн машинд хуваагдан сууж Баруун бүрэн сум руу хөдөлсөн юм. Энэ өдөр хэдийгээр ажлын өдөр байсан ч шүүх хуралтай шүүгч нарыг хурлаа хийж дуусгаад, гэртээ харьж хувцсаа сольж ирсний дараа, ажлын цаг дууссан байхад 18-19 цагийн хооронд хэдэн машинд хуваагдаж сууж цуварч хөдлөөд 21-22 цагийн орчим ... суманд очсон. Миний хувьд ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт эхэлсэн, миний 3 хүүхэд амралтаараа /Улаанбаатар хотоос ээжтэйгээ хамт байхаар очсон байсан бөгөөд би өөрийн 8-15 насны 3 хүүхдийн хамт хувийн машинтайгаа тахилга гэдэг зүйлийг үзэхээр яваад 2022 оны 06 дугаар сарын 17-ны орой 21 цаг өнгөрч байхад ... аймгийн Баруун бүрэн суманд очсон юм... Бид нийт 10 хүрэхгүй шүүгч нар очсон байсан ба ерөнхий шүүгч Ц.А, нөхөр Н гэх хүний хамт ирсэн байсныг тухайн үед мэдсэн юм. Бид ширээгээ засчхаад ширээ тойрч суусан байхад Б.Н гэх хүн надад хандаж “Шинээр томилогдсон залуу шүүгч учраас ахаараа архи хундагалуулаад яах вэ миний дүү архи хундагал гэж хэлэхээр нь ширээн дээр хундганууд өрж тавьж байгаад архи хундагалаад, хундагалсан архиа хүмүүст тарааж бариулаад хүмүүс үг хэлээд хундагатай архиа уухад Ц.А шүүгч хундагатай архиа ширээн дээр тавьсан байхаар нь та архиа барьчих уу гээд хоёр удаа хэлсэн юм. Гэтэл ерөнхий шүүгч Ц.А би архи уухгүй гээд хэлсэн, хажуугаас нөхөр нь гэх Б.Н чи ерөнхий шүүгчээ хүндэтгэсэнгүй, архиар шахлаа гээд уурсангуй хэлээд гарахад араас нь Ц.А шүүгч удалгүй гараад явсан. Тэнд сууж үлдсэн хүмүүс жаахан гайхаад юм яриад сууж байгаад намайг “Гарч явсан ерөнхий шүүгч Ц.А, түүний нөхөр Б.Н нарыг орж ирэх үү” асуугаад ирээ гэхээр тэдгээрийн араас гарахад хажуу байшинд захиргааны ажилчидтай хамт байсан. Би тэдний байсан байшинд ороод ерөнхий шүүгч Ц.А, түүний нөхөр Б Н нарт хандаж “Хэдүүлээ орж хамтдаа жаахан сууж байгаад амрах уу” гэж хэлээд дагуулж гараад нөгөө байшинд орох гээд явж байх замд Б.Н надад хандаж ‘Чи ерөнхий шүүгч гэж манай эхнэрийг хүндлэхгүй байна, чи ийм байж болохгүй, үргэлж далчиганадаг гэсэн чи" гэж хэлэхээр нь “Ямар учраас таныг ийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна, би бусдыг хүндлээгүй, хүнд таалагдахааргүй зүйл хийгээгүй, хэлээгүй гэж бодож байна” гэсэн утга бүхий зүйл ярьж яваад шүүгч нар сууж байгаа байшинд орох явцад Б.Н нь над руу хашхирч, агсам тавьж "Би чамайг судалсан, чи цагдаа, прокурорт байсан юм билээ. Чамайг Баянголд ямар прокурор байсныг чинь сонссон шүү гөлөг минь, танай нөхрийг ч бас судалсан, чи аятайхан байгаарай” гэж орилж хашхираад байшин руу орсон юм Б.Н-ын энэ үйлдлийг харсан, сонссон шүүгч нар "Юу болж байна, боль" гэсэн шаардлага тавьж, шүүхийн ерөнхий шүүгч Л О нь Б.Н гэх хүнд хандан “Чи эмэгтэй хүнийг ингэж дээрэлхэж болохгүй, наад хүн чинь шүүгч хүн, яагаад байгууллага хамт олны үйл ажиллагаанд ирээд ингэж согтуурхаад байгаа юм боль" гэж хэлсэн. Миний хувьд анх удаа байгууллагын аяллын үйл ажиллагаанд оролцож байгаа мөн настай, олон жил ажилласан, дээд шатны шүүгч нар тамгын газрын дарга зэрэг байгууллага хамт олны хүмүүс байхад бусдтай маргаан үүсгээд яахав гэж бодоод бусдыгаа хүндлээд, тайван уур амьсгал эвдэхгүйн тулд Н гэх хүнд хандаж энэ орой болон аяллын турш нэг ч үг хэлээгүй солиогүй, аль болохоор таарахгүйг хичээж аяллыг өнгөрөөсөн...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэн Б.Н-с ... шүүхийн Ерөнхий шүүгч Л.О, шүүхийн шүүгч Э.О нарт холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдийн 1307 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 160 дугаартай санал гаргажээ.
“... Ерөнхий шүүгч Л.О нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрүүдэд ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байрлах ... хийдэд тахилгад ажлын өдөр, ажлын цагаар шүүхээрээ ажлаа орхин амарч, архидан согтуурсан” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажлын өдөр буюу баасан гариг байсан бөгөөд тухайн өдөр ... хийдэд болсон тахилгад оролцохоор шүүхийн ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.Б, шүүгч Г.Д, шүүхийн Ерөнхий шүүгч Ц.А, шүүгч Ч.М, Э.О, ... шүүхийн Ерөнхий шүүгч Л.О, шүүгч Б.М нар болон Шүүхийн тамгын газрын дарга Д.Н, шүүхийн захиргааны ажилчид явсан болох нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.
Гэрчүүдээс “... хийд рүү хэдэн цагт хөдөлсөн, хэзээ ... хийдэд очсон...” талаар асууж тодруулсан, гэрч Ж.Б “...Би тусгай шалгалттай байсан, 5 цагийн үед хөдөлсөн байх”, гэрч Б.Б “..Ажил тараад 17 цагт явсан. Нарийн бичгүүд тусгай шалгалт өгсөн. Хүлээж байгаад цуг явсан. Би Л.О шүүгч, Тамгын газрын дарга, нэг шүүгчийн туслахтай явсан”, гэрч Д.Н “Би хамгийн сүүлд нь Л.О шүүгчтэй хамт 6 цагийн үед хөдөлж орой 10 цагийн үед очсон. Захиргааны хоёр ажилтан цуг явсан. Нэг нь Ж.Б байсан” гэж мэдүүлжээ.
Мөн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутаас “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.О даргалан явуулсан байна.
Иймд шүүгч Л.О нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажлын цаг дууссаны дараа ... хийд рүү явсан болох нь гэрч Д.Н, Б.Б, Ж.Б нарын мэдүүлэг болон “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааны бичлэг, шүүгчийн захирамж зэргээр нотлогдож байх тул шүүгч Л.О-г “ажлын цагаар шүүхийг орхин явсан” гэх өргөдлийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн шүүгч Э.О “...ажлын цаг дууссан байхад 18-19 цагийн хооронд хэдэн машинд хуваагдаж сууж цуварч хөдлөөд 21-22 цагийн орчим Баруун бүрэн суманд очсон. Миний хувьд ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт эхэлсэн, миний 3 хүүхэд амралтаараа Улаанбаатар хотоос ээжтэйгээ хамт байхаар очсон байсан бөгөөд би өөрийн 8-15 насны 3 хүүхдийн хамт хувийн машинтайгаа бумбын тахилга гэдэг зүйлийг үзэхээр яваад 2022 оны 06 дугаар сарын 17-ны орой 21 цаг өнгөрч байхад ... аймгийн Баруун бүрэн суманд очсон юм” гэх тайлбарыг гаргасан. Түүнчлэн шүүгч Э.О-г ажлын цагаар шүүхийг орхин явсан талаар гэрчүүдийн мэдүүлэгт болон өргөдөл гаргагч өргөдөлдөө дурдаагүй тул шүүгч Э.О-г “...ажлын цагаар шүүхээс гарч явсан” гэж буруутгах боломжгүй байна.
“...шүүгч Э.О нь Ерөнхий шүүгчийгээ архиар шахаж, уухгүй гэж татгалзахад шүүгч Э.О “...ингээд маяглаад байхад би дургүй, би цагдаагийн байгууллагаас эхэлж архи уухыг сурч, прокурорын байгууллагад архи уухаар мэргэжил дээшлүүлсэн зэрэглэл өндөр архичин хүн учраас уу уу" гээд нийт шүүгч нарын дунд ерөнхий шүүгчийнхээ нэр хүндийг гутаан доромжилж, захирангуй, тушаангуй, дарамталж дээрэлхсэн маягаар харьцаж архиар шахсан. ... Л.О шүүгч над руу чи ер нь хэн юм бэ? гэж дайрч, хэл ам хэрүүл хийж, иргэн миний нүдийг сохолно хэмээн дайрч, заналхийлсэн нь шүүгч хүнд байж боломгүй харгис, согтуугаар ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байна” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад, гэрч Д.Б “...Уугаагүй эхлээд байж байсан. Нэг ёслоод л захиргааны ажилчид гараад явсан, ...Э.О сөн түшсэн. Ц.А уухгүй гэхэд Э.О хөдөө ирчхээд ганц хоёр татчих гэсэн. Тэгээд Ц.А гараад явсан. Э.О уучлалт гуйх гээд араас нь гарсан. ...Дараа нь Э.О уйлж орж ирснээс болоод шүүгч Л.О Б.Н-тай маргалдсан. ...Нүдний шилээ аваач гэж хэлсэн. Сохолно гэж хэлээгүй” гэж,
Гэрч Г.Д “... Яг эхэлж байсан. Дөнгөж суугаад ийм зүйл болсон. Бид нар залуучуудынхаа дэргэд учиргүй архи дарс уугаагүй. ...Э.О ерөөсөө тэгж хэлээгүй. ...Бөөн бужигнаан болоод Э.О нь уйлаад ороод ирсэн. Б.Н араас нь би чамайг мэднэ гэсэн. Э.О нь “та яагаад ингээд байгаа юм” гэсэн. Л.О “эр хүн байж яагаад байгаа юм, түрүүнээс хойш харлаа. ...Чи хүн уйлууллаа” гээд Б.Н-тай муудалцаад ирсэн.” гэж,
Гэрч Ц.А “...Тэнд их согтуу хүн байгаагүй. Инээлдээд юм яриад байж байсан. ...Э.О өөрийгөө би цагдаагийн байгууллагад архи ууж сураад прокурорт орж мэргэжил дээшлүүлээд одоо бол мастер доктор гээд хэлж байсан. Тэр үед их ёс зүйгүй санагдсан... Гадаа болсон, юу ярьсан талаар мэдэхгүй. Туслахууд гадаа сууж байсан. Сонссон байж магадгүй. Л.О шүүгч манай нөхөр лүү дайраад “Шүүгчийг тэгж хэлдэг хэн бэ” гээд Э.О шүүгчийг шууд өмөөрсөн. Тухайн үед манай нөхөр хар шилтэй байсан. Орж ирсэн хүмүүст нүдэндээ хагалгаа хийлгэсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь нүдийг чинь сохолно гээд Л.О шүүгч дайраад эхэлсэн” гэж,
Гэрч Д.Н “...Ц.А шүүгчийн нөхөр нь бид нартай цуг байсан. Намайг сууж байхад Э.О шүүгч ямар нэгэн маргаан гаргаагүй. Ц.А шүүгчээ энийг уучих гээд юм яриад сууж байсан. Муудалцсан зүйл байхгүй. ...Ер нь бол намайг байх хугацаанд шилээ авчих гэж л яригдсан” гэх мэдүүлгүүдийг, мөн гэрч О.Т, гэрч Б.Б, гэрч С.Э, гэрч Д.М, гэрч Г.Н, гэрч Б.Б, гэрч Ж.Б, гэрч Б.Н, гэрч Ж.Т, гэрч Б.У, гэрч Б.Б нар нь “...муудалцахыг нь нүдээр хараагүй” гэж тус тус мэдүүлсэн байна.
Дээрх гэрчийн мэдүүлэг /гэрч Ц.А-с бусад/-үүдээс үзвэл шүүгч Э.О “ингээд маяглаад байхад би дургүй, би цагдаагийн байгууллагаас эхэлж архи уухыг сурч, прокурорын байгууллагад архи уухаар мэргэжил дээшлүүлсэн зэрэглэл өндөр архичин хүн учраас уу уу” гэж хэлсэн нь, мөн шүүгч Л.О нь “өргөдөл гаргагчийн нүдийг сохолно гэж дайран зүй зохисгүй байдал гаргасан, архидан согтуурч ёс зүйн зөрчил гаргасан” гэх үйл баримтууд сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Иймд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1307 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар шүүхийн Ерөнхий шүүгч Л.О, шүүхийн шүүгч Э.О нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй олгох тухай” 160 дугаар саналыг хүлээн авч, ... шүүхийн Ерөнхий шүүгч Л.О, шүүхийн шүүгч Э.О нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Б.СУГАР