МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-10
Дугаар 48
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар ... шүүхийн шүүгч Д.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгч Д.А- тайлбартаа “...шүүгдэгч Б.Л-т холбогдох эрүүгийн хэрэг тус шүүхэд 2020.09.01-ний өдөр ирж, нэгдсэн системээс надад хуваарилагдсан, В.Ө- хохирогчоор оролцож байсан. Шүүх хуралдааныг товлосон, хэргийн оролцогчийн хүсэлт болон шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр хойшлогдож байсан ба В.Ө-тай ёс зүйгүй харьцаж байгаагүй. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагч нар шүүгдэгчийг шалгаж, шүүхэд нэвтрүүлдэг, хэрэв шүүгдэгч согтуу байсан бол цагдаагийн албан хаагч шүүхэд танилцуулах байсан, шүүгдэгч согтуу байгаагүй тул энэ ажиллагаа болоогүй, хийгдээгүй. Шүүгдэгч нь ар гэрт гачигдал гарч ажил явдалтай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах, шалгах ажиллагаа хийх талаар хуульд тусгагдаагүй бөгөөд энэхүү асуудлаа нотлох үүрэгтэйг тайлбарлаж хэлсэн. Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Илтгэгч гишүүний саналд: “...шүүх хуралдаан товлогдсон цагтаа эхлээгүй, мөн шүүгчээс шүүх хуралдааны явцад хохирогчтой харьцсан байдал нь түүнийг татгалзан гаргах нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэхээр байна. Харин Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан. Өргөдөл гаргагч нь Шүүхийн ёс зүйн хороонд 2020.10.30-ний өдөр гомдол гаргасан байх тул энэ өдрөөс хугацааг тооцвол сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна. Иймд шүүгч Д.А-т үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэн В.Ө- нь Шүүхийн ёс зүйн хороонд 2020.10.30-ний өдөр ... шүүхийн шүүгч Д.А-т холбогдуулан өргөдөл гаргасан. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...шүүх хуралдаан 6 удаа хойшлогдсон, шүүгч Д.А- 2020.10.23-ний өдөр замын түгжрэлд ороод явж байна гээд шүүх хуралдаа цагтаа ирэлгүй бүтэн 2 цаг хүлээлгэсэн, ...шүүх хурал дээр хохирогч над руу дайрч ёс зүйгүй авирласан, ...шүүгдэгч Б.Л- хуурамч бичгээр шүүх хуралдаан хойшлуулсан, мөн шүүх хуралд согтуу ирснийг шалгуулах хүсэлт гаргахад шалгаагүй, хариу өгөөгүй, ...ёс зүйгүй харьцаж байгаад гомдолтой байна” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Л-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Д.А-ийг томилсон шийдвэрийг ... шүүхийн шүүгчийн 2020.09.01-ний өдрийн захирамжаар албажуулсан, шүүгч хэргийг хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 2020.09.28-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоосон, мөн өдрийн хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2020.10.06-ний өдөр хүртэл, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дуусаагүй гэх үндэслэлээр дээрх шүүх хуралдааныг 2020.10.19-ний өдөр хүртэл тус тус хойшлуулсан байна.
Тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2020.10.23-ний өдрийн захирамжаар Б.Л-д холбогдох эрүүгийн хэргийн даргалагчаар шүүгч И.Г-ыг томилсон, шүүгдэгч ирээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдаан 2020.11.04-ний өдрийн 15 цаг хүртэл хойшлогдсон, энэ өдрийн шүүх хуралдаан нь шүүгч Д.А-ийн бүрэлдэхүүнд нь томилогдсон өөр шүүх хуралдаантай давхацсанаас хуралдаан цагтаа эхлэх боломжгүй болж улмаар ажлын цаг дууссан үндэслэлээр хойшлогдсон, ковидын улмаас хөл хорио тогтоосон тул 2020.11.12-ний өдрийн шүүх хуралдаан мөн хойшлогдсон, 2020.12.02-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогч В.Ө- шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан, Ерөнхий шүүгчийн 2020.12.04-ний захирамжаар хүсэлтийг хангахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийг үндэслэл болгожээ.
Шүүхийн сахилгын хороонд гэрч Б.Н- өгсөн мэдүүлэгтээ: “...шүүгч 2020.10.23-ний өдөр осол гарснаас замын түгжрэлд орсон тул удах шинжтэй байгаа талаар надад хэлснийг би хэргийн оролцогчид хэлсэн, ...1 цаг орчим хүлээсэн, шүүгч энэ тухайгаа ерөнхий шүүгчид танилцуулсан, мөн шүүгдэгч ар гэрт гачигдал гарсан гэх шалтгаанаар хуралдаанд ирээгүй байсан тул хойшилсон...” гэсэн, гэрч Л.Б “...шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилж байсан, 2020.10.23-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгч өөрөө ирээгүй, туслах нь ирж байна гэж танилцуулсан, ...ерөнхий шүүгч хуралдааныг хойшлуулсан, 2020.11.04-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгч хохирогчийг дайрсан, загнаж байна гэж ойлгохоор харьцсан, илт нэг талыг барьсан байдалтай байсан...” гэжээ.
Шүүгч Д.А- тайлбартаа: “...2020.10.23-ний өдөр хувийн шалтгаантай байсан тул ерөнхий шүүгчээс албан ёсоор чөлөө авсан учир даргалагч шүүгчийг захирамжаар өөрчилсөн...” гэжээ.
Гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн баримтаас үзвэл шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөн томилогдсон талаар хэргийн оролцогч хохирогч В.Ө-д мэдэгдээгүй, 2020.10.23-ний өдрийн 09 цагт товлогдсон шүүх хуралдаан цагтаа эхлээгүй болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн ... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ЕШЗ/1284 дугаар захирамжаар шүүгчээс татгалзан гаргах тухай хохирогчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулбал, шүүх хуралдаан товлогдсон цагтаа эхлээгүй, мөн шүүгчээс шүүх хуралдааны явцад шүүгчийн хохирогчтой харьцсан байдал нь түүнийг татгалзан гаргах нөхцөл байдалд хүргэж, өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 2-т “хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Гэхдээ Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж тус тус гэж заасанчлан өргөдөл гаргагч нь Шүүхийн ёс зүйн хороонд 2020.10.30-ний өдөр гомдол гаргасан байх ба дээрх үйл баримт болсон өдрөөс хугацааг тооцвол сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.
Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.... шүүхийн шүүгч Д.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН С.ЭНХТӨР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН