МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-01-12
Дугаар 9
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...шүүхийн сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх тухай” 186 дугаар тогтоолд өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан дээрх үндэслэлийг шүүх хуралдааны бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт үзлэг хийж, үйл баримтыг тодруулан шалгах нь зүйтэй гэж үзэж сахилгын хэрэг үүсгэсэн байна... Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид шүүх нь хяналтын шатны шүүх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл хяналтын шатны шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй, уул гомдлыг хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байх бөгөөд хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эрх хэмжээг хуулийн дагуу эдлэх онцгой бүрэн эрхтэй байна. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хяналтын шатны шүүх хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хянах, хүчингүй болгох эрх хэмжээг хуулийн дагуу эдэлдэг, энэ нь гагцхүү хяналтын шатны шүүхэд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид олгосон онцгой бүрэн эрхэд хамаарч байна. Хариуцагч Ч.Л-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М-, С.Д нар хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж 001/ХТ2022/00277 дугаар тогтоолоор Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2021/00228 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт нь хяналтын шатны шүүх хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу иргэний хэргийг бүхэлд нь буюу шийдвэр, магадлалыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэг буюу хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд тогтоол гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, харьяалан шийдвэрлэх асуудалд хамааралгүй болохыг тухайлан тайлбарлах нь зүйтэй байна. Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх тухай” 186 дугаар тогтоолд өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан дээрх үндэслэлийг шүүх хуралдааны бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт үзлэг хийж, үйл баримтыг тодруулан шалгах нь зүйтэй байна гэж үзэж сахилгын хэрэг үүсгэсэн тул шүүх хуралдааны дууны бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт үзлэг хийж, өргөдөл гомдолд үйл баримтыг шалгах ажиллагаа явуулав. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/00277 дугаар тогтоолыг шүүгч Д.Ц даргалж, танхимын тэргүүн Г.А, шүүгч П.З, Б.М, С.С нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналтын шатны шүүх хуралдаан явагдаж гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны дууны бичлэг болон, шүүх хуралдааны тэмдэглэлээр тус тус нотлогдон тогтоогдож байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч шүүгч шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдоос асуух асуулт байгаа эсэхийг асуухад илтгэгч шүүгч Б.М асуулт асуусан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна....Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны аль ч үе шатанд асуулт асуух эрхтэй бөгөөд илтгэгч шүүгч Б.М шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчоос асуулт асуусан энэхүү үйл баримт нь сахилгын зөрчилд хамаарахгүй ба хуулиар шүүгчид олгосон бүрэн эрхэд хамаарах асуудал байх бөгөөд даргалагч шүүгч бүрэлдэхүүнээс асуух асуулт байна уу гэхэд асуулт асуусан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дууны бичлэгээр тус тус нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв...” гэжээ.
Шүүгч Б.М тус хороонд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар тогтоолоор шүүгчид сахилгын хэрэг үүсгэснийг зөвшөөрөхгүй байна. Улсын дээд шүүх 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдриин 001/ХТ2022/00277 дугаар тогтоолоор "Т М" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянасан шийдвэрлэсэн байх ба тухайн хэргийг шийдвэрлэхэд миний бие илтгэгч шүүгчээр оролцсон, шүүх хуульд заасан журмын дагуу 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, тодруулбал шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, танхимын тэргүүн Г.А, шүүгч П.З, Б.М, С.С нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэжээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана гэж заасан. Шүүх бүрэлдэхүүн хуульд нийцүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн, миний хувьд шүүгчид хориглох ямар нэгэн алдаа, зөрчил гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна, гомдлыг зөвшөөрөхгүй. Гомдол гаргагч нь "... шүүгч Б.М болон бусад шүүгч нар хариуцагч Ч.Л, түүний охин буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нартай холбоотой, хэргийг шийдвэрлэхдээ шууд болон шууд бусаар харьцсан, үгсэн хуйвалдаж, тэдэнд давуу байдал үүсгэн эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан байгаа..." гэж ямар ч үндэслэлгүй, шүүгчийг албан үүрэгтэй нь холбогдуулан гүтгэж, доромжилсон байна. Энэ асуудлаар гомдол гаргагчийг ямар үндэслэлээр ийм зүйл бичих болсон үндэслэлийг шалгуулмаар байна, шаардлагатай бол холбогдох газарт нь гомдол гаргах болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Өргөдөл гаргагч иргэн “Т М” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Ө-н шүүхийн шүүгч Б.М-д холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн Сахилгын хорооны гишүүний 2022 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 1165 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн ба тус захирамжид өргөдөл гаргагч гомдол гаргаснаар Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдийн 186 дугаар тогтоолоор холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 05 дугаартай санал гаргасныг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Өргөдөлд дурдагдсан: “Улсын дээд шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаан дээр илтгэгч шүүгч Б.М нь асуулт асуучхаад хариулах гэхээр загнаад яриулахгүй, анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй үйл баримтын талаар асууж, тодруулах зэргээр илтэд хариуцагч талд ашигтай нөхцөл байдлыг тайлбарлаж байсан бөгөөд илтгэгч шүүгчийн хувьд хэргийг шийдвэрлэхэд бусад шүүгчдэдээ нөлөөлсөн байх гэсэн хардлага төрүүлснээс гадна тус хэргийг бусад шүүгч нар уншиж судлаагүй байдал ажиглагдсан юм” гэх үндэслэлийн тухайд:
Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх тухай” 186 дугаар тогтоолд өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан дээрх үндэслэлийг шүүх хуралдааны бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт үзлэг хийж, үйл баримтыг тодруулан шалгах нь зүйтэй байна гэж үзэж сахилгын хэрэг үүсгэжээ.
шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/00277 дугаар тогтоол бүхий шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, танхимын тэргүүн Г.А, шүүгч П.З, Б.М, С.С нарын бүрэлдэхүүнтэйгээр явагдсан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны дууны /audio/ бичлэг болон, шүүх хуралдааны тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч шүүгч шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдоос асуух асуулт байгаа эсэхийг асуухад илтгэгч шүүгч Б.М асуулт асуусан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүх хуралдааны дууны бичлэгт илтгэгч гишүүний хийсэн үзлэгээр шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Ц шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдоос асуух асуулт байвал асууя гэж бүрэлдэхүүнд асуулт байгаа эсэхийг тодруулахад илтгэгч шүүгч Б.М “Гомдолтой холбоотой асууя. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр ямар асуудал шийдсэн бэ? Захирамжийн агуулга нь юу вэ? Яагаад энэ асуудлыг урьд нь шийдвэрлэсэн гэж үзээд байгаа вэ? Ер нь үйл баримтыг ярихгүй”, “Энэ захирамжаар яаж шийдсэн бэ гэдгийг хууль зүйн талаас нь яриарай”, “Давхцалгүй байхад А/385 захирамжаар Ч.Л-д эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна гэх дүгнэлт хийн тус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ анхан шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгааг та юу гэж үзэж байгаа вэ? Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс газар эзэмшихтэй холбоотой асуудлыг шийдээгүй гэж хэлсэн”, “Аан за. Өөрөөр хэлбэл эзэмшлийн асуудлыг шийдэх тухай асуудал биш юм байна тиймээ”, “Би асуултынхаа хариултыг авчихлаа. Өөр асуултгүй” гэж тодорхой асуултуудыг асууж, тухай бүрд нь хариу тайлбарыг авсан байна.
Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны аль ч үе шатанд асуулт асуух эрхтэй бөгөөд илтгэгч шүүгч Б.М шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчоос асуулт асуусан нь хуулиар шүүгчид олгосон бүрэн эрхийн хүрээнд байх ба өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан загнаж зандарсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Түүнчлэн “шүүх 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 00277 дугаар тогтоолынхоо үндэслэх хэсэгтээ Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй хэргийн үйл баримтуудыг зааж оруулснаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн. Учир нь шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй хэрэг нь захиргааны акттай холбоотой захиргааны хэргийг шийдвэрлэснээс биш “газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох буюу газрыг хэрхэн яаж эзэмшилдээ авсан үйл явдлыг тогтоолгох” асуудлыг шийдвэрлээгүй, шийдвэрлэх ч хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ утгаараа иргэний хэргийг шийдвэрлэхэд захиргааны хэргийн огт хамааралгүй үйл баримтыг шууд хамааруулж, ач холбогдолтой мэт харагдуулахыг зорьж үндэслэлээ гаргасан байгаа нь илэрхий эргэлзээ төрүүлж байна... Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр гаргаагүй гомдлыг хүлээн авч тухайн хуулиудад заасан үндэслэл, журмыг баримтлалгүй шийдвэрлэсэн шүүхийн Иргэний хэргийн танхим, хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн шүүхийн бүрэн эрх, шүүгчийн эрх мэдлийг хууль бусаар хэрэгжүүлсэн” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” гэж заасанчлан шүүх нь хяналтын шатны шүүх бөгөөд мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар шүүх хяналтын журмаар “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” эрх хэмжээг хуулийн дагуу эдлэх онцгой бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хяналтын шатны шүүх хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хянах, хүчингүй болгох эрх хэмжээг хуулийн дагуу эдэлдэг, энэ нь гагцхүү хяналтын шатны шүүхэд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид олгосон онцгой бүрэн эрхэд хамаарна.
Дээрх хуульд зааснаар хариуцагч Ч.Л-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, С.Д нар хяналтын журмаар гомдол гаргасныг шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж 001/ХТ2022/00277 дугаар тогтоолоор шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2021/00228 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Энэхүү үйл баримт нь хяналтын шатны шүүх хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу иргэний хэргийг бүхэлд нь буюу шийдвэр, магадлалыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэг буюу хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд явагджээ.
Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй болохыг тухайлан тайлбарлах нь зүйтэй.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас шүүгч Б.М өргөдөлд дурдсанчлан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний сахилгын хэрийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
С.ЭНХТӨР