МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-02-01
Дугаар 21
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
С.Ш өргөдөлдөө: “... шүүгч А.М нь 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр өсвөр насны шүүгдэгч М.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Ш.Н-ыг оролцуулаагүй ба хариуцагч талын өмгөөлөгч, асран хамгаалагч, гэрч нарыг оролцуулж тэдний мэдүүлэг баримтыг шийдвэрлэсэн нь хэргийн нэг талд санаатайгаар үйлчилж, үнэн зөвийг тогтоож шийдээгүй, хохирогч талын шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүйд гомдолтой байна. Шүүгч нь шүүх хуралдааныг явуулахдаа ирц бүрдүүлэх, хохирогч тал байхгүй байгаа шалтгааныг сонсох ёстой атал хариуцагч талын саналыг сонсон шүүх хуралдааныг явуулсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Шүүх хараат бус, бие даасан, зөвхөн хуульд захирагдаж, ёс зүйтэй байх албан үүргээ умартан, хэргийн нэг талыг байлцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүгчийн ёс зүйн алдаа гэж үзэж байна.
Шүүгчийн туслах шүүх хуралдааны тов мэдэгдэхээр удаа дараа залгасан гэх боловч цахим шуудан буюу мессеж үлдээгээгүй, бидний зүгээс хувийн шалтгаанаар хөдөө орон нутагт явж байсан цаг таарсан боловч, цахим шуудан илгээсэн бол хуралдааны товыг мэдэн оролцох боломжтой байсан. Шүүгчийн туслах 2022 оны 9 дүгээр сарын 30-нд утасдаж, шүүхийн тогтоолтой танилц гэснээр шүүх хуралдаан болж өнгөрсөн талаар мэдсэн. Хохирогчоор оролцох учиртай байсан шүүх хурал болоод өнгөрснийг 50 хоногийн дараа мэдлээ. Бид хэн нэгнийг яллах болон шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэрт ямар нэгэн гомдолгүй байгаа. Харин хуулиар хүлээсэн үүрэг, бусдын зөрчигдсөн эрхийг хамгаалах асуудалд шүүгч өөрөө ийм хайнга, хойрго хандсанд гомдолтой байна. Хэрэгт насанд хүрээгүй өсвөр насны хүүхдүүд холбогдсон бөгөөд яллагдагч этгээд, түүний найз гэх хүүхдүүд илт худал мэдүүлэг өгч шүүх хуралд оролцсон нь шүүхийг хуурч болдог, хүссэн шийдвэрээ гаргуулж болдог гэсэн ойлголт авахаар яллагдагч талаас зориуд бодож төлөвлөсөн шүүх хурал болж өнгөрсөн байна. Иймд шүүгч А.М нь шүүх, шүүгчийн нэр хүндийг унагасан, хохирогчийн хуулиар олгосон шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй асуудлыг хуулийн дагуу шалган шийдвэрлэнэ үү” гэжээ.
Шүүгч А.М тайлбартаа: “... өсвөр насны шүүгдэгч М.Э нь иргэн С.Ш-ын хүү Ш.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн. Тус хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хуваарилагдсаныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулсан байна. Хэргийг хянан шийдвэрлэхээр хүлээн авч хуульд заасан ажиллагааг явуулж, хэргийн оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх ямар нэг хүсэлт гаргаагүй тул 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамж гаргаж, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн болно. Ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ шүүгчийн хувьд ямар нэг байдлаар хууль зөрчиж, хэргийн нэг талд үйлчилж, хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хохироосон асуудал байхгүй. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө өсвөр насны шүүгдэгч, хууль хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч нарт хуралдааны тов мэдэгдсэн, харин насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарт хурлын товыг мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэх арга хэмжээг авсан байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн туслах хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Ш.Н-ын 94....21 гэсэн, түүний хууль ёсны төлөөлөгч С.Ш-ын 99.... 75 гэсэн, ээж н.Д-гийн 99....60 гэсэн дугаарын утсанд тус бүр хурлын товыг мэдэгдэхээр залгасан боловч “холбогдох боломжгүй” байсан. Мөн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шүүхээс хурлын товын талаарх шүүхийн мэдэгдэх хуудсыг хэрэгт тусгагдсан хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн гэрийн хаяг /...тоот/-аар нь бичиг хүргэгч Г.Э-ээр хүргүүлсэн боловч “Тухайн хаяг дээр 2022.08.05-ны 15 цагт очиход хүн байхгүй, хаалгаа онгойлгоогүй” гэх шалтгаанаар өгч чадаагүй байна. Иргэн С.Ш ч өөрөө гаргасан гомдолдоо “хөдөө байсан” гэдгээ бичсэн байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай, богино хугацаанд явуулах нөхцөлийг шүүх хангаж ажиллана” гэж заасан учир хохирогчийг заавал шүүх хуралдаанд оролцуулна гэдэг шаардлагаар шүүх хуралдааныг хойшлуулах шалтгаан байгаагүй. Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдоос насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс бусад оролцогчид хүрэлцэн ирсэн тул ирээгүй оролцогчдын талаар тусгайлан гаргах санал байгаа эсэхийг асуусан, оролцогчид хуралдаан дээр санал гаргаагүй учир шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Насанд хүрээгүй хохирогч Ш.Н болон түүний хууль ёсны төлөөлөгч С.Ш нарт 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр мөрдөгчөөс хавтаст хэргийн материалыг танилцуулахад “Хавтаст хэргийн материалтай уншиж танилцлаа, хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэсэн хүсэлтээ тэмдэглэлд тусгаж бичсэн ба шүүх хуралдаанд оролцох талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй байсан. Хавтаст хэргийн материалыг насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт танилцуулсан, мөрдөгчөөс хэргийг прокурор, шүүхэд хүргүүлж байгаа талаар мэдээд бүтэн 2 сар гаран болж байхад ямар нэг хүсэлт гаргаагүй, хөдөө орон нутагт яваад холбогдох боломжгүй байдалд хүрснээ мэдэж байсан атлаа ямар нэг байдлаар хууль, шүүхийн байгууллагатай холбоо барих санаачилга маргаж болох байсан гэж бодож байна. Мөн насанд хүрээгүй хохирогч, түүний эцэг, эхийн утас руу хийгдсэн дуудлага хадгалагддаг бол нэг дугаараас /шүүгчийн туслахын дугаар/ холбогдсон байгааг анхаарч эргэн холбогдох боломж байжээ.
Шүүгчийн хувьд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн ухамсраа удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрлэхдээ шүүх эрх мэдлийн ариун журамт үүргийг эрхэмлэн, хэн нэгний нөлөөллөөс ангид байж, хууль хэрэгжүүлэх, бусдын эрхийг хүндэтгэн хангах үүднээс бололцоотой бүх арга хэмжээг хэрэгжүүлж хэрэг маргааныг шийдвэрлэсэн тул шүүхийн нэр хүндэд халдсан, шүүгчийн ёс зүйн алдаа гаргасан гэж үзэхгүй “байгаагаа дахин илэрхийлж байгаа тул Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны эрхэм гишүүд та бүхэн хянан үзэж, надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
Дүүргийн прокуророос М.Э-т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ...шүүхэд шилжүүлсэн, шүүгч А.М хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 15 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоож, товыг хэргийн оролцогч нарт мэдэгджээ.
... шүүх 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд ... дүгээр тогтоолоор М.Э-ыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байна.
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.7-т зааснаар шүүгчийн туслах нь шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох чиг үүрэгтэй болно.
Шүүгчийн туслах П.О нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ш-ын 99....75, хохирогч Н-ын 94....21, ээжийнх нь 99....60 дугаарт залгахад холбогдох боломжгүй байсан талаар тэмдэглэл үйлджээ.
Мөн шүүх хуралдааны мэдэгдлийг хохирогчийн гэрийн хаягаар ...тоотоор хүргүүлэхэд “... хүнгүй, хаалгаа онгойлгоогүй ...” гэсэн тэмдэглэл бичигджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “шүүхийн шатанд оролцогч, бусад оролцогчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ”, 6.-т “өсвөр насны яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй гэрч, хохирогчийг түүний хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан дуудан ирүүлнэ” гэж тус тус заасан.
Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн утас холбогдох боломжгүй байсан тул шүүх хуралдааны товыг хэрэгт авагдсан, оршин суугаа хаягаар хүргүүлэх ажиллагаа хийсэн болох нь тогтоогдож байгаа ба өргөдөл гаргагч тухайн үед эзгүй байсан талаар өргөдөлдөө дурджээ. Иймд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй.
2. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хавтас хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд “... хохирлоо барагдуулах хүсэлтэй” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар хохирогч нь шүүх хуралдаанд оролцох эрхтэй хэдий ч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, энэ тохиолдолд түүнийг шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагатай байсан гэж үзэхгүй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлд зааснаар хохирогч анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулах ба хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Түүнчлэн мөн хуулийн 34.13 дугаар зүйлийн 1-т “шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ” гэжээ.
Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй бөгөөд шүүгч А.М шүүх хуралдааны ирцийг танилцуулж, хохирогч ирээгүйтэй холбоотой санал асуухад хэргийн оролцогчид тусгайлан санал гаргаагүй болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчид хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар санал гаргаагүй, энэ тохиолдолд шүүгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН