МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-02-09
Дугаар 26
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б, цахимаар Ерөнхий шүүгч Н.Б нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Иргэн Ч.Э-ын ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Б-т холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөл, мэдээллийг илтгэгч гишүүн хүлээн авч хянаад 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1420 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулаад 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ГС/2023/0018 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1.../ШШ2017/0...4 дүгээр шийдвэрээр Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, Б.А-д холбогдох эд хөрөнгөд учирсан хохирол 8.422.190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэжээ.
... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2../МА2018/...3 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрт гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг Ерөнхий шүүгч Н.Б даргалж, шүүгч Г.Т, Х.Б нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн байна.
Өргөдөл, мэдээлэл гаргагчийн “... Н.Б нь шүүхийн шийдвэртээ анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгаж, дахин нотлох баримт цуглуулах шаардлагатай, нотлох баримтуудыг дутуу үнэлсэн гэх атлаа хэргийг анхан шатны шүүх рүү буцаан шилжүүлэн хэлэлцүүлээгүй нь шууд хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн....” гэх үндэслэлийн тухайд:
... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2../МА2018/...3 дугаар магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “... Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээр шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагад нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв” гэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалаар:
- “... хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...”,
- “... хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээр шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагад нийцээгүй ...” гэж тус тус дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байгаагаас харахад өргөдөл, мэдээлэл гаргагчийн дурдсан “... дахин нотлох баримт цуглуулах шаардлагатай” гэж дүгнээгүй байна.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж зохицуулжээ.
Нотлох баримтыг үнэлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх зөрчилд хамаарахгүй бөгөөд шүүгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм.
Хариуцагч Б.А, түүний өмгөөлөгч Э.Б нар ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2../МА2018/...3 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж, 1.../ХТ2018/0...5 дугаар хяналтын тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.А, түүний өмгөөлөгч Э.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Өргөдөл, мэдээлэлд дурдагдсан дээрх үйл баримт нь 2018 оны 01 дүгээр сард холбогдох шүүгчийн гаргасан шүүхийн шийдвэрт хамаарч байх ба 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2021 оны 3 дугаар сарын 01-нээс өмнө болсон үйл баримт байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэнэ.
Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчилд хамаарах зөрчил гаргасан гэх үндэслэл сахилын хэрэгт цугласан баримтаар тогтоогдохгүй байх тул ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Б-т үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ.
Ерөнхий шүүгч Н.Б тайлбартаа: “...1. Иргэн Ч.Э нь өргөдөл, мэдээлэлдээ ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхийн ...3 дугаар магадлалаар шийдвэрлэсэн нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А-д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 8.422.190 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, сэлбэг хэрэгслийн үнэд 815.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, бусдад давуу байдал бий болгосон гэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь шүүгч миний хувьд уг хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгчид тавигдах ёс зүйн хэм хэмжээг сахиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт, маргаанд холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэсэн болно.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх зарчмын дагуу нэхэмжлэгч Ч.Б-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс маргаанд холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхийн энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалыг хариуцагч тал эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1../ХТ2018/0....5 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү тогтоолд “... Хоёр шатын шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй...., ... давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлсны үндсэн дээр анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засаж, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.2, 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан” гэжээ.
Аливаа шүүхийн шийдвэр нь дээд шатны шүүхээр хянагдаж хэвээр батлагдах нь тухайн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, хүчин төгөлдөр үйлчлэх мөн чанарыг агуулдаг бөгөөд энэ утгаараа давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэдгийг хяналтын шатны шүүх дүгнэжээ.
Мөн шүүх хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх жишиг тогтоох зорилгоор шүүгч болон эрдэмтдийн бүрэлдэхүүнтэйгээр шүүхийн шийдвэрийг сонгож олон нийтийн хүртээл болгон гаргадаг Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл 5 дугаар ботид энэ хэргийн шийдвэр сонгогдож нийтлэгдсэн гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Харин бусдад давуу байдал олгох гэдгийг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хувь хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгох гэж хуульд тодорхойлсон байх бөгөөд миний хувьд ямар нэгэн байдлаар энэхүү хэргийн оролцогчдод давуу байдал олгоогүй, зөвхөн хуульд заасан үндэслэл журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Мөн энэхүү хэргийн зохигч болох Ч.Б, Б.А нарыг болон өргөдөл, мэдээлэл гаргасан иргэн Ч.Э нарыг огт танихгүй ба тэдгээртэй ямар нэгэн танил тал, хувийн харилцаа байхгүй, тэдний эрх ашгийг хохироосон аливаа ёс зүйгүй үйлдэл гаргаагүй гэж үзэж байна.
2. Түүнчлэн өргөдөл, мэдээлэл гаргагч иргэн нь намайг шүүхийн харьяаллын онцлогоос хамаарч БНХАУ-ын иргэд нэхэмжлэгч болон хариуцагчаар оролцож байгаа хэрэгт хэт нэг талыг барин шийдвэр гаргадаг гэсэн нь илтэд үндэслэлгүй худал мэдээлэл болно. Шүүгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа шүүхийн өмнө эрх тэгш байх буюу хүнийг... ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэж ирсэн бөгөөд ямар нэгэн байдлаар өөр улсын иргэн гэдгээр нь ялгаварлаж хандсан тохиолдол үгүй билээ.
3. Мөн миний нөхрийн талаар огт үндэслэлгүй мэдээлэл гаргажээ. Миний нөхөр Л.Б нь хэдийгээр ... аймгийн ... суманд төрж, өссөн боловч тэнд огт ажиллаж байгаагүй, мөн түүний ах дүү нар өөр өөрсдийн амьдралын мөр хөөж, өөр өөр газар ажиллаж амьдардаг бөгөөд ... суманд ажиллаж амьдарч байгаа хүн байхгүй. Миний нөхөр Л.Б нь эхээс 4-үүл бөгөөд төрсөн ах Л.Ж нь ... аймгийн ... суманд малчин, төрсөн дүү Л.О Улаанбаатар хотод амьдарч байгаад 2019 онд өвчний улмаас нас барсан, төрсөн дүү Л.Д нь 2015 оноос хойш Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, төрсөн дүү Г.Б мөн Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, хувийн мал аж ахуй эрхэлдэг болно. Эдгээрээс нэг ч хүн ... суманд хил хооронд ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаагүй.
Миний нөхөр Л.Б нь 1996-2014 он хүртэл ... байгууллагад тасралтгүй ажилласан бөгөөд энэ хугацаанд ... тасгийн даргын албан тушаалд ажиллаж байгаад 2014 онд өөрийн хүсэлтээр ... албанд орж ажилласан ба ... улмаар ... аймгийн ... албаны даргаар ажиллаж байгаад 2019 онд цэргийн тэтгэвэрт гарсан. Эдгээр хугацаанд миний нөхөр төрийн алба хашиж байхдаа харин ч нэр төртэй шударга ажиллаж байсан ба ямар нэгэн байдлаар хүн зодож, гэмтэл учруулсан тохиолдол байхгүй юм.
Харин бидний хувьд нэг мэргэжил, нэг системд ажилладгийн хувьд аль болохоор ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэхийг ямагт хичээж ирсний илрэл нь олдсон боломж нөхцөл шаардлагаар миний нөхөр ажлын байраа солих үндэслэл болж, улмаар энэ ч үүднээс тэтгэвэрт гарсан болно. Нэгэнт нэг гэр бүл болж амьдарч байгаагийн хувьд бие биеэсээ хамаарахгүй амьдрал ажлаа зохицуулах боломжгүй, шүүгчийн хувьд тэр болгон шилжин ажиллах боломж нөхцөл байдаггүйгээс бид өнөөдрийг хүртэл өөрсдийн хэмжээнд аливаа ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ирсэн нь ийнхүү тэтгэвэрт гарах л боломж байсан билээ.
Миний хувьд анх 1998 оноос эхлэн ... аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхэд туслах шүүгчээр ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл ... аймаг дахь ... шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж ажиллахыг ямагт хичээж, энэ л зарчим, чанарыг өөртөө төлөвшүүлсээр ирсэн болно. Иймд иргэн Ч.Э-ын өргөдөл, мэдээлэлд дурдсан мэдээллүүд нь үндэслэлгүй худал байх тул энэхүү асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл, мэдээлэл гаргагч Ч.Э “... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Б 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2../МА2018/...3 дугаар магадлалаар хэт нэг талыг барьж, бусдад давуу байдал бий болгож шийдвэрлэсэн” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд мэдээлэл гаргажээ.
2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ ...” гэж заасан.
... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2../МА2018/...3 дугаар магадлалтай холбоотой үйл баримт нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд хамаарагдана.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ... аймгийн ... сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1.../ШШ2017/0...4 дүгээр шийдвэрээр Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А-д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 8.422.190 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А-ийн нэхэмжлэгч Ч.Б-д холбогдох 8.150.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэн, хариуцагч Б.А-аас 478.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгох, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 7.944.190 төгрөгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрт нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах гомдол гарган ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2../МА2018/...3 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 1.../ШШ2017/0...4 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Уг магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээр шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагад нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв” гэжээ. /с.х-ийн 17-28 тал/
... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзвэл тус шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэсэн байх ба мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т “анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн гэж үзнэ.
Мөн уг иргэний хэргийг дан ганц Ерөнхий шүүгч Н.Б шийдвэрлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүн болон Ерөнхий шүүгч Н.Б, шүүгч Г.Т, Х.Б нар олонхын саналаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Тухайн давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч Б.А, түүний өмгөөлөгч Э.Б нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1../ХТ2018/0....5 дугаар тогтоолоор “... хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна ..., Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. ... Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмыг дагуу үнэлж, үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлсны үндсэн дээр анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засаж, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.2, 227 дугаар зүйлийн 227.4 дэх заалтад нийцсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.2, 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж дүгнэн давж заалдах шатны шүүхийн 2../МА2018/...3 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Түүнчлэн Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэр, магадлалд үнэлэлт дүгнэлт өгөх, түүнийг өөрчлөх, хүчингүй болгох эрхийг хуулиар олгоогүй бөгөөд тухайн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байх тул шүүгч Н.Б-ийг “нэг талд үйлчилсэн, анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгаж, дахин нотлох баримт цуглуулах шаардлагатай, нотлох баримтуудыг дутуу үнэлсэн” гээн атлаа хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Ерөнхий шүүгч Н.Б нь Ч.Э-ын өргөдөл, мэдээлэлд дурдсан үйл баримттай холбоотойгоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.7, 50.1.22, 19 дүгээр зүйлийн 19.2.5-д тус тус заасныг зөрчөөгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, нотлогдож байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ГС/2023/...8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Б-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарын оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Г.ЦАГААНЦООЖ