МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-02-08
Дугаар 24
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Н нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
“А” банкны хувьцаа эзэмшигч, “Д” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Э-ын ... шүүхийн шүүгч Б.М-д холбогдуулан гаргасан өргөдлийг илтгэгч гишүүн хүлээн авч хянаад, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1...2 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1..0 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1..8 дугаар тогтоолоор илтгэгч гишүүний саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаажээ.
Илтгэгч гишүүн дахин шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ГС/2023/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Өргөдөлд дурдагдсан “Д” ХХК-ийн зүгээс “А банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “У” ХХК болон түүний толгой компани “Н” ХХК нарт холбогдуулан ...шүүхэд хандаж "2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1...4 тоот А банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/..1 тоот хамтран ажиллах гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлж, хөрөнгө оруулалт хийхийг хариуцагч “У” ХХК болон түүний толгой компани “Н” ХХК нарт даалгаж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нийт 7.700.000.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг ...шүүхэд гаргасныг Б.М шүүгч хүлээж аваад 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан. Гэтэл хонгилын өмгөөлөгч гэгддэг Б.Б нь намайг яллагдагчаар татагдахад Ш.Б-ы өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Д.Б нар нь зохион байгуулалттайгаар шүүхэд нөлөөлөх ажлыг хийж, Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11а-3...9 дугаартай, ЦЕГ-ын . . . хэлтсийн мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Б.О-ын гарын үсэгтэй хуурамч бичгийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нотариатаар батлуулан ... шүүхэд гаргаж өгснөөр шүүгч Б.М нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанаар 0...5 дугаартай шүүгчийн захирамж гарган, манай нэхэмжлэлээр үүссэн хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг маргаанд хувийн сэдлээр хандсан” гэх үндэслэлийн тухайд:
... шүүхэд “Д” ХХК, Б.Э нарын нэхэмжлэлтэй “Н” ХХК, “У” ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлж, хөрөнгө оруулалт хийхийг даалгах, гэрээний үүрэгт 7.700.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1../Ш32020/0...5 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
... шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1../ШЗ2020/0...8 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар хариуцагч “Н” ХХК-ийн эд хөрөнгө болон мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 3.850.000.000 төгрөгийн хэмжээнд, “У” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 3.850.000.000 төгрөгийн хэмжээнд тус тус битүүмжлэхээр шийдвэрлэсэн байна.
Тус захирамжид “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М гомдол гаргаж, гомдлыг тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1../ШТ2020/0...6 дугаар тогтоолоор хангахгүй орхиж, шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1../ШЗ2020/0...8 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
... шүүхийн 2020 оны 3 сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын төлөөлөгч Б.ЭБ, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, Ц.М, өмгөөлөгч Б.Б нар оролцсон болох нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1../ШЗ2020/0...5 дугаар захирамж, тус шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
“А” банк, “Э” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/..1 дүгээр хамтран ажиллах гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1..4, 1..5 дугаар гэрээнүүд тус тус байгуулагджээ.
Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан дээрх 3 гэрээ нь “А банк” ХХК-д хөрөнгө оруулахтай холбоотой байгуулагдсан гэрээнүүд бөгөөд тус гэрээнүүдийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Нийслэлийн прокурорын газраас 1....8 тоот эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолоор Б.Э-ыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/..1 дүгээр хамтран ажиллах гэрээгээр халхавчлан 20.000.000.000 төгрөг залилан мэхэлсэн гэж үзэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол хэрэгт авагдсан.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б-ын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11а-3...9 дүгээр албан бичгийн хувь /Шүүх дээр очсон нь бөгөөд текстийг өөрчлөн эх хувийн дугаарыг ашигласан жинхэнэ албан бланк тамга, гарын үсэгтэй хувь/ “...Б.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/..1, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өрийн 01/..2, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1...4 дугаартай гэрээнүүдийг үндэслэн бусдыг залилан мэхэлсэн гэх эрүүгийн 1....8 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх тул хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” гэх утга бүхий индексийн 00...0 дугаартай албан бичиг,
Мөн тухайн албан бичгийн хувь /Эрүүгийн цагдаагийн албаны бичиг хэрэгт хадгалагдаж буй хувь/ “...Тус албаны ...хэлтэст гаргасан таны Х-35 дугаартай хүсэлтийг хүлээн авч танилцлаа. Эрүүгийн 1....8 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явагдаж байх тул хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” гэх утга бүхий индексийн 0...1 дугаартай албан бичиг, тус тус нотлох баримтаар авагдсан.
Өргөдөл гаргагчийн өргөдөлд “... Мөн Б.М шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0...5 дугаартай шүүгчийн захирамжийн “Үндэслэх нь” хэсэгт “Нийслэлийн прокурорын газарт Ш.Б-ы гомдлоор Б.Э-д холбогдуулан талуудын байгуулсан 01/..1, 01/..2, 1...4 дугаартай гэрээнүүдэд үндэслэн бусдыг залилан мэхэлсэн гэх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа нь Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1....8 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11а-3...9 тоот зэргээр тогтоогдож байна гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ноцтой алдаа болжээ...” гэж,
Шүүгч Б.М-ын тайлбарт “Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбараас тухайн үйл баримтыг дүгнээд “Нийслэлийн прокурорын газарт Ш.Б-ын гомдлоор Б.Э-д холбогдуулан талуудын байгуулсан 01/..1, 1...4 дугаартай гэрээнүүдэд үндэслэн бусдыг залилан мэхэлсэн гэх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа үндэслэл тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан ...уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн...” гэх,
... шүүхийн шүүгчийн захирамжид “Нийслэлийн прокурорын газарт Ш.Б-ы гомдлоор Б.Э-д холбогдуулан талуудын байгуулсан 01/..1, 01/..2, 1...4 дугаартай гэрээнүүдэд үндэслэн бусдыг залилан мэхэлсэн гэх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа үндэслэл тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан “ ...уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ.
Дээрх үйл баримтуудаас Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11а-3...9 тоот албан бичгийн “...Б.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/..1, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өрийн 01/..2, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1...4 дугаартай гэрээнүүдийг үндэслэн бусдыг залилан мэхэлсэн гэх эрүүгийн 1....8 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх тул хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” гэх утга бүхий хувийг шүүхэд гаргаж өгсөн болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ” гээд 34.3.1-д “нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх” гэж,
37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж,
38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж,
38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж тус тус заасан.
Хуульд заасан дээрх зохицуулалтын хүрээнд хэрэгт хариуцагч талаас Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1....8 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол, Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11а-3...9 дугаартай албан бичгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн шаардлагыг хангасан хэлбэрээр гарган өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасанчлан шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан эрхийн хүрээнд зохигчдын гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэжээ.
Шүүх хуралдааны үеэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж заасан хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргах боломжтой байсан хэдий ч дээрх баримтууд нь хуурамч, хууль бусаар бүрдүүлсэн талаар хэргийн оролцогчдын аль нэг талаас гомдол гаргаагүй байна.
Дээрх шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1../Ш32020/0...5 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э Б гомдол гаргаж, тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанаар хэлэлцэж, 1../ШТ2020/0...4 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “хэргийн баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс харахад талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл заалттай холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа болох нь Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор тогтоогдож байх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж үзэж, шүүгчийн 1../ШЗ2020/0...5 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан үйл баримт нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2021 оны 3 дугаар сарын 01-нээс өмнө болсон үйл баримт байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэнэ.
Монголын Хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасанчлан шүүгчийн гаргасан шийдвэр, шүүхийн тогтоол хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх эрх Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгогдоогүй болно.
Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн 3-т “Сахилгын хэрэгт, ...шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1../ШЗ2020/1...8 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1../ШТ2020/0...8 дугаар “Гомдол хянан шийдвэрлэх тухай” тогтоол, шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1../ШЗ2020/1..8 дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж, шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1../ШЗ2020/1...6 дугаар “Хэрэг шилжүүлэх тухай” захирамж зэрэг баримтууд авагдсан байх боловч эдгээр баримт тухайн сахилгын хэргийг шалгаж дүгнэхэд ямар ач холбогдолтой байсан болох нь тодорхой бус, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд дээр дурдсан өргөдлийн үндэслэл буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хүсэлт шийдвэрлэх ажиллагааны талаар үнэлж дүгнээгүй нь сахилгын хэргийн шалгах ажиллагаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т заасан “өргөдөл мэдээллийг заавал хянан шийдвэрлэх” зарчимд нийцээгүй байна” гэжээ.
Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт дурдагдсан дээрх эрх зүйн актууд болох ...шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1../ШЗ2020/1...8 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1../ШТ2020/0...8 дугаар “Гомдол хянан шийдвэрлэх тухай” тогтоол, шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1../ШЗ2020/1..8 дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж болон 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1../ШЗ2020/1...6 дугаар “Хэрэг шилжүүлэх тухай” захирамж зэрэг баримтууд авагдсан.
Дээрх баримтууд нь өргөдөлд дурдагдсан “...Ингээд шүүгч Б.М нь манай гаргасан нэхэмжлэлийг хэд хэдэн удаа хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож байснаа бидний гомдлоор түүний үйлдэл нь буруутай болох нь тодорхой болмогц 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн боловч сүүлд нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1...6 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг ...шүүх рүү шилжүүлэн шийдвэрлэснээр өөрөөсөө зайлуулж санаа амраад байгаа юм.
Энэ мэтчилэн шүүгч Б.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэх хуулийн зохицуулалтыг зөрчиж “А банк" ХХК-ийн хувьцаа эзэмшигч “У” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б, Д.Б өмгөөлөгч нартай үгсэн тохиролцож хэрэг маргааныг үүсгэхээс үндэслэлгүй татгалзаж шийдвэрлэснээр А банкны хувьцаа эзэмшигч “У” ХХК-д давуу байдал олгож шүүгчийн хуулиар хориглосон хориглолтыг зөрчсөнөөс гадна өөрөө дур мэдэн шийдвэрлэж манай зүгээс гаргасан аливаа хүсэлтийг хангахаас мөн татгалзан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өөрт олгоогүй эрхийг эдэлж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах, хориглолтыг зөрчсөн...” гэх өргөдлийн үндэслэлд хамаарч байх боловч Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасанчлан шүүгчийн гаргасан шийдвэр, шүүхийн тогтоол хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх эрх Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгогдоогүй байх тул дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, тус захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн тогтоол, иргэний хэрэг үүсгэсэн захирамж, хэргийг ...шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм.
Иймд ... шүүхийн шүүгч Б.М-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ.
Шүүгч Б.М тайлбартаа: “... миний бие тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон журмын дагуу “Д” ХХК, Б.Э нарын “Н” ХХК, “У” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1../Ш32020/0...5 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн.
Нэхэмжлэгч “Д” ХХК, Б.Э нар нь хариуцагч “Н” ХХК, “У” ХХК нарт холбогдуулан талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 1...4 тоот А банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №01/..1 тоот Хамтран ажиллах гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлж, хөрөнгө оруулалт хийхийг хариуцагч “Н” ХХК болон “У” ХХК-иудад даалгаж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нийт 7.700.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.ЭБ 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК, “У” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн дүн болох 7.700.000.000 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1../Ш32020/0...8 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагч “Н” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.С нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №01/63-1 итгэмжлэлээр төлөөлөх эрхийг Ц.М-т, мөн өдрийн №01/63а итгэмжлэлээр төлөөлөх эрхийг Д.Б нарт, хариуцагч “У” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №01/64 итгэмжлэлээр төлөөлөх эрхийг Ц.М-т, мөн өдрийн №2020/04 итгэмжлэлээр төлөөлөх эрхийг Д.Б нарт тус тус олгосон байх ба төлөөлөгч Ц.М-т 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулж, хуульд заасан ажиллагааг хийсэн байна.
Хариуцагч “У” ХХК-ийн төлөөлөгч Ц.М, хариуцагч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.СБ нар нь шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1../Ш32020/0...8 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг эс зөвшөөрсөн гомдлыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр гаргасныг тус шүүх мөн өдрөөр хүлээн авсан.
Тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны 1../ШТ2020/0...6 дугаар тогтоолоор шүүгчийн 1../Ш32020/0...8 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэж, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1../АБ2020/0..16 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүгчийн 1..8 дугаар захирамжийг хүргүүлсэн байна.
Шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1../Ш32020/0..2 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлосон ба хариуцагчийн төлөөлөгч Ц.М 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нийт 19 хуудас баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-аас татгалзаж, өмгөөлөгч авах хүсэлтийг бичгээр гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр хойшлуулсан байна.
Тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд зохигч талуудын төлөөлөгч нар биечлэн оролцож, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ дэмжиж, хариуцагч тал уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэрэгсэхгүй болгуулах үндэслэлээр мэтгэлцсэн.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбараас тухайн үйл баримтыг дүгнээд “Нийслэлийн прокурорын газарт Ш.Б-ы гомдлоор Б.Э-д холбогдуулан талуудын байгуулсан 01/..1, 1...4 дугаартай гэрээнүүдэд үндэслэн бусдыг залилан мэхэлсэн гэх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа үндэслэл тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан “...уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.
Хэрэгт Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1....8 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11а-3...9 дугаартай албан бичгүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн шаардлагыг хангасан, тухайн албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан баримтыг ирүүлснийг шүүх үнэлсэн болно.
Мөн дээрх баримтууд нь хуурамч, хууль бусаар бүрдүүлсэн талаар талууд маргаагүй, энэ талаар гомдол гаргаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э дээрх шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1../Ш32020/0...5 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүхийн 1../ШТ2020/0...4 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн маргааныг шийдвэрлэж байгаа бус харин энэ маргааныг тухайн тохиолдолд шүүх шийдвэрлэх боломжгүй байгааг илэрхийлж байгаа бөгөөд зохигч талууд дээрх зөрчлөө арилгасны дараа харьяалах шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад уг захирамж саад болдоггүй.
Нэхэмжлэгч “Д” ХХК, Б.Э нар нь хариуцагч “Н” ХХК, “У” ХХК нарт холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба хариуцагч “Н” ХХК, “У” ХХК нар нь ... дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй хаягтай, тэнд үйл ажиллагаагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.18 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/Ш320201...6 дугаар захирамжаар хэргийг шилжүүлсэн байна.
Шүүгч миний бие уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын гаргасан хүсэлт, нотлох баримтад үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан ба хэргийн оролцогчийн хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргаагүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч “А” банкны хувьцаа эзэмшигч, “Д” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Э “шүүгч Б.М …иргэний нэхэмжлэлийг Б.Э гаргаагүй, “Д” ХХК гаргасан байхад Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т заасныг зөрчиж, Б.Э-тай холбоотой баримтаар “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгч нь нэг талд үйлчилсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх байтал хариуцагч талаас өөрийн санаачилгаар, хуурамчаар бүрдүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын ... хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.О-ын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11а-3...9 дугаартай албан бичгийг шүүхэд өгснийг шалгаж, үнэлэлгүйгээр хүлээн авч, тухайн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн манай гаргасан нэхэмжлэлийг хэд хэдэн удаа хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож байснаа бидний үйлдлээр түүний гаргасан үйлдэл нь буруутай болох нь тодорхой болмогц 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн боловч, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ...шүүх рүү шилжүүлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг зөрчсөн” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Д” ХХК, болон Б.Э нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Н” ХХК, “У” ХХК-д холбогдох, хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлж, хөрөнгө оруулалт хийхийг даалгах, гэрээний үүрэгт 7.700.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1../Ш32020/0...5 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Шүүгчийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжийн ТОДОРХОЙЛОХ нь хэсгээс үзэхэд нэхэмжлэгч нар, талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 1...4 дүгээр А банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/..1 дүгээр Хамтран ажиллах гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлж хөрөнгө оруулалт хийхийг хариуцагч нарт даалгаж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нийт 7.700.000.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.
Шүүгчийн захирамжаас үзэхэд дээрх нэхэмжлэлийг “Д” ХХК, Б.Э нар гаргасан байх тул өргөдөлд дурдсан “...иргэний нэхэмжлэлийг Б.Э гаргаагүй, “Д” ХХК гаргасан...” гэсэн нь үгүйсгэгдэж байна.
Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1../ШЗ2020/0...8 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, хариуцагч “Н” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээ болох 3.850.000.000 төгрөгийн хэмжээнд, хариуцагч “У” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээ болох 3.850.000.000 төгрөгийн хэмжээнд тус тус битүүмжилсэн байна.
Шүүгчийн тухайн захирамжид хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М гомдол гаргасныг ...шүүх 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, 1../ШТ2020/0...6 дугаар шүүхийн тогтоолоор гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэжээ.
Улмаар 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар уг иргэний хэргийг хэлэлцэж, шүүгчийн 1../ШЗ2020/0...5 дугаар захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүгчийн захирамжийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...А банк, “Э” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/..1 дүгээр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр “Н” ХХК нь А банкинд 27,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж банкны 49 хувийг эзэмшихээр, “Н” ХХК нь Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тус үйлдвэрийн 20 хувийг эзэмшихээр гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг даран баталгаажуулжээ.
…Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй байна. Тодруулбал, нэхэмжлэгч тал Б.Э-д холбогдуулан талуудын байгуулсан Байшин үйлдвэрлэх комбинаттай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэх тайлбарыг гаргасан нь дараах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Прокурорын газарт Ш.Б-ы гомдлоор Б.Э-д холбогдуулан талуудын байгуулсан 01/..1, 01/..1, 1...4 дугаартай гэрээнүүдэд үндэслэн бусдыг залилан мэхэлсэн гэх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1....8 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11а-3...9 тоот зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ.
Тухайн өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч “01/..1, 01/..2, 1...4 тоот гэрээний гарын үсгүүд нь Б.Э-ын гарын үсэг мөн үү” гэхэд, нэхэмжлэгчийн төлөөлөгч “мөн” гэсэн нь шүүх хуралдааны 1../ШЗ2020/0...5 дугаартай тэмдэглэлийн 6 дугаар талын 19-20 дугаар догол мөрт, даргалагчаас “хариуцагч талаас тодруулая. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа үйл баримт нь тухайн 3 гэрээтэй хамааралтай гэж тайлбарласан. Гомдол гаргасан агуулга нь юу вэ?” гэхэд хариуцагчийн төлөөлөгч “энэ 3 гэрээг үндэслээд А банкны 49,01 хүртэл хувийн хувьцааны төлбөрийг урьдчилж авсан. 49,01 хүртэл хувь баталгаажуулж өгөхгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхгүй байгаатай холбоотой. Мөн бусад гэрээнүүдийг халхавчлах зорилгоор хийсэн тул залилан мэхлэх эрүүгийн гэмт хэрэг хийсэн гэж үзэж байна. Энэ гэрээний гомдолтой холбоотой шалгагдаж байгаа нь яллагдагчаар татсанаас хойш 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүсэлт тавьж уг албан бичгийг авсан” гэсэн нь шүүх хуралдааны 1../ШЗ2020/0...5 дугаартай тэмдэглэлийн 7 дугаар талын 1 дэх догол мөрт тус тус тэмдэглэгдсэн байна. Мөн шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч “Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн албанаас төлөөлөгч Б танаа гэсэн албан бичгийг судлуулъя” гэсэн нь шүүх хуралдааны 1../ШЗ2020/0...5 дугаартай тэмдэглэлийн 6 дугаар талын 8 дахь догол мөрт бичигдсэн байна.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад тухайн иргэний хэрэгт үзлэг хийхэд шүүгч Б.М нь Цагдаагийн ерөнхий газрын ... хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.О-ын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11а-3...9 дугаартай өмгөөлөгч Д.Б-д хандсан “Тус албаны ...хэлтэст гаргасан таны Х-35 дугаартай хүсэлтийг хүлээн авч танилцлаа. Б.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/..1, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/..2, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1...4 дугаартай гэрээнүүдийг үндэслэн бусдыг залилан мэхэлсэн гэх эрүүгийн 1....8 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх тул хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” гэх албан бичиг зэргийг үндэслэсэн байна.
Тухайн албан бичгийг ...дүүргийн тойргийн нотариатч Б.З-ийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийн 308 дугаарт гэрчилсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос бичмэл нотлох баримтыг гаргахдаа шүүхэд эх хувиар нь өгнө. Хэрэв бичмэл нотлох баримтыг эхээр өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгнө гэх шаардлагыг хангажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ” гэж тус тус заасан.
Улсын дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа, цаашид анхаарах асуудал” зөвлөмжийн 1.2-т “...Хэрэг хянан шийдвэрлэх бүх шат мэтгэлцэх хэлбэрээр явагдана. Мэтгэлцэнэ гэдэг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэх, хариуцагч түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, түүнийхээ үндэслэлийг нотлох үүргийг хүлээнэ. Мэтгэлцэх ажиллагаа хэрэгжихэд өөрийн шаардлага, татгалзлаа нотлохдоо нотлох баримтаа гаргасан байх, тухайн нотлох баримт нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай байх, хуульд заасан арга, хэлбэрээр бэхжигдсэн байх ёстой. Мөн өөрөө олж авах боломжгүй бол хүсэлт гаргаж шүүхээр бүрдүүлсэн байх ёстой...”, 2.3 дугаар зүйлд “Зохигчдоос гаргаж буй нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангасан байхыг хэргийн оролцогчдод шүүгч тайлбарлан сануулж байвал зохино. Зохигч ямар бичмэл нотлох баримт гаргаж байгаа, тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан хэлбэрээр бэхжигдсэн эсэхийг шүүгч хянана...”, 2.4 дүгээр зүйлд “Нотлох баримт бүрдүүлэх талаар хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй байдал, учир шалтгааныг тодруулж, тогтоон, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг шүүх анхаарна...”,
мөн шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаартай “Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа” зөвлөмжид “...Хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргаж өгсөн, мөн тэдгээрийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нийт нотлох баримтыг шинжлэн судалж үзсэний эцэст талуудын хооронд ямар харилцаа үүсэж, хэн ямар үүргээ хэрхэн биелүүлсэн, эсхүл биелүүлээгүй, маргаан чухамхүү ямар асуудлаар хэрхэн үүссэн талаар тодорхой ойлгомжтой төсөөлөл бий болсон тохиолдолд шүүх маргааныг тасалж, шийдвэр гаргах боломжтой болно...”,
мөн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримт” зөвлөмжийн 1.1-д “...Бичмэл баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй тохиолдолд хуулбарыг нь өгөх ёстой. Хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна. Хуулиар тогтоосон эдгээр шаардлага нь хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, иргэн хэн алинд нэгэн адил хамаарах юм. Нотариатч нь тухайн баримтын үнэн зөвийг биш харин тухайн баримтын хуулбар нь эх хувьтай нийцэж байгаа байдлыг гэрчлэн баталж байгаа хэрэг...”, 1.2-т “Иргэний хэргийн зохигч, гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох, шаардлагыг биелүүлэхэд, татгалзлыг хүлээн авахад үндэслэл болох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, нотлох баримтыг өөрсдөө болон төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан цуглуулах үүрэгтэй байдаг...” гэж тус тус зөвлөсөн байна.
Дээрх хуулийн зохицуулалт, Улсын дээд шүүхийн зөвлөмжөөс үзэхэд шүүх хувь хүн, байгууллага, улсын нууцтай холбоотой, хэргийн оролцогчоос өөрсдөө гарган өгөх боломжгүй баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчдын хүсэлтээр бүрдүүлэхээс гадна, хэргийн оролцогчоос өөрсдийн шаардлага, татгалзалтай холбоотой баримтаа нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд өгч болно. Үүний дагуу хариуцагч талаас шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээр дурдагдсан 11а-3...9 дугаартай албан бичгийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан буюу нотариатаар батлуулсан байдлаар өгсөн байх тул шүүгчийг буруутгах боломжгүй юм.
Мөн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасныг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгчийн захирамжийн үндэслэлийг хэлэлцэн, “...Хэргийн баримт, зохигчдын тайлбар, мэдүүлгээс харахад талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл заалттай холбоотой, нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа болох нь Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор тогтоогдож байх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнээд шүүхийн 1../ШТ2020/0...4 дүгээр тогтоолоор гомдлыг хангахгүй орхисон байна.
Иймд шүүгч Б.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хуульд заасан нотлох баримтын шаардлага ханган шүүхэд өгсөн 11а-3...9 дугаартай албан бичгийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна гэж үзнэ.
Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Д” ХХК-иас хариуцагч “Н” ХХК, “У” ХХК-д холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 1...4 тоот А банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээнд заасан үүргээ биелүүлж, 8.787.203.000 төгрөгийг хөрөэнгө оруулалт хийхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргахад шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 1../ШЗ2020/1...8 дугаар захирамжаар “нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан” гэж үзэн иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасныг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүхийн 1../ШТ2020/0...8 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1../ШЗ2020/1..8 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...хариуцагч “Н” ХХК, “У” ХХК нар нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ... дүүрэгт үйл ажиллагаа явуулж байх тул хэргийг шилжүүлэх тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1../ШЗ2020/1...6 дугаар захирамжаар “... хариуцагч нар нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ...дүүрэг... хаягт үйл ажиллагаа явуулахаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн баримтыг хэрэгт ирүүлж... Нэхэмжлэгч хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа ...хариуцагч “Н” ХХК-ийн хуучин хаягаар гаргасан байна. Гэвч хариуцагч нарын үйл ажиллагаа явуулдаг хаяг өөрчлөгдөж ...дүүрэг... хаягт үйл ажиллагаа явуулдаг болсон болох нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдсэн бичилтээр тогтоогдож байх тул холбогдох иргэний хэргийг харьяаллын дагуу ...шүүхэд шилжүүлэх нь зүйтэй” гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн дараах шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн хаяг өөрчлөгдсөн болохыг нэхэмжлэгч мэдээгүй хуучин хаягаар нь нэхэмжлэл гаргасан тохиолдол үүсэж нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяалал зөрчсөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн байна.
Шүүхийн харьяалал зөрчсөн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн бол мөн хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломж шүүгч Б.М-д байсан боловч тэрээр хэргийг зохих шүүх буюу ...шүүхэд шилжүүлснийг шүүгч хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн гэж үзнэ.
Иймд өргөдөл гаргагчийн “нэхэмжлэлийг хэд хэдэн удаа хүлээн авахаас татгалзаж, бидний үйлдлээр шүүгчийн үйлдэл нь буруутай болох нь тодорхой болмогц хэргийг шилжүүлсэн” гэх өргөдлөөр шүүгчийг буруутгахгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Б.М нь “Д” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Э-ын өргөдөлд дурдсан үйл баримттай холбоотойгоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг тус тус зөрчөөгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ГС/2023/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Г.ЦАГААНЦООЖ