МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-01-18
Дугаар 14
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
“Ф” ХХК-ийн захирал Н.М-ын ...шүүхийн Ерөнхий шүүгч Р.А-д холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийг илтгэгч гишүүн хүлээн авч хянаад 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1..9 дүгээр захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулаад 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ГС/2023/0...8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: ...Шүүгч Р.А нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1../ШЗ2022/1...8 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасныг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хариуцагч “Ф” ХХК болон Н.М иргэн, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс бусадтай их хэмжээний гэрээ хэлцэл хийхгүй байх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурахгүй байх, цалин, нийгмийн даатгал, татвараас бусад зориулалтаар хуулийн этгээдийн бүх данснаас зарлага гаргахгүй байхыг даалгаж, уг захирамжид гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Уг захирамжид хариуцагч тал гомдол гаргасныг үндэслэн гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1../ШТ2022/0...9 дугаар шүүхийн тогтоолоор хариуцагчийн гомдлыг хангахаас татгалзаж, шүүхийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй”, 69.1.5-д “тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах”, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаас үзвэл шүүгчид нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гаргах бүрэн эрхийг хуулиар олгожээ.
Мөн хэргийн оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах хүсэлтийг хязгаарлахгүй ба хүсэлтийг шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, шийдвэрлэсэн нь хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд байх тул шүүгч Р.А-г дээрх өргөдлийн үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан үзэхгүй юм.
Түүнчлэн өргөдөл гаргагчаас “...хариуцагч нь өөр, хоорондоо холбоогүй, тусдаа хэрэг маргаан байхад нь М.Ж-ийн Н.М болон “Ф” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг автоматаар гараар өөртөө хуваарилан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзэж байна” гэж өргөдөлдөө дурдсан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ...шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1../ШЗ2022/0...3 дугаар шүүгчийн захирамжаар М.Ж-аас Н.М-т холбогдуулан гаргасан “гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” нэхэмжлэлийг шүүгч Р.А буцааж шийдвэрлэсэн байна.
Үүний дараа 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр М.Ж-аас Н.М , “Ф” ХХК-д холбогдуулан “Н.М-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, 6...7 регистрийн дугаартай, “Ф” ХХК-ийн 100 хувийн хувьцааг буцааж өгөхийг Н.М-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүгч Р.А-д гараар хуваарилагджээ.
Уг нэхэмжлэл нь шүүгчид гараар хуваарилагдсан болох нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “энэ хуулийн 19.3 дах хэсэгт заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах”, 19.3 дах хэсэгт “Энэ хуулийн 19.2.5-д заасан журам нь хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлага хангасан программ хангамжийг ашиглана” гэж заасан.
Харин ...шүүхийн шүүгчдийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1../ЗТ2022/0...5 дугаар зөвлөгөөний тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, даалгавар хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ыг баталсан бөгөөд тус журмын 2.2-т “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан, нэхэмжлэлийг буцаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа нэхэмжлэгч уг нэхэмжлэлээ дахин гаргасан, ийнхүү гаргахдаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, багасгасан, хамтран нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэгдсэн, нэхэмжлэгч, хариуцагч хасагдсан зэрэг тохиолдолд урьд хүлээн авсан шүүгчид системийн тойрогт орохгүйгээр, нэмэлтээр гараар хуваарилна” гэж заажээ.
Дээрх зөвлөгөөний тогтоолын дагуу М.Ж-аас Н.М , “Ф” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүгч Р.А-д гараар хуваарилсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасныг зөрчөөгүй байх тул шүүгчийг дээрх өргөдлийн үндэслэлээр буруутгах боломжгүй.
3. Өргөдөлд “...М.Ж-ийн нэхэмжлэлтэй Н.М , “Ф” ХХК-д холбогдох гэрээтэй холбоотой шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг ...шүүх хянан шийдвэрлэхээр байхад шүүгч Р.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзан, хариуцагч “Ф” ХХК-ийн оршин байгаа газрыг нэхэмжлэгч М.Ж-ийн оршин суугаа газраар тодорхойлсон” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч талаас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1../ШЗ2022/1...8 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хүсэлт, мөн хариуцагч нарын оршин суугаа газрын харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэх хүсэлтийг тус тус гаргасан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1../ШЗ2022/1...4 дугаар шүүгчийн захирамжаар дээрх хариуцагчийн хүсэлтүүдийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Сахилгын хэрэгт хариуцагч “Ф” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4/..1, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/...6 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэгт “Ф” ХХК-ийн албан ёсны хаягийг Улаанбаатар хот, ...тоот гэж тэмдэглэсэн байна.
Харин хариуцагч Н.М нь У ...тоот хаягт бүртгэлтэй гэх лавлагаа хэрэгт хавсаргагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана”, 14.2 дахь хэсэгт “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана”, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хэд хэдэн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэгч өөрийн үзэмжээр шүүхийн харьяаллыг сонгон нэхэмжлэл гаргахыг хуулиар зөвшөөрсөн бөгөөд шүүгч нэхэмжлэгчийн сонгосон харьяаллаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Мөн хариуцагч нь шүүхийн харьяалал өөрчлүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1../ШЗ2022/1...4 дугаар шүүгчийн захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, гомдол гаргасныг тус шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцээд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1.../ШТ2022/0...2 дугаар шүүхийн тогтоолоор дээрх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1...9 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар Ерөнхий шүүгч Р.А-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна” гэжээ.
Ерөнхий шүүгч Р.А хариу тайлбартаа: “...М.Ж-ийн нэхэмжлэлтэй Н.М-т холбогдох гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг ... шүүхээс 2021 онд тус шүүхэд шилжиж ирсэн байна. Тус шүүхийн бүх шүүгчээс татгалзсанаар хэргийг ...шүүхэд шилжүүлж ирүүлсэн, хэрэг, нэхэмжлэл хуваарилах журмын дагуу шүүгч надад хуваарилагдсан байна. Улмаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй тул шүүгчийн 2022 оны 3-р сарын 10-ны өдрийн 1../Ш32022/0...3 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаажээ. Улмаар нэхэмжлэгч М.Ж нь 2022 оны 6-р сарын 25-ны өдөр тус шүүхэд Н.М болон “Ф” ХХК-д холбогдуулан “Н.М-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 02, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, 6...7 регистрийн дугаартай “Ф" ХХК- ийн 100%-ийн хувьцааг буцааж өгөхийг Н.М-т даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 55 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, даалгавар хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам"-ын 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгч надад хуваарилагдсан байна. Өөрөөр хэлбэл, урьд буцаасан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн, хэд хэдэн хариуцагч, нэхэмжлэгчтэй болсон тохиолдолд тухайн шүүгчид нэмэлтээр, гараар хуваарилахаар тогтоосон журмын дагуу хуваарилагджээ.
1. Нэхэмжлэлийг автоматаар гараар өөртөө хуваарилан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзсэн гомдлыг үүгээр үгүйсгэж байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгч иргэний хэрэг үүсгэхдээ, үүсгэсний дараа авч болно. Энэ хүсэлт нь шүүхээс гарах шийдвэр баталгаатай биелэгдэх нөхцөл байдлыг урьдчилан бэлтгэх, шүүхийн шийдвэр гарах болон түүнийг биелүүлэх хүртэл хариуцагч төлбөрийн чадваргүй болох, эсхүл өөрийн шаардлагыг түргэн шуурхай барагдуулахын тулд баталгаатай байх зорилгыг агуулдаг. Шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1../Ш32022/...2 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т заасны дагуу “Ф" ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэх, дамжуулах буюу аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхыг хариуцагч нарт даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан, захирамжийг хариуцагч нар маргаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.5 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 8 сарын 01-ний өдрийн 1../Ш32022/1...8 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч хуулийн этгээд болон Н.М нарт иргэн, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс бусадтай их хэмжээний гэрээ хэлцэл хийхгүй байх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурахгүй байх, цалин нийгмийн даатгал, татвараас бусад зориулалтаар хуулийн этгээдийн бүх данснаас зарлага хийхгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн. Захирамжийг хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б эс зөвшөөрч гомдол гаргасан. Гомдлыг хянан хэлэлцээд тус шүүхийн 2022 оны 8-р сарын 22-ны 1../ШТ2022/0...9 дугаар тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан, тогтоол хүчинтэй байна. Хариуцагч Н.М-ын бусад этгээдтэй иргэн, захиргааны эрх зүйн харилцаанд оролцох боломжийг хязгаарласан, хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй, захирамж, тогтоол хүчин төгөлдөр болжээ.
3. Шүүгчийн 2022 оны 9 сарын 29-ний өдрийн 1../Ш32022/1...4 дугаар захирамжаар хэргийг ...шүүхэд шилжүүлэхийг хүссэн хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхисон. Хариуцагч “Ф” ХХК нь У дүүргийн ...тоот хаягт үйл ажиллагаа явуулж байгаа, түүнчлэн хариуцагч Н.М нь У дүүргийн ...тоот хаягт оршин суудаг гэх үндэслэлийг заажээ. Гэвч тухайн компани нь тус хороонд орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байгаагаас гадна улсын бүртгэлд бүртгэгдсэн хаяг нь ...тоот хаяг хэвээрээ байна. Хэдийгээр хариуцагч Н.М нь У дүүрэгт оршин суудаг боловч нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15-р зүйлийн 15.3 дахь хэсэгт зааснаар өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана гэсэн хуулийг зөрчөөгүй. Захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцээд тус шүүхийн 2022 оны 10-р сарын 14-ний өдрийн 1.../ШТ2022/0...2 дугаар тогтоолоор гомдлыг хангахгүй орхисон, шүүгчийн захирамж тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
4. Хуульд заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.7, 50.1.22, 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасныг зөрчсөн зөрчлийг гаргаагүй, нөгөө талаас, дээрх гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч “Ф” ХХК-ийн захирал Н.М “Иргэн М.Ж нь Н.М-т холбогдуулан 2021 онд нэхэмжлэл гаргахад системээр санамсаргүй байдлаар шүүгч Р.А-д хуваарилагдсан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Гэтэл нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл, хариуцагч нь өөр, хоорондоо холбоогүй, тусдаа хэрэг маргаан байхад системээр бус гараар өөртөө хуваарилан авч шийдвэрлэж байгаа нь хуулийг зөрчиж, хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан; шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.5-д зааснаар хариуцагч хуулийн этгээд болон Н.М нарт иргэн, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс бусадтай их хэмжээний гэрээ хэлцэл хийхгүй байх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурахгүй байх, цалин нийгмийн даатгал, татвараас бусад зориулалтаар хуулийн этгээдийн бүх данснаас зарлага хийхгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн зорилго, зарчмыг зөрчсөн; хариуцагч хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулж буй хаяг болон хариуцагч Н.М-ын оршин суугаа газрын хаяг нь У дүүрэг байхад хэргийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан ба уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, гомдол гаргахад гомдол хэлэлцэж буй шүүх бүрэлдэхүүн Ерөнхий шүүгчийнхээ захирамжийг хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа нь ашиг сонирхлын зөрчил гаргаж байна. Тус шүүхийн Ерөнхий шүүгч Р.А-ийн дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.7, 50.1.22, 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасныг зөрчсөн” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.
1. Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Н.М-т холбогдуулан 2021 онд нэхэмжлэл гаргахад системээр санамсаргүй байдлаар шүүгч Р.А-д хуваарилагдсан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан ба нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл, хариуцагч нь өөр, хоорондоо холбоогүй, тусдаа хэрэг маргаан байхад системээр бус гараар өөртөө хуваарилан авч шийдвэрлэж байгаа нь хуулийг зөрчиж, хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас ...шүүхэд нэхэмжлэгч М.Ж хариуцагч Н.М-т холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх ба шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1../ШЗ2022/0...3 дугаар захирамжаар нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг түүний оршин суугаа хаягаар “М” ХК-иар хүргүүлж, хорооны Засаг дарга болон өөрийнх нь 8....3 дугаарын утсанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэж байжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах”, 19.3 дахь хэсэгт “энэ хуулийн 19.2.5-д заасан журам нь хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлага хангасан программ хангамжийг ашиглана” гэж зааснаар тус шүүх нь шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1../ЗТ2022/0...5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, даалгавар хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын дагуу нэхэмжлэлийг хуваарилсан байна.
Тодруулбал, уг журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан, нэхэмжлэлийг буцаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа нэхэмжлэгч уг нэхэмжлэлээ дахин гаргасан, ийнхүү гаргахдаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, багасгасан, хамтран нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэгдсэн, нэхэмжлэгч, хариуцагч хасагдсан зэрэг тохиолдолд урьд хүлээн авсан шүүгчид системийн тойрогт орохгүйгээр, нэмэлтээр гараар хуваарилна” гэж заажээ.
Шүүгчийн дээрх 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1../ШЗ2022/0...3 дугаар захирамжаар М.Ж-ийн нэхэмжлэлийг буцаасны дараа М.Ж нь хариуцагчаа нэмэн “Ф” ХХК, Н.М нарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, “Ф” ХХК-ийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг Н.М-т даалгах тухай болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дахин гаргахад дээрх журмын дагуу Ерөнхий шүүгч Р.А-д гараар хуваарилагдан, шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1../ШЗ2022/1...8 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
Энэ нь илтгэгч гишүүний шалгах ажиллагааны хүрээнд “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул Ерөнхий шүүгч Р.А-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
2. Ерөнхий шүүгч Р.А нь шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1../ШЗ2022/1...8 дугаар захирамжаар хариуцагч хуулийн этгээд болон Н.М нарт иргэн, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс бусадтай их хэмжээний гэрээ хэлцэл хийхгүй байх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурахгүй байх, цалин, нийгмийн даатгал, татвараас бусад зориулалтаар хуулийн этгээдийн бүх данснаас зарлага хийхгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн зорилго, зарчмыг зөрчсөн гэх тухайд:
Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Ж-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ф” ХХК, Н.М нарт холбогдох 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, “Ф” ХХК-ийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг Н.М-т даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээг авхуулах тухай” хүсэлт гаргасныг хангаж, шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1../ШЗ2022/1...2 дугаар захирамжаар хариуцагч “Ф” ХХК-ийн хувьцааг бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх зэргээр захиран зарцуулахгүй байхыг хариуцагч “Ф” ХХК, түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Н.М нарт даалгаж шийдвэрлэсэн байна.
Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Нотлох баримт гаргуулах болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дах хэсэгт “...69.1-д заасан хэд, хэдэн арга хэмжээг нэгэн зэрэг авч болно гэж зааснаар хариуцагч нарт иргэн болон хуулийн этгээдийн нэрийн өмнөөс бусадтай гэрээ хэлцэл байгуулах, их хэмжээний хэлцэл хийх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурахгүй байх, цалин, нийгмийн даатгал, татвараас бусад зориулалтаар хуулийн этгээдийн бүх данснаас зарлага хийхгүй байхыг даалгах тухай” хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дах хэсэгт “шүүгч энэ хуулийн 69.1-д заасан хэд хэдэн арга хэмжээг нэгэн зэрэг авч болно” гэсэн заалт нь шүүгч мөн хуулийн 69.1.1-69.1.5-д заасан арга хэмжээг дангаар нь эсхүл хэд хэдэн арга хэмжээг давхар авч болох хуулийн зохицуулалт тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1../ШЗ2022/1...8 дугаар захирамжаар “нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй нь холбоотой” гэж үзэн захирамжийн 3 дахь заалтаар хангаж шийдвэрлэсэн байна.
Тухайн шүүгчийн захирамжид хариуцагч “Ф” ХХК-ийн төлөөлөгч Н.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б нар гомдол гаргаж, тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэн, 1../ШТ2022/0...9 дүгээр тогтоолоор “...шүүгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан нь хуульд нийцэж байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5 дахь хэсэгт “шүүх энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болохгүй” гэж заасан нөхцөл байдал бий болсон буюу бий болж болзошгүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэн шүүгчийн 1../ШЗ2022/1...8 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл шүүгч болон шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд, өөрийн дотоод итгэл үнэмшлээр шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргах эрхтэй тул тэднийг буруутгах боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
3. Хариуцагч хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулж буй хаяг болон хариуцагч Н.М-ын оршин суугаа газрын хаяг нь У дүүрэг байхад хэргийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан ба уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, гомдол гаргахад гомдол хэлэлцэж буй шүүх бүрэлдэхүүн Ерөнхий шүүгчийнхээ захирамжийг хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа нь ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нар “...шүүгчийн 1../ШЗ2022/1...8 дугаар захирамжаар компанийн үйл ажиллагааг шүүх хууль бусаар зогсоож, шууд хохирол учруулах үйлдэл болсон тул уг захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болгох”, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б “...хариуцагч “Ф” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг болон хариуцагч Н.М-ын оршин суудаг хаяг нь У дүүргийн ...нутаг дэвсгэрт байдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хариуцагч нарын оршин суугаа /байгаа/ газрын харьяаллын дагуу шилжүүлэх, мөн байгууллагын ажлын байранд үзлэг хийлгэх тухай” хүсэлтүүдийг гаргажээ.
Шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1../ШЗ2022/1...4 дүгээр захирамжаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан арга хэмжээг авснаар хариуцагчийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг шууд алдагдуулсан, орлого олох эх үүсвэрийг шууд хаасан, борлуулалт, захиалга хийх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Нөгөө талаас, хариуцагч дээрх арга хэмжээг солиулах тухай хүсэлт гаргаагүй, шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь энэ хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл захирамжийг бодит байдалд нийцээгүй, үг, үсэг, тооцооллын алдаатай гарсан гэж үзэхгүй, шүүгч өөрөө алдаагаа засах нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хариуцагч Н.М нь У дүүрэг, ... хаягт бүртгэлтэй, оршин суудаг болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн лавлагаагаар, хариуцагч “Ф” ХХК нь ...дүүрэг, ...хаягт бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. Хариуцагч “Ф” ХХК нь У дүүрэг, ... хаягт ажил хэргээ байнга явуулдаг, удирдах байгууллага нь байгаа газар гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хэргийг шилжүүлэх хүсэлтийг хангахгүй орхив.
Мөн үзлэг хийлгэх тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гэх үндэслэлгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзав” гэж дүгнэн хүсэлтүүдийг хангаагүй орхисон байна.
Хариуцагч “Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэн, 1.../ШТ2022/0...2 дугаар тогтоол гарсан байна.
Уг тогтоолоор “...шүүгчийн захирамжийн хэрэг шилжүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулах талаар хариуцагч нь гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ “хариуцагч “Ф” ХХК нь У дүүргийн ...-д үйл ажиллагаа явуулж, удирдлага нь байрлаж байгаа” гэж тайлбарлав. Гэвч энэ талаарх баримт байхгүй, шүүхэд өмнө өгсөн баримт нь дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байгаа талаарх баримт болохоос биш оршин байгаа хаягийг тодорхойлоогүй” гэж үзэн гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1../ШЗ2022/1...8 дугаар захирамжаар Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газраас хариуцагч “Ф” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг авсан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 4/6...1 дүгээр албан бичгээр “Ф” ХХК нь ... дүүрэг, ...хаягт байрладаг байх ба энэ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 00....3 дугаартай гэрчилгээнд бичигдсэн хуулийн этгээдийн албан ёсны хаяг болох нь тогтоогдож байна.
Мөн У дүүргийн ... хорооны Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 7..8 дугаар албан бичгээр “Ф” ХХК нь ...барилгын ажил гүйцэтгэж байгааг тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэлийг хуулийн этгээдэд холбогдуулан гаргаж буй тохиолдолд түүний ажил хэргээ байнга явуулдаг газрын шүүхэд ч, удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд ч гаргах эрх нь нэхэмжлэгчид байна. Мөн нэхэмжлэлийн агуулгаас үл хамааран нэхэмжлэгч хуульд заасан дээрх харьяаллын аль нэгээр нь нэхэмжлэл гаргасныг буруу гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй юм.
Иймд Ерөнхий шүүгч Р.А нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд, өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ үнэлэн хэргийг харьяаллын дагуу шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй юм
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхын саналаар шийдвэрлэнэ”, 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж тус тус заасан.
Иймд шүүх бүрэлдэхүүн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1.../ШТ2022/0...2 дугаар тогтоол гаргасныг мөн буруутгах боломжгүй болно.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Ерөнхий шүүгч Р.А нь Н.М-ын өргөдөлд дурдсан үйл баримттай холбоотойгоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.7, 50.1.22, 19 дүгээр зүйлийн 19.2.5-д тус тус заасныг зөрчөөгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, нотлогдож байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ГС/2023/0..8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...шүүхийн Ерөнхий шүүгч Р.А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Б.СУГАР