info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-01-05

Дугаар 6

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Н, холбогдох шүүгч Ц.А, ажиглагчаар Д.Р нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн Д.Р-ээс ... шүүхэд ажиллаж байсан, ...шүүгч Ц.А-т холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийг илтгэгч гишүүн хүлээн авч хянаад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1356 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ..6 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: ...Нэг: “... шүүгч Н.Н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргаагүй байхад шүүгч Ц.А үндэслэлгүйгээр иргэний хэрэг үүсгэн, хэргийг албан ёсоор хуваарилалгүйгээр өөрөө хянан шийдвэрлэсэн” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

            2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ... улсын иргэн ЯП-оос Д.Р-д холбогдуулан “АИ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанид учруулсан хохирол 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг ...шүүхийн шүүгч Н.Н хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1../ШЗ2020/0...6 дугаар шүүгчийн захирамжаар “нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй, нэхэмжлэлийг “ЯП” эсвэл “АИ” ХХК-ийн хэн нь нэхэмжилж байгаа эсэх нь ойлгомжгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. /сахилгын хэргийн 16,17,119 дугаар тал/

            Улмаар 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “ЖИ” ХХК-ийг Л-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал ...улсын иргэн ЯП-оос Д.Р-д холбогдуулан “АИ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанид учруулсан хохирол 1.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-аар төлөөлүүлэн шүүхэд гаргажээ. /хэргийн 18-20 дугаар тал/

            Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаар тогтоолоор баталсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 2.1.3-т зааснаар нэхэмжлэлийг, хавсаргаж ирүүлсэн 18 хуудас баримтын хамт 2020 оны 8 дугаар 06-ны өдрийн 14 цаг 41 минутад бүртгэлийн 2..1 дугаарт шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан бүртгэж, шүүхэд хүлээлгэн өгсөн хүний гарын үсгийг зуруулсан болох нь тус шүүхийн 2020 оны нэхэмжлэл хүлээн авсан бүртгэлийн дэвтэр, нэхэмжлэлд дарагдсан шүүхийн дардсаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 20,41 дүгээр тал/ Иймд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй байхад шүүгч санаачилгаараа иргэний хэрэг үүсгэсэн гэж үзэхгүй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1../ЗТ2020/0...1 дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ын 2.1-д “Нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэргийг шүүгч, Ерөнхий шүүгчид Иргэн-2014 нэгдсэн системээс “тойрог дотор санамсаргүй сонгох”, энэ журамд заасан тохиолдолд тойрог дотор “системээс гараар” тэнцвэржүүлэн хуваарилна, 2.2-т “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэлээ татан авсны дараа уг нэхэмжлэлийг дахин, болон хэд хэдэн удаа гаргасан тохиолдолд сүүлд хянан шийдвэрлэсэн шүүгчид тойрогт оруулалгүй “системээс гараар”/ гараас (-)/ хуваарилна.” гэж, 2.4-т “Энэ журмын 2.2-т заасан шүүгч эзгүй байгаа бол нэхэмжлэлийн системээс “тойрог дотор санамсаргүй сонгох” аргаар хуваарилна” гэж тус тус заажээ. /хэргийн 105-112 дугаар тал/

            Тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1../ЗТ2020/0...8 дугаар зөвлөгөөний тогтоолоор батлагдсан ээлжийн амралтын хуваариар шүүгч Н.Н-ийн амрах хугацааг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, нэхэмжлэл зогсох хугацааг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр, нэхэмжлэл хуваарилах хугацааг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэж, шүүгч Ц.А-ийн амрах хугацааг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, нэхэмжлэл зогсох хугацааг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, нэхэмжлэл хуваарилах хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэж тогтоожээ. /хэргийн 113,114 дүгээр тал/

            Дээрхээс үзвэл, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр буюу ...улсын иргэн ЯП-оос дахин нэхэмжлэл гаргах хугацаанд нэхэмжлэлийг өмнө нь хүлээн авахаас татгалзсан шүүгч Н.Н ээлжийн амралтаа эдлэх болсонтой холбогдуулан нэхэмжлэл зогссон байсан, шүүгч Ц.А нь ээлжийн амралтаа эдэлж, нэхэмжлэл хуваарилах хугацаа эхэлсэн байсан байна. Иймд шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилах журмын 2.2, 2.4-т заасны дагуу тус нэхэмжлэлийг тойрог дотор санамсаргүйгээр буюу системээс шүүгч Ц.А-т хуваарилсан болох нь Иргэн-2014 системд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

            Дээрх нэхэмжлэлийг шүүгч Ц.А хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1../ШЗ2020/0...8 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид 8 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ. /хэргийн 21, 22 дугаар тал/

            Ийнхүү шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч, хуульд заасан татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн нь шүүгчид хуулиар олгосон бүрэн эрх хэмжээний асуудал бөгөөд сахилгын зөрчилд тооцогдох үндэслэл болохгүй.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-аас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж, тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1../ШЗ2020/0...6 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Тус захирамжид, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй бөгөөд шүүхээс нэгэнт иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тул нэхэмжилж буй 1.000.000 төгрөгийн хохирлын үндэслэлийг шүүх тодруулж бичгээр ирүүлэх шаардлагатай байгаа талаар дурдсан байна. /хэргийн 23 дугаар тал/

            Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр зөвлөмжид “Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зохицуулаагүй тул шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийнэ” гэжээ. Иймд дээрх захирамжид нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах шаардлагатай талаар дурдсаныг буруутгахгүй.

            Хоёр: Нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг хариуцагчид гардуулаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

            2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1../ШЗ2020/0...9 дугаар шүүгчийн захирамжаар тус иргэний хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр тогтоож, мөн өдрийн 1../ЕШ2020/0...1 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ц.А-ийг томилжээ. /хэргийн 24,26 дугаар тал/

            2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа 185.770.512 төгрөгөөр нэмэгдүүлж, улсын тэмдэгтийн хураамжид 1.058.252 төгрөгийг төлсөн баримтын хамт ирүүлж, гэрч асуулгах, цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлтүүд гаргасныг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч талаас нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талд гардуулахыг шүүгчийн туслахад даалгаж 1../ШЗ2020/0...9 дүгээр шүүгчийн захирамжаар шийдвэрлэжээ. /хэргийн 30-32,58 дугаар тал/

Улмаар нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хувийг хариуцагч Д.Р-д 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гардуулсан болох нь сахилгын хэргийн 29 дүгээр талд авагдсан Баримт №4-өөр тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч хуулиар олгосон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэснийг шүүх хариуцагчид гардуулж, хариу тайлбар ирүүлэх 14 хоногийн хугацаа олгосон үйл баримт тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг хариуцагчид гардуулаагүй гэх өргөдөл үндэслэлгүй.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах гаргуулах хүсэлт ирүүлснийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1../ШЗ2020/0...2 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийн захирамж хэсгийг хангаж,

            хариуцагчаас цахим шуудангийн хаягуудад үзлэг хийлгэх хүсэлт ирүүлснийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1../ШЗ2020/0...5 дугаар шүүгчийн захирамжаар хангаж,

            зохигчоос нотлох баримт гаргуулах хүсэлт ирүүлснийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1../ШЗ2020/....4 дүгээр шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж,

            нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах хүсэлт ирүүлснийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1../ШЗ2020/1...7 дугаар шүүгчийн захирамжаар хангаж тус тус шийдвэрлэжээ. /хэргийн 33,34, 60-66 дугаар тал/

            Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1../ЗТ2020/0...8 дугаар тогтоолоор дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан байна. /хэргийн 69-71 дүгээр тал/

            Улмаар хариуцагчаас үзлэг хийлгэх, нотлох баримт хасуулах хүсэлт ирүүлснийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1../ШЗ2020/1...0 дугаар шүүгчийн захирамжаар зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх, шинжээч томилуулах, үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах хүсэлт ирүүлснийг мөн өдрийн 1../ШЗ2020/11571 дүгээр шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

            Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор уг хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байна. Уг хугацааг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгажээ.

Улмаар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар дахин шилжүүлсэн байна. 2020 оны 12 дугаар сарын 30-ын өдрийн 238 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан нийтэд илэрхий үйл баримт болсон байна.

            Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, тусгаарлуулах хүсэлт гаргасныг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1.../ШЗ2021/0...7 дугаар шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

            Гурав: Нэхэмжлэгчийн гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А-аас “хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох, хариуцагчийн үүсгэн байгуулсан “АИТ” ХХК-ийн хувьцааг бусдад худалдах, бэлэглэх зэргээр шилжүүлэхийг хориглох, хариуцагчийн нэр дээрх орон сууц, зуслангийн зориулалттай газрын эзэмших эрх, автомашинуудын өмчлөх, эзэмших эрхийг бусдад худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлэхийг хориглохыг хүссэн хүсэлт гаргажээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй”, Үүнд: 69.1.1-д “хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх”, 69.1.2-т “хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох”, 69.1.3-т “хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох”, 69.1.4-т “нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулах”, 69.1.5-д “тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах”, мөн зүйлийн 69.2-т “шүүгч энэ хуулийн 69.1-д заасан хэд хэдэн арга хэмжээг нэгэн зэрэг авч болно” гэж тус тус заажээ.

Тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1../ШЗ2021/0...7дугаар шүүгчийн захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүн болох 186.770.512 төгрөгийн хэмжээнд хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох, эд хөрөнгө буюу мөнгийг холбогдох битүүмжлэх арга хэмжээ авахыг НШШГГ-т даалгаж, хариуцагчийн үүсгэн байгуулсан “АИТ” ХХК-ийн хувьцааг бусдад худалдах, бэлэглэх зэргээр шилжүүлэхийг хориглох, хариуцагчийн нэр дээрх орон сууц, зуслангийн зориулалттай газрын эзэмших эрх, автомашинуудын өмчлөх, эзэмших эрхийг бусдад худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлэхийг хориглохыг хүссэн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /хэргийн 77-79 дүгээр тал/

Уг захирамжид зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1-д заасны дагуу гомдол гаргасныг мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1../ШТ2021/0...6 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна. Уг тогтоол нь мөн зүйлийн 171.2-т зааснаар эцсийн шийдвэр байна. /хэргийн 86-88 дугаар тал/

Шүүгч Ц.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянаж хэвээр үлдээсэн байх бөгөөд хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1../ШЗ2021/0...1 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчээс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 35.956.922 төгрөгөөр нэмэгдүүлж, 222.727.434 төгрөг болгосныг шүүхээс хариуцагч Д.Р-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-д 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гардуулж, хариуцагчаас хариу тайлбараа 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн байна. /хэргийн 84, 89 дүгээр тал/

Тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1../ЗТ2021/0...7 дугаар зөвлөгөөний тогтоолоор шүүгч Ц.А нь эрхтэн /элэг/ шилжүүлэх хагалгаанд яаралтай орох болсонтой холбоотойгоор, шүүгч Ц.А-ийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг ...шүүхийн шүүгч нарт сугалаагаар хуваарилахаар шийдвэрлэж, уг хэрэг тус шүүхийн шүүгч Ч.Д-д хуваарилагджээ. /хэргийн 95,96 дугаар тал/ Шүүгч Ц.А нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахиж оролцоогүй байна.

Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1../ЗТ2022/0...5 дугаар зөвлөгөөний тогтоолоор Шүүгч сэлгэн ажиллуулах захиалгын дагуу шүүгч Ц.Н нь тус шүүхэд шилжин ажиллуулахаар томилогдон 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажилдаа орох болсонтой холбогдуулан тус хэргийг сугалаагаар шүүгч Ц.Н-т хуваарилан, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1../ЕШ2022/0..9 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар тус хэргийг хянан хэлэлцэх хуралдаан даргалагчаар томилсон байна. /хэргийн 98-100 дугаар тал/

Шүүгч Ц.А нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн өдрийн ..6 дугаар зарлигаар ...шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогджээ. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин оролцсон талаарх баримт тухайн хэрэгт авагдаагүй байна.

Уг өргөдөлд дурдсан үйл баримт нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-аас өмнө байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ.” гэсэнд хамаарах юм.

            Шүүгч Ц.А нь өргөдөлд дурдсан үйл баримттай холбоотой сахилгын зөрчил гаргасан болох нь шалгах ажиллагааны явцад тогтоогдсонгүй. Тэрээр Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм болон Монгол Улсын шүүхийн тухай хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй байна” гэжээ.

Шүүгч Ц.А тайлбартаа: “...тухайн нэхэмжлэл надад 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хуваарилагдсан байна. Тухайн үед би 6 дугаар сарын 08-ны өдрөөс 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан байх ба тус шүүхэд ээлжийн амралттай шүүгчийг ажилдаа орохоос 7 хоногийн өмнөөс нэхэмжлэлийг хуваарилж эхэлдэг журамтай байсан. Тус шүүхийн нэхэмжлэл хүлээн авах, хуваарилах журмаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол тухайн шүүгчид нь дахин “гараар” хуваарилдаг байсан бөгөөд надад шинээр “системээс” хуваарилагдсан байгаа нь өмнө татгалзсан шүүгч Н.Н 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн амрах гэж байсантай холбоотойгоор надад хуваарилагдсан байна. Учир нь ээлжийн амралт авах гэж байгаа шүүгчийн нэхэмжлэл 14 хоногийн өмнөөс зогсдог журамтай байсан. “Системээс” хэрэг хуваарилагдана гэдэг нь тухайн нэхэмжлэлийг цахим программд бүртгэхэд хэн нэгэн этгээдийн оролцоогүйгээр систем өөрөө хуваарилах ажиллагааг нэрлэдэг юм. Нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөр нэхэмжлэлээ огноолсон байх бөгөөд тухайн нэхэмжлэлийг шүүх мөн өдрийн 14 цаг 41 минутад 18 хуудас материал хүлээн авч бүртгэлийн 2..1 гэсэн дугаар бичсэн байх ба нэхэмжлэл дээр шүүхийн тэмдэг, дардас дарж Ц.А-т хуваарилагдсан тухай бичвэр тэмдэглэл хийгдсэн нь шүүхийн дардсаар баталгаажсан байна. 2..1 гэсэн дугаар нь бүртгэлийн дэвтэрт нэхэмжлэл бүртгэгдсэн дугаар байх бөгөөд энэ дэвтэр дээр нэхэмжлэлийг ирсэн цаг хугацааны дарааллаар нь бүртгэж, нэхэмжлэлийг шүүхэд авчирч хүлээлгэн өгсөн этгээдээр гарын үсэг зуруулсан байна. Хэрэв нэхэмжлэгч өмнө нь шүүхийн татгалзсан нэхэмжлэлийг шүүхэд дахин нэхэмжлэгч хуучнаар нь өгсөн бол өмнө нь Н.Н шүүгчид хуваарилагдсан шүүхийн дардастай нэхэмжлэл дээр дахин дардас дарагдах байсан.

Иймд түүний бичсэнчлэн “дахин нэхэмжлэл гаргаагүй байхад” нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн гэж бичсэн нь огт үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргаагүй бол шүүх хэрхэн хүлээн авч шүүгч нарт хуваарилах билээ. Энэ нь огт байж боломжгүй утгагүй худал, зохиомол гомдол байна. Дээрх байдлаас харахад намайг ээлжийн амралтаас ирж ажилдаа орохоос 1 өдрийн өмнө уг нэхэмжлэл шүүхэд ирж бүртгэгдэн хуваарилагдсан байх ба нэхэмжлэл бүртгэх, тараах дэвтрийн бүртгэлээс харахад тухайн нэхэмжлэлийг шүүгчийн туслах С.Н хүлээн авч, улмаар миний бие ажилдаа орсноос хойш тухайн хуваарилагдсан нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна. Энд нэмэлт тайлбар хэлэхэд шүүгч, шүүгчийн туслах ямар ч нэхэмжлэлийг хүлээн авдаггүй бөгөөд тухайн шүүхийн мэдээлэл лавлагааны албан дээр нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэл хүлээн авах, хуваарилах журмын дагуу хуваарилагдсан нэхэмжлэлийг шүүгч нарт хуваарилдаг болно.

 “Шүүгчийн захирамжид дурдсан алдаа зөрчлийг арилгалгүйгээр нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн” гэх гомдлын тухайд дараах тайлбарыг хийж байна. Хэрэгт авагдсан өмнө нь тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 7..6 дугаартай захирамжид нэхэмжлэгчийн өмнө гаргасан нэхэмжлэлийг тусгасан байх бөгөөд надад хуваарилагдан ирсэн нэхэмжлэлээс өөр байгаа нь уг захирамж болон 8 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон нэхэмжлэгчийн гаргасан тухайн өдөр хүлээн авсан нэхэмжлэлээс харагдана.

Өмнөх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагад тухайн этгээд өөрийнхөө ямар эрх, юуны улмаас хэрхэн зөрчигдөж байгааг болон шаардлагынхаа үндэслэлийг тодорхой тусгасан байх ёстой боловч нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй. Тодруулбал, хариуцагч Д.Р-д холбогдуулан гэм хорын хохирол 1.000.000 төгрөг шаардаж байгаа үндэслэл тодорхойгүй, 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч ЯП эсвэл “АИ” ХХК-ийн хэн нь нэхэмжилж байгаа эсэх нь ойлгомжгүй болжээ” гэсэн байна.

Тэгвэл 8 дугаар сарын 06-ны өдрөөр дахин гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгч нь “ЖИ” лимитед болохыг тодорхойлж, хариуцагчийн компанид учруулсан хохирлыг шаардаж байгаа талаар нэхэмжлэлд дурдагдсан байсан ба нэхэмжлэлд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нотлох баримт гаргуулах замаар шаардлагаа нотлох болно” гэсэн тодруулгатай байсан.

Иймд тухайн нэхэмжлэлийг шүүгч миний бие хүлээн аваад өмнө нь нэг удаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэсэн шалтгаанаар татгалзчихсан байгаа байдал, нэхэмжлэгч тал өмнө гаргасан нэхэмжлэлийн нэхэмжлэгч нь өөрчлөгдсөн байдал, үндэслэлээ тодруулж бичсэн байгаа байдал зэргийг харгалзан 1.000.000 төгрөгийг нэхэмжилж буй үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулаад явах боломжтой нөхцөл байдал зэргийг харгалзан өөрийн дотоод итгэл үнэмшлийн үндсэн дээр иргэний хэрэг үүсгээд шалгаад явах нь зүйтэй гэж үзсэн.

Тодруулбал, нэг талаас иргэн, хуулийн этгээдийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчиж ялих, шалихгүй шалтгаанаар дахин дахин нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зохисгүй, хууль бус үйлдэл бөгөөд нөгөө талаас тодруулах боломжтой ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гүйцээгээд явах боломжтой байдаг. Шүүгч миний бие шүүгч болсон цагаас хойш Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан хүний үндсэн эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан бусдын шүүхэд мэдүүлэх эрхэд туйлын хүндэтгэлтэй хандаж, зөрчихгүй байхыг хичээсээр ирсэн үндсэн зарчимтай. Иймд нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн “Н.Н шүүгчийн татгалзсан захирамжид гомдол гаргаагүй байхад Ц.А шүүгч нь үндэслэлгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн” гэжээ. ...улсын иргэн ЯП-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 7656 дугаартай захирамжийг гаргахдаа шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасныг баримталсан байх бөгөөд уг заалт нь мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй ба энэ тухай захирамжийн 4 дэх хэсэгт гомдол гаргах эрхгүй талаар дурдсан байдаг. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй байхад иргэний хэрэг үүсгэсэн гэх гомдол үндэслэлгүй болно. Гомдол гаргагч “хэргийг албан ёсоор хуваарилалгүйгээр өөрөө хянан шийдвэрлэх болсон нь хууль зөрчсөн, илт ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг нотолж байна” гэжээ. Надад тухайн нэхэмжлэлтэй хэрэгт ямар нэгэн ашиг сонирхол үгүй учраас би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба хуульд заасан татгалзан гарах үндэслэл байсан бол миний бие энэ талаар мэдэгдэх байсан.

“Шүүгч Ц.А уг хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8..6 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байгааг дурдаж, бүрдүүлбэр хангахыг шаардсан” гэжээ. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8..6 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисон байх ба улмаар “...нэхэмжилж буй 1.000.000 төгрөгийн хохирлын үндэслэлийг нэхэмжлэгч талаас шүүхэд тодруулж бичгээр ирүүлэх талаар дурдсан” байна. Энэ нь нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн хохирлыг хэрхэн яаж тооцож гаргасан талаарх үндэслэлээ тодруулахыг шүүхээс анхааруулсан асуудал байсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулах боломжтой ажиллагаа байдаг бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх гэж буй шүүгч уг үндэслэлийг тодруулах нь зүй ёсны асуудал учраас ийнхүү тухайн асуудлыг тодруулах талаар захирамжид дурдсан нь хууль зүйн дагуу үйлдэл гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч талаас 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ тодруулсан байсныг дурдах нь зүйтэй. Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох болж, уг хэрэг 2021 оны 3 дугаар сараас өөр шүүгчид хуваарилагдан очсон ба энэ цаг үеэс хойш миний бие уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй болно. Гомдол гаргагчаас “2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хариуцагчид танилцуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тухай захирамжгүйгээр, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжаас эхлэн нэмэгдүүлсэн дүнгээр бичсэн” гэжээ. 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн анхны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ирүүлсэн талаар танилцуулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдах ба өмгөөлөгч авах, гэрч асуулгах, цахим баримтад үзлэг хийлгэх зэрэг хүсэлтүүд гаргасныг шүүх хүлээн авч хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна. Тухайн шүүх хуралдаан дээр хариуцагч талаас ямар нэгэн нотлох баримт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй байна. 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 9..9 дугаартай захирамжийн 3 дахь заалтаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгасан байх ба нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч Д.Р-д 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гардуулж, түүгээр гарын үсэг зуруулсан баримт хэргийн баримтад авагдсан байна.

Иймд Д.Р-ын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг өөрийн биеэр гардаж авчхаад танилцаагүй гэдэг нь ямар учир, зорилготой гомдол болохыг ойлгохгүй байгаа бөгөөд нэгэнт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авч хариуцагч талд гардуулсан учраас цаашид гарах шүүхийн шийдвэрүүдэд нэмэгдүүлсэн хэмжээгээр дурдагдах ёстой.

 Иймд дээр дурдсан үндэслэл тайлбараар Д.Р-ын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд түүний гаргасан гомдлыг шүүгч миний бие үндэслэлгүй гэж үзэж байна. Харин дээрх цаг хугацаанаас 2 жил гаруй хугацааны дараа давж заалдах шатны шүүхэд Д.Р-ын нэхэмжлэлтэй өөр хэрэг давж заалдах гомдлоор хянагдах шүүх хурлын бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч надад холбогдуулан уг гомдлыг гаргасан нь анхаарал татаж байгаа болно.

... шатны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хурлыг Д.Р өмгөөлөгч авах шалтгаанаар хойшлуулсан бөгөөд 10 дугаар сарын 14-ний өдрийн товлосон хуралдаанд шинээр авсан гэх өмгөөлөгч нь ч ирээгүй бөгөөд шүүгч нарыг татгалзах тухай хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Хэдийгээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах нь түүний эрх боловч хуульд заасан үндэслэлгүйгээр надад ор үндэслэлгүй гүтгэлэг зохион Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан асуудал нь тухайн ...шатны шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр удаа дараа хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, улмаар шүүгч намайг айлган сүрдүүлж, дарамталж хэргээ шийдвэрлүүлэх гэсэн бохир санаархал байсан гэж би үзэж байна. Түүний уг үйлдэлтэй холбогдуулан миний бие нөлөөллийн мэдүүлэг хөтлөх гэсэн боловч Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан гэх асуудлын үнэн худал алин болохыг нягталсны дараа нөлөөллийн мэдүүлгийг хөтлөх нь зүйтэй гэж үзсэн учраас уг асуудлыг түр түдгэлзсэн байгаа болно. ...шүүхээс шүүгч намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай түүний хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж хангахгүй орхисон боловч миний бие нөлөөллийн мэдүүлэг бичих шаардлагатай гэж үзсэн, мөн надад холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолтой нь холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-т заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн захирамжаар хүлээн авсан юм. Миний бие одоо өөр шүүхэд ажиллаж байгаа болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч Д.Р “...улсын иргэн ЯП-оос Д.Р-д холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ...шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүхийн шүүгч Н.Н 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1../Ш32020/0...6 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч нь Н.Н шүүгчийн захирамжид дурдсан алдаа дутагдлыг арилгаагүй, шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй, дахин нэхэмжлэл гаргаагүй байхад шүүгч Ц.А 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 7938 дугаар захирамжаар үндэслэлгүйгээр иргэний хэрэг үүсгэж, хэргийг албан ёсоор хуваарилалгүйгээр өөрөө хянан шийдвэрлэх болсон, мөн шүүгч Ц.А нь хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч, шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8986 дугаар захирамжид нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байгааг дурдаж, бүрдүүлбэр хангахыг шаардсан, нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагчид танилцуулаагүй, шүүгчийн захирамж гаргаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр үндэслэлгүйгээр хариуцагчид шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гаргасан үйлдлүүд нь талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх болон хариуцагчийн мэтгэлцэх эрхийг илт зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн процесс зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Шүүгч Ц.А-ийн дээрх хууль бус, ёс зйн зөрчилтэй, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүдийг зохих журмын дагуу хянаж, хариуцлага ногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий өргөдлийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргажээ.

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж заасан.

Д.Р-ын өргөдөлд дурдсан үйл баримтууд нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд хамаарч байна.

Нэг. Шүүгч Н.Н-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1../ШЗ2020/0...6 дугаар захирамжид дурдсан алдаа дутагдлыг арилгалгүй, уг шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй, дахин нэхэмжлэл гаргаагүй байхад шүүгч Ц.А үндэслэлгүйгээр иргэний хэрэг үүсгэж, хэргийг албан ёсоор хуваарилалгүйгээр өөрөө хүлээн авч, хянан шийдвэрлэх болсон гэх тухайд:

1.1. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ...шүүхэд нэхэмжлэгч ...улсын иргэн ЯП хариуцагч Д.Р-д холбогдуулан “АИ” ХХК-д хууль бусаар учруулсан хохирол болох 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгч Н.Н 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1../ШЗ2020/0...6 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. 

Шүүгч тухайн захирамжийн үндэслэлээ “...нэхэмжлэлийн шаардлагад тухайн этгээд өөрийнхөө ямар эрх, юуны улмаас хэрхэн зөрчигдөж байгааг болон шаардлагынхаа үндэслэлийг тодорхой тусгасан байх ёстой боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй. Тодруулбал, Д.Р-д холбогдуулан гэм хорын хохиролд 1.000.000 төгрөг шаардаж байгаа үндэслэл тодорхойгүй, 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч ЯП эсвэл “АИ” ХХК-ийн хэн нь нэхэмжилж байгаа эсэх нь ойлгомжгүй” гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй гэсэн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр иргэний хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.

Шүүгч Н.Н-ийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1../ШЗ2020/0...6 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу гомдол гаргах эрхгүй захирамж байсан байх ба шүүгчийн захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 4 дэх заалтад гомдол гаргах эрхгүй болохыг дурджээ.

1.2. “ЖИ” Л-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал ...улсын иргэн ЯП нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-аар төлөөлүүлэн хариуцагч Д.Р-д холбогдуулан эрх бүхий албан тушаалтан нь “АИ” ХХК-д хууль бусаар учруулсан хохиролд 1.000.000 төгрөг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ...шүүхэд гаргажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаар тогтоолоор баталсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 2.1.3-т “нэхэмжлэлийг Шүүхэд албан хэрэг хөтлөх журмын хавсралтаар баталсан “Иргэний хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэгдэх бүртгэлийн загварын бүртгэл №1-д бүртгэж, шүүхэд хүлээлгэн өгсөн хүний гарын үсгийг зуруулна” гэж заасан.

Дээрх журмын дагуу тус шүүх нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар 06-ны өдрийн 14 цаг 41 минутад бүртгэлийн 2..1 дугаарт шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хүлээн авч бүртгэн, шүүхэд хүлээлгэн өгсөн хүний гарын үсгийг зуруулсан болох нь ...шүүхийн “2020 оны нэхэмжлэл хүлээн авсан бүртгэлийн дэвтэр”, нэхэмжлэлийн 4 дүгээр талын ард дарагдсан “шүүхийн дардас”-аар болон Иргэн-2014 системийн мөн өдрийн 140 дугаарт бүртгэгдсэнээр тус тус тогтоогдож байна

Нэхэмжлэгчийн дахин гаргасан нэхэмжлэлд шүүгч Ц.А Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “шүүгч энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж зааснаар шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1../ШЗ2020/0...8 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд энэ нь шүүгчид ёс зүйн болон сахилгын зөрчилд тооцогдох үндэслэл болохгүй юм.

1.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гаргана томилно” гэж заасан.

... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1../ЗТ2020/0...1 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэргийг шүүгч, Ерөнхий шүүгчид Иргэн-2014 нэгдсэн системээс “тойрог дотор санамсаргүй сонгох”, энэ журамд заасан тохиолдолд тойрог дотор “системээс гараар” тэнцвэржүүлэн хуваарилна”, 2.2 дахь хэсэгт “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэлээ татан авсны дараа уг нэхэмжлэлийг дахин, болон хэд хэдэн удаа гаргасан тохиолдолд сүүлд хянан шийдвэрлэсэн шүүгчид тойрогт оруулалгүй “системээс гараар” /гараас (-)/ хуваарилна” , 2.4 дэх хэсэгт “энэ журмын 2.2-т заасан шүүгч эзгүй байгаа бол нэхэмжлэлийн системээс “тойрог дотор санамсаргүй сонгох” аргаар хуваарилна” гэж тус тус заасан.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1../ЗТ2020/0...8 дугаар “Шүүгч нарын ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоолоор тус шүүхийн шүүгчдийн 2020 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталжээ. Уг тогтоолоос үзвэл шүүгч Н.Н 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, шүүгч Ц.А 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тус тус ээлжийн амралттай байсан байх ба шүүгч Н.Н-ийн нэхэмжлэл зогсох хугацааг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс, нэхэмжлэл хуваарилах хугацааг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, шүүгч Ц.А-ийн нэхэмжлэл зогсох хугацааг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс, нэхэмжлэл хуваарилах хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тус тус тогтоосон болох нь шүүгчдийн зөвлөгөөний дээрх тогтоол, тус шүүхийн Тамгын газрын дарга Д.О-ийн “Ээлжийн амралт олгох хуудас”-аар тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл “ЖИ” лимитед түүнийг төлөөлж, гүйцэтгэх захирал ...улсын иргэн ЯП-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргах үед шүүгч Н.Н ээлжийн амралтаа эдлэх болсонтой холбогдуулан нэхэмжлэлийг зогсоосон байсан тул шүүгч Ц.А-т нэхэмжлэлийг тойрог дотор санамсаргүйгээр буюу системээс хуваарилсан болох нь Иргэн-2014 системд хийсэн үзлэгээр нотлогдож байна.

Дээрхээс дүгнэн үзвэл Д.Р-ын өргөдөлд дурдсан Шүүгч Н.Н-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1../ШЗ2020/0...6 дугаар захирамжид дурдсан алдаа дутагдлыг арилгалгүй, уг шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй, дахин нэхэмжлэл гаргаагүй байхад шүүгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийг албан ёсоор хуваарилалгүйгээр өөрөө хүлээн авч, үндэслэлгүйгээр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах болсон гэдэг нь үндэслэлгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хоёр. Шүүгч Ц.А нь хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч, шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8..6 дугаар захирамжид нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байгааг дурдаж, бүрдүүлбэр хангахыг шаардсан гэх тухайд:

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд хэргийн оролцогчдын бүрэлдэхүүнд зохигч буюу нэхэмжлэгч, хариуцагчаас гадна гуравдагч этгээд, зохигч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч, бусдын эрх ашгийг хамгаалах бүрэн эрх хуулиар олгогдсон этгээдийг заасан, 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн нийтлэг эрх, үүрэг тусгагдсан бол иргэнийг төлөөлөх хэлбэрийг 32-34 дүгээр зүйлд тус тус тодорхойлсон.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр зөвлөмжид “Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зохицуулаагүй тул шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийнэ” гэжээ.

     Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А “нотлох баримт гаргуулах тухай хүсэлт” гаргасныг шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1../ШЗ2020/0...6 дугаар захирамжаар “...шүүхээс нэгэнт иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тул нэхэмжилж буй 1.000.000 төгрөгийн хохирлын үндэслэлийг шүүх тодруулж, бичгээр ирүүлэх шаардлагатай байгаа талаар дурдан“ хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг шүүгч хэргийн оролцогчдын хуулиар хүлээсэн эрх үүргийг хэрэгжүүлэн, холбогдох хууль, Улсын дээд шүүхийн зөвлөмжийн дагуу ажилласан гэж үзнэ.

Гурав. Нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагчид танилцуулаагүй, шүүгчийн захирамж гаргаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэх тухайд:

Шүүгч Ц.А 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1../ШЗ2020/0...8 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид 8 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч Д.Р-д гардуулсан болох нь ...шүүхийн “Нэхэмжлэлийн хувь гардуулсан баримт №4”-өөр тогтоогдож байна.

Шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1../ШЗ2020/0...9 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр тогтоож, мөн өдрийн Ерөнхий шүүгчийн 1../ЕШ2020/0...1 дүгээр захирамжаар уг шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ц.А-ийг томилсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Шүүх хуралдаан товлогдсоны өмнөх өдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 185.770.512 төгрөг болгон нэмэгдүүлж, гэрч асуулгах, цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлтүүд гаргасныг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүгчийн 1../ШЗ2020/0...9 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар нэхэмжлэгч талаас гаргасан гэрчээр А.Б-ыг асуулгах, ЯП, Д.Р, бусад харилцагч нартай харилцсан и-мэйл хаягаас 5 дахь и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлтийг хангахгүй орхиж, харин үлдэх 12 и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, 3 дахь заалтаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулж, зохигчдод хэргийн материал танилцуулах, шүүх хуралдааны бэлтгэл ажил хангахыг шүүгчийн туслах С.Н-д даалгаж шийдвэрлэсэн байна.

Мөн шүүх хуралдааны тухайн өдрийн 9..9 дугаартай тэмдэглэлийн 2 дугаар талын 27 дугаар мөрт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тухай хэлсэн нь, 3 дугаар талын 7 дугаар догол мөрөөс хариуцагч “...Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй...” гэж хэлсэн болох нь тэмдэглэгдсэн байна.

Хариуцагч Д.Р-д тухайн өдрөө буюу 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувийг нь гардуулсан болох нь ...шүүхийн “Нэхэмжлэлийн хувь гардуулсан тухай” Баримт №4”, хэргийн материалтай танилцуулсан болох нь “Хэрэг танилцуулсан тухай” Баримт №6 гэсэн сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна .

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А 2021 оны 02 дугар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин 35.956.922 төгрөгөөр нэмэгдүүлж, 222.727.434 төгрөг болгосныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-д 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гардуулсан нь сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтууд болох ...шүүхийн “Нэхэмжлэлийн хувь гардуулсан тухай” Баримт №4”-өөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүлээн аваад тус шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хариу тайлбарыг бичгээр гарган өгснөөр тус тус нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хуулиар олгосон эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүгч захирамждаа тусган, хариуцагчид хуулиар олгосон 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх боломжийг олгохоор шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул өргөдөл гаргагчийн дээрх үндэслэл үгүйсгэгдэж байна.

Дөрөв. Нэхэмжлэгчийн хүсэлт, үндэслэлээр хариуцагчид шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гаргасан үйлдлүүд нь талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх, хариуцагчийн мэтгэлцэх эрхийг илт зөрчсөн гэх тухайд:

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй” гэж заасан.

      Шүүгч Ц.А дээрх хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А “хариуцагч Д.Р-ын ...банк дахь данснуудыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, хариуцагчийн үүсгэн байгуулсан “АИТ” ХХК-ийн 20 ширхэг хувьцаа, хариуцагчийн нэр дээрх орон сууц, зуслангийн зориулалттай газар эзэмших эрх, Ланд Крузер прадо болон Лексус РЛ350 маркийн автомашинуудын өмчлөх, эзэмших эрхийг худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлэхийг хориглохыг тухай” хүсэлт гаргасныг хянаад шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1../ШЗ2021/0...7 дугаар захирамжаар хариуцагч Д.Р-ын зөвхөн ...банк дахь данснуудыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх хүсэлтийг хангажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1 дэх зааснаар зохигчдоос шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г гомдол гаргасан байх ба мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр шүүгч И.А даргалж, шүүгч Ж.Б, Ж.Ц нарын бүрэлдэхүүнтэй 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байна.

Тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нар оролцсон байх ба хариуцагч Д.Р нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 0015 дугаар итгэмжлэлээр Г.Г-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх, үйлдэл хийх бүрэн эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шүүхийн 1../ШТ2021/0..6 дугаар тогтоолоор шүүгчийн 1../ШЗ2021/0...7 дугаар захирамжийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисныг шүүхийн өмнө эрх тэгш байх, хариуцагчийн мэтгэлцэх эрхийг илт зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Ц.А нь эрхтэн /элэг/ шилжүүлэх хагалгаанд яаралтай орох болсонтой холбоотойгоор түүний хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1../ЗТ2021/0...7 дугаар зөвлөгөөний тогтоолоор бусад шүүгч нарт сугалаагаар хуваарилахаар шийдвэрлэж, уг хэрэг шүүгч Ч.Д-д хуваарилагдсан байх бөгөөд шүүгч Ц.А нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй байна.

Улмаар ...шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1../ЗТ2022/0...5 дугаар тогтоолоор шүүгчийн орон тоо дутуу байгаа, ажлын ачаалал их байгаа зэргийг харгалзан шүүгч сэлгэн ажиллуулах захиалга, хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасны дагуу шүүгч Ц.Н нь тус шүүхэд сэлгэн ажиллахаар томилогдон 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажилдаа орох болсонтой холбогдуулан “ЖИ” лимитед түүнийг төлөөлж, гүйцэтгэх захирал ...улсын иргэн ЯП-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Р-д холбогдох хэрэг сугалаагаар шүүгч Ц.Н-т хуваарилагдан, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Ерөнхий шүүгчийн 1../ЕШ2022/0..9 дүгээр захирамжаар уг хэргийг хянан хэлэлцэх хуралдаан даргалагчаар томилсныг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Ц.А нь Д.Р-ын өргөдөлд дурдсан үйл баримттай холбоотойгоор хууль бус, ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүдийг гаргаагүй, 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон 2014 оны оны “Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчөөгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, нотлогдсон тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ..6 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...шүүхэд ажиллаж байсан, одоо ...шүүхийн шүүгч Ц.А-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа  газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                                     Ц.ДАВХАРБАЯР

О.НОМУУЛИН