МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-01-05
Дугаар 5
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Шүүгч В.А 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 184/ШШ2021/03164 дүгээр захирамжийг хүчингүй болгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хүсэлт шийдвэрлэх тухай” 184/ШЗ2022/16509 дүгээр захирамжийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасныг баримталжээ. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Р.Б-ийн нэхэмжлэлийг хариуцагч “З Т Г” ОНӨААТҮГ хүлээн зөвшөөрсөн тул шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэжээ. Энэхүү зохицуулалтын агуулгаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй бөгөөд гомдол гаргах талаар уг хуульд заагаагүй болно. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно гэж заасан. Хуульд заасан илт үндэслэл муутай гэдгийг шүүгч, хэргийн оролцогч, өөр хэнд ч бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай зэргийг ойлгох ба ийм үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжийг илт үндэслэл муутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзжээ. Дээр дурдсанаас үзвэл хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тул холбогдох шүүгчийг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан нь тухайн захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд өөрөө алдаагаа залруулах, илтэд үндэслэл муутай эрхийн актаа өөрчлөх, хүчингүй болгох боломж олгосон зохицуулалт бөгөөд тухайн шүүх бүрэлдэхүүн, шүүгч өөрийн гаргасан тогтоол, захирамжаа хүчингүй болгож, эсхүл өөрчилж байгаа тохиолдолд хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэж эрхийн акт гаргахаар байна. Харин шүүгч өөрт нь олгосон бүрэн эрхийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжаа илтэд үндэслэл муутай гэж өөрөө үзээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг хэрэглэхгүй. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан эрхийг шүүгч өөрийн санаачилгаар хэрэгжүүлдэг бөгөөд зохигч талуудын хүсэлтээр шүүхээс гаргасан эрхийн актыг хянах эрх олгосон зохицуулалт биш тул хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримталж шүүгчийн захирамж гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасанд хуулийн 123 дугаар зүйлд заасан шүүгчийн захирамж хамаарахгүй тул шүүгчийн захирамжид “гомдол гаргах эрхгүй” гэж заасан шүүгчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй байна. Иймд ... шүүхийн шүүгч В.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч В.А Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие иргэн Б.Ц, Д.О нараас тус хороонд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Энэхүү хэрэг нь хариуцагч “З Т Г” ОНӨААТҮГ-т холбогдуулан нэхэмжлэгч Р.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 26,177,952 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийи даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” тухай хөдөлмөрийн маргаан юм. Үүнээс өмнө нэхэмжлэгч Р.Б Нийслэлийн “З Т Г” ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсныг ... шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/01243 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1398 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00520 дугаар тогтоолуудаар шийдвэрлэсэн байдаг. Эдгээр шүүхийн шийдвэрээр Р.Б-г “З Т Г” ОНӨААТҮГ-ын Төхник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,867,472 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. “З Т Г” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/282 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг биөлүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс ажилд томилсон. Улмаар Р.Б 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 9 дугээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26,177,952 төгрөг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Нийслэлийн “З Т Г” ОНӨААТҮГазар хүлээн эөвшөөрсөн тул 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3164 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй. Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ” гэж заасан. Б.Ц нь энэхүү хэргийн оролцогч бус, хариуцагч “З Т Г” ОНӨААТҮГазар юм. Гомдол гаргагчаас “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3164 дугаар захирамжийг илтэд үндэслэл муутай гэж үзээд хүчингүй болгох хүсэлт гаргасан”-ыг хянаад шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар эүйлд эаасныг баримтлан хүсэлтийг хангахгүй орхисон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр эүйлийн 124.1-д "...Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно". Энэхүү хуулийн заалт нь захирамж гаргасан шүүгч өөрөө алдаагаа залруулах, илтэд үндэслэл муутай /хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг үсэг, тоо, тооцооллын алдаатай гэх мэт/ эрхийн актаа өөрчлөх, хүчингүй болгох боломж олгосон зохицуулалт бөгөөд шүүгч өөрийн гаргасан захирамжаа илтэд үндэслэл муутай гэж үзээгүй тохиолдолд шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт дээрх зохицуулалтыг баримтлахгүй, удирдлага болгохгүй, гомдол гаргах эрхгүй. Хүсэлт үндэслэл бүхий байгаад хүсэлтийг хангасан нөхцөлд хэргийн оролцогч нарт шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхээр хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасныг баримтлана. Иймд гомдол үндэслэлгүй, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй болно. Тодруулбал, 1-рт: Б.Ц нь “З Т Г” ОНӨААТҮГазрын захирлаар ажиллаж байхдаа Р.Бг ажлаас халах тухай тушаалыг гаргасан, шүүхээс тушаалыг хууль бус гэж үзэн 2020 онд ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байдаг. 2-рт: Р.Б ажилгүй байсан хугацааны цалин 26,177,952 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Нийслэлийн “З Т Г” ОНӨААТҮГазар хүлээн зөвшөөрсөн тул 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3164 дугаар захирамжаар "Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. 3-рт: “З Т Г” ОНӨААТҮГазрын хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан "... Иргэнийг, эсхүл ... төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ." гэж заасныг үндэслэн төрд учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардпагыг Б.Ц-д холбогдуулан гаргасныг шүүхээс 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Иргэний хэрэг үүсгэсэн ба 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасан эрх бүхий этгээд биш тул нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Б.Ц, өмгөөлөгч Д.О нараас “...шүүгч В.А 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШЗ2022/16509 дүгээр захирамж гаргахдаа гомдол гаргах эрхгүй гэж заасан нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Сахилгын хэрэгт цугласан баримтад, ... шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01243 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч Р.Б-г “З Т Г” ОНӨААТҮГ-ын Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “З Т Г” ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,867,472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Б-д олгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг .... давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1398 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00520 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх56-61/
Улмаар Р.Б-аас “З Т Г” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 26,177,952 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасны дагуу ... шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2021/12207 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /хх16-19/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.” гэж заасан. Уг хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШЗ2021/03164 дүгээр шүүгчийн захирамжаар мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт болжээ. /хх23-25/
Иргэн Б.Ц-оос “...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар шийдвэр гаргасан албан тушаалтан хохирлыг нөхөн төлөхөөр заасан, тухайн шийдвэрийг гаргасан миний бие гуравдагч этгээдээр оролцож шийдвэрлэх ёстой байсан тул 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШЗ2021/03164 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хүсэлтийг гаргаж, ... шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШЗ2022/16509 дүгээр шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. /хх26-30/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно.” гэж заасан. Энэхүү хууль нь захирамж гаргасан шүүгч өөрөө алдаагаа залруулах, илтэд үндэслэл муутай эрхийн актаа өөрчлөх, хүчингүй болгох боломж олгосон зохицуулалт юм. Илтэд үндэслэл муутай гэдгийг шүүгч, хэргийн оролцогч, өөр хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай зэрэг байдлыг ойлгоно.
Тус шүүгчийн захирамжид “...хэрэгт авагдсан баримтаар хүсэлт гаргагч Б.Ц-ийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хүсэлт гаргагч Б.Ц нь “З Т Г” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллахдаа дээрх тушаалыг гаргасан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан үр дагаврыг үүсгэжээ. Түүний хүсэлтэд дурдсан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2021/03164 дүгээр шүүгчийн захирамж нь илтэд үндэслэл муутай гэж үзэх үндэслэлгүй” талаар дурджээ.
Тодруулбал, Р.Б-г ажилд эгүүлэн тогтоосон шийдвэртэй хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШЗ2021/03164 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж, Б.Цгоос гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн үйл баримт нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Шүүгч В.А нь дээрх хүсэлтийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, дээрх хэргийн оролцогч нь Б.Ц биш байх ба харин тухайн хэргийн хариуцагч болох “З Т Г” ОНӨААТҮГазар байна. Хариуцагч байгууллагын даргаар Б.Ц ажиллаж байх үедээ гаргасан тушаал нь хууль бус болохыг ... шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01243 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ. Уг шийдвэрийн биелэлттэй холбоотой үүссэн үр дагаврыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ажиллагаа нь Б.Ц-ийн эрх ашгийг хөндсөн , түүнийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй хууль зөрчсөн гэх үндэслэл болохгүй.
Ийнхүү шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хангаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох зохицуулалтыг удирдлага болгох боломжгүй бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШЗ2022/16509 дүгээр шүүгчийн захирамжаар хүсэлт шийдвэрлэхдээ мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгосон нь хууль зөрчөөгүй. Мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасан ба уг зохицуулалтад 123 дугаар зүйл хамаарахгүй тул тус захирамжид гомдол гаргах эрхгүй талаар дурдсан нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШЗ2022/18698 дугаар шүүгчийн захирамжаар ........... дүүргийн прокурорын газраас Б.Ц-д холбогдуулан төрд учруулсан хохирол 22,045,424 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаарх баримт сахилгын хэрэгт авагдсан байна. /хх91,92/
... шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШЗ2021/03164 дугаар шүүгчийн захирамжаас үүсэх эрх зүйн үр дагавар буюу Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасанчлан төрд учирсан хохирлыг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаас гаргуулах асуудал нь Р.Б-ийн нэхэмжлэлтэй хөдөлмөрийн маргаанаас тусдаа шийдвэрлэгдэх маргаан юм.
Шүүгч В.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, бусад этгээдээс гаргасан шүүгчийн захирамж хүчингүй болгуулах хүсэлтийг хангаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймээс сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Б.Ц, өмгөөлөгч Д.О-ийн өргөдлийн дагуу ... шүүхийн шүүгч В.А-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Ц.ДАВХАРБАЯР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН