info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-10

Дугаар 46

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүгч Ц.О-, ...шүүгч Д.М-, М.Б- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгч Ц.О- тайлбартаа “..шүүх “Нэхэмжлэгч Г.Г-нь 1958 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн байх бөгөөд 60 нас хүрэхээс өмнө Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдад тус тус үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан боловч Засгийн газар 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хуралдаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 46.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. ... Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэх хуулийн заалтуудад нийцсэн гэж дүгнэсэн. Улмаар уг шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 657, ...2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 76 тоот тогтоолоор хянагдаж хэвээр үлдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ...сайдад холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд “...сайд Ө.Э-ийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Ээлжийн амралтын тухай 83 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэл нь “Захиргааны нэхэмжлэл, хэрэг хуваарилах систем"-ээс санамсаргүй тойргийн журмаар надад хуваарилагдсаныг миний бие 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан бөгөөд уг маргаан бүхий тушаалыг анх хэзээ мэдсэн, мэдсэн бол холбогдох дээд шатны байгууллагад хандсан эсэх түүнийг хэрхэн шийдвэрлэж, хариу өгсөн талаарх тайлбар холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлэх, маргаан бүхий ...сайд Ө.Э-гийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Ээлжийн амралтын тухай 83 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасантай нийцэж байгаа эсэхийг тодруулах”-аар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон. Улмаар шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4407 дугаар захирамжаар “...сайд нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг захиргааны албан тушаалтан бөгөөд захиргааны үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд захирамжилсан шинжтэй захиргааны акт гаргана. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн “11.1.Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна", 11.1.1 “захиргааны акт”, 11.1.2. “захиргааны гэрээ”, 11.1.3 “захиргааны хэм хэмжээний акт” мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус зааснаас үзвэл ...сайд Ө.Э-ийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Ээлжийн амралтын тухай” 83 тоот тушаал нь захиргааны актын нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн байх ёстой гэсэн үндсэн шинжийг агуулаагүй байна. Гадагш чиглэсэн гэдэг нь байгууллагын дотоод хүрээндээ биш харин “гуравдагч” гэж болох иргэд, байгууллагад холбогдолтой буюу тэдгээрийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн үйл ажиллагааг ойлгодог. Гэтэл ...сайд Ө.Э-гийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Ээлжийн амралтын тухай” 83 тоот тушаал нь зөвхөн байгууллага дотоод хүрээндээ гаргасан тушаал байгаа бөгөөд нэхэмжлэгч Г.Г-ийн эрх ашгийг хөндсөн гадагш чиглэсэн захиргааны акт биш байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгч Г.Г-ийн эрх ашгийг зөрчөөгүй нэхэмжлэгч Г.Г-т хандаж гаргасан захиргааны акт биш харин байгууллагын удирдлага нь доод нэгж, албан тушаалтандаа төрийн албаны чиг үүргийнх нь хүрээнд гаргасан эрх зүйн акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. Түүнчлэн Г.Г-ийн зүгээс ...сайд Ө.Э-д холбогдуулан “ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу тус шүүхээс захиргааны хэрэг үүсгэн 2019 оны 652 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 657 дугаар магадлал, ...Захиргааны хэргийн танхимын 2020 оны 76 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэсэн бөгөөд уг хавтаст хэрэгт маргаан бүхий тушаал авагдсан, нэхэмжлэгч тухайн үед танилцсан болох”-ыг дурдсан юм. Миний хувьд уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан ба ёс зүй зөрчсөн болон хэргийн оролцогчдын нэг талд илтэд үйлчилсэн үйлдэл гаргаагүй болно.” гэжээ.

Шүүгч М.Б- тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “хяналтын журмаар хэргийг ...таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэх”-ээр заасны дагуу хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд ...хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Дээрх хяналтын шатны шүүх хуралдаанаар гомдлыг хэлэлцэн шийдвэрлэхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу ...Захиргааны хэргийн танхимын тэргүүний хувьд шүүх хуралдааны даргалагч шүүгчээр оролцож, хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүгчид хориглосон зан үйлийн болон “ёс зүйн алдаатай үйлдэл” гаргаагүй, гомдолд дурдсан “хууль дээдлэх, үнэнч шударга байх, асуудалд бодитой хандах, шүүгчийн хараат бус байх, хариуцлагатай байх зарчмуудыг” зөрчөөгүй, Засгийн газрын ямар нэгэн нөлөөнд автаагүй болно. Иргэн Г.Г-ийн Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д тусгайлан заасан аль нэг хориглолтыг шүүгч зөрчсөн талаар, эсхүл мөн хуулийн 51 дүгээр зүйлд заасан “өөрөө татгалзан гарах, татгалзах хүсэлт гаргах боломжоор хангаагүй” талаар болон 52, 53 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан талаар тухайлан дурдаагүй, тухайн хэргийг шийдвэрлэхдээ хуулийн эдгээр заалтыг зөрчөөгүй байхын зэрэгцээ гомдол нь хэргийн шийдэлтэй холбоотой байх тул иргэн Г.Г-ийн гомдлоор ...шүүгч М.Б- надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Д.М- тайлбартаа: Иргэн Г.Г-ийн Шүүхийн сахилгын хороонд гаргасан “... хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, үнэнч шударга байх, асуудалд бодитой хандах, шүүгчийн хараат бус байх, хариуцлагатай байх зарчмуудыг зөрчсөн” гэх гомдлыг үндэслэн, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр захирамжаар “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасан сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй” гэж ...шүүгч Д.М- надад сахилгын хэрэг үүсгэжээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-т “холбогдох шүүгч энэ хуулийн 104.2 ... /-д/ заасан сахилгын хэрэг үүсгэсэн тухай захирамж, тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор өргөдөл, мэдээллийн талаар бичгээр хариу тайлбар ... гаргах”-аар заасан, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр захирамжийн Захирамжлах хэсгийн 3-т “... өргөдөл мэдээллийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбар, холбогдох баримт ... -ын хамт ирүүлэхийг” мэдэгдсэний дагуу дараах тайлбарыг гаргаж байна. 1.... шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0652 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 657 дугаар магадлалаар Г.Г-ийн гаргасан “Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “хяналтын журмаар хэргийг ...таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэх”-ээр заасны дагуу хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд ...хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Шүүгч миний бие уг хяналтын шатны шүүх хуралдаанаар гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдон, хэрэг гомдлыг шүүх хуралдаанд илтгэж танилцуулсан, ингэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүгчид хориглосон зан үйлийн болон “ёс зүйн алдаатай үйлдэл” гаргаагүй, гомдолд дурдсан “хууль дээдлэх, үнэнч шударга байх, асуудалд бодитой хандах, шүүгчийн хараат бус байх, хариуцлагатай байх зарчмуудыг” зөрчөөгүй, Г.Г-ийн гомдолд холбогдуулж гаргах ямар нэг нотлох баримт байхгүй болно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид “сахилгын зөрчил” гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна”, 50 дугаар зүйлийн 50.1-д шүүгчид хориглох зүйлийг 40 заалтаар жагсаан тодорхойлсон, 51 дүгээр зүйлийн 51.1-д “шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана”, 52 дугаар зүйлийн 52.1-д “шүүгч Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан, түүнчлэн, 53 дугаар зүйлд шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалтуудыг тус тус нарийвчлан хуульчилжээ. Иргэн Г.Г-ийн Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д тусгайлан заасан аль нэг хориглолтыг шүүгч зөрчсөн талаар, эсхүл мөн хуулийн 51 дүгээр зүйлд заасан “өөрөө татгалзан гарах, татгалзах хүсэлт гаргах боломжоор хангаагүй” талаар болон 52, 53 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан талаар тухайлан дурдаагүй, хуулийн аль заалтаар хориглосон ямар сахилгын зөрчил гаргасан талаар гомдолдоо заагаагүй байхад “... шүүгч Д.М- ... нь ... миний нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ ... үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэх агуулгатай гомдлоор сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.1-д "... энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй бол” Сахилгын хорооны гишүүн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргахаар заасантай нийцэхгүй байна. Иймд иргэн Г.Г-ийн гомдлоор ...шүүгч Д.М- надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Илтгэгч гишүүний саналд: “Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд ... шүүхийн шүүгч Ц.О- хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, ...шүүгч М.Б-, Д.М- нар нь хэргийн оролцогчийн гомдлын дагуу хэргийн хяналтын журмаар хянан хэлэлцэхэд болон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг шийдвэрлэх хуралдааныг даргалж болон шүүх бүрэлдэхүүнд илтгэгч шүүгчээр тус тус орсон байна. Шүүгч нарын явуулсан ажиллагаа нь Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмээр хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдгээрт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Иргэн Г.Г-нь ... шүүхийн шүүгч Ц.О-, ...шүүгч Д.М-, М.Б- нарт холбогдуулан өргөдөл гаргасан. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр захирамжаар холбогдох шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Иргэн Г.Г-нь ... шүүхэд Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Засгийн газрын тохируулагч агентлаг-Стандарт хэмжилзүйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

... шүүхийн 2019 оны 652 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 657 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон, ...Захиргааны хэргийн танхимын 2020 оны 76 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Иргэн Г.Г-2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “......сайд Ө.Э-гийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Ээлжийн амралтын тухай” 83 тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл дахин гаргаж, ... шүүхийн шүүгч Ц.О-гийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/Ш2020/4407 дугаар захирамжаар дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргажээ.

Өргөдөл гаргагч Г.Г-нь шүүгч Ц.О-, Д.М-, М.Б- нар үндэслэлгүй шийдвэр, дүгнэлтүүдийг гаргасан гэж Шүүхийн ёс зүйн хороонд өргөдөл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас илтгэгч гишүүн “...Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд ... шүүхийн шүүгч Ц.О- хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн, ...шүүгч М.Б-, Д.М- нар нь хэргийн оролцогчийн гомдлын дагуу хэргийн хяналтын журмаар хянан хэлэлцэхэд болон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг шийдвэрлэх хуралдааныг даргалж болон шүүх бүрэлдэхүүнд илтгэгч шүүгчээр тус тус оролцсон байна. Шүүгч нарын явуулсан ажиллагаа нь Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмээр хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж үзэж, шүүгч нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байна.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүгч Ц.О-, ...шүүгч Д.М-, танхимын тэргүүн М.Б- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Д.МЯГМАРЦЭРЭН

                ГИШҮҮН                                          Г.ЦАГААНЦООЖ 

                                                                                   Д.ЭРДЭНЭЧУЛУУН