МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-01-12
Дугаар 7
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 6 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Өргөдөл гаргагч Б.Б нь “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид ердийн журмаар гомдол гаргах эрхтэй гэж тусгагдсаны дагуу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл тус шүүхийн шүүгч Н.Э, Л.Н, Д.Э нар шүүх хуралдаанаар хэлэлцээд, анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх гомдол байна гэж үзэн, шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШТ/01 дугаартай тогтоол гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Уг шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргахад дээрх тогтоолын бүрэлдэхүүнд орсон шүүгч Л.Н албан бичгээр хариу өгөхдөө хуулийн илт тодорхой заалтыг дахин ноцтой зөрчиж, намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.
1. Өргөдөл гаргагч Б.Б нь анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/482 дугаар захирамжид гомдол гаргасан тухайд, Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ... дүүргийн Прокуророос Б.Д, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1926001890102 дугаартай хэргийг өмнө нь шүүх анх 2020 оны 4 дүгээр сарын 24-ний хүлээн авсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/282 дугаар захирамжаар яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж байжээ. Улмаар прокурор 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 325А дугаартай яллах дүгнэлт үйлдэж, тус Прокурорын газрын мөн өдрийн 1/3345 дугаар албан бичгээр уг хэргийг ... шүүхэд дахин хүргүүлснийг тус шүүх 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дахин хүлээн авсан байна. Урьд нь шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ЦХШЗ/63 дугаар захирамжаар Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1 сараар сунгасан буюу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа нь 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дуусаж байсан тул Прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн тул шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/482 дугаар захирамжаар яллагдагч Б.Д, Б.Б нарыг шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүх хуралдаан болтол яллагдагч нарыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьжээ.
Өөрөөр хэлбэл ... шүүхийн Ерөнхий шүүгч Х.О “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2-т “шүүхийн шийдвэрт тухайн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт байрлах цагдан хорих байранд яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорихоор заана” гэж заасныг баримтлан яллагдагч нар нь Улаанбаатар хот дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байсан тул ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорихоор 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2020/ШЗ/482 дугаар “ Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамжаар шийдвэрлэсэн” гэсэн нь үндэслэл бүхий, хуульд нийцсэн гэж үзлээ. Б.Б цагдан хорих байранд хоригдож байсан тул шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн “... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах тухай” гэх гомдлыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны дарга, ахмад Х.О-ийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 02/1554 дүгээр албан бичгээр хүргүүлэхэд тус шүүх мөн өдрийн 16 цаг 30 минутад хүлээн авсан байна.
2. Өргөдөл гаргагч Б.Б нь анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/505 дугаар захирамжид гомдол гаргасан тухайд, Б.Б-д холбогдох 1926001890102 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... миний бие яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх ажиллагаанд /урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг өөрөө гаргахтай холбогдуулан/ өмгөөлөгчгүй оролцох хүсэлттэй байгаа болно.” гэжээ. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй”, мөн зүйлийн 1.5-д “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” гэж заасан. Хуулийн дээрх үндэслэлээр урьд нь өмнө өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг нь хангаж, шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/239 дүгээр захирамжаар Б.Б-д холбогдуулсан хэрэгт өмгөөлөгч Б.Х-г оролцуулахаар томилж байжээ. Яллагдагч Б.Б нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасныг шүүгч М.М-ын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/505 дугаар захирамжаар яллагдагч Б.Б-н хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн, үндэслэл бүхий болсон байна гэж үзэв. Уг захирамжийг эс зөвшөөрсөн Б.Б-н 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах тухай” гэх гомдлыг нь ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Ю-ын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01/1592 дугаар албан бичгээр хүргүүлснийг тус шүүх мөн өдрийн 12 цаг 10 минутад хүлээн авчээ.
3. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/482 дугаартай, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/505 дугаартай захирамжуудад гомдол гаргатал давж заалдах шатны шүүх нь “анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх гомдол” гэж үзэн, шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШТ/01 дугаартай тогтоол гаргасан гэх тухайд, Сахилгын хэргийн шалгах ажиллагааны хүрээнд анхан шатны шүүхээс Б.Б гомдлыг ямар үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн талаар анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.О, шүүгч М.М нараас тайлбар авч хэрэгт хавсаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор, оролцогч энэ хуулийн 12.3, 13.1, 13.2, 13.5, 13.7, 14.4, 14.5, 14.13, 19.2, 19.3 дугаар зүйл, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ...эрхтэй”, мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн ...төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заажээ. Шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/482 дугаар захирамжийг Б.Б-д 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гардуулж, уг захирамжид түүний 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан “... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах тухай” гэх гомдлыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны дарга, ахмад Х.О-ийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 02/1554 дүгээр албан бичгээр, мөн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/505 дугаар захирамжийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гардуулж, Б.Б нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах тухай” гэх гомдлыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Ю-ын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01/1592 дугаар албан бичгээр ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авчээ. Анхан шатны шүүх “прокурор яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлж, хэргийг шүүх хүлээн авсан, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрт хэрхэн гомдол гаргах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хуульчилсан, энэ талаар журамласан зохицуулалт, тодорхой хуулийн заалт байхгүй” гэж үзээд Монгол Улсын Үндсэн хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг нь эдлүүлэх үүднээс шүүгч М.М 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 420 дугаартай албан бичгээр 11 хавтас хэргийн хамт ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлснийг буруутгах боломжгүй байна. Улмаар Б.Б-н гомдлууд болон эрүүгийн хэрэг нь давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 138 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, тэтгэвэрт гарсан шүүгч асан Д.Э-т хуваарилагдаж, Ерөнхий шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ЕШЗ/01 дүгээр захирамжаар тухайн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан даргалагчаар Н.Э, бүрэлдэхүүнд шүүгч Л.Н, Д.Э нарыг томилж, шүүгч асан Д.Э-ийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/01 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутад товложээ. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан тул тухайн шүүх хуралдааныг товлон зарласан шүүгч асан Д.Э-ийг буруутгахгүй. Нэгэнт хэрэг хүлээн авсан шүүгч өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлон зарласан тул яллагдагч Б.Б-н гаргасан гомдлуудыг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй”, урьд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “анхан шатны шүүхийн шийдвэрийг талуудын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр давж заалдах журмаар хянан шийдвэрлэх”, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт “шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэрлэнэ...” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл Б.Б-н гомдлууд нь анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдол биш, харин тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/482, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/505 дугаар захирамжуудад гаргасан гомдол байсан тул давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШТ/01 дүгээр тогтоолоор Б.Б-н давж заалдах шатны шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 24, 27-ны өдрүүдэд гаргасан гомдлуудыг хэлэлцэхгүй орхижээ. Тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд “2” гэсэн нэртэй, нийт 1 минут 54 секунд үргэлжлэх бичлэгийн 53 дахь секундээс “Даргалагчаас: Яагаад гомдлыг хэлэлцэхээс татгалзсан бэ гэхээр таны шүүгчийн 482, 505 дугаартай захирамжуудад гаргасан гомдлууд нь давж заалдах шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш байна гэж үзлээ. Энэ гомдлоо та анхан шатны шүүхдээ зохих журмаар нь гаргах ёстой. Харин давж заалдах шатны шүүх шийдвэрлэх асуудал биш байна. Мөн та шүүгчийн 505 дугаар захирамжид гаргасан гомдолдоо “хүсэлт гаргах эрх хязгаарлагдаад байна” гэсэн. Тэр бол хязгаарлагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөх тал гэж шүүгдэгч өөрөө ч байгаа, өмгөөлөгч нь ч өөрөө орж байгаа. Урьдчилсан хэлэлцүүлэгт та өөрөө хүсэлт гаргах эрхтэй байгаа” гэж шүүхээс гарсан тогтоолын агуулгыг Б.Б-д тайлбарлан өгч байгаа нь бичигджээ. Мөн ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020/ШТ/01 дүгээр тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт “анхан шатны шүүхийн шүүгчийн 2020/ШЗ/482 болон 2020/ШЗ/505 дугаартай захирамжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шийдвэр тул анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх гомдол” гэж үзэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.3-т “давж заалдах шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш” гэж заасныг баримтлан гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхтэй болохыг нь дурдсан байх бөгөөд үүнд Шүүхийн сахилгын хороонд үнэлэлт, дүгнэлт өгөх эрхийг хуулиар олгоогүй болно.
Түүнчлэн Б.Б, Б.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/174 дүгээр шийтгэх тогтоолоор Б.Д, Б.Б нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Д-д 7 жил 11 сарын, шүүгдэгч Б.Б-д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоосон ба давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ДШМ/44 дүгээр магадлалаар шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна. Шүүгдэгч нараас хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 180 дугаар тогтоолын “Тодорхойлох нь” хэсэгт “...Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно., ...шүүгдэгч Б.Б-н гомдолд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй болно” гэж үзэн, анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/174 дүгээр шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ДШМ/44 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
4. ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШТ/01 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргахад уг тогтоолыг гаргасан бүрэлдэхүүнд орсон шүүгч Л.Н шийдвэрлэхдээ намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг дахин ноцтой зөрчсөн гэх тухайд, Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Б давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШТ/01 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Тухайн үед Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан, шүүгч асан Д.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан болох нь тус шүүхийн Тамгын газрын дарга Д.М-ын “Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл”-ээр нотлогдож байна. Улмаар Ерөнхий шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дүгээр “Орлон ажиллах шүүгч томилох тухай” захирамжийн дагуу Ерөнхий шүүгчийн албан үүргийг шүүгч Л.Н орлон гүйцэтгэж байжээ. Б.Б-н давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШТ/01 дүгээр тогтоолд гаргасан гомдолд тухайн үед Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэж байсан шүүгч Л.Н 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаар албан бичгээр “тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанаар гомдлыг хэлэлцэхгүй тухай шийдвэр гаргажээ. Уг тогтоолын 2 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 8-д зааснаар мөн хуулийн 15.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан тохиолдолд гомдол гаргаж болохоор тусгасан байна. Уг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах нь зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгчийн дангаар гаргасан шийдвэрт хамаарах тул гомдлыг хүлээн авах боломжгүй учир гомдлыг буцаан хүргүүлэв...” гэж хариу өгчээ. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаан зарлалгүй харин албан бичгээр хариу өгөхөд Б.Б-г байлцуулах шаардлагагүй бөгөөд үүнд шүүгч Л.Н-ийг буруутгах үндэслэлгүй юм. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж заасан. Б.Б-н өргөдөлд дурдсан анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/482 болон 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/505 дугаар захирамжууд, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШТ/01 дүгээр тогтоол, шүүгч Л.Н-ийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаар албан бичигтэй холбоотой үйл баримтууд нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд хамаарч байна.
2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй”, 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тус тус заажээ.
... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарыг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар бүлгийн “Шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй”-д тусгагдсан зөрчил гаргасан гэж үзэхээр үндэслэл баримтаар тогтоогдохгүй тул тэдэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.
” гэжээ.
Шүүгч Н.Э, Д.Н нар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “...Эрүүгийн 1926001890102 дугаартай хэргийн яллагдагч Б.Б нь “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авсан “Шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг зарлуулах, өөрийгөө өмгөөлөх эсэхтэй холбоотой” хүсэлтийг шийдвэрлэсэн ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/482 дугаартай, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/505 дугаартай захирамжуудыг эс зөвшөөрч гомдол гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, давж заалдах шатны шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн. Тухайн үед тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Э нь ерөнхий шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ЕШЗ/01 дугаартай захирамжаар шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг томилж, шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/01 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр товлон зарласан. 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагч Б.Б-г оролцуулан хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-н гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/482 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбоотой гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх гомдол байна гэж, мөн Б.Б-н “урьдчилан хэлэлцүүлэг зарлуулах, өөрийгөө өмгөөлөх эсэхтэй холбоотой” хүсэлтийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/505 дугаар захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн шатны Ерөнхий шүүгч шийдвэрлэх буюу анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх гомдлууд байна гэж дүгнэн ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах ганы шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШТ/01 дугаартай тогтоол гаргаж, Б.Б-н гомдлуудыг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэн, хэргийг мөн өдрийн 110 дугаартай албан тоотоор анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсэн. Үүний дараа Б.Б 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудлаар давж заалдах шатны шүүхэд дахин гомдол гаргасан байдаг. Тухайн үед шүүгч Д.Э ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон ажиллаж байсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, шүүгч Л.Н Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хугацаанд хариу өгсөн. Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч гэсэн ойлголт, хэллэг байхгүй учраас албан тоотод шүүгч гэж гарын үсэг зурсан. Урьд нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар тухайн гомдлын талаар хянан шийдвэрлэсэн тул дахин хэлэлцэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан гомдолд хамаарах тул Б.Б-гаас Шүүхийн сахилгын хороонд гаргасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг дахин ноцтой зөрчиж намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж ойлгож байна. Б.Б, Б.Д нар холбогдох эрүүгийн 1926001890102 дугаартай хэргийг Улсын Дээд шүүх 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж дүгнээд Б.Б-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, Б.Д-д холбогдох хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Л.Н 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагч Б.Б-г оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар түүний гаргасан гомдлыг хэлэлцээд шүүхийн 2020/ШТ/01 дүгээр тогтоол гарч, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Б.Б анхан шатны шүүхэд хэргийг хүргүүлсний дараа 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудлаар дахин гомдол гаргасан бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар буюу 2020 оны 9 дүгээр зүйлийн 14-ний өдөр албан тоотоор хариуг өгсөн. Гомдолд дурдагдсан асуудлыг давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн, хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсэн, дахин уг асуудлыг хэлэлцэх хууль зүйн боломжгүй байсан тул тухайн үед Ерөнхий шүүгчийн үүргийг орлон гүйцэтгэж байсны хувьд миний бие бичгээр хариу өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хүсэлт, гомдлыг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт, гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Б.Б зохих журмын дагуу дээд шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан” гэжээ.
Шүүгч Н.Э, Л.Н нараас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Эрүүгийн 1926001890102 дугаартай хэргийн яллагдагч Б.Б нь “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авсан, “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах, өөрийгөө өмгөөлөх эсэхтэй холбоотой” хүсэлтийг шийдвэрлэсэн ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/482 дугаартай, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/505 дугаартай захирамжуудыг эс зөвшөөрч гомдол гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг ирүүлсэн. Тухайн үед тус шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д.Э нь хуульд зааснаар 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ЕШЗ/01 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Н.Эг, бүрэлдэхүүнд шүүгч Л.Н, Д.Э нарыг томилсон. Мөн хэрэг хүлээн авсан Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д.Э нь 20220 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2020/ШЗ/01 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр товлон зарласан байна. Хэрэг хүлээн авсан шүүгч өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд нэгэнт шүүх хуралдааныг товлон зарласан учир яллагдагч Б.Б-д холбогдох хүсэлтүүдийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 482, 505 дугаартай захирамжийг эс зөвшөөрсөн гомдлыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7.3-т зааснаар уг гомдол нь давж заалдах шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3-т зааснаар уг гомдлыг анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх гомдол байна гэсэн олонхын шийдвэр гарч давж заалдах шатны шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2020/ШТ/01 дугаартай шүүхийн тогтоол гарсан. Дээрх давж заалдах шатны шүүхийн “Шүүхийн тогтоол”-ыг хуульд зааснаар үндэслэлтэй гаргасан гэж үзэж байгаа учир бидэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Б.Б-аас “...2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШТ/01 дугаартай тогтоолоор гомдлыг хэлэлцэхгүй орхисон, ...уг тогтоолд гомдол гаргахад бүрэлдэхүүнд орсон шүүгч Л.Н албан бичгээр хариу өгсөн” гэх агуулгаар ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н, Д.Э нарт холбогдуулан өргөдөл гаргажээ.
Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1234 дугаар гишүүний захирамжаар шүүгч Д.Э нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 138 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байх тул сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1235 дугаар гишүүний захирамжаар шүүгч Н.Э, Л.Н нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагааны явцад дараах үйл баримтууд тогтоогджээ.
Нийслэлийн ... дүүргийн прокуророос ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б нарт холбогдох 192600189012 дугаартай эрүүгийн хэргийг ... аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авчээ.
Тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ЕШЗ/208 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Х.О-ыг томилсон байна. /хх152/
Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дуусаж байсан тул тухайн шүүхийн Ерөнхий шүүгч Х.О-ын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/482 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 14.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллагдагч Б.Д, Б.Б нарыг шүүхэд шилжүүлэх хүртэлх хугацаанд тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг захирамжид ердийн журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. /хх38-42/
Улмаар 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЗТ/10 дугаар зөвлөгөөний тогтоолоор Ерөнхий шүүгч Х.О нь ээлжийн амралтаа авсан тул түүний хянан шийдвэрлэж байсан Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч М.М-т шилжүүлж, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ЕШЗ/218 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл тус шүүхийн Ерөнхий шүүгчийг түр эзгүйд орлон ажиллах шүүгчээр шүүгч М.М-ыг томилж, 2020/ЕШЗ/219 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчийг өөрчилсөн байна. /хх164,166/
Шүүгч М.М-ын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/505 дугаар захирамжаар яллагдагч Б.Б-н гаргасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хангахгүй орхиж, уг захирамжид ердийн журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурджээ. /хх43,44/
Дээрх захирамжид “...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтад зааснаар Монгол Улсын иргэн нь “...Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ...өөрийгөө өмгөөлөх, ...эрхтэй” гэж хуульчилсан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд 1.5-д хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй талаар заасан тул өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг хангаагүй талаар” тайлбарлажээ.
Дээрх шүүгчийн захирамжуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, яллагдагчийн өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь шүүгч хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, зохих хуулийг хэрэглэсэн гэж үзнэ. Уг захирамжуудад ердийн журмаар гомдол гаргах эрхтэй талаар дурдсан нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх ба хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.
Б.Б-аас 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/482 дугаар шүүгчийн захирамжид мөн сарын 24-ний өдөр, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/505 дугаар шүүгчийн захирамжид мөн сарын 27-ны өдөр ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус тус гомдол гаргасныг анхан шатны шүүхээс хэргийн хамт 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 420 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна. /хх46-51/
Улмаар дээрх гомдлууд шүүгч асан Д.Э-т хуваарилагдаж, тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ЕШЗ/01 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар дээрх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Н.Э, бүрэлдэхүүн шүүгч Л.Н, Д.Э нарыг томилж, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/01 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутад хэлэлцүүлэхээр товложээ. /хх52,53/
Ийнхүү Б.Б-н гаргасан гомдлуудыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлон зарласан нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасанд хамаарах талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр, шүүгч хэргийн оролцогчоос гаргасан гомдлыг хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх нь түүнд хуулиар олгосон бүрэн эрх хэмжээний асуудал юм.
Нэг: “...Давж заалдах шатны шүүхийн тогтоолоор захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисон” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Н.Э даргалж, шүүгч Л.Н, Д.Э нарын бүрэлдэхүүнтэй Б.Б-н захирамжид гаргасан гомдлуудыг хянан хэлэлцэж, 2020/ШТ/01 дүгээр тогтоолоор “...Б.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болон урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчгүй оролцуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжууд нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шийдвэр тул мөн зүйлийн 3 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүх харьяалан шийдвэрлэн гомдол байна гэж үзэж Б.Б-ийн гаргасан гомдлуудыг хэлэлцэхгүй орхиж” шийдвэрлэсэн байна. /хх55-57/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дах хэсгийн 7.3-д Давж заалдах шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш үндэслэлээр хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргана, мөн зүйлийн 8-д энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор, оролцогч энэ хуулийн 15.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан журмаар гомдол гаргаж болно гэж заасан.
Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дангаар шийдвэрлэсэн захирамжид гаргасан гомдлыг харьяалан шийдвэрлэх эрхийг хуулиар олгоогүй гэж дүгнэж, хэлэлцэхгүй орхихоор тогтоол гаргасан нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
Хоёр: “ ...тогтоолд гомдол гаргахад бүрэлдэхүүнд орсон шүүгч Л.Н албан бичгээр хариу өгсөн” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар ерөнхий шүүгчийн үүргийг орлон ажиллаж байгаа шүүгч Д.Э-ийг 2020 оны ээлжийн амралтаа 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн эдэлж байх хугацаанд түүний албан үүргийг тус шүүхийн шүүгч Л.Н орлон гүйцэтгэхээр” томилжээ. /хх60/
Шүүгч Л.Н нь Б.Б-аас 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШТ/01 дүгээр тогтоолд гаргасан гомдолд мөн сарын 14-ний өдрийн 112 дугаар албар бичгээр “...тогтоолын 2 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 8-д зааснаар мөн хуулийн 15.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан тохиолдолд гомдол гаргаж болохоор тусгасан байна. Уг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах нь зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгчийн дангаар гаргасан шийдвэрт хамаарах тул гомдлыг хүлээн авах боломжгүй учир гомдлыг буцаан хүргүүлэв...” гэсэн хариу хүргүүлжээ. /хх62/
Ийнхүү Б.Б-аас тогтоолд гаргасан гомдлыг хуульд заасан үндэслэлээр хүлээн авах боломжгүй талаар тухайн үед Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан шүүгч Л.Н албан бичгээр хариу өгснийг буруутгахгүй.
Улмаар давж заалдах шатны шүүхээс Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 110 дугаар албан бичгээр анхан шатны шүүхэд хүргүүлж, ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/546 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад товложээ.
Тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/174 дүгээр шийтгэх тогтоолоор Б.Д, Б.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэж, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ДШМ/44 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Шүүгдэгч нараас хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэж, 180 дугаар тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болохыг дурдсан байна.
Б.Б-н өргөдөлд дурдсан үйл баримтууд нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-аас өмнө байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ.” гэсэнд хамаарах юм.
Шүүгч Н.Э, Л.Н нар нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд тогтоол гаргаж, уг тогтоолд гаргасан гомдолд албан бичгээр хариу өгсөн нь Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм болон Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 6 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэн Б.Б-н өргөдлийн дагуу ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Ц.ДАВХАРБАЯР
Д.МЯГМАРЦЭРЭН