МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-02-28
Дугаар 30
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан, өргөдөл гаргагч Ц.Б-г ажиглагчаар суулцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2023/0020 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:
1. Тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь шүүх хуралдааныг хуралдуулахгүй “итгэмжлэгдсэн төлөөлөгч авах, шүүгчээс татгалзах” гэх мэтээр бусармаг үйл ажиллагаа явуулсаар 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан болж шийдвэрлэсэн гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ц.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.М-д холбогдох нэхэмжлэлийг ... шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүгч хүлээн авч, шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 151/ШЗ2022/00372 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. Хариуцагч Ш.М шүүхийн дуудсанаар ирэхгүй байсан тул шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 151/ШЗ2022/00641 дүгээр захирамжаар хариуцагчийг албан ирүүлэхээр захирамжилж, шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШЗ2022/01032 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 16 цаг 00 минутад хэлэлцэхээр товлон зарласан байна. Товлогдсон шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 74.493.000 төгрөг гаргуулах болгон нэмэгдүүлэх, мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтүүд гаргасныг шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШЗ2022/01062 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б нь “нэхэмжлэгчийн өмгөөлөгч өвчтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн мөн өдрийн 151/ШЗ2022/01345 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М “... дүүргийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулах, гэрчээр Н.Т-г асуулгах”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А “гэрчээр Ч.Т асуулгах тухай” хүсэлтүүд тус тус гаргасныг шүүгчийн мөн өдрийн 151/ШЗ2022/01539 дүгээр захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл тус тус шүүх хуралдаануудыг хойшлуулж байжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд “бүх шүүгчдээс татгалзах тухай” хүсэлт гаргасан тул шүүгчийн мөн өдрийн 151/ШЗ2022/01587 дугаар захирамжаар татгалзлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх хүртэл хойшлуулсан ба тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ЗТ2022/00094 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Улмаар 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах болгон нэмэгдүүлснийг шүүгч хүлээн авч, хариуцагчид гардуулж, хариу тайлбар гаргах хүртэл хугацаагаар шүүгчийн мөн өдрийн 151/ШЗ2022/01802 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулжээ. 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдаан мөн өдрийн шүүгчийн 151/ШЗ2022/02835 дугаар захирамжаар “шүүгч нь эмнэлгийн магадалгаагаар Ковид-19 өвчнөөр өвдөж, эмчлүүлэх шаардлагатай болсон тул шүүх хуралдааныг 2022 оны 8 дугар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна. Товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар “шүүх хуралдааныг хойшлуулах тухай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь шүүгч, нийт шүүгчдээс татгалзах тухай” хүсэлт тус тус гаргасан бөгөөд шүүгчийн мөн өдрийн 151/ШЗ2022/02993 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ. Харин шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 151/ЗТ2022/00224 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь Ерөнхий шүүгч, нийт шүүгчдээс татгалзах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Шүүхээс шүүх хуралдааныг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр товлосон ба тухайн өдөр хариуцагч тал шүүх хуралдаанд ирээгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “шүүх хуралдаанд хариуцагчийг биечлэн оролцуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн мөн өдрийн 151/ШЗ2022/03177 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч “гэрч Ч.Т, Н.Т нарыг албадан ирүүлэх тухай” хүсэлт гаргасныг хангаж, шүүгчийн мөн өдрийн 151/ШЗ2022/03238 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар “хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулах, гэрч Н.Т ирсэн тул гэрчийн мэдүүлэг авхуулах, гэрч Ч.Т ирээгүй тул шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн мөн өдрийн 151/ШЗ2022/03311 дүгээр захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 00 минут хүртэл, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэгч нь “түүний өмгөөлөгч А.М эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүгчийн мөн өдрийн 151/ШЗ2022/03467 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “гэрч Ч.Т шүүх хуралдаанд оролцуулах тухай” хүсэлт гаргасныг хангасан ба шүүгчийн мөн өдрийн 151/ШЗ2022/03529 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “гэрч Ч.Т шүүх хуралдаанд оролцуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн мөн өдрийн 151/ШЗ2022/03793 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл тус тус хойшлуулж байсан байна.
Дээрхээс үзвэл шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 13 удаа шүүх хуралдаан хойшлогдож байсан ба үүнээс нэхэмжлэгч талын хүсэлтээр 10 удаа, хариуцагч талын хүсэлтээр 2 удаа, шүүхээс шалтгаалан 1 удаа шүүх хуралдаан хойшлогдож байжээ. Иймд өргөдөлд дурдагдсан “хариуцагч нь шүүх хуралдааныг хуралдуулахгүй “итгэмжлэгдсэн төлөөлөгч авах, шүүгчээс татгалзах” гэх мэтээр бусармаг үйл ажиллагаа явуулсаар 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан болж шийдвэрлэсэн” гэх өргөдөл нь үндэслэлгүй байна гэж үзэв.
2. Шүүгч Д.А нь шүүх хуралдааны явцад нэг талын байр суурийг илэрхийлж, нэхэмжлэгч буруутай мэтээр хандсан ба нэхэмжлэгч намайг “яахаараа найздаа мөнгө зээлүүлдэг юм, чиний буруу үйл ажиллагаа байна, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл ойлгомжгүй байна” гэх зэргээр нэг талыг барьсан асуултууд тавьж түүндээ өөрөө дүгнэлт өгч, намайг загнасаар байгаад шүүх хуралдааныг дуусгасан гэх тухайд: Шалгах ажиллагааны явцад тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд “baigalmaa-monhjargal 1-r heseg” нэртэй фолдерт байх “mainfeed_dual_384” гэх нэртэй бичлэгийн 40 минут 41 секундээс 52 минут 27 секунд хүртэл, “mainfeed_dual_384-2” гэх нэртэй бичлэгийн 02 минут 00 секундээс 20 минут 10 секунд хүртэл, “mainfeed_dual_384-3” нэртэй бичлэгийн 10 минут 36 секундээс 44 минут 48 секунд хүртэл, нийт 1 цаг 26 минут 42 секундийн хугацаанд шүүгч нь нэхэмжлэгч талаас нэхэмжилж буй 74.493.000 төгрөгийн задаргааг болон 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлийг тодруулан асууж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч, ...өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж, Улсын дээд шүүхийн 2002 оны 7 угаар сарын 24-ний өдрийн 263 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 14 дүгээр зүйлд “...шүүгч нь хуулийн 67.1.1 дэх заалтын дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ба гуравдагч этгээдэд шаардлага, татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх... үүрэгтэй” гэж, Мөн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр “Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлоход анхаарам зарим асуудал” зөвлөмжийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Хуульд зааснаар сонирхогч этгээд өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд ийнхүү хандсаныг хүлээн авсныг нэхэмжлэл гэж үзнэ”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Бүрдүүлбэрийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.2-62.1.4-н шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг нэгэнт хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бол шүүгч мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан ажиллагааг хийхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгчээс ...асууж тодруулах боломжтойг анхаарвал зохино”, 4.3 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь хоёр өөр ойлголт юм. Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал юм. Шаардлага нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг” гэж тус тус заажээ.
... шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ТМ2022/01145 дугаар тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, шүүхийн 151/ШШ2022/01177 дугаар шийдвэр зэргээс үзэхэд Ерөнхий шүүгч Д.А нь “нэхэмжлэгчийг загнасан, нэг талыг баримталж асуулт асуусан” гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн шүүгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс “яахаараа найздаа мөнгө зээлүүлдэг юм, чиний буруу үйл ажиллагаа байна” гэж хэлээгүй болох нь шүүх хуралдааны бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдож байна. Харин шүүгч хуульд заасан чиглүүлэх чиг үүргийнхээ дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахаар асуулт асууж, нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэж буй нотлох баримтаа өөрсдөө гаргаж нотлох үүрэгтэйг тайлбарлан, сануулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй” гэж заасан нь нөгөө талаар шүүх хуралдаанд бэлтгэлтэй ирэх үүрэгтэйг илэрхийлж буй ойлголт бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд бэлтгэлгүй ирж, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ сайн тодорхойлж чадахгүй байсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
3. Хариуцагч талаас гэрч оролцуулах хүсэлт гаргасныг хангаж, түүнээс болж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулчхаад эцэст нь гэрч Ч.Т цахимаар оролцуулж, гэрчийн эрх үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулалгүй мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн гэх тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно”, 43.2 дахь хэсэгт “Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна” гэж тус тус заажээ. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А гэрчээр Ч.Т-аас мэдүүлэг авхуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 151/ШЗ2022/01539 дүгээр захирамжаар хангаж байжээ. Улмаар шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШЗ2022/03238 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, гэрч Ч.Т, Н.Т нарыг албан ирүүлэхээр, шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 151/ШЗ2022/03311 дүгээр захирамжуудаар нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М нарын хүсэлтийг хангаж, гэрч Ч.Т албадан ирүүлэхээр, шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШЗ2022/03529 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, гэрч Ч.Т шүүх хуралдаанд оролцуулахаар, шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШЗ2022/03793 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, гэрч Ч.Т шүүх хуралдаанд оролцуулахаар тус тус шүүх хуралдаануудыг хойшлуулж байсан байна.
... шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар гэрч Ч.Т цахимаар оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан байх ба энэ нь сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдож байна. Тус бичлэгийн 1 минут 21 секундээс цахимаар оролцож буй гэрч Ч.Тийн биеийн байцаалтыг авч, 2 минут 36 секундээс даргалагч гэрчид эрх, үүргийг нь тайлбарлан өгснөөр гэрчийн мэдүүлэг авч эхэлсэн ба 26 минут 50 секундээс даргалагч “саяны хоёр гэрчийн мэдүүлэг энэ шүүх хуралдааны тэмдэглэлд шууд тусгагдаад явахыг анхаарах байх. Талууд хэн аль нь зөвшөөрсөн учраас” гэснээр шүүх хуралдааныг нээж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны оролцогч гэдэгт ...гэрч, ...хамаарна” гэж зааснаар гэрч Ч.Т нь шүүх хуралдааны оролцогч юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Энэ журам ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, ...Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, ...болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байна”, 2 дугаар зүйлийн 2.1.2-т “шүүх хуралдаанд цахимаар оролцох гэж шүүх хуралдаанд сүлжээг ашиглан тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тусламжтайгаар биечлэн оролцохыг ойлгоно”, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч нь шүүх хуралдааны товыг мэдсэний дараа шүүх хуралдаанд цахимаар оролцох бол энэ тухай шүүгчийн туслахад бичгээр, эсхүл утсаар, шүүхийн Тамгын газрын албан ёсны цахим шуудангийн хаяг /цаашид “цахим шуудан” гэх/-аар мэдэгдэнэ” гэж тус тус заасан. Гэрч Ч.Т нь цахимаар оролцох тухай шүүгчийн туслах Э.О-д мэдэгдсэн байх ба түүнээс цахимаар гэрчийн мэдүүлэг авах үед талуудаас ямар нэгэн хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Улсын дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дахь гэрчийн мэдүүлэг” зөвлөмжийн 1 дүгээр зүйлд “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлаа нотлохоор гэрчийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй болно”, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Гэрч нь нотолгооны эх сурвалж, гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болдог байна. Гэрчийн мэдүүлэг нь анхдагч, шууд эсхүл дамжмал /үүсмэл/, шууд бус нотлох баримтын шинжтэй байх бөгөөд үүнээс анхдагч буюу шууд нотлох баримтад тооцогдох гэрчийн мэдүүлэг нь нотлогдвол зохих үйл баримтыг /үйлдэл, үзэгдэл, үйл явдал/ дэргэд нь байсан, түүнийг үзсэн, харсан байдаг учир нотолгооны ач холбогдол өндөр байна. Харин шууд бус буюу бусдаас мэдсэн, сонссон талаарх гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудтай нэгдмэл байдалтай буюу тэдгээрийн дэмжлэгтэйгээр нотолгооны ач холбогдолтой болдгоороо онцлогтой” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, Улсын дээд шүүхийн 2002 оны 7 угаар сарын 24-ний өдрийн 263 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 13 дугаар зүйлд “Хуулийн 40.3 дахь заалтын "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэдэг нь хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг шүүгч урьдчилан үнэлэхгүй бөгөөд гагцхүү шүүх хуралдаан дээр нотлох баримтыг тал бүрээс нь хэргийн байдалтай бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүгч дотоод итгэлээрээ үнэлнэ гэж ойлгоно” гэж тус тус заажээ.
Дээрхээс үзвэл Ерөнхий шүүгч Д.А-ыг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтыг тал бүрээс нь өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлэн хэргийг шийдвэрлэсэнд буруутгах боломжгүй гэж үзлээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 10.000.000 төгрөг өгье гэж хэлсээр байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэх тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна”, 106.5 дах хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, ...гаргана” гэж, Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дахь зохигчдыг эвлэрүүлэх шүүгчийн ажиллагааны тухай” зөвлөмжийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “...зохигчдыг эвлэрэх байдалд хүргэхийн тулд шүүх ажиллах шаардлагатай ба түүнээс гадна шүүгч өөрөө хуулийг тайлбарлах тэдэнд учрах эрх зүйн үр дагаврыг танилцуулах, улмаар эвлэрэх талаар санал гаргах зэрэг ажиллагаа явуулахыг хууль зөрчсөн гэж үзэхгүй”, 4.6 дахь хэсэгт “Шүүх эвлэрүүлэх ажиллагааг явуулахдаа тухайн ...эвлэрэл нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болж чадаж байгаа эсэх, бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөж байгаа эсэхэд туйлын анхааралтай хандах нь чухал юм. Түүнээс гадна зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "бүрэн эрх нь" итгэмжлэлд заасан хэмжээ, хязгаарын дотор байгаа эсэхийг нотолбол зохино” гэж тус тус заажээ.
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад хийсэн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэгээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 10.000.000 төгрөгт эвлэрэх санал тавьснаас биш, 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүх хэргийг хэлэлцэн, шүүгч нотлох баримтыг хуульд заасны дагуу өөрийн дотоод итгэлээр үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Түүнчлэн Шүүхийн сахилгын хороонд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хуулиар олгогдоогүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.8 дахь хэсэгт “шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ хуулийн 119.7 дахь хэсгийн заалт хамаарахгүй. Энэ тохиолдолд шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасан журмын дагуу хүргүүлж, хугацааг энэ хуулийн 119.6-д заасны дагуу тоолно”, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт “зохигч, ...өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдлоор тухайн иргэний хэргийг ... давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.
5. Шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардуулж өгөөгүй гэх тухайд: ... шүүх Ц.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 74.493.000 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн иргэд хоорондын хэлцлээс татгалзах тухай иргэний хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2022/01177 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Ерөнхий шүүгч Д.А нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрийг бичгээр үйлдэж гаргах ёстой байсан боловч “Иргэн-2014” нэгдсэн системд 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр оруулан чеклэн баталгаажуулж, хэргийн оролцогч нарт 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн шийдвэрийг гардуулж өгсөн нь баримтаар тогтоогдож байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан. Хэдийгээр шүүгч шүүхийн шийдвэрээ хуульд заасан 14 хоногийн хугацаанд багтааж гаргаагүй буруутай байх боловч дээрх хуулийн заалтад заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан 30 хоногийн хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолоход 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусаж байна. Харин шүүхийн шийдвэр 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр буюу 19 дэх хоногтоо гарч, эрх зүйн актыг чеклэн баталгаажуулжээ. Мөн Ерөнхий шүүгч “...тухайн 10, 11 дүгээр саруудад ажлын ачаалал нэмэгдсэн. Үүний нэг шалтгаан нь шүүгчийн туслах тогтворгүй, удаа дараа солигдсон байдал нөлөөлсөн...” гэх хариу тайлбар үндэслэл бүхий болох нь ... шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/77 дугаар тушаалаар “О.Э-ийг шүүгчийн туслахын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилсон”, мөн өдрийн Б/78 дугаар тушаалаар “Э.О-г шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж, шүүгчийн туслахын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилсон” тушаалуудаар тогтоогдож байна. Иймд Ерөнхий шүүгч Д.А-ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн шийдвэрийг гаргаагүй удсан,түүнээс үүдэн нэхэмжлэгч талд ноцтой хохирол учирсан гэж үзэхээргүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Ц.Б-ийн өргөдөлд дурдсан асуудлаар ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.А нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргажээ.
Шүүгч Д.А тайлбартаа: “.... шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2022/01177 дугаар шийдвэрээр Ц.Б-ийн нэхэмжлэлтэй, Ш.М-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн. Миний бие тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 151/ЗТ2022/00001 дүгээр тогтоолын дагуу Ц.Б-ийн нэхэмжлэлтэй, Ш.М-д холбогдох иргэний хэрэг хуваарилагдсаны дагуу тухайн нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй тул түүнийг албадан ирүүлэх захирамж гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А ирж нэхэмжлэлийн хувийг гардан авсан. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй тул хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 16 цаг 00 минутад товлосон. Шүүх хуралдаан шүүхээс шалтгаалж 1 удаа хойшилсон нь миний бие Ковид-19 туссаны улмаас шүүх хуралдааны товыг өөрчилсөн ба үүнээс өөрөөр шүүхээс шалтгаалж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан зүйл байхгүй. Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Ч.Т ирээгүй, ирэх боломжгүй, цахимаар оролцох боломжтой гэсэн учраас түүнийг цахимаар оролцуулсан. Хэргийн оролцогч нараас цахимаар гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанд өөрсдөө биечлэн оролцсон ба үүнтэй холбоотойгоор ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, мөн шүүх санаачилгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хэргийг хэлэлцэж эхэлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч талаас хэн аль нь гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан ба хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасанд нийцнэ гэж үзэж байна. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.4, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолд зааснаар гэрч Ч.Т зайнаас буюу цахимаар оролцуулсан нь ямар нэгэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Даргалагч шүүгчийн хувьд шүүх бүрэлдэхүүнийг нэр заан танилцуулж, хуульд заасан үндэслэлээр татгалзал байгаа эсэхийг шүүх хуралдаанд биечлэн оролцсон нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч А.М нараас асуусан ба тэд татгалзал гараагүй. Нэхэмжлэгч тал нэг ч татгалзал гаргаагүй байж шүүхийн шийдвэр гарсны дараа гомдол гаргаж буйг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие маргаж буй эрх зүйн маргааны төрлийг тодорхойлохын тулд шүүх хуралдааны явцад асуулт асуусан. Тухайн хэргийг хуульд зааснаар хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж асуулт асуух нь хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийн үүрэг гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс нийт 74.493.000 төгрөг гаргуулах, мөн 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хэлцлээс татгалзах гэсэн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд тайлбарлахдаа өөр өөр байдлаар тайлбарласан учраас “мөнгө өгсөн, зээлсэн аль нь болохыг тодруулах, мөн ...хэлцлээс татгалзах шаардлагаа хууран мэхэлж хийсэн учраас хэлцлээс татгалзаж байна гэж тайлбарласан атлаа хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэж хоёр өөр байдлаар тайлбар гаргасан учраас талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, маргааны зүйл юу болохыг зөв тодорхойлохын тулд асуулт асуусан. Хэргийн үйл баримтыг зайлшгүй тодруулах шаардлагатай байсан ба үйл баримтыг тогтоож байж, хэргийг хянан шийдвэрлэхийн тулд асууж, тодруулсан ба хэргийн үйл баримт талуудын тайлбараас тэдгээрийн оролцсон эрх зүйн харилцааг тодорхойлдог. Асуусан асуулт нэхэмжлэгчийн хувьд таалагдахгүй байсныг үгүйсгэхгүй ч нотлох баримт болон нэхэмжлэлийн шаардлага хоорондоо зөрүүтэй байсан учраас үнэн зөв эсэхийг тодруулж, мөн нотлох баримтыг шалгаж, холбогдох баримтыг тодруулж асуултыг тавьсан. Хэргийг шийдвэрлэхийн тулд талуудаас гаргаж буй тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдох ёстой бөгөөд тухайн баримтуудаар талуудын хооронд ямар нэгэн гэрээ хийгдсэн эсэх, эсхүл хуульд нийцсэн гэрээ хийсэн эсэх, гэрээгээр хэн ямар үүрэг гүйцэтгэх ёстой байсан, үүргээ хэрхэн аж гүйцэтгэсэн талаар л тодруулсан. Би хэргийн нэг талд орж хувийн ашиг, сонирхол харж, мушгин гуйвуулж хэргийг шийдвэрлээгүйгээ үүгээр уламжилж байна. Ямар нэгэн байдлаар загнаж хэргийг шийдвэрлээгүй, талуудын мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг удирдан явуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрэх хүсэлтийг шүүх хуралдааны өмнө ба шүүх хуралдаан хаагдахаас өмнө асуусан ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-оос гаргасан 10.000.000 төгрөгт эвлэрэх саналыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөөгүй, зохигчийн эвлэрэл нь хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд тэд тухайн маргаантай асуудал дээр нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож, харилцан буулт хийх замаар эвлэрлийн гэрээ байгуулснаар тухай нэхэмжлэлд үүсгэсэн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болохоор заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан саналаар шууд хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар эвлэрэх саналыг хүлээн аваагүй, авах эсэх нь тэдний эрхийн асуудал тул шүүхээс ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй бөгөөд талууд нэгэнт эвлэрээгүй учраас 10.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн ба мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасанд нийцэхгүй гэж үзсэн. ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-оос ямар нэгэн байдлаар нөлөөлөх оролдлого гаргаагүй бөгөөд миний бие нөлөөлөлд автсан зүйлгүй болно. Тус шүүх нь жилдээ 1400 гаран хэрэг хянан шийдвэрлэгддэг ба нэг шүүгчид ногдох хэргийн ачааллаар дүүргийн шүүхүүдийн хэмжээнд тооцогддог, ачаалалтай шүүхүүдийн нэг бөгөөд тухайн 10, 11 дүгээр саруудад ажлын ачаалал нэмэгдсэн. Үүний нэг шалтгаан нь шүүгчийн туслах тогтворгүй, удаа дараа солигдсон байдал нөлөөлсөн ба шүүхийн шийдвэрүүд болон эрх зүйн актыг үндэслэлтэй гаргахад ихээхэн цаг хугацаа шаарддаг бөгөөд шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гаргах үүднээс хугацаа хэтрүүлснийг үгүйсгэхгүй байна. Тухайн иргэний хэрэг нь нэхэмжлэгч Ц.Б-ийн давж заалдах гомдлоор ... давж заалдах шатны шүүхэд хүргэгдсэн байгаа. Иймд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Ц.Б-аас “...хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, ...шүүх хуралдаанд нэг талыг барьсан асуулт асууж, нэхэмжлэгчийг загнасан, ...шүүх хуралдаанд гэрч Ч.Т цахимаар оролцуулж, гэрчид эрх үүрэг танилцуулж, гарын үсэг зуруулалгүй мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн, ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 10.000.000 төгрөг өгье гэж хэлсээр байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, ...шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаагүй” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлүүдээ тодорхойлжээ.
Нэг. Хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй гэх өргөдлийн үндэслэл тогтоогдсонгүй.
Ц.Б нь Ш.М-д холбогдуулан 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ... шүүхэд гаргасны дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.А 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 151/ШЗ2022/00372 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /сахилгын хэргийн 15 тал/
Хариуцагч Ш.М нь шүүхээс дуудсан хугацаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д зааснаар тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШЗ2022/00641 дүгээр шүүгчийн захирамжаар албадан ирүүлэх ажиллагаа явуулсан байна.
2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШЗ2022/01032 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 16 цаг 00 минутад хэлэлцэхээр товлож, товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 74.493.000 төгрөг болгож нэмэгдүүлж, мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасныг 151/ШЗ2022/01062, мөн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б нь өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг 151/ШЗ2022/01345, мөн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М нотлох баримт гаргуулах, гэрчээр Н.Т-ыг асуулгах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А гэрчээр Ч.Т асуулгах тухай хүсэлтүүд гаргасныг 151/ШЗ2022/01359 дугаар шүүгчийн захирамжаар тус тус хангаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ. /сахилгын хэргийн 16-25 тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд “бүх шүүгчдээс татгалзах тухай” хүсэлт гаргасан тул хуралдааныг хойшлуулж, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ЗТ2022/00094 дүгээр тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /сахилгын хэргийн 26-29 тал/
Улмаар 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулахаар дахин нэмэгдүүлснийг шүүгч хүлээн авч, хариуцагчид гардуулж, хариу тайлбар гаргах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулжээ. /сахилгын хэргийн 30-31 тал/
2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааныг товлосон боловч шүүгч Ковид-19 өвчнөөр өвдөж, эмчлүүлэх шаардлагатай болсон тул шүүх хуралдааныг 2022 оны 8 дугар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна. /сахилгын хэргийн 32 тал/
Товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг хойшлуулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ээс шүүгч, тухайн шүүхийн нийт шүүгчдээс татгалзах хүсэлт тус тус гаргасан тул шүүх хуралдааныг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 151/ЗТ2022/00224 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн гаргасан тухайн шүүхийн нийт шүүгчдээс татгалзах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /сахилгын хэргийн 33-36 тал/
Түүнчлэн, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал ирээгүй байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хариуцагчийг биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг 151/ШЗ2022/03177 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гэрч Ч.Т, Н.Т нарыг албадан ирүүлэх хүсэлт гаргасныг 151/ШЗ2022/03238, мөн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулах, гэрч Н.Т ирсэн тул гэрчийн мэдүүлэг авхуулах, гэрч Ч.Т ирээгүй тул шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлт гаргасныг 151/ШЗ2022/03311, мөн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд нэхэмжлэгч өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг 151/ШЗ2022/03467, мөн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрч Ч.Т шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг 151/ШЗ2022/03529, мөн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрч Ч.Т шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг 151/ШЗ2022/03793 дугаар шүүгчийн захирамжаар тус тус хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /сахилгын хэргийн 37-48 тал/
Улмаар 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 151/ШШ2022/01177 дугаар шүүхийн шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэнэ, 71.2-т Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасан боловч тус иргэний хэрэг нэхэмжлэгч талын хүсэлтээр 10 удаа, хариуцагч талын хүсэлтээр 2 удаа, шүүхээс шалтгаалан 1 удаа, нийт 13 удаа хойшлогдсон байна. Шүүгч хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасан журмын дагуу шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан нь түүнд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа байх тул сахилгын зөрчил гаргасанд тооцохгүй.
Хоёр. Шүүгч шүүх хуралдаанд нэг талыг барьсан асуулт асууж, нэхэмжлэгчийг загнасан гэх үндэслэлгүй байна.
Сахилгын хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шалгах ажиллагааны явцад бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 151/ТМ2022/01145 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгч Д.А шүүх хуралдааныг даргалахдаа нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж асуусан болох нь тогтоогдож байна.
Тухайлбал, “mainfeed_dual_384-1” гэх нэртэй бичлэгийн
44 минут 46 секундээс даргалагч “та өөрөө мөнгө зээлүүлснийхээ хөлсөнд шан гэдэг байдлаар хүү тохироогүй юм байна тийм үү, тэгэхээр харин хүүгүй, хугацаагүй мөнгөө өгсөн юм байна гэж ойлгож болох уу гэж асуугаад байна”, гэхэд.
нэхэмжлэгчийн өмгөөлөгч “ойлгомжтой хариулаад байна ш дээ шүүгч ээ. Энэ гэрээг хийхдээ” гэх үед
даргалагч “наадах чинь тусдаа ш дээ, өмгөөлөгч өө. За яах вэ, тэгж болно. Гэхдээ Байгалмаа найз гээд итгээд, энэ хоёрын хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзэх гээд байгаа биз дээ. Тэгэхээр хүн зүгээр мөнгөө өгсөн юм уу, зүгээргүй мөнгөө өгсөн юм уу гэдгийг би тодруулаад байна”,
46 минут 41 секундэд даргалагч “танд ямар ашигтай гэж ийм гэрээ хийсэн юм бэ? Яах гэж мөнгө өгсөн юм бэ? Тэрийг чинь тодруулаад байна”,
50 минут 18 секундээс даргалагч “2018 оны 10 дугаар сарын 07-ны хэлцлээ яана гээд байгаа юм бэ та. Таны нэхэмжлэлийн шаардлага юу вэ”,
50 минут 51 секундээс даргалагч “энэ хэлцлийг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулж өгөөч ээ гэж байгаа юм бэ?”
51 минут 22 секундээс даргалагч “хууран мэхэлж хийсэн учраас хүчин төгөлдөр бусад тооцож өгөөч ээ гэж байгаа юм уу?””,
“mainfeed_dual_384-2” гэх нэртэй бичлэгийн
02 минут 00 секундээс даргалагч “74.493.000 төгрөг яаж бүтээд байгаа юм бэ? Хэд нь хүү, хэд нь алданги, хэд нь олох ёстой байсан орлого юм бэ? Тодруулахгүй юм уу?”,
02 минут 42 секундээс даргалагч “анх гаргасан 30.000.000 төгрөг чинь 74.493.000 төгрөгтэй яаж уялдах юм бэ? Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага”,
03 минут 11 секундээс даргалагч “нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөд байгаа юм уу? Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилсөн гэж үзэх юм уу?”,
03 минут 27 секундээс даргалагч “нэхэмжлэлийн шаардлага тодруулах гэдэг чинь 9 дүгээр сарын 14-нд хэлцлээсээ татгалзах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тийм үү? Тэр нь дээр 30.000.000 төгрөг ороод байх шиг харагдаад байна. Тэгээд 74.493.000 төгрөг хаанаас хэдэн төгрөг яаж нэхээд байгаа юм. Тэрийгээ задлаад хэлээд өгөөч ээ гээд байна”,
04 минут 00 секундээс даргалагч “нэхэмжлэлийн шаардлагыг чинь нэмэгдүүлсэн шаардлага юм уу, шаардлага чинь өөрчлөгдөөд байгаа юм уу гэдгийг чинь би тодруулж асуугаад байна л даа. Нэгж үнээр тодорхойлогдож байгаа мөнгөн дүнг чинь яаж 74.000.000 гаргаад байгаа юм бэ гэдгийг тодруулж асуугаад байна. 30.000.000-тай хамааралтай юм уу, хамааралгүй юм уу?”,
05 минут 17 секундээс даргалагч “эхлээд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодруулна ш дээ өмгөөлөгч өө. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь өөрөө ямар үндэслэлтэй, ямар учиртай 30.000.000 нь 74.493.000 болчхоод байгаа юм бэ гэдгийг асуугаад байна ш дээ. Хүү нь хэдэн төгрөг юм бэ? Алданги нь хэдэн төгрөг юм бэ?”,
09 минут 41 секундээс даргалагч “одоо нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой хэлээдхээч. Та хоёр 74.493.000 төгрөг нэхээд байгаа, тийм үү? Би ямар үндэслэлээр яаж бодож гаргаад энийг гаргаад байгаа юм бэ гэдгийг тодруулж асуугаад байна ш дээ”,
11 минут 21 секундээс даргалагч “Байгалмаа сайн сонсож байгаарай. 74.493.000 төгрөгөө дахиад ойлгомжтой байдлаар тайлбарлаадах даа. Анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа өөрсдөө бодож үзээгүй юм уу? Мөнгөн дүнгийнхээ задаргааг хэлээд өг л дөө”,
15 минут 34 секундээс даргалагч “өмгөөлөгчөө та туслаач. Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа нь та биз дээ. ...би шийдэхдээ юуны дагуу мөнгө шийдээд байгаагаа мэдмээр байна ш дээ. Удаа дараа шүүх хурал хойшилж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулах нь та нарын үүрэг биз дээ. Эхлээд 30.000.000 төгрөг нэхсэн, дараа нь 44.493.000-аар нэмэгдүүлсэн”,
“Бичлэгийн 23 минут 48 секундээс даргалагч “би хэргийг чинь шийдэх гээд тодруулж асууж байгаа юм шүү. Бэлэн мөнгө олгосон баримт гээд байгаа. Энэ баримтыг хаана, хэзээ үйлдсэн юм бэ?” гэж асуусан байна. /сахилгын хэргийн 96-102 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч, ...өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж тус тус заасан.
Шүүх хуралдаан даргалагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 90 дүгээр зүйлд заасан нийтлэг журмын дагуу шүүх хуралдааныг удирдахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахын тулд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс дээрх асуултуудыг асуусан байх бөгөөд нэхэмжлэгчийг загнасан, нэг талыг барьж асуулт асуусан гэх өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдохгүй байна.
Гурав. Гэрч Ч.Т шүүх хуралдаанд цахимаар оролцуулж, гэрчид эрх үүрэг танилцуулж, гарын үсэг зуруулалгүй мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-оос гэрчээр Ч.Т асуулгах хүсэлт гаргаж, дээр дурдсанчлан тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 151/ШЗ2022/01539 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ.
Улмаар 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШЗ2022/03238, мөн сарын 14-ний өдрийн 151/ШЗ2022/03311 дүгээр шүүгчийн захирамжуудаар гэрч Ч.Т албадан ирүүлэхээр, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШЗ2022/03529, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШЗ2022/03793 дүгээр шүүгчийн захирамжуудаар гэрч Ч.Т оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. /сахилгын хэргийн 24-25, 39-40, 45-48 тал/
Улмаар, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Ч.Т цахимаар оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан болох нь тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, 151/ТМ2020/01145 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Бичлэгийн 1 минут 21 секундээс цахимаар оролцож буй гэрч Ч.Т-ийн биеийн байцаалтыг авч, 2 минут 36 секундээс даргалагч гэрчид эрх, үүргийг нь тайлбарлан өгснөөр гэрчийн мэдүүлэг авч эхэлсэн байх ба 26 минут 50 секундээс даргалагч “саяны хоёр гэрчийн мэдүүлэг энэ шүүх хуралдааны тэмдэглэлд шууд тусгагдаад явахыг анхаарах байх. Талууд хэн аль нь зөвшөөрсөн учраас” гэснээр шүүх хуралдааныг нээсэн байна. /сахилгын хэргийн 96 тал/ Хэргийн оролцогчоос гэрчийг цахимаар оролцуулж байгаатай холбогдуулан татгалзсан тайлбарыг гаргаагүй буюу хэн аль нь зөвшөөрчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт шүүх хуралдааны оролцогч гэдэгт гэрчийг хамааруулан ойлгохоор зохицуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.2-т “шүүх хуралдаанд цахимаар оролцох гэж шүүх хуралдаанд сүлжээг ашиглан тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тусламжтайгаар биечлэн оролцохыг ойлгоно”, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч нь шүүх хуралдааны товыг мэдсэний дараа шүүх хуралдаанд цахимаар оролцох бол энэ тухай шүүгчийн туслахад бичгээр, эсхүл утсаар, шүүхийн Тамгын газрын албан ёсны цахим шуудангийн хаягаар мэдэгдэнэ” гэж тус тус заасан. /сахилгын хэргийн 62-68 тал/
Шүүгчийн туслах Э.О шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа гэрч Ч.Т нь цахимаар оролцох талаар мэдэгдсэн тухай дурджээ. Ийнхүү гэрч Ч.Т шүүх хуралдаанд цахимаар оролцуулж, эрх үүргийг нь тайлбарлан мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.4-т заасанд нийцсэн байх бөгөөд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.
Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 10.000.000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрсөн байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх өргөдлийн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй байна.
2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нар оролцсон байх бөгөөд тус өдрийн дуу-дүрсний бичлэг бичигдсэн “mainfeed_dual_384-3” гэх нэртэй бичлэгийн 52 минут 07 секундээс даргалагч “талуудад эвлэрэх санал хүсэлт байна уу” гэхэд нэхэмжлэгч тал хариулаагүй бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “өмнө нь яригдаж байсан... Найз нөхдийн харилцаатай, бараг нэг нутгийн хүмүүс шиг байсан, 10.000.000 төгрөгийн дэмжлэг гаргаж өгье гэдэг асуудал яригдаж байсан. Энэ нь тухайн үед цагдаагийн байгууллагаар шалгагдахаас өмнө яригдаж байсан юм. Одоо ч гэсэн энэ санал хүчинтэй байгаа гэж бодож байна” гэж,
53 минут 14 секундээс даргалагч “10.000.000 төгрөгийг хэзээ өгөх юм бэ” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “мэдээж талууд хоорондоо тохиролцсон үед болох байх” гэж, нэхэмжлэгч “би Мөнхжаргалтай эвлэрэх талаар их хэлдэг. Гэтэл Мөнхжаргал би хэзээ ч Байгалмаатай эвлэрэхгүй гэж хэлээд яриад явж байсан...” гэж,
54 минут 02 секундээс нэхэмжлэгч “Надад мөнгө өгье гэж ярьж байсан мөртлөө өгөөгүй. ...Цагдаа дээр ч шийдээгүй, битгий худлаа яриарай, Ариунболд оо. Үгүй. Эвлэрэх талаар зөндөө л ярьсан” гэж,
54 минут 22 секундээс даргалагч “нэхэмжлэгч ээ та сонсож байна уу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг нь эрх олгосон этгээдийг хэлээд байгаа юм. Эвлэрэх саналыг шүүхээс асуух нь шүүхийн үүрэг. Шүүх хуралдаан дуусах гэж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 10.000.000 төгрөг өгье гэж байна. Хугацаа тохиръё гэж байна. Энийг зөвшөөрөх үү, зөвшөөрөхгүй юу. Өмгөөлөгчтэйгөө зөвшилцөж болно. Та хоёрт ярилцах хугацаа өгье” гэхэд нэхэмжлэгч өмгөөлөгчтэйгөө ярилцаж байгаад “би хариуцагчтай эвлэрэхгүй...” гэж хэлсэн нь бичигджээ. /сахилгын хэргийн 102 тал/
Дээрхээс үзвэл даргалагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан журмын хүрээнд шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхлэх шатанд зохигчоос эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг асуусан байх ба хариуцагчаас 10.000.000 төгрөг төлөхийн хэмжээнд эвлэрэх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлснээр тухайн ажиллагаа дуусгавар болжээ.
Зохигчид эвлэрсэн гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ, хэрхэн төлөх талаар харилцан тохиролцож, цаашид маргахгүйгээр хэргийг дуусгавар болгохыг ойлгоно. Эвлэрэх ажиллагаа нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж дуусгавар болохоос өмнө хийгдэх ажиллагаа юм.
Дээрх бичлэгээс үзэхэд зохигчид харилцан тохиролцож, эвлэрсэн гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгт бичигдсэн байх тул хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхлэх шатанд яригдаж талууд тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцээгүй зүйлээр шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь сахилгын зөрчилд тооцогдохгүй. Нэхэмжлэгч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах эрх нь нээлттэй байна. Шүүхийн сахилгын хороо шүүхийн шийдвэрийг хянаж хүчингүй болгох, өөрчлөлт оруулах эрхийг хуулиар олгоогүй болно.
Тав. Шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх өргөдлийн үндэслэлээр шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй байна.
2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2022/01177 дугаар шийдвэрийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч талд гардуулж, мөн өдрөө хариуцагч талд Монгол шуудангаар хүргүүлсэн болох нь шүүхийн шийдвэр гардуулсан 7 дугаар баримтаар тогтоогдож байна. /сахилгын хэргийн 95 тал/ Мөн шалгах ажиллагааны явцад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “Иргэн-2014” нэгдсэн системд дээрх шийдвэрийг 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталгаажуулан оруулсан болохыг тогтоосон. /сахилгын хэргийн 73 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус заасан. Иймд шүүгч дээрх шийдвэрийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор бичгээр үйлдэж, албажуулах ёстой байжээ. Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл шийдвэрийг 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр албажуулсан байх ба шүүгч шийдвэр гаргах хуульд заасан хугацааг 19 хоногоор хэтрүүлсэн гэж үзнэ. Уг хугацаанд шүүгчийн туслах өөрчлөгдсөн болох нь тус шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/77 дугаар ажилд шилжүүлэн томилох тухай, Б/78 дугаар Э.Оюуг шүүгчийн туслахын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан.
Хэдийгээр шүүхийн шийдвэр гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн байх боловч шүүгчийг сахилгын зөрчилд гаргасанд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй.
Шүүгч Д.А нь хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2023/0020 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэн Ц.Б-ийн өргөдлийн дагуу ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.А-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Ц.ДАВХАРБАЯР
Д.МЯГМАРЦЭРЭН