МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-01-18
Дугаар 13
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн ..... нарийн бичгийн дарга Г.Болортуяа, хэргийн оролцогч шүүгч Б.Б нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар өмгөөлөгч Б.Н-ийн өргөдлөөр үүсгэсэн, ...гийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Д.Эрдэнэчулууны илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ГС/2023/0007 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:
“... Өмгөөлөгч Б.Н нь “... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Б - г цагдан хорих хугацаа сунгасан шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд прокурор Н.Н-ийн тайлбарыг дэмжиж хэлсэн үгс нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.7, 50.1.23, 50.1.31 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.
.... ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Б-ын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар захирамжаар “мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-д холбогдох хэрэгт нийт 16 хэргийг нэгтгэн шалгаж байгаа бөгөөд ... Прокурорын газраас 2 хэргийг нэгтгэн шалгах шаардлагатай гэх прокурорын саналаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл арилаагүй байна. Шүүх нь прокурорын санал, яллагдагчийн энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа шийтгэгдэж байсан хувийн байдал, холбогдсон хэргийн нөхцөл байдал, холбогдох баримтууд зэргийг шинжлэн судлаад прокурорын санал үндэслэл бүхий гэж үзэн” яллагдагч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар буюу 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл сунгаж” шийдвэрлэжээ. Уг захирамжийг Б.Б-гийн өмгөөлөгч эс зөвшөөрөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 3 дахь хэсэгт зааснаар тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна.
Өмгөөлөгчийн гомдлыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхий шүүгчийн мөн өдрийн ... дүгээр захирамжаар шүүгчийн ... дугаар захирамжийг хэвээр үлдээжээ. Гомдол хэлэлцсэн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд цахимаар оролцож буй прокурор Н.Н гомдолтой холбогдуулан тайлбар хэлж байхад бичлэгийн 10 минут 40 секундээс даргалагч Ерөнхий шүүгч Б.Б прокурорын яриаг таслан “яг үнэн, 3.1-ээр татахаар болох юм бол тэр нөхцөлийг маш сайн шалгах ёстой. Ямар цалин орлоготой, ямар орлогоор амьдардаг юм бэ гэдгийг нь. Тэгэхгүй бол зөвхөн одоо, нөгөө аан ингээд холбогдчихсон юм чинь гэдгээр буруу үйлдэл болчихлоо гэдгээр оруулж ирж болохгүй. Тэрийг нь маш сайн судлах ёстой. За зөв” гэж хэлж байгаа нь бичигджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж заасан. ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай тэмдэглэл, уг шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шүүгчийн тайлбарыг дүгнэвэл тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б нь прокурор Н.Н-д зөвлөмж өгсөн гэхээс илүүтэй дээрх хуулийн зохицуулалтын дагуу чиглүүлэх чиг үүргийнхээ хэмжээнд Б.Б-гийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр прокурорын яллах дүгнэлтийн зүйлчлэлийг дахин шалгах, нягтлах талаас нь тодруулга хийн хэлсэн гэж үзэхээр байна.
Өргөдөл гаргагч, өмгөөлөгч Б.Н 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтдээ “... даргалагч шүүгч өөрийнх нь хэлсэн үгтэй холбоотой сахилгын хэрэг үүсгэснийг мэдэж, түүндээ анхаарал хандуулж, хэлсэн үгийг прокурор өмгөөлөгч нараас өөрөөр ойлгосныг харуулах дуу-дүрсний бичлэг хийх зорилготой прокурорыг биечлэн оролцуулж, улмаар прокурор өмнө тайлбарлаж ирснээс өөр тайлбар хийсэн гэж надад ойлгогдлоо...” гэж дурдсан.
Өргөдөл гаргагчийн хүсэлтийн дагуу тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдийн шүүх хуралдаануудын тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгүүдийг авч, үзлэг хийв. Үзлэгээр тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан нь шүүгч С.Б, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.М нар “Б.Б-д таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тус тус сунгаж шийдвэрлэжээ. Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ... захирамжийг яллагдагчийн өмгөөлөгч Б.Н эс зөвшөөрч гомдол гаргахад тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б даргалан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна.
Улмаар 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Н.М даргалж мөн өдрийн ... захирамжаар Б.Б-д авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг мөн сунгаж шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамжийг Б.Б-гийн өмгөөлөгч Б.Н эс зөвшөөрч гомдол гаргасныг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар Ерөнхий шүүгч Б.Б даргалж хянан хэлэлцсэн байна.
Тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б.Б-гийн цагдан хорих 7 дугаар хугацааг сунгасан тус шүүхийн шүүгч Н.М-ын захирамжид гаргасан өмгөөлөгч Б.Н-ийн гомдлыг хянан хэлэлцэж байгаагаар эхэлж байна.
- 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны “00000000246000200” нэртэй бичлэгийн 12 цаг 55 минут 25 секундээс даргалагч Б.Б “миний асуусан асуултыг хөндөх шиг боллоо. Урд нь шүүх хуралдаан дээр би асууж байсан. Яагаад амьдралын эх үүсвэр болгосон юм. Энэ хүн ямар цалин орлоготой юм, ямар ажил албатай юм, тэрийг нь тодруулсан уу? Юу юугүй 17.3-ын 1-ээр татаад оруулаад ирдэг шүү гэдэг асуудлыг ярьж байсан. Энийг та юу гэж ойлгосон бэ?” гэхэд
- Прокурор “би түрүүн ярилаа л даа. Би яллагдагчаар татаагүй. Өмнө нь н.Г прокурор 17.1-ийн 3.1-ээр татсан. ... би өөрөө татаагүй байсан учраас, шүүгчийн зүгээс та нар амьдралын эх үүсвэр болгоод хүндрүүлээд татдаг юм аа. Энэ зүйлдээ анхаарлаа хандуулаад тэр хүнийхээ хувийн байдал, цалин орлого юмаа харсан юм уу гэхэд тэр үүднээс нь би өөрөө хүлээж авсан. Нээрээ бас амьдралын эх үүсвэр болгосон нь үндэслэлтэй байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой юм байна гэж ойлгосон” гэв.
- Даргалагч “та юу гэж бодож байна. Би энэ хүнд гээд прокурор руу гараа чиглүүлээд 3.1-ээр татаад ир гээд чиглэл өгсөн гэж бодож байна уу, эсхүл энэ хүний ярьж байгаа шиг “энэ хүн ямар цалин орлоготой юм, ямар ажил амьдралтай юм, юу юугүй та нар буруу татчихаад хориод байдаг шүү” гэж тайлбарлаж байна. Та юу гэж бодож байна” гэж Б.Бгийн өмгөөлөгчөөс асуухад Өмгөөлөгч Б.Н “хэрэгт мөрдөн байцаах албанд хэргийг харьяаллаар шилжүүлэхэд Б.Б-гийн хувийн байдлыг тодруулах талаар нэг ч ажиллагаа хийгдээгүй. Одоо бол тэр ажиллагаа хийгдсэн” гэв.
- Даргалагч “тухайн үедээ хурал дээр тэр асуултыг та юу гэж ойлгосон бэ” гэхэд Өмгөөлөгч Б.Н “яг хурал дээр бол ...тэнд дээр та нар 3.1-ээр оруулаад ирсэн байна. Яг энийг шалгах ёстой шүү, нотлох ёстой шүү гэж шүүгч хэлсэн” гэв.
- Даргалагч “тийм учраас тэр нь дээрээ өөрөө анхааралдаа авна гэдгээ сая хэллээ. Та бол эсрэгээр нь ойлгосон байна, зөв үү? Прокурор эсрэгээр нь ойлгоод за би тэрийг нь харах ёстой юм байна гэж ойлгосон байна. Таны үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй юм байна шүү гэдгийг энэ хүн ойлгосон байна. Зөв үү” гэхэд өмгөөлөгч Б.Н толгой дохиж байна.
- Даргалагч “...татсан байсан хэргийг би бол таныхаар татсан юм чинь наадхаа сайн шалгаарай гэж хэлсэн байх нь байна. Наадхаараа буруутгаад оруулаад ирээрэй гэж хэлсэн болж байна” гэх үед Өмгөөлөгч Б.Н “буруутгаад гээгүй л дээ” гэхэд
- Даргалагч “ер нь бол санаа нь тэгж хэлээд байна та. Минийхээр бол сая энэ хүн хэлсэн ш дээ гээд прокурор руу гараа чиглүүлээд ажил албатай байсан юм уу, цалин орлоготой байсан юм уу, юу юугүй та нар хүнийг ингээд татаад оруулаад ирдэг шүү гэдгийг би хэлсэн гэж хэлсэн. Тэгэнгүүт тэрнийхээ дагуу үүнийг харъя, би татаагүй тэрийг харах ёстой юм байна гэдгийг ойлгосон байна” гэхэд Өмгөөлөгч Б.Н “би чинь өмгөөлөгч. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зүйлчлэлтэй. Тэгэхээр та нар татсан шүү, татаж байгаа бол наадхаа судална шүү, нотолно шүү гэсэн” гэв.
- Даргалагч “судална шүү, нотолно шүү гэдэг дээр би юу гэж хэлсэн бэ. Ажил алба, цалин орлого тэрийг нь судлаарай. Та нар амьдралын эх үүсвэр гээд тэрүүгээр амьдраад байгаа юм шиг оруулаад ирэхээр дараа нь өөрчлөлт орох асуудал гарна шүү гэдэг утгаар хэлсэн. Тэгэхээр та энийг юу гэж бодож байна” гэхэд Өмгөөлөгч Б.Н “прокурорын тайлбар миний үйлчлүүлэгчид хэрэгтэй талаас байна ...” гэв.
- Даргалагч “би тэрийг асуулаа. Тэрийг энэ хүн зөвөөр ойлгочихжээ. Ялангуяа таны үйлчлүүлэгчид ашигтай байдлаар ойлгочхоод өөр прокурор татсан, би татаагүй учраас одоо би харах ёстой юм байна гэх ойлголт төрж байна гэж ярьж байна. Гэтэл та эсрэгээр нь ойлгоод, эрх зүйн байдлыг дордуулахаар чиглэл өгсөн гэх утгатай яриад байхаар гайхаад байна. Тэгээд би яагаад тийм юм бол гээд асуугаад байгаа юм. Миний хэлсэн зүйлийг мушгиж ойлгоод байгааг гайхаад байна” гэхэд Өмгөөлөгч Б.Н “прокурор ингэж ойлгосонд өмгөөлөгчийн хувьд надад таатай сонсогдож байна. Надад тэр үедээ тэгж л санагдаж, ойлгогдсон” гэв.
- Даргалагч “бичлэгээ би харсан. Харахаар ерөөсөө чиглэл өгөөд наадхаа шалгаарай, яг 3.1 байгаа шүү гэсэн нэг ч тийм үг байхгүй. Харин эсрэгээрээ Б.Б-гийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс асуусан юм байна аа гэж прокурор сая хэллээ. Тэгээд би гайхаад дахин дахин асуугаад байгаа юм. Харин прокурор намайг асуугаагүй байхад өөрөө ярьчихлаа” гэхэд Өмгөөлөгч Б.Н “за ойлголоо” гэж хэлж байх ба мөн эдгээр ярьсан асуулт, хариултууд нь тухайн өдрийн шүүх хуралдааны ... дугаартай тэмдэглэлд тусгагджээ. Уг шүүх хуралдаанаар Ерөнхий шүүгч Б.Б нь өмнөх шүүх хуралдаанд яригдсан асуудлыг хөндөж ярьсан дээрх үйлдэл нь шүүгчид хориглосон, хязгаарласан үйлдэл биш болно.
Мөн өргөдөл гаргагч Ерөнхий шүүгч Б.Б-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх”, 50.1.7-д “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх”, 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”, 50.1.31-д “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж тус тус заасныг зөрсөн гэж үзсэн байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ерөнхий шүүгч Б.Б шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр сууриа олон нийтэд мэдээлэх, илэрхийлсэн; шүүх хуралдаанд “амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг шалгах шаардлагатай” гэснээрээ бусад шүүгчийн шүүх таслах ажиллагаанд оролцсон, нөлөөлсөн, удирдамж өгсөн; хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлсэн гэх үйлдлийг гаргаагүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байх тул түүнийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.
Иймд өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан асуудлаар ...гийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.7, 50.1.23, 50.1.31 дэх хэсэгт тус тус заасан зөрчил гаргасан гэх үндэслэл баримтаар нотлогдож, тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна” гэжээ.
... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б нь тайлбартаа:
“... Прокуророос Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.
Улмаар шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 115д дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч Б.Б-г цагдан хорих 5 дугаар хугацааг сунгаж шийдвэрлэснийг яллагдагчийн өмгөөлөгч Б.Н эс зөвшөөрч гомдол гаргасныг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Шүүх хуралдааны явцад болон хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Б.Б нь нийт 16 удаагийн үйлдэлд холбогдон мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн, Улаанбаатар хотын дүүргүүдээс хэрэг нэгтгэгдэн шалгагдаж байгаа нөхцөл байдал тогтоогдсон ба дээрх хэргүүдтэй холбоотой хохирол, хор уршгийн хэмжээг нэг мөр тогтоох, хэргүүдийг нэгтгэн шалгах зэрэг нь тухайн хэрэгт ээдрээ төвөгтэй байдал байна гэж үзэх үндэслэл мөн гэж шүүх дүгнэсэн. Иймд шүүгчийн 115 дугаар захирамжийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.
Харин өмгөөлөгчийн өргөдөлд дурдагдсан прокурор, Ерөнхий шүүгч Б.Б хоёр нь Б.Б-г гарцаагүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай учраас эртнээс зүйлчлэл дээр сайтар ажиллах, нотлох баримтыг цуглуулах ёстой хэмээн ил тод хэлэлцэж байсан гэх асуудлын тухайд: 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гомдлын шүүх хуралдаанд “прокуророос хэргийн ээдрээ төвөгтэй байдал байгаа эсэхийг асуухад яллагдагчийг хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйл ангиар яллагдагчаар татсан ба өмнө нь ямар амьдралын эх үүсвэртэй байсан, одоо ямар байгаа зэргийг шалгах шаардлагатай гэх тайлбарыг гаргасан. Даргалагчийн зүгээс амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйл ангиар яллагдагчаар татаж байгаа бол нотлох баримтуудыг маш сайн судлах талаар прокурорт анхааруулсан ба үүнийг заавар, чиглэл өгсөн гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм.
Учир нь дээрх нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэх нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдлыг үүсгэх боломжтой гэх үүднээс сайтар нягтлах шаардлагатайг анхааруулсан. Түүнээс Б.Б-г хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг нотлуулахаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх заавар чиглэл өгөөгүй.
Нөгөөтээгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж заасан ба яллагдагчид холбогдох хэрэг шүүхэд шилжиж ирээгүй, гэм буруугийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа үед шүүх яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгасан шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хуралдаанаар яллагдагчийн гэм буруугийн асуудал хэлэлцэгдээгүй, шүүгчийн захирамж үндэслэлтэй гаргасан эсэхийг хянан хэлэлцсэн ба шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэж эцэслэн дүгнээгүй, гэмт хэрэгт холбогдсон гэдэг байдлаар дүгнэж шийдвэр гаргасан байгааг анхаарч үзнэ үү.
... Яллагдагч Б.Б-д холбогдох гомдлын хуралдааны шийдвэр гаргахаас өмнө олон нийтэд шийдвэрээ мэдээлээгүй, өөрийн байр суурийг олон нийтэд илэрхийлээгүй. зөвхөн шүүх хуралдааны явцад прокуророос шийдвэр гаргахад ач холбогдол бүхий асуулт асуух, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шийдвэр гаргаж, хуульд заасан процессын дагуу зөвлөлдсөний дараа шийдвэрийг уншиж сонсгож, танилцуулсан.
Мөн яллагдагч Б.Б-гийн таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор шүүгчид заавар, чиглэл өгөх, урьдчилан шүүгчтэй уулзаж санал хэлээгүй, Б.Б-г ялгаварлан гадуурхсан үйлдлийг хуралдааны явцад гаргаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээс илэрхий харагдана.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Эрүүгийн ... дугаар хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Б-гийн өмгөөлөгч Б.Н-ээс, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг нь хянан хэлэлцсэн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд даргалагч, ерөнхий шүүгч Б.Б “... яг үнэн, тийм яг үнэн. 3.1-ээр татахаар болох юм бол тэр нөхцөлийг маш сайн шалгах ёстой. Ямар цалин орлоготой, ямар орлогоор амьдардаг гэдгийг нь. Тэгэхгүй зөвхөн ингээд холбогдсон юм чинь буруу үйлдэл болчихлоо гэдгээр оруулж ирж болохгүй. Тэрийг маш сайн судлах ёстой ...” гэж хэлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.7, 50.1.23, 50.1.31-д заасныг зөрчсөн” гэх агуулгаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл мэдээлэл ирүүлжээ.
Сахилгын хэргийг хянаж үзвэл:
1. ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамжид яллагдагчийн өмгөөлөгч гомдол гаргасныг, холбогдох шүүгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Дээрх гомдлыг хянан хэлэлцсэн хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэг болон тус хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж зэргээс холбогдох шүүгч нь өргөдөлд дурдсан үгийг хэлсэн, үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулан тусгасан болох нь тогтоогдож байна.
2. Харин шүүгч Б.Б-ын хэлсэн энэхүү үг нь өргөдөлд дурдсан агуулгыг илэрхийлж буй эсэх, шүүгч тухайн үгийг хэлэх болсон нөхцөл байдлыг тодруулбал:
1/ Б.Б нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл “залилах” гэмт хэргийн 3.1 дэх хэсэгт заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх зүйлчлэлээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагджээ.
... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б-ын даргалсан 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд, даргалагчаас “хэргийн ээдрээ төвөгтэй байдал юу байгаа вэ” гэхэд прокурор “... гэмт хэргүүдийг амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйл ангиар татсан тул өмнө нь ямар амьдралын эх үүсвэртэй байсан, одоо ямар байгаа зэргийг шалгах шаардлагатай байгаа ...” гэж тайлбарласны дараагаар даргалагчаас өргөдөлд дурдсан дээрх үгийг хэлсэн, шүүгч нь мөн өдрийн ... дугаар захирамжид “ ... Б.Б-г залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ, амьдралын эх үүсвэр болгосон эсэхийг тогтоох ... зэрэг” гэж байгаагаар “хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг тодорхойлох” үүднээс уг асуултыг асуусан байдал тогтоогдож байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” гэж заасан.
Яллагдагчийг цаашид цагдан хорих шаардлагатай эсэхийг шийдвэрлэхэд хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг тодруулах нь хуулийн зохицуулалтын үүднээс зайлшгүй учраас өргөдөлд дурдсан үгийг хэлсэн, энэ нь мөн хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж заасан чиг үүрэгт нийцнэ.
2/ Түүнчлэн, өргөдөл гаргагчаас сахилгын хэрэгт нотлох баримт судлуулах хүсэлт гаргасны дагуу яллагдагч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах прокурорын саналыг, мөн шүүгчийн захирамжид гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус шийдвэрлэсэн бусад хуралдаануудын тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгүүдийг шүүхээс гаргуулан илтгэгч гишүүн үзлэг хийжээ.
Шүүгч Б.Б-ын даргалсан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанд гэмт хэргийн зүйлчлэлийн талаар яригдаагүй, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны бичлэг, тэмдэглэлээс үзвэл, 12 цаг 48 минутаас 12 цаг 53 минут хүртэл прокурор Н.Н тайлбар хэлсэн, үүний дараа даргалагчаас, өмнө хэлсэн дээрх үгийг хэрхэн ойлгосон талаар “миний асуусан асуултыг хөндөх шиг боллоо. Урд нь шүүх хуралдаан дээр би асууж байсан. Яагаад амьдралын эх үүсвэр болгосон юм. Энэ хүн ямар цалин орлоготой юм, ямар ажил албатай юм, тэрийг нь тодруулсан уу? Юу юугүй 17.3-ын 1-ээр татаад оруулаад ирдэг шүү гэдэг асуудлыг ярьж байсан. Энийг та юу гэж ойлгосон бэ?” гэж прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нараас асуусан, үүнээс яллагдагчийн өмгөөлөгч нь “... яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан зүйлчлэлтэй, татаж байгаа бол наадхаа судална шүү, нотолно шүү” гэх агуулгаар шүүгчийг хэлсэн гэж ойлгосон, ийм агуулгаар хэлсэн гэж санагдсан” гэж тайлбарлажээ.
Цаашлан, ... даргалагч “судална шүү, нотолно шүү гэдэг дээр би юу гэж хэлсэн бэ. Ажил алба, цалин орлого тэрийг нь судлаарай. Та нар амьдралын эх үүсвэр гээд тэрүүгээр амьдраад байгаа юм шиг оруулаад ирэхээр дараа нь өөрчлөлт орох асуудал гарна шүү гэдэг утгаар хэлсэн. Тэгэхээр та энийг юу гэж бодож байна” гэхэд өмгөөлөгч Б.Н “прокурорын тайлбар миний үйлчлүүлэгчид хэрэгтэй талаас байна ...” гэсэн нь бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдож байх тул өргөдөл дэх “... хяналтын прокуророос хувийн байдал, зүйлчлэлийг тодруулж, дээрх зөвлөмж, чиглэлийг өгсөн, ... хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйлчлэлийг шүүгч прокурор хөдөлбөргүй үнэн гэж итгэсэн байна” гэсэн нь үгүйсгэгдэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14, 11 дүгээр сарын 15, 12 дугаар сарын 08-ний өдрийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, хэргийн оролцогч нарыг байлцуулан хийжээ.
Шүүгч нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлийг тогтоохын тулд шүүх хуралдаанд хэргийн оролцогчоос асууж тодруулсныг хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлсэн, илэрхийлсэн, бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцсон, нөлөөлсөн, заавар, удирдамж чиглэл өгсөн, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, хүнийг ялгаварлан гадуурхсан гэж үзэхгүй.
Холбогдох шүүгчийн дээрх үг үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх”, 50.1.7-д “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх”, 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”, 50.1.31-д “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасан зөрчилд хамаарахгүй байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ГС/2023/0007 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ...гийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
С.ЭНХТӨР