МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-12-27
Дугаар 1
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүнээр Ц.Давхарбаяр, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нээлттэй явуулав.
“А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-ийн ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э, Б.Б, О.О нарт холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийг илтгэгч гишүүн хүлээн авч хянаад, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1..6 дугаар захирамжаар холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Илтгэгч гишүүн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1..3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “Иргэн Х.Ө нь ...дүүргийн нутаг дэвсгэр, М худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах “А” ресторанд 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үйлчлүүлэхээр орохдоо бүдэрч унан гэмтэж, эрүүл мэндийн хохирол учирсан талаар цагдаагийн хэлтэст гомдол гаргасныг, Нийслэлийн ...дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1..4 дүгээр тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.
Үүний дараа Х.Ө итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М-д эрх олгон, “А ресторан”-д холбогдуулан гэм хорын хохиролд 6.216.913 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь шүүгч Г.Э-т хуваарилагдаж, холбогдох шүүгч нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “А” ресторанд холбогдуулан иргэний хэрэг үүсгэжээ.
Тус хэргийг шүүгч Г.Э, Б.Б, О.О нарын шүүх бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1../ШШ2022/0...4 дүгээр шийдвэрээр “А” ХХК-аас 400.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.816.913 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2../МА2022/0...9 дүгээр магадлалаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Тухайн хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нь Шүүхийн сахилгын хороонд “шүүх хариуцагчийг өөрөө дур мэдэн сольж, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх өргөдөл гаргасныг хянаж үзвэл:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ /схх 17-20 дахь тал/ хариуцагчийг “Монгол Улс, Улаанбаатар хот, ...дүүрэг, ...тоот хаягт байрлах “А” ресторан, захирал Ц.Х” гэж бичсэн байна.
...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1../ШЗ2021/1...8 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, мөн өдрийн шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, түүнчлэн 2022 оны 02 дугаар сарын 10, 22-ны өдрүүдийн нэхэмжлэгч талын хүсэлтийг шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжуудад /схх 26-27, 32-35 дахь тал/ тус тус хариуцагчийг “А ресторан” гэж тодорхойлсон, энэ талаар холбогдох шүүгч нь “... иргэнийг үйлчлүүлсэн рестораны албан ёсны хуулийн этгээдийн оноосон нэрийг мэдсэн байх, мэдэхийг шүүхээс шаардах боломжгүй ...нэхэмжлэгчийн “шүүхэд мэдүүлэх" эрхийн хүрээнд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэсэн” гэх тайлбарыг ирүүлжээ.
Иргэний хуулийн 7 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч гэдэгт иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хамаарах ба үүнээс хуулийн этгээд нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэжээ.
Нэхэмжлэлд “А ресторан” гэж хариуцагчийг тодорхойлсон нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч-хуулийн этгээдийг илэрхийлэхгүй тул түүнд холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл /нэхэмжлэлийн бүрдүүлбэр/-ийн 62.1.3 /хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар/ гэж заасныг зөрчиж, тухайн хэргийн шүүхийн харьяаллыг хөндсөн, мөн хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг эдлэн, үүргийг хүлээх чадвартай этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахгүй байх нь шүүхийн шийдвэр зайлшгүй биелэгдэх заалт хязгаарлагдах зэрэг сөрөг үр дагавар үүсгэдэг.
Дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтын үндэслэлийг Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно”, 26.5 дахь хэсэгт “хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж зохицуулснаар “А” ХХК-ийг тухайн хэрэгт хариуцагчаар оролцуулах үндэслэл нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснийг нотлох улсын бүртгэлийн гэрчилгээ, үүсгэн байгуулах баримт бичиг буюу хуулийн этгээдийн дүрэм байна. Эдгээр баримт нь хэрэгт авагдаагүй.
Үүнд холбогдуулж, шүүгч нар нь “...хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс шүүхэд ирүүлсэн итгэмжлэл дэх тамганы дардсанд тусгагдсан “хуулийн этгээдийн давхцахгүй өгөгдөл болох регистрийн 6....6 дугаар”-аар шүүх мэдээллийг нягталснаар нэхэмжлэлийн хувийг гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулсан байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хууль тогтоомжоор хориглосноос бусад мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ” гэж, мөн зүйлийн 8.7-д “цахим хуудсанд байршуулсан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны мэдээлэл гэж үзнэ” гэж, түүнчлэн “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “цахим мэдээллийн сан дахь мэдээлэл цаасан эх хувьтай адил байна” гэж тус тус заасан тул шүүх бүртгэх байгууллагын албан ёсны цахим хуудсаар нийтэд мэдээлсэн хуулийн этгээдийн бүртгэлээс 6....6 регистр бүхий “А” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.Х гэж тэмдэглэснийг үндэслэсэн” гэх боловч нэхэмжлэл гардуулсны дараа хариуцагчийн итгэмжлэл хэрэгт авагдсан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим хуудсанд байршуулсан мэдээлэл хэрэгт авагдаагүй байсан нь дээрх тайлбар үгүйсгэгдэнэ.
Хариуцагч “А” ХХК-иас шүүх хуралдааны явцад хуулийн этгээдийн мэдээллийн талаар 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1..4 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлд, “даргалагчаас: “А” ресторан гэдэг нь “А” ХХК мөн биз дээ гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: мөн байх, рестораныг нь мэдэх болохоос бус цаад эзэн байгууллагыг нь мэдэхгүй” гэснээр өөр зүйл тусгагдаагүй.
“А ресторан” нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийг илэрхийлэхгүй, тиймээс шүүгч Г.Э хэргийн оролцогчийн хүсэлтүүдийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн захирамжуудад /схх 39-42 дахь тал/ хариуцагчийн нэрийг “А” ХХК гэж тодорхойлсон дээрх алдаагаа залруулсан, цаашлан шүүх бүрэлдэхүүн /шүүгч Г.Э, Б.Б, О.О нар/ “А” ХХК-д холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2../МА2022/0...9 дугаар магадлалд “нэхэмжлэгч нь “А” рестораныг хариуцагчаар тодорхойлсон, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах замаар хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулах ажиллагааг хийгээгүй” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцаах нэг үндэслэл болжээ.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын санаачилга буюу хүсэлтийн үндсэн дээр явагддаг учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн дагуу нотлох баримт гаргаж өгөх, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдахын зэрэгцээ 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх зэрэг харилцан зөвшилцөн сайн дурын үндсэн дээр асуудлаа өөрсдийн хүсэл зоригоор шийдвэрлэх боломжийг хууль хангасан байна.
Энэхүү хуулийн зохицуулалтыг үндэслэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд, ялангуяа хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэлийг “А ресторан”-д холбогдуулсан талаар, мөн “А” ХХК хариуцагч биш талаар, эсвэл хариуцагчийг сольсон гэх талаар тайлбар татгалзал огт гаргаагүй, харин “А” ресторан гэж нэхэмжлэлд бичигдсэн ч нэхэмжлэл хүлээн авахдаа “А” ХХК-ийн бланк тамга бүхий итгэмжлэл өгсөн /схх 28-29, 38, 44 дэх тал/, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хариу тайлбар, мөн шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1../ШШ2022/0...4 дүгээр шийдвэр, мөн өдрийн шүүх хуралдааны 1..4 дүгээр тэмдэглэл дэх “нэхэмжлэлд дурдсан асуудлаар нэхэмжлэгчтэй уулзсан талаарх” хариу тайлбаруудаар /схх 29, 48-54 дэх тал/ “А” ресторан бус “А” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болох нь нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс хамааралтай хариуцагчийг солих ажиллагаа хийгдээгүй, тэгж үзэх үндэслэлгүй болно.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэдэг нь хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байхыг ойлгох ба энэхүү заалтын зөрчил нь хэд хэдэн урьдчилсан нөхцөл хангасан байх, үүний нэг нь зөрчил буюу хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гарсан, мөн үйлдсэн этгээд тодорхой байхыг шаардана.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн нэхэмжлэлийн бүрдүүлбэрт зайлшгүй гэж 62.1.3-т зааснаар “хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар” гэж заасныг зөрчсөн нь илэрхий тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ. Энэ зөрчлийг шүүгч Г.Э гаргасан ба харин бүрэлдэхүүний бусад шүүгч нь уг алдааг засварлаагүй болгоомжгүй хайхрамжгүй хандсан гэм буруутай байна.
Түүнээс гадна зөрчил нь “ноцтой”, эсхүл “удаа дараа” гаргасан бол сахилгын зөрчилд тооцох ба дээрх үйлдлийг “ноцтой”, эсхүл “удаа дараа” зөрчил гаргасан гэж үзэхгүй. Учир нь нэгэнт үүссэн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд диспозитив болон мэтгэлцэх зарчмын хүрээнд хэргийн оролцогчоос ч энэ алдааг засах залруулах бүрэн боломжтой байсан, засагдсан тохиолдолд шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэх “ноцтой” байдал үүсэхгүй байх тул энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгч нарыг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэл болохгүй.
Иймд өргөдөлд дурдсан шүүгч нартай холбоотой үйл баримтад Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлд хамаарах буюу мөн хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э, Б.Б, О.О нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ.
Шүүгч Г.Э, Б.Б, О.О нар тайлбартаа: “...Нэхэмжлэгч Х.Ө тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч хуулийн этгээдийг А ресторан гэж тодорхойлсны дагуу тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1../Ш32021/1...8 дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Улмаар нэхэмжлэгчийн тодорхойлсон ...дүүрэг, ...тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Х-ээс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
Х.Ө-ийн нэхэмжлэлтэй, “А” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 6.216.913 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Э, шүүх бүрэлдэхүүнд О.О, Б.Б нарыг томилсон шийдвэрийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1../ЕШ2022/0..3 дугаар “Шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжаар албажуулсан бөгөөд уг бүрэлдэхүүнээр мөн өдөр хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно”, 28.3-т “нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж тус тус заасан.
Монгол Улсын дээд шүүхээс гаргасан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар”-т “тухайн хэрэгт хариуцагчаар татагдсан этгээд нь жинхэнэ хариуцагч биш болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон бол нэхэмжлэгч өөрийн анх сонгосон этгээдийг өөр этгээдээр солихыг хүсэж болно. Энэ тохиолдолд шүүх хариуцагчийг солих ажиллагаа хийнэ” гэж тайлбарласан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар “хариуцагч” гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.
Нэхэмжлэгч Х.Ө хариуцагч хуулийн этгээдийг “А ресторан” гэж тодорхойлсон. Энгийн үгээр хэлбэл талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, харин гэм хорын улмаас хохирол шаардаж байгаа. Энэ нөхцөлд үйлчлүүлэгч аливаа иргэнийг үйлчлүүлсэн рестораны албан ёсны хуулийн этгээдийн оноосон нэрийг мэдсэн байх, мэдэхийг шүүхээс шаардах боломжгүй бөгөөд нөгөөтэйгээр нэхэмжлэгчийн “шүүхэд мэдүүлэх" эрхийн хүрээнд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэсэн.
Түүнчлэн нэхэмжлэлд тодорхойлсон хаягийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч "А” ХХК-иас итгэмжлэлийг олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс шүүхэд ирүүлсэн итгэмжлэл дэх тамганы дардсанд тусгагдсан “хуулийн этгээдийн давхцахгүй өгөгдөл болох регистрийн 6....6 дугаар”-аар шүүх мэдээллийг нягталснаар нэхэмжлэлийн хувийг гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулсан байдаг.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хууль тогтоомжоор хориглосноос бусад мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ” гэж, мөн зүйлийн 8.7-д “Цахим хуудсанд байршуулсан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны мэдээлэл гэж үзнэ” гэж, түүнчлэн “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д цахим мэдээллийн сан дахь мэдээлэл цаасан эх хувьтай адил байна.” гэж тус тус заасан тул шүүх бүртгэх байгууллагын албан ёсны цахим хуудсаар нийтэд мэдээлсэн хуулийн этгээдийн бүртгэлээс 6....6 регистр бүхий “А” ХХК-ийн, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.Х гэж тэмдэглэснийг үндэслэсэн.
Нэхэмжлэгч Х.Ө нь хариуцагч байгууллагын үйл ажиллагаа явуулдаг нэрээр буюу “А ресторан” гэж тодорхойлсныг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд бүртгэлтэй нэршлээр зөвтгөж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хариуцагчаа тодруулж өгснийг шийдвэрт тусгасан явдал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хариуцагч солих ажиллагаа тухайн хэргийн хувьд хамааралгүй болно.
Түүнчлэн хариуцагч “А” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо “хариуцагч биш” гэх үндэслэлээр огт маргаагүй бөгөөд ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд “...Нэхэмжлэгч Х.Ө нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр манай ресторанаар үйлчлүүлсэн ... Манай байгууллагын зүгээс нэхэмжилж байгаа 6.219.613 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин хүн чанарын хувьд өөрийнх нь анх манай байгууллагад орж ирэхдээ шаардсан 400.000 төгрөгийг өгч болж байна ... Манай талаас хангалттай аюулгүй байдлаа хангасан гэж үзэж байна ...” гэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд илтгэгч шүүгчийн “Танай байгууллагын албан ёсны нэр юу вэ” гэх асуултад “... Компанийн нэр “А” ХХК”, үйл ажиллагаа явуулдаг нэр нь “А ресторан” гэж хариулсан болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд тусгагдсан байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч Х.Ө-ийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан давж заалдах гомдолд дээрх үндэслэл огт дурдагдаагүй, хариуцагчийн зүгээс дээрх үндэслэлээр огт маргаагүй болно.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” зөрчил буюу хариуцагчийг дур мэдэн сольж, хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э нь нэхэмжлэгч Х.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М-ы хариуцагч “А” ресторан, захирал Ц.Х-т холбогдох гэм хорын хохиролд 6.216.913 төгрөг гаргуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нэхэмжлэлд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1../ШЗ2021/1...8 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явуулсан байх ба тухайн мэдэгдэх хуудсанд хариуцагчийг “А ресторан” гэж явуулсан байна.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно” гэж зааснаар хариуцагч тал 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “тус дүүргийн шүүхэд иргэн Х.Ө-ийн нэхэмжлэлтэй, “А” ХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч.Д-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрх, үүрэгтэйгээр оролцуулахаар итгэмжлэв” гэх, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 0...5 дугаар албан бичгээр “Ч.О-ийг ...А ХХК-ийг төлөөлж оролцохыг зөвшөөрч байна” гэх итгэмжлэлүүдийг тус шүүхэд өгч байжээ. Мөн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0...2 дугаар албан бичгээр “Ц.Х миний бие “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд ажилладаг. ...шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлттэй тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргаж байсан байна. Тухайн итгэмжлэлүүд болон албан бичигт гүйцэтгэх захирал Ц.Х гээд гарын үсгээ зурж, “А” ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1../ЗТ2022/0...7 дугаар тогтоолоор А ресторанд холбогдуулан гаргасан Х.Ө-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 30 хоногоор сунгасан.
Шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1../ШЗ2022/01..0 дүгээр “Хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай”, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1../ШЗ2022/0..20 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжуудад хариуцагчийг А ресторан гэсэн бол шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1../ШЗ2022/0...5 дугаар “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамж, Ерөнхий шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1../ЕШЗ2022/01..2 дугаар “Шүүх хуралдааны даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжуудад хариуцагчийг “А ресторан” ХХК гэж тус тус тодорхойлжээ.
Харин шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1../ШЗ2022/08..0 дугаар болон 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1../ШЗ2022/08..1 дүгээр “Шүүх хуралдааны товыг хойшлуулах тухай” захирамжууд, Ерөнхий шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1../ЕШЗ2022/01..3 дугаар “Шүүх хуралдааны даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжуудад хариуцагчийг “А” ХХК гэж тодорхойлсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана”, 62 дугаар зүйлийн 62.1.3-т “хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газрыг нэхэмжлэлд тусгана” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэн нэгэн этгээдэд эсхүл хуулийн этгээдэд холбогдуулж нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн эрх боловч, хариуцагчийн нэр, хаягийг тодорхой заах нь нэхэмжлэгчийн үүрэг юм.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр “Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлоход анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 2.2-т “хариуцагчаар оролцох этгээдийг нэхэмжлэгч сонгоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хэнд холбогдуулан гаргаж байгааг нэхэмжлэлд заавал бичнэ”, мөн зөвлөмжийн 4.2-т “бүрдүүлбэрийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.2-62.1.4-н шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг нэгэнт хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бол шүүгч мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан ажиллагааг хийхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгчээс, ямар нотлох баримтад үндэслэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгааг хариуцагчаас тус тус асууж тодруулах боломжтойг анхаарвал зохино” гэж, мөн Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажилгаан дахь хэргийн хэргийн оролцогчдын эрх зүйн байдлын тухай” зөвлөмжид “нэхэмжлэгч хариуцагчийг шүүхээс солих нь зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлт, эсхүл зөвшөөрлөөр хийгдэх ажиллагаа гэдгийг шүүх анхаарвал зохино. Харин нэхэмжлэгчид түүний нэхэмжлэх эрхгүй талаар, мөн хариуцагчаар сонгосон этгээд жинхэнэ хариуцагч биш талаар шүүх тайлбарлаж өгөх ёстой ба ийнхүү тайлбарлахдаа нотолгоо баримтад тулгуурлан хуулийн зүйл, заалтыг үндэслэн ойлгуулахын зэрэгцээ оновчтой зөв хэлбэрийг сонгох шаардлагатай болно” гэж тус тус заажээ.
Тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1..4 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар талын 1 дэх догол мөрт даргалагчаас “А ресторан гэдэг нь “А” ХХК мөн биз дээ” гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “мөн байх. Рестораныг нь мэдэх болохоос биш цаад эзэн байгууллагыг мэдэхгүй” гэж хэлсэн нь тэмдэглэгдсэн байна.
Хэргийн оролцогч хууль мэдэхгүй байх нь хуулиар эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба шүүгчийг энэ үндэслэлээр буруутгаж боломжгүй.
Сахилгын хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд хариуцагч “А” ХХК /РД:6....6/-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ц.Х, үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, цайны газар гэжээ.
Шүүгч Г.Э нэхэмжлэлийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “шүүгч энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1../ШЗ2022/1...8 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, дээрх баримтыг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувь гардуулсан буюу хариуцагч “А” ХХК-ийг “А ресторан” хэмээн иргэний хэрэг үүсгэснийг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад залруулан “А” ХХК болгосон байна.
Шүүх хуралдаан даргалагч шүүгчээр Г.Э, шүүгч Б.Б, О.О нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1../ШШ2022/0...4 дүгээр шийдвэрийн 8 дугаар талын 5 дахь догол мөрөөс “нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч хуулийн этгээдийн А ресторан гэж тодорхойлсны дагуу шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1../ШЗ2021/1...8 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Х гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд "А" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр Ч.Д-д хариуцагчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Шүүх хуралдаанд хариуцагч хуулийн этгээдийн нэршлийг зохигчдоос тодруулж “А” ХХК-д холбогдуулан зөвтгөн шийдвэрлэсэн болно” гэж дурдаж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг гаргажээ.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161, 162 дугаар зүйлд зааснаар давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 2../МА2022/0...9 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
Тус давж заалдах шатны шүүхийн мөн өдрийн 2../ТМ2022/02...3 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дугаар талын 9 дэх догол мөрт илтгэгч шүүгчээс “танай байгууллагын албан ёсны нэр нь юу вэ” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “компанийн нэр “А” ХХК, үйл ажиллагаа явуулдаг нэр нь “А ресторан” гэж хариулснаас үзэхэд “А” ХХК, “А ресторан” нь нэг байгууллага болох нь тодорхой байна.
Өөрөөр хэлбэл өөр, өөр этгээдийг хариуцагчаар сольсон гэх баримт тогтоогдсонгүй.
Шүүгч Г.Э, Б.Б, О.О нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчөөгүй гэсэн илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1..3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э, Б.Б, О.О нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
С.ЭНХТӨР