info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-11-08

Дугаар 238

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Нямжаргал нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Иргэн Р.А-ийн ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М-д холбогдуулан гаргасан өргөдлийг гишүүн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1...6 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Илтгэгч гишүүний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1..5 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “Р.А 2022 оны 02 дугаар сарын 8-ний өдөр хариуцагч НШШГГ болон ХӨСҮТ-д холбогдуулан ...тушаал хүчингүй болгох, эмчийн ажилд буцаан орох тушаал гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасанд шүүгч А.М 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Тухайн иргэний хэргийг 2022 оны 4 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоосон боловч нотлох баримт гаргуулах үндэслэлээр, мөн хариуцагчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж хойшлуулсан ба хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгчийн 1../ШЗ2022/0.....6 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба шүүгчид хориглох зүйлийг нэрлэн заасан хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэжээ.

Р.А-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох шүүгч Шүүхийн тухай хуульд заасан хориглосон зүйлийг зөрчсөн эсэхийг шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтын хүрээнд тодорхойлов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан, шүүгч “...Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргана гэж заасан, ХӨСҮТ нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул нэхэмжлэгч Р.А нь сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэх зүйтэй” гэж дүгнэж, энэхүү үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт өгөх эрхгүй болно.

Холбогдох шүүгчийн тайлбар, Р.А-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцсэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн 1../ШЗ2022/0...6 дугаар захирамж, мөн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, тэмдэглэлээс үзвэл тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өмгөөлөгч Б.Б-ын хамт биечлэн оролцсон байна.

Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт энэхүү захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногт гомдол гаргах эрхийг дурдсан нь шүүх хуралдааны дууны бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэлтэй тохирч байна. Тодруулбал, шүүх хуралдааны бичлэгт шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх заалтыг танилцуулж байгаа талаар бичигдсэн ба энэ нь шүүгчийн захирамжид мөн тусгагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан, шүүгч хэргийн оролцогчийн захирамжид гомдол гаргах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хуулийн дээрх зохицуулалтаар захирамжийг гардан авснаар бус харин гарсан өдрөөс хойш 10 хоногт гомдол гаргахаар зааснаас гадна хугацааг хэрхэн тоолохыг хуульд тусгайлан зохицуулаагүй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгчийн захирамжийг хэд хоногт бичгээр гаргаж албажуулах буюу гомдол гаргах 10 хоногийн дотор гаргаж хэргийн оролцогчид гардуулахаар заагаагүй байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаан болсон 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр захирамжид гомдол гаргах эрхтэй болохоо мэдсэн нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Б-ын “...урьдчилан шийдвэрлэхэд өгөөд шүүхэд хандах юм уу...” гэсэн асуултаар тогтоогдож байх тул шүүгчийн захирамжид гомдол гаргах нэхэмжлэгчийн эрхийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Нөгөө талаар шүүгч уг захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бичгээр гаргасан нь Иргэн 2014 программын бүртгэлээр тогтоогдож байна.

Өргөдөл гаргагчийн “шүүгчийн туслах ...нь шүүгчийн захирамж 30 хоногийн дараа гарна гэж хэлсэн” гэх байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч тал шүүгчийн захирамжид гомдол гаргасан, түүнийг шүүх хүлээн авсан гэж үзэх байдал тогтоогдоогүй болно.” гэжээ.

Шүүгч А.М хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Р.А нь НШШГГ болон ХӨСҮТ-д холбогдуулан тус газрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.О-ийн 4/2...2 тоот тушаал, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Б-ы Б/..6 тоот тушаалыг хүчингүй болгож, Р.А-г тус төвийн Бэлгийн замын халдвар ДОХ-ын албаны эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасанд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1../ШЗ2022/0...4 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагт товлон зарласан. Тус өдрийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гаргуулахаар шүүх  хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр товлосон боловч хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон ба тэрээр хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр товлосон.

Тус өдрийн шүүгчийн 1../ШЗ2022/0...6 дугаар захирамжаар “...энэ шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “...хөдөлмөрийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” байхаар хуульчилсан. ХӨСҮТ нь хөдөлмөрийн маргаан таслах комиссгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул нэхэмжлэгчийг сум, дүүргийн маргаан зохицуулах гурван талд хороонд хандах шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр иргэний хэргийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдэж, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хонгийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласан.

Р.А өргөдөлдөө “...туслахаас удаа дараа нэхэж асуусан боловч надад хэлэхдээ шүүх хуралдаанаас хойш 30 хоногийн дараа танд захирамжийг өгөх хуультай гээд 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гардуулж өгсөн. Захирамжид гомдол гаргахаар 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр очиход гомдол гаргах хугацаа дууссан, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж тооцно, танд захирамж гардуулсан өдөр хамаагүй” гэсэн нь үндэслэлгүй. Шүүгчийн туслах Г.Г нь 2015 оноос хойш шүүгчийн туслахаар ажиллаж байгаа туршлагатай тул тэгж хэлээгүй гэж бодож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх эдэлж, үүрэг хүлээн оролцдог бөгөөд нэхэмжлэгч Р.А болон түүний өмгөөлөгч Б.Б нар шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй, бид дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд гомдлоо гаргаад хариугаа аваад шүүхэд хандах нь гэж байсныг санаж байна.

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1../ШЗ2022/0...6 дугаар захирамжийг бүрэн эхээр нь бичгээр гаргаж, Иргэн-2014 системд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр оруулан чеклэсэн.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, шүүгчийн хувьд хуульд заасан ажиллагааг явуулсан тул Р.А-ийн гаргасан өргөдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч нь “...шүүгчийн туслахаас удаа дараа нэхэж асуусан боловч тэрээр надад шүүх хуралдаанаас хойш 30 хоногийн дараа танд захирамжийг өгөх хуультай гэсээр 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гардуулж өгсөн ба 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргахад гомдол гаргах хугацаа дууссан гээд аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 170.1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэн, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхийг минь зөрчсөн” гэх агуулгаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.

...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Р.А нь НШШГГ, ХӨСҮТ нарт холбогдуулан НШШГГ-ын 4/2...2 тоот тушаал, ХӨСҮТ-ийн захирлын Б/6 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч А.М-д хуваарилагдаж, шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1../ШЗ2022/0...1 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

     Шүүхийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн хувийг  хариуцагч НШШГГ-т 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, хариуцагч ХӨСҮТ-д 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус тус гардуулан, тухайн өдрүүдэд нь эрх, үүргийг нь тайлбарлан, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж, холбогдох баримтуудад гарын үсэг зуруулсан бол нэхэмжлэгч Р.А-д 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, түүний өмгөөлөгч Б.Б-д 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр эрх, үүргийг нь тайлбарлан, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж, хэргийн материалтай танилцуулан холбогдох баримтуудад гарын үсэг зуруулжээ.

     Тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А тус иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээр оролцох болсон тул хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, шүүгчийн 1../ШЗ2022/0...7 дугаар захирамжаар хүсэлтийг ханган, шүүх хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан байна.

Товлогдсон шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1../ШЗ2022/0...6 дугаар захирамжаар “иргэний хэргийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг нь дурдсан” байна.

     2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний “NVR_ch1_main_20220518134159_20220518143820” нэртэй бичлэгт:

  • Даргалагч шүүгч: Хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг урьдчилан шийдвэрлэх журамтай байдаг. Та яагаад урьдчилан шийдвэрлэх журмаар шийдүүлэхгүйгээр, шууд шүүхэд хандсан юм бэ? гэхэд
  • Нэхэмжлэгч Р.А: Урьдчилан шийдвэрлүүлэх журмаар ХӨСҮТ-ийн Хуулийн зөвлөхөд хандах юм байна билээ. Тэгээд зөвлөхөд хандаад хэлсэн чинь тэд тийм юм байхгүй, чиний буруу, чамд ямар нэгэн эрх байхгүй гэсэн. Тэгэхээр яах вэ, өөр арга байгаагүй тул шүүхэд хандсан гэв.
  • Даргалагчаас: Өмгөөлөгчид нь тайлбар байна уу? гэхэд
  • Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Тайлбар байна. Шатлал дараагаар явах нь зөв. Гэхдээ энэ нь өөрөө төрийн жинхэнэ албан хаагчид харьяалагддаг. Төрийн албаны зөвлөлдөө эд нар эхлээд хүсэлтээ өгөх ёстой. Гэрээгээр ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан тушаалтан дээр заавал дээд тушаалын ажилтандаа ханддаг .
  • Даргалагчаас: Хөдөлмөрийн тухай хуулийн 155, 148 дугаар зүйлд гурван талт хороонд хандана гэж байгаа. Тэр хорооны шийдвэрийг зөвшөөрөхгүй бол 10 хоногийн дотор шүүхэд хандана гэх хуулийн заалт байгаа гэхэд
  • Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Төрийн албаны тухай хуулиа үзэхээр гэхэд
  • Даргалагчаас: Хөдөлмөрийн маргаантай хэрэгт орж байгаа биз дээ. Тушаал нь Хөдөлмөрийн хуулийг бариад байгаа, Төрийн албаны тухай хууль бариагүй.
  • Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хариулт алга гэж хэлж байна.

  “NVR_ch1_main_20220518144126_20220518144246” нэртэй бичлэг эхлэхэд даргалагч шүүгч:

 “2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасныг дурдан, нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчин шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруу” гээд уг иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тайлбарласан байна.

 Улмаар асуух зүйл байгаа эсэхийг тодруулан асуухад: “нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Тэгэхээр одоо урьдчилан шийдвэрлүүлэхээр өгчхөөд эргээд шүүхэд хандах юм уу? Тэр болтол гэртээ байна гэсэн үг үү?” гэхэд “даргалагчаас: тэрийг мэдэхгүй. 117 гэдэг чинь хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа юм, 65.1.3” гэсэн нь тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд агуулгаараа бүрэн тусгагдсан байна.

Өөрөөр хэлбэл, тухайн өдрийн шүүх хуралдаанд даргалагч шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан журам зөрчсөн байх тул 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй гэх хуулийн заалтуудыг талуудад мэдэгдсэн байна.

     Шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1../ШЗ2022/0...6 дугаар захирамжийг Иргэн-2014 нэгдсэн системд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр оруулан баталгаажуулсан байх ба нэхэмжлэгч 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гардан авсан нь “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гардуулсан, хүргүүлсэн, мэдэгдсэн тухай баримт”-аар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...117, 124 дүгээр зүйлд заасан ...шүүгчийн захирамж, ....гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасан.

     Дээрх хуулийн заалтаар гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч Р.А болон түүний өмгөөлөгч Б.Б нар мэдэх боломжтой байсан ба тухайн шүүхэд гомдлоо гаргаагүй болох нь ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.О-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1...1 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.

     Иймд шүүгч А.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг явуулсан гэж үзнэ.

     Түүнчлэн өргөдөл гаргагчийн өргөдөлд: “...туслахаас удаа дараа нэхэж асуусан боловч тэрээр надад шүүх хуралдаанаас хойш 30 хоногийн дараа танд захирамжийг өгөх хуультай гэсээр 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гардуулж өгсөн...” гэжээ.

     Сахилгын хорооны шалгах ажиллагааны явцад шүүгчийн туслах Г.Г-аас гэрчийн мэдүүлэг авахад тэрээр “хурал болсноос хойш 3 хоногийн дараа над руу ярьсан, шийдвэр бичгээр гарсан уу, би маргаан таслах зөвлөлд хандмаар байна гэж байсан. ...дахиж яриагүй, ...шүүх хуралдаанаас хойш 30 хоногийн дараа захирамж гарч, өгөх хуультай гэж хэлээгүй. Гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах ёстой, шүүгч хуралдаан дээр тайлбарлаж өгсөн үү, та өмгөөлөгчтэй биз дээ гэж хэлсэн. ...гардуулж өгснөөс хойш надтай харилцаагүй, мэдээлэл лавлагаа гомдлыг хүлээж авдаг ба Ерөнхий шүүгч хугацаа хэтэрсэн бол албан тоотоор хариу өгдөг. ...захирамж гарснаас хойш өмгөөлөгч Б.Б над руу залгаад гомдол гаргамаар байна гэж хэлсэн. Чи манай гомдлыг авахгүй гэсэн юм биш үү гэхэд нь би авахгүй гэж хэлээгүй гэдгээ хэлсэн. Тэр өдөр Р.А ажил дээр ирээд өмгөөлөгчдөө буруу тайлбарласан байна уучлаарай гээд надаас уучлалт гуйгаад “би маргаан таслах комисст өгөөд шүүхэд нэхэмжлэлээ дахиж гаргана” гэж хэлж байсан” гэж мэдүүлжээ.

     Шүүгч захирамжаа 2022 ны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 7 дахь хоногт бичгээр гарган албажуулж, түүнийг нь шүүгчийн туслах 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Иргэн-2014 нэгдсэн системд оруулан баталгаажуулсан байх ба нэхэмжлэгч талд гомдол гаргах 3 хоногийн хугацаа байсан боловч захирамжаа 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл гардан аваагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

     Харин шүүгчийн туслах шүүх хуралдаанаас хойш 30 хоногийн дараа танд захирамжийг гардуулна” гэж хэлсэн нь баримтаар тогтоогдохгүй байгаа болно.

Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “өмгөөллийн үйл ажиллагаа гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг ойлгоно” гэж заажээ.

     Сахилгын хэрэгт авагдсан шүүгчийн захирамжууд, шүүх хуралдааны тэмдэглэлүүд болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг зэрэг баримтуудаар  шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Р.А нь өмгөөлөгч Б.Б-аас өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа авч байсан нь тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

     Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч А.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ...зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналыг хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон байна гэж  бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1..5 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа  газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                                      О.НОМУУЛИН

Х.ХАШБААТАР