info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-12-19

Дугаар 264

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, өргөдөл гаргагч Л.Д/ажиглагчаар/, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...давж заалдах шатны шүүхийн шүүгч А.М, Д.Н, М.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Л.Д Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...Би өнөөдөр шударга үнэний туйл шүүхийн системд байдаг гэж итгэдэг нэгэн бөгөөд шүүгч нь аливаа хэргийг хуульд захирагдан гаднын нөлөөлөлгүй өөрийн дотоод итгэл үнэмшилдээ шударга шийдвэрлэдэг гэж ойлгодог. Гэтэл ...давж заалдах шатны шүүхийн шүүгч А.М даргалж, шүүгч М.Б, Д.Н нарын бүрэлдэхүүнтэй 2022 оны 07 дугаар сарын 08-нд “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ тухайн үед хэрэгт авагдсан материал нь улс орон даяар гамшгийн үеийн бэлэн байдал зарласан Засгийн газрын 183-р тогтоол хэрэгжиж мөрдөж байсан процесс байдаг бөгөөд хэргийг хэлэлцэх үедээ итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан гомдолтой холбоотой тайлбарыг сонсолгүй шууд тасалж, тэр үед үл мэдэгдэх шалтгаанаар хуралд оролцоогүй нэхэмжлэгч талын бүх хүсэлт шаардлагыг хууль, журам нотлох баримтыг үл харгалзан ханган шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүх хурлаас хойш иргэн Д.Б руу залгаж “Бид шүүхэд танил байдаг. Та заргалдаад үр дүнд хүрэхгүй. Бид нөгөө танилаараа асуудлаа шийддэг” гэсэн агуулгаар уг хурлаас өмнө сүрдүүлж удаа дараа ярьсан байдаг. Энэ бүхнээс авч үзвэл энэ хэрэгт хөндлөнгийн нөлөөлөл орж үүний улмаас шүүх бүрэлдэхүүн түүний дотроос даргалагч шүүгч аливаа нөлөөллөөс ангид хууль журамд захирагдан шударга шийдвэр гаргана гэсэн заалт зөрчигдсөн гэж ардчилсан улсын үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд хангагдсан иргэний хувьд үзэж байна. Иймд энэ хурлаас гарсан магадлал хүчингүй төгөлдөр биш гэж үзэх үндэслэл гарч ирнэ. Иймд энэхүү асуудалтай зүйлийг нарийвчлан тодруулж хуулийн хүрээнд шалган тодруулж үнэн мөнийг тогтоож өгнө үү” гэжээ.

Холбогдох шүүгч А.М Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “......Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 сарын 26-ны өдрийн 000/ШШ2022/01386 дугаар шийдвэртэй, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Ф" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б, Э.Ч,   нарт холбогдох хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгч Д.Н, М.Б, А.М нар оролцож шийдвэрлэсэн. Шүүх хуралдааныг миний бие даргалж явуулсан бөгөөд уг шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй. Гомдол гаргагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4, 162.2.5-т зааснаар шүүхийн шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, мөн өөрийн хүсэлтийг давж заалдах гомдолдоо тодорхой дурьдаж, энэ талаар шүүхэд мэдүүлэх ёстой. Шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүх хуралдааныг явуулна. Миний бие шүүх хуралдаан даргалагчийн хувьд дээрх хуулийн чиг үүргийн хүрээнд гомдол гаргагчид өмнө гаргасан тайлбараа давтан ярихгүй байх, гомдолд заасан үндэслэлээр тайлбар гаргаж, мэтгэлцэхийг сануулж, чиглүүлсэн. Бусад бүрэлдэхүүний шүүгч нарын хувьд түүний эрхийг нь зөрчсөн үйлдэл гаргаагүй. Гомдол гаргагч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож, тайлбар үндэслэлээ тодорхой ярьсан. Шүүх бүрэлдэхүүн хэргийг талуудаас гаргасан нотлох баримтын хүрээнд хянаж, холбогдох хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн. Гаднын ямар нэгэн нөлөөнд автаагүй болно ” гэжээ.

Холбогдох шүүгч Д.Н Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Нэг. Иргэн Л.Д гомдолдоо “...хэргийг хэлэлцэх үедээ итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гомдолтой холбоотой тайлбарыг сонсолгүй шууд тасалж..." гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт “Давж заалдах гомдлыг бичгээр гаргана” гэж, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй" гэж тус тус зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан гомдлоосоо хальж ярих, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримт заах зэрэгт шүүх бүрэлдэхүүний зүгээс тухай бүр энэ талаар анхааруулах нь мэтгэлцэх зарчим тэнцвэртэй хэрэгжих, нөгөө талын “давж заалдах гомдолтой танилцах, түүнд тайлбар гаргах" эрх зөрчигдөхгүй байхад ач холбогдолтой юм. Иргэн Л.Д-ын гомдолд дурдагдсан шиг “тайлбарыг нь шууд тасалж зогсоосон” явдал болоогүй бөгөөд шүүх бүрэлдэхүүний зүгээс "шүүхэд бичгээр гаргасан давж заалдах гомдлоосоо хальж ярьж болохгүй" талаар анхааруулсан байдаг.

Хоёр. Иргэн Л.Д гомдолдоо “...нэхэмжлэгч талын бүх хүсэлт, шаардлагыг хууль, журам, нотлох баримтыг үл харгалзан хангаж шийдвэрлэлээ..." гэжээ. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасан болно.

Гурав. Иргэн Л.Д гомдолдоо “...Нэхэмжлэгч тал иргэн Д.Б руу залган “...Бид шүүхэд танил тал байдаг. Та нар заргалдаад үр дүнд хүрэхгүй ... ярьсан байдаг..." гэжээ. Аливаа этгээдийн хэнд юу гэж ярьсны хариуцлагыг шүүх бүрэлдэхүүн хүлээх үндэслэлгүй. Түүнчлэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэрэв нэхэмжлэгч “Ф" ХХК, түүний төлөөлөгч, өмгөөлөгчтэй хувийн харилцаатай байсан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өөрөө татгалзан гарах үүрэгтэй бөгөөд ийнхүү татгалзан гарах хүсэлтийг гаргаагүй болно. Иймд Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо эрх хэмжээнийхээ хүрээнд иргэн Л.Д-ын өргөдлийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Холбогдох шүүгч М.Б Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: Нэг. Иргэн Л.Д--ын гомдолд дурдагдсан шиг “тайлбарыг нь шууд тасалж зогсоосон" явдал болоогүй бөгөөд шүүх бүрэлдэхүүний зүгээс "шүүхэд бичгээр гаргасан давж заалдах гомдлоосоо хальж ярьж болохгүй" талаар анхааруулсан байдаг.

Хоёр. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Гурав. Нэхэмжлэгч “Ф” ХХК, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь гомдолд дурдсанчлан шүүгч надад ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй. Иймд Л.Д-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                 Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “..Зохигч талууд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд 162.2.4-т гомдолд шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тусгах ба давж заалдах шатны шүүх гомдолд дурдсанаар хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх учиртай. Давж заалдах шатны шүүх хэргийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх ба уг бүрэлдэхүүнд шүүх хуралдаан даргалагч, хэрэг илтгэх шүүгчийг оролцуулан нийт 3 шүүгч байхаар хуульд зохицуулсан. Шүүх хуралдаанд хэргийг нэг шүүгч илтгэх ба дараа нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тайлбар гаргах, харилцан асуулт тавих бөгөөд хэргийн материалыг судалснаар шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.5-т заасан. “Ф” ББСБ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцсэн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгээс үзвэл, даргалагч хуралдааны ирцийг шалгасны дараа шүүх бүрэлдэхүүн оролцогчийг танилцуулж, татгалзах эсэхийг асууж, зохигчоос хүсэлт байгааг тодруулаад улмаар хуралдааны дэгийг танилцуулсан байна. Үүний дараа илтгэгч шүүгч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг танилцуулсны дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Л.Д нар гомдолд тайлбар гаргасан. Үүний дараа хариуцагч тал давж заалдах гомдлоо дэлгэрэнгүй ярьсан байх ба шүүх бүрэлдэхүүн хариуцагч талаас асуулт асуугаагүй, хуралдаан завсарласан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна. Иймд өргөдөлд дурдсан “...хэргийг хэлэлцэх үедээ итгэмжлэгдсэн төлөөлөгч миний тайлбарыг сонсолгүй шууд тасалсан..." гэх гомдол тогтоогдоогүй болно.

 Өргөдлийн “...хуралд оролцоогүй, нэхэмжлэгч талын бүх хүсэлт, шаардлагыг хууль, журам нотлох баримтыг үл харгалзан хянан шийдвэрлэсэн..." гэх тухайд: Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд хариуцагч тал шүүх хуралдаанд ямар нэг хүсэлт гаргаагүй талаар шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгт тусгагджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаар ямар нэг гомдол гаргаагүй, энэ тохиолдолд шүүхийг буруутгах боломжгүй юм. Давж заалдах шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ. Ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлээ магадлалд дэлгэрэнгүй тусгасан байх ба сахилгын хороо магадлалын хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд дүгнэлт өгөх эрхгүй.

                 Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад өргөдөлд нэр дурдагдсан Д.Б-г гэрчээр асуусан ба тэрээр “...ББСБ-ын хуулийн зөвлөх /нэрийг нь санахгүй байна/ 2022 оны 3 сард 2 удаа залгаад "танай ах гээд байгаа хүн хууль мэддэггүй юм байна лээ, шүүх дээр очсон юм чинь айх зүйлгүй биз, угаасаа шүүгч нь манай талд ш дээ" гэх зүйл ярьсан, мобикомын дугаар байсан дугаарыг санахгүй байна,...давж заалдах шатны шүүгч нартай холбоотой юм ярьсныг санахгүй байна, ярьсан дугаарыг хадгалаагүй..." гэсэн мэдүүлэг өгчээ. Гэрчийн мэдүүлэг өргөдөлд дурдсан ".. нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хурлаас хойш Болормаа руу залгаж, бид шүүхэд танилтай, та нар заргалдаад үр дүнд хүрэхгүй, ...танилаараа асуудлаа шийддэг” гэсэнтэй нийцэхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч тал давж заалдах шатны нэр бүхий шүүгч нартай холбоотой асуудал яригдсан гэх байдал гэрчийн мэдүүлгээр тогтоогдоогүй бөгөөд хуулийн зөвлөх ярьсан гэх цаг хугацаа нь давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарахаас 3 сарын өмнө байна. Нөгөө талаар хэргийн зохигч нарын хооронд яригдсан асуудлаар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон шүүгч нарыг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Иймд хэргийг шийдвэрлэхдээ холбогдох шүүгч нар “...хөндлөнгийн нөлөөлөлд орсон..." гэх гомдол үндэслэлгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Д-ын ...давж заалдах шатны шүүхийн шүүгч А.М, М.Б, Д.Н нарт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн Сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1349 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б, Э.Ч, Э.Б нарт холбогдох “зээлийн гэрээний үүрэгт нийт 6,523,668 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 000/ШШ2022/01386 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан зохигчдын гомдлыг үндэслэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдааныг А.М даргалж, шүүгч М.Б, шүүгч Д.Н нарын бүрэлдэхүүнтэй хэргийг хянан шийдвэрлэж шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Өргөдөл гаргагч өргөдөлдөө “хэргийг хэлэлцэх үедээ итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан гомдолтой холбоотой тайлбарыг сонсолгүй шууд тасалсан” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгээс үзвэл өөрийн гаргасан давж заалдах гомдолтой холбоотой тайлбар хэлж байсан Л.Д-т хандаж даргалагч шүүгч давж заалдах гомдлын үндэслэлээ ярихыг, гомдолд дурдаагүй асуудлыг ярихгүй байхыг сануулж шүүх хуралдааны дэг сахиулсан болох нь бичигдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна”, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй”, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасны дагуу даргалагч шүүгч шүүх хуралдааны дэгийг сахиулж оролцсоныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Түүнчлэн өргөдөл гаргагч “тэр үед үл мэдэгдэх шалтгаанаар хуралд оролцоогүй нэхэмжлэгч талын бүх хүсэлт шаардлагыг хууль, журам нотлох баримтыг үл харгалзан ханган шийдвэрлэлээ” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй”, 165.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 165.1-д заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй”, 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл зохигч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн хэргийг хянан шийдвэрлэх бүрэн эрх нь хуулиар олгогдсон байх тул дээрх өргөдлийн үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй юм.

Мөн өргөдөл гаргагчаас “...Нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүх хурлаас хойш иргэн Д.Б руу залгаж “Бид шүүхэд танил байдаг. Та заргалдаад үр дүнд хүрэхгүй. Бид нөгөө танилаараа асуудлаа шийддэг” гэсэн агуулгаар уг хурлаас өмнө сүрдүүлж удаа дараа ярьсан байдаг. ... Энэ бүхнээс авч үзвэл энэ хэрэгт хөндлөнгийн нөлөөлөл орж үүний улмаас шүүх бүрэлдэхүүн түүний дотроос даргалагч шүүгч аливаа нөлөөллөөс ангид хууль журамд захирагдан шударга шийдвэр гаргана гэсэн заалт зөрчигдсөн” гэжээ.

Шалгах ажиллагааны явцад Д.Б “..ББСБ байгууллагын хуулийн зөвлөх над руу хоёр удаа залгасан. Яагаад мөнгө төлөхгүй байна. Танай ах гээд байгаа хүн хууль мэддэггүй юм байна. Шүүх дээр очсон юм чинь айх зүйлгүй биздээ. Угаасаа шүүгч нь манай талд ш дээ гэж хэлсэн. ..Би энэ үгийг ойлгохдоо шүүхэд танилтай байна гэж ойлгосон энэ бол миний ойлголт” гэх гэрчийн мэдүүлгийг өгчээ.

Энэхүү гэрчийн мэдүүлэгт давж заалдах шатны шүүхийн шүүгч нартай холбоотой асуудал дурдагдаагүй бөгөөд өргөдөл гаргагчийн “шүүх хөндлөнгийн нөлөөлөл орсон” гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна.

             Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...давж заалдах шатны шүүхийн шүүгч А.М, М.Б, Д.Н нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 159 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ...давж заалдах шатны шүүхийн шүүгч А.М, М.Б, Д.Н нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Д.АРИУНТУЯА

ГИШҮҮН                                                        Д.МЯГМАРЦЭРЭН

О.НОМУУЛИН