МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-11-07
Дугаар 237
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өргөдөл гаргагч Д.Г ирүүлсэн өргөдөлдөө: “...Шүүгч Б.Б 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11:20 цагт эхэлсэн шүүх хуралдааныг даргалах үедээ хууль тогтоомж, шүүгчийн ёс зүйг зөрчсөн дараах үйлдэл гаргасан болно. 1. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нь шүүгч Б.Б-тай урьдчилан уулзаж, тэдний талаас хүсэлттэй тухайгаа шүүгчид танилцуулсан хэмээн үзэж байна. Учир нь шүүх хуралдаанд хариуцагч Д.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Б.Г, ажиглагчаар хариуцагчийн эгч Д.А нар ирсэн байсан. Шүүгч шүүх хуралдаанд хариуцагч өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцоно хэмээн танилцуулж асуусан. Хариуцагч шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцоно гэхэд хариуцагч Д.Г-ийг ажиглагчтай зэрэгцэн нэг ширээнд суухыг шаардсан. Энэ шаардлагаа хэргийн оролцогчдод адил байдлаар тавих ёстой атал шүүгч нэхэмжлэгч Э.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нарт тавиагүй, өмгөөлөгчөөр оролцох хүсэлт тавьж байгааг урьдчилан мэдсэн байсан.
2. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ирц, оролцогчдын биеийн байцаалтыг тодруулж байх үед шүүгч Б.Б нь шүүх хуралдааны танхимын хаалгаар шагайсан шүүхийн захиргааны ажилтан байх магадлалтай эмэгтэйд “... би удахгүй ээ, энэ хурлыг хойшлуулчхаад очно” гэсэн хариу өгсөн. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах гэж байгааг ойлгоогүй ба бид ямар нэгэн хүсэлт байхгүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаж өгөөгүй байсан. Шүүх хуралдаан эхэлсний дараа нэхэмжлэгч нотлох баримт гаргуулах хүсэлтийг тавьсан, ийм хүсэлт тавих гэж байгааг шүүгч урьдчилан мэдсэн байж “...энэ шүүх хурлыг хойшлуулчхаад очно...” хэмээн хариулсан байна. Тэрээр хэлснээрээ шүүх хуралдааныг хойшлуулсан, энэ нь шүүгч хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар урьдаас тогтсон үзэл байгааг илэрхийлэх ба хэргийг хуульд үндэслэн нотлох баримтад тулгуурлана шийдвэрлэнэ гэх итгэлийг эвдсэн үйлдэл юм.
3. Шүүгч нь нэхэмжлэгч Э.Б-ийг “хууль, эрх зүйн мэдлэггүй” хэмээн эрх, үүргийг танилцуулсан атал хариуцагч нарт “та нар хууль зүйн мэдлэгтэй юм чинь эрх, үүрэг тайлбарлуулах шаардлага байна уу” хэмээн тулган асууж, эрх, үүргийг танилцуулаагүй, тайлбарлаагүй, үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй. Хэргийн оролцогч нарын мэргэжил, мэдлэгийн талаар өнгөц, хийсвэр дүгнэлт хийсэн, хэргийн оролцогч нарт адил тэгш, шударга хандах зарчимд харшилсан.
4. Шүүх хуралдаан эхэлж байх үед нэгэн эмэгтэй хаалгаар шагайн “А5” хэмжээтэй цаасыг нэхэмжлэгч талд өгсөн. Энэ үйлдэлд шүүгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, “хараагүй” мэт өнгөрөөсөн тул шүүх хуралдааныг зохих журмын дагуу даргалан явуулаагүйг илтгэнэ. Бидний зүгээс энэ нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн хорооны Засаг даргын тодорхойлолт байсан.
5. Шүүх хуралдаанд оролцож байгаа хариуцагч талыг “ямар олуулаа ирдэг юм бэ” гэсэн байдлаар цааргалж, төвөгшөөж хандсан ба хариуцагч Д.Г-ийн төрсөн эгч н.А ажиглагчаар оролцохоор ирсэн байсныг “нээлттэй шүүх хурал гээд л олуулаа ирлээ” гэсэн байдлаар хэлж байсан. Түүнчлэн, н.А-ийг “аль талаас ирсэн, хэнтэй нь ямар холбоотой юм” гэх зэргээр асууж, тэрээр “хариуцагч Д.Гийн эгч” хэмээн хариулахад хүргэсэн.
6. Хариуцагч шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсон, шүүх хуралдааны дэг танилцуулахдаа “та нар хэрүүл маргаан үүсгэв, дэг сахина шүү, шүүх танхимд болсон зүйлийн талаар, хүний хувийн мэдээллийн талаар энд тэнд задруулав, хуулийн хариуцлагатай шүү, Зөрчлийн хуульд заасан хариуцлагатай, 30 хүртэл хоногоор баривчилна шүү” гэх зэргээр дарамт, айдас төрүүлэх, нөлөөлөл үзүүлэх байдлаар харилцсан.
7. Шүүх хуралдааныг хойшлуулж, товыг тогтоохдоо нэхэмжлэгч талаас санал асуусан, харин хариуцагч талаас саналыг тухайлан, тодорхой асуугаагүй, тулгасан байдлаар товыг хэлсэн. Шүүгч “би удахгүй ээлжийн амралтаа авах гээд байдаг. түүнээс өмнө энэ хэргийг шийдвэрлэчихмээр байна” хэмээн шүүх хурлыг 2022.08.09-ний өдөр товлосон иргэнийг хэргийг заавал өөрөө, аль болох яаралтай шийдэх гэсэн ямар нэгэн сонирхол байна хэмээн үзэхэд хүргэж байна.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны дараа шүүгчийн өрөө рүү, шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүх хуралдааны танхим руу очиж, эсхүл өөр газар шүүгчтэй уулзсан хэмээн үзэж байна. Иймд шүүгч Б.Б-гийн хууль зөрчсөн дээрх үйлдэлд сахилгын хэрэг үүсгэн шалгаж, хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
Шүүгч Б.Б тайлбартаа: “...Э.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Г-т холбогдох газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Өргөдөлд дурдсантай холбогдуулан дараах тайлбар гаргаж байна. Үүнд:
1. Өмгөөлөгч Б.З-тай нөгөө талыг байлцуулахгүй уулзсан, нэхэмжлэгч талаас хүсэлттэй талаараа шүүгчид урьдчилан танилцуулсан байсан гэсэн нь илт гүтгэлгийн чанартай гэж үзэж байна. 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр миний бие ээлжийн амралт дөхөж байгаа, шүүгч нараас амарсан байсан тул лхагва гарагт шүүх хуралдаанууд товлосон байсан. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүгч Х.О-ын даргалсан шүүх хуралдаан 7 дугаар сарын 28-ны өдрийн 9 цаг 30 минутад товлогдож хойшлогдсоныг шүүгчийн туслах мэдэгдээгүй, даргалагч шүүгч Х.О урд орой нь мессежээр мэдэгдсэн, би шүүх хурал зарласан тухайгаа хэлсэн. Гэвч нэгэнт бүрэлдэхүүн томилогдсон байсан. Энэ өдөр миний даргалж шийдвэрлэх П.Э-ы нэхэмжлэлтэй Б.Ө д холбогдох хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан мөн 9 цаг 30 минутад товлогдсон байсан тул эхлээд энэ хуралдааныг хийсэн, үргэлжлүүлээд Э.Б-ийн нэхэмжлэлтэй Д.Г-т холбогдох шүүх хуралдааныг явуулахаар хэргийн оролцогчдыг шүүх хуралдааны танхимд нарийн бичгийн даргын хамт оруулсан. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ирц итгэмжлэл шалгах ажиллагаа, биеийн байцаалт шалгах хооронд зэрэгцээд шүүх хуралдааны оролцогчдын ирцийг давхар шалгаад биеийн байцаалт дэлгэрэнгүй авсан. Учир нь Х.О шүүгчийн зарласан шүүх хурал хүлээгдээд байна, хэргийн оролцогч нар хүсэлтгүй, манай хурал үргэлжлэх юм шиг байна гэж мэдэгдсэн учраас цаг хэмнэх үүднээс урьдчилаад биеийн байцаалт тодруулсны дараа шүүх хуралдааныг эхлүүлж шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98-105 дугаар зүйлд заасан дараалал, журмын дагуу явуулсан. Б.З нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлээс бичгээр татгалзаж, Б.З г цаашид өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт бичгээр гаргасныг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар ханган шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.З гэх эрх зүйн байдалтайгаар шүүх хуралдааны оролцогчоор оролцуулан тэдний эрх зүйн байдал өөрчлөгдсөн байдаг. Хариуцагч Д.Г 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс Б.Г, Э.Э нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эрхтэйгээр оролцуулж байсан. Тус 28-ны өдрийн шүүх хуралдааны үед хариуцагч Д.Г өөрийн биеэр болон бас нэг эмэгтэйн хамт ирсэн байсан тул итгэмжлэл хүчинтэй эсэхийг тодруулахад итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас татгалзахгүй гэсэн тул тэднийг шүүх хуралдаанд ажиглагчийн байр суурьтайгаар оролцуулж, шүүх хуралдааны нийтлэг журмыг шүүх хуралдааны оролцогчдын хамт тайлбарлан өгч, 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн.
Үүний дараа шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, татгалзан гаргах эрхтэйг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг тодруулахад байхгүй гэсэн тул шүүх хуралдааны оролцогч нарт эрх, үүрэг танилцуулах ажиллагааг гүйцэтгэсэн.
Үүний дараа хэргийн оролцогч нараас шинээр гарган өгөх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгч талаас шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт болон 2 хуудас нотлох баримт гарган өгснийг хариуцагч талд танилцах боломж олгон хариу тайлбар, шинэ нотлох баримт шүүх хуралдаан дээр гарган өгсөнтэй холбогдуулан тайлбар болон хүсэлт байгаа эсэхийг хариуцагч талаас тодруулахад хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гарган шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан.
Үүний дараа хариуцагч талаас шинээр гарган өгөх нотлох баримт хүсэлт тодруулахад байхгүй гэсэн тул шүүх нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлт хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарлуулсан. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлт хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн тул шүүхийн журмаар нотлох баримт Засаг даргаас гаргуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулан шийдвэрлэсэн.
Б.З өмгөөлөгчтэй хэргийн талаар ганцаарчлан уулзсан зүйл огт болоогүй бөгөөд тэрээр мөн өдөр шийдвэрлэсэн П.Э-ы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч талын өмгөөлөгчөөр оролцсон байсан, үргэлжлүүлээд одоо маргаж буй хуралд нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөр оролцсон байсан. Энэ 2 үргэлжилсэн хурлын явцад тухайн өмгөөлөгчтэй харилцах ямар ч үйлдэл гаргаагүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хүсэлтийг урьдчилан мэдсэний тухайд Б.З өмгөөлөгч өөрийн биеэр бичгээр нэхэмжлэгч талын итгэмжлэлээс татгалзах хүсэлт бичсэн 1 хуудсыг өгсөн ба уг хүсэлт дотор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүсэлт мөн тусгагдсан байсныг анзаарч хүсэлтээ бичгээр шүүхэд өгсөн учраас мэдсэн. Өөрөөр хэлбэл ирц шалгах явцад энэ байдал мэдэгдсэн. Хүсэлт дотор өмгөөлөгчөөр оролцуулах тухай болон нотлох баримт гаргуулах тухай агуулга тусгагдсан байсан учраас л мэдсэн болно.
2. Дээр дурдсанаар шүүгчийн туслах Б.Б хурал эхлэхээс өмнө шүүгч Х.О-ын бүрэлдэхүүнтэй шүүх хурал хүлээгдэж байгаа шалтгаанаар шагайсныг санаж байна. Гэхдээ хойшилно гэж хэлснээ санахгүй байна, хойшлох байх, энэ хурал дууссаны дараа л гэсэн агуулгаар хэлсэн байх, сайн санахгүй байна.
3. Шүүгчийн зүгээс эрх, үүрэг тайлбарласан, хуралдааны оролцогч нарт хандаж эрх үүрэг танилцуулах ажиллагааг хийсэн, хэн нэгнийг ялгаварлах хандлага гаргаагүй.
4. Нэгэн эмэгтэй хаалгаар шагайн А-5 хэмжээтэй цаас өгснийг хараагүй мэт өнгөрөөсөн гэжээ. Тухайн хурал ороод 2 сар гаран хугацаа өнгөрсөн учраас огт санахгүй байна, шүүх хуралдаан эхэлснээс хойш тийм асуудал болоогүй гэж тайлбар гаргаж байна, хараа ч үгүй байх.
5. Ажиглагчаас асуулт асуусан гэсэн гомдол мөн үндэслэлгүй. Хэргийн болон шүүх хуралдааны оролцогч хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасан нийтлэг журамд захирагдах тул шүүх 2 ажиглагчид шүүх хуралдааны дотоод дэг журмыг танилцуулсан нь хууль зөрчөөгүй. Хэргийн оролцогчийн нууцыг задруулахгүй байх шүүх хуралдааны дэг сахихыг л анхааруулсан болно.
6. Нэхэмжлэгч тал өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан тул өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан байх үндэслэлээр тодруулсан байх, харин зохигч, тэдгээртэй эрх зүйн байдал ижил итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн дуудсанаар ирэх үүрэгтэй. Шүүгч ээлжийн амралтын хугацаа эхлэхээс өмнө талуудыг чирэгдүүлэхгүй гэсэн үүднээс л нотлох баримтыг шаардан ирүүлэх ажиллагааг түргэвчлэх хүсэл зориг байсан. Учир нь ажлын 27 хоногийн амралт нь 9 дүгээр сарын сүүл үе буюу 2 сараар шүүх хурал хойшлох байсан болно. Иймд ээлжийн амралтаас өмнө зарласан боловч шүүхийн журмаар шаардсан нотлох баримт ирээгүй шалтгаанаар шүүх хуралдаан хойшилсон.
7. Б.З өмгөөлөгч өмнөх шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцсон тухай сүүлд мэдсэн ба түүнтэй уулзаагүй, хувийн ямар нэг харилцаа байхгүй. Тус шүүхийн байр 2 шаттай бөгөөд би 2 шатны олны хэсэг явдаг төв хаалга дагасан хаалгаар явдаггүй, нөгөө хаалгаар орж гардаг, энэ хаалганы 2 давхрын хэсэгт хэргийн оролцогч нар явдаггүй, 3 давхар тусгай кодтой хаалгатай, тааралдах ч боломжгүй юм. Иймд өргөдөлд дурдсаныг зөвшөөрөхгүй” гэжээ.
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: ... 1. Б.З нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлийг үндэслэн Э.Бийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Д.Г өөрийгөө шүүхэд төлөөлөх эрхийг 2022 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн итгэмжлэлээр Б.Г, Э.Э нарт олгосон, энэхүү итгэмжлэл иргэний хэрэгт авагдсан байна. Төлөөлүүлэгч нь өөрийн олгосон бүрэн эрхийг хүчингүй болгосон тохиолдолд төлөөлөл дуусгавар болохоор Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.2-т заасан. Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгээс үзвэл, 2022 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Б нь Б.З-д олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мөн Б.З-г өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргаж, энэ тухайгаа бичгээр мэдэгдсэн тул хуралдаан даргалагч хүсэлтийг хангасан нь хуульд нийцжээ.
Харин хариуцагч Д.Г нь итгэмжлэлээсээ татгалзаагүй бөгөөд шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Б.Г нар оролцсон, шүүгчийн зүгээс Д.Г-т шүүх хуралдааны танхимд сууж, хуралдааныг ажиглах боломж олгосон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-т зааснаар өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эдлэх эрх, хүлээх үүргийг тухайн этгээдэд итгэмжлэлээр олгосон тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй бөгөөд өөрийн эдлэх эрх, хүлээх үүргээс татгалзаж буй юм. Тодруулбал, төлөөлж буй этгээд нь түүний эрхийг эдэлж, үүргийг хүлээх тул шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй тул “...энэ шаардлагаа хэргийн оролцогчдод адил тавих ёстой байсан...” гэх гомдол үндэслэлгүй. Түүнчлэн шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, багтаамжаас хамаарч хариуцагч Д.Г, эгч А-ийн хамт нэг ширээнд суусан нь сахилгын зөрчилд хамаарахгүй. Шүүгч Б.Б нь 2022 оны 7 дугаар сарын 28-ний өдөр 09:30 цагт П.Э-ы нэхэмжлэлтэй Б.Ө-д холбогдох, 11 цагт Э.Б-ийн нэхэмжлэлтэй, Д.Г-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан байна. П.Э-ы нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаан дуусаад уг танхимд Э.Б-ийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаан үргэлжилсэн бөгөөд Э.Б ийн өмгөөлөгч Б.З-нь П.Э-ы нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаанд хариуцагч Б.Ө-ы өмгөөлөгчөөр оролцсон болох нь дээрх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар /0648/-аар тогтоогдож байна.
Иймд шүүгч “...шүүх хуралдаан эхлэхийн өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-тай урьдчилан уулзсан” гэх үзэх үндэслэлгүй.
2. Шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг /үзлэг хийсэн тэмдэглэл/-ээс үзэхэд тухайн шүүх хуралдаан явагдаж байх үед хэн нэгэн тодруулбал, шүүхийн захиргааны ажилтан хаалгаар шагайсан, шүүгчтэй харилцсан үйл явдал болоогүй байх тул өргөдөлд дурдсан “... би удахгүй ээ, энэ хурлыг хойшлуулчхаад очно” гэж хэлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан, хуралдаан даргалагч хүсэлтийг хариуцагч талд танилцуулж, тэдний тайлбар сонссоны дараа шүүх хуралдаан завсарлаж, хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-г зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч Э.Б шүүх хуралдаанд биечлэн оролцохоор болсон тул шүүгч түүнд эрх, үүргийг тайлбарлан өгчээ. Нэхэмжлэлийг хариуцагчид гардуулахдаа шүүгч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эрх, үүргийг нэг бүрчлэн тайлбарлан өгч, энэ талаар баримт үйлдсэн нь хэрэгт авагдсан байх ба шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрчлөгдөөгүй, шүүгч тэдэнд эрх, үүргээ дахин тайлбарлуулах уу гэж асуухад шаардлагагүй, ойлгож байна гэж хариулж, шүүх хуралдаан үргэлжилж байх тул “...хэргийн оролцогч нарт адил тэгш хандаагүй” гэж үзэхгүй.
4. Шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс үзвэл өргөдөлд дурдсан “шүүх хуралдаан эхэлсний дараа нэгэн эмэгтэй А5 хэмжээтэй цаас нэхэмжлэгч талд өгсөн, хариуцагч талыг ямар олуулаа ирдэг юм бэ гэсэн байдлаар цааргалж, төвөгшөөсөн” гэх байдал тогтоогдоогүй тул “...даргалагч шүүх хуралдааныг зохих журмын дагуу явуулаагүй” гэх гомдол үндэслэлгүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд “бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заасан. Шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа ил тод, нээлттэй байдал нь шүүх хуралдааныг сонирхсон хөндлөнгийн этгээдийг шүүх хуралдааны танхимд чөлөөтэй оруулах эрхээр хангасан байх боловч тэдгээр нь шүүх хуралдааныг хэвийн явуулахад сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, шүүхийг хүндэтгэх, шүүх хуралдааны тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах учиртай. Хэрэв шүүх хуралдаанд хөндлөнгөөс сонирхож буй этгээд хуралдааны журмыг зөрчвөл хуулийн 90 дүгээр зүйлийн 90.4-т заасан хариуцлага хүлээнэ. Иймд хуралдаан даргалагч нь А-ид шүүх хуралдааны дэг сахих, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхийг анхааруулсныг “...айдас, дарамт төрүүлэх, нөлөөлөл үзүүлэх байдлаар харилцсан” гэж үзэхгүй.
6. Шүүх хуралдаан даргалагч “...нотлох баримт цуглуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан” шүүгчийн захирамжийг танилцуулаад дараагийн шүүх хуралдааны товлохдоо нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн саналыг асууж буй нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт тусгагджээ. Б.З нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа, энэ тохиолдолд шүүх хуралдааныг тухайн өмгөөлөгчийн бусад хэргийн шүүх хуралдаантай давхцуулахгүй байх үүднээс тодруулсан гэсэн холбогдох шүүгчийн тайлбарыг буруутгах боломжгүй. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн дуудсанаар ирэх үүрэгтэйгээс гадна шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
7. Шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс үзэхэд шүүгч шүүх хуралдаан дууссаныг мэдэгдэж, танхимаас гарч явсан бөгөөд тэрээр шүүгч Х.О-ын даргалсан шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцсон нь гэрч Б.Б-ын мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүгчийг танхимаас гарч явсны дараа хэргийн оролцогч ялангуяа өмгөөлөгч Б.З хуралдааны танхимд үлдсэн нь тогтоогдож байх тул “...шүүх хуралдааны дараа уулзсан” гэх гомдол үндэслэлгүй байна. ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1205 дугаар захирамжаар иргэн Д.Г-ийн өргөдлөөр ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Э.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-гаас иргэн Д.Г-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 00000000000 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
1. Өргөдөл гаргагч “Б.З тай хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр шүүх хурал эхлэхийн өмнө уулзсан. ...шүүгч нэхэмжлэгч Э.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нар өмгөөлөгчөөр оролцох хүсэлт тавьж байгааг урьдчилан мэдсэн байсан” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан.
2022 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн 00000000 дугаар шүүгчийн захирамжаар Э.Б-ийн нэхэмжлэлтэй Д.Г-т холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад явуулахаар тогтоосон байна.
Тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Э.Э нар оролцсон байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З нь нэхэмжлэгчийн итгэмжлэлээс татгалзаж өмгөөлөгчийн байр сууринаас оролцох, нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж өгсөн болох нь шүүх хурлын тэмдэглэл, тус өдрийн шүүх хурлын бичлэгээс тогтоогдож байна.
Иймд өргөдөл гаргагчийн “нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З-гийн өмгөөлөгчөөр оролцох хүсэлт тавьж байгааг урьдчилан мэдсэн байсан” гэх үндэслэл нь тогтоогдохгүй байх тул шүүгчийг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-т “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасныг зөрсөн гэж үзэхгүй.
2. Өргөдөл гаргагч “...шүүгч нь шүүх хуралдааны танхимын хаалгаар шагайсан шүүхийн захиргааны ажилтан байх магадлалтай эмэгтэйд “...би удахгүй ээ, энэ хурлыг хойшлуулчхаад очно” гэж хариу өгсөн. Шүүгчид хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар урьдаас тогтсон үзэл байгааг илэрхийлэх ба хэргийг хуульд үндэслэн нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэх итгэлийг эвдсэн үйлдэл юм” гэжээ.
Шүүгч Б.Б “...шүүгчийн туслах Б.Б хурал эхлэхээс өмнө өөрийн шүүгч Х.О-ын бүрэлдэхүүнтэй шүүх хурал хүлээгдэж байгаа шалтгаанаар шагайсныг сайн санаж байна. Чухам хойшилно гэж хэлснээ санахгүй байна. Хойшлох байх, энэ хурал дууссаны дараа л гэсэн агуулгаар л гэсэн агуулгаар хэлсэн байх боломжтой. ...Манай шүүх хуралдаанаас болоод 09 цаг 30 минутад зарласан хурал хүлээгдэж байсан, цаг 11 цаг 30 минут болсон байсантай холбоотой гэж бодож байна. Учир нь шүүгчийн туслах Б.Б-ыг шүүгчийн шүүх хуралдааны товын дэвтэрт хурлаа тэмдэглүүлээгүй, цаашлаад урьдчилан мэдэгдээгүйгээс хурал давхацсанд буруутай учраас эхлээд өөрийн зарласан хуралдаа орох талаар мэдэгдэж зэмлэсэн байсан болно” гэх хариу тайлбарыг ирүүлжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 00169 дугаар шүүхийн тогтоолоор иргэн М.П-гийн нэхэмжлэлтэй Ц.Т-д холбогдох иргэний хэргийг шүүгч Х.О даргалж шүүгч Б.Б, шүүгч А.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутад хуралдахаар товлон хойшлуулсан байна.
Мөн шүүгч Б.Б 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 00011140 дугаар захирамжаар, иргэн П.Э-ы нэхэмжлэлтэй Б.Ө-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэх хурлыг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутад,
2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 000/ШЗ2022/10741 дугаар шүүгчийн захирамжаар, иргэн Э.Б-ийн нэхэмжлэлтэй Д.Г-т холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр тус тус товложээ.
Дээрхээс үзвэл шүүгч Б.Б 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутад давхцуулан товлосон хоёр хуралд орох болсон нь тогтоогдож байна.
Мөн шүүгчийн туслах Б.Б “...Шүүгч - дээр хэрэг хянагдаж байсан. Он сар өдрийг сайн санахгүй байна. Өмнө хойшлуулж байсан ба 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 09 цаг 30 минут хүртэл хойшлогдсон. ...Шүүгч Б.Б-гийн хуралдаан давхацсан байсан. Түр хойшлуулаад 12 цагт эхэлсэн. Би хуралдаан дундуур орж хэлээгүй. Харин хуралдаан дууссаны дараа “манай бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд та орно гэж хэлсэн” гэх гэрчийн мэдүүлгийг өгчээ.
Тус өдрийн шүүх хуралдааны бичлэгт хурлын дундуур бусад этгээд орж ирсэн, даргалагчтай ярьсан зэрэг үйл баримт бичигдээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан “хуралдаан хойшилно гэж шүүхийн захиргааны ажилтанд хэлсэн нь хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар урьдаас тогтсон үзэл байгааг илэрхийлсэн” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
3. Өргөдөл гаргагч “...нэхэмжлэгч Э.Б-ийг “хууль, эрх зүйн мэдлэггүй” хэмээн эрх үүргийг нь танилцуулсан атал хариуцагч нарт “та нар хууль зүйн мэдлэгтэй юм чинь эрх, үүрэг тайлбарлуулах шаардлага байна уу” хэмээн тулган асууж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эрх үүргийг танилцуулаагүй, тайлбарлаагүй” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэл 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З итгэмжлэлээсээ татгалзаж өмгөөлөгчөөр оролцох хүсэлтийг гаргасан. Үүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон нэхэмжлэгч Э.Б-ид шүүгч эрх үүргийг нь шүүх хуралдаанд тайлбарлан өгчээ.
Тус шүүх хуралдааны явцад шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эрх үүрэг тайлбарлуулах эсэхийг асуухад итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шаардлагагүй гэж хариулсан болох нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт авагдсан байна.
Мөн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гарын үсэг зурж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүрэгтэйгээ танилцсан байх тул шүүгчийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эрх үүрэг тайлбарлан өгөөгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.
4. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...Шүүх хуралдаан эхэлж байх үед нэгэн эмэгтэй хаалгаар шагайн А5 хэмжээтэй цаасыг нэхэмжлэгч талд өгсөн. Энэ үйлдэлд шүүгч Б.Б ямар нэгэн арга хэмжээ аваагүй, “хараагүй” мэт өнгөрөөсөн” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт 12 цаг 14 минутаас 12 цаг 32 минут хүртэлх шүүх хуралдааны үйл явц бичигдсэн байх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талд хэн нэгэн А5 хэмжээтэй цаас өгсөн болон шүүх хуралдааны дундуур бусад этгээд орж ирсэн зэрэг үйл баримт бичигдээгүй байх тул өргөдөл үгүйсгэгдэж байна.
5. Мөн өргөдөл гаргагч “...шүүх хуралдаанд оролцож байгаа хариуцагч талыг “ямар олуулаа ирдэг юм бэ” гэсэн байдлаар цааргалж, төвөгшөөж хандсан. ...Түүнчлэн, н.А-ийг “аль талаас ирсэн, хэнтэй нь ямар холбоотой юм” гэх зэргээр асууж, тэрээр “хариуцагч Д.Г-ийн эгч” хэмээн хариулахад хүргэсэн. ...Хариуцагч шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсон, шүүх хуралдааны дэг танилцуулахдаа “та нар хэрүүл маргаан үүсгэв, дэг сахина шүү, шүүх танхимд болсон зүйлийн талаар, хүний хувийн мэдээллийн талаар энд тэнд задруулав, хуулийн хариуцлагатай шүү, Зөрчлийн хуульд заасан хариуцлагатай, 30 хүртэл хоногоор баривчилна шүү” гэх зэргээр дарамт, айдас төрүүлэх, нөлөөлөл үзүүлэх байдлаар харилцсан” гэж өргөдөлдөө дурджээ.
... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт хоёр хүн шүүх хуралдаанд ажиглагчийн байр сууринаас оролцож байх бөгөөд даргалагч шүүгчээс шүүх хуралдааны дэгийн талаар танилцуулж буй нь бичигдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна”, 90 дүгээр зүйлийн 90.4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа шүүх хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны танхимаас гаргаж энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгч Б.Б нь шүүх хуралдааныг ажиглахаар ирсэн ажиглагчид шүүх хуралдааны дэгийг сахих талаар сануулсныг “дарамт, айдас төрүүлэх, нөлөөлөл үзүүлэх байдлаар харилцсан” гэж үзэхгүй.
6. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...Шүүх хуралдааныг хойшлуулж, товыг тогтоохдоо нэхэмжлэгч талаас санал асуусан, харин хариуцагч талаас саналыг тухайлан, тодорхой асуугаагүй, тулгасан байдлаар товыг хэлсэн. Шүүгч “би удахгүй ээлжийн амралтаа авах гээд байдаг, түүнээс өмнө энэ хэргийг шийдвэрлэчихмээр байна” хэмээн шүүх хурлыг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр товлосон иргэний хэргийг заавал өөрөө, аль болох яаралтай шийдэх гэсэн ямар нэгэн сонирхол байна хэмээн үзэхэд хүргэж байна” гэж дурджээ.
Шүүгч Б.Б ирүүлсэн тайлбартаа “..Шүүгч ээлжийн амралтын хугацаа эхлэхээс өмнө талуудыг чирэгдүүлэхүй гэсэн үүднээс л нотлох баримтыг шаардан ирүүлэх ажиллагааг түргэвчлэх хүсэл зориг байсан. Учир нь ажлын 27 хоногийн амралт нь 9 дүгээр сарын сүүл үе буюу 2 сараар шүүх хурал хойшлох байсан болно. Иймд ээлжийн амралтаас өмнө зарласан боловч шүүхийн журмаар шаардсан нотлох баримт ирээгүй шалтгаанаар шүүх хуралдаан хойшилсон” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.
Дээрхээс үзвэл шүүгч хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хугацаа нь нийт 90 хоног байдаг бөгөөд шүүгч ээлжийн амралтаасаа өмнө хуралдаан хийхээр тов тогтоосныг хэргийг яаралтай шийдэх гэсэн сонирхолтой гэж үзэхгүй юм.
7. Өргөдөлд “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны дараа шүүгчийн өрөө рүү, шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүх хуралдааны танхим руу очиж, эсхүл өөр газар шүүгчтэй уулзсан хэмээн үзэж байна” гэжээ.
Тус өдрийн шүүх хуралдааны бичлэгээс үзвэл шүүгч хуралдаан дууссаныг мэдэгдэж дараагийн хуралдаан хаана орж байгааг тодруулан хуралдааны танхимаас гарч явсан. Энэ үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З нь шүүх хуралдааны танхимд тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуран үлдэж байгаа нь бичигджээ.
Мөн шүүгч Б.Б нь тус өдөр зарлагдсан иргэн М.П-гийн нэхэмжлэлтэй Ц.Т-д холбогдох иргэний хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцсон болох нь гэрч Б.Б-ын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгч Б.Б-г хуралдаан дууссаны дараа өмгөөлөгч Б.З-тай уулзсан гэх өргөдөл нь үндэслэлгүй байна.
Иймд энэ талаарх илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ... шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Б.СУГАР