МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-07
Дугаар 30
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүхийн шүүгч О.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Илтгэгч гишүүний саналд “Г К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн ...шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2021/0331 дүгээр шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-ээс гаргасныг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 5538 дугаар захирамжаар 5 хоногийн хугацаагаар сэргээсэн. Дээрх шүүгчийн захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Г-ийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлтэд шүүгч О.О- нь ...шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/5777 дугаар албан бичгээр “...хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна” гэж хариу өгсөн байх бөгөөд ийнхүү албан бичгээр хариу өгсөн шүүгчийн үйл ажиллагаанд өмгөөлөгч Ц.Г- гомдол гаргаж, үндэслэлээ “шүүгч О.О- нь “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг биш, харин захирамж гаргах ёстой байсан, Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “тухайн шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх” эрх нь ерөнхий шүүгчид хадгалагдахаар зохицуулсан, шүүгч О.О- нь ерөнхий шүүгч биш, гэтэл ...шүүх гэсэн албан бланкийг хэрэглэн, гарын үсэг зурж, тамга хэрэглэсэн” гэж тодорхойлжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж зааснаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоо уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрсдөө хүчингүй болгох, эсхүл өөрчлөх боломж олгосон зохицуулалт байх бөгөөд шүүгч О.О- нь өөрийн гаргасан захирамжийг дээр дурдсан хуулийн үндэслэлээр хүчингүй болгуулахыг хүссэн хүсэлтэд өөрөө хариу өгсөн, ийнхүү хариу өгөхдөө ...шүүхийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэснийг Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 “тухайн шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх" гэж заасан ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана" гэж заасныг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор ойлгох бөгөөд хэргийн оролцогчдын хүсэлтээр бус шүүгч, шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээнд хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй талаар хариу өгч байгаа энэ тохиолдолд шүүгчийн захирамж гаргаагүй нь хуулийн зөрчилд тооцогдохгүй. Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23. “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байхыг ойлгох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т зааснаар өөрийн гаргасан захирамжаа хүчингүй болгох үндэслэлгүй талаар албан бичгээр хариу өгсөн шүүгчийн үйл ажиллагааг дээрх хуулиар тодорхойлсон зөрчил гаргасанд тооцох үндэслэлгүй байна. Өмгөөлөгч Ц.Г-ийн өргөдөлтэй, ...шүүхийн шүүгч О.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Хэргийн оролцогч өргөдөлд гаргасан тайлбартаа “...Миний бие дээрх хүсэлтийг хүлээн авч уншаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-д "Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүи болгох, эсхүл өөрчилж болно" гэж заасны дагуу хүчингүй болгох боломжгүй талаар 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1/5777 тоот албан бичгийг өмгөөлөгч Ц.Г-эд хүргүүлсэн учир нь уг хэрэг нь давж заалдах шатны шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүргэгдсэн байсан, өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн хүсэлт ирэхээс өмнө давж заалдах шатны шүүхэд хүргэгдсэн байсан учир миний бие өөрийн гаргасан захирамжийг хянах боломжгүй юм. Мөн өмгөөлөгч Ц.Г-ийн хүсэлт нь өргөдөл гомдлоор орж ирсэн тул Иргэдээс Өргөдөл гомдол хүлээн авах тухай хуульд заасны дагуу би албан тоотоор хариу өгсөн. Миний бие Шүүхийн тухай хууль зөрчиж Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хууль зөрчиж ёс зүйн алдаа гаргасан зүйл байхгүй болно. Жич: Тус шүүхийн шүүгч бид нотлох баримт цуглуулах, үзлэг хийх, иргэдийн өргөдөл гомдолд хариу өгөхдөе ...шүүх гэсэн албан бланкийг хэрэглэдэг. Шүүхийн албан бланкийг тус шүүхийн шүүгч нар хэрэглэж болохгүй гэж хуулиар хориглосон зүйл байхгүй бөгөөд зөвхөн ерөнхий шүүгч албан бланкийг хэрэглэнэ гэсэн зохицуулалт байхгүй юм. ..."Г" ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох хэрэг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 463 дугаар магадлалаар хянагдаж шүүхийн шийдвэрт хариуцагчийн зарим гомдлын шаардлагыг хангасан өөрчлөлт орсон байсан. Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч үндэслэлгүйгээр давж заалдах хугацааг сэргээсэн гэж үзсэн бол энэ талаар өмгөөлөгч Ц.Г- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбараа хэлж хянуулах бүрэн боломжтой байсан байна. Гэтэл уг асуудлаар огт яриагүй, мөн давж заалдах гомдлын хариу тайлбарт огт дурдаагүй байна. Иймд миний бие Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан заалтыг зөрчөөгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Өмгөөлөгч Ц.Г- нь ...шүүхийн шүүгч О.О-д холбогдуулан өргөдөл гаргасан, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022.01.04-ний өдрийн 06 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
...шүүхийн 2021.05.18-ний өдрийн 0331 дүгээр шийдвэрээр Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргасан, шүүгч С.Г 2021.07.02-ний өдрийн 4915 дугаар албан бичгээр гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр гомдлыг буцаажээ.
Хариуцагч давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасан, тус шүүхийн шүүгч О.О-ийн 2021.07.23-ний өдөр 5538 дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг 5 хоногоор сэргээсэн байна.
Өмгөөлөгч Ц.Г- “...хариуцагч талын гаргасан хугацаа сэргээх хүсэлтийг хүлээн авсан нь илт хууль бус” гэж үзэж, 5538 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хүсэлт гаргасан, шүүгч О.О- 2021.08.06-ний өдрийн 5777 тоот албан бичгээр “...хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн хариу хүргүүлсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Шүүгч хуульд заасан хориглосон зохицуулалтыг зөрчвөл тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргавал сахилгын зөрчилд хамаарахаар заасан.
Илтгэгч гишүүн “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасан нь гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой..., шүүгч, шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээнд хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй талаар хариу өгч буй энэ тохиолдолд шүүгчийн захирамж гаргалгүй албан бичгээр хариу өгсөн нь сахилгын зөрчилд тооцогдохгүй...” гэж үзэж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг буруутгах боломжгүй байна.
Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ...шүүхийн шүүгч О.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Г.ЦАГААНЦООЖ