МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-07-05
Дугаар 222
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
... аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Г өргөдөлдөө “...шүүгч Ц.О нь Д.Б ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг ... шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2020/00844 дугаар шийдвэрээр Д.Б ын гаргасан “...мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагавар 50.000.000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас 48.000.000 төгрөгийг хангаж, төрөөс гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Дээрх шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор гардан авахаар удаа дараа очсон боловч шүүхийн шийдвэр гараагүй гэх шалтгаанаар хойшлогдож, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гардан авч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр давж заалдах гомдол гаргасан, шүүгч 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/23 дугаар албан бичгээр хүлээн авахаас татгалзаж буцаасан.
Ингээд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гомдлыг дахин хүргүүлэхэд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШЗ2021/00424 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас авахаас татгалзсан. Уг захирамжид гомдол гаргахад шүүгч хуулийг ноцтой зөрчиж, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2/64 дугаар албан бичгээр буцаасан. Ийнхүү шүүгч Ц.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-д заасны дагуу сахилгын хэрэг үүсгэж, шалгаж өгнө үү” гэжээ.
Шүүгч Ц.О тайлбартаа “...Д.Б ын нэхэмжлэлтэй Засгийн газрын нөөц сангаас хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэхүү нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх бөгөөд онцгой ажиллагаа нь эрх зүйн ямар нэгэн маргаангүй, эсрэг талын зохигч байдаггүй. Өөрөөр хэлбэл цагаатгагдсан иргэн Д.Б ын хүсэлтийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх тул прокурорын байгууллага хариуцагчаар оролцохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээхгүй учраас шүүх зохигчийн эрх үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулахгүй болно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу уг шүүх хуралдаан нээлттэй явагдсан учраас прокурор Ш.С д мэдэгдэж, байлцуулсан. Прокурорт хэргийн оролцогчийн эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй, уг баримтад гарын үсэг зураагүй үйл баримтаар нотлогдоно. Эрх зүйт төр, иргэний ардчилсан нийгмийн үндсэн агуулга нь хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээж, хүний эрхийг төрийн дур зоргоос хамгаалахад оршдог. Төрийн хариуцлага хүлээх явдал нь зөвхөн төрийн албан хаагч нь төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байсан нөхцөлд үүсдэг бөгөөд иргэн Д.Б ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хөдөлмөрлөх, халдашгүй чөлөөтэй байх эрх ноцтой зөрчигдсөн, түүнийг шүүхээс цагаатгасан учраас түүний гаргасан хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн нь иргэн Д.Б ын зөрчигдсөн эрхийг сэргээж байна. ... шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2020/00844 дугаартай шийдвэрт ... аймгийн Прокурорын газар нь давж заалдах журмаар гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 153/Ш32021/00424 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан.
Энэхүү захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргах эрхгүй тул хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Харин уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд ... аймгийн Прокурорын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж төрийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах хүсэлттэй байсан бол энэ талаар албан бичиг, төрийг төлөөлөх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлэх боломжтой байсан. Шүүх иргэн Д.Б ын нэхэмжлэл ирснийг ... аймгийн Прокурорын газарт мэдэгдсэн, гэвч ямар нэг хүсэлт, албан бичгийг ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ... аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ш.С ийг томилж оролцуулах талаарх хүсэлт, эрхийн акт байхгүй болно. Д.Б ын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн ёс зүйг зөрчөөгүй болно” гэжээ.
... аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Г өргөдөлдөө “...шүүгч Ц.О нь Д.Б ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудад буруу дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэрт хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэл болгож бичсэн нь хууль зөрчсөн, ...давж заалдах гомдол гаргахад хүлээн авахаас татгалзсан ба шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, ...шүүх хуралдаанд оролцсон прокурор буюу гуравдагч этгээдийн эрхийг хязгаарлаж Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-г зөрчсөн...” гэсэн агуулга дурджээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
1. ... аймгийн прокуророос Д.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ба тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсжээ.
Шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасныг ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 32 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Б ыг цагаатгасан ба магадлал хүчин төгөлдөр болжээ.
2. Д.Б нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, ... аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.О нэхэмжлэлийг хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 152/ШШ2020/00844 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гардан авсан байна.
3. Ахлах прокурор Ш.С 2021 оны 02 дугаар сарын 10-ний өдөр дээрх шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, ... шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 2/23 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэж буцаасан. Тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр давж заалдах гомдол гаргасныг шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШЗ2021/00424 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж, энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй талаар дурджээ.
4. Шүүхийн шийдвэрт 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ба шүүхийн ёс зүйн хороонд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг сахилгын хороонд шилжүүлэхээр зохицуулсан.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2021.03.01-ний өдөр хүчин төгөлдөр болсон ба Шүүхийн сахилгын хороо 2021.11.18-ний өдөр байгуулагдаж, Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээллийг 2021.12.06-ний өдөр сахилгын хорооны зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу хуваарилсан.
Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсанд өргөдөл гаргагч гомдол гаргасан, тус хорооны 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор захирамжийг хүчингүй болгож, шүүгч Ц.О д сахилгын хэрэг үүсгэснээр сахилгын хэргийг хянан шалгах ажиллагаа явагдсан байна.
Өргөдөл гаргагчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн өргөдөлд “...шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 844 дүгээр шийдвэр”-ийн талаар дурдсан тул 2012 оны 03 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэх ба харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг дагаж мөрдөнө.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд шүүгчид хориглох зүйлийг тодорхойлж, хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэхээр заасан ба Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэжээ.
Дээр дурдсанаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Д.Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тул тэрээр гэмт хэрэгт холбогдуулан шалгасан ажиллагааны улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй.
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасан зохицуулалтыг баримтлах бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасанд хамаарах ба тухайн иргэний хэргийг мөн хуулийн 13 дугаар бүлэгт зохицуулагдсан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Тодруулбал, эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаатгагдсан этгээдэд учирсан гэм хор нь маргаангүй үйл баримт бөгөөд гэм хорыг шаардахад уг үйл ажиллагааг явуулсан этгээд хариуцагчаар оролцох үндэслэлгүй юм.
Энэхүү онцгой ажиллагааны журмаар хүсэлт шийдвэрлэхэд мэтгэлцэхгүй буюу хуулиар тогтоосон эрхийн талаар маргаагүй байдаг тул хариуцагч татан оролцуулдаггүй онцлогтой.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно”, 29.3-т “шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь прокурорыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүйн зэрэгцээ прокурорын байгууллага ч энэ талаар хүсэлт гаргаагүй, энэ тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар гуравдагч этгээдийг татан оролцуулах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан. /Энэ хэсгийг 2021.01.15-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2022.07.01-ний өдрөөс дагаж мөрдөнө/.
Шүүгч Ц.О нь Д.Б ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа талаар аймгийн ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.С д утсаар мэдэгдэж, үүний дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор Т.Өсөхболд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэгт тайлбар ирүүлснээс өөрөөр прокурорын байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар хүсэлт ирүүлээгүй, Ш.С д итгэмжлэл олгогдоогүй болох нь тогтоогджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.
Прокурорын байгууллага нь Д.Б ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт оролцоогүй, энэ тохиолдолд шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй. Иймд хэргийн оролцогч бус этгээдээс ирүүлсэн давж заалдах гомдлыг холбогдох албан бичиг, шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан нь “...албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” зөрчилд хамаарахгүй.
Түүнчлэн, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар заасан нь хууль зөрчөөгүй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан тул хууль хэрэглээ болон нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагаа нь сахилгын зөрчилд хамаарахгүй, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй болно.
3. Д.Б ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоож, хуралдааны товыг нэхэмжлэгч болон ахлах прокурор Ш.С д 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...прокурор Ш.С ийг шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзах” хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШЗ2021/00046 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзахдаа хүчин төгөлдөр болоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 заалтыг үндэслэл болгосон, мөн шүүх хуралдаанд хэргийн оролцогч бус этгээдийг оролцуулсан нь алдаатай болжээ.
Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан.
Холбогдох шүүгч өмнө нь энэ төрлийн хэрэг, маргааныг шийдвэрлэж байгаагүй бөгөөд хэргийн оролцогч бус этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан нь дадлага, туршлага дутсан гэж үзнэ.
Шүүгч Ц.О хуульд заасан хориглосон зохицуулалт болон ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Ц.ДАВХАРБАЯР