info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-06-08

Дугаар 199

Улаанбаатар хот

 Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, ажиглагч Д.З , өмгөөлөгч Ө.А , А.З , нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Монгол ... шүүхийн шүүгч П.С д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд “...“Б ц” ХХК-ийн захирал Б.Б  нь 2020.12.27-ны өдөр ... шүүхийн ерөнхий шүүгчид хандан Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн компани улсын комиссын бүрэлдэхүүнд заавал оролцох эсэх талаар тайлбар гаргуулах тухай хүсэлт гаргажээ.  Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх хэсэгт “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэж заасан.

Монгол ... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 47 дугаар захирамжаар баталсан “... шүүхэд ирсэн хэрэг болон иргэд, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, хүсэлт, гомдлыг хүлээн авах, хуваарилах, шийдвэрлэх журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т “... шүүхэд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч түүнд дурдсан асуудал бүрийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хянан үзэж, хуулийн хугацаанд шийдвэрлэн, өргөдөл, гомдол гаргагчид хууль ёсны үндэслэлтэй хариу өгч байх үүргийг Танхимын тэргүүнүүд, шүүгчид, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд хүлээнэ” гэж зааснаар “Б ц” ХХК-ийн захирал Б.Б ийн хүсэлтийг ... шүүхийн Ерөнхий шүүгч Захиргааны хэргийн танхимд шилжүүлж, журмын дагуу хуваарилагдсаныг шүүгч П.С  2020.12.30-ны өдөр хүлээн авч, судлан,  Захиргааны хэргийн танхимын шүүгчдийн 2021.01.06-ны өдрийн зөвлөгөөнд “тайлбарлахгүй” гэсэн саналаа танилцуулахад шүүгчид дэмжсэн болох нь  зөвлөгөөний тэмдэглэлээр тогтоогдож байна.

Шүүгч П.С  2021.01.07-ны өдрийн 4/83 дугаар албан бичгээр дээрх хүсэлтэд “...албан ёсны тайлбар гаргах боломжгүй. Харин ... шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Г ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж “...техникийн болон чанарын дотоодын хяналтын дүгнэлт гаргахдаа барилгын үндсэн ажлыг гүйцэтгэсэн “Г ф” ХХК-ийг оролцуулаагүй нь хууль, дүрмийн заалтад нийцээгүй, барилгыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд барилгын суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлыг бие даан гүйцэтгэсэн “Г ф” ХХК-ийг хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэснийг адил төрлийн маргаанд адилтган хэрэглэх боломжтой” гэсэн хариу өгчээ.

“Б ц” ХХК-ийн захирал Б.Б  нь дахин ... шүүхийн Ерөнхий шүүгчид хандан “Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл, 48 дугаар зүйлийн 48.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргуулах тухай” хүсэлт ирүүлснийг Ерөнхий шүүгч “танхимаар хэлэлцэж хариуг өгье” гэх цохолттойгоор Захиргааны хэргийн танхимын тэргүүнд шилжүүлсэн, тус танхимын 2021.03.30-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр дахин хэлэлцэхэд “...... шүүхээс тайлбар гаргах шаардлагагүй” гэж нийт шүүгчид санал нэгтэй шийдвэрлэжээ.

... шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ч.Т  2021.04.07-ны өдрийн  4/1226 дугаар албан бичгээр “...албан ёсны тайлбар гаргуулахаар хүсэлт ирүүлснийг судлан үзэж, танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэв. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд..., 48 дугаар зүйлийн 48.5-д ..., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ...заасан, эдгээр зүйл, хэсэг, заалт нь хоёрдмол утга агуулаагүй байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4-т зааснаар ... шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг шүүхийн шийдвэр, практикт үндэслэн гаргах бөгөөд Таны хүсэлтийг хэлэлцээд дээрх хуулиудын зүйл, хэсэгт ... шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагагүй” гэсэн хариу өгчээ.

“Б ц” ХХК-ийн захирал Б.Б ээс “...шүүгч П.С ийн 2021.01.07-ны өдрийн 4/83 дугаар албан бичгээр илэрхийлсэн байр суурь нь Монгол ... шүүхийн Ерөнхий шүүгчийн байр суурь мөн эсэх...”-ийг  тодруулахаар хандахад Ерөнхий шүүгч Д.Г  2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/1847 дугаар албан бичгээр “...таны хүсэлтийг харьяалах танхимд нь шилжүүлж, тухайн танхимын шүүгч хариуг өгчээ. Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах асуудал нь ... шүүхийн танхим болон Нийт шүүгчийн хуралдааны бүрэн эрхийн асуудал бөгөөд энэ асуудлаар мэргэшсэн танхим Ерөнхий шүүгчтэй зөвшилцөх үүрэггүй, ...Ерөнхий шүүгч тус танхимын шийдвэр, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцох эрхгүй болохыг танд мэдэгдье” гэсэн  хариу өгсөн байна.  

... шүүхийн Захиргааны танхимын тэргүүн Ч.Т ийн 2022.05.23-ны өдрийн 363 дугаар албан бичгээр “...шүүгч П.С  хүсэлт гаргагчид хариу хүргүүлсэн нь журмын дагуу ба 2021.01.07-ны өдрийн 4/83 дугаар албан бичгийн төслийг надад танилцуулсан, уг албан бичгийн сүүлийн өгүүлбэрт буюу хүсэлт гаргагчийн хүсэлтэд дурдсан “Г ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн талаар гаргасан хуулийн хүчин төгөлдөр ... шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоол (Барилгын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлаж хэрэглэсэн)-ыг адил төрлийн маргаанд “адилтган хэрэглэх боломжтой” гэсэн нь хуульд нийцэх бөгөөд Танхимын байр суурь мөн болно” гэсэн тайлбарыг ирүүлсэн болно.

Шүүгч П.С  нь “Б ц” ХХК-ийн захирал Б.Б ийн “Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн компани улсын комиссын бүрэлдэхүүнд заавал оролцох эсэх” талаар тайлбар гаргуулах тухай хүсэлтийг холбогдох хууль, журамд заасны дагуу ... шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, танхимын тэргүүнд танилцуулсны үндсэн дээр хариу өгснийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-т заасан “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх”, 50.1.38-т заасан “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх”-ийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн гэж үзэхгүй.  Шүүгч Д.С  нь Шүүхийн тухай хуулийн 50.1.7, 50.138-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна гэжээ.

Шүүгч П.С  тайлбартаа “...Б ц” ХХК-иас 2020.12.30-ны өдөр ... шүүхэд хандаж, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн компани улсын комиссын бүрэлдэхүүнд заавал оролцох эсэх талаар албан ёсны тайлбар гаргуулах хүсэлт гаргасан, энэ нь ... шүүхэд ирсэн өргөдөл, гомдлыг хуваарилах журмын дагуу “өргөдөл гомдлын бүртгэл хяналтын карт”-аар надад хуваарилагджээ. Тодруулбал, ... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаар захирамжаар баталсан ... шүүхэд ирсэн хэрэг болон иргэд, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, хүсэлт, гомдлыг хүлээн авах, хуваарилах, шийдвэрлэх журмын 1.2-т “... шүүхэд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч, түүнд дурдсан асуудал бүрийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хянан үзэж, хуулийн хугацаанд шийдвэрлэн, өргөдөл гомдол гаргагчид хууль ёсны үндэслэлтэй хариу өгч байх үүргийг Танхимын тэргүүнүүд, шүүгчид, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд хүлээнэ” гэж заасан, энэ дагуу Танхимын тэргүүн шүүгчээс цохолттой албан бичиг хуваарилагдсан тул Ерөнхий шүүгчийн өмнөөс эрх эдлээгүй.  Бусад шүүгч нар ч ийнхүү өөрт хуваарилагдсан албан бичигт өөрийн нэрээр хариу хүргэдэг, тэр л журмын дагуу албан бичгээр хариу өгсөн.

“Б ц” ХХК-ийн хүсэлтэд “...ижил төрлийн маргаанд шүүхүүд хуулийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байна” гэх агуулгаар “...Г ф” ХХК ... аймгийн Замын-Үүд суманд орон сууцны барилга барьж байгаад 80%-ийн гүйцэтгэлтэй байхад захиалагч гэрээгээ цуцалж явуулчхаад дараа нь өөр компаниар Улсын комисст хүлээн авсныг хууль бус болохыг захиргааны шүүх шийдсэн байдаг. Тухайлбал: ... аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 18 дугаар тогтоол нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн компани заавал Улсын комиссын бүрэлдэхүүнд оролцох ёстойг шийдсэн ... /байна/” гэж дурдсаныг судалж үзэхэд “Б ц” ХХК-ийн тайлбар гаргуулахыг хүссэн Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг ... шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Г ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт. маргааны үйл баримтад холбогдуулан хяналтын шатны шүүхээс тайлбарлан хэрэглэсэн, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байсан.

Иргэн, хуулийн этгээдээс хуулийн заалтыг албан ёсоор тайлбарлуулахаар гаргасан хүсэлтийг шүүгч дангаараа шийдвэрлэдэггүй бөгөөд танхимын нийт шүүгчийн хуралдаанд танилцуулж, танхимын Тэргүүн шүүгчтэй зөвлөлдөж, хянуулсны үндсэн дээр албан бичгээр хариу өгдөг тул уг журмын дагуу зөвлөлдөж, “Б ц” ХХК-иас ирүүлсэн хүсэлтэд “...албан ёсны тайлбар” гаргах шаардлагагүй, хүсэлтэд дурдсан “Г ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт “...техникийн болон чА ын дотоодын хяналтын дүгнэлт гаргахдаа барилгын үндсэн ажлыг гүйцэтгэсэн “Г ф” ХХК-ийг оролцуулаагүй нь хууль, дүрмийн заалтад нийцээгүй, барилгыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд барилгын суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлыг бие даан гүйцэтгэсэн “Г ф" ХХК-ийг хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй” гэж шийдвэрлэснийг адил төрлийн маргаанд адилтган хэрэглэх боломжтой” гэж үзсэн тул, энэ талаар 2021.01.07-ны өдөр 4/83 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн.

Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зохицуулалтын дагуу “барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн компани улсын комиссын бүрэлдэхүүнд заавал оролцох эсэх” талаар “...техникийн болон чА ын дотоодын хяналтын дүгнэлт гаргахдаа барилгын үндсэн ажлыг гүйцэтгэсэн гүйцэтгэгчийг оролцуулаагүй нь хууль, дүрмийн заалтад нийцээгүй, барилгыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд барилгын суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлыг бие даан гүйцэтгэсэн гүйцэтгэгчийг хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй" гэх ... шүүхийн дүгнэлт, тайлбар нь одоо ч хүчинтэй, хяналтын шатны шүүхээс уг хуулийн заалтыг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тохиолдол гараагүй байна.

Шүүгч П.С  миний бие Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ”, 3.1 дүгээр зүйлийн 5-д “шүүгч нь хэргийг хараат бусаар хянан шийдвэрлэх үүргээ зөрчихгүйгээр бусадтай хууль хэрэглээний талаар санал солилцож болно” гэснийг ямар нэг байдлаар зөрчөөгүй, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, үндэслэл бүхий хариу өгөх албаны  чиг үүргийн хүрээнд “Б ц” ХХК-ийн гаргасан хүсэлтэд хариу өгсөн болно. Тодруулбал, “Б ц” ХХК-ийн өргөдөлд “Г ф” ХХК”-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг өөрөө нэрлэн зааж, гомдол гаргасан байсан учир уг хэргийн талаар ишлэн бичсэн нь аль нэг хууль, дүрмийг зөрчөөгүй, гомдолд дурдсаны адилаар “шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх заавар зөвлөгөө өгсөн”, хэн нэгэнд “давуу байдал үүсгэсэн” гэж үзэх үндэслэлгүй.

Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, урьдчилсан санал хэлэх”, 50.1.38-д “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөхийг хориглох”-оор заасан, тухайн тохиолдолд шүүгч миний бие уг хориглосон үйл ажиллагаа явуулаагүй, тийм үйлдэл гаргаагүй.

Гомдолд дурдсан 2021.01.07-ны өдөр 4/83 дугаар албан бичиг нь “Б ц” ХХК-д чиглэсэн, түүний хүсэлтэд хариу өгсөн албан бичиг тул үүнийг бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцсон, нөлөөлсөн, заавар, удирдамж, чиглэл өгсөн, урьдчилсан санал хэлсэн гэж үзэх үндэслэлгүй, ... шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас нэгэнт тайлбарласан хэрэглэсэн хуулийн заалтыг дахин тайлбарлах шаардлагагүй, уг тайлбарыг ижил маргаанд адилтган хэрэглэх журамтай болохыг зааж, өргөдөлд хариу өгсөн юм.

Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д “... шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх’’, 25 дугаар зүйлийн 25.7.5.а-д “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэж тус тус заасан, энэ хүрээнд адил төрлийн маргаан хууль хэрэглээний хувьд өөр өөр зөрүүтэй дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн, хуулийг ... шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн бол хяналтын шатны шүүх гомдлыг хянан үзэх чиг үүрэгтэй болохыг уг албан бичигт заасан.

Энэ нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгсөн гэх ойлголтод хамааралгүй, харин ч хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг дурдаж гомдолд хариу өгсөн нь урьд өмнө нь нэгэнт шийдсэн “Б ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй тусдаа журамтай, цаашид үүсэх хэрэг маргаанд хамааралтай гэдэг нь ямар ч хуульчид ойлгогдохоор байна. Гомдолд дурдсан албан бичигт хууль хэрэглээний талаар дүгнэлт хийхдээ, ижил төрлийн маргааныг адилхан шийдэх хууль зүйн зарчмын талаар дурдсан, энэ нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг шийдвэрлэх процесстой холбоогүй, уг албан бичигт ч энэ талаар дүгнээгүй байгаа.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.10.22-ны өдрийн 740 дугаар тогтоолоор “Б ц” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхдээ 2021.01.07-ны өдөр 4/83 дугаар албан бичиг болон ... шүүхийн 2021.06.21-ний өдрийн 50 дугаар тогтоолыг аль алиныг ишлэж, хянах хэсэгт бичсэн нь тухайн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хамаарах үйл ажиллагаа бөгөөд тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгч нар өөрийн дотоод итгэлээр маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн, “нэхэмжлэгчийн маргах эрх хэрэгжихгүй зөрчигдсөөр байна” гэсэн гол дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Аль нэг шүүхийн гаргасан шийдвэрийн үндэслэл, шийдэл, үр дагаврыг уг хэргийг шүүх бүрэлдэхүүнд огт оролцоогүй шүүгчийг холбон буруутгах үндэслэлгүй, гомдолд нэрлэн заасан шүүгч нартай миний бие уулзаж ярилцаагүй, хэрэг маргааны талаар ямар нэгэн санал бодол солилцоогүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд ямар тохиолдолд хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан хэлэлцэх талаар тусгайлан заасан, уг заалтад “хэргийг өөрөөр шийдсэн" гэх үндэслэл байхгүй, илэрхий тодорхой хуулийн зохицуулалттай байхад дээрх байдлаар “эцэслэн шийдсэн хэргийг дахин хянасан” гэх гомдол гаргаж, “жишгийн тогтолцоонд шилжсэн мэт агуулга бүхий албан бичгийг гаргасан, эцэслэн шийдсэн хэргийг дахин хянах үндэслэл болсон” гэсэн нь үндэслэлгүй юм.

Миний бие Шүүхийн тухай хууль болон Шүүгчийн ёс зүйн дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй, зөвхөн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан тул “Сант" сургуулийн захирал Д.З гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Ерөнхий боловсролын “С” сургуулийн захирал Д.З  өргөдөлдөө “...шүүгч П.С  2021.01.07-ны өдрийн 4/83 тоот албан бичгээр “Б ц” ХХК-д маргаантай асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгсөн, хуульд зааснаас бусад хэлбэрээр шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх заавар, чиглэл өгсөн гэж үзэж байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.6, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3.1.3.1.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ", Монгол Улсын Шүүхийн тухай хууль /2012 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх", 16 дугаар зүйлийн 16.1-д “... шүүх нь Ерөнхий шүүгч, хорин дөрвөөс доошгүй шүүгчээс бүрдэнэ" гэснийг зөрчиж албан бичгийг гаргасан. ... “Б ц" ХХК-д хариу өгөхдөө өөр хэрэг, маргаан дээр гаргасан ... шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолыг тухайлан зааж, уг тогтоолыг ижил төрлийн маргаанд жишиг болгон хэрэглэх боломжтой талаар зөвлөгөө, чиглэлийг өгч ёс зүйн алдаа гаргасан, ...“Г ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг бусад төрлийн буюу “Б ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт адилтган хэрэглэх чиглэлийг анхан болон давж заалдах шатны шүүхэд өгсөн гэж үзэж байна. ...тухайн үед үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 27 дугаар зүйлийн 27.1.6-д шүүгчид “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, ..., урьдчилан санал хэлэх“-ийг хориглоно, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ”, мөн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 5-д “Шүүгч нь хэргийг хараат бусаар хянан шийдвэрлэх үүргээ зөрчихгүйгээр бусадтай хууль хэрэглээний талаар санал солилцож болно" гэж заасныг зөрчсөн. Түүнчлэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д шүүгчид “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, ..., урьдчилан санал хэлэх”, мөн хуулийн 50.1.38-д “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх...”-ийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн...” гэсэн агуулга дурджээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Б ц” ХХК нь 2020.12.27-ны өдөр УДШ-ийн Ерөнхий шүүгчид хандан “...Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн компани улсын комиссын бүрэлдэхүүнд заавал оролцох эсэх талаар албан ёсны тайлбар гаргуулах” тухай хүсэлт гаргажээ. Бүртгэл-хяналтын картаар уг хүсэлтийг захиргааны хэргийн танхимд “...танхимаар хэлэлцэж хариу өгөх”-өөр шилжүүлсний дагуу шүүгч П.С д хуваарилагдсан байна. Тэрээр хүсэлтийг тус танхимын шүүгчдийн зөвлөгөөнд 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр танилцуулж, “тайлбарлахгүй” гэсэн санал гаргахад шүүгч нар дэмжсэн, улмаар 2021 оны 01 дугаар сарын 7-ны өдрийн 4/83 тоот албан бичгээр хариу өгч, хүсэлт гаргагчид хүргүүлжээ.

“Б ц” ХХК дахин хүсэлт гаргасныг танхимын шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэхэд нийт шүүгч “...тайлбарлахгүй...” гэсэн санал гаргасан тул танхимын тэргүүн Ч.Т  2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4/1226 тоот албан бичгээр хариу өгчээ. Мөн энэ талаар танхимын тэргүүн 2022 оны 05 дугаар сарын 26-ний өдөр 04/2323, Ерөнхий шүүгч Д.Г  2022 оны 05 дугаар сарын 02-ний өдөр 01/1847 тоот албан бичгээр Сант сургуулийн захирал Д.З д тус тус хариу өгсөн байна.   

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1. Монгол ... шүүхийн ерөнхий шүүгчийн 2015 оны 47 дугаар журмаар баталсан хэрэг болон иргэд, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, хүсэлт, гомдлыг хүлээн авах, хуваарилах, шийдвэрлэх  журмын 1.2-т зааснаар танхимын тэргүүн болон шүүгчид нь тус шүүхэд гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч, түүнд дурдсан асуудал бүрийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хянан үзэж, хуулийн хугацаанд шийдвэрлэн, өргөдөл, гомдол гаргагчид хууль ёсны үндэслэлтэй хариу өгч байх үүрэгтэй байна.

УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Г  Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргуулах тухай “Б ц” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, “танхимаар хэлэлцэж хариу өгөх”өөр Захиргааны хэргийн танхимд, танхимын тэргүүн шүүгч П.С д 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр тус тус шилжүүлсэн, шүүгч уг асуудлыг судалж, танхимын шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, албан бичгээр хариу өгсөн нь хууль болон журмыг зөрчөөгүй байх тул “...өөрт олгогдоогүй эрх буюу ерөнхий шүүгчид хуулиар олгогдсон эрхийг түүний өмнөөс эдэлсэн...” гэж үзэхгүй.

2. Хүсэлт гаргах үед үйлчилж байсан Монгол Улсын шүүхийн тухай /2012/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-т “... шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх”, 171 зүйлийн 171..1-т ... шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4, 17.3.5, 17.3.7-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргахаар зохицуулжээ.

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хүсэлтэд дурдсан асуудлаар албан ёсны тайлбар гаргах шаардлагагүй гэж үзсэн, энэ тохиолдолд  уг асуудлыг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй юм.

3. Шүүгч П.С  2021 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн 4/83 тоот албан бичгээр хариу өгөхдөө “албан ёсны тайлбар гаргах боломжгүй” гэх үндэслэлээ тодорхой дурдсаны зэрэгцээ хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дугаар сарын 10-ний өдрийн 18 дугаар тогтоолыг адил төрлийн маргаанд хэрэглэх боломжтой талаар дурдсан нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 27 дугаар зүйлийн 27.1.6-т заасан “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэхийг хориглох” гэсэнд хамаарахгүй.

4. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.10.22-ний өдрийн 740 дүгээр тогтоолоор ...шүүхийн 2017.01.02-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болгохдоо шүүгч П.С ий ...4/83 тоот албан бичгийг шийдвэрийнхээ шууд үндэслэл болгосон, ....албан бичиг шууд нөлөөлсөн...” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т “шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ”, 133.4.-т “шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, уг нөхцөл байдал нь шийдвэрийг гаргахад хэрхэн нөлөөлсөн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Б ц ХХК-ийн “...шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэхдээ дээрх албан бичиг болон түүнд дурдсан шүүхийн шийдвэрийг дурдсан нь тухайн шүүхийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд ийнхүү шийдвэр гарахад шүүгч П.С  нөлөөлсөн гэх байдал тогтоогдоогүй болно.   

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ба өргөдөл гаргагч 2021.01.07-ний өдрийн албан бичгийн талаар гомдол гаргасан. 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ гэжээ.

Шүүгч П.С  хуульд заасан хориглосон зохицуулалт болон ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх байдал  хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  ... шүүхийн шүүгч Д.С д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Г.ЦАГААНЦООЖ

ГИШҮҮН                                                         Ц.ДАВХАРБАЯР

                                                                                                Х.ХАШБААТАР