МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-14
Дугаар 66
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шүүхийн ерөнхий шүүгч Д.У-т холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд “...2021.06.02-ний өдөр албажсан шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021.11.08-ний өдөр гарын үсэг зурж авсан байх ба шүүгч Д.У- нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-ийн шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих гэсэн заалтыг зөрчсөн нь шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн баримтаар тогтоогдож байна. ...зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын Х б 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан өргөдөлдөө “... тус банкны нэхэмжлэлтэй Чингис хаан банк ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцсэн, ...шүүгч Д.У- шүүх хуралдаан дууссанаас хойш 3 сар өнгөрч байхад шүүхийн шийдвэрийг бичгээр гаргаж өгөхгүй байгаа тул арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
Шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Монгол Улсын Х б нь Чингис хаан банк ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргасан, ... шүүхийн шүүгч Д.У- даргалсан шүүх хуралдаанаар уг иргэний хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ... дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 86 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.И- 2021.11.08, хариуцагчийн төлөөлөгч 2021.11.07-ны өдөр гардан авсан нь шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, 119.3-т “шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус заасан.
Тодруулбал, шүүгч шийдвэр хүчинтэй болсон 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 14 хоног буюу 2021 оны 6 дугаар сарын 16-ны дотор бичгээр үйлдэж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т заасан журмын дагуу хэргийн оролцогчид гардуулах буюу хүргүүлнэ.
Шүүхийн шийдвэр тогтоосон хугацаанд гараагүй бөгөөд тогтоосон хугацаанаас 4 сар гаруй хугацаа өнгөрсний дараа хэргийн оролцогч нарт гардуулжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан тодорхой хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулна.
Сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 115 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, захирамжийн хувь, өргөдлийг холбогдох шүүгчид гардуулан, эрх, үүргийг тайлбарлан өгчээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т зааснаар хэргийн оролцогч нь бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй бөгөөд холбогдох шүүгч өргөдлийг хүлээн авсан боловч дурдсан асуудлаар тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Энэ тохиолдолд шүүгч шийдвэрийг хүндэтгэн үзэх ямар шалтгаанаар тогтоосон хугацаанд бичгээр гаргаагүй болох талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
Шүүгч Д.У- сахилгын зөрчил гаргасан талаарх илтгэгч гишүүний нотлох дүгнэлт хэргийн баримтаар тогтоогдсон, сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрөөгүй тул нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авах үндэслэлтэй.
Сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн үр дагавар буюу шийдвэр гаргасан хугацааг харгалзан үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5-т зааснаар ... шүүхийн ерөнхий шүүгч Д.У-ийн шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгасугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН