info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-21

Дугаар 73

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

         Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан,  ... шүүхийн ерөнхий шүүгч Б.О-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмгөөлөгч Ө.Э-Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “Миний бие Ж.Б-ын нэхэмжлэлтэй, ... аймгийн Засаг дарга, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчид холбогдох хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Шүүх хуралдааны өмнө шүүгч хэргийн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөж болох ... аймгийн биеийн тамир, спортын газрын дарга Р.Б- руу 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 21 цаг 05 минутад тус байгууллагын нягтлан бодогч н.Н-гээр дамжуулж ... аймгийн Төрийн банкны ажилтан Батцэрэнгийн хамт гурвуулаа Цахиур ресторанд байна, хүрээд ир хэмээн хэлүүлж, хувийн харилцаа тогтоох оролдлого хийсэн болохыг олж мэдсэн.  Иймээс 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т заасан үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргасан. Үүндээ дээрх үйл явдлын талаар Р.Б-ын тодорхойлолт, утасны дуудлагын листийн хамт хавсаргасан. Татгалзлыг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэн хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг Б.О- шүүгч шийдвэрлэсэн. Гэвч миний биеийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдэлсний төлөө шүүгч хувийн хонзон санаж, цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ба хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, надаас мэдүүлэг авч хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Шүүгч дахин цагдаагийн хэлтэст Зөрчлийн тухай хуульд заасан “Гүтгэх” зөрчлөөр шийтгүүлэхээр гомдол гаргасан. Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3.1, 3.1.2, 3.3.2-т заасныг өөрөө зөрчсөн. Гэтэл хэргийн өмгөөлөгчид хувийн өс санасан байдлаар удаа дараа цагдаагийн байгууллагад хандаж, цагдаагийн байгууллагаар дарамтлуулж байгаа нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2.1-д заасныг зөрчиж байна. Иймд шүүгч Б.О-гийн дээрх ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэж, холбогдох хариуцлагыг оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгч Б.О- сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Ж.Б-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Н.С-т холбогдох 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болгуулах захиргааны хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутад зарласан. Уг шүүх хуралдаанд өмгөөлөгч Ө.Э-ын шүүгчээс татгалзах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6 дахь хэсэгт заасны дагуу шүүгчдийн зөвлөгөөний олонхын саналаар шийдвэрлэж,  хүлээж аваагүй. Хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 390 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Тухайн хэрэг маргаанд өмгөөлөгчийн дурдаад байгаа Р.Б- гэдэг хүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч болон бусад оролцогч, гэрчээр дуудаж мэдүүлэг өгөөгүй, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гуравдагч этгээдээр тухайн хэрэгт татагдаагүй байдаг. Иймд өмгөөлөгч Ө.Э-“ашиг сонирхол нь хөндөгдөж болох Р.Б-” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн хэрэг маргаанд хамааралгүй болно. “...Н-гээр дамжуулж хувийн харилцаа тогтоох оролдлого хийсэн...” гэж байгаа нь уг хэрэгт ямар нэгэн хамааралгүй хүмүүсийг хардаж сэрдэж байгаа, шүүгчийн ажил үүрэгтэй нь холбогдуулан худал гүтгэлэг хийх, хэрэг хянан шийдвэрлэхэд дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж үзэж Шүүхийн тухай хууль, журамд заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э-ын гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтэд холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлд нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн. Гомдолд дурдаж байгаа нэр бүхий хоёр хүний нэг нь н.Б- манай гэр бүлийн найзууд юм. н.Б-тэй н.Н- нь Хас банканд эдийн засаг, теллерээр ажиллаж байсан. Мөн манай шүүхийн цалин, хөлс Хас банкаар дамжиж ордог учраас н.Н-г таньдаг. Тухайн өдөр ажлын бус цагаар ресторанд найз н.Б-тэй байхад н.Н- орж ирсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч татгалзсан хүсэлтэд дурдсанаар “...байна хүрээд ир хэмээн хэлүүлж хувийн харилцаа тогтоох оролдлого хийсэн...” зүйл огт байхгүй. н.Н-, н.Б-, н.Б- нар нь уг хэрэг болон бусад хэрэг маргаанд ямар нэгэн хамааралгүй хүмүүс. Миний бие Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 /1/-д зааснаар “Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах,... мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ гэж тус тус заасны дагуу аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ баримталж, ажиллаж байгаа билээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай /2012 он/ хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу миний бие нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаар тогтоолоор нөлөөллийн мэдүүлгийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолыг үндэслэн 201200270 дугаартай эрүүгийн хэрэг нээж, шалгаж байгаад ... аймгийн Прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 104 дүгээр мэдэгдэх хуудсанд “...Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгт бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэхдээ тухайн асуудал нь зөрчлийн шинжтэй эсэхэд, .. Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар шийдвэрлэсэн болохыг” мэдэгдсэн байдаг. Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох хэлбэр нь хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх байдлаар илрэхээр заасан бөгөөд хэргийн оролцогч болох хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар уг хэрэгт ямар нэгэн хамааралгүй хүмүүсийг хардаж сэрдэж байгаа, шүүгчийн ажил үүрэгтэй нь холбогдуулан худал гүтгэлэг хийх, илт худал мэдээлэл тараах, хэрэг хянан шийдвэрлэхэд дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж үздэг. Уг хэргийн өмгөөлөгч нар нь тухайн үйлчлүүлэгчийнхээ ярьсан, хэлсэн зүйл бүрийг шалгаж тогтоохгүйгээр, хуулиар хориглосон аргаар нөлөөлөх эсхүл нөлөөлөхийг оролдох, гүтгэх, нэр төрд халдах, хувийн байр сууриа илэрхийлэхийг хориглосон хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн бөгөөд өмгөөлөгч Ө.Э-нь уг үйлдлээ удаа дараа гаргаж байгаад гомдолтой байна. Иймд өмгөөлөгч Ө.Э-т хувийн өс хонзон санаж, цагдаагийн байгууллагаар дарамтлуулсан зүйл огт байхгүйг хариуцлагатайгаар илэрхийлье. Хууль, журмынхаа дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, зохих захиргааны байгууллагууд нь шалгаж байгаа болно. Ерөнхий шүүгч Б.О- миний бие шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд захирагдаж, хууль, дүрэм, журмын дагуу ажиллаж ирсэн. Миний бие шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа шүүгчийн өөр бусад ажлаас ямагт илүү чухал гэдгийг ухамсарлаж, хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болоогүй болно.” гэжээ.

Сахилгын хорооны гишүүн С.Энхтөрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...... шүүхийн шүүгч Б.О- нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан байна. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “шүүгч Б.О- ... аймгийн биеийн тамир, спортын газрын дарга Р.Б- руу холбогдож, тус байгууллагын нягтлан бодогч Б.Н-гээр дамжуулж хувийн харилцаа тогтоох гэж оролдсон” гэж тайлбарлажээ. Өргөдөлд дурдсан Р.Б-, Б.Н- нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт тус тус заасан хэргийн оролцогч болон түүнийг төлөөлж, өмгөөлж байгаа хууль ёсны этгээд биш болох нь ... шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 390 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна.  Мөн Б.Н- нь Р.Б- руу холбогдож уулзах санал тавьсныг шүүгч Б.О- дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хувийн харилцаа тогтоох гэж оролдсон гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, шүүгч Б.О- нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмээр хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Ө.Э-ын өргөдөлд дурдсан шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2020 оны 04 дүгээр сард байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ж.Б-ын нэхэмжлэлтэй, ... аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э-шүүгч Б.О-г татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж, үндэслэлээ “шүүгч нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-тай найз нөхдийн холбоотой, дотно хэмжээнд найзалж нөхөрлөдөг..., ... аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Р.Б- руу 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 21:05 цагт тус байгууллагын нягтлан бодогч н.Н-гээр дамжуулан утасдуулж уулзах санал тавьсан, ... аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын тушаалаар халагдсан Ж.Б-ын нэхэмжлэлтэй Улсын ахлах байцаагчид холбогдох хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхдаа тус газрын даргыг ажлын бус цагаар, ажлын байранд бус газарт дуудаж уулзалт хийх санал тавьж байгаа нь тус хэргийн талаар хувийн сонирхол үүссэн гэж дүгнэх хангалттай үндэслэл байна” гэж тодорхойлжээ.

Дээрх шүүгчийг татгалзан гаргах хүсэлтэд дурдсан үндэслэлүүдээс “Шүүгч Б.О- нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Цахиур нэртэй ресторанд сууж байхдаа ... аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Р.Б- руу тус байгууллагын нягтлан бодогч хийж байсан Г.Н-н 99332008 дугаарын гар утсаар 21:05 цагт залгуулж  уулзах санал тавьсан” гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, шүүгч үгүйсгэсэн тайлбар ирүүлээгүй.

Шүүгч нь шүүн таслах ажил төдийгүй шүүхээс гадуурх үйл ажиллагаагаар олон нийт, мэргэжлийн хуульчид, шүүх хуралдааны оролцогч талуудаас шүүх болон шүүгчийн төвийг сахих байдалд итгэх итгэлийг хангаж, бэхжүүлэх үүрэгтэй. /Банглорын зарчим Үнэт зүйл 2/

Энгийн хүний байр сууринаас харахад шүүгч нь элдэв шүүмжлэлд өртөхөөргүй байж хувийн амьдралдаа болон олон нийтийн дунд биеэ авч явахдаа үлгэр жишээ байвал зохино.

          Иймд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 2-т “Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ” гэж заасан бөгөөд шүүгч Б.О- нь ... аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын тушаалаар халагдсан Ж.Б-ын нэхэмжлэлтэй Улсын ахлах байцаагчид холбогдох хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа атлаа ... аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Р.Б-ыг ажлын бус цагаар, ресторанд дуудсан үйлдэл нь “шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үйлдлээр бий болгосон” зөрчилд хамаарна.

          Гэтэл илтгэгч гишүүн “...Б.Н-, Р.Б- нар нь хэргийн оролцогч болон түүнийг төлөөлж, өмгөөлж байгаа хууль ёсны этгээд биш болох нь тогтоогдсон,  ...холбогдож уулзах санал тавьсныг шүүгч Б.О- дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хувийн харилцаа тогтоох гэж оролдсон гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь буруу ч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгч Б.О-г Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн гэж үзэх боловч дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч нэр бүхий шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүн С.Энхтөрийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн ерөнхий шүүгч Б.О-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                                           Х.ХАШБААТАР

                       ГИШҮҮН                                                         Д.АРИУНТУЯА