МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-01-26
Дугаар 12
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн О.Номуулин, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, холбогдох ...шүүхийн шүүгч Ч.А, нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүхийн шүүгч Ч.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Илтгэгч гишүүний саналд “...Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.-т зааснаар мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. ...шүүхийн шүүгч Ч.А нь 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахдаа өөрийн хувь эзэмшдэг “А т” ХХК-ийн үйл ажиллагаанаас олсон орлогыг мэдүүлгийн орлого хэсэгт 27.1 сая төгрөгөөр зөрүүтэй мэдүүлсэн, ...гэр бүлийн гишүүн болох охин А.Д-ын өмчлөлийн ...орон сууц, авто зогсоол, нөхөр Ц.Ө-ын өмчлөлийн гражийг мэдүүлээгүй” зөрчлийг гаргасан Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Монгол Улсын шүүхийн тухай хууль дагаж мөрдөхөөс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлнэ”, 5.1 дүгээр зүйлийн 3. “ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тус тус заасан. Шүүгч нь 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлээгүй зөрчил гаргасан боловч сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна. Иймд түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Хэргийн оролцогч өргөдөлд гаргасан тайлбартаа “...онд хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхдөө “А т” ХХК-ийн тухайн тайлангийн жилд олсон орлогоос хувь хүнд өрөнд өгсөн 10.850.000 төгрөгийг хасаад орлогын зарцуулалттай холбогдох бусад зардлуудыг болон цэвэр ашиг, татвараа хасч тооцохгүйгээр 30.000.000 төгрөгийн орлогыг олсон гэж мэдүүлсэн. Тус компанийн хувьд 2017 онд 40.850.000 төгрөгийн борлуулалтын орлоготой, 37.650.000 төгрөгийн зардалтай, 3.200.000 төгрөгийн ашгаас 10 хувийн татвар 320.000 төгрөгийг төлж, 2.880.000 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Мэдүүлэг гаргахдаа 30.000.000 төгрөгийн орлогын зарцуулалтыг дэлгэрэнгүй зөв тайлбарлаагүйгээс ...буруу ойлголтыг төрүүлсэн байх, харин олсон орлогоо нуусан, зөрүүтэй мэдүүлсэн асуудал байхгүй. Нөхөр Ц.Ө-ын нэр дээр бүртгэлтэй гаражийг 2010 онд Б.Б-т худалдсан боловч мөнгийг өгөөгүй тул 2015 онд гэрээ байгуулж, түүнд шилжүүлэн өгсөн гэж ойлгосон тул мэдүүлээгүй, гэтэл Б.Б- нь үлдэгдэл мөнгөө өгөөгүй байсан тул өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлээгүй байсныг сүүлд мэдсэн. Охин Ө.Д-ын нэр дээр бүртгэлтэй байгаа орон сууцыг тэрээр 2010 онд, мөн тусдаа амьдарч байхдаа 2013 онд авто гаражийг тус тус худалдан авсан, мөнгөний эх үүсвэр, тодорхой, өмчлөгч нь болно. Нөхөр бид хоёр 2016 оноос энэ орон сууцанд охинтойгоо хамт амьдарч байгаа, охины маань өмч учраас хөрөнгө орлогын мэдүүлэгт бичих шаардлагагүй гэж ойлгосон. Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.17-т зааснаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Авлигатай тэмцэх газрын тэргүүн комиссар З.Д ...шүүхийн шүүгч Ч.Ат холбогдуулан өргөдөл гаргасан. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл ...шүүхийн шүүгч Ч.А нь 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахдаа өөрийн хувь эзэмшдэг “А т” ХХК-ийн үйл ажиллагаанаас олсон орлогыг мэдүүлгийн орлого хэсэгт 27.1 сая төгрөгөөр зөрүүтэй мэдүүлсэн, ...гэр бүлийн гишүүн болох охин А.Д-ын өмчлөлийн ...орон сууц, авто зогсоол, нөхөр Ц.Ө-ын өмчлөлийн гараашийг мэдүүлээгүй” зөрчлийг гаргасан нь Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар тогтоогдсон байна.
Монгол Улсын шүүхийн тухай хууль дагаж мөрдөхөөс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлнэ”, 5.1 дүгээр зүйлийн 3. “ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тус тус заасан.
Шүүгч нь 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлээгүй зөрчил гаргасан нь тогтоогдож байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн ёс зүйн хорооны дүрэмд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ...шүүхийн шүүгч Ч.Ат холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
О.НОМУУЛИН