info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-10-05

Дугаар 231

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 

          Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ... шүүхийн шүүгч Ж.С-д холбогдох, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” 32 дугаар дүгнэлтийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч “М д” ХК-ийн гүйцэтгэх захирал О.Э- Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “....... шүүхэд “М д” ХК-ийн нэхэмжлэлтэй, “МИАТ” ТӨХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт олгосон 4,093,293.64 ам.доллар буюу 11,662,202,909.724 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг хянагдаж байгаа. Тус хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгч Ж.С- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах хэд хэдэн ёс зүйн ноцтой зөрчлийг гаргаж, нэхэмжлэгч “М д” ХК-ийн хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчиж байна. Тодруулбал,

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авхуулахаар тус шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй явсаар өнөөдрийг хүрээд байна. Энэ хугацаанд хариуцагч төлбөрийн чадваргүй болох, эсхүл эд хөрөнгө, мөнгөө үгүй хийх, бусдад шилжүүлэх зэргээр шүүхээс гарах шийдвэрийг биелүүлэхгүй байх боломжийг хариуцагчид олгож, шүүхийн шийдвэр бодитой биелэхгүй байх нөхцөлийг бүрдүүлээд байна. Шүүх талуудын гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байх нь хэргийн нөгөө талд давуу байдал олгож, хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломжгүй, төвийг сахиж чадахгүй, шударга бус байдал гаргасан гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2 дахь хэсэгт “шүүхээс хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх", мөн Улсын дээд шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “шүүхээс шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хэргийн оролцогчид хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, мэдэгдэхдээ хүрэлцэн ирэх боломжтой хугацааг харгалзан үзэж шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүрэгтэй" талаар дурдсан байдаг. Гэтэл шүүгч нь шүүх хуралдааны товыг гаргахдаа зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нараас боломжит хугацааг тодруулсны дараа шүүх хуралдааныг товлох, хуульд заасан дээрх арга хэрэгслээр мэдэгдэх ажиллагааг хийлгүйгээр шүүх хуралдааны товыг тулгаж, шүүх хуралдаанд оролцох боломжийг хэргийн оролцогчид олгохгүйгээр удаа дараа мэдэгдсэн. Үүнд:

-2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр буюу даваа гарагт товлогдсон хурлыг 09 дүгээр сарын 10-ны өдөр буюу баасан гарагийн 16 цагийн орчимд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн.

-2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буюу даваа гарагт товлогдсон хурлыг 09 дүгээр сарын 24-ний өдөр буюу баасан гарагийн 16 цагийн орчимд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын харилцах утас руу мессежээр мэдэгдэж, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-д хурлын товыг зохих ёсоор мэдэгдээгүй байдаг.

-2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч “МИАТ” ТӨХК-д шүүхээс мэдэгдээгүй, хариуцлагагүй эс үйлдэхүй гаргасны улмаас тус шүүх хуралдаан хойшилсон байдаг.

Түүнчлэн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр буюу даваа гарагт товлогдсон шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр буюу пүрэв гарагийн үдээс хойш 14 цаг 19 минутад ... дугаараас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын ... дугаар руу залгаж дахин товыг тулгаж мэдэгдсэн. Ийнхүү хэлэхэд нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс хуульд заасны дагуу шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй тухай, мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжит хугацаа олгохгүй байгаа талаар хууль ёсны шаардлага тавихад шүүгчийн туслах Б.С- нь “...дандаа өөдөөс мэдэгдэх хуудас ярьж байх юм..., битгий өөдөөс олон юм дандаа ярьж бай..., хуцаад байгаарай..., хуралдаа ирвэл ир байвал бай..." гэж шүүхийн захиргааны ажилтнаас гармааргүй, ёс зүйгүй, бүдүүлэг, байж боломгүй доромж үг хэрэглэн, хэргийн оролцогчдыг ёс бус байдлаар харьцаж, утсаа тасалсан.

3. Шүүгч нь анх хэргийг хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 183/Ш32021/08803 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Энэхүү захирамжтай нэхэмжлэгчийн зүгээс хэрэг үүсгэсний дараа очиж танилцсан. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны дараа хэргийн материалтай танилцахад хавтаст хэрэгт иргэний хэрэг үүсгэсэн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/Ш32021/08757 тоот захирамж байсан. Өөрөөр хэлбэл, шүүгч нь иргэний хэрэг үүсгэсэн захирамжийн огноо, дугаарыг өөрчлөн хавтаст хэрэгт сольж хийсэн болох нь нотлогдож, улмаар энэ нь зохисгүй, тэгш бус байдлыг үүсгэж байна. Шүүгчийн дээрх үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Шүүгч энэ хуулийн 13.2, 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасныг зөрчиж, хавтаст хэрэгт авагдсан баримтыг засварлаж хариуцлагагүй алдаа гаргасан гэж үзэхээр байна.

4. Шүүгч Ж.С- нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/Ш32021/13784 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал”, 65.1.7 дахь хэсэгт “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” гэж заасан үндэслэлээр тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн талаар талуудыг мэтгэлцүүлэлгүй, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр, хүсэлт хэлэлцэх шат буюу хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байсан тул тус шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шүүгч Ж.С- нь хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар талуудыг мэтгэлцүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2 дахь хэсэгт “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж тус тус заасныг зөрчин хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг олгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчсөн болно. Цаашлаад шүүгч нь дахин тус хэргийг шийдвэрлэх гэж байгаа нь тухайн хэргийг олон талаас нь үнэлж, дүгнэн зөв шийдвэр гаргах эсэх нь эргэлзээтэй бөгөөд урьд нь гаргасан шийдвэрээ дахин гаргах нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, өмнө хэргийг ёс зүйгүй, хууль зөрчин шийдвэрлэсэн тогтсон итгэл үнэмшлээр тухайн хэргийг шийдвэрлэх буюу урьдаас тогтсон нэгэнт тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх итгэл үнэмшилдээ тулгуурлан хэргийг олон талаас нь шинжилж хэргийг бодитоор хянан шийдвэрлэх боломжгүй нь тодорхой байна. Иймд ... шүүхийн шүүгч Ж.С-ийн дээрх үйлдлүүдийг хуульд заасан зохих журмын дагуу шалган шийдвэрлэж, хуульд заасан хариуцлага ногдуулж өгнө үү. Бид хариуцагчтай холбоотой эсэхийг АТГ болон бусад байгууллагад хандаж шийдвэрлүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хэргийг хэрэгсэхгүй болгож байсан захирамж болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтуудыг мэдээлж, хууль зөрчдөг үйлдлийг нь ард түмэнд ил болгож, шударга шүүхийг хүсэмжлэн шүүх хэн нэгэнд давуу байдал олгодог байгууллага биш гэдгийг ойлгуулах, шүүгч нийгмийн үлгэрлэн манлайлагч байх ёстой байлгахын төлөө бүхий л арга хэмжээг авч ажиллах болно” гэжээ.

Шүүгч Ж.С- сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...... шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/Ш32021/0875 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, шүүхээс хариуцагчид 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүрэг, хэргийн материалтай танилцуулсан байна. Нэхэмжлэгч “М д” ХК-иас 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т зааснаар хариуцагч “МИАТ” ТӨХК-ийн эд хөрөнгө буюу онгоцыг болон мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, Голомт банкны 1102036061 тоот данс болон арилжааны банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоолгох” тухай хүсэлтийг ирүүлжээ. Шүүгчийн туслах Б.С- нь нэхэмжлэгчээс ирүүлсэн уг хүсэлтийг шүүгчид танилцуулаагүй тул шүүх хуралдаанаас өмнө хянан шийдвэрлээгүй байна. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 183/Ш32021/10484 дүгээр захирамжаар уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр товлож, тухайн өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ээлжийн амралттай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаагаар хойшилсон. Мөн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан Ковид-19 халдварын улмаас 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан шүүх хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт” гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай хүсэлтээ дэмжиж, шүүх хуралдаанд танилцуулаагүй тул нэхэмжлэгчийн шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг хянан шийдвэрлээгүй байна. Нэхэмжлэгч талаас 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийг татгалзсан, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ... шүүхийн бүх шүүгчдээс татгалзсантай холбогдуулан дээрх хугацаанд нэхэмжлэгчийн хүсэлтийг хянан шийдвэрлээгүй болно.” гэжээ.

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд:

1/ “...2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй явсаар өнөөдрийг хүрээд байна” гэх тухайд:

... шүүхэд “М д” ХК-ийн “МИАТ” ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 08757 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

“М д” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т заасны дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасан байдаг.

... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 02627 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжаар шүү хуралдаан даргалагчаар шүүгч Ж.С-ийг томилсон, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10484 дүгээр “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мөн өдөр мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хангаж, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10569 дүгээр шүүгчийн захирамжаар 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Ингээд шүүх хуралдааны товыг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н-ын 94099413 дугаарын утсанд мэдэгдэж, хариуцагчийн төлөөлөгч Л.Г- шүүх хуралдааны товыг гарын үсэг зуран биечлэн мэдсэн байна.

2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10957 дугаар шүүгчийн захирамжаар “шүүхийн байранд “Ковид-19 халдварын эерэг тохиолдол илэрсэн тул ...2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн тул... шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг... хүртэл...” хойшлуулжээ.

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд “МИАТ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-, Э.Р- нар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, “М д” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүгчээс татгалзах хүсэлт тус тус гаргаж шүүх хуралдаан дээр хэлэлцүүлсэн бөгөөд тухайн шүүгчээс татгалзах нэхэмжлэгчийн хүсэлт болоод тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй явсаар өнөөдрийг хүрээд байна...” гэж тусгагдсан байна.

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10995 дугаар шүүгчийн захирамжаар “...шүүгчийн татгалзан гаргах тухай асуудлыг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар...” хойшлуулжээ.

2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 03029 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “М д” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч “М д” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-, Б.Н- нарт хүргүүлж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байх боловч хариуцагч талд мэдэгдсэн баримт авагдаагүй байлаа.

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А- гаргасан хүсэлтдээ: “шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдээгүй тул хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү” гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-: “...нотлох баримт гаргуулах...” хүсэлт гаргасан ба 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12906 дугаар шүүгчийн захирамжаар “...хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэтгэлцэх боломжоор хангаж...” шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.

2021 оны 11 дүгээр сарын 10-нд болох шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-, Б.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р-, Л.Г- нарт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр холбогдох утасны дугааруудад холбогдон мэдэгдсэн болох нь хэргийн баримтад авагдсан байна.

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-, Б.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О-, Ж.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г- нар шүүх хуралдаанд оролцсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г- “...ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлт гаргаж, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13784 дүгээр шүүгчийн захирамжаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.7-д заасныг баримтлан...иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримт, шүүгч  Ж.С-ийн тайлбар зэргээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэх ямар нэг ажиллагаа хийгдээгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй”, 69.1.1-т “хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх”, 69.1.3-т “хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох” гэж заасанчлан шүүгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг заавал хүлээн авч захирамж гаргахаар үүрэгжүүлсэн зохицуулалт хэдийгээр байхгүй байх боловч хүсэлтийг ямар нэг байдлаар шийдвэрлэн хариу өгөх нь зүйтэй байжээ.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 2.4.”Өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах” хэсгийн 2.4.2-т “Шүүгч ИХШХШТХ-ийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаас бусад өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж тусгасан, шүүгч дээрх хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байх боловч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахааргүй байна.

2/ “Шүүгч нь анх хэргийг хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 183/Ш32021/08803 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Энэхүү захирамжтай нэхэмжлэгчийн зүгээс хэрэг үүсгэсний дараа очиж танилцсан.  Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны дараа хэргийн материалтай танилцахад хавтаст хэрэгт иргэний хэрэг үүсгэсэн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/Ш32021/08757 тоот захирамж байсан. Өөрөөр хэлбэл, шүүгч нь иргэний хэрэг үүсгэсэн захирамжийн огноо, дугаарыг өөрчлөн хавтаст хэрэгт сольж хийсэн...” гэх үндэслэлийн тухайд:

... шүүхийн “М д” ХК-ийн нэхэмжлэлтэй, “МИАТ” ТӨХК-д холбогдох иргэний хэрэгт хийсэн үзлэгт иргэний хэрэг үүсгэсэн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/08757 дугаар шүүгчийн захирамж хэрэгт авагдсан.

Харин өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2021/08803 дугаар шүүгчийн захирамж нь “М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ө э ү” ХХК-д холбогдох хэргийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж байна.

Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж  Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ЕШ2022/02603 дугаар захирамжаар шүүгч Ж.С-ийг татгалзан гаргах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хэрэг шүүгч Г.С-д хуваарилагдан очсон байх бөгөөд тус шүүгчийн туслах О.Б-ийг байлцуулан ... дүүргийн Иргэний хэргийн хөдөлгөөний Иргэн 2014 системд “М д” ХК-ийн нэхэмжлэлтэй, “МИАТ” ТӨХК-д холбогдох иргэний хэрэгт хийсэн үзлэгээр тус иргэний хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 8757 дугаар, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 8831 дугаар захирамжууд авагдсан байх бөгөөд уг 2 захирамж хоёул “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж байна.

8757 дугаар захирамжийн харах цонх руу ороход 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 8831 дугаартай эрх зүйн актыг оруулж чекэлсэн байна.

8831 дугаартай захирамжийн харах цонх руу ороход 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 8831 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн эрх зүйн актыг оруулаагүй буюу хөрвүүлээгүй байдлаар оруулсан байна.

Шүүхийн архив бичиг хэрэгт хадгалагдах шүүгчийн захирамжийн өнгөн хувийг шалгахад 8757, 8831 гэх 2 захирамж байх бөгөөд огноо болоод дугаар өөр байгаагаас өөр ялгарах зүйлгүйгээр авагдсан байна.

Тус захирамжуудыг боловсруулж бүртгэлд оруулсан Ж.С- шүүгчийн туслах Б.С- ажлаасаа гарсан байх ба тайлбар авахаар түүний ... дугаарын утас руу нь 4 удаа залгахад утсаа авахгүй байлаа.

Хэдийгээр практик дээр шүүгчийн захирамжийн дугаар авах ажиллагааг шүүгчийн туслах хийдэг хэдий ч шүүгч энэхүү ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байх бөгөөд энэхүү үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна гэж үзэхээр байна. Иймд шүүгч шүүгчийн туслахын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүргээ хангалттай биелүүлж ажиллахыг анхааруулах нь зүйтэй байна. 

Гэхдээ дээрх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан  шүүгчийн сахилгын зөрчилд мөн хамаарахааргүй байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Ж.С- дараах шүүгчийн сахилгын зөрчил гаргасан үйл баримт тогтоогдож байна:

1. “...шүүгч нь шүүх хуралдааны товыг гаргахдаа зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нараас боломжит хугацааг тодруулсны дараа шүүх хуралдааныг товлох, хуульд заасан дээрх арга хэрэгслээр мэдэгдэх ажиллагааг хийлгүйгээр шүүх хуралдааны товыг тулгаж, шүүх хуралдаанд оролцох боломжийг хэргийн оролцогчид олгохгүйгээр удаа дараа мэдэгдсэн” гэх тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч дараах бэлтгэл ажиллагаа явуулна”, 76.1.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох”, 76.1.2-т “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх”, 76.2-т “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заажээ.

Энэ нь хуулиар шүүгчид үүрэгжүүлсэн зохицуулалт байх ба хэдийгээр Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд:  4.3.”Шүүх хуралдааны товыг мэдэгдэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах” хэсгийн 4.3.1-т “Тухайн шатны шүүхийн шүүгчийн туслах  шүүгчийн даалгаснаар шүүх хуралдаан хэзээ, хаана болох тухай “Шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас” баримт №8, “Шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас” баримт №21-г зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгчид тус тус 5-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлэх буюу мэдэгдэж, баримтыг хэрэгт хавсаргана. Шүүх хуралдааны товыг цахимаар болон утсаар мэдэгдсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэж баримтжуулсан байна” гэж тусгасан байх боловч шүүгч шүүн таслах үйл ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхэд шүүгчийн туслахын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” үүргээ өргөдөл гаргагчийн өргөдөлд хамаарах 4 удаагийн  шүүх хуралдаанд биелүүлээгүй, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч талд мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч хариуцагч талд хүргүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс тогтоогдож байх ба энэхүү эс үйлдэхүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасанд хамаарах эс үйлдэхүй буюу шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

2. “Шүүгч Ж.С- нь хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар талуудыг мэтгэлцүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ", 6.2 дахь хэсэгт “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж тус тус заасныг зөрчин хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг олгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчсөн” гэх тухайд:

... шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2021/13784 дүгээр шүүгчийн захирамжаар “М д” ХК-ийн нэхэмжлэлтэй, “МИАТ” ТӨХК-д холбогдох иргэний хэргийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингэж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13784 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь хуудасны 5 дахь мөрөөс “...Даргалагчаас: Шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байна уу? гэхэд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...нотлох баримт гаргуулах хүсэлтээ дэмжиж байгаа..., Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ....Иймд, 65.1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв” гэх, 3 дахь хуудасны 19 дэх мөрөөс “Даргалагчаас: хүсэлттэй холбоотой шүүх хуралдааныг түр завсарлахыг мэдэгдэж шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров. Шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн агуулгыг уншиж сонсгов. ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИД: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3, 65.1.7, 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгов.” гэх,

 Шүүхийн сахилгын хорооны гишүүний шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн 3 дахь хуудасны 28 дахь мөрөөс хойш даргалагч хүсэлтийг хэлэлцэхээр хуралдааныг завсарлуулсан, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, захирамжийн агуулгын танилцуулсан гэх зэрэг үйл баримт авагдсанаар шүүгч Ж.С- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан байхад шүүгч Ж.С- хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед бус шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх шатанд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасанд хамаарах эс үйлдэхүй буюу шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

Энэ нь ... шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШТ2021/00369 дүгээр тогтоолоор “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан ба шүүх хуралдааны тэмдэглэл, зохигчдын гомдлын хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгээс дүгнэхэд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй, хүсэлт хэлэлцэх шат буюу хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, процессын зөрчил гаргасан...” гэж дүгнэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2021/13784 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр нотлогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн шүүгчийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэл тогтоогдож  байх тул ... шүүхийн шүүгч Ж.С-эд шүүгчийн сахилгын зөрчлийг нотлох тухай дүгнэлт үйлдэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

“М д” ХК-ийн гүйцэтгэх захирал О.Э-ы өргөдөл, мэдээллийн агуулгаас үзвэл “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан арга хэрэгслээр мэдэгдэх ажиллагаа хийгээгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтыг засварлаж хариуцлагагүй алдаа гаргасан,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж тус тус заасныг зөрчин хэргийн оролцогчдод мэтгэлцэх эрхийг олгохгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг хориглоно” гэж заасныг  зөрчсөн” гэх үндэслэлээр ... шүүхийн шүүгч Ж.С-эд холбогдуулан гомдол гаргажээ.

Дээрх гомдлын үндэслэлүүдээс “шүүх хуралдааны товыг хуульд заасан арга хэрэгслээр мэдэгдэх ажиллагаа хийгээгүй”, “хэргийн оролцогчдод мэтгэлцэх эрхийг олгохгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэх үндэслэлд холбогдуулан илтгэгч гишүүнээс нотлох дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх тул уг дүгнэлтэд сахилгын зөрчилд тооцсон үйл баримт, шүүгчийн үйлдэл, эс үйлдэхүйн хэмжээнд дүгнэлт хийх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

“Шүүх хуралдааны товыг хуульд заасан арга хэрэгслээр мэдэгдэх ажиллагаа хийгээгүй” гэх гомдлын тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хан-Уул дүүргийн иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10484 дүгээр захирамжаар “М д” ХК-ийн нэхэмжлэлтэй, “МИАТ” ТӨХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр товлосныг зохигчдод 09 дүгээр сарын 10-ны өдөр утсаар мэдэгдсэн, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10569 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж 09 дүгээр сарын 22-ны өдөр товлосныг талуудад утсаар мэдэгдсэн, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10957 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн байранд “Ковид-19” халдварын эерэг тохиолдол батлагдсан үндэслэлээр шүүх хуралдааны товыг өөрчилж 09 дүгээр сарын 27-ны өдөр товлосон, тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар даргалагч шүүгчээс татгалзсан тул хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 03029 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул шүүх хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагт товлосныг 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт дуудах хуудсаар мэдэгдсэн, 10 дугаар сарын 26-ны өдрийн 12906 дугаар захирамжаар шүүх хуралдааны товыг хариуцагчид шуудангаас гардуулаагүй тул хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангаж шүүх хуралдааныг 11 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулж, хурлын товыг 10 дугаар сарын 26-ны өдөр талуудад утсаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч дараах бэлтгэл ажиллагаа явуулна”, 76.1.2 “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх”, 77 дугаар зүйлийн 77.1-д “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ...”, 77.2-т “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж зааснаас үзвэл шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж болохыг хуулиар зөвшөөрсөн гэж ойлгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор  батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.3.1-д “...Шүүх хуралдааны товыг цахимаар болон утсаар мэдэгдсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэж баримтжуулсан байна. “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримт №9, “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримт №22-ыг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирсэн буюу товыг утсаар мэдэгдсэн тохиолдолд үйлдэн хэрэгт хавсаргана” гэж зааснаар шүүгчийн туслах шүүх хурлын товыг талуудад 3 хоногийн өмнө утсаар мэдэгдэж энэ талаар Баримт№9-ийг үйлдсэн нь холбогдох хууль болон журмыг зөрчөөгүй байна.

Гэтэл нотлох дүгнэлтэд “...шүүгчийн туслахын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” үүргээ өргөдөл гаргагчийн өргөдөлд хамаарах 4 удаагийн  шүүх хуралдаанд биелүүлээгүй” гэж шүүгчийг буруутгасан нь үндэслэлгүй.

Түүнчлэн, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нараас боломжит хугацааг тодруулсны дараа шүүх хуралдааныг товлох хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд 3 хоногийн өмнө утсаар мэдэгдсэнийг хүрэлцэн ирэх боломжтой хугацааг харгалзаагүй, тулгаж мэдэгдсэн гэж үзэхээргүй байна.

“Хэргийн оролцогчдод мэтгэлцэх эрхийг олгохгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэх гомдлын тухайд:

... шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2021/13784 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.7-д заасныг баримтлан “М д” ХК-ийн нэхэмжлэлтэй, “МИАТ” ТӨХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00369 дүгээр тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан тул хууль хэрэглээ, нотлох баримтыг хэрхэн үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой шүүгчийн үйл ажиллагааг сахилгын болон ёс зүйн зөрчил гэж тодорхойлох боломжгүй, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй. Тодруулбал,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “...65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл илэрсэн гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж буй зөрчил биш, харин шүүгчид хуулиар олгосон бүрэн эрх бөгөөд тус шүүхийн тогтоолоор захирамжийг хүчингүй болгохдоо “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй, хүсэлт хэлэлцэх шат буюу хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, процессын зөрчил гаргасан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй...” гэж дүгнэснээр сахилгын зөрчилд тооцогдохгүй.

Өөрөөр хэлбэл, гомдлыг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдын тайлбар, үйл баримт, нотлох баримтыг үнэлээд хэргийг хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн нь тухайн хянагдсан захирамжийг гаргасан шүүгчийг сахилгын зөрчил гаргасныг нотлох нотолгоо биш, шүүгчийн захирамжийг гомдол гаргах хэлбэрээр залруулдаг шүүхийн тогтолцоо нь зөрчлийг үгүйсгэх үндэслэл болно.

Дээрхийг нэгтгэн дүгнээд нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгч Ж.С-эд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” 32 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, ... шүүхийн шүүгч Ж.С-эд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ                                                   О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                                           Х.ХАШБААТАР

ГИШҮҮН                                                         Д.АРИУНТУЯА