info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-06-29

Дугаар 210

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, сахилгын хэргийн оролцогч Ц.М-, өмгөөлөгч Б.М-,  өргөдөл гаргагч Н.Д- /гэрчээр/ нарыг оролцуулан Сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол дээд сургуулийн захирал Н.Д- Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө:

“... шүүхийн шүүгч Ц.М- нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны өмнө манай хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-той шүүх хурал болох өрөөнд юм ярилцаад зогсож байсантай би тулгарч гайхав. Намайг ороод ирмэгц шүүгч Ц.М- яриагаа зогсоод гараад явав. Би Б.О-т "ингэж шүүгчтэй нэг тал ганцаараа протоколгүй уулзаж болохгүй" гэсэн. Энэ нь өмнөх хурал тараад Ц.М-, Б.О- нар хоёулаа үлдсэн болж таарав. Шүүгчийг эргээд орж ирэхэд Б.О- "Шүүгч ээ бид хоёр энэ хурлын тухай яриагүй биз дээ?" гэж асуусан нь тэр хоёр ярилцсаныг нотолж байна. Энэ нь шүүхийн тухай хуулийн "50.1.18.хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах;" гэсэн заалтыг зөрчсөн юм. Зүй нь шүүгч нарийн бичгийн даргыг гарахаас өмнө ганцаараа түрүүлж танхимаас гарах журамтай.

Шүүгч Ц.М- нь хэрэг хуваарилах шийдвэргүйгээр энэ хэргийг авсан бөгөөд саяхан шийдвэр гаргуулсан тул энэ процесс эргэлзээтэй, захиалгаар хуваарилсан гэж хардаж байна. Зурагт магадлал хийсэн нь хуурамч байна, тамга албан ёсных биш байна, нэг өдөр 2 өөр тамга дарсан байна. Иймд магадлал хийсэн шинжээчээс гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хангахгүй байгаа нь хэргийг шударга шүүхгүй нь гэсэн хандлага харуулж байна. Мөн ...  дүүргийн архивын ажилтнаас гэрчийн мэдүүлэг авах миний хүсэлтийг удаа дараа хангахгүй байна. Давах шатнаас гэрчийн мэдүүлэг ав гэсэн. Ц.М- өөрөө шийдвэр гаргахдаа хоёр өөр архивын ажилтны нэрийг сольж хэргийг будилаантуулж буй нь ёс зүйгүй асуудал мөн.” гэжээ.

Шүүгч Ц.М- Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр миний бие нь Д.А-гийн нэхэмжлэлтэй Н з д  болон ...  дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба тус хэргийн хуралдаан шүүх хуралдааны 1 дүгээр танхимд 15:15 цагт дууссанаар шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байна. “М д с”-ийн нэхэмжлэлтэй ...  дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хуралдаанд 15:30 цагт товлогдсон байсан. Дээрх 2 хэрэгт хоёуланд

 нь хариуцагч ...  дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.О- оролцсон. 15.30 цагт мөн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд “М д с”-ийн нэхэмжлэлтэй ...  дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хуралдааныг хийхээр орж ирэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Шүүгчээ, та бид хоёр яриагүй биз дээ” гэх агуулгатай зүйл асууж миний зүгээс “Ямар нэг зүйл яриагүй” гэсэн утгатай хариулт хэлсэн санагдаж байна. Ингээд “М д с”-ийн нэхэмжлэлтэй ...  дүүргийн Засаг даргад холбогдох хуралдааныг нээж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал Н.Д-ээс гаргасан хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэсэн ба Н.Д-ээс шүүгчийн захирамжид гомдол гаргана гэдгээ илэрхийлсэн тул эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа болно. Миний зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-той ганцаарчилж уулзсан, хэргийн талаар ярилцсан зүйл байхгүй.

... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хэрэг, нэхэмжлэл, хүсэлтийг шүүгчид хуваарилах тойргийн дарааллыг тогтоожээ. Мөн тус шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 247 дугаар тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, гомдол/дүгнэлт/, хүсэлт/өргөдөл/, хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох түр журам"-ыг баталсан байна. ... шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаар тогтоолоор “...Монгол дээд сургуулийн нэхэмжлэлтэй, ...  дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ... шүүхэд буцааж шийдвэрлэсэн”-ийг шүүгчид хуваарилах ажлыг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон дээрх журам болон тойргийн дарааллын дагуу мэдээлэл лавлагааны мэргэжилтэн гүйцэтгэдэг тул гомдолд “...хэрэг хуваарилах шийдвэргүйгээр хэргийг авсан бөгөөд саяхан шийдвэр гаргуулсан тул процесс эргэлзээтэй, захиалгаар хуваарилсан” гэсэн нь үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж, 122 дугаар зүйлийн 122.1-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” заасан. “М д с”-ийн захирал Н.Д-ийн гомдолд дурдсан шинжээч болон архивын ажилтнаас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг миний бие шийдвэрлэсэн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж гарсан шүүгчийн шийдвэр бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу гомдол гаргасан, гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн болно. Иймд шүүгч миний бие холбогдох хууль тогтоомж болон шүүгчийн ёс зүйн хэмжээг зөрчөөгүй бөгөөд “М д с”-ийн захирал Н.Д-ийн гомдолд дурдсан асуудлууд нь үндэслэлгүй, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэртэй холбоотой байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Шүүгч Ц.М- нь хэрэг хуваарилах шийдвэргүйгээр энэ хэргийг авсан бөгөөд саяхан шийдвэр гаргуулсан тул энэ процесс эргэлзээтэй, захиалгаар хуваарилсан” гэх тухайд,

... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хэрэг, нэхэмжлэл, хүсэлтийг шүүгчид хуваарилах тойргийн дарааллыг тогтоожээ. Мөн тус шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 247 дугаар тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, гомдол/дүгнэлт/, хүсэлт/өргөдөл/, хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох түр журам"-ыг баталсан байх бөгөөд энэхүү хэрэг дээрх журмын дагуу 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүгч Ц.М-д хуваарилагдсан баримт хэрэгт авагдсан байна.

“...Зурагт магадлал хийсэн нь хуурамч байна, тамга албан ёсных биш байна, нэг өдөр 2 өөр тамга дарсан байна. Иймд магадлал хийсэн шинжээчээс гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хангахгүй байгаа нь хэргийг шударга шүүхгүй нь гэсэн хандлага харуулж байна...”, “......  дүүргийн архивын ажилтнаас гэрчийн мэдүүлэг авах миний хүсэлтийг удаа дараа хангахгүй байна...” гэх үндэслэлүүдийн хувьд шүүгчийн шүүн таслах ажиллагаатай холбоотой ажиллагаанууд байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн дуусаагүй байна.

Харин Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 111 дүгээр тогтоолд тусгагдсан “...шүүгч Ц.М- нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-той ямар хугацаанд уулзсан эсэх хэрэг маргааны талаар ярилцсан эсэхийг тогтоогоогүй, шүүгч нарийн бичгийн даргаас түрүүлж шүүх хуралдааны танхимаас гарах үүрэгтэй эсэхийг шалгаагүй, хэрэв Б.О-ын “...шүүгч хэргээ аваад босоод гарсан, би шүүгчээс дараагийн хурлаа үргэлжлээд орох уу? завсарлах уу гэж асуусан...” гэх мэдүүлэг үнэн зөв тохиолдолд “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасан зөрчилд хамаарахгүй болохыг илтгэгч гишүүн анхаарах шаардлагатай...” гэх тухайд:

Гэрч Н.Д-ээс авсан гэрчийн мэдүүлгээр “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ... шүүхийн байрны 2 давхарт сууж байсан. Хариуцагчийн талын төлөөлөгч Б.О- нь ойролцоо сууж байсан. Гайхаад хаачсан юм бол гэж бодоод тэр хавиар явж байгаад жижүүрийн хажуу талын ертөнцийн зүгээр баруун талын шүүх хуралдааны өрөөний хаалгыг онгойлгож харахад нөгөө Б.О- шүүгч Ц.М- 2 ярилцаад зогсож байсан. Хамгийн гол нь хажууд нь туслах нь байгаагүй...” гэх мэдүүлэг, Гэрч Б.О-ын “...энэ өдөр би 2 шүүх хуралтай байсан...эхний хурал завсарлаад танхимд би үлдээд байж байтал Н.Д- орж ирсэн...” гэх, “2 шүүх хуралдааны хооронд та шүүгч Ц.М-тай биечлэн ганцаарчилж уулзсан уу? гэсэн илтгэгч гишүүний асуултад гэрч Б.О-: “...шүүгч хэргээ аваад босоод гарсан, би шүүгчээс “Дараагийн хурлаа үргэлжлээд орох уу, завсарлах уу” гэж асуусан...”, “...энэ үед Н.Д- үүдэнд хараад зогсож байснаа над руу чи шүүгчтэй юу яриад байна гэж асуусан...” гэх мэдүүлэг, Гэрч Д.А-ы “Шүүх хуралдаанд дуусахад та шүүх хуралдааны танхимаас хэзээ гарсан бэ? шүүгч шүүх хуралдааны танхимаас түрүүлээд гарсан уу?” гэсэн асуултад “...шүүх хуралдаан дууслаа гээд бид гарсан. Шүүгч шүүх хуралдааны танхимаас дараа нь гарсан санагдаж байна” гэх мэдүүлэг, Гэрч Д.Э-ын “ тухайн шүүх өдөр хуульч Б.О- 2 хуралд оролцсон. Өмнөх хуралд мөн адил оролцсон...” гэх, “...Тухайн хуралдаан завсарлах үеэр хуульч Б.О- шүүгч Ц.М-тай ганцаарчилж ярилцсан уу? гэх асуултад “... би мэдэхгүй байна, тухайн үед шүүгчээс зөвшөөрөл аваад ариун цэврийн өрөө рүү орсон..., юу ярилцсаныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, Шүүгч Ц.М-ын “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр миний бие нь Д.А-гийн нэхэмжлэлтэй Н з д  болон ...  дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба тус хэргийн хуралдаан шүүх хуралдааны 1 дүгээр танхимд 15:15 цагт дууссанаар шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байна. “М д с”-ийн нэхэмжлэлтэй ...  дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хуралдаанд 15:30 цагт товлогдсон байсан. Дээрх 2 хэрэгт хоёуланд нь хариуцагч ...  дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.О- оролцсон. 15.30 цагт мөн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд “М д с”-ийн нэхэмжлэлтэй ...  дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хуралдааныг хийхээр орж ирэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Шүүгчээ, та бид хоёр яриагүй биз дээ” гэх агуулгатай зүйл асууж миний зүгээс “Ямар нэг зүйл яриагүй” гэсэн утгатай хариулт хэлсэн...” гэх тайлбар ирүүлжээ.

Тухайн шүүх хуралдаан болсон 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Монгол” дээд сургуулийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, тухайн шүүх хуралдаан болсон тус шүүхийн байрны 2 давхрын хүлээх танхимын хяналтын камерын бичлэг зэргийг нотлох баримтаар ирүүлэхийг ... шүүхийн Тамгын газарт даалгасан боловч “тухайн давхрын хяналтын камерын бичлэг сүүлийн 10 хоног хадгалагддаг...”, “...1 дүгээр танхимын дуу дүрсний бичлэгийн төхөөрөмж эвдрэл гэмтэл гарсны улмаас 2022 оны 01 дүгээр сарын 28-02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж ажиллаагүй буюу дуу дүрсний бичлэг хийгдээгүй...” гэх албан хариуг ирүүлсэн байна.

Шүүгч Ц.М-ын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны хуваарьт тусгагдсанаар “Монгол” дээд сургуулийн захирал Н.Д-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны өмнөх хуралдаан болох Д.А-ы Н з д  болоод ...  дүүргийн Засаг дарга нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд 13 цаг 44 минутад эхэлж, 15 цаг 15 минутад дууссан бол Н.Д-ийн нэхэмжлэлтэй ...  дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн шүүх хуралдаан 15 цаг 30 минутад 1 дүгээр танхимд мөн эхэлсэн болох нь тус тус шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд тусгагдсан байна

Иргэн Д.А-ы нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан 15 цаг 15 минутад дуусахад нэхэмжлэгч тал буюу Д.А- шүүх хуралдааны танхимаас түрүүлж гарч явсан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүгчээс зөвшөөрөл аваад гарсны дараа дараагийн хурал буюу “Монгол” дээд сургуулийн нэхэмжлэлтэй хурал 15 цаг 30 минутад орох хүртэл хурал завсарласан байх хугацаанд шүүгч Ц.М- шүүх хуралдааны танхимд үлдэж, хэргийн нөгөө тал буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.О-той  нөгөө талыг байлцуулалгүй уулзсан, харилцсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж оруулсан нь ямар нэг хугацаа заагаагүй, ярианы агуулга тодорхойлогдоогүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгч шүүх хуралдаан дуусахад шүүх хуралдааны танхимаас хэзээ хэрхэн гарах тухай нарийвчлан тогтоосон дэг байхгүй байх бөгөөд шүүгч өөрөө шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргахаас зайлсхийх, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх талаар өөрөө биечлэн анхаарах үүрэгтэй. Мөн шүүх хурал хаасан даруй ихэвчлэн эхэлж шүүгч гардаг практик байдаг.

Хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгчийн тайлбар зэргээс Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зүйл болох 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасан “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасан байхад шүүх хуралдааны танхимд хэргийн нэг талтай ганцаар уулзсан, харилцсан зөрчил гаргасан байдал тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр ... шүүхийн шүүгч Ц.М-д зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол дээд сургуулийн захирал Н.Д- нь ... шүүхийн шүүгч Ц.М-д холбогдуулан “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзсан, ...хэрэг хуваарилалгүйгээр энэ хэргийг авсан, ...хүсэлт хангадаггүй гэх агуулга бүхий өргөдөл гаргажээ.

Өргөдлийг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч, шүүгч Ц.М-д сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулаад  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, нотлох дүгнэлт үйлдсэн байна.

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар дээрх дүгнэлтийг хянан хэлэлцээд 111 дүгээр тогтоолоор  нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж шийдвэрлэжээ. Тухайлбал;

Тогтоолын үндэслэх хэсэгт “...илтгэгч гишүүний үндэслэл болгосон нотлох баримтуудыг тухайн зөрчлийг нотолсон хангалттай тодорхой, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй байна.

Учир нь шүүгч хэргийн нэг талтай нөгөө талыг байлцуулалгүй харилцсанаар зөвхөн нэг талын үндэслэлийг сонсдог, уг үндэслэлийг няцаах боломжийг нөгөө талд олгодоггүй, зөвхөн нэг талын үндэслэлийг сонссоноор шүүгч хууль зүйн болон үйл баримтын хувьд алдаатай шийдвэр гаргах эрсдэлийг бий болгодог, улмаар зүй бус нөлөөнд автах, тийнхүү ойлгогдох нөхцөл байдал үүсдэг тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж зөрчлийн хэм хэмжээг тодорхойлж өгчээ.

Мөн гэрч Б.О-ын “...шүүгч хэргээ аваад босоод гарсан, би шүүгчээс дараагийн хурлаа үргэлжлээд орох уу, завсарлах уу гэж асуусан...” гэх мэдүүлэгт дурдсан үйл баримт нь “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасан зөрчилд хамаарахгүй болохыг илтгэгч гишүүн анхаарах шаардлагатай байжээ” гэж дүгнэсэн байна.

Харин шалгах ажиллагааны явцад цугларсан баримуудаас үзвэл, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ... шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд Д.А-гийн нэхэмжлэлтэй Н з д  болон ...  дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан 15:15 цагт дууссан, “М д с”-ийн нэхэмжлэлтэй ...  дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан 15:30 цагт эхэлсэн, тухайн шүүх хуралдаануудад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.О- оролцсон үйл баримт тогтоогдож байна.

Ийнхүү хоёр шүүх хуралдааны хоорондох /15 минут/ хугацаанд шүүгч Ц.М- нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-той харилцахдаа хэрэг маргааны талаар ярилцсан нь тогтоогдоогүй ба шүүгч нарийн бичгийн даргаас түрүүлж шүүх хуралдааны танхимаас гарах үүрэгтэй эсэхийг хууль журмаар зохицуулаагүй байна.

Шүүгч хэргийн оролцогч этгээдтэй үг солилцсон, мэндлээд өнгөрсөн, асуултад нь хариулсан зэрэг үйлдлийг “уулзсан, харилцсан” гэж ойлгохгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасан зөрчил гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалгаж тогтоох ажиллагааг нэмж гүйцэтгэсэн боловч шүүгч сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байна.

Тодруулбал, Хэргийг илтгэгч гишүүн хүлээн аваад 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцсэн Д.А-гийн нэхэмжлэлтэй Н з д  болон ...  дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааны нэхэмжлэгч Д.А-аас гэрчийн мэдүүлэг авахад хоёр хэргийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр Б.О- оролцсон байх цугларсан баримуудаас үзвэл, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ... шүүхийн шүүгч Ц.М- даргалсан Д.А-ы нэхэмжлэлтэй, Нийслэлийн болон ...  дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэг 13 цаг 44 минутад эхэлж 15 цаг 15 минутад дууссан, Монгол дээд сургуулийн нэхэмжлэлтэй, ...  дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг 15 цаг 30 минутад эхэлж 16 цаг 15 минутад дуусжээ.

Мөн  дээрх 2 захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.О- гэх хүн оролцсон нь сахилгын хэрэгт цугларсан нотлох баримт болох тухайн хэргүүдийн шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгджээ.

Өмнөх шүүх хуралд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-  болон шүүгч Ц.М- нар нь эхний шүүх хуралдаан дуусахад буюу хуралдааны танхимаас гарах явцад таарсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар өргөдөл гаргагч, шүүгч, гэрч,нар маргаагүй боловч тогтоолд дурдсанчлан шүүгч Ц.М- нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-той ямар хугацаанд уулзсан, уулзахдаа хэрэг маргааны талаар ярилцсан талаарх үйл баримт сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад нотлогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгч хэргийн оролцогчтой үг солилцсон, мэндлээд өнгөрсөн, асуултад нь хариулсан зэрэг үйлдэл нь шүүгч хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзсан, харилцсан санаатай үйлдэлд тооцогдохгүй бөгөөд 15 цаг 15 минутад дууссан шүүх хуралдаан, 15 цаг 30 минутад эхлэх 2 шүүх хуралдаан хооронд буюу эхний шүүх хуралдаан дуусаж, шүүгч шүүх хуралдааны танхимаас гарч явах үед хэргийн нэг талтай таарсан үйлдэл нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Иймд, сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, ... шүүхийн шүүгч Ц.М-д үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, шүүгч Ц.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

 ДАРГАЛАГЧ                                           Х.ХАШБААТАР

ГИШҮҮН                                          С.ЭНХТӨР

                                                                                     Д.ЭРДЭНЭЧУЛУУН