МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-10-05
Дугаар 232
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан, ... шүүхийн шүүгч О.О-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 126 дугаартай “Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өргөдөл гаргагч О.Ө- Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “... шүүхийн шүүгч О.О- дээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа маргааны хариуцагч “У х г” ХХК, Ч.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө- би шүүгчийн ёс зүй болоод сахилгын зөрчлийн талаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
... шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 09 цагт болсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие оролцсон ба хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон. Тухайн хуралдааны төгсгөлд буюу дараагийн хуралдааны товыг хэлэлцэж тогтоох үед шүүгч О.О- шүүхийн индэр дээр шүүгчийн ёс зүйд баймааргүй үйлдэл үзүүлж, “нэг муу худалдах-худалдан авах гэрээн дээр ингэж ч удна гэж байхгүй шүү /яршиг л байна/ гэсэн өнгө аястай үг хэлж, хавтаст хэргээ шидлэх үйлдэл гаргасан нь хэргийн оролцогчийн Үндсэн хуульд заасан эрхийн хүрээнд хурал хойшлуулсан надад үзүүлж буй дарамт, мөн нөгөө талаар шүүгч хүндэтгэлтэй хандах, шүүгчийн зүгээс хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг өөрийн ажил хэрэг, үг яриагаар төрүүлж чадахуйц сэтгэл зүй, харилцаа огтоос байхгүй байна гэж үзэхээр байна. Шүүгч хэргийн оролцогчтой харилцах харилцаа сэтгэл зүй хамгийн чухал ба үндэслэл бүхий шударга шийдвэр гаргана гэх итгэл үнэмшлийг төрүүлэхийн зэрэгцээ шүүхээс урьдчилан гаргасан туйлбаргүй үнэн гэж байх ёсгүй гэж үзэж байна. Дээр дурдсан О.О- шүүгчийн гаргасан ёс зүйгүй үг үйлдэл нь хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө өөрийн байр суурийг илэрхийлж, хувийн сэтгэл хөдлөлөөр хандан, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгч, төвийг сахисан, шүүхэд итгэх итгэлийг хадгалахуйц байх зарчмыг зөрчсөн үйлдэл байх учир энэхүү гомдлыг гаргаж байна.
Иймд дээрх үйлдэл нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.38-д заасныг зөрчсөн нь Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болох ба мөн Шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан шүүгч зохисгүй байдал гаргахгүй байх, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэлийг төрүүлэхүйц байх зэрэг зарчим хэм хэмжээг зөрчсөн байх тул энэхүү үйлдлийг шалгаж зөрчлийг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүгч О.О- Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Г ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “У х г” ХХК, Ч.Б- нарт холбогдох нэхэмжлэлд ... шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 144/ШЗ2021/00107 дугаар шүүгчийн захирамжаар анх иргэний хэрэг үүсгэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтийг хүлээн авч, шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 144/ШЗ2021/00542 дугаар захирамжаар харьяаллын дагуу хэргийг тус шүүхэд шилжүүлснийг журмын дагуу би хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан.
2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн товлон зарлагдсан шүүх хуралдаанаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө-ы гаргасан хүсэлтийг хүлээн авч, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, хуралдааныг хойшлуулсан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.38-д заасныг зөрчсөн хэмээн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө- гомдолдоо дурджээ.
Тухайн өдрийн шүүх хуралдаанаар уг хэргийг хэрхэн шийдвэрлэх тухай асуудал огт яригдаагүй, түүнчлэн уг хэрэгт өмнө шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй болно. Мөн гомдолд дурдсан “хавтаст хэргийг шидсэн” зүйл байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ЗТ2022/00986 дугаар тогтоолоор шийдвэрлэж байсан.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өргөдөл үндэслэлгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа: “Нэхэмжлэгч “Г ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “У х г” ХХК, Ч.Б- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 167.312.400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №102 дугаар гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу ... шүүхийн шүүгч О.О-д хуваарилагдаж, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2022/01639 дугаар шийдвэрээр уг хэргийг хянан шийдвэрлэжээ.
...... шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл, уг шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шүүгчийн захирамж, шүүгчийн хариу тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өргөдөл гаргагч О.Ө- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8 дахь хэсэгт тус тус зааснаар өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийнхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлт, өмгөөлөгч Г.Л- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.9, 34.3.11 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлснийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгч О.О- хүсэлтүүдийг нь ханган шийдвэрлэж, уг шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Уг шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд 2022.06.28.093219-2022.06.28.094109 болон 2022.06.28.094708_2022.06.28.095007 гэх нэртэй, 2 хэсэг бүхий нийт 11 минут 59 секундийн бичлэгийг шинжлэн судлахад шүүгч О.О- нь 2 дугаар бичлэгийн 09 цаг 49 минут 59 секундээс бичгийн баримтууд, хавтаст хэргийг цэгцэлж, ширээн дээрээ тавьж байхдаа “хурдан хэргээ шийдье тэ. Нэг муу худалдах, худалдан авах гэрээний маргаан ингэж удаан явна гэж юу байх вэ” гэж амандаа бувтнан хэлж байгаа нь бичигдсэн байна.
Хэдийгээр шүүгч О.О- “нэг муу худалдах, худалдан авах гэрээний маргаан ингэж удаан явна гэж юу байх вэ” гэж сулхан, бараг сонсогдохгүй шахам амандаа бувтнан хэлж байгааг бичлэгээс харахад хэргийн оролцогч нарт хандан зориуд санаатайгаар хэлж байгаа үг ойлгогдохооргүй байх бөгөөд харин “яршиг л байна” гэх үг хэллэг огт хэрэглээгүй байна. Харин хавтаст хэргийг ширээн дээрээ эмхэлж цэгцлэн тавьж байгааг хавтаст хэргээ шидлэх үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх хэсэгт “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх”, 50.1.38 дахь хэсэгт “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх” гэж тус тус заасан байна.
Шүүгчийн дээрх үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлсэн, илэрхийлсэн” гэх ойлголтод огт хамаарахгүй гэж үзсэн, мөн тухайн үед буюу 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар маргаан бүхий уг иргэний хэргийг шүүгч хянан шийдвэрлэж шийдвэр гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38 дахь хэсэгт заасан “ хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүн Сахилгын хорооны гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1148 дугаар захирамжаар шүүгч О.О-д сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргасан нь үндэслэлтэй байна.
... шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2022/08786 дугаартай шүүгчийн захирамжаар “Г ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “У х г” ХХК, Ч.Б- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 167.312.400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №102 дугаар гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь хариуцагч талын хүсэлтээр хойшилсон байна.
Сахилгын хэрэгт авагдсан ... шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд шүүгч О.О- нь хавтаст хэргийг цэгцэлж, ширээн дээрээ тавьж байхдаа “хурдан хэргээ шийдье тэ. Нэг муу худалдах, худалдан авах гэрээний маргаан ингэж удаан явна гэж юу байх вэ” гэж амандаа бувтнан хэлж байгаа нь мөн хавтаст хэргийг ширээн дээрээ эмхэлж цэгцлэн тавьж байгаа нь тус тус бичигдсэн байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлсэн, илэрхийлсэн” гэж, 50.1.38 дахь хэсэгт “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх” гэж тус тус заасан бөгөөд шүүгч О.О-ийн дээрх үйлдлийг өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлсэн, илэрхийлсэн гэж үзэхээргүй байна.
Учир нь шүүхээр хянагдаж буй хэрэг маргааны талаар өөрийн байр суурийг илэрхийлнэ гэдэг нь тухайн хэрэг маргааны талаар мэдээлэл өгөх, ингэхдээ хэрхэн шийдвэрлэх нь зохистой талаар өөрийн үзэл бодлыг хэвлэл мэдээлэл, хурал цуглаан зэрэг олон нийтэд илэрхийлэхийг хэлнэ.
Мөн өргөдөл гаргагч О.Ө- нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд шүүгч О.О-д холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан буюу тус хуралдаанд холбогдох өргөдлөөсөө татгалзах хүсэлт ирүүлснийг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр ... шүүхийн шүүгч О.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 126 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч О.О-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Г.ЦАГААНЦООЖ