МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-07-06
Дугаар 223
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, ... шүүхийн шүүгч Д.Ц-, Э.З-, Д.Д- нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай “Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өргөдөл гаргагч Э.Ц- Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...... шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаартай тогтоол нь Үндсэн хууль болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн олон заалтуудыг ноцтой зөрчсөн, илт хуйвалдаантай, нэг талын эрх ашигт нийцүүлэхээр санаатай дэглэсэн жүжиг юм. Шүүгч нар хараат бус гагцхүү хуульд захирагдах үүргээ уландаа гишгэсэн, иргэний мэтгэлцэх, мэдүүлэх эхийг хязгаарлаж, үг хэлэх гэхэд суу гэж төөрөгдүүлж, туршлагаараа хуурч байгаад нотлох баримтыг авалгүй хуралдсан.
...Шинээр илэрсэн нөхцөлийг хэлэлцүүлж, үнэн зөвөөр шийдүүлэх гэж чемодан дүүрэн нотлох баримтуудаа авчрахад цагдаагаар дарамталж, шахалт үзүүлэхээр сүрдүүлж, хэлэх үг байхгүй зугтацгаасан шүүгч нар мэтгэлцээний танхимыг луйврын жүжгийн танхим шиг ашиглахыг нүдээрээ харж, чихээрээ сонссон тул үгээ хэлэх хэрэгтэй байна. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ... шүүх дээр...Тус шүүх хуралдааныг шүүгч Э.З- даргалж, шүүгч Д.Ц-, Д.Д- нар бүрэлдэхүүнд оролцож, шүүгчийн туслахаар Б.Н- шүүх хуралдааны өмнө нотлох баримтуудыг овор ихтэй байна гэж шалтаглан оруулахгүй, дарамт үзүүлж, хянаж байсан цагдаа н.Б- нар тус хурлын зааланд хамт байцгааж, анхнаасаа надад эвгүй дарамт үзүүлж байсан. Хурлын дараа тэмдэглэлийг асар их чирэгдэл болж байж засуулсан. Тухайлбал, хурал эхлэхэд болсон ноцтой асуудлууд байсан 3-4 минутыг тэмдэглэлд бичээгүй байсан. Хасаж бичигдсэн байсан хэсгүүдийг нарийн бичгийн дарга Э.Ц-той 4-5 цаг сууж байж камерын бичлэгтэй зассан. Харин хуучин тэмдэглэл хавтаст алга байгаа нь санаатай хийгээгүй үйлдэл гэж үзэж байна.
2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1819 дугаартай шийдвэртэй хэргийн 3 дугаар хавтасны 148 дугаар хуудсанд нотлох баримтууд алга болсон тухай миний тэмдэглэл үйлдэгдсэн байгаа ба 149, 150 дугаар хуудаснуудад хурлын тэмдэглэлийг тулгаж байж оруулах тухай миний 2 удаагийн хүсэлт байгаа.Ингээд тус хавтаст хэргийг 151-155 дугаар хуудсанд байх тэмдэглэлээс үзвэл ноцтой хассан хэсгүүдийн заримыг нь тодруулж оруулсан нь харагдахаар байгаа.
...Гэтэл сүүлийн шинээр илэрсэн нөхцөлийг хэлэлцэх хурлыг даргалагч шүүгч нь Э.З- байсан ба энэ шүүгч бүх хорыг анхнаасаа найруулалцсан. ... шүүхийн ерөнхий шүүгчийг орлож байсан. Д.Н- шүүгчийн нөлөөгөөр болсон байх магадлал өндөр байна. Энэ 2 шүүгч олон жил хамтран насаараа 20 гаруй жил ш,үүгчээр ажиллаж байсан. Эдгээр хүмүүс холбоотой болох нь “Иргэний хэргийн оролцогчийн эрх үүргийн хялбаршуулсан тайлбар” гэх цэнхэр номын дотор нэрс нь байдаг. ...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Р.М- 40 гаруй өдрийн өмнө танилцсан хуудсыг туслах харуулахад бантсан шүүгч Э.З- “Б.Н орхи, орхи” гэж авагдсан хэсэг байх ба мөн шүүгч эхний нүүрэнд нэхэмжлэл нь байгаа гэж чиглүүлж байгаа нь сонсогдоно. ... шүүхийн шүүгч Д.Н-, түүний туслах н.Х- нар нь тус шүүхэд нөлөө бүхий алба хашдаг тул нотлох баримт устгах, баримтуудыг үзэмжээрээ бүрдүүлэлцэж, Тамгын газар болон Хэргийн хөдөлгөөний дарга Г.Н- нартай хуйвалдан гомдлыг даруулж, шударгаар шийдүүлэх боломжгүй болгож удаа дараа нөлөөлсөн Р.М-ы үлгэрийг амилуулсан хүмүүс. Э.З- шүүгч нь Д.Н- шүүгчтэй олон жил шүүхийн үйл ажиллагаанд хамтран ирсэн нь нот, гарын авлага зэрэгт нэр нь зурайж байдаг баримтуудтай. Шүүгч Д.Н-тэй Р.М- нь хуулийн болон ажлын 2003 оноос буюу 20 жилийн холбоотой хүмүүс. Д.Н- нь одоо МӨХ-ны нууц дарга болж өмгөөлөгчдийг ашиглаж иргэдээ нууцаар хохироон, ... шүүхийн шүүгч нарт нөлөөлж яваа болно.
...... шүүх дээр 2020-2021 онд маш олон удаа миний нотлох баримтууд өөр болж хуудас солигдож, тэмдэглэл хийхгүй байнга хуралд оруулж байснаас үүдэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн баасан гаригт шүүгчийн туслахууд болон хэргийн хөдөлгөөний дарга н.Х- нартай хурц хэд хэдэн маргаж, улмаар тэрхүү маргаанаас давж заалдах шатны шүүхэд хавтаст хэргээ шалгахаар ирж бусад хууль бус ажиллагаанууд илрэх нөхцөл болсон. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаан даргалагч нь шүүгч Н.Б- байхад Д.Ц- даргалж хурлыг хийж, харин Н.Б- шүүгчийн нүүрийг тус хурал дээр бичлэгт харагдахгүйгээр байршуулсан байдаг нь тус хурлын бичлэгээр харагддаг. Энэ нь Д.Ц- шүүгч өөрөө хуйвалдааныг хийж сурсан, туршлагатайг харуулж байгаа нотлох баримт мөн гэж үзэж байна.
...Шинээр илэрсэн нөхцөл хэлэлцэх шүүх хурлын өмнө байхгүй гомдол өгөөгүй гэж хэлж байсан хүмүүс ингэж ард иргэдээ доромжилж болох уу. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Тамгын газраас хариуг өгөхгүй, гомдлыг бүтэн 3 сар хуурч төөрүүлэх, эсвэл хариуг өөр гаргасан хүсэлтээр гомдлыг шийдэх, ач холбогдолгүй, шал өөр хариуг шуудангаар илгээж хуурдаг, тус байгууллагуудаас хариугаа авч чадахгүй байгаа талаараа шүүхэд хэлэхэд баримт хамаагүй гээд даргалагч шүүгч Э.З- хуурч аргалсан нь хурлын эхэнд 1 минутад байгаагаар нотлогдоно. Д.Ц- нь даргалагчаар хурлыг удирдахдаа санаатайгаар даргалагч шүүгчийн нэрийг хэлэлгүй хурлыг явуулсан ба харин Н.Б- шүүгч нь даргалагч шүүгчээр гарын үсэг зурсан. Миний татгалзсан өмгөөлөгчийг давж заалдах тус хуралд надад хэлэлгүйгээр нууцаар оролцуулж, жинхэнэ хуралд орох ёстой намайг оруулаагүй, миний нотлох баримтуудыг устгасан. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шинээр илэрсэн нөхцөлийг хэлэлцүүлэх хуралдаанд Д.Ц- дахин орж ирэхэд 2019 оны шүүх хуралдаанд миний бие оролцоогүй тул түүнийг таниагүй. Харин шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан үзэхэд /царайгаа нуусан/ хоолойгоор нь танигдахаар байдаг. Мөн тус шүүх хуралдаанд 1 эрэгтэй, 2 эмэгтэй шүүгч орж ирсэн тул бичлэгт нүүрээ нуусан ч хүйсээ нуух, гарын үсгээ нуух боломжгүй юм. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаартай тогтоолыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр авч, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн магадлалтай зэрэгцүүлж гарын үсгийг үзтэл Д.Ц-ы гарын үсэг 2-ланд нь байдаг. Тэгвэл шинээр илэрсэн нөхцөлийг хэлэлцэх хурал болсон шалтгааны гол хуйвалдагч шүүгч асуудлыг хэлэлцэхэд дахин орж ирсэн нь шударгаар хурлыг хийх бололцоог устгасан. 2019 оны хуралд даргалагч шүүгч нь Н.Б- байтал оронд нь Д.Ц- даргалж байгаа нь тус хуйвалдааныг удирдаж явуулсан байх өндөр магадлалтай харагдаж байна. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч А.М- хүүхдүүдэд ногдох хэсгийг нэхэмжилснийг уншсаны дараа Д.Ц- шүүгч нэг зүйл бичиж А.М- шүүгчид дамжуулж, тэрхүү бичгийг уншаад /алдаа гаргаж 2 хүүхдийн ногдох хэсгийг нэхэмжилснийг хэлж алдаа хийчихлээ гэсэн байртай/, А.М- шүүгч тонгойж, инээж, хэлээ гаргаж байгаа нь жүжгийн нэг хэсэгт алдаа гаргаснаа илтгэж байгаа нь Д.Ц- шүүгч ямар нэг алдаа гаргасан тул А.М- шүүгчид сануулж байх шиг. Миний ажигласнаар дундын өмчлөлд хүүхдүүдийн талаар дурсахгүйгээр Э.Ц-г хасах гэж байснаа мартаад хүүхдүүдийг дурссаныг шүүмжилж сануулж байна гэж харлаа. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэгч миний гомдлоор гаргасан нэг хурал болох байсан. Тэрхүү хурлын товыг нарийн бичиг нараар зөрүүтэй өдөр хэлүүлж хохироодог арга нь шүүгч Д.Ц-, Э.З- нарын хуйвалдааны арга болж таарч байна. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралд Д.Ц- тулгаж, гаднаас орж ирсэн нь 2019 оны шүүх хуралдаанд даргалагч хийж байсныг таних вий гэж эмээсэн биз.
Д.Ц-, Э.З- шүүгчид нь миний хэргийг хэлэлцэх биш харин хуйвалдаануудаа хааж, шүүгчийн туслах нараа аврах гэж л хуралд нотлох баримтуудыг авахгүй, хэлэлцэхгүй хурал хийсэн болж, хурлын заалыг жүжгийн заал шиг сэтгэж суугаа нь олон үйлдлээр нотлогдоно. Д.Ц-, Э.З- нар шүүгчийн туслахаар худал хурлын тов зарлуулж байгаа шүүх хурлыг хуйвалдаанаар хийдэг болох нь энэ 2 хурлаас, дээрх үйлдлүүдээс харагдаж байна.” гэжээ.
Шүүгч Э.З- тайлбартаа: “Иргэн Э.Ц- Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан байх бөгөөд уг гомдол нь үндэслэлгүй байна. ... шүүхийн шүүгч Э.З- намайг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/ЕШ2022/00257 тоот захирамжаар ... шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01819 дугаар шийдвэртэй, ... шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1781 дугаар магадлалтай, Р.М-ы нэхэмжлэлтэй Э.Ц-д холбогдох иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэрийг албажуулсны дагуу шүүх хуралдааныг даргалагчаар оролцсон билээ. Иргэн Э.Ц- нь дээр дурдсан шийдвэр, магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт, түүнд хавсаргасан баримтуудыг тус шүүх 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 55 тоот тогтоол гаргаж, түүний хүсэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-179.1.3 дах хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй болохыг дүгнэж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно. Тус шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчийн тайлбарын агуулгыг бичих шаардлагын дагуу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга үйлдсэн байсан. Хариуцагч Э.Ц- шүүх хуралдааны тэмдэглэлд өөрийн хэлсэн тайлбарыг үг бүрийг нэг бүрчлэн оруулах хүсэлт гаргасныг шүүх хүндэтгэлтэй хандаж засварыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсгийг үндэслэн оруулсан. Хэргийн материалаас тэмдэглэлийг авч үзнэ үү. Иймд шүүх хуралдааны тэмдэглэл хуулийн дагуу үйлдэгдсэн, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчөөгүй. Шүүх хуралдааныг бичлэгээр бэхжүүлсэн бөгөөд бичлэгийг тус шүүхийн Тамгын газраас авч давхар хянаж үзнэ үү. Шүүх хуралдаанд нотлох баримт оруулахгүй гэж шахалт үзүүлсэн гэх агуулгатай гомдол үндэслэлгүй. Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны танхимд байхад цагдаагаас хэргийн оролцогч чемодантай шүүх хуралдаанд орох гээд байна гэж мэдэгдсэний дагуу шалгаад оруулах зөвшөөрлийг өгсөн. Шүүх хуралдааны дэг, аюулгүй байдлыг хангах ёстой үүргээ цагдаа зохих журмын дагуу явуулсан, түүнээс шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд орохоос өмнө шүүх хуралдааны танхимд ямар бэлтгэлтэй, юу авч явааг шалгах үүрэггүй. ... нээлттэй бүх шүүх хуралдаанд цагдаа байлцаж аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Өөр бусад шүүх хуралдааны бүх бичлэгээс харагдана. Шаардлагатай гэж үзвэл тус шүүхийн Тамгын газраас авч танилцаж болно. Хэргийн нотлох баримт устгагдсан байдал байхгүй. Хэргийн материалыг анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхдээ албан бичгээр ирүүлдэг бөгөөд уг албан бичигт хэргийг хуудсаар нь тоолж бүртгэж эрх бүхий албан тушаалтнууд хүлээн авдаг болно. Иргэн Э.Ц-гийн гомдолд дурдсанаар шүүгч надад ... шүүхийн ерөнхий шүүгчийг орлож байсан н.Н- шүүгч нөлөөлсөн байх магадлалтай гэсэн агуулга тусгагдсан байна. Шүүгч миний бие өргөсөн тангараг, шүүгчийн ёс зүйг өндрөөр сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, хууль, шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн удаагүй. ... шүүхийн шүүгч н.Н-тэй нэг шүүхэд хамт ажиллаж байгаагүй. Шүүгч н.Н- иргэний сургагч шүүгч багшаар олон жил ажилласан, миний бие 2012 оноос иргэний сургагч шүүгч багшаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд жил бүр иргэний сургалт явуулах, сургалтын гарын авлагыг бэлтгэж ажлыг 11 дэх жилдээ хийж гүйцэтгэж байна. Ингэхдээ иргэний сургагч багш нар хэргийн талаар ярилцаж, хувийн харилцаа тогтоож байсан удаагүй билээ. ... шүүхийн шүүгч Э.З- миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, шүүгчийн ёс зүйн алдаа гаргаагүй, Шүүхийн тухай хууль болон бусад хуульд заасан зөрчил гаргаагүй болно. Иймд иргэн Э.Ц-гийн гаргасан гомдол үндэслэлгүй, шүүх, шүүгч, шүүхийн ажилтныг гүтгэсэн шинжтэй байна. Ажлаа шударгаар явуулж буй төрийн албан хаагчдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг хамгаалах шударга ёс мөн үйлчлэх учиртай. Иймд иргэн Э.Ц-гийн гомдлыг хянаж хэрэгсэхгүй болгож, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 667 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Д.Ц- тайлбартаа: “Миний бие Р.М-ы хариуцагч Э.Ц-д холбогдуулан гаргасан, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хүүхдийн тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулахыг даалгах, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Э-ы өргөн чөлөө, Г п хотхоны 101 дүгээр байрны ... тоотод байрлах 2 өрөө орон сууцанд төлсөн төлбөрөөс өөрт ногдох хэсэг буюу 8,760,332 төгрөг гаргуулах, охин М.Элбэрэл, хүү М.Итгэлт нарын сургалтын болон эмчилгээнд гарсан зардлын тал хувь буюу 14,425,250 төгрөгийг Э.Ц-гээс гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг 23,879,663 төгрөг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Э-ы өргөн чөлөө, Г п хотхоны 101 дүгээр байрны ... тоотод байрлах 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, ... шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01819 дугаар шийдвэртэй хэргийг ... шүүх хуралдаанаар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд, мөн уг хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хэлэлцэх мөн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд тус тус оролцсон болно. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасан хуваарь, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулсны дагуу би дээрх хоёр шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91 дүгээр зүйлд заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч оролцож болохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгч татгалзан гарах үндэслэлд тус тус хамаарахгүй байгаа юм. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Монгол Улсын хууль, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдлөг болгон ажилласан тул надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү” гэжээ.
Шүүгч Д.Д- тайлбартаа: “... шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01819 дүгээр шийдвэртэй, ... шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1781 дүгээр магадлалтай Р.М-ы нэхэмжлэлтэй Э.Ц-д холбогдох иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт хариуцагч Э.Ц- гаргасан тул анхан шатны шүүхээс тус шүүхэд түүний хүсэлт болон хавсаргасан баримтуудын хамт хэргийг ирүүлсэн байна. Э.Ц-гийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлттэй хэрэг нь Шүүхийн тухай хууль болон тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан хэрэг, өргөдөл, гомдол хүлээн авах, хуваарилах болон шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журам батлах тухай 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00015 дугаар тогтоол түүний хавсралтад зааснаар шүүгч Д.Д- надад зохих журмын дагуу хуваарилагдан ирсэн. Дээрх хариуцагчийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Э.З-г, бүрэлдэхүүнд Д.Ц-, Д.Д- нарыг томилж тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Ерөнхий шүүгчийн 210/ЕШ2022/00257 дугаартай шүүгчийн захирамжаар албажуулсны дагуу уг хэргийн илтгэгч шүүгчээр миний бие шүүх хуралдаанд оролцсон байдаг. Э.Цэцгийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг туслах шүүгч Б.Н- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх хуралдааны товыг зохигчдод мэдэгдсэн болно. /хэргийг татаж үзнэ үү/ Шүүх хуралдаанаар Э.Ц-гийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ түүний хүсэлт болон хавсаргасан баримтуудаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1, 179.2, 179.3 дахь хэсэгт заасан гурван үндэслэлийн аль нь ч тогтоогдоогүй тул хуульд нийцүүлэн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Мөн хэргийг анхан шатны шүүхээс дугаарлаж, албан бичгээр хэргийн хавтас хуудасны тоог бичиж ирүүлснийг тус шүүхийн зохих албан тушаалтнууд шалгаж хүлээн авсан байна. Шүүгч би шүүх хуралдааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу явуулж талууд мэтгэлцсэнээс гадна хүсэлт гаргагчийн мэтгэлцэх эрх болон бусад эрхийг хязгаарлаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдоно. Миний бие хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдын хэн алиныг танихгүй, уулзаагүй, нэхэмжлэгч Р.М-тай хамт ажиллаж байгаагүй, хэн алинд нь ямар нэгэн давуу байдал олгоогүй тул ямар нэг хууль зөрчөөгүй, шүүгчийн ёс зүйн алдаа гаргаагүй болно. Иймд Э.Ц-гийн гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналд: “Өргөдөл гаргагч иргэн Э.Ц-д холбогдох иргэн Р.М-ы нэхэмжлэлтэй “хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулахыг даалгах...”нэхэмжлэлтэй иргэний хэргийг ... шүүх 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 102/ШШ2019/01819 дүгээр шүүхийн шийдвэрээр, ... шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1781 дүгээр магадлалаар тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч Э.Ц- ... шүүхэд “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр магадлалыг хянуулах тухай хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргаж, тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаар тогтоолоор хариуцагч Э.Ц-гийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Өргөдөлд дурдсан “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр шинээр илэрсэн нөхцөлийг хэлэлцүүлж, үнэн зөвөөр шийдүүлэх гэж бүтэн чемодан дүүрэн нотлох баримт авчрахад шүүх танхимд оруулаагүй..., цагдаагаар дарамталж..., ...нотлох баримтыг аваагүй, үнэлээгүй, бодит байдлыг тодруулаагүй, мэтгэлцүүлэлгүй хурлыг хийлгэж...хуурамч хурал болсон...” гэх үндэслэлүүдийн тухайд:
Хэрэгт авагдсан баримт болох ... шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Р.М-ы нэхэмжлэлтэй шүүх хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлд хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу засвар оруулсан хувь, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр:
Шүүх хуралдааны дуу дүрсний нийт 34 минут 38 секунд үргэлжилсэн бичлэгийн 00 цаг 00 минут 01 секундээс хариуцагч Э.Ц- шүүх хуралдааны танхимд чирдэг чемодантай орж ирж хариуцагчийн суудалд сууж байна.
... шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 55 дугаар тогтоолтой иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл /хариуцагчийн хүсэлтээр засвар оруулсан хувь/, дуу, дүрсний бичлэгүүдэд:
Даргалагчаас: Хариуцагч тал санал, хүсэлт байна уу, шүүх хуралдаан явуулах боломжтой юу гэхэд /дуу, дүрсний бичлэгийн 00 цаг 02 минут 27 секундээс/
Даргалагчаас: За, боломжтой юу..., гэхэд
Хариуцагч:/Тэмдэглэлийн 2 дугаар хуудасны 22 дахь мөр/ ...Тэр талаар тайлбаруудаа би хэлнэ гээд баримтуудаа заав гэх, /бичлэгийн 00 цаг 03 минут 22 секунд/
...Даргалагчаас: За та хүсэлтээ яриад болсон уу, за сууж байгаарай гэхэд /тэмдэглэлийн 9 дүгээр хуудасны 29 дүгээр мөрнөөс/
Хариуцагч: Би баримтууд өгөх үү, гэрлэлтийн баталгаа, твд хандаж байсан ийм юмнууд надад байгаад байна, тодорхойлолт, биднийг таних хүмүүс бичсэн байдаг юм. /дуу, дүрсний бичлэгийн 00 цаг 27 минут 39 секундээс/
Даргалагчаас: Таны нөгөө 37 хуудас баримтууд хамт өгөв гэж байгаа биз дээ гэхэд
Хариуцагч: Уг нь би баримтууд авчирсан юм.
Даргалагчаас: Өгсөн хэмжээнд чинь байгаа гэхэд
Хариуцагч: Би энэ дээр бас өгөх байх гээд авчирсан гэв.
Даргалагчаас: За, та сууж бай, сууж бай, сууж бай гэхэд
Хариуцагч: Өгөхгүй юм байна тэ, за гэв” гэх зэрэг мэдүүлэг, тайлбар, баримтаас шүүх хуралдаанд хариуцагч Э.Ц-гийн авч очсон нотлох баримтыг шүүх хуралдааны танхимд оруулсан болох нь тогтоогдож байна.
Харин тухайн нотлох баримтыг аваагүй, үнэлээгүй гэх тухайд хариуцагчийн гаргаж өгсөн 37 хуудас бүхий нотлох баримтыг авсан талаар шүүх хуралдааны явцад дурдагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан үнэлэх, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх асуудал нь шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой асуудал байх тул үүнд дүгнэлт өгөх боломжгүй юм.
Шүүх хуралдааны дэг сахиулах зорилгоор тухайн шүүх хуралдаанд цагдаагийн ажилтан байлцсан нь цагдаагаар дарамталсан гэж үзэх үндэслэл болохгүй.
Шүүх хуралдааны дэгийн дагуу хуралдаан явагдаж, хариуцагчаас шүүх хуралдаан явуулах боломжтой эсэхийг тодруулсан байх бөгөөд хариуцагч “боломжтой” гэснээр шүүх хуралдаан үргэлжлэн хариуцагчийн хүсэлтийг шүүх хуралдааны үед таслалгүй яриулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, дуу, дүрсний бичлэгт авагдсан байна.
Тус шүүх хуралдааны тэмдэглэл 10 хуудас бүхий байх бөгөөд тэмдэглэлийн 2 дугаар хуудасны 29 дэх мөрөөс хойш 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хуудасны 28 дахь мөрийг дуустал, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн 00 цаг 07 минут 18 секундээс 00 цаг 27 минут 38 секунд хүртэл 20 минут 20 секундийн хугацаанд тасралтгүй яриулсан болох нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг болоод тэмдэглэлүүдэд хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлүүдийг тодорхойлохдоо тус хуулийн 179.1-т “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг дараах үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно гээд 179.1.1-т “шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл;”, 179.1.2-т “шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч, эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;”, 179.1.3-т “шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон” гэж заажээ.
... шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаар тогтоолын хянавал хэсэгт “...хүсэлт гаргагчийн хүсэлтдээ хавсаргасан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1, 179.1.2, 179.1.3-т заасан үндэслэлийн алинд ч хамаарахгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл бүрдээгүй байна” гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн зэргээс шүүх бүрэлдэхүүний нэр бүхий шүүгч нар хариуцагчийг дарамталсан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
“...хурлыг даргалж орсон нь Э.З- шүүгч байсан ба энэ шүүгч нь бүх хорыг анхнаас нь найруулалцсан ... шүүхийн Ерөнхий шүүгчийг орлож байсан Д.Н- шүүгчийн нөлөөгөөр болсон байх магадлал өндөр байна..., ...шүүгч насаараа хийсэн Д.Н-тэй Р.М- нь хувийн болон ажлын 20 жилийн холбоотой..., шүүгч Э.З- шүүгч Д.Н-тэй олон жил шүүхийн үйл ажиллагаанд хамтарч ирсэн нь ном товхимол, гарын авлага дээр нэр нь зурайж байдаг баримтуудтай...” гэх тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргах эрх хариуцагчид байсан боловч хариуцагч дээрх асуудалд холбогдох ямар нэг хүсэлт гаргаагүй байна. Харин хамт ажилладаг болон хамт ажилладаг байсан, хамтран ном гаргасан зэрэг нь дээрх шүүгч нар болоод хэргийн оролцогчийг хуйвалдсан гэж шууд үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.
“2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн шинээр илэрсэн нөхцөл байдлыг хэлэлцүүлэх хуралд Д.Ц- дахин орж ирэхэд 2019 оны хуралд Ц- би оролцоогүй тул түүнийг таниагүй..., ...шинээр илэрсэн нөхцөлийн хурал болох шалтгааны гол хуйвалдааныг зохион байгуулсан шүүгч асуудлыг хэлэлцэхэд дахин орж ирсэн нь шударгаар хурлыг хийх бололцоог устгасан...” гэх тухайд:
Э.Ц-гийн гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр магадлалыг хянуулах хүсэлтийг шийдвэрлэх бүрэлдэхүүнийг ... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 257 дугаар захирамжаар албажуулахдаа шүүх хуралдааныг даргалагчаар шүүгч Э.З-, бүрэлдэхүүнд Д.Ц-, Д.Д- нарыг томилсон шийдвэрийг албажуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... дүгээр зүйлийн ... дүгээр зүйлийн 181.1-д “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ”, 181.2-т “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн дахин оролцохгүй” гэж заасан байх ба Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар /2014/-т хуулийн ... дүгээр зүйлийн 181.2-т заасныг тайлбарлахдаа “энэ зүйлийн 181.2-т “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч” гэдэгт анхан шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хамааралтай бөгөөд Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хамааралгүй гэж ойлгож болох юм”[1] гэжээ.
Үүнээс үзвэл Р.М-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн ... шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Д.Ц- оролцож, ... шүүхийн 10 дугаар сарын 07-ны өдрийн 1781 дугаартай магадлал гарсан, дээрх магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар 2021 оны 12 дугаар сарын 25-нд гаргасан иргэн Э.Ц-гийн хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Д.Ц- дахин оролцсон нь хууль зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас шүүгч Э.З-, Д.Д-, Д.Ц- нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Иймд ... шүүхийн шүүгч Э.З-, Д.Д-, Д.Ц- нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 667 дугаартай захирамжаар ... шүүхийн шүүгч Э.З-, Д.Ц-, Д.Д- нарт сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулаад сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргажээ.
Саналыг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд “...шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох хангалттай нотлох баримт бүрдсэн ч холбогдох нотлох баримтыг үнэлээгүй, холбогдох иргэний хэрэг, шүүх хуралдааны тэмдэглэлүүд болон шүүх хуралдааны дуу, дүүрсний бичлэгүүдэд үзлэг хийж, тэмдэглэл хөтөлж сахилгын хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай байна” гэж бүрэлдэхүүн дүгнээд тус саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж шийдвэрлэсэн байна.
Шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, иргэн Э.Ц- нь ... шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01819 дүгээр шийдвэртэй, ... шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1781 дүгээр магадлалтай Р.М-ы нэхэмжлэлтэй Э.Ц-д холбогдох иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг ... шүүхэд гаргажээ.
... шүүхийн шүүгч Э.З- даргасан 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1, 179.2, 179.3 дахь хэсэгт заасан гурван үндэслэлийн алинд ч хамаарахгүй, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлалыг хянах үндэслэл бүрдээгүй байх тул хариуцагч Э.Ц-гийн хүсэлтийг хангахгүй орхисон байна.
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн ... шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Р.М-ы нэхэмжлэлтэй шүүх хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлд хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу засвар оруулсан хувь, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн байна.
Шүүх хуралдааны дуу дүрсний нийт 34 минут 38 секунд үргэлжилсэн бичлэгийн 00 цаг 00 минут 01 секундээс хариуцагч Э.Ц- шүүх хуралдааны танхимд чирдэг чемодантай орж ирж хариуцагчийн суудалд сууж байна.
Шүүх хуралдааны дуу дүрсний нийт 34 минут 38 секунд үргэлжилсэн бичлэгийн 00 цаг 00 минут 01 секундээс хариуцагч Э.Ц- шүүх хуралдааны танхимд чирдэг чемодантай орж ирж хариуцагчийн суудалд суусан, 00 цаг 07 минут 18 секундээс 00 цаг 27 минут 38 секунд хүртэл 20 минут 20 секундийн хугацаанд тасралтгүй яриулсан мөн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч Э.Ц-гийн хүсэлтээр засвар оруулсан байна.
Үүгээр өргөдөлд дурдсан дээрх шүүх хуралдаанд чемодан дүүрэн нотлох баримт авчрахад шүүх танхимд оруулаагүй, мэтгэлцүүлэлгүй гэх үйл баримт үгүйсгэгдэж байна.
Мөн цагдаагаар дарамталсан, нотлох баримтыг аваагүй, үнэлээгүй, бодит байдлыг тодруулаагүй гэх тухайд, шүүх хуралдааны дэг сахиулах зорилгоор тухайн шүүх хуралдаанд цагдаагийн ажилтан байлцсан нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.
Хэрэв цагдаагийн ажилтантай холбоотой гомдол байгаа бол харьяалах байгууллагад нь хандах гомдлоо шийдвэрлүүлэх эрх нээлттэй.
Харин нотлох баримт үнэлэх тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заажээ.
Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт үнэлэхтэй холбоотой шүүгчийн ажиллагааг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
“...хурлыг даргалж орсон нь Э.З- шүүгч байсан ба энэ шүүгч нь бүх хорыг анхнаас нь найруулалцсан ... шүүхийн Ерөнхий шүүгчийг орлож байсан Д.Н- шүүгчийн нөлөөгөөр болсон байх магадлал өндөр байна...” гэх тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал тус хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргах эрхийг хэргийн оролцогчдод олгосон байна.
... шүүхийн шүүгч Э.З- даргалсан 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаан даргалагч нь зохигчдоос шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзах хуульд заасан үндэслэлийн талаар тайлбарлан өгөөд, татгалзал байгаа эсэхийг асуухад зохигчид татгалзах зүйлгүйгээ илэрхийлээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна.
Энэ нь шүүгчийг хэн нэгний нөлөөнд автаж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.
“2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шинээр илэрсэн нөхцөл байдлыг хэлэлцүүлэх хуралд шүүгч Д.Ц- дахин орж ирэхэд 2019 оны хуралд Ц- би оролцоогүй тул түүнийг таниагүй..., ...шинээр илэрсэн нөхцөлийн хурал болох шалтгааны гол хуйвалдааныг зохион байгуулсан шүүгч асуудлыг хэлэлцэхэд дахин орж ирсэн ...” гэх тухайд:
... шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01819 дүгээр шийдвэртэй, Р.М-ы нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ц-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн ... шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.
Тус шүүх хуралдааныг шүүгч Н.Б- даргалж, шүүгч Д.Ц-, А.М- нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж, 1781 дугаартай магадлалаар шийдвэрлэжээ.
Хариуцагч Э.Ц- 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ... шүүхэд “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 1791 дугаартай магадлал хянуулж, хүчингүй болгох тухай” гэх хүсэлтийг өгсөн байна.
... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 257 дугаар захирамжаар Э.Ц-гийн гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр, магадлалыг хянуулах хүсэлтийг шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Э.З-, бүрэлдэхүүнд Д.Ц-, Д.Д- нарыг томилж, улмаар дээрх бүрэлдэхүүнтэйгээр хүсэлтийг хянан хэлэлцжээ.
Дээрхээс үзэхэд, шүүгч Д.Ц- нь анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн, мөн хариуцагч Э.Ц-гээс гаргасан магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн хянуулах тухай хүсэлтийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах журмаар шийдвэрлэсэн нь тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... дүгээр зүйлийн ... дүгээр зүйлийн 181.1-д “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ”, 181.2-т “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн дахин оролцохгүй” гэж тус тус хуульчилсан.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч гэдэгт анхан шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хамааралтай бөгөөд Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хамааралгүй гэж ойлгоно.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгч Э.З-, Д.Ц-, Д.Д- нарт үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Түүнчлэн, өргөдөл гаргагч Э.Ц- нь Сахилгын хорооны хуралдаанд гэрчээр оролцох тухай хүсэлтийг удаа дараа гаргажээ.
Илтгэгч гишүүн сахилгын хэргийг үүсгэсний дараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан шалгах ажиллагааг явуулдаг бөгөөд тус хуулийн 105.2.3-т зааснаар гэрчийг дуудаж мэдүүлэг авах эсэх нь илтгэгч гишүүний хуулиар олгосон бүрэн эрхийн асуудал юм.
Илтгэгч гишүүнээс өргөдөл гаргагчийг Сахилгын хорооны хуралдаанд гэрчээр дуудаагүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.6-д “...өргөдөл, мэдээлэл гаргагч нь гэрчээр дуудагдсанаас бусад тохиолдолд хуралдаанд ажиглагчаар оролцож болно” гэж заасны дагуу өргөдөл гаргагч Э.Ц-гээс гаргасан хүсэлтийг хангах боломжгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Э.З-, Д.Ц-, Д.Д- нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Б.СУГАР
[1] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар /2014/ /428 дугаар нүүрт/