МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-10-19
Дугаар 234
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, өргөдөл гаргагч О.Э /цахим/ нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар иргэн О.Э ын өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Б.Б , Б.З , Т.Ө нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:
“... 1. Өргөдөл гаргагчаас “Шүүгч Б.Б нь надад холбогдох хэргийг 2021 онд хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байсан бөгөөд дахин 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ... шүүхэд болсон давах шатны хуралд оролцсон зөрчлийг гаргасан” гэх үндэслэлийг дурджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж заасан байна.
Холбогдох шүүгч Б.Б “хяналтын шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаагүй” гэх тайлбарыг ирүүлсэн. Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 06/3598 дугаар албан бичиг, ... шүүхийн Тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 547 дугаар албан бичгүүдээр О.Э д холбогдох эрүүгийн хэргийн Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Ерөнхий шүүгчийн захирамжуудыг ирүүлсэн бөгөөд дээрх Ерөнхий шүүгчийн захирамжуудад шүүгч Б.Б ийг шүүх бүрэлдэхүүнд томилсон захирамж байхгүй байна.
Харин ... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ЕШЗ дугаар захирамжаар шүүгч Б.З ийн илтгэж буй О.Э д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан даргалагчаар Т.Ө ыг, шүүх бүрэлдэхүүнд Б.Б ийг тус тус томилсон шийдвэрийг албажуулжээ.
Иймд шүүгч Б.Б нь шүүгдэгч О.Э д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд оролцохдоо Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байсан тул өргөдөл гарагчийн шүүгч Б.Б хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд оролцож байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн О.Э нь шүүгч Б.Б т холбогдуулан дээрх өргөдлийн үндэслэлээр Шүүхийн сахилгын хороонд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гаргасан байх бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1198 дугаар гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
2. Түүнчлэн өргөдөл гаргагч “Уг хуралдааны даргалагч Т.Ө нь миний Б.Б шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг хэлэх боломжийг олгохгүй шүүх хуралдааныг явуулсан. Учир нь миний 461 дүгээр цагдан хорих ангид хоригдож байгаа учир онлайнаар оролцсон бөгөөд татгалзан гаргах хүсэлтийг хэлэх боломжийг минь олгоогүй” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч О.Э д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ө даргалж, шүүгч Б.Б , Б.З нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Э , прокурор Н.Г , шүүгдэгч О.Э , түүний өмгөөлөгч Д.Б , О.Б , хохирогч Б.Ж , түүний өмгөөлөгч Б.Г , хохирогч С.Э ийн өмгөөлөгч Ж.Э , хохирогч Х.Г , Х.Г нарын өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан явуулсан байна.
Тухайн өдрийн ТЭ/220/2022/ДШМ/739 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд “Даргалагчаас: Энэ шүүх хуралдааныг ... шүүхийн шүүгч Т.Ө даргалж, шүүгч Б.Б , Б.З нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э ийг оролцуулан хийж байгааг танилцуулж, оролцогчдод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзан гаргах эрхтэйг тайлбарлав. Оролцогчид: Ойлголоо, татгалзал байхгүй гэцгээв” гэж тэмдэглэгдсэн. Мөн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт “01:51-02:13 секундэд Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүнийг танилцуулъя. Өнөөдрийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ө миний бие даргалж, шүүгч Б.Б , шүүгч Б.З нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэнэ. Нарийн бичгийн даргаар Б.Э оролцож байна. Танилцуулсан шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн даргаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр оролцогчид татгалзах эрхтэй. Хуульд заасан үндэслэлээр оролцогч нарт татгалзал байна уу гэхэд хэргийн оролцогч нараас татгалзал байхгүй” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно”, 2 дахь хэсэгт “Шүүгчийг татгалзан гаргах асуудлыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө шийдвэрлэнэ. Шүүх хуралдаан эхэлснээс хойш татгалзан гаргах үндэслэл мэдэгдвэл уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болно” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн заалтаас үзвэл хэргийн оролцогч нар нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлт гаргах бол шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө хүсэлтээ хэдийд ч гаргах эрх нь нээлттэй байсан. Шүүх хуралдаан даргалагч нь хуульд заасны дагуу хэргийн оролцогч нараас шүүх бүрэлдэхүүнээс татгалзах эсэхийг асуусан байх тул даргалагч шүүгчийг шүүгчээс татгалзан гаргах боломж олгоогүй гэж үзэхгүй.
3. Түүнчлэн өргөдөл гаргагчаас “Миний 2021 оны 07 дугаар сарын 28-наас өнөөдрийг /2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр/ хүртэлх хоригдсон хоног 356 хоног тасралтгүй хоригдсон байхад 180 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн /магадлалын тогтоох хэсэгт/ зөрчил гаргалаа” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т “шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон”, мөн хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж тус тус зааснаас үзвэл анхан шатны шүүх нь шийтгэх тогтоол гаргахаас өмнө цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцохоор, давж заалдах шатны шүүх нь ял шийтгүүлсэн буюу шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцохоор тус тус зохицуулжээ.
Мөн шүүгч Б.З “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэсний дагуу анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэсэн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл шүүгдэгч О.Э ын цагдан хоригдсон 180 хоногийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсон нь хуульд нийцсэн...” гэх тайлбарыг ирүүлсэн нь үндэслэл бүхий байна. Иймд шүүх бүрэлдэхүүнийг өргөдөл гаргагчийн үндэслэлийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
4. Өргөдөл гаргагч “Давж заалдах шатны хуралдаанд даргалагч шүүгч Т.Ө нь шийдвэрээ уншихдаа хоригдсон хоног болон оруулж тооцох хоногийн талаар огт хэлээгүй уншаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8-1.8-д заасан ...Уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийг тогтоох хэсгээс зөрүүтэй бол ...гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо” гэх өргөдлийн үндэслэлийг дурдсан байна.
2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ДШМ/739 дугаар магадлалын тогтоох хэсэгт “... шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Э , түүний өмгөөлөгч Д.Б , О.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э ын цагдан хоригдсон 180 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай” гэжээ.
Мөн өдрийн шүүх хуралдааны бичлэгт “...Даргалагчаас: Магадлалаар давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагааг хянах эрхийн хүрээндээ гомдлоор хэргийг хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж дараах дүгнэлтийг хийж байна. Шүүгдэгч О.Э ын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон байна. Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримт хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн талаарх нотолбол зохих нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах прокурорын хяналт анхан шатны шүүхийн хуралдаанд мэтгэлцээний үндсэн дээр явагдаж дүгнэлт хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж үзсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүх хуралдааныг хаав” гэсэн байна.
Дээрх шүүх хуралдааны бичлэгт даргалагчаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн талаар оролцогчдод танилцуулсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар бичигдсэн байна. Магадлалд шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцно гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-т “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэж заасанд хамаарахгүй тул шүүх бүрэлдэхүүнийг Монгол улсын шүүхийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж буруутгах боломжгүй юм.
Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1137 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар ... шүүхийн шүүгч Б.Б , шүүгч Б.З , шүүгч Т.Ө нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Шүүгч Б.Б , Т.Ө нар Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... ... шүүхийн шүүгч Б.Б хяналтын шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаагүй тул О.Э д холбогдох хэргийг хэлэлцсэн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
... ... шүүх хуралдаанаар О.Э д холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүнийг нэр заан танилцуулж, хуульд заасан үндэслэлээр татгалзах эрхтэйг тайлбарлан оролцогч нараас татгалзах эсэхийг асуухад оролцогч нараас татгалзах хүсэлт гаргаагүй. О.Э нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд тэрээр хуралдааны аль ч үед өмгөөлөгчөөсөө хууль зүйн туслалцаа авах боломжтой байсан төдийгүй, түүний өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа үзүүлж байгаагийн хувьд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг гаргах эрх хуралдааны бүхий л цаг хугацаанд нээлттэй байсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...шүүх хуралдаан эхэлснээс хойш татгалзан гаргах үндэслэл мэдэгдвэл уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болно" гэж зааснаар оролцогч нь шүүх хуралдааны аль ч үед шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргах боломжтой байсан төдийгүй О.Э ын эрхийг хязгаарласан нөхцөл байдал үүсгээгүй.
... Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.Э холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн болохыг оролцогч нарт танилцуулсан бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул О.Э ын шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон ...хоногийг хуульд заасан учраас ял эдлэх хугацаанд оруулж тооцсон.
... Давж заалдах шатны шүүх О.Э д холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн болохыг оролцогч нарт танилцуулсан бөгөөд бичгээр гаргасан магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн болохыг заасан.
Шүүгч нь хууль хэрэгжүүлэгч субъектийн хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заасан нь зөрүүтэй байдал үүсгэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэж заасан нь агуулгын хувьд зөрүүтэй байдал үүсгэсэн, үүнээс болж шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байдал үүссэнээр ноцтой зөрчилд тооцохоор хуульчлагдсан болно” гэжээ
Шүүгч Б.З Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Нийслэлийн прокурорын газраас О.Э д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг ... шүүх харьяаллын дагуу хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хэлэлцэж, 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоол гаргаж шийдвэрлэснийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэхэд миний бие илтгэгч шүүгчээр оролцон хэлэлцүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “процессын хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд манай магадлалыг хэргийн оролцогч эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар Улсын Дээд шүүх 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хэргийг хэлэлцэж, 108 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Ингээд шүүгдэгч О.Э д холбогдох хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцэж, 2022/ДЗМ/739 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Ийнхүү шийдвэрлэхдээ, мэдээлэл гаргагчийн гомдолд дурдсан хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгч давж заалдах шатны шүүхээр хэргийг нь хэлэлцэхэд оролцоогүй бөгөөд мэдээлэл гаргагч өөр шүүгчтэй андуурсан байна.
Давж заалдах шатны шүүх хуралдааныг даргалагч нээж, дараагаар нь шүүх бүрэлдэхүүн, оролцогчдыг нэр заан танилцуулж, татгалзах эсэх талаар шүүх хуралдааны оролцогчдоос асууж тодруулсны дараа хуралдааныг цааш үргэлжлүүлж явуулахыг хуульчилсан бөгөөд энэ дагуу даргалагч Т.Ө тухайн шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Г , шүүгдэгч О.Э , түүний өмгөөлөгч Д.Б , О.Б , хохирогч Б.Ж , түүний өмгөөлөгч Б.Г , хохирогч С.Э ийн өмгөөлөгч Ж.Э , хохирогч Х.Г , Х.Г нарын өмгөөлөгч Б.Г нараас шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзах татгалзал байгаа эсэх талаар асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэсний дагуу анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэсэн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл шүүгдэгч О.Э ын цагдан хоригдсон 180 хоногийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсон нь хуульд нийцсэн. Харин мэдээлэл гаргагч цагдан хоригдсон нийт хугацааг оруулан тооцох байсан талаар бичсэн гомдол нь үндэслэл буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн цагдан хоригдсон хугацаа тус тусдаа тоологдож, нийт нийлбэр хугацаа нь тухайн этгээдийн ял эдлэх хугацаанаас хасагддаг хуулийн зохицуулалттай юм. Шүүх хуралдаан даргалагч магадлалын агуулгыг танилцуулахдаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг танилцуулж, цагдан хоригдсон хугацааг оруулан тооцсон болох нь магадлалд бичигдсэн байгаа тул мэдээлэл гаргагч О.Э ын эрх ашгийг хөндөөгүй гэж үзэхээр байна. Дээрх үндэслэлүүдийг холбогдох хуулийн дагуу хянаж, мэдээлэл гаргагч О.Э ын гомдлын дагуу үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч нь О.Э /өөрт/ холбогдох эрүүгийн ... дугаар хэргийг ... шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ДШМ/739 дугаар магадлалаар шийдвэрлэсэн шүүгч Б.Б т холбогдуулан “надад холбогдох хэргийг 2021 онд хяналтын шатанд нь хянах хуралдаанд оролцож, дахин 2022 оны давах шатны хуралд оролцсон” гэж, шүүгч Т.Өт холбогдуулан “Б.Б шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хэлэх боломж олгохгүй шүүх хуралдааныг явуулсан” гэж, шүүх бүрэлдэхүүнд холбогдуулан “356 хоног тасралтгүй хоригдсон байхад магадлалд 180 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсон, шийдвэрээ уншихдаа хоригдсон хоног болон оруулж тооцох хоногийн талаар огт хэлээгүй, уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” гэх агуулгаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл мэдээлэл ирүүлжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас өргөдөлд дурдсан үйл баримтуудыг хянаж үзвэл:
1. Шүүгч Б.Б нь ... шүүхийн шүүгч бөгөөд илтгэгч гишүүний шалгах ажиллагаагаар О.Э д холбогдох эрүүгийн хэрэгт 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ... шүүх, ... шүүх болон Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжуудаар нийт 24 удаа “шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан”, үүнээс шүүгч Б.Б нь анхан болон хяналтын шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаагүй болох нь тогтоогдсон.
Шүүгч Т.Ө даргалж, шүүгч Б.Б , Б.З нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн ... шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны эхэнд даргалагчаас “шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэрээр нь танилцуулж, татгалзан гаргах эрхтэйг тайлбарлан, татгалзал байна уу” гэхэд оролцогчид “татгалзал байхгүй” гэсэн нь тус өдрийн ТЭ/220/2022/ДШМ/739 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь талд тэмдэглэгдсэн, мөн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн 00:01:51 хэсгээс энэ нь нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн 2-т “Шүүгчийг татгалзан гаргах асуудлыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө шийдвэрлэнэ. Шүүх хуралдаан эхэлснээс хойш татгалзан гаргах үндэслэл мэдэгдвэл уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болно" гэж заасан бөгөөд шүүх хуралдааны явцад О.Э аас шүүгчийг татгалзан гаргах хүсэлт өгөөгүй, даргалагчаас О.Э ыг хүсэлт гаргахыг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал дээрх шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс тогтоогдсонгүй.
Иймд “шүүгч Б.Б өмнө нь 2021 онд хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хэлэх боломж олгохгүй шүүх хуралдааныг явуулсан” гэх өргөдөл үндэслэлгүй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т “шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон”-ыг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар заасны дагуу дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн ... шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолоор “шүүгдэгч О.Э ын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 176 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцон” шийдвэрлэжээ.
... шүүхийн 2022/ДШМ/739 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтаар тус анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 2 дахь заалтаар “ял шийтгүүлсэн буюу шийтгэх тогтоол гарсан 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш магадлал гарсан 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл О.Э ын цагдан хоригдсон нийт 180 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсон” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасанд нийцсэн байх тул “356 хоног тасралтгүй хоригдсон байхад магадлалд 180 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцож хууль зөрчсөн” гэх өргөдөл нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх 1/анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх; 2/анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох; 3/ анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах; 4/хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах; шийдвэрийн аль нэгийг гаргаж, мөн хуулийн 39.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохоор зохицуулсан.
... шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт даргалагчийн уншин сонсгосон шүүхийн шийдвэр, мөн өдрийн магадлалын тогтоох хэсэгт аль алинд нь “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” шийдвэрийг гаргажээ.
Иймд шийдвэрийг уншин сонсгохдоо “хоригдсон хоног болон оруулж тооцох хоногийн талаар огт хэлээгүй” гэсэн нь дээрх хуулийн 39.10 дахь хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд “уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” гэж үзэхгүй, энэ талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий байна.
Дээрх үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяагийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Б.Б , шүүгч Б.З , шүүгч Т.Ө нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Х.ХАШБААТАР