info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-10-18

Дугаар 233

Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл оногдуулах тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Нямжаргал, Ерөнхий шүүгч Л.Б , шүүгч Г.Н , П.П  нар /цахимаар/, өргөдөл гаргагч Д.Н  /гэрч/ нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар иргэн Д.Н ын өргөдөлтэй, ...  шүүхийн Ерөнхий шүүгч Л.Б , шүүгч П.П , шүүгч Г.Н  нарын сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг, гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Илтгэгч гишүүн нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ:

“ ... Өргөдөл гаргагч өргөдөлдөө  “2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй” гэж дурджээ.

...  шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗТ/01 шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 2.2-т “хэргийг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд хэргийг илтгэж байгаа шүүгч өөрөө даргалж байхаар тогтоосугай” гэж заасан. Тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ЕШЗ/138 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагч Ж.Э д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч П.П , бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Л.Б , шүүгч Г.Н  нарыг томилсон шийдвэрийг албажуулж, шүүгч П.П  тухайн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Өргөдлийн дагуу шалгах ажиллагаа явуулж шүүгчийн туслах Б.М лаас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлэгтээ “... Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга 7 хоногийн дотроо надад өгсөн. Хэдний өдөр өгснийг санахгүй байна. Би хойшлуулсан тогтоолыг гаргаад нарийн бичигтээ өгсөн. Тогтоох хэсгийн заалттай нь явуулсан. Тэмдэглэл өгсөн гар бүртгэл уг нь байдаг. Би гарын үсэг зураад авч байсан. Одоо хаана байгааг мэдэхгүй байна, ... Шүүх  хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахад тэмдэглэл байхгүй байсан уу гэх асуултад “тийм” гэж хариулжээ. Мөн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ТЭ/168/2022/ШЦТ/180 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 13 дугаар хуудсанд өмгөөлөгч Г.А ийн шүүгдэгчийн гэм буруугийн тайлбарт “... мөн тэр өдрийн хурлын тэмдэглэл, хурал дээр яригдсан гаргасан хүсэлттэй холбоотой хэлж ярьсан зүйлүүдээ хуралдаанд шинжлүүлэх гэхэд тэр хурлын тэмдэглэл байхгүй” гэж, мөн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт өмгөөлөгч Г.А  04:09-07:06 секундэд “... 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2022/ШТ/03 дугаар “шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих тухай” шүүхийн тогтоол гарсан. Энэ тогтоолын хурлын тэмдэглэл авагдаагүй байна. Энэ хурлын тэмдэглэл байхгүй учраас шинжлэн судалж чадсангүй гэдгийг хэлье. Хавтаст хэрэгт шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт авагдаагүй байгаа. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШТ/07 дугаар шүүхийн тогтоол гарсан тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл нь байхгүй. Шинжлэн судлуулах боломжгүй байна. Энийг тэмдэглүүлье” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах тухай хүсэлт гаргах”, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна”, 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй”,  3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авсан шүүх 3 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах санал, хүсэлтийг хэлэлцэхэд шаардлагатай бол санал, хүсэлт гаргасан хүнийг байлцуулж болно” 5 дахь хэсэгт “Оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний бичлэгийг түүнд танилцуулна” гэж тус тус заажээ.

Дээрхээс үзвэл өмгөөлөгч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж засвар оруулах хүсэлт гаргах эрхийг хуулиар олгосон байна. Шүүх хуралдааны явцад буюу нотлох баримтыг шинжлэн судлах үе шатанд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн, 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлүүд хавтаст хэрэгт байгаагүй нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, гэрчийн мэдүүлэг болон шүүгч нараас авсан нэмэлт тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгч П.П  нь өөрийн илтгэж буй хэрэгт хяналт тавих үүргээ биелүүлээгүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өмгөөлөгчийг өөрийн оролцсон шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрхээр нь хангаагүй гэж үзэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Д  оролцсон бөгөөд ...  аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар нарийн бичгийн дарга Б.Д ыг албан үүргээс нь чөлөөлсөн байгааг дурдах нь зүйтэй.

2. Мөн өргөдөл гаргагч өргөдөлдөө “Шүүгдэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар шүүхэд шилжүүлэх тухай болон шүүгдэгчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамжид шүүгч П.П  гарын үсэг зурсан боловч шүүхийн тамга дарж албажаагүй” гэх үндэслэлийг дурджээ.

Сахилгын хэрэгт ...  шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/325 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамж, тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШТ/03 дугаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих тухай” шүүхийн тогтоол нотлох баримтаар авагдсан.

Өргөдөл гаргагчийн дээрх үндэслэлийн дагуу гэрчээр П.П  шүүгчийн туслах Б.М лыг асуусан, гэрч мэдүүлэгтээ “... Ганцхан яллагдагчийн шүүхэд шилжүүлэх захирамж л дарагдаагүй. Шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамжид тамга дарагдсан байсан ... Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж дээр тамга дарагдаагүй нь миний алдаа болсон”, шүүгч П.П  2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн тайлбартаа “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж дээр тамга дараагүй байгааг анзаараагүй нь миний буруу байсан”, Ерөнхий шүүгч Л.Б  тайлбартаа “... Тамга тэмдэггүй тогтоолоор хүнийг хорино гэж байхгүй. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж дээр тамгагүй байсныг үнэхээр анзаараагүй” гэжээ. Түүнчлэн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ТЭ/168/2022/ШЦТ/180 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, тус өдрийн шүүх хуралдааны бичлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А  яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж дээр тамга дарагдаагүй талаарх тайлбарыг гаргасан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-ын 2.3-д “Шүүхийн тамга тэмдгийг тухайн шүүхийн Тамгын газрын шийдвэрээр шүүхийн захиргааны ажилтан түшнэ” гэж заасны дагуу шүүгчийн туслах шүүгчийн захирамж дээр тамга дарж албажуулах үүрэгтэй байжээ.

Иймд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжид шүүгч П.П  гарын үсэг зурсан боловч тамга дарагдаагүй байсан нь тогтоогдож байх боловч шүүгчийн захирамжид тамга дарж албажуулах нь шүүгчийн туслахын үүрэг тул шүүгчийг дээрх өргөдлийн үндэслэлээр буруутгах боломжгүй юм.

3. Түүнчлэн өргөдөл гаргагч “... ял өгөөд явуулсан нь дээр" гэж манай Ө.Б  өмгөөлөгчид хэлсэн байсныг бид сонсоод гайхсан харамссан ... шүүгч П.П  нь өмгөөлөгч хэрэг танилцлаа гэж өмгөөлөгчийг загнасан. Урьдчилан шийдвэр гаргасан. Шүүгч нь өмгөөлөгч рүү залгаж янз бүрийн өмгөөлөгч авч байж ялаа нэмэв бас яасан их өмгөөлөгч сольдог юм хотын өмгөөлөгч аваад процесс түүгээд амжилтгүй бид 7 жилийн ял өгнө шүү гэж хэлсэн байсан” гэх үндэслэлийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б  2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... 7 жил гэдэг нь миний амнаас гарсан үг. Би “Та нар зүйлчлэлтэйгээ маргаад, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй бол 5-12 жилийн хорих ялтай энэ зүйл анги нь 7 жилийн интервалтай хэрэг шүү. Дараа нь дүнхүүрч байгаад 7 жил авав” гэж би хэлсэн. ... 7 жилийн тухай яриаг нь би хэлсэн. П.П ыг хэлсэн гэж хэлээд байна. Энэ нь шүүгч нарыг гүтгээд байна. ... 7 жилийн ял гэдэг нь миний өөрийн хэлсэн зүйл. Би Ж.Э , түүний эхнэртэй уулзаад гэмт хэргийг зүйлчлэл дээр гэрэлтэй гэгээтэй зүйл харагдахгүй байна гэж хэлсэн. Ер нь ямар ч шүүгч 7 жилийн ял авна гэж хэлэхгүй. Би гэм буруугаа хүлээхгүй байж байгаад ялаа хүндрүүлэв гэж хэлсэн.  Тэрийг шүүгч тэгж хэлсэн юм шиг бичсэн байна. Тийм зүйл огт байхгүй”  гэв. Холбогдох шүүгч П.П  нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн тайлбартаа “...миний зүгээс Ө.Б  өмгөөлөгчтэй холбогдоогүй ... Өмгөөлөгч хэдийг авах нь тэр хүний эрх. Ө.Б  өмгөөлөгч нь юу гэж хэлсэн талаар мэдэхгүй байна. ... өмгөөлөгч авлаа гээд ял нэмэх асуудал байхгүй ... Би хэрэг танилцуулах хүн биш. Шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргахад нь шүүх хуралдааныг хойшлуулсан. Энэ нь өмгөөлөгч нарын асуудал. Өмгөөлөгч нарыг загнасан зүйл байхгүй” гэжээ. Өргөдөл гаргагч Д.Н  “... Ө.Б  өмгөөлөгч манай хүн дээр очихдоо хэлсэн байсан. Хамаагүй битгий янз янзын юм битгий хийгээд бай гэсэн ... Дам яриа. Өмгөөлөгч өөрөө ялаа хүлээ тэгэхгүй бол ял чинь хүндэрнэ гэсэн. Би цаанаасаа юм сонссон болохоор өмгөөлөгч тэгж хэлээд байгаа байх гэж бодоод байгаа” гэх тайлбарыг өгсөн.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгчийн туслахаас хавтаст хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр улсын яллагч Д.Г , шүүгдэгч Ж.Э , шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б  нарт танилцуулсан 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А т, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Н.Нарантуяад тус тус танилцуулсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.7.7-т “Шүүгчийн туслах хавтаст хэргийн материалыг прокурор, оролцогчид танилцуулж Баримт №4-т гарын үсгийн тайллын хамт зуруулж, хэрэгт хавсаргана” гэж зааснаас үзвэл шүүгчийн туслах нь хэргийн материалыг хэргийн оролцогчид танилцуулах үүрэгтэй байх тул шүүгч хэргийн материалтай танилцлаа гэж өмгөөлөгчийг загнасан гэдэг нь үндэслэлгүй байна.

Мөн Ө.Б ын гэрчийн мэдүүлэг, өргөдөл гаргагчийн тайлбар зэргээс үзэхэд өргөдөл гаргагчийн “шүүгч 7 жилийн ял өгнө шүү, ял өгөөд явуулсан нь дээр гэж өмгөөлөгчид хэлсэн” гэх дээрх өргөдлийн үндэслэл нь тогтоогдохгүй байна.

4. Өргөдөл гаргагч “... Иргэдийн төлөөлөгч нь хэргээ ч ойлгохгүй, нөлөөллийн мэдүүлгүүдийг оролцогч нараар огт зуруулаагүй байхад хурал хийж эцэслэн шийдсэн” гэж өргөдөлдөө дурджээ.

...  аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/22 дугаар тушаалаар 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр товлогдсон Ж.Э ад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч нарын нэрсийг баталсан бөгөөд нэгдүгээр жагсаалтаар Б.Г  сонгогдсон байна. Иргэдийн төлөөлөгч Б.Г  нь Ж.Э ад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцож өөрийн дүгнэлтээ танилцуулсан байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч болон бусад этгээд иргэдийн төлөөлөгчид аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно”, 61.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 61.1-д заасан нөхцөл байдал бий болсон гэж үзсэн тохиолдолд иргэдийн төлөөлөгчид энэ хуульд заасан нөлөөллийн мэдүүлэг хөтлөх бөгөөд нөлөөллийн мэдүүлгийн загварыг Ерөнхий зөвлөл батална” гэж тус тус заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Иргэдийн төлөөлөгчийн нөлөөллийн мэдүүлгийг хэргийн оролцогч нарт шүүгчийн туслах танилцуулж улсын яллагч Д.Г , шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б , шүүгдэгч Ж.Э  нар гарын үсгээ зуржээ. Нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан эрх бүхий албан тушаалтан буюу шүүгчийн туслах Б.М лаас гэрчийн мэдүүлэг авч тодруулахад “Бусад хэргийн оролцогчоор гарын үсэг зуруулсан” гэх мэдүүлгийг өгчээ. Иймд өргөдөл гаргагчийн “иргэдийн төлөөлөгчийн нөлөөллийн мэдүүлэг дээр хэргийн оролцогч нараар гарын үсэг зуруулаагүй” гэх өргөдлийн үндэслэлээр шүүгч нарт Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй юм.

5. Өргөдөл гаргагч “... Ж.Э  нь 2 хүүтэй бөгөөд тэд насанд хүрээгүй, асран хамгаалалт шийдвэрлээгүй” гэх өргөдлийг гаргасан.

Шүүх хуралдааны явцад шүүх хуралдаан даргалагчаас шүүгдэгчийн биеийн байцаалтыг тодруулсан бөгөөд шүүгдэгч эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг гэх тайлбарыг өгсөн байна. Шүүгдэгч Ж.Э  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр хүүхдийн асран хамгаалах асуудлыг шийдвэрлэх талаар хүсэлтийг шүүгч болон шүүх бүрэлдэхүүнд аливаа хэлбэрээр гаргаагүй байх тул шүүхээс дээрх хүүхдүүдийн асран хамгаалах асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсныг дурдах нь зүйтэй.

6. Өргөдөл гаргагч “... өмгөөлөгчийн өвчний шалтгааныг бичсэн акт ирүүлсээр байтал хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах болон цагдан хорих хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад миний нөхрийг цагдан хорьсон ...” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б оос хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргажээ. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШТ/03 дугаар шүүхийн тогтоолоор шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд тус хуралдаанаар шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүгдэгчийг цагдан хорьсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна” , 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараах үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана”, 1.1-т “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан”, 1.2-т “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа”, 1.3-т “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа”, 1.4-т “урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж тус тус заасан. Шүүгдэгч Ж.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх 5-12 жилийн хорих ялын хэмжээтэй хэрэгт холбогдсон байна.

Шүүх бүрэлдэхүүн ирүүлсэн тайлбартаа: “... Шүүхээс шүүгдэгч Ж.Э ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь шүүгчийн эрх хэмжээний асуудал” гэх тайлбарыг ирүүлсэн. Өргөдөл, мэдээлэл гаргагч Д.Н ын “цагдаа болон шүүхийн дуудсан хугацаанд байнга очдог байсан” гэх тайлбар, шүүгч П.П ын “Бүрэлдэхүүнээрээ шийдсэн. Энэ хүн нь хөдөөгийн хүн байсан. Хурал ороход Ө.Б  өмгөөлөгч нь байхгүй байсан учир хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүгдэгч нь аймгийн төвөөс хол юм чинь хорих нь зүйтэй гэж бүрэлдэхүүнээр үзсэн” гэх тайлбар, шүүгч Г.Н гийн “Шүүгдэгч нь хөдөө орон нутгаас ирж байгаа утас нь холбогдохгүй байна гэх асуудал гарсан. Бүрэлдэхүүнээрээ яриад цагдан хорих шийдвэр гарсан” гэх тайлбар, Ерөнхий шүүгч Л.Б ын “Шүүгдэгчийг 5-12 жилийн ялтай хүнд гэмт хэрэгт холбогдсон гэдэг нөхцөлөөр хорьсон байх ... Цагдан хоригдох үед хүүхдийн асуудал ерөөсөө яригдаагүй. Тухайн үед яригдсан бол бид бас шийдвэрлэх байсан” гэх тайлбаруудаар шүүгдэгч Ж.Э ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж үзэхээр байх тул 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШТ/03 дугаар шүүхийн тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүнийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэв.

Иймд ...  аймаг дахь сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Б , шүүгч П.П , Г.Н  нарыг зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэн Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв ...” гэжээ.

Шүүгч Л.Б , П.П , Г.Н  нар Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“... Тус шүүх нь шүүгдэгч Ж.Э ад холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09 цагт явуулж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж дотоод итгэлийг удирдлага болгон шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Ж.Э ад холбогдох хэргийн шүүх хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч өмгөөлөгч нэмж авч байгаа шалтгаанаар тус тус хойшлогдож 3 дахь удаагаа товлогдож хийгдсэн бөгөөд шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж шүүхийн тогтоолыг гаргахдаа шүүгдэгч Ж.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэхдээ хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гаргасан. Энэхүү шийдвэрийг гаргахдаа шүүгдэгчийн өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, мөн өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах боломжийг олгосон. Шүүгч бид нар хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нартай ялангуяа өмгөөлөгч нартай харьцаж, уулзсан зүйл байхгүй.

Түүнчлэн гомдол гаргасан Д.Н  нь тухайн хэргийн оролцогч биш иргэн, түүнээс гадна хэргийн материалтай танилцаагүй атал шүүгч бид нарт холбогдуулан гомдол гаргаж байгаа учраас тухай бүрт тайлбар өгөх нь зүйтэй байна. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр болон 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан тус тус хойшилж шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Д  даргалагч шүүгч П.П ар гарын үсэг зуруулж шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн тэмдэглэл хавтаст хэрэгт байгаа. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаан хойшилж 2022/ШТ/03 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч Ж.Э ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Уг шүүхийн тогтоол тухай өдөртөө албажиж шүүгдэгчийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-ын 2.3-д “Шүүхийн тамга тэмдгийг тухайн шүүхийн Тамгын газрын шийдвэрээр шүүхийн захиргааны ажилтан түшнэ”, 3.1-д “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5 дахь заасан шүүхийн шийдвэрээс гадна бүх шатны албан бичиг, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан тохиолдолд шүүхийн тамга дарна” гэж зааснаар шүүгч гарын үсэг зурсны дараа шүүгчийн туслах тамга дарна. Шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл хуулбарлан өгөх талаар шүүгч бидэнд хүсэлт гаргасан зүйл байхгүй бөгөөд шүүгчийн захирамж, тэмдэглэлийг хуулбарлан өгөх нь Шүүхийн Тамгын газрын эрх хэмжээнд хамаарах асуудал юм.

Шүүгч П.П  би хэргийн оролцогч, өмгөөлөгч нартай уулзаагүй, утсаар яриагүй бөгөөд шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нарыг загнасан зүйл байхгүй болно. Шүүх хуралдааныг хойшлуулж шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь хэргийн талаар урьдчилсан шийдвэр гаргасан зүйл огт биш бөгөөд шүүгч бид өмгөөлөгч Ө.Б той холбогдоогүй. Гомдол гаргагч Д.Н  нь “янз бүрийн өмгөөлөгч авч байж ялаа нэмүүлэв, яасан их өмгөөлөгч сольдог юм, хотын өмгөөлөгч аваад процесс түүгээд амжилтгүй бид 7 жилийн ял өгнө шүү” гэж, мөн ”ял өгөөд явуулсан нь дээр” гэх мэтээр өмгөөлөгчид хэлсэн гэж гомдолдоо бичсэн байх бөгөөд шүүгч бидний хувьд өмгөөлөгч Ө.Б той харьцаагүй, яриагүй тул энэ талаар нэр дурдагдсан өмгөөлөгч Ө.Б оос гэрчийн мэдүүлэг авч тодруулж өгнө үү. Шүүгч хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар зөвхөн хуульд захирагдан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлан дотоод итгэлээр шийдвэр гаргадаг бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа өмгөөлөгч, бусад оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлтээр шийдвэрлэлгүй шүүгдэгчид ял оногдуулж байгаа нь тэдгээр хүмүүстэй хувийн өс хонзонтой гэсэн үг биш ээ. Шүүгдэгч Ж.Э  нь шүүх хуралдаанд 3 өмгөөлөгчийн хамт оролцож тухайн өмгөөлөгч нар гурван өөр санал дүгнэлтийг шүүхэд гаргасан болохыг мөн дурдах нь зүйтэй юм.

Иргэдийн төлөөлөгчийг тус шүүхийн Тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын дагуу сонгож тус хэрэгт оролцуулсан бөгөөд шүүгчийн туслахаас нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.7.8-д зааснаар танилцуулан гарын үсэг зуруулсан. Шүүгдэгч Ж.Э  нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ...  аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг, “Улаан өндөр” гэх газарт оршин суудаг талаар биеийн байцаалтыг өгсөн бөгөөд шүүх хуралдаанд хүүхдүүдийн асран хамгаалалтын асуудал яригдаагүй. Гомдол гаргагч Д.Н  тухайн хэргийн оролцогч биш учраас түүнд эрх үүрэг тайлбарлаагүй бөгөөд шүүгдэгч Ж.Э ын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цагаас өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж байсан. Шүүгдэгч Ж.Э ад холбогдох хэрэг нь одоо давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд шүүгч бид шүүн таслах үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ шүүгчийнхээ ёс зүйг чанд сахиж, шүүгдэгч Ж.Э ад холбогдох хэргийг хэнээс ч хараат бусаар хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн. Гомдол гаргагч Д.Н тай шүүгч бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх болон бусад хувийн асуудлаар ч харьцсан зүйл байхгүй атал ийнхүү гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхээс шүүгдэгч Ж.Э ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь шүүгчийн эрх хэмжээний асуудал бөгөөд тухайн шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг бүрэн хангаж шүүх хуралдааныг хоёр ч удаа хойшлуулж, өмгөөлөгч нарт хэргийн материалтай танилцах боломжийг бүрэн олгож байсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Н  нь Ж.Э ад /нөхөр/ холбогдох эрүүгийн ... тоот хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор ...  шүүхийн Ерөнхий шүүгч Л.Б , шүүгч П.П , Г.Н  нарт холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд өргөдөл мэдээлэл гаргасныг, илтгэгч гишүүний 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1138 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, захирамжийг өргөдөл мэдээллийн хамт холбогдох шүүгч нарт хүргүүлж, хуульд заасан хэргийн оролцогч /шүүгч/-ийн эрх, үүргийг тайлбарласан, шүүгч нар тайлбараа ирүүлсэн байна.

Тус сахилгын хэрэгт, илтгэгч гишүүн нь өргөдөлд дурдсан үйл баримт бүрээр шалгах ажиллагаа явуулж, үнэлэлт дүгнэлт өгсөн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасанд нийцжээ. Тодруулбал,

...  шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ЕШЗ/138 дугаар захирамжаар шүүгдэгч Ж.Э ад холбогдох эрүүгийн ... тоот хэргийн шүүх хуралдааны даргалагчаар шүүгч П.П , бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Л.Б , шүүгч Г.Н  нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байх ба өргөдөл гаргагч нь:

1. Шүүгч П.П д холбогдуулан, “2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэлүүд хэрэгт огт авагдаагүй, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүгдэгчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж шүүхийн тамга дарж албажаагүй” гэх үндэслэлээр,

2. Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч Л.Б , П.П , Г.Н  нарт холбогдуулан “шүүгч өмгөөлөгчийг загнасан, “янз бүрийн өмгөөлөгч авч байж ялаа нэмэв, бас яасан их өмгөөлөгч сольдог юм, хотын өмгөөлөгч аваад процесс түүгээд амжилтгүй, бид 7 жилийн ял өгнө шүү”, “ял өгөөд явуулсан нь дээр" гэж өмгөөлөгчид хэлсэн, хувийн харилцаагаар загнан дарамталсан, урьдчилан шийдвэр гаргасан, өмгөөлөгчийн өвчний шалтгааныг бичсэн акт ирүүлсээр байтал хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах болон цагдан хорих хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад миний нөхрийг цагдан хорьсон, Ж.Э  нь 2 хүүтэй бөгөөд тэд насанд хүрээгүй байхад асран хамгаалалт шийдвэрлээгүй, нөлөөллийн мэдүүлгүүдийг оролцогч нараар огт зуруулаагүй байхад хурал хийж эцэслэн шийдсэн, 2022 оны 04 дүгээр сарын 18, 2022 оны 05 дугаар сарын 06, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг яаралтай гарган, хуулбарлаж өгнө үү гэхэд шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлаж өгч болохгүй гэсэн шинээр журам баталж байгаа зэргээр хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй” гэх үндэслэлээр тус тус өргөдөл гаргажээ.

1/ Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл өргөдөлд дурдсан дараах үйл баримтуудтай холбоотойгоор шүүгч нарыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал үндэслэлтэй. Үүнд:

- Шүүгч нар нь “өмгөөлөгчийг загнасан, өмгөөлөгчтэй утсаар ярьж хувийн харилцаагаар загнан дарамталсан, урьдчилан шийдвэр гаргасан” гэх тухайд, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр уг үйл баримт нь нотлогдоогүй, харин өргөдөл гаргагч нь өмгөөлөгчөөс дам сонссон, өмгөөлөгчийн хэлсэн үгийг шүүгч хэлсэн гэж бодсон болох нь өргөдөл гаргагчийн тайлбар, өмгөөлөгч Ө.Б ын гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул холбогдох шүүгч нарыг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэжээ.

- “Ж.Э  нь 2 хүүтэй бөгөөд тэд насанд хүрээгүй, асран хамгаалалт шийдвэрлээгүй” гэх тухайд, эрүүгийн хавтаст хэрэг болон шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэг, өргөдөл гаргагч, холбогдох шүүгч нарын тайлбараар асран хамгаалалт тогтоохтой холбоотойгоор шүүхэд болон шүүх хуралдааны явцад хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байх тул өргөдөл үндэслэлгүй байна.

-  “2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өмгөөлөгчөөс гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 18, 2022 оны 05 дугаар сарын 06, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан гаргуулах хүсэлтэд хариу өгөөгүй” гэх тухайд, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор баталсан “Шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг хийх, архивлах ажлыг зохион байгуулах” журам шинэчлэгдэн гарсан, тус журамд шүүх хуралдааны бичлэгийг хэргийн оролцогч нарт хуулбарлан өгөх зохицуулалт тусгагдаагүй байх бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний бичлэгийг танилцуулахыг ...  аймаг дахь Шүүхийн тамгын газраас, тус шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэнд даалгасан боловч хэргийн оролцогчтой холбогдоогүй байх тул үүнд холбогдох шүүгч нарыг буруутгах нь үндэслэлгүй.

- “Нөлөөллийн мэдүүлгүүдийг оролцогч нараар огт зуруулаагүй байхад хурал хийж эцэслэн шийдсэн” гэх тухайд, эрүүгийн 2221000000057 дугаартай хэрэгт хийсэн үзлэг, шүүгчийн туслах Б.М лын гэрчийн мэдүүлэг болон өмгөөлөгчийн дээрх хүсэлтээр, нөлөөллийн мэдүүлэгт хэргийн оролцогч, иргэдийн төлөөлөгч нар гарын үсэг зурсан нь нотлогдож байх тул өргөдөл мөн үндэслэлгүй байна.

- Шүүгч нь “шүүгчийн захирамжид гарын үсэг зурсан боловч тамга дараагүй” гэх тухайд, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурсан тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШТ/03 дугаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих тухай” шүүхийн тогтоолд тамга дарагдаагүй байсан нь нотлогдоогүй, харин шүүгч П.П ын гарын үсэгтэй 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 264 дугаар “Хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай”, мөн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/325 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжуудад тамга дараагүй байсан нь өмгөөлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт, холбогдох шүүгч нарын тайлбараар тогтоогдож байх боловч Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-ын 2.3-д “Шүүхийн тамга тэмдгийг тухайн шүүхийн Тамгын газрын шийдвэрээр шүүхийн захиргааны ажилтан түшнэ” гэж зааснаар шүүгчийн захирамжид тамга дарж албажуулах нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарах тул уг үндэслэлээр шүүгч П.П ыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

2/ Харин өргөдөлд дурдсан дараах зөрчил нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул уг үндэслэлээр шүүгч нарыг сахилгын зөрчил гаргасан гэж бүрэлдэхүүн үзлээ. Үүнд:

- “2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэлүүд хэрэгт огт авагдаагүй” гэх тухайд: 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ТЭ/168/2022/ШЦТ/180 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 13 дугаар хуудсанд өмгөөлөгч Г.А ийн тайлбарт “... мөн тэр өдрийн хурлын тэмдэглэл, хурал дээр гаргасан хүсэлттэй холбоотой хэлж ярьсан зүйлүүдээ хуралдаанд шинжлүүлэх гэхэд тэр хурлын тэмдэглэл байхгүй” гэж, мөн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр өмгөөлөгч Г.А  04:09-07:06 секундэд “... 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2022/ШТ/03 дугаар “шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих тухай” шүүхийн тогтоол гарсан. Энэ тогтоолын хурлын тэмдэглэл авагдаагүй байна. Энэ хурлын тэмдэглэл байхгүй учраас шинжлэн судалж чадсангүй гэдгийг хэлье. Хавтаст хэрэгт шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт авагдаагүй байгаа. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШТ/07 дугаар шүүхийн тогтоол гарсан тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл нь байхгүй. Шинжлэн судлуулах боломжгүй байна. Энийг тэмдэглүүлье” гэсэн, мөн өмгөөлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт, шүүгчийн туслах Б.М лын гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байх ба холбогдох шүүгч нар нь энэ талаар мөн хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-т “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна” гэж зааснаас үзвэл шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаанд, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байдлаар гарсан эсэхэд даргалагч шүүгч нь хяналт тавин гарын үсэг зурж баталгаажуулах, улмаар хэргийн оролцогчид танилцуулан, гаргасан засвар, санал хүсэлтийг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Гэтэл шүүгч П.П  нь 2 удаагийн шүүх хуралдааны тэмдэглэлээ албажуулж гаргах, түүнд хяналт тавих үүргээ 21-39 хоногийн хугацаанд биелүүлээгүй нь дээрх хуулийн илт тодорхой зохицуулалтыг зөрчсөн, үүний улмаас өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нь тогтоогдож байх тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж зааснаар, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болно.

- “Өмгөөлөгчийн өвчний шалтгааныг бичсэн акт ирүүлсээр байтал хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах болон цагдан хорих хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад миний нөхрийг цагдан хорьсон” гэх тухайд: Тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14.00 цагт товлогдсон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар 14.00 цагт эхэлж, өмгөөлөгч Ө.Б ын эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр завсарлах хүртэл 2 минут 30 секундын хугацаанд үргэлжилсэн, уг хугацаанд шүүгдэгчийн таслах сэргийлэх арга хэмжээний талаар огт хэлэлцээгүй, хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан зүйлгүй боловч шүүх хуралдаан үргэлжлэн шүүхийн тогтоолыг уншин сонсгохдоо шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилсөн гэж танилцуулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэгээр тогтоогдсон бөгөөд тус өдрийн 2022/ШТ/03 дугаар шүүхийн тогтоолд шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих болсон үндэслэлээ тусгаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл[1] байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргах ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж заасан нь шүүгч шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний Үндсэн хуулиар баталгаажуулсан эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд гагцхүү хуульд захирагдаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэхээр хуульчилжээ.

Гэтэл шүүгдэгч Ж.Э  нь 5-12 жил хүртэл ялын хэмжээтэй Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт татагдсан, ялын доод хэмжээ нь 5 жил бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарах ялын доод хэмжээ 8 жил байх тул шүүгч Л.Б ын “Шүүгдэгчийг 5-12 жилийн ялтай хүнд гэмт хэрэгт холбогдсон гэдэг нөхцөлөөр хорьсон байх” гэсэн үндэслэл нь хуульд нийцэхгүй. Түүнчлэн, холбогдох шүүгч нар нь сахилгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт “шүүгдэгч нь хөдөө орон нутгаас ирж байгаа, утас нь холбогдохгүй байна гэх асуудал гарсан, хуралдаан хийх гэтэл цаг гаран хүлээлгэсэн” гэх боловч энэ нь нотлогдохгүй, мөн “шүүгдэгч нь аймгийн төвөөс хол юм чинь хорих нь зүйтэй гэж бүрэлдэхүүнээр үзсэн” гэж тайлбарласан нь хуульд заасан үндэслэлд хамаарахгүй.

Иймд шүүгч Л.Б , П.П , Г.Н  нар нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШТ/03 дугаар шүүхийн тогтоолоор шүүгдэгчийг хуульд заасан үндэслэлгүйгээр урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж, хүний Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хязгаарласан, түүний улмаас шүүгдэгчийн ахуйд сөрөг үр дагавар үүссэн байх тул шүүгч нарыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна”, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д “энэ хуулийн 50.1.6, 50.1.10, 50.1.12, 50.1.23, 50.1.39, 52.1-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах”, 56 дугаар зүйлийн 56.7-д “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж тус тус заасан бөгөөд шүүгч нарын зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах хуулийн хугацаа хэтрээгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүлээн авч, холбогдох шүүгч нарт сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэг, 112.2, 112.8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, ...  шүүхийн шүүгч П.П д “цалингийн хэмжээг зургаан сараар 20 хувиар бууруулах”, ...  шүүхийн Ерөнхий шүүгч Л.Б , шүүгч Г.Н  нарт “цалингийн хэмжээг гурван сараар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэлийг тус тус оногдуулсугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ                                                   Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                                         О.НОМУУЛИН

Х.ХАШБААТАР

 

 

[1] 1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;

1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.