info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-07-04

Дугаар 219

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай

Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааныг 705 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар иргэн Ш.Э , Ш.Т  нарын өргөдлөөр, ...  шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д , шүүгч Г.С , Д.М , Д.Э  нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:

“ ... Монгол улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т сахилгын хороо  энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулахаар зохицуулжээ.

  1. Шүүгч Г.С , Д.Э  нарт холбогдох гомдлын талаар:

... Ш.Э гийн Б  ТӨХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүгч Г.С д хуваарилагдаж, тэрээр хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Д.Э  томилогдсон, энэхүү ажиллагаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцжээ. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний хэргийг шүүгчид хуваарилсан, мөн шүүх бүрэлдэхүүнийг томилсон ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Шүүгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан үндэслэл тогтоогдвол татгалзан гарах үүрэгтэй. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй хуульд заасан нөхцөл байдал бий болсон нь тогтоогдоогүй, энэ тохиолдолд шүүгч Г.С , Д.Э  нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах боломжгүй тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50.1.28-т заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. Хуулийн этгээдээс бичгээр олгосон итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байх бөгөөд тухайн хэргийн хариуцагч Б  ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл хуульд нийцсэн талаар шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШТ2022/00120 дугаар тогтоолд тодорхой тусгагдсан байх тул “... хариуцагч байгууллагын итгэмжлэх эрхгүй этгээдийг хуралдаанд оруулсан” гэх гомдол үндэслэлгүй.

Шүүгч Г.С , Д.Э  нар нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх явцдаа нэхэмжлэгч Ш.Э гийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, дарамталсан, түүнтэй харилцахдаа зүй бус авирласан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-т зааснаар шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, олон нийтэд нээлттэй байлгах, аюулгүй байдлыг хангах стандартад нийцсэн шүүхийн байр, хуралдааны танхимыг барих бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд шүүхийн тамгын газар энэхүү чиг үүргийг тухайн шүүхэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Шүүх хуралдааныг тухайн шүүхэд ашиглагдаж байгаа хуралдааны танхимд явуулсан “... шүүх хуралдааны жижиг танхимд явуулсан” гэх гомдол шүүгч нарт хамааралгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар хуульд зааснаас бусад тохиолдолд бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг нээлттэй явуулах бөгөөд шүүгч Г.С , Д.Э  нар шүүх хуралдаанд хөндлөнгийн ажиглагч оруулахгүй гэж хориглосон гэх байдал тогтоогдоогүй болно.

2. Шүүгч Д.М т холбогдох гомдлын талаар:

Холбогдох шүүгч нь Б  УТҮГ-ын нэхэмжлэлтэй, Ш.Э д холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, 2021 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 183/ШТ2021/00253 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих ба хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүгч хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлан өгдөг. Түүнчлэн иргэний хэрэг үүсгэснээс шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдсан байх тул “... гэмт хэрэгт гүтгэж, эрүү шүүлт тулгаж гэм хор нэхсэн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар явуулсан, нуун дарагдуулсан ...” гэх гомдол тогтоогдохгүй байна.

“Б ” УТҮГ-ын үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч Ш.Э  сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, холбогдох ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШТ2021/00117 дугаар тогтоолоор тогтоогдож байх тул “... шүүхэд мэдүүлэх эрхийг хохироосон” гэх гомдол үндэслэлгүй.

3. Ерөнхий шүүгч Д.Д д холбогдох гомдлын талаар:

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т зааснаар ерөнхий шүүгч нь хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-т “хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана”, 93 дугаар зүйлийн 93.2-т “тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд оролцож дахин оролцох боломжгүй болсон тохиолдолд хэргийг адил шатны өөр шүүхээр шийдвэрлүүлэхээр тухайн шатны Ерөнхий шүүгч захирамж гаргаж шилжүүлнэ” гэж зохицуулсан.

Өргөдөлд дурдсан иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны даргалагч болон бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг ерөнхий шүүгч тухай бүрт нь албажуулж захирамж гаргаж байсан ба шүүх бүрэлдэхүүнийг татгалзах гаргах тухай зохигчийн хүсэлтийг, мөн тухайн шүүгчийн бүх шүүгчийг татгалзан гаргасны дараа хэргийг адил шатны өөр шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн байх тул “... эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэж үзэхгүй. Түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг шүүх хуралдаанаар шийдвэрлэдэггүй тул “... өөр хүн шүүх хуралдаанд оруул, шүүх хуралдааны дэг сахих ёстой гэж дарамталж, шүүх хуралдаанаас хөөж, өөрийгөө өмгөөлөх эрхийг нь боож хаасан ...” гэх  гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр ...  шүүхийн ерөнхий шүүгч Д.Д , шүүгч Г.С , Д.Э , Д.М  нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Шүүгч Д.Д  Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:

“... Ш.Э гийн Б  ТӨХК, ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст холбогдуулан гаргасан нэхэмжлэл шүүгч Д.М д хуваарилагдан тэрээр иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан ба тус шүүхийн шүүгчдийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус зөвлөгөөний тогтоолоор хэрэг шүүгч Г.С д шилжсэн байна. Уг хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр товлогдож шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Э  шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д "... Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана ...” гэж зааснаар миний бие өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд уг иргэний хэргийн шүүх хуралдаан даргалагч Г.С , шүүх бүрэлдэхүүний шүүгч Б.М , Д.Э  нарыг татгалзан гаргах тухай нэхэмжлэгч Ш.Э гийн татгалзлыг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ЕШ2022/01339 дугаар захирамжаар шийдвэрлэж, хүсэлтийг хангахгүй орхисон.

Улмаар 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Э  тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг ...  шүүхийн шүүгчдийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит зөвлөгөөнөөр хэлэлцэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.8-д “... ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргана ...” гэж, 93 дугаар зүйлийн 93.2-т “... Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд оролцож дахин оролцох боломжгүй болсон тохиолдолд хэргийг адил шатны өөр шүүхээр шийдвэрлүүлэхээр тухайн шатны Ерөнхий шүүгч захирамж гаргаж шилжүүлнэ ... ” гэж заасан ба уг иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн болно.

“... Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, гэм хор нэхэж, эрүү шүүлт тулгаж, амь эрсдэхэд хүргэсэн, хуульд захирагдахгүй, хууль битгий ярь, гарч өөр хүн шүүх хуралдаанд оруул, шүүх хуралдааны дэг сахих ёстой гэж дарамталж, шүүх хуралдаанаас хөөж, өөрийгөө өмгөөлөх эрхийг нь боож хаасан ...” гэх түүний тайлбар, гомдол үндэслэлгүй байх тул Ш.Э гийн гомдлоор үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Г.С  Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:

“... 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаан товлон зарласан, нэхэмжлэгч Ш.Э гийн хүсэлтээр 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

Тэрээр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Ш.Э  “шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлт гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй талаарх баримтаа хавсаргаагүй, өмнөх шүүх хуралдааныг түүний хүсэлтээр хойшлуулж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхиж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Ш.Э гийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингээд шүүх хуралдаан үргэлжилж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 8771 дүгээр захирамжид гарсан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шаардсан баримт ирсэн учир шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр товлон зарлахад нэхэмжлэгч Ш.Э  нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч Ш.Э  өөрөө эдгээр баримтыг авах боломжгүй талаараа баримтаар нотлоогүй тул түүний хүсэлтийг хангахгүй орхисон, Ш.Э гийн “хариуцагч нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас татгалзаж байна” гэсэн бөгөөд энэ талаар хуульд зохицуулаагүй. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон баримт нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байгааг дурдах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Ш.Э  “шүүх миний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй тул хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрж байгаа тул шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна” гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хуралдааныг хойшлуулж, татгалзлыг шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

... Ш.Э гийн гомдолд дурдсанчлан шүүгчид татгалзах үүрэгтэй байхад татгалзаагүй гэх боловч хэргийн оролцогч нартай хувийн харилцаа байхгүй, урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож байгаагүй тул хуульд заасны дагуу татгалзах үндэслэл байхгүй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон үйлдэл хийгээгүй, шүүх хуралдааны танхимыг зориуд жижиг танхимд оруулсан гэх боловч ...  шүүх өөрийн байгаа шүүх хуралдааны танхимд хуралдааныг хийсэн, хөндлөнгийн ажиглагч оруулахгүй гэж хориглосон гэх боловч 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Э гийн хөндлөнгийн ажиглагч Батдэлгэр гэх хүн шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүх нэхэмжлэгч Ш.Э гийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан, түүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, эрхийг нь эдлүүлээгүй гэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй, харин ч нэхэмжлэгчийн хүсэлтүүдийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн тогтоол зэрэг баримтаар тогтоогдоно. Иймд Ш.Э гийн гомдлоор үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Д.М  Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:

“... Б  ХХК-ийн хариуцагч Ш.Э д холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Ш.Э  нь сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хуульд заасан ажиллагааг явуулсан.

Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65 1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин нэхэмжлэгч Ш.Э гийн хариуцагч Б  ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бөгөөд сахилгын зөрчил гаргаагүй болно” гэжээ.

Шүүгч Д.Э  Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:

“... Ш.Э гийн нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор хэргийг шүүгч Г.С д шилжсэн ба шүүх бүрэлдэхүүнд миний бие оролцжээ

... Миний бие уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон аливаа үйлдлийг гаргаагүй, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарлаагүй болно ... тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй хуульд заасан үндэслэл байхгүй байсан тул шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах үндэслэлгүй гэж үзсэн ... Иймд Ш.Э гийн гомдлоор үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэн Ш.Т , Ш.Э  нар нь, Ш.Э гийн нэхэмжлэлтэй, Б ТӨХХК, ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст холбогдох иргэний хэрэг, мөн Б  УТҮГ-ын нэхэмжлэлтэй Ш.Э д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...  Ерөнхий шүүгч Д.Д , шүүгч Г.С , Д.М , Д.Э  нар нь зөрчил гаргасан гэж 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд өргөдөл мэдээлэл гаргажээ.

Илтгэгч гишүүн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 986 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, уг захирамж, өргөдөл мэдээллийг холбогдох шүүгч нарт гардуулж, хуульд заасан хэргийн оролцогч /шүүгч/-ийн эрх, үүргийг тайлбарласан, шүүгч нар нь тайлбараа ирүүлсэн байна.

2. Өргөдөлд, “өөр хэргээс нотлох баримт гаргуулах, төрийн байгууллагаас нотлох баримт гаргуулах, хариуцагчийг солих талаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаагүй, хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан, эрүүл мэндийн шалтгаанаар хурал хойшлуулах хүсэлт өгөхөд нэхэмжлэгчийн эзгүйд хариуцагчтай үгсэн хуйвалдаж, бусдын нөлөөнд автаж 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07/90 дугаар хууль зүйн үндэслэлгүй хариу өгсөн, татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, өөртөө давуу байдал бий болгосон, шүүх хуралдааныг зориуд жижиг танхимд оруулж, хөндлөнгийн ажиглагч оролцуулахгүй гэж хориглосон, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр Ш.Э д холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар явуулсан, ялгаварлан гадуурхсан, доромжилсон, дарамталсан, хуульд захирагдахгүй, хууль ярилаа, өөр хүн оруул, шүүх хуралдааны дэг сахих ёстой гэж дарамталсан, шүүх хуралдаанаас хөөсөн, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд мэдүүлэх эрх зөрчсөн, шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан хугацааг удаа дараа зөрчсөн хууль бус үйлдлээ нуун дарагдуулж 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШТ2021/00253 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон, ерөнхий шүүгч уг тогтоолыг хууль зөрчиж хүчингүй болгосон” гэх агуулгыг дурджээ.

Уг шүүгч нартай холбоотой үйл баримтыг сахилгын хэрэгт авагдсан баримттай харьцуулан хянаж үзвэл:

1/ Иргэн Ш.Э гийн нэхэмжлэлтэй Б ТӨХХК, ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нарт холбогдох иргэний хэргийн тухайд,

 ...  шүүхийн шүүгч Д.М  нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор шүүгч Г.С д хуваарилж, 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч Г.Солонгыг тус хэргийн даргалагчаар албажуулжээ.

Шүүгч Г.С  даргалсан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар, Ш.Э гийн “эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15.30 цагт товлон зарласан, тус хуралд Ш.Э  “эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтийг дахин гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэх”-ээр заасан ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаах”-аар зохицуулжээ.

Иймд дээрх нэхэмжлэгчийн хүсэлттэй холбоотойгоор хариуцагч тал санал, хүсэлтээ гаргасныг “шүүгч нэхэмжлэгчийн эзгүйд хариуцагчтай үгсэн хуйвалдсан” гэж үзэхгүй бөгөөд хариуцагчаас “хүсэлттэй холбоотой баримт ирүүлээгүй, хурал олон удаа хойшлуулж байна, төлөөлөгчөө оролцуулах боломжтой” талаар тайлбар хэлж, хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул шүүхээс Ш.Э гийн хүсэлтийг хангахгүй орхиж хуралдааныг үргэлжлүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Тус шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар Ш.Э гийн гаргасан “...  шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2021/00253 дугаар шүүхийн тогтоолтой хэргийг энэ хэрэгт татуулах, 28 жилийн тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлийн мөнгөн дүнг нотлох баримтаар гаргуулах” хүсэлтийг “хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй” гэх үндэслэлээр, “... дүүргийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын гишүүн Нийгмийн даатгалын улсын байцаагч Одончимэг, магадлагч эмч Ариунтунгалаг нарын хариуцагчийг солих” хүсэлтийг “2 хариуцагчийн алийг нь солих нь тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Мөн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд Ш.Э гаас өөр хэргээс нотлох баримт гаргуулах дээрх хүсэлтээ дахин гаргаж, үндэслэлээ “бие муу учир энэ нотлох баримтуудыг гаргаж өгч чадахгүй, эдийн засгийн хувьд их мөнгө зарцуулах гээд байна” гэж тайлбарласан байх ба шүүхээс “Ш.Э  өөрөө эдгээр баримтыг авах боломжгүй талаар баримтаар нотлоогүй” үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь иргэний хэрэг шийдвэрлэх мэтгэлцэх зарчимд нийцсэн байна.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болох” ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9-т зааснаар “нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй бол хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх, мөн хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг шаардан авахаас татгалзах” эрхийг шүүх эдэлнэ.

Иймд шүүгч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нотлох баримтын ач холбогдол, хэрэгт хамааралтай эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Мөн хуулийн 35, 36 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлох ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна. Түүнчлэн төлөөлж байгаа этгээдээс Төлөөлүүлэгч нь хэдийд ч татгалзах эрхийг хуулиар олгосон.

Тус хэргийн нэхэмжлэгч Ш.Э  2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах хүсэлт гаргасныг, шүүхээс “хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон баримт нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан” талаар дурдаж, хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлөөлөлтэй нь холбогдуулж татгалзах эрхгүй тул өргөдөлд дурдсан “хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан” гэх үйл баримт үгүйсгэгдэж байна.

            Тус хурлаар “хүсэлтийг хангаж шийдвэрлэхгүй байгаа” үндэслэлээр Ш.Э гаас “шүүх бүрэлдэхүүнээс татгалзах” хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар “шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгааг уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэхгүй” гэх үндэслэлээр татгалзан гарах хүсэлтийг хангаагүй нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд үнэлэлт өгч шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна. Мөн холбогдох шүүгч нарт “татгалзан гарах” хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул “мэдсээр байж татгалзан гараагүй” гэж буруутгах нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07/90 дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2/2080 дугаар албан бичигт “Баянгол, ...  шүүх болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох боломжгүй” гэж төрийн захиргааны байгууллагаас Ш.Э гийн өргөдөлд хариу өгсөн байх ба үүнийг маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүгчид хамаатуулсан нь үндэслэлгүй, энэ нь шүүгч эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, өөртөө давуу байдал бий болгосон, бусдын нөлөөнд автсан гэж үзэх үндэслэл болохгүй. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-т зааснаар шүүхийн байр, хуралдааны танхимын стандартын шаардлага хангасан байдал нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрлэх чиг үүрэгт хамаарах тул шүүх хуралдааныг жижиг танхимд  явуулсан гэж шүүгчийг буруутгах нь үндэслэлгүй, энэ нь шүүгч зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн, тус хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлүүд, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, мөн оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, сахилгын хэрэг дэх бусад баримтаас тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад даргалагч шүүгч Г.С , бүрэлдэхүүний шүүгч Д.Э  нь “Ш.Э гийн эрхийг зөрчсөн, доромжилсон, дарамталсан буюу ялгаварлан гадуурхсан, зохисгүй харьцсан, зүй бус авирласан” гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

2/  Б  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Э д холбогдох иргэний хэргийн тухайд,

...  шүүхийн шүүгч Д.М  нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн тогтоолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан, тус шүүхийн ерөнхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Энэ хугацаанд, товлогдсон нийт 8 удаагийн шүүх хуралдааныг[1] өргөдөл гаргагч буюу хариуцагчийн хүсэлтээр[2], мөн сөрөг нэхэмжлэл гаргах, хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй хуралд биечлэн оролцох эрхийг хангах, хэргийн материалтай танилцуулахтай  холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээч томилуулах хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн зэрэг сахилгын хэрэгт авагдсан захирамжуудыг үзвэл,  шүүхээс хариуцагчийг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөл, хугацаагаар хангасан гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй байна.

Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Б  ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлдээ “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 01-06-079/126 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа” талаар дурдсан, хариуцагч Ш.Э  нь тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгааг шүүх хуралдаанд тайлбарласныг тус тус үндэслээд шүүх бүрэлдэхүүн “шүүхийн хэлэлцүүлгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Иймд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар явуулсан, шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан хугацааг удаа дараа зөрчсөн хууль бус үйлдлээ нуун дарагдуулж хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Тус тогтоолд гаргасан гомдлыг ерөнхий шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул “ерөнхий шүүгч уг тогтоолыг хууль зөрчиж хүчингүй болгосон” гэх өргөдөл үндэслэлгүй байна.

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгээс “ялгаварлан гадуурхсан, доромжилсон, дарамталсан, хуульд захирагдахгүй, хууль ярилаа, өөр хүн оруул, шүүх хуралдааны дэг сахих ёстой гэж дарамталсан, шүүх хуралдаанаас хөөсөн, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд мэдүүлэх эрх зөрчсөн” гэх өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдоогүй болно.

Дээрхийг нэгтгэн үзвэл, шүүгчид холбогдуулсан үйл баримт 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын хугацаанд хамаарч байна. Иймд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6-д зааснаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйл баримтад Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомж буюу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэх ба мөн хугацаанаас хойш үйл баримтад Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээг хэрэглэнэ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр” заасан ба Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид "сахилгын зөрчил" гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зохицуулсан.

...  шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д , шүүгч Г.С , Д.М , Д.Э  нарыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүгчийн ёс зүйн дүрэм, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 15.30 цагт товлогдсон хуралдааныг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөдөл мэдээлэл гаргагчид мэдэгдэж, ажиглагчаар оролцох эрхийг хангасан байх бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд өргөдөл гаргагч хүсэлт гаргах, түүний хүсэлтээр хуралдаан хойшлуулах талаар зохицуулалт тусгагдаагүй тул өргөдөл гаргагчийн хуралдааныг хойшлуулах талаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ...  шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д , шүүгч Г.С , Д.М , Д.Э  нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                                  Ц.ДАВХАРБАЯР     

ГИШҮҮН                                                         Б.СУГАР                               

Х.ХАШБААТАР

 

[1] 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан

[2] Өмгөөлөгчтэй оролцох, нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, хариуцагч тодруулах, эрүүл мэндийн зэрэг шалтгаанаар хүсэлт гаргасан нь сахилгын хэрэг дэх шүүгчийн захирамжид тусгагдсан байна.