МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-06-30
Дугаар 215
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар “Я ” ХХК-ийн өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Д.Ц , Х.Э , Г.А , П.З , Г.Ц , Б.У нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:
“ ... Өргөдөл гаргагч “Я ” ХХК-ийн захирал Д.Б гээс шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 6 удаа ... шүүхэд хандсан ч ... шүүхийн шүүгч нар шийдвэрээ эргэн хараагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, албан тушаал эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосонд гомдолтой, сахилгын хэрэг үүсгэн, уг зөрчилд хуульд заасан хариуцлага тооцож өгнө үү гэсэн агуулга бүхий өргөдөл гаргажээ.
Нэхэмжлэгч "Я " ХХК нь ... дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1565 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 797 дугаар магадлал, ... шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 15 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр и/32 тогтоол, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаар тогтоол, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 001/ШТ2016/00208 дугаар тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 89 дүгээр тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 241 дүгээр тогтоол, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 73 дугаар тогтоолоор тус тус хангахаас татгалзаж, ийнхүү хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ тогтоолуудад тодорхой тусгаж дурдсан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Сахилгын хорооны чиг үүрэгт хяналтын шатны шүүхийн шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хянуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх, нотлох баримтыг хэрхэн үнэлэх болон тогтоолуудын үндэслэл болон нотлох баримтын үнэлэлт дүгнэлт, хууль хэрэглээ зөв буруу эсэхийг хянан шалгах эрх хэмжээ хуульчлагдаагүй бөгөөд Шүүхийн тухай хууль /2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан/-ийн 76 дугаар зүйлийн 76.1-т “... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж зааснаар шүүгч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлснийг ёс зүйн зөрчилд тооцох үндэслэл болохгүй.
“Я ” ХХК 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өргөдөл гаргасан боловч өргөдөлд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан тогтоолуудтай холбоотой үйл баримт дурдсан байх ба 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6-д “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж хуульчлан зааж өгч нарийвчлан зохицуулжээ.
Шүүхийн тухай хууль /2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан/-ийн 45 дугаар зүйлийн 45.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг Шүүгчдийн зөвлөл батална”, 45.3-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ” гэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр” хуульчилсан байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан хууль эрх зүйн зохицуулалтын дагуу шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж хуульчлан заасан байх ба харин 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон хэм хэмжээг зөрчсөн зөрчлийг шүүгч гаргасан болох нь тогтоогдвол хэдий тухайн алдаа зөрчил нь шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа зөрчил байсан ч шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл хүлээлгэх хууль эрх зүйн орчин бүрдсэн болно.
Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм /2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан/-ийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “хууль болон шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн”-ийг ёс зүйн зөрчил гэж тодорхойлсон, өргөдөлд холбогдох шүүгч нарыг дээрх ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн эсэх талаар биш харин шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүхийн тогтоолын үндэслэлтэй холбоотой үйл баримтуудыг дурдсан байна.
Өргөдөл гомдолд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 28, 29, 30 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг холбогдох шүүгчид хэрхэн яаж зөрчсөн, Шүүгчийн ёс зүйн дүрмийн ямар зохицуулалтыг зөрчсөн, эсхүл хуульд тусгайлан ёс зүйн зөрчил байхаар заасан ямар зөрчил гаргасан талаар дурдаагүй байх төдийгүй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалтыг байнга ноцтой зөрчсөн тул хуульд заасан хариуцлага тооцож өгөхийг хүссэн нь үндэслэлгүй байна.
Учир нь хүсэлтийг хянасан гэх тогтоолууд нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарч байх төдийгүй шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, уг нөхцөл байдал нь шийдвэр, магадлал, тогтоолыг гаргахад хэрхэн нөлөөлсөн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэдэг тул хүсэлтийг хангахаас татгалзсаныг Шүүгчийн ёс зүйн дүрэм болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 28, 29, 30 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн ёс зүй болон сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар буцаах тухай” 126 дугаар тогтоолд сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад өргөдөл мэдээлэлд болон Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 94 дүгээр тогтоолд дурдсан эрүүгийн журмаар шалгагдсан гэх нөхцөл байдлыг тогтоох нотлох баримтуудыг цуглуулаагүй гэсэн байх тул ... , ... дүүргийн Прокурорын газраас эрүүгийн журмаар шалгасан байдлыг нотлох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан авсан болно.
Мөн уг 126 дугаар тогтоолд “... өргөдөлд хавсаргасан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 266 дугаар ... дүүргийн прокурорын тогтоол зэрэгт хийсэн дүгнэлтийг тодруулах нь зүйтэй...” гэсэн байх бөгөөд Сахилгын хороо ... шүүхийн тогтоолын үндэслэлийг хянах, дүгнэлт хийх эрх хэмжээгүй болно. Шүүхийн сахилгын хороо нь хууль болон ёс зүйн дүрмээр шүүгчид хязгаарласан, хориглосон үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч зөрчсөн эсэхийг хянан шалгах чиг үүрэгтэй бөгөөд харин шүүхийн шүүн таслах үйл ажиллагаа буюу өргөдөлд дурдсан үйл баримтыг шүүхтэй адилаар нотлох баримтыг шинжлэн судлах, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хянуулах хүсэлтийг шийдвэрлэх, шүүхийн тогтоолуудын үндэслэл, шийдэлд санал, дүгнэлт өгөх, хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг хянуулах хүсэлтэд хавсаргасан нотлох баримтуудыг хэрхэн үнэлэх талаар Сахилгын хороо дүгнэлт хийхгүй.
Шүүхийн сахилгын хороо нь хууль болон ёс зүйн дүрмээр шүүгчид хязгаарласан, хориглосон үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч зөрчсөн эсэхийг хянан шалгах чиг үүрэгтэй бөгөөд харин шүүхийн шүүн таслах үйл ажиллагаа буюу өргөдөлд дурдсан маргааны үйл баримтыг шүүхтэй адилаар “хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах, хууль хэрэглэх замаар хэргийг шийдвэрлэх ажиллагааг дахин гүйцэтгэх, шүүхийн тогтоолуудын хууль зүйн үндэслэл, шийдэлд санал, дүгнэлт өгөх, хүчингүй болгох, өөрчлөх” зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг хянуулах хүсэлтэд хавсаргасан нотлох баримтуудыг хэрхэн үнэлэх талаар Сахилгын хороо дүгнэлт хийхгүй.
... “Я ” ХХК-ийн захирал Д.Б гийн өргөдөлтэй, ... шүүхийн шүүгч Д.Ц , Х.Э , Б.У , Г.А , П.З Г.Ц нарын талаарх өргөдөл гомдолд дурдсан үйл баримтуудад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн болон Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгч нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
... шүүхийн шүүгч Г.А , П.З , Б.У , Г.Ц нар Д.Ц , Х.Э нар Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:
... “Я ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “К Т Э” ХХК, Ч.Х нарт холбогдох иргэний хэргийг ... дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1565 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 797 дугаар магадлал, ... шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар тогтоолоор хариуцагч “К Т Э” ХХК-аас 2,198,491 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Я ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 49,805,157 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч Ч.Х д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч "Я " ХХК-аас 58,083,998 төгрөгийг гаргуулан хариуцагч “К Т Э” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 94,923,128 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Я ” ХХК нь шүүхийн дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр и/32 тогтоол, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаар тогтоол, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 001/ШТ2016/00208 дугаар тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 89 дүгээр тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 241 дүгээр тогтоол, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 73 дугаар тогтоолоор тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Шүүх хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д заасан үндэслэлийг бий болгох эсэх талаар дүгнэлт хийсэн байна. Иймд нэр бүхий шүүгч нар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50.1.1, 50.1.23 дахь заалтыг зөрчиж, албан тушаал болон эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, өөртөө эсхүл бусдад давуу тал бий болгосон тухай гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Я ” ХХК нь ... шүүхийн шүүгч А.Д , Ц.А , Г.Ц , Д.Ц , Х.Э , Б.У , Х.С , Г.А , П.З нарт холбогдуулан “шаардлага хангахгүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн илт хууль бус шийдвэр гаргасан, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 6 удаа хандсан ч ... шийдвэрээ эргэж хараагүй” гэх агуулгаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.28 дахь хориглосон заалтыг зөрчсөн гэж 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.
Түүнчлэн, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн нэмэлт өргөдөлдөө, өмнө өргөдөлдөө бичсэн иргэний хэргийн 2013-2014 оны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол болон тэдгээрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах 2014-2018 оны хүсэлтүүдийг шийдвэрлэсэн шүүхийн хууль хэрэглээтэй холбоотой үйл баримтуудыг дэлгэрүүлж дурдсан байна.
Мөн “... 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ХТ2020/00713 дугаар тогтоолыг гаргаж, ... хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахгүй, дахин нэхэмжлэл гаргахаар өмнөх шийдвэрээ үндэслэн хүчингүй болгож, төөрөгдүүлдэг” гэсэн агуулгатай нэмэлт өргөдлийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлжээ.
Өргөдөлд, 2014-2020 оны үйл баримтыг дурдсан байх тул Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6[1]-д зохицуулснаар “Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомж” буюу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн[2] шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэх ба тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр” заасан.
1. Өргөдөлд дурдсан үйл баримтын тухайд:
1/ “Я ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “К Т Э” ХХК, Ч.Х нарт холбогдох иргэний хэргийг, ... дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1565 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 797 дугаар магадлалаар шийдвэрлэснийг, ... шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар тогтоолоор[3] хянахдаа, өргөдөлд дурдаад байгаа шинжээчийн дүгнэлтийн талаар “... шинжээч томилуулж үнэлгээ хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасныг 1997 тоот захирамжаар шийдвэрлэсэн, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан үнэлгээнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байх ба шүүх шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон үнэлгээнд тулгуурлаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэж, шийдвэрлэсэн байна.
Мөн нэмэлт өргөдөлд дурдсан, “Я ” ХХК, Д.Б нарын нэхэмжлэлтэй, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, Р.З , Б.Э нарт холбогдох иргэний хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00729 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1104 дүгээр магадлалаар шийдвэрлэснийг, ... шүүх 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ХТ2020/00713 дугаар тогтоолоор[4] анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба тогтоолын үндэслэх хэсэгт “... шийдвэрийн үндэслэл болсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 232 тоот үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шинжээчийн дүгнэлт нь хэргийн нотлох баримт тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамт үнэлэгдэх учиртай. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд, эсхүл шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт болон дахин шинжилгээ хийхээр заажээ. Нэхэмжлэгч нь “Я ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “К Т Э” ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад дээрх эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт үнэлэгдсэн шинжээчийн дүгнэлтийн талаар дахин дүгнэлт хийж нотлох боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно ...” гэж дүгнэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлд зааснаар “Хэргийн оролцогчийн гаргасан гомдлоор хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх, түүний дотор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээнд үнэлэлт дүгнэлт өгч, маргааныг эцэслэн шийдвэрлэх” нь ... шүүхийн шүүгчийн бүрэн эрхэд хамаарах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болно.
... шүүхийн нэр бүхий шүүгч нар нь дээрх 2014 оны 15 дугаар тогтоол болон 2020 оны ХТ2020/00713 дугаар тогтоолоор шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг зөвтгөж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн нь шүүгч нар дээрх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Өргөдөлд, шүүгч нарыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан ямар хэм хэмжээг хэрхэн зөрчсөн талаар дурдаагүй бөгөөд шүүн таслах үйл ажиллагааны хүрээнд шүүхийн тогтоол гаргасныг шүүгч хууль зөрчсөн, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.
2/ “Я ” ХХК нь дээрх шүүхийн тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар гаргасан хүсэлтийг, ... шүүхээс дараах байдлаар шийдвэрлэжээ. Үүнд:
а/ “К Т Э” ХХК “... хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага” стандартад нийцсэн тохижилт хийгээгүй болох нь ... шүүхийн 2014 оны 15 дугаар тогтоол гарах үед хэргийн оролцогч нарт мэдэгдээгүй ...” гэх үндэслэлээр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 31-02-345/1128 дугаар улсын байцаагчийн албан шаардлагыг хавсарган 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасныг, ... шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн и/32 дугаар тогтоолоор “... хүсэлтэд хавсаргасан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт заасан Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлд хамаарахгүй ...” гэж;
б/ Мөн “... шүүхийн тогтоол гарах үед хэргийн оролцогч нарт мэдэгдээгүй ...” гэх үндэслэлээр, 2008-2015 оны нийт 16 баримт хавсарган 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасныг, ... шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаар тогтоолоор “... хүсэлтэд хавсаргасан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт заасан Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлд хамаарахгүй ...” гээд, баримт тус бүрээр дүгнэн,
- мөн “ ... хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-т заасан хянах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хүсэлтээ гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй ...
- ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлээгүй баримтыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш олж бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах шалтгаан болохгүй ...” гэх үндэслэлүүдийг дурдаж;
в/ “ ... Шинжээч нар нь барилгын төсвийн үнэлгээ хийх эрхгүй болохыг дээрх шүүхийн тогтоол гарах үед хэргийн оролцогч нар мэдэх боломжгүй ...” гэх үндэслэлээр, Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2/1112 тоотыг хавсарган 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасныг, ... шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ШТ2016/00208 дугаар тогтоолоор “ ... хүсэлтэд хавсаргасан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох үндэслэлд хамаарахгүй ...” гэж;
г/ “... Хариуцагч Ч.Х нь шүүхэд хуурамч баримтыг нотлох баримтаар гарган өгсөн ...” гэх үндэслэлээр, ... дүүргийн прокурорын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 266 дугаар тогтоолыг хавсарган, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасныг, ... шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ШТ2017/00089 дугаар тогтоолоор “ ... хүсэлтэд хавсаргасан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох үндэслэлийн аль нэгт хамаарахгүй ... Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ... Прокурорын тогтоолыг шүүхийн шийдвэр гэж үзэх үндэслэлгүй болно. Прокурорын тогтоолын талаар яллагдагч гомдол гаргаагүй явдал нь гэм буруутайд тооцох Үндсэн хуулийн дээрх зарчмыг баримтлахгүй байх үндэслэл болохгүй юм. Хүсэлтэд дурдагдаж буй нөхцөл байдал нь шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна ... Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байна ...” гэх үндэслэлээр;
д/ “... “Х Ү Т” ХХК-д олгосон үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон ...” үндэслэлээр, Монголын хохирол үнэлгээчдийн холбооны удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэр, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 29/17 тоот албан бичиг, Сангийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр тушаал болон тус тушаалаар шинжээчийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсныг “Я ” ХХК-ийн захирал Д.Б д мэдэгдсэн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 7/2707 дугаартай албан бичгийг хавсарган, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасныг, ... шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШТ2017/00241 дугаар тогтоолоор “ ... шийдвэрийн үндэслэл болсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 232 дугаартай дүгнэлт 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гарсан байх ба уг дүгнэлтийг гаргасан үнэлгээчин Р.З ын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүчингүй болсон байх нь дээрх дүгнэлтийг үгүйсгэх, улмаар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг дахин хянах шинээр илэрсэн нөхцөл болохгүй юм ...” гэж;
е/ Улмаар “... аж ахуй нэгжид үнэлгээ хийх эрх олгогдоогүй талаар Сангийн яамны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 7/6482 тоотоор байгууллагын тамга дарж үнэлгээ баталгаажуулдаггүй харин үнэлгээ хийх эрх бүхий этгээд өөрийн тэмдэгээ дарж үнэлгээгээ баталгаажуулдаг болохыг олж мэдлээ ...” гэх үндэслэлээр, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасныг, ... шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШТ2018/00073 дугаар тогтоолоор “... Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүх “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон, тус компани хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн тухайгаа дүгнэлтэд дурджээ. Түүнчлэн тус компани Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч үнэлгээчнийг томилж үнэлгээ хийлгэж дүгнэлт гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно ... нэхэмжлэгчийн хүсэлтийг агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1 дэх заалтад хамаарахгүй байна ... шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон нотлох баримтыг хуурамч гэж үзэх, ... шийдвэр, эсхүл төр захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон гэх үндэслэл тогтоогдоогүй байна ... ” гэх үндэслэлээр тус тус хүсэлтийг хангахаас татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179, 180, 181 дүгээр зүйлд “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг[5] хянуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор хэргийн оролцогч нь шинээр илэрсэн нөхцөл байдлын талаарх баримтыг хавсарган хүсэлтээ шүүхэд гаргах, шүүхээс уг шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, шинэ нөхцөл байдал нь шийдвэрийг гаргахад хэрхэн нөлөөлсөн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэх”-ээр зохицуулсан.
Өргөдөл гаргагчийн дээрх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах 6 хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн шүүхийн тогтоолуудын агуулгаас үзвэл, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шинээр бий болсон баримтыг өргөдөл гаргагч нь шүүхэд гаргаж өгсөн байх ба шүүхээс уг баримт тус бүрээр “хуульд заасан шинэ нөхцөлд тооцох үндэслэлд хамаарах эсэх, хэргийг 2013-2014 онд шүүхээр хянан шийдвэрлэх үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримтад хамаарах эсэх, тухайн иргэний хэргийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх эсэх” зэрэгт үнэлэлт дүгнэлт хийж, хүсэлтийг шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.5-д “Шүүх хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд түүнийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана” гэж заасны дагуу хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлжээ.
Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн тухайд өргөдөл гаргагчийн хүсэлтэд хавсаргасан шинэ баримтуудаар хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ... дүүргийн прокурорын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 266 дугаар тогтоолоор хариуцагч нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэх боловч тухайн баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй гэж шүүхийн тогтоолд дүгнэсэн байгаа нь шүүгч нарт холбогдуулсан “шаардлага хангахгүй нотлох баримтаар үндэслэлгүйгээр хууль бус шийдвэр гаргасан, уг шийдвэрээ эргэн харахгүй байгаа” гэх өргөдөлд дурдсан үйл баримт үгүйсгэгдэж байна.
Ийнхүү шүүгч нар хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хуулийн тодорхой зохицуулалтыг хэрэглэсэн үйл ажиллагаа нь шүүгчийг албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон, хууль зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэл болохгүй.
Түүнчлэн, шинээр илэрсэн нөхцөлөөр дахин хянуулж буй ... дүүргийн шүүхийн 2013 оны 1565 дугаар шийдвэртэй иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг, шүүгч Ж.Б даргалж, дангаар хянан шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянахад дахин оролцуулахгүй байхаар хязгаарласнаас бусдаар хяналтын шатны журмаар хэргийг хянасан шүүгчийг шинээр илэрсэн нөхцөлөөр хэргийг дахин хянах хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаагүй байх тул ... шүүхийн нэр бүхий шүүгч нар нь шинээр илэрсэн нөхцөлөөр хэргийг хянуулах хүсэлтийг шийдвэрлэсэн нь “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэй” гэх үндэслэлд хамаарахгүй тул энэ үндэслэлээр холбогдох шүүгч нарыг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
3/ Нөгөө талаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “ ... Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасны дагуу шүүхийн нэгэн адил тухайн хэргийн маргааны үйл баримт руу орж, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах, улмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гаргасан хэргийн оролцогчийн гомдлыг хянан шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн тогтоолын үндэслэл, шийдэл, хууль хэрэглээ болон мөн шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт хэргийн оролцогчийн гаргасан шинэ баримт хүсэлт нь хэргийг ердийн журмаар дахин хэлэлцэх шинэ нөхцөл байдалд тооцогдох эсэхийг үнэлсэн хяналтын шатны шүүхийн шүүгчийн хараат бусаар хэрэгжүүлэх шүүн таслах үйл ажиллагаанд дүгнэлт хийх эрх хэмжээ Шүүхийн сахилгын хороонд хуульчлагдаагүй бөгөөд энэ талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Сахилгын хэргийн шалгах ажиллагааны талаар:
1/ Өргөдлийг хянаад, илтгэгч гишүүн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 646 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг өргөдөл гаргагч эс зөвшөөрч гомдол гаргасан, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 94 дүгээр тогтоолоор шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн А.Д , Х.С , Ц.А нараас бусад шүүгч нарт холбогдуулж “... ... шүүхийн тогтоолд хүсэлтийг шийдвэрлэхдээ шинэ гэх баримтыг хэрхэн үнэлсэн болох, тухайлбал, өргөдөлд хавсаргасан 2017 оны ... 266 дугаар ... дүүргийн прокурорын тогтоол зэрэгт хийсэн дүгнэлтийг тодруулах ...” гэсэн үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн С.Энхтөр, Г.Цагаанцоож нар нь тус сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасныг, Шүүхийн сахилгын хорооны даргын 317, 336 дугаар захирамжаар тус тус хүлээн авснаар, уг хэрэг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б.Сугар гишүүнд шилжиж, ... шүүхийн нэр бүхий шүүгч нарт уг тогтоол, өргөдөл мэдээллийг гардуулан, хэргийн оролцогч /шүүгч/-ийн эрх, үүргийг тайлбарлаж, шүүгч нар нь тайлбараа баримтын хамтаар ирүүлсэн байна.
Илтгэгч гишүүн нь өргөдөлд дурдсан үндэслэлүүдээр шалгах ажиллагааг явуулж, сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолд дурдсан нөхцөл байдлыг тодруулсан, хэргийн оролцогчдын тайлбар болон нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан, мөн холбогдох шүүгч нарыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүгчийн ёс зүйн дүрмээр шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Өргөдөл гаргагч нь сахилгын хэрэгт Ж.А , А.Э болон шүүгч Ж.Б нарыг гэрчээр оролцуулах хүсэлт ирүүлснийг, илтгэгч гишүүний 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 947 дугаар захирамжаар Ж.А , А.Э нарыг гэрчээр оролцуулж, шүүгч Ж.Б г гэрчээр оролцуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.3 дахь хэсэг, 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.
Мөн Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 16.00 цагт товлогдсон хуралдааныг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл мэдээлэл гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэж, ажиглагчаар оролцох эрхийг хангасан, өргөдөл гаргагч “Я ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэг нараас “өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэгийг тус хуралдаанд цахимаар оролцуулах” хүсэлтийг ирүүлсэн байх ба Монгол Улсын Шүүхийн тухай хуульд хэргийн оролцогч бус өргөдөл гаргагчийг цахимаар оролцуулах талаар зохицуулалт тусгагдаагүй тул хүсэлтийг хангах шаардлагагүй гэж үзсэн болно.
Түүнчлэн, илтгэгч гишүүний 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хэлэлцсэн тус Шүүхийн сахилгын хорооны хуралдаанд, өргөдөл гаргагчаас “... шүүхийн шүүгч Х.Э , Г.Б , Б.М , С.С , Г.А , П.З нарт холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны үйл баримтын талаар” нэмэлт өргөдлийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюу дээрх саналыг гаргаснаас хойш ирүүлсэн байх тул уг нэмэлт өргөдлийг хэлэлцэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... шүүхийн шүүгч Д.Ц , Х.Э , Г.А , П.З , Г.Ц , Б.У нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
О.НОМУУЛИН
[1] 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан
[2] 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон.
[3] Шүүгч А.Доржготов, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй
[4] Шүүгч Х.Сонинбаяр, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй
[5] Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол