info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-01-27

Дугаар 19

Улаанбаатар хот

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн С.Энхтөр, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг илтгэгч гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүн Б.Сугар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

1. Иргэн О.Б 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан гомдолдоо:

“... Нэхэмжлэгч нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д "Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараахь арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй" гэж, 69.1.3-т "хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох " гэж тус тус заасны дагуу тус шүүхэд хариуцагч "С" ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд буюу 32,552,690 төгрөгийн хэмжээнд зогсоож өгөхийг хүсэж хүсэлт гаргасан. Гэвч Б.М шүүгч нь нэхэмжлэгч дээрх хүсэлтийг шүүхэд гаргаснаас хойш холбогдох хууль, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, шүүгчийн хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулсан аливаа үйлдэл гаргасаар байна... Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-т "Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ " гэж, 3.2 дугаар зүйлийн 1 -д "Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна " гэж заасныг тус тус зөрчсөн. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д "Шүүгчид дараах зүйлийг хориглоно:" гээд 50.1.23-т "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах;" гэж заасан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бөгөөд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т "Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид "сахилгын зөрчил " гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна" гэж тус тус зохицуулсан.

Шүүгч Б.М нь холбогдох хууль болон дүрмийг зөрчсөн тухайд: ...шүүхийн шүүгч Б.М-ын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 7219 дүгээр "Хүсэлтийг хангахаас татгалзах тухай" захирамжаар нэхэмжлэгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд захирамжийн үндэслэх хэсэгт "... хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох нь  үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн  үйл  ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах үр дагаварт хүргэж болзошгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-д заасан арга хэмжээг авах шаардлагагүй..." гэж үзсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн дээрх захирамж нь илт үндэслэл муутай гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д "Энэ хуулиин 123.1-0 заасны дагуу гаргасан шүүхиин тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно " гэж заасны дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Учир нь шүүгч "хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох нь үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажииагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах үр дагаварт хүргэж болзошгүй" гэж үзсэн боловч уг үндэслэлтэй холбоотой холбогдох баримтыг шүүхэд хариуцагч тал огт гаргаж өгөөгүй бөгөөд хэрэгт үүнтэй холбоотой баримт огт авагдаагүй атал шүүгч уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр илт нэг талыг барьж хүсэлт болон гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Түүнчлэн, шүүгч ямар үндэслэлээр хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох аваас байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, дампуурах эрсдэл бий болзошгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг хэдэн төгрөгөөс дээш үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон тохиолдолд үйл ажиллагаа нь алдагдах эсэх нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн захирамж нь илт үндэслэл муутай байхад илт үндэслэл муутай гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн дахин гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэж байгаа нь огт үндэслэлгүй байх бөгөөд санаатайгаар хариуцагчид давуу байдал олгосон гэж үзэхээр байна. Шүүгч нотлох баримтад үндэслэлгүйгээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангуулах нэхэмжлэгчийн хүсэлт, гомдлыг хангахгүй орхиж байгаа нь шүүгчийн зүгээс хариуцагч "С" ХХК-д ашигтай байдлыг зориудаар бий болгож, шүүгчийн хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулж байна. Иймд ...шүүхийн шүүгч Б.Мыг Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн болохыг тогтоож, холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэжээ.

2. ...шүүхийн шүүгч Б.М хариу тайлбартаа:

“...2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд буюу 32.552.690 төгрөгийн хэмжээнд зогсоох хүсэлт гаргасныг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/Ш32021/07219 дүгээр шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж-оос дээрх нэхэмжлэгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/Ш32021/07219 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг хянаад шүүгчийн захирамж хууль зөрчөөгүй, уг шүүгчийн захирамжийг илт үндэслэл муутай гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Уг шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргасныг хянан хэлэлцээд тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШТ2021/00245 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу хэрэг үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй бөгөөд ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-т заасан үйлдвэрлэл үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах үр дагаварт хүргэж болдоггүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ нь мөн хуулийн 69.5-т заасан үр дагаврыг шууд үүсгэж болзошгүй байдаг тул нэхэмжлэгч хүсэлт гаргасан тухай бүр авдаггүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг харгалзан зайлшгүй авах шаардлагатай тохиолдолд хэрэглэгддэг.

Гэтэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс хүсэлт гаргасан бол шууд авах ёстой байсан, энэ нь хуулийн заалтыг ноцтой зөрчсөн зөрчил мэтээр тайлбарлаж, энэ талаар шүүгчийн захирамжид гомдол гаргасныг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Урьд шүүгч миний бие нэхэмжлэгч О.Б-тэй холбоотой өөр ямар нэгэн маргааныг шийдвэрлэж байгаагүй байхад "Н" ХХК-тай холбоотой маргааныг шийдвэрлэх явцад түүний дансыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар битүүмжилсэн тул, одоо хариуцагч "С"ХХК-ийн дансыг битүүмжлэх ёстой байсан гэж энэхүү хэрэг маргаантай харьцуулан адилтгаж, тухайн арга хэмжээг зайлшгүй авах ёстой байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч О.Б нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч С ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлүүлэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/Ш32021/11265 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч С ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 32.552.690 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж шийдвэрлэжээ. Энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хариуцагч С ХХК гомдол гаргасныг тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШТ2021/00295 дугаар тогтоолоор хянан хэлэлцэж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэвээр үлдээжээ. Улмаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/02924 дүгээр шийдвэрээр О.Бийн нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн байна. ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдаж байгаа...” гэжээ.

 

3. ...шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 183/Ш32021/07219 дугаар захирамжаар нэхэмжлэгч О.Б-ээс гаргасан хариуцагч “С” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд буюу 32.552.690 төгрөгийн хэмжээнд зогсоох шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулахыг хүссэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

4....шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 183/Ш32021/09183 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж-оос гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж байгаа тул зохигчдод энэ шүүгчийн захирамжид гомдол гаргах боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

5....шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Гомдол хянан шийдвэрлэх тухай” 183/ШТ2021/00245 дугаар тогтоолоор шүүгчийн захирамж хууль зөрчсөн гэх үндэслэлгүй, уг арга хэмжээг авахаас татгалзсан захирамжийг хэвээр үлдээснийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзэж  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж-ийн гаргасан гомдлыг хангалгүй орхижээ.

7.Иргэн О.Б-ээс шүүгч Б.М-т холбогдуулан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 7219 дүгээр "Хүсэлтийг хангахаас татгалзах тухай" захирамжаар хангахаас татгалзасан нь 1-рт хууль зүйн үндэслэлгүй холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж холбогдох хууль, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, шүүгчийн хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулсан аливаа үйлдэл гаргасаар байна,

2-рт шүүгч нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр илт нэг талыг барьж хүсэлт болон гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, ямар үндэслэлээр хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох аваас байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, дампуурах эрсдэл бий болзошгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг хэдэн төгрөгөөс дээш үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон тохиолдолд үйл ажиллагаа нь алдагдах эсэх нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн захирамж нь илт үндэслэл муутай байхад илт үндэслэл муутай гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн дахин гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэж байгаа нь огт үндэслэлгүй байх бөгөөд санаатайгаар хариуцагчид давуу байдал олгосон гэж үзэхээр байна,

3-рт нотлох баримтад үндэслэлгүйгээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангуулах нэхэмжлэгчийн хүсэлт, гомдлыг хангахгүй орхиж байгаа нь шүүгчийн зүгээс хариуцагч "С" ХХК-д ашигтай байдлыг зориудаар бий болгож, шүүгчийн хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулж байна гэж үзэж Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн болохыг тогтоож, холбогдох арга хэмжээг авч өгөхийг хүссэн утга агуулгатай гомдол гаргажээ.

 

8. Шүүгч захирамжаар нэхэмжлэгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулахыг хүссэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг захирамжид гаргасан гомдлыг хянасан шүүхийн тогтоол гарсан байх  ба энэхүү ажиллагааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, тодруулбал шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй. 

9.  Шүүгч ...шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 183/Ш32021/07219 дугаар захирамжийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан буюу “69.1.3.хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох” арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзэж,123 дугаар зүйлийн 123.1 “Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэсэн заалтыг тус тус удирдлага болгон баримталжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол тухайн шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх нөхцөл бүрдэх ёстой байх бөгөөд дээрх захирамжаас үзэхэд хуулийн илт тодорхой, илэрхий ойлгомжтой зүйл заалтыг ноцтой, удаа дараа зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

10. Түүнчлэн шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх, хянах, өөрчлөх, хүчингүй болгох асуудал нь Шүүхийн сахилгын хороонд хамааралгүй, эрхлэн асуудлын харьяалалд хамааралгүй болно. Шүүгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргавал хууль зүйн үндэслэлийг нь хянах эрх хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Иймээс шүүгчийн захирамж илт үндэслэлгүй, хууль бус байсан эсэхийг хянах, хүчингүй болгох, өөрчлөх нь Шүүхийн сахилгын хорооны эрх хэмжээний асуудал биш, харьяалан шийдвэрлэх асуудалд хамааралгүй.

11. Монгол Улсын шүүхийн тухай хуульд тодорхойлон заасан сахилгын зөрчил буюу мөн хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан эсэхийг гомдлын мөрөөр шалгаж зөрчил гаргасан эсэхийг Шүүхийн сахилгын хороо тогтоох үүрэгтэй ба холбогдогч шүүгч нь нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж захирамж гаргахдаа тус хуульд хориглосон үйлдэл, эс үйлдэхүй буюу 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Иргэн О.Б-ийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан гомдлыг Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар захирамжаар ...шүүхийн шүүгч Б.М-т сахилгын хэрэг үүсгэжээ. Сахилгын хорооны гишүүн Б.Сугар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүгч Б.М-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, уг сахилгын хэргийг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцэв.  

Шүүгч Б.М ...шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 183/ШЗ2021/07219 дүгээр  шүүгчийн захирамжаар “Нэхэмжлэгч О.Бээс гаргасан хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авхуулахыг хүссэн хүсэлтийг хянан үзээд хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох нь үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах үр дагаварт хүргэж болзошгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээг авах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн байна. /сахилгын хэргийн 38, 39 дэх тал/

Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу хэрэг үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй бөгөөд ингэхдээ мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-т зааснаар үйлдвэрлэл үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах үр дагаварт хүргэж болзошгүй нөхцөлийг харгалзан үзэхээр зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авах эсэхийг нэхэмжлэлийн хүсэлтийг үндэслэн тухайн хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа шүүгч захирамж гарган шийдвэрлэх эрхтэй ба шүүгч захирамжийн үндэслэлдээ тодорхой үүсэж болох үр дагаврыг тайлбарлаж, уг арга хэмжээг авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг  зөрчсөн гэж үзэж үндэслэлгүй байна.

Шүүгч захирамжаар нэхэмжлэгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулахыг хүссэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг захирамжид гаргасан гомдлыг хянасан шүүхийн тогтоол гарсан байх  ба энэхүү ажиллагааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, тодруулбал шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.

  Иймд ...шүүхийн шүүгч Б.М-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны гишүүн Б.Сугараас гаргасныг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч Б.М-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                            Х.ХАШБААТАР

                              ГИШҮҮН                                                           Ц.ДАВХАРБАЯР

                                                                                                          С.ЭНХТӨР