info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-06-30

Дугаар 211

Улаанбаатар хот

2022.06.30                            211

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр  даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, өргөдөл гаргагч “Б ц” ХХК-ийн захирал Б.Б ийг ажиглагчаар суулцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 107 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг гишүүн Д.Мягмарцэрэн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

1. Шүүгч А.Э  албан   урвуулан ашиглаж, “С ” сургуульд давуу байдал олгосон нь нотлогдож байгаа гэх тухайд, Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “С ” сургуулийн нэхэмжлэлтэй, “Б ц” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг ...  иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн .../Ш32020/12194 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэхдээ, ... дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа ... дугаар хэрэг бүртгэлийн хэрэг, ... дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг гэх хэргийг эрүүгийн журмаар шалгаж, хэрхэн шийдвэрлэх нь “С ” сургууль, “Б ц” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нөлөөлөхөөр буюу хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл тогтоогдож байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Уг захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас гомдол гаргасны дагуу ....  шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .../ШТ2020/00286 дугаар тогтоолоор “...иргэний болон эрүүгийн журмаар шалгаж байгаа үйл баримтууд нь харилцан хамааралгүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэг маргаануудыг шийдвэрлэсний дараа иргэний хэрэг маргаан шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэж дүгнээд захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2. Хариуцагчаас дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гаргасныг мөн өдрийн .../ШЗ2021/02202 дугаар шүүгчийн захирамжаар татгалзаж шийдвэрлэхдээ, ... дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа ... дугаар хэрэг бүртгэлийн хэрэг, ... дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг гэх хэргийг эрүүгийн журмаар шалгаж, хэрхэн шийдвэрлэх нь “С ” сургууль, “Б ц” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нөлөөлөхөөр буюу хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл тогтоогдож байна гэсэн агуулга бүхий хүсэлтийг ....  шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн .../Ш32020/12194 захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч, ....  шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .../ШТ2020/00286 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

3. 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтийг мөн өдрийн .../ШЗ2021/05243 дугаар шүүгчийн захирамжаар татгалзаж шийдвэрлэхдээ, ... дүүргийн Цагдаа, прокурорын газар хянагдаж ... дугаартай эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг...,...прокурорын 5/542 дугаар хариу мэдэгдэх хуудаст намайг хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь өснө нь мэдэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай...” гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгосон 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .../ШТ2020/00286 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа” гэж дүгнээд хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг шүүгчийн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан үнэлж хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагааг шүүгчийн албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашигласан  гэж үзэх боломжгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасныг анхан шатны шүүх хэрэглээгүй нь буруу гэж үзэх тохиолдолд дээд шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан алдааг залруулах эрхтэй болно.

“Би шийдвэрээ гаргачихъя, буруу шийдвэр гаргасан бол давж заалдах шатны шүүх хүчингүй болгоно биз дээ” гэж хэлсэн гэх тухайд:  ....  шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “С ” сургуулийн нэхэмжлэлтэй “Б ц” ХХК-д холбогдох шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгээс үзэхэд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийн 29:40 минутаас хойш шүүх хуралдааны бичлэгээс “Би шийдвэрээ гаргачихъя, буруу шийдвэр гаргасан бол давж заалдах шатны шүүх хүчингүй болгоно биз дээ” гэж хэлээгүй, агуулгын хувьд төстэй зүйл ярьсан болох нь тогтоогдож байх ба шүүгч А.Э  Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг шүүгчийн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан үнэлж, хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагааг шүүгчийн албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашигласан гэж үзэх боломжгүй юм.

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 106 дугаар тогтоолд “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөдөл гаргагч нь нэмэлт өргөдөл ирүүлсэн учраас уг нэмэлт өргөдлийг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байх бөгөөд нэгэнт сахилгын хэргийг илтгэгч гишүүнд буцааж шийдвэрлэсэн тул нэмэлт өргөдлийг хамтатган шалгах нь зүйтэй” гэжээ.

Тухайн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нэмэлт өргөдөлд, “...Нэхэмжлэгч “С ” сургууль нь 6 өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байгаа ба 2022 оны 03-р сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд бүгд оролцсон боловч манай 2 өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт гаргаж нотлох баримтыг ирүүлсэн байхад анхан шатны шүүх манай компани болон иргэн миний өмгөөлүүлэх эрхээр хангуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх заалтыг зөрчсөн. Мөн хуулиар олгогдсон эрх буюу давж заалдах гомдол гаргах, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангахгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх заалтыг ноцтой зөрчиж байсан учраас арга буюу хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон” гэх тухайд: ...дүүргийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн .../ШЗ2022/03675 дугаар шүүгчийн захирамжид “С ” сургуулийн үндсэн нэхэмжлэлтэй, “Б ц” ХХК, иргэн Б.Б  нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н  нар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргажээ. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н , Ц.Н  нарт шүүх хуралдааны товыг 2022 оны 02 сарын 16-ны өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зуруулсан нь өмгөөлөгч нарт хурлын товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн гэж дүгнэлээ. Шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хариуцагчийн өмгөөлөгч нарт мэдэгдсээр байхад шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзлээ. Өмгөөлөгч Л.Н  хурал давхацсан үндэслэлээр шүүх хурал хойшлуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд хүсэлтдээ хавсарган ирүүлсэн баримт нь нэг талаар нотлох баримтад тавигдах шаардлага хангахгүй, нөгөө талаар давхацсан гэх шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Н  оролцсон эсэх нь тогтоогдсонгүй. Хариуцагчийн төлөөлөгч нь өмгөөлөгч Ц.Н ыг өвчтэй, эмнэлэгт хэвтсэн гэх боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэж үзэхгүй гэж хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.  ....  шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “С ” сургуулийн нэхэмжлэлтэй “Б ц” ХХК-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлд хийсэн үзлэгт шүүх хуралдаан хариуцагчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр удаа дараа хойшилсон, мөн тухайн өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааныг хойшлуулахаар ирүүлсэн хүсэлт болоод баримт нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байгаа талаар нэхэмжлэгч талын өмгөөлөгч нараас тайлбар гаргаж байх бөгөөд хариуцагчаас мөн утсанд ирсэн мессежээ канондон буулгасан талаар тайлбар гаргадаг. Шүүх хуралдаан хүсэлтийг хэлэлцэхээр завсарласны дараа шүүх хуралдаан үргэлжлэхэд шүүгчээс “...хариуцагчийн өмгөөлөгч Н , Н  нарт шүүх хуралдааны зарыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэж байна” гэснээр шүүх хуралдаан үргэлжилсэн байх ба хариуцагч Б.Б  шүүх хуралдааны бичлэгийн 12:07:07 секундэд шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж шүүх хуралдааныг хаяж танхимаас гарч байгаа үйл баримт бичлэгт авагдсан байна. Дээрх үйл баримтаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан үнэлж хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагааг шүүгчийн албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашигласан  гэж үзэхгүй. “Хариуцагч намайг шүүх хуралдаанаас гарсны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр завсарлаж, шууд бичлэг унтраалгаж буй /Бичлэгийн 12.08.35-12.09.49 цаг нь шүүгч А.Э  нь нөлөөлөлд орсон байх магадлалтай, нөгөө талаар хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцахыг хориглосон заалтыг зөрчсөн” гэх тухайд: ....  шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “С ” сургуулийн нэхэмжлэлтэй “Б ц” ХХК-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлд хийсэн үзлэгээс шүүгч А.Э  нөлөөнд орсон байх, хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах харилцахыг хориглосон заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Сахилгын хэрэгт цугласан баримтуудаас шүүгч А.Э  нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгч А.Э д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ. “Б ц” ХХК-ийн захирал Б.Б ийн өргөдөлтэй, ....  шүүхийн шүүгч А.Э д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна. гэжээ.

Шүүгч А.Э  сахилгын хорооны ирүүлсэн тайлбартаа: “... Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, ....  шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн .../Ш32020/12194 дүгээр захирамжаар “С ” сургуулийн үндсэн нэхэмжлэлтэй, “Б ц” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч “С ” сургуулийн өмгөөлөгч нар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан. ....  шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .../ШТ2020/00286 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн .../Ш32020/12194 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Хариуцагч Б.Б  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр хэвээр болохоос гадна хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудыг хооронд нь харьцуулан хянаж үзээд хэрэг түдгэлзүүлэх үндэслэл нотолсон нэмэлт баримт хэрэгт цуглараагүй тул хүсэлтийг хүлээн авахаас тухай бүр татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Шүүх нь “С ” сургуулийн үндсэн нэхэмжлэлтэй, “Б ц” ХХК, иргэн Б.Б ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авснаас хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаа хэтэрсэн, тухайн хэрэг нь Нийслэл дэх иргэний хэргийн анхан шатны 3 шүүх дамжин хэлэлцэгдэж байгаагаас гадна хариуцагч Б.Б  нь хэргийг түдгэлзүүлэх, шүүгч, бүх шүүгчийг татгалзан гаргах, ...  шүүх рүү хэрэг шилжүүлэх зэрэг хүсэлтүүдийг удаа дараа гаргаж хэрэг хянан шийдвэрлэхэд хүндрэл, чирэгдэл учруулсан байдаг. Шүүх иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээхдээ хуулийн хүрээнд аль болох түргэн, шуурхай, чирэгдэлгүйгээр үйлчлэх үүрэгтэй тул нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг байхад нь “удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүй хүсэлт гаргаж байна, эрх, эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байвал хүсэлт гаргалгүйгээр хэргээ шийдвэрлүүлэх боломжтой, гарсан шийдвэрийг эс зөвшөөрч байвал давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй” гэж үзсэний үндсэн дээр “хэргээ шийдвэрлүүлэх” агуулга бүхий үг хэлсэн нь үнэн болно. Миний бие хэлсэн үгээ нотолж, баримтжуулахаар шүүх хуралдааны бичлэгийг нарийн бичгийн даргаар шүүлгүүлсэн боловч шүүх хуралдааны бичлэгт байхгүй байгаа нь дээрх үгийг шүүхийн хэлэлцүүлгийн бус шатанд хэлсэн байх магадлалтай” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            ...  шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн .../ЗТ2019/01089 дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “С ” сургуулийн нэхэмжлэлтэй “Б ц” ХХК, Б.Б  нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 596,937,740.08 төгрөг гаргуулах үндсэн, 1,457,284,598 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт тус шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай хариуцагч талын хүсэлтийг хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ЕШ2019/04841 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар ...  шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. /1хх171-174/

            Улмаар ...  шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн .../ШТ2020/00214 дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгч тал уг захирамжид гомдол гаргаж, ....  шүүхийн 2020 оны 7 дугаар сарыг 03-ны өдрийн .../ШТ2020/00208 дугаар тогтоолоор дээрх тогтоолыг хүчингүй болгожээ. Ийнхүү уг иргэний хэрэг тус шүүхийн шүүгч А.Э д хуваарилагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

            Нэг. Шүүгч А.Э  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “С ” сургуульд давуу байдал бий болгосон гэх өргөдлийн үндэслэлийн тухайд; /1хх1-6/

            Тус иргэний хэрэгт хариуцагчаас 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг ....  шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн .../Ш32020/12194 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /1хх175,176/

            Уг захирамжид ... дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа ... дугаар хэрэг бүртгэлийн хэрэг, ... дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг гэх хэргүүдийг эрүүгийн журмаар шалгаж, хэрхэн шийдвэрлэх нь “С ” сургууль, “Б ц” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нөлөөлөхөөр буюу хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл тогтоогдож байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн талаар дурджээ.

            Дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас гомдол гаргасны дагуу ....  шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .../ШТ2020/00286 дугаар тогтоолоор “...иргэний болон эрүүгийн журмаар шалгаж байгаа үйл баримтууд нь харилцан хамааралгүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэг маргаануудыг шийдвэрлэсний дараа иргэний хэрэг маргаан шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэж үзэж захирамжийн хүчингүй болгож шийдвэрлэжээ. /1хх92-105/

            Хариуцагчаас 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг мөн өдрийн .../ШЗ2021/02202 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /1хх106-113/

            Уг захирамжид, ... дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа ... дугаар хэрэг бүртгэлийн хэрэг, ... дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг гэх хэргүүдийг эрүүгийн журмаар шалгаж, хэрхэн шийдвэрлэх нь “С ” сургууль, “Б ц” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нөлөөлөхөөр буюу хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл тогтоогдож байна гэсэн агуулга бүхий хүсэлтийг ....  шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн .../Ш32020/12194 захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч, ....  шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .../ШТ2020/00286 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байх тул хүсэлтийг хангаагүй талаар дурджээ.

            Дахин хариуцагч талаас 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасныг мөн өдрийн .../ШЗ2021/05243 дугаар шүүгчийн захирамжаар “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгосон 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .../ШТ2020/00286 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа” гэж үзэж хангахаас татгалзсан байна. /1хх114,115/

            Ийнхүү хариуцагч талаас удаа дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтүүдийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх боломжгүй. Учир нь хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар шүүгчийн эрх хэмжээний асуудал юм.

            Нөгөөтэйгүүр, шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянах, түүнд дүгнэлт өгөх эрхийг хуулиар олгоогүй.

            Хоёр. “...би шийдвэрээ гаргачихъя, буруу шийдвэр гаргасан бол давж заалдах шатны шүүх хүчингүй болгоно биз гэж шүүгч хэлсэн” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд; /2хх89-97/

            Дээрх иргэний хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт, даргалагчаас “...хэрвээ шинжээч томилж, 80.1.4-ээр түдгэлзүүлэх хүсэлтийг шийдэх гэхээр татгалзаад байна л даа. Энэ хүсэлтээсээ татгалзаад анхан шатны шүүх шийдвэрлэлээ гэж бодъё. Цаана нь давж заалдах, хяналтын шатны хоёрын хоёр шүүх байна. Тэр дээр болно ш дээ. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангалгүй, хэрэг шийдвэрлэсэн нь процессын алдаа болжээ гээд давах, хяналтын шүүх эрх нь байгаа. Би хэрэг шийдье гээд өөрсдөө нэхэмжлэл гаргаад, хэрэг шийдчихье гэхээр урдаас татгалзах хүсэлт гаргаад, ...тийм боломж байгаа биз дээ, давах хяналт дээр, байхгүй юм уу” гэж хэлсэн болох нь тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж, 172 дугаар зүйлийн 172.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан.

            Шүүх хуралдааны явцад шүүгчээс хэргийн оролцогчийн дээрх хуулиар олгосон эрхийг нь тайлбарласан байх ба хэргийн шийдлийн талаар урьдчилан таамаг хэлсэн, нэг талд давуу байдал үүсгэж, эрх ашгийг нь хамгаалсан шийдвэр гаргахын төлөө улайран дайрсан гэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүгч хариуцагч талаас гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг нь хангаагүйтэй холбогдуулан шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг нь тайлбарлажээ.

            Гурав. “...шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч шүүгч өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж захирамж гаргасан, уг захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд; /1хх231-245/

            2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.Б ээс шүүгч, бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргаж, мөн өдрийн .../ШЗ2022/03676 дугаар шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй талаар дурдаж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Б.Б  нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шүүгч А.Э ийг татгалзан гарах хүсэлт гаргаж, мөн өдрийн .../ШЗ2021/09689 дүгээр шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. Мөн тэрээр ....  шүүхийн бүх шүүгч нараас татгалзаж, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн .../ЗТ2021/00603 дугаар тогтоолоор бүх шүүгчдээс татгалзах хүсэлтийг хангахаас татгалзжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Б.Б  нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн .../ШЗ2021/09689 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн .../ШТ2021/00170 дугаар тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэж, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн .../ЕШ2021/01482 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг хангахаас татгалзжээ.

            Улмаар хариуцагчийн төлөөлөгч Б.Б  нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүгч А.Э өөс татгалзсаныг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн .../ЕШ2021/01940 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

            Ийнхүү хариуцагчийн төлөөлөгч Б.Б ийн гаргасан шүүгч А.Э  болон тус шүүхийн бүх шүүгчдээс татгалзсан татгалзлыг дээрх дурдсанчлан удаа дараа хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгч, бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт дахин гаргасныг мөн өдрийн .../ШЗ2022/03675 дугаар шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй талаар дурдсан нь шүүгч өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж захирамж гаргасан гэж үзэхгүй. Тодруулбал, урьд нь хүсэлтийг шийдвэрлэсэн, захирамж, тогтоол хүчин төгөлдөр байх тул дахин тэр талаар гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй нь хууль зөрчөөгүй байна.

            Дөрөв. “...2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талын өмгөөлүүлэх, мэтгэлцэх эрхийг зөрчсөн” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд; /1хх231-245/

            2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.Б , хариуцагчийн өмгөөлөгч Л.Н  нар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж, мөн өдрийн .../ШЗ2022/03676 дугаар шүүгчийн захирамжаар “...хариуцагч талд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн талаар” дурдаж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийн үндэслэл, холбогдох баримтыг хэрхэн үнэлж шийдвэрлэх нь шүүгчийн эрх хэмжээний асуудал бөгөөд хариуцагч талын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаагүй нь шүүгчийн албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй.

            Түүнчлэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2022/01060 дугаар магадлалд “...хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хэргийн материалтай танилцах, шүүгч, шүүгч нараас татгалзах, шүүгчийн захирамжид гомдол гаргах, нотлох баримт бүрдүүлэх, хэргийг түдгэлзүүлэх, шүүх хуралдаан давхацсан болон эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах зэрэг хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор анхан шатны шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан бөгөөд тэдгээрт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн, дахин шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв” гэж дүгнэсэн байна.

            Тав. “Хариуцагч шүүх хуралдаанаас гарсны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр завсарлаж, бичлэг унтраасан нь хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцахыг хориглосон заалтыг зөрчсөн” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд; /1хх231-245/

            2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд даргалагчаас хариуцагч талаас гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхисон захирамжийн агуулгыг танилцуулсны дараа буюу шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн 12:07:07 секундэд хариуцагчийн төлөөлөгч Б.Б  шүүх танхимыг орхин гарсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгээр тус тус тогтоогдож байна.

            Ийнхүү хариуцагчийн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдааны дэг зөрчиж, танхимыг орхин гарснаар нэхэмжлэгч талыг оролцуулан шүүх хуралдаан үргэлжилж, “...Даргалагчаас: За нэхэмжлэлийн шаардлагаа ярья гэхэд, нэхэмжлэгийн өмгөөлөгчөөс: Бид үйлчлүүлэгчтэйгээ нэг минут зөвлөлдөж болох уу гэхэд, даргалагчаас: ямар үндэслэлээр юм гэхэд, нэхэмжлэгийн өмгөөлөгчөөс: нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад үйлчлүүлэгчтэйгээ нэг минут түр уулзах боломжоор хангаж өгөөч гэхэд, даргалагчаас: за хаачих хуралдаан...” гэжээ. Ийнхүү тус шүүх хуралдааны бичлэгийг 12:08:25 секундэд бичлэгийг зогсоож, 12:09:50 секундэд хуралдаан үргэлжлэн бичлэгийг асааж хуралдаан үргэлжилсэн байна.

            Энэ талаар тодруулж тус шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Т.Т аас гэрчээр асуухад, “...шүүх хуралдааны бичлэгийг нэг минут унтраасан, тухайн хугацаанд нэхэмжлэгч талын өмгөөлөгч нар хоорондоо зөвлөлдсөн, шүүгчтэй харилцаагүй” гэж мэдүүлжээ.

            Нэхэмжлэгч талаас ийнхүү даргалагчаас түр завсарлах зөвшөөрөл авч, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг 1 минут 25 секунд бичлэг унтраасан нь хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцахыг хориглосон заалтыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй.

            Дээрхээс дүгнэвэл шүүгч А.Э  нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх, хэмжээний хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд тэрээр Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Сахилгын хорооны бүрэлдэхүүн, илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 107 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ....  шүүхийн шүүгч А.Э д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХТӨР

ГИШҮҮД                                                        Ц.ДАВХАРБАЯР

Х.ХАШБААТАР