МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-06-16
Дугаар 201
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг гишүүн Б.Сугар илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Б.Сугар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ... шүүхийн Урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Л.Б- даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц- , гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Д- , итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н- , Д.Б- , өмгөөлөгч Б.М- , О.М- нар биечлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш- , Т.Г- , Д.Н- , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- нарыг цахимаар оролцуулан хийжээ. Урьдчилсан хэлэлцүүлгийг нээгээд даргалагч шүүгчээс даргалагч болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргалагчийг танилцуулж хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах эрхтэйг танилцуулж татгалзал бий эсэхийг асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс шүүгч Л.Б- т холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан тул сахилгын хэргийн эсрэг оролцогчид болж байгаа учраас ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй мөн өмнөх урьдчилсан хэлэлцүүлгээс гаргасан захирамжийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон тул дараа дараагийн шийдвэр үндэслэлтэй, зөв шийдэж чадна гэдэгт эргэлзээ төрж байна гэсэн үндэслэлээр шүүгчээс татгалзсан байна. Даргалагч шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан татгалзалтай холбогдуулан бусад оролцогч нарын санал сонсож шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэтэл хойшлуулж, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг жич товлохоор шийдвэрлэжээ. ... шүүхийн Ерөнхий шүүгч уг татгалзлыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хянаад “Шүүгч Л.Б- ыг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 128/ЕШ2022/0378 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Шүүгчээс татгалзах нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийн талаар урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон хэргийн бусад оролцогчдоос гаргасан санал, хүсэлтийг сонсож зөвлөлдсөн үйл баримтыг хууль бус үйлдэл байсан, хуулийн илэрхий тодорхой зүйл заалтыг ноцтой, удаа дараа зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүгчээс татгалзсан татгалзал үндэслэлгүй, хүлээн авах ёсгүй гэсэн хүсэлт тайлбар гаргасан байх бөгөөд хэргийн оролцогчдын тэдгээр хүсэлтүүдийг хэлэлцсэн үйл баримтыг хууль зөрчсөн буруутай үйл баримт гэж үзэх үндэслэлгүй юм. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл хөтөлж нарийн бичгийн даргаар хуралдаанд оролцсон ... шүүхийн Тамгын газарт Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажилтай Д.Ц- , уг хэлэлцүүлэгт биечлэн оролцсон гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Д- , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М- нар Шүүхийн сахилгын хороонд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ даргалагч шүүгч өргөдөл гомдолд дурдсан шиг айлган сүрдүүлж дарамталсан, айлган сүрдүүлж дарамталсан өнгө аясаар ярьсан, нэхэмжлэгчийн эсрэг тайлбар гаргаагүйд уурлаж, хэргийн оролцогчид юу хэлэх, хэлэхгүйг нь зааж нөлөөлсөн зүйлгүй энгийн харьцаж байсан, цахимаар оролцогчид байсан тул микрофондоо тулаад чанга ярьсан, буруу ойлгогдохоор үг хэллэг, үйлдэл гаргаагүй, татгалзлын талаар тайлбар авсан, саналаа хэлсэн зэргээр мэдүүлсэн байна. ... шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн дууны бичлэг болох аудио бичлэгийг тус шүүхийн Тамгын газраас шаардсаны дагуу 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн бичлэгт хийсэн үзлэгээр даргалагч шүүгч Л.Б- нь урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн болон цахимаар оролцсон хэргийн оролцогчдыг ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлж дарамталсан, тэгж ойлгогдохуйц өнгө аясаар ярьсан, нэхэмжлэгчийн эсрэг тайлбар гаргаагүйд уурлаж, хэргийн оролцогчид юу хэлэх, хэлэхгүйг нь зааж нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй болно. Мөн шүүгч нөлөөллийн мэдүүлэг танилцуулах үүрэгтэй ба хэргийн оролцогчид нөлөөллийн мэдүүлэгтэй танилцсан, шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эсэх нь тухайн шүүгчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал юм. Хэрэв шүүгч өөрт нь нөлөөлөх оролдлого, үйлдэл, үйл ажиллагаа хийсэн бол нөлөөллийн мэдүүлэг хөтлөх ёстой болохыг шүүгчид хуулиар үүрэг болгосон байна. Иймд шүүгчийг татгалзсан татгалзлын талаар хэргийн бусад оролцогчдын саналыг сонсож, улмаар уг татгалзах хүсэлтийг шийдвэрлэх эрх бүхий Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэхээр хуралдааны хойшлуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хэргийн оролцогчдыг айлган сүрдүүлж дарамталсан, айлган сүрдүүлж дарамталсан өнгө аясаар ярьсан, нэхэмжлэгчийн эсрэг тайлбар гаргаагүйд уурлаж, хэргийн оролцогчид юу хэлэх, хэлэхгүйг нь зааж нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул ... шүүхийн шүүгч Л.Б- т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Л.Б- сахилгын хорооны ирүүлсэн тайлбартаа: “... Тус хороонд МОХНН УТЗ нэхэмжлэлтэй ... Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг хянаж буй ... шүүхийн Л.Б- надад холбогдуулан гаргасан гомдол, түүний үндэслэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт "... энэ тохиолдолд татгалзан гаргагдаж байгаа этгээдийн тайлбарыг сонсож болно..." гэж заасныг, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасныг зөрчсөн гэх тухайд, Нэхэмжлэгчийн төлөөлөгч нараас "шүүгчийг татгалзан гаргах" хүсэлт гаргасан. Дээрх хуулиар шүүгч хуульд заасны дагуу хүсэлт гаргагчийн тайлбарыг сонсож болно, сонсохгүй байж болох ч тухай үед хэн алины тайлбарыг сонссон юм. Нэгэнт хүсэлт гаргасан тохиолдолд талуудын тайлбарыг сонсох нь зүйд нийцнэ. Үүнийг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д "... хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл , эс үйлдэхүй гаргах..." гэж заасантай хэлбэрийн болон агуулгын хувьд нийцэхгүй. "Нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө" гэж айлган сүрдүүлж дарамталсан гэх тухайд: Шүүх хуралдааны танхим Ковид 19-ийн нөхцөл байдалтай уялдуулан халдвар хамгааллын дэглэм сахин, целлондон хаалтыг тавьсан. Тухай хэлэлцүүлэг дээр УБТЗ ХНН төлөөлөгч нар цахимаар оролцож байсан. Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д "Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө" гэжээ. Шүүгч хэргийн оролцогч нарт шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглох талаар сануулах нь Хуульчийн ёс зүй, шүүхийн тухай хуульд заасан хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Дарамталж сүрдүүлсэн зүйл байгаагүй учир түүнийг тэмдэглэлд засах шаардлага байхгүй."...нэхэмжлэгчийн эсрэг тайлбар гаргаагүйд уурлаж, хэргийн оролцогчдод юу хэлэх, хэлэхгүйг нь зааж нөлөөлсөн..." гэх тухайд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан этгээдийг болсон зүйлийн талаар бусдын нөлөөнд авталгүйгээр ярьж байхыг хэлж ойлгуулсан төдий юм. Энэ нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.17-д "шүүгчийн бүрэн бүрээ эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах урьдчилан санал хэлэх..." гэж заасан ойлголттой огт хамаарахгүй. Шүүх хуралдааныг удирдах явцдаа үг болон биеийн хэлэмжээрээ тохуурхах, үл тоох, басамжлах, айлган сүрдүүлэх, дарамтлах зэргээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нартай зүй бус харьцсан гэх тухайд, Монгол хэлний их тайлбар тольд "дарамтлах" гэдгийг Тээр саад болох, дарамт болох, найз нөхдөө дарамтлах (найз нөхдөө сүрдүүлэн яршиг удах), "Сүрдүүлэх" гэдийг "Сүр үзүүлэх, сүрээр далайлгах, айлгах" гэж тайлбарлажээ. Энэ бүгд үнэнээс дэндүү хол бөгөөд бодит байдалтай яагаад ч нийцэхгүй байна ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
МОХНН УТЗ нэхэмжлэлтэй, ... Засаг даргад холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б- даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш- , Т.Г- , Д.Н- /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- /цахимаар/, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Д- , итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н- , Д.Б- , өмгөөлөгч Б.М- , О.М- нар оролцсон болох нь ... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн мөн өдрийн 128/ТМ2022/1153 дугаар тэмдэглэлээр тогтоогдож байна.
Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүгч Л.Б- ыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулжээ. ... шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ЕШ2022/0378 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар “Шүүгч Л.Б- ыг татгалзан гаргах тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Нэг. Өргөдөл гаргагчаас “...шүүгч татгалзан гаргах хүсэлт гаргасан байхад өөрөө шийдвэрлэх мэт аашилж хэргийн оролцогч нараас тайлбар авч мэтгэлцүүлсний дараа зөвлөлдөж, шүүх хуралдааныг хойшлуулсан” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд;
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-т “Энэ хуулийн 84.1-д заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болох ба энэ тохиолдолд татгалзан гаргагдаж байгаа этгээдийн тайлбарыг сонсож болно” гэж, 85.4-т “Хэд хэдэн болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлттэй холбогдуулан шүүгч хэргийн бусад оролцогч нараас тайлбар сонссон, зөвлөлдөх тасалгаанд орж шүүх хуралдааныг хойшлуулах эсэх талаар шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг дээрх хуулийн зохицуулалтын дагуу шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор талуудын тайлбарыг сонсож, шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгчийн захирамж үйлдэхээр шүүгч зөвлөлдөх тасалгаанд орж, шүүх хуралдаан түр завсарласан нь хууль зөрчөөгүй.
Хоёр. “...шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө гэж айлган сүрдүүлсэн” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд;
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “нөлөөллийн мэдүүлэг гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ” гэж, 44 дүгээр зүйлийн 44.1-т “Ерөнхийлөгч, Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж, 45 дугаар зүйлийн 45.1-т “Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө” гэж тус тус заасан.
Энэхүү хуулийн зохицуулалтыг хэргийн оролцогч нарт тайлбарлаж, шүүх хуралдааны явцад шүүгчээс хуульд заасан тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх талаар мэдэгдсэнийг хэргийн оролцогчийг айлган сүрдүүлсэн гэж үзэхгүй. Шүүх хуралдааны дууны бичлэгээс үзэхэд шүүгч хэргийн оролцогчийг айлган сүрдүүлж, дарамталсан үг хэллэг хэрэглэж, зүй бус авирласан гэж ойлгогдох өнгө аясаар ярьсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Гурав. “...шүүх хуралдааны явцад шүүгч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- ид хандан “...давж заалдах хурлын үеэр шүүх хуралдаанд оролцсон талаар хэлэхгүй яасан юм бэ” гэж нэхэмжлэгчийн эсрэг тайлбар гаргаагүйд уурлаж, хэргийн оролцогчид юу хэлэх, хэлэхгүйг нь зааж нөлөөлсөн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд;
Шүүх хуралдааны явцад шүүгчээс “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тэмдэглэлээс талуудын мэтгэлцээнийг харвал та бүхнийг ороогүй, шүүгчийг хуурамчаар ороогүй хүмүүсийг орсон болгож бичсэн гэж гомдол гаргасан байна. Яагаад урьдчилсан хэлэлцүүлэгт орсон асуудлаа хэлж тайлбарлаагүй юм бэ” хэмээн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 93 дугаар тогтоолд дурдсан ирцтэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- оос асуужээ. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “... Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэж заасан хуулийн хүрээнд, хэргийн үйл баримтын талаар асууж тодруулсан гэж үзнэ. Энэ нь хэргийн оролцогчид юу хэлэх, хэлэхгүйг зааж нөлөөлсөн гэж үзэх үндэслэлд тооцогдохгүй. Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Дөрөв. “...шүүгч шүүх хуралдааныг удирдах явцдаа үг болон биеийн хэлэмжээрээ тохуурхах, үл тоох, басамжлах, айлган сүрдүүлэх, дарамтлах зэргээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай зүй бус харьцсан” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд;
Шүүх хуралдааны дууны бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.М- ын мэдүүлэг зэрэг шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай зүй бус харьцсан гэх байдал тогтоогдсонгүй. Шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан эрхийнхээ хүрээнд шүүх хуралдааныг даргалжээ.
Иймд шүүгч Л.Б- нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж дүгнэлээ. Иймд түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй. Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Л.Б- т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Х.ХАШБААТАР
Д.МЯГМАРЦЭРЭН