info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-06-02

Дугаар 191

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа нотлох дүгнэлтдээ: Шүүгч Ч.И д холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлийн тухайд:

1. Өргөдөл гаргагчаас “А х” ХХК-ийн Ө.У  шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5730 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг дахин гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ч.И  шүүгч 6986 дугаартай Шүүгчийн захирамж гарган 5730 дугаартай захирамжийг илт үндэслэл муутай гэж үзэх үндэслэлгүй байна гэж хүсэлтийг хангахгүй орхисон. Гомдол гаргах эрхтэй гэж нээж өгсөн” гэх үндэслэлийг дурджээ. “А х” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйл зөвхөн шүүх, шүүгчид олгогдсон эрх бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлт гаргах эрхэд хамаарахгүй боловч өнөөдрийн манай нөхцөл байдалд бид захирамж гаргасан шүүгчид хандсан хүсэлт гаргах зайлшгүй шаардлагатай.. өмнөх захирамжаа өөрчлөх эсхүл хүчингүй болгох үндэслэл байгааг дахин нягталж, давж заалдах гомдлоо хянуулах боломжоор хангаж өгнө үү” гэх хүсэлт шүүхэд гаргажээ. Тухайн хүсэлтийг шүүгч Ө.У д хуваарилсан бөгөөд шүүгч Ө.У  нь ажил албан үүргээс чөлөөлөгдсөн учир түүнд хуваарилагдсан хүсэлт нь шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу шүүгч Ч.И д шилжиж, тус 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлтийг шүүгч Ч.И  2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2021/06986 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байна. Шүүгч Ч.И  тайлбартаа “..хариуцагчийн гаргасан тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 05730 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд хамаарах ба тухайн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06986 дугаар захирамжийг 124 дүгээр зүйлийг удирдлага болгон шийдвэрлэсэн тул зохигчид мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэй юм” гэх тайлбарыг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1  дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 123.3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана”, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно”, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргаж болно” гэж заажээ. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүгч Ч.И  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсгийг  баримтлан захирамжид гомдол гаргах эрхтэй гэж заасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

2. “Шүүгч Ч.И  нэхэмжлэгч хариуцагч нараас ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй байхад 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 8919 дугаартай шүүгчийн захирамж гарган Ө.У  шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдөр 5730 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Өмнө нь Ч.И  шүүгч 6986 дугаартай захирамж гарган 5730 дугаартай захирамжийг илт үндэслэл муутай гэж үзэх үндэслэлгүй байна гэж заалт оруулж байснаа 360 градус эргэн 5730 дугаартай захирамжийг хүчингүй болгосон” гэх үндэслэлийг өргөдөл гаргагч дурдсан. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгч Ч.И  2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181\ШЗ2021\06986 дугаар захирамжаар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн “181/ШЗ2021/05730 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай” хариуцагч “А х” ХХК-ийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Тус шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар “А х” ХХК-аас гомдол гаргасныг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181\ШТ2021\00198 дугаар шүүхийн тогтоолоор “...шүүгчийн захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох агуулга бүхий хүсэлтийг гаргасан  гэж үзсэн боловч хүсэлтийн агуулгуудад дүгнэлт хийгээгүй нь үндэслэл муутай болжээ” гэж шүүгч Ч.И гийн хүсэлт шийдвэрлэсэн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181\ШЗ2021\06986 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоол нь 181ШЗ2021/06986 дугаар захирамжийн хувьд эцсийн шийдвэр болохыг дурдсан байна. Шүүгч Ч.И  2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 181/ШЗ2021/08919 дугаартай шүүгчийн захирамжаар өмнөх 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хариуцагч “А х” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2021/05730 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг өргөдөл гаргагчийн “хүсэлт гаргаагүй байхад хүсэлтийг шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.Тодруулбал, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181\ШТ2021\00198 дугаар шүүхийн тогтоолоор “...хүсэлтийн агуулгуудад дүгнэлт хийгээгүй нь үндэслэл муутай болжээ гэж дүгнээд ... энэ тогтоол нь 181ШЗ2021/06986 дугаар захирамжийн хувьд эцсийн шийдвэр байна” гэж заасан.  Түүнчлэн шүүгч Ч.И  тайлбартаа  “...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 00198 дугаар тогтоолоор 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06986 дугаар захирамжийг хүчингүй болгосон.... Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж хүчингүй болсон тул хүсэлт шийдвэрлэгдээгүй үлдэх учир уг хүсэлтийг миний бие шийдвэрлэх үүрэгтэй.” гэж тайлбарласан нь үндэслэл бүхий байна. Дээрхээс нэгтгэн үзвэл өмнөх “А х” ХХК-аас гаргасан хүсэлтийг дээрх тогтоолоор шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Ерөнхий шүүгч Д.У т холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлийн тухайд:

1. “Д.У  шүүгч ерөнхий шүүгч болсон цагаас хойш шүүх ажилдаа байхаас байхгүй нь их, шүүх хурлууд нь хийгдэхгүй, хийгдсэн хурлын шийдвэр, тогтоол нь өчнөөн сарын дараа гараагүй л байж байна. Эрүүл мэнд, ар гэрийн шалтгаантай ажлаа хийхгүй байгаа” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд: Дээрх өргөдлийн үндэслэл тодорхойгүй байх тул шалгах ажиллагаа явуулах боломжгүй гэж үзлээ.

2. “Шүүгчээс татгалзах асуудлыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө, шүүх хуралдааны явцад гаргахаар зохицуулжээ. Түүнээс биш шүүхийн шийдвэр, тогтоол, захирамж таалагдаагүй тохиолдолд хожим гаргах зохицуулалт байхгүй. Ингэж Ерөнхий шүүгч Д.У  хуулиар олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд: Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл “А х” ХХК-аас “..шүүгч С.Х  нь өмнөх 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр энэ маргааны гомдлыг хянан шийдвэрлэхэд оролцож, 181/ШТ2021/00591 дугаартай шүүхийн тогтоол гаргасан. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч М Б о т х х ТББ-ын төлөөлөгчийн зүгээс С.Х  шүүгчийг урьд нь хариуцагчийн өмгөөлөгч н.Эрдэнэбаяртай нэг хуулийн фирмд хамт ажиллаж байсан учраас татгалзан гаргах” гэх талаар хүсэлт гаргах хэлбэрээр шүүгчид нөлөөлөх оролдлого гаргасан байсан. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байх тул шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргаж байна” гэжээ. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ЕШ2021/02098 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар “А х” ХХК-ийн дээрх шүүгч С.Х аас татгалзах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж заасан бөгөөд Ерөнхий шүүгч Д.У  нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181\ЕШЗ2021\02098 дугаар захирамжаар татгалзан гаргах хүсэлт шийдвэрлэснийг хуулиар олгоогүй эрхийг эдэлсэн гэж буруутгах боломжгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т ээс дээрх захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг Ерөнхий шүүгчид гаргасныг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ЕШ2021/02253 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж заасны дагуу хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

3.“А х” ХХК-ийн захирал Б.Х гэх этгээд энэ хэрэг маргаанд өмнө нь ч хойно нь ч байгаагүй, хожим түүний төлөөлөх талаар ямар ч хэрэг баримт авагдаагүй байтал ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.У  удаа дараа Б.Х гийн гомдлыг хүлээн авч хянасан” гэх өргөдлийн тухайд: Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” заасан бөгөөд хариуцагч “А х” ХХК-аас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг шүүхэд гаргаж өгсөн байх ба Базар овогтой Х нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөхөөр гүйцэтгэх захирлаар бүртгэгджээ. Иймд төлөөлөх эрхгүй этгээдийн хүсэлтийг хүлээн авсан гэх өргөдөл нь үндэслэлгүй байна.

4. “...... шүүх “А х” ХХК-ийн шүүх гэдгээ хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн хэргээ ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд: 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ЗТ2021/01309 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “М Б о т х х” ТББ, Д.Б , Ц.А , Х.У  нарын нэхэмжлэлтэй “А х” ХХК-д холбогдох иргэний хэрэгт “А х” ХХК-аас бүх шүүгчдээс татгалзан гарах хүсэлт гаргасныг хүлээн авч, тус хэргийг зохих шүүхэд хүргүүлэхийг Ерөнхий шүүгч Д.У т даалгаж шийдвэрлэсэн байна. Үүний дагуу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ЕШ2021/02459 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар дээрх хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт “Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд оролцож дахин оролцох боломжгүй болсон тохиолдолд хэргийг адил шатны өөр шүүхээр шийдвэрлүүлэхээр тухайн шатны Ерөнхий шүүгч захирамж гаргаж шилжүүлнэ” гэж заажээ. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хэргийг нэг шүүхээс нөгөө шүүхэд шилжүүлэх тухай шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа өнгөрмөгц уг хэргийг шилжүүлнэ. Хэрэв гомдол гарсан бол уг гомдлыг хянан шийдвэрлэсэн тухайн шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хэргийг шилжүүлнэ” гэж зааснаас үзвэл хэрэг шилжүүлэх шүүгчийн захирамжид хэргийн оролцогч гомдол гаргах эрхтэй байна. Иймд Ерөнхий шүүгч Д.У  нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ЕШ2021/02459 дугаартай захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзлээ. ... шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0044 дугаар албан бичгээр “2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ЕШ2021/02459 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжид зохигчдоос гомдол гаргаагүй” гэснийг дурдах нь зүйтэй.

 5. Д.У  шүүгч “А х” ХХК-ийн гомдлыг түргэн шуурхай шүүгч шийдвэр гаргадаг шигээ ажилладаггүй хойрго. Д.У  шүүгчийн хянасан 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “О и” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н У” ХХК-д холбогдох хэргийн захирамж өнөөдөр бичмэл хэлбэрээр албажин гараагүй байна. Маш олон удаа шаардахад өвчтэй, чөлөөтэй, гэр бүлийн хүн нь өвчтэй, амралттай гэх мэт шалтгаанаар өнөөдрийг хүрсэн. Миний бие хэргийн оролцогчийн хувьд хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг бичгээр гаргуулж чадахгүй бичгээр хүсэлтээ 12 сард дахин гаргасан. “А х” ХХК-ийн гомдол шийддэг хурдын хөшүүрэг нь юу вэ” гэх өргөдлийг дурдсан. Дээрх өргөдлийн дагуу шалгах ажиллагаа явуулахад 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2021/08513 дугаар шүүгчийн захирамжаар Ерөнхий шүүгч Д.У  нь “О и” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н У” ХХК, “М ” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тус шүүгчийн захирамжийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 02 дугаар сарын 11-ний өдөр зохигчдод хүргүүлж, гардуулсан байна. Шүүгчийн захирамж гарснаас хойш 06 сар 09 хоногийн дараа зохигчид  гардан авсан нь тогтоогдож байх тул Ерөнхий шүүгч Д.У ийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Өргөдөл гаргагч “Д.У  шүүгч дээр хянагдаж удаж байгаа “К бны эрх хүлээн авагч”-ийн нэхэмжлэлтэй “О и” ХХК-д холбогдох 530 сая төгрөгийн зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулах маргааны хурал дээр Д.У  шүүгч 2021 оны 12 дугаар сард 100 сая төгрөг төлөөд эвлэрэх санал тавьсан байдаг. Нэхэмжилсэн мөнгөн дүн 830 сая төгрөг, шүүгч 100 сая төгрөгөөр хэргийг хаалгах санал тавьсан” гэх үндэслэлийг дурджээ. “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “О и” ХХК-д холбогдох иргэний хэрэгт шүүгч Д.У  2019 оны  08 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2019/08836 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд зохигчдоос хоорондоо эвлэрэх саналыг 2019 оноос хойш гаргаж, эвлэрлийн гэрээтэй холбоотойгоор шүүх хуралдаануудыг хойшлуулж ирсэн байна. 2021 оны 12 дугаар сарын 03-ны 14089 дугаартай тэмдэглэлээс үзвэл хариуцагч талаас “манай зүгээс 1 жилийн дотор төлбөрийг төлөх эвлэрэх санал тавьсан. Эхний 6 сард 10 сая төгрөгийг, сүүлийн хугацаанд нь 100 сая төгрөгөөр шахаад төлье гэсэн боловч нэхэмжлэгч талаас зөвшөөрөөгүй” гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэгч талаас “манайх хариуцагчийг 100 сая төгрөг төлчих. Тэгвэл үлдэгдэл дээр нь тохирч болно гэсэн. Хариуцагч тал 100 сая төгрөг төлөх боломжгүй  гэсэн. Тэгэхээр нь манай зүгээс эвлэрэх боломжгүй гэсэн” гэх тайлбаруудыг гаргаж даргалагч шүүгчээс тухайн асуудлыг лавлаж “100 сая төгрөгийг төлөөд 530 сая төгрөгөөр эвлэрэх боломжгүй юм уу” гэх асуултыг тавьсан байна. Өөрөөр хэлбэл шүүгч хариуцагч талд өөрийн санаачилгаар хэргийг хаах санал  гаргаагүй байна. Анхан шатны шүүх хуралдаан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой дэг журмын дагуу явагддаг ба анхан шатны шүүх хуралдааныг дараах үндсэн үе шат болох Хэрэг хэлэлцэх ажиллагааны үе шат Шүүгч хэргийн талаар танилцуулж эхэлнэ. Зохигч эвлэрэх эсэхийг даргалагч шүүгч тодруулдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна” гэж заасан байх тул эвлэрэх, хэрэг хаалгах санал тавьсан гэж шүүгчийг буруутгах боломжгүй байна. Иймд ... шүүхийн шүүгч Ч.И д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, харин мөн шүүхийн Ерөнхий шүүгч Д.У ийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ЕШ2021/02459 дугаартай захирамжаар хэргийн оролцогчийг гомдол гаргах эрхээр хангаагүй гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг, мөн шүүгчийн захирамжийг хугацаандаа гаргаагүй гэх үндэслэлээр мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзээд зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэн Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв гэжээ.

 

Шүүгч Ч.И  Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:  “...“Б о т х х” ТББ, Д.Б , Ц.А , Х.У  нарын нэхэмжлэлтэй “А х” ХХК-д холбогдох хэргийг тус шүүх 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэхийг хүссэн хариуцагч “А х” ХХК-ийн хүсэлтийг тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 05730 дугаартай шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Уг захирамжид хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу захирамжийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасныг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06986 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж зохицуулсан ба илт “үндэслэл муутай" гэдгийг шүүгч, хэргийн оролцогч, өөр хэн ч харсан үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай зэрэг байдлыг ойлгох тул тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 05730 дугаартай шүүгчийн захирамжийг илт үндэслэл муутай гэж үзэн хүчингүй болгох үндэслэлгүй байсан тул хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно. Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “...гомдол гаргах эрхтэй гэж нээж өгсөн” гэж  дурджээ. Хариуцагчийн гаргасан тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 05730 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд хамаарах ба тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06986 дугаар захирамжийг 124 дүгээр зүйлийг удирдлага болгон шийдвэрлэсэн тул зохигчид мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар тухай шүүхэд гомдол гаргах эрхтэй юм. Дээрх захирамжид хариуцагч тал гомдол гаргаж, уг гомдлыг тус шүүх 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэж, 198 дугаар тогтоолоор 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 6986 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 08919 дугаар захирамжаар, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэхийг хүссэн хариуцагч “А х” ХХК-ийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 05730 дугаартай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр заасан. Өргөдөл гаргагчийн өргөдөлд “...өмнө нь Ч.И  шүүгч 6986 дугаартай захирамж гарган 5730 дугаар захирамжийг илт үндэслэл муутай гэж үзэх үндэслэлгүй байна гэж заалт оруулж байснаа 360 градус эргэн 5730 дугаартай захирамжийг хүчингүй болгож байгааг авлига, ашиг сонирхлын зөрчил Сүхбаатар дүүргийн шүүх дээр байна гэж харж байна” гэжээ. 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06986 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 00198 дугаар тогтоолоор “...үндэслэлээр ирүүлсэн хариуцагч “А х” ХХК-ийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан шүүгчийн захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох агуулга бүхий хүсэлтийг гаргасан гэж үзсэн боловч хүсэлтийн агуулгуудад дүгнэлт хийгээгүй нь үндэслэл муутай болжээ” гэж дүгнэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тиймээс миний бие шүүгчийн хувьд хариуцагч “А х” ХХК-ийн хүсэлтийг хянан үзээд ... шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 0591 дугаартай шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гардан авч, шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацаа хэтрүүлээгүй гэж үзэн тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05730 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Хариуцагчийн гаргасан шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05730 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06989 дугаар захирамжийг тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 00198 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэснээр уг хүсэлт эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзэхээр байх тул 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр захирамж гарган тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 05730 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно. Хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авч хуулийн хугацаанд шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд гаргасан, мөн хуульд заасан эрхийнхээ дагуу давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн хугацаа нь хэргийн оролцогчоос шалтгаалан гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Хариуцагч “А х” ХХК нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтийг шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04965 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Уг захирамжид 'өөрчлөлт оруулахаар холбогдох баримтуудыг хавсарган 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасан ба мөн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 05209 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлөх төлбөрийн үлдэгдэл 51,202,112 төгрөгийг нэмж төлсөн болох нь хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 00591 дугаар шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь хуульд заасан хугацаа хэтрүүлээгүй, гомдлын бүрдүүлбэр хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд “М Б о т х х” ТББ, иргэн Д.Б , Ц.А , Х.У  нарын нэхэмжлэлтэй “А х” ХХК-д холбогдох уг хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхгүй байх үндэслэл, шалтгаан тогтоогдохгүй байгаа юм. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хариуцагч “А х” ХХК-ийн хүсэлтийг шүүх 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Ө.У д хуваарилагдсан бөгөөд шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05730 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасны дагуу хариуцагчийн гаргасан шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 05730 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг шүүх 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт бүртгэн тус шүүхийн шүүгч Ө.У д хүлээлгэн өгсөн байна. Уг хүсэлтийг шүүгч Ө.У  хянан шийдвэрлээгүй байхад буюу 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр түүнийг шүүгчийн ажлаас чөлөөлөх тухай ерөнхийлөгчийн зарлиг гарснаар мөн өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу, шүүхэд хэрэг, нэхэмжлэл, хүсэлт хуваарилах журмын дагуу уг хүсэлтийг хуваарилсныг шүүгч миний бие 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хянан шийдвэрлэсэн болно. Миний бие Шүүхэд хэрэг, нэхэмжлэл хуваарилах журмын дагуу хуваарилагдан ирсэн хүсэлтийг Монгол улсын Шүүхийн тухай хуульд заасан хараат бус байх зарчмын дагуу хэргийн материалыг татан авч хянаад хэргийн материалд авагдсан баримтуудын хүрээнд шүүгчийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэсэн бөгөөд Монгол улсын Шүүхийн тухай хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй болно...” гэжээ.

Холбогдох шүүгч Д.У ээс тайлбар ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ц.Т ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан өргөдөл Шүүхийн сахилгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан “Сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол, санал, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүнийг томилох журам”-ийн дагуу гишүүн Д.Ариунтуяад хуваарилагдаж, ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.У , шүүгч Ч.И  нарт холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 154 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулжээ.

            Шүүгч Д.У т холбогдох сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт болон дүгнэлтэд дурдсан шүүгч Ч.И д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг тус тус хүлээн авч шийдвэрлэлээ.

Шүүгч Ч.И д холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлийн тухайд;

... шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/00591 дүгээр шийдвэрээр “М Б о т х х” ТББ, Д.Б , Ц.А , Х.У  нарын нэхэмжлэлтэй “А х” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ.

Тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2021/05730 дугаар Ө.У  шүүгчийн захирамжаар “...шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/00591 дүгээр шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэхийг хүссэн хариуцагч “А х” ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж” шийдвэрлэжээ. Уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах буюу өөрчлүүлэх хүсэлтийг хариуцагч талаас гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно.” гэж заасан. Дээрх хуулийн хүрээнд тухайн захирамжийг гаргасан шүүгч Ө.У д уг хүсэлт хуваарилагдсан боловч тэрээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ЗТ2021/00637 дугаар зөвлөгөөний тогтоолоор уг хүсэлтийг шүүгч Ч.И д шилжүүлжээ.

Тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2021/06986 дугаар шүүгчийн захирамжаар “...2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 5730 дугаартай захирамжийг хүчингүй болгох буюу өөрчлүүлэх тухай “А х” ХХК-ийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэж, тус захирамж гарсан өдрөөс 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” талаар дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт хэргийн оролцогч энэ хуулийн 124 дүгээр зүйлд заасан шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар зохицуулсан. Иймд шүүгч Ч.И  нь “А х” ХХК-ийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох буюу өөрчлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан нь хуульд нийцсэн байна.

Дээрх шүүгчийн захирамжид “А х” ХХК-аас гомдол гаргасныг тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШТ2021/001989 дугаар тогтоолоор хангаж, тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2021/06986 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ.

Ийнхүү дээрх шүүгчийн захирамж хүчингүй болсноор шүүгч Ч.И  хариуцагч “А х” ХХК-ийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох буюу өөрчлүүлэх тухай” хүсэлтийг дахин хянаж, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/08919 дугаар шүүгчийн захирамжаар “...2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2021/05730 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Энэ талаар өргөдөл гаргагчаас “...хэргийн оролцогчоос ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй байхад захирамжийг хүчингүй болгосон нь ашиг сонирхлын зөрчил үүссэн” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлсныг хүлээн авах боломжгүй байна. Иймээс шүүгчид хуваарилагдсан хүсэлтийг шүүгчийн захирамжаар дахин шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь энэ тохиолдолд хүсэлт шийдвэрлэгдэхгүй үлдэх эрх зүйн үр дагавар үүсэх юм.

Нөгөөтэйгүүр, тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/08919 дугаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргаж, тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШТ2021/00254 дүгээр тогтоолоор уг захирамжийн хууль зүйн үндэслэл тодорхой бус гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, шүүгч Ч.И  нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, захирамж гаргасан байх бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дүгээр зүйлд “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасанд хамаарахгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгч Д.У т холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлийн тухайд;

1. “А х” ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2021/05730 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд дахин хүсэлт гаргаж, уг хүсэлт нь тус шүүхийн шүүгч С.Х ад хуваарилагдсан болох нь өргөдөл гаргагчийн өргөдөл, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх хүсэлтийг шүүгч С.Х аар шийдвэрлүүлэхээс татгалзах хүсэлтийг “Алтай хүдэр” ХХК-аас гаргасныг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ЕШ2021/02098 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар хангажээ.

Өргөдөл гаргагчаас “...шүүгч Д.У  нь хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, хууль зөрчиж, дээрх захирамжийг гаргасан” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дах хэсэгт “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж заасан. Шүүгч Д.У  нь дээрх хуулийн хүрээнд шүүгчээс татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэсэн байх тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т ээс дээрх татгалзал шийдвэрлэсэн ерөнхий шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ЕШ2021/02253 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар хангахгүй орхисон байна.

2. Өргөдөл гаргагчаас “А х” ХХК-ийн захирал Б.Х гэх төлөөлөх эрхгүй этгээдийн хүсэлтийг удаа дараа хянасан гэх өргөдлийн үндэслэл тогтоогдсонгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” заасан.

“А х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Х бүртгэгдсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр тогтоогдож байх тул Б.Х нь “А х” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзнэ.

3. Өргөдөл гаргагчаас “...“К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “О и” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын шүүх хуралдааны явцад шүүгч Д.У ээс 100,000,000 төгрөг төлөөд эвлэрэх, уг үнийн дүнгээр хэргийг хаалгах санал тавьсан” гэх өргөдлийн үндэслэлийн хүлээн авах боломжгүй байна.

... шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2019/08836 дугаар шүүгчийн захирамжаар “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “О и” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 530,755,894.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсчээ. Уг хэргийг хэлэлцэх 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд зохигчдын эвлэрэх хугацаа олгохыг хүссэн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14089 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэх асуудлаар харилцан ярилцсан байх бөгөөд даргалагч шүүгчээс “...оны өмнө 100,000,000 төгрөг төлөөд, 530,000,000 төгрөгөөр эвлэрэх боломжтой юм уу” гэж асуужээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна” гэж заасан зохицуулалтын хүрээнд хийгдсэн ажиллагаа байх ба шүүгч Д.У ийг санаачилгаараа уг хэргийг хаах санал гаргасан гэж үзэхгүй гэсэн илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэлтэй.

4. Харин тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ЗТ2021/01309 дугаар тогтоолоор “М Б о т х х” ТББ, Д.Б , Ц.А , Х.У  нарын нэхэмжлэлтэй “А х” ХХК-д холбогдох иргэний хэрэгт “А х” ХХК-аас бүх шүүгчдээс татгалзан гарах хүсэлт гаргасныг хүлээн авч, тус хэргийг зохих шүүхэд хүргүүлэхийг Ерөнхий шүүгч Д.У т даалгаж шийдвэрлэжээ.

Улмаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ЕШ2021/02459 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар дээрх хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурджээ.

... дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 110 дугаар албан бичгээр дээрх Ерөнхий шүүгчийн захирамжид гомдол гаргасан эсэх талаар тодруулахад, ... шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр албан бичгээр “...Ерөнхий шүүгчийн захирамжид зохигчдоос гомдол гаргаагүй талаар” хариу өгсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт “Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд оролцож дахин оролцох боломжгүй болсон тохиолдолд хэргийг адил шатны өөр шүүхээр шийдвэрлүүлэхээр тухайн шатны Ерөнхий шүүгч захирамж гаргаж шилжүүлнэ” гэж, 20 дугаар зүйлийн 20.1.3-т “Энэ хуулийн 93.2-т заасны дагуу тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан бол ...шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно” , 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хэргийг нэг шүүхээс нөгөө шүүхэд шилжүүлэх тухай шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа өнгөрмөгц уг хэргийг шилжүүлнэ. Хэрэв гомдол гарсан бол уг гомдлыг хянан шийдвэрлэсэн тухайн шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хэргийг шилжүүлнэ” гэж, 170 дугаар зүйлийн 170.1-дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1 ... -д заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заажээ.

Гэтэл шүүгч Д.У  нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ЕШ2021/02459 дугаар “хэрэг шилжүүлэх тухай” Ерөнхий шүүгчийн захирамжийг гаргахдаа хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарлажээ. Түүнчлэн, гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж захирамж гаргасан атлаа холбогдох албан бичигт зохигчдоос гомдол гаргаагүй гэсэн нь зөрчилтэй буюу алдаатай болжээ. Иймд түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж нотлох дүгнэлт бичсэнийг хүлээн авах үндэслэлтэй.

5. Өргөдөл гаргагчаас шүүгч Д.У  нь “О и” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н У” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч захирамжийг албажиж гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн нь шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, “О и” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н У” ХХК, “М ” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Д.У  даргалж, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2021/08513 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тус шүүгчийн захирамжийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч “Н У” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Ж д гардуулж, мөн сарын 11-ний өдөр нэхэмжлэгч “О и” ХХК болон хариуцагч “М ” ХХК-д тус тус хүргүүлсэн болох нь Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гардуулсан, хүргүүлсэн, мэдэгдсэн тухай баримтад тэмдэглэсэн байна.

Шүүгч Д.У  дээрх шүүгчийн захирамжийг танилцуулан сонсгож, хүчинтэй болсноос хойш 6 сар 9 хоногийн дараа зохигчдод гардуулсан зөрчил гаргасан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэсэнд хамаарна.

            Иймд шүүгч Д.У  нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.26-д заасныг тус тус зөрчсөн болох нь дээр дурдсан үйл баримтаар тогтоогдож байх тул сахилгын хорооны гишүүний 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэж зохицуулсан ба мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5-д “энэ хуулийн 50.1.22, 50.1.26, 50.1.31-д заасан зөрчилд нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах шийтгэлийг оногдуулна” гэж, 57.1.7-д “энэ хуулийн 50.1.6, 50.1.10, 50.1.12, 50.1.23, 50.1.39, 52.1-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах” гэж тус тус заасан.

Шүүгч Д.У ийн сахилгын зөрч лийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн үр дагавар бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд цалингийн хэмжээг зургаан сар 20 хувиар бууруулах шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.1.3, 112.2, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5, 57.1.7-д тус тус зааснаар ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.У т цалингийн хэмжээг зургаан сар 20 хувиар бууруулах шийтгэлийг оногдуулсугай.

2. ... шүүхийн шүүгч Ч.И д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

5. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

   

                                    ДАРГАЛАГЧ                                    С.ЭНХТӨР

                                    ГИШҮҮД                                            Ц.ДАВХАРБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН