МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-07-06
Дугаар 225
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
.. шүүхийн шүүгч М.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналд:
“... 1. “...нэхэмжлэлээр хэрэг үүсгэснээс хойш М.Б шүүгчид хэргийг шилжүүлсэн бөгөөд шүүгч хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг хэтрүүлэн 8 сар гаруйн дараа хэргийг шийдвэрлэсэн, мөн шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр олон удаа хойшилсон, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах шалтгаан болж байсан...” гэх үндэслэлийн тухайд:
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч нэр бүхий 12 иргэн нэхэмжлэл гаргасан байна.
2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 5649 дугаартай С.О шүүгчийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамжаар захиргааны хэрэг үүсгэн шүүгч М.Б-д шилжүүлсэн байх ба 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчдийн зүгээс шүүгч М.Б-г татгалзан гаргах хүсэлт гаргаж, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0709 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний 1116 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан ба 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах товыг талуудад мэдэгдэж, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр товлон зарласан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн байдаг.
Ингээд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр товлон зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн товыг талуудад мэдэгдсэн баримт хавтаст хэрэг авагдсан байна.
2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 127/ЕШ2021/0800 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчийг албажуулах тухай” Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч М.Б-г албажуулсан байх ба 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7839 дугаартай “хүсэлт шийдвэрлэж, захиргааны хэргийн шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийхээр товлон зарласан.
Шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1238 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Ш”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.И шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн[1] байх ба 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8346 дугаар “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 8777 дугаар шүүгчийн захирамжаар[2] шүүх хуралдааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “Шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон, эсхүл шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт нотлох баримт цуглуулах болон хариуцагч “М”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах үндэслэлээр хойшлуулж, 2021 оны 11 дүгээр сарын 19-нд товлон зарласан байна.
2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч “Ш”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн[3] байх ба 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 9209 дугаар шүүгчийн захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг мэтгэлцэх боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 11 дүгээр сарын 25-ны өдөр товлон зарласан байна
2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1054 дүгээр албан бичгээр “Ш”-ээс “итгэмжлэл хүчингүй болгох тухай” албан бичиг[4] ирүүлсэн ба 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 9417 дугаар шүүгчийн захирамжаар “Ш”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр товлон зарласан.
2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/1080 дугаар албан бичгээр ШЕЗ итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох хүртэл хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт дахин ирүүлсэн[5] байх ба 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 9757 дугаартай “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулж товлосон байдаг.
2021 оны 12 дугаар сарын 17-нд “М”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт[6] ирүүлж, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10098 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр товлон зарласан.
2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Ш”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт дахин ирүүлсэн[7] байх ба мөн “М”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай” хүсэлт ирүүлсэн байдаг. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0027 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэхдээ “...нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нэмэлт баримт цуглуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр товлон зарласан байна.
2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч “Ш”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хурлыг 14 хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлт[8] ирүүлсэн байх ба 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0373 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр товлон зарласан байна.
2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/462 дугаар албан бичгээр шүүгч М.Б-с “Ш”-д нотлох баримт гаргуулах тухай албан бичгийг хүргүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 9675 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т “Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасны дагуу хойшлуулан, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр товлон зарлаж, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч үндэслэл бүхий талуудын хүсэлт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн үндэслэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан байх бөгөөд санаатайгаар шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр олон удаа хойшлуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Шүүгч М.Б 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 21-ний өдрийн албан бичгүүдээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын дээд шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Шүүхийн тусгай архив зэрэг газруудаас нотлох баримт гаргуулахаар хүргүүлсэн,
2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/8347 дугаар албаны бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан нотлох баримт гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн,
2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/8721 дүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас нотлох баримт гаргуулах тухай албан бичгийг хүргүүлсэн,
2022 оны 12 дугаар сарын 23-ны 1/042 дугаар албан бичгээр МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газарт нотлох баримт гаргуулах тухай албан бичиг хүргүүлсэн,
2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/462 дугаар албан бичгээр шүүгч М.Б-с Шүүхийн ерөнхий зөвлөлд нотлох баримт гаргуулах тухай албан бичгийг хүргүүлсэн гэх зэрэг шаардлагатай нотлох баримтыг удаа дараа гаргуулан авахаар албан бичгүүд хүргүүлсэн, шаардлагатай нотлох баримтууд албан бичгийн хариу болж ирж байсан нь хэрэгт авагдсан, нотлох баримт гаргуулан авах ажиллагаануудыг хийсэн байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
2. “...шүүгч шийдвэрээ амаар тайлбарлахдаа “уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн харьяалал” гэж тайлбарласан атлаа шийдвэрээ бичгээр гаргахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч нь захиргааны биш гэж илт өөр дүгнэлт хийсэн нь нэг талд шийдвэр гаргахдаа илтэд үйлчилсэн, хэн нэгнээс зааварчилгаа авсан гэж үзэх үндэслэл болж байна” гэх тухайд:
Нэхэмжлэгч нэр бүхий 12 иргэний нэхэмжлэлтэй, хариуцагч “Ш” “М”-ийн Тамгын газарт холбогдох захиргааны хэргийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт хийсэн үзлэгээр дараах баримт авагдсан.
Бичлэгийн 00 цаг 01 минут 10 секундээс:
Даргалагчаас: Шүүхийн шийдвэр гарлаа. Шийдвэрийг уншиж сонсгоё. Шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг товч сонсгоё. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 109.2-т заасныг удирдлага болгон тогтоох нь, 1 дэх заалтаар нэхэмжлэгч А нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэр бүхий 12 нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэр бүхий 10 нэхэмжлэгчийг нэхэмжлэлд заасан шүүгчийн албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлэхийг, харин нэхэмжлэгч Б, Г нарыг дүүргийн адил шатны шүүхийн шүүгчид томилуулахаар өргөн мэдүүлэхийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгасугай.
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдуулан үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2 дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэж байна. Энэхүү асуудлыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй” гээд
Бичлэгийн 02 минут 46 секундээс: “Товч үндэслэлээ хэлье... Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндсэн хууль болон шүүхийн тухай хуулиар олгогдсон шүүгчийн хараат бус бие даасан байдлыг хангах шүүгчийн эрх ашгийг хамгаалах, чиг үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд олон жил болж байхад энэ үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нарыг буцаан томилохыг даалгасан. 2 нэхэмжлэгчийн хувьд Улсын их хурлаас шүүгчийн орон тоог тогтоодог, баталдаг учраас адил шатны дүүргийн шүүхэд томилохоор өргөн мэдүүлэхийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгасан...”,
Бичлэгийн 05 минут 10 секундээс “Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалал биш юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг захиргааны байгууллага гэж тодорхойлох боломжгүй.. харин Шүүхийн Ерөнхий зөвлөл бол шүүхийн захиргааны байгууллага...” гэж хэлснээр бичлэгт авагдсан байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэг, 15 дугаар хуудасны 52, 53 дугаар мөрүүдэд “...Монгол Улсын Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүний институтийг захиргааны байгууллага гэж үзэхээргүй байна гэж дүгнэлээ...” гэсэн байгаагаас үзэхэд шүүгчийн шүүх хурал дээр уншиж сонсгосон үндэслэх хэсгийн агуулга болоод бичгээр гарсан шүүхийн шийдвэрийн агуулга нийцэж байх ба өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан “...илт өөр дүгнэлт хийсэн нь нэг талд шийдвэр гаргахдаа илтэд үйлчилсэн, хэн нэгнээс зааварчилгаа авсан гэж үзэх...” гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
3. “...шүүгч М.Б-ийн ийнхүү бидний “Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцуулсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь иргэн бидний маргааныг шийдвэрлэх эзэнгүй болгож, иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтой хохироосон, тодорхой нэр бүхий хүмүүст үйлчилсэн үр дагавар үүсгэж байна” гэх тухайд:
Шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэнэ гэсэн байх ба мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг үнэлэх” хэсгийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу нотлох баримтыг үнэлэх, шийдвэр гаргах ажиллагаанд дүгнэлт өгөх эрх хэмжээ Шүүхийн сахилгын хороонд байхгүй.
Хэрэгт авагдсан баримтууд, шүүгчийн тайлбар зэргээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгч М.Б-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
... захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Б-д холбогдуулан иргэн Д.Э-ээс гаргасан өргөдөл гомдолд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 953 дугаар захирамжаар мөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Иргэн өргөдөл гомдлын үндэслэлээ 1-д, М.Батзориг шүүгч хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг хэтрүүлэн 8 сар гаруйн дараа хэргийг шийдвэрлэсэн, мөн шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр олон удаа хойшилсон, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, 2-т, шийдвэрээ амаар тайлбарлахдаа “уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн харьяалал” гэж тайлбарласан атлаа шийдвэрээ бичгээр гаргахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч нь захиргааны биш гэж илт өөр дүгнэлт хийсэн нь нэг талд шийдвэр гаргахдаа илтэд үйлчилсэн, хэн нэгнээс зааварчилгаа авсан гэж үзэх үндэслэл болж байна, 3-т, бидний “Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцуулсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь иргэн бидний маргааныг шийдвэрлэх эзэнгүй болгож, иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтой хохироосон, тодорхой нэр бүхий хүмүүст үйлчилсэн үр дагавар үүсгэсэн гэж тайлбарлажээ.
Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7839 дугаартай “хүсэлт шийдвэрлэж, захиргааны хэргийн шүүх хуралдааныг товлон зарлах тухай”, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8346 дугаар “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” болон 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 8777, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 9209, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 9417, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 9757, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10098, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0027, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0373, 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 9675 дугаар шүүгчийн захирамжуудаар тус тус шүүх хуралдаануудыг хойшлуулж шийдвэрлэхдээ холбогдох шүүгч нь хэргийн оролцогчдын гаргасан үндэслэл бүхий хүсэлт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн үндэслэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан байх бөгөөд санаатайгаар шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр олон удаа хойшлуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Мөн шүүгч нотлох баримт гаргуулах албан бичгийг холбогдох газруудад хүргүүлж, нотлох баримтууд албан бичгийн хариу болж ирж байсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны бичлэг болон тус бичлэгт хийсэн үзлэгээр “Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалал биш юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг захиргааны байгууллага гэж тодорхойлох боломжгүй... харин Шүүхийн Ерөнхий Зөвлөл бол шүүхийн захиргааны байгууллага...” гэж хэлсэн нь нотлогдож тогтоогдож байх бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт буюу шийдвэрийн 15 дугаар хуудасны 52, 53 дугаар мөрүүдэд “... Монгол Улсын Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүний институтийг захиргааны байгууллага гэж үзэхээргүй байна гэж дүгнэлээ...” гэснээс үзэхэд уншиж сонсгосон үндэслэл нь агуулга болоод бичгээр гарсан шүүхийн шийдвэрийн утга агуулгатай нийцэж байх ба төдийгүй өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан “...илт өөр дүгнэлт хийсэн нь нэг талд шийдвэр гаргахдаа илтэд үйлчилсэн, хэн нэгнээс зааварчилгаа авсан гэж үзэх...” гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн “...шүүгч М.Б-ийн ийнхүү бидний “Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцуулсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь иргэн бидний маргааныг шийдвэрлэх эзэнгүй болгож, иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтой хохироосон, тодорхой нэр бүхий хүмүүст үйлчилсэн үр дагавар үүсгэж байна” гэсэн нь шүүгчийн хууль хэрэглээ буюу хэрэг хянан шийдвэрлэх бүрэн эрхэд хамаарах асуудал байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэнэ, мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг үнэлэх” хэсгийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу нотлох баримтыг үнэлэх, шийдвэр гаргах ажиллагаанд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөх, хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээ олгогдоогүй, энэ талаар илтгэгч гишүүний хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна.
Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Мөн өргөдөл гомдол гаргагч нь 12 нэр бүхий шүүгчийг томилохгүй үлдээсэн тухай гомдлын агуулгадаа дурдаж байгаа хэдий боловч тэдгээрийг төлөөлөн бүрэн эрх олгогдоогүй, сахилгын хэрэгт төлөөлөх эрх олгосон итгэмжлэл авагдаагүй байх тул бусдыг төлөөлж гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй байна.
Өргөдөлд холбогдох шүүгч М.Б нь Ерөнхийлөгч асан Ц.Э-г хамгаалж, нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй зориуд удаашруулсан, энэ асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэж байгаа ба ингэж үзэх шалтгаан нь түүний анхны томилогдож шүүгч болсон факттай холбоотой гэж үзэж байна гэсэн байх ба уг асуудал нь Шүүхийн сахилгын хорооны харьяалан шийдвэрлэх асуудал биш юм. Хэрэв холбогдох шүүгчийн томилгоотой холбоотой хууль бус асуудал байна гэж үзэж байгаа бол уг асуудлаа харьяалан шийдвэрлэх хууль хяналтын байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тусгайлан дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч М.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН Б.СУГАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР
[1] Хавтаст хэргийн 152 дугаар хуудас.
[2] Хавтаст хэргийн 164 дүгээр хуудас.
[3] Хавтаст хэргийн 168 дугаар хуудас.
[4] Хавтаст хэргийн 178 дугаар хуудас.
[5] Хавтаст хэргийн 188 дугаар хуудас.
[6] Хавтаст хэргийн 194 дүгээр хуудас.
[7] Хавтаст хэргийн 201 дүгээр хуудас.
[8] Хавтаст хэргийн 2019 дүгээр хуудас.