info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-07-04

Дугаар 218

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.М, ... шүүгч Л.Д, Д.М, Ж.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналд:

“... 1. Олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан танхайрах зөрчилд тооцогдох ба хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий албан хаагч энэхүү зөрчил гаргасан эсэхэд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, мөн зүйлийн 7.2.-т зааснаар шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлжээ.

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7.-д зааснаар Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна. Түүнчлэн мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 1-т шүүгч энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах тухай саналыг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

Ш.Т-д холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Н.М энэ хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан журмыг дагуу явуулж, шийтгэл оногдуулсан, шүүгч Ж.Э, Д.М, Л.Д нар шийтгэврийг эс зөвшөөрсөн Ш.Т-ийн гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийтгэврийг хэвээр үлдээхдээ магадлалд ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлийг тодорхой тусгасан нь Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 9, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т нийцжээ.

Дээр дурдсанаас үзвэл, холбогдох шүүгч нар Ш.Т-д холбогдох зөрчлийн хэргийг хуульд заасан журмын дагуу хянан хэлэлцэж шийдвэрлэсэн, энэ нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” зөрчилд хамаарахгүй.

2. Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн зорилт нь уг ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад орших ба хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно ба сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно гэж заасан.

Зөрчилд холбогдсон этгээдэд хэрэг үүсгэн шалгах нь зөв боловч энэхүү ажиллагаа хуулиас гадуур байж болохгүй бөгөөд өргөдөл гаргагч өргөдөлдөө “...шүүгч нар эрүү шүүлт тулгаж, харгис хэрцгийгээр яллаж баривчлах шийтгэл оногдуулсан” гэжээ.

Монгол хэлний тайлбар тольд эрүү тулгах гэдгийг ял зэмлэл хүлээлгэхээр шаардах, албадахыг, эрүү шүүлт гэдгийг гэмт хэрэгтэнг тамлан зовоох хэрэгсэл ашиглан байцаах гэж тайлбарлажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгч нар Ш.Т-д холбогдох зөрчлийн хэргийг анхан ба давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ түүнд шийтгэл оногдуулахаар албадсан, харгис хэрцгий авирласан гэх байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүх зөрчилд холбогдогчид 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулах, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан нь хуульд заагдсан байна.

Дээрх үндэслэлээр ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.М, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.М, Л.Д, Ж.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.М, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Д, Д.М, Ж.Э нарт холбогдуулан иргэн Ш.Т, Ш.Э нараас  гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 938 дугаар захирамжаар мөн шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан танхайрах зөрчилд тооцогдох ба хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий албан хаагч энэхүү зөрчил гаргасан эсэхэд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, мөн зүйлийн 7.2.-т зааснаар шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7.-д зааснаар Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна. Түүнчлэн мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 1-т шүүгч энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах тухай саналыг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн байна.  

Ш.Т-д холбогдох зөрчлийн хэргийг холбогдох шүүгч Н.М энэ хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан журмыг дагуу явуулж, шийтгэл оногдуулсан, шүүгч Ж.Э, Д.М, Л.Д нар шийтгэврийг эс зөвшөөрсөн Ш.Т-ийн гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийтгэврийг хэвээр үлдээхдээ магадлалд ийнхүү шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгасан нь Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 9, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т нийцэж байх тул холбогдох шүүгч нар Ш.Т-д холбогдох зөрчлийн хэргийг хуульд заасан журмын дагуу хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байх тул энэ нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” зөрчилд хамаарахгүй гэж илтгэгч гишүүний дүгнэсэн нь хууль эрх зүйн бүрэн дүүрэн үндэслэлтэй байна.

Мөн сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгч нар Ш.Т-д холбогдох зөрчлийн хэргийг анхан ба давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ түүнд шийтгэл оногдуулахаар албадсан, харгис хэрцгий авирласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна.

Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.М, ... шүүхийн шүүгч Л.Д, Д.М, Ж.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

            ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН                                  Б.СУГАР

            ГИШҮҮН                                                        Д.АРИУНТУЯА

                                                                                   Д.ЭРДЭНЭЧУЛУУН