info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-06-15

Дугаар 200

Улаанбаатар хот

2022.06.15 200 дугаартай

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.С , шүүгч Г.Э , Ц.Д  /одоо ...  шүүхийн шүүгч/ нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 96 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Т.Ц- сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...Миний бие Г.М-, Т.Ц- нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэрэгт шалгагдаад 4 жил гаруй болж байгаагаас 3 жил гаруй хугацаанд цагдан хоригдож, 9 сар гадуур байж шалгуулсан. Энэ бүх хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй. Хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу өргөдөл, гомдлоо гаргаад явж байгаа. Эрүүгийн ... дугаартай хэрэг нь ... аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээр 4 удаа хэлэлцэгдсэн. Анх 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхийн шүүгч Б.С  даргалж, хэргийг шийдвэрлэхдээ намайг гэм буруутай гэж ял шийтгэсэн. Үүнээс хойш 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхийн шүүгч Ц.Д , Г.Э  нар эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ яллагдагч Г.Мөнх-Эрдэнийг цагаатгаж, Т.Ц-ийг гэм буруутай гэж шийдвэрлэсэн. Дараа нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхийн шүүгч Б.С , Г.Э  нар тус эрүүгийн хэргийг шүүж, яллагдагч Г.Мөнх-Эрдэнийг цагаатгаж, Т.Ц-ийг гэм буруутай гэж шийдвэрлэсэн. Тус эрүүгийн хэргийг ...  шүүхийн шүүгч Б.С , Г.Э , Ц.Д  нар 3 удаа анхан шатны шүүхээр шийдвэрлэснээс Т.Ц-ийг 3 удаа гэм буруутайд тооцсон. Нөгөө яллагдагчийг цагаатгаж, удаа дараа илт хууль бус шийдвэр гаргаж байсан. Дээрх шүүгч нарын хууль зөрчсөн тогтоол гаргах бүрд давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн тогтоол гарч анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан гэж тухай бүрд үүрэг даалгавар өгч хэргийг буцааж байсан боловч шүүгч Б.С , Г.Э , Ц.Д  нар Дээд шүүхээс өгсөн үүрэг даалгаврыг огт биелүүлэхгүй, тус эрүүгийн хэргийг удаа дараа хэт нэг талыг барьж, урд урдынхаа буруу шийдвэрүүдээ дахин батлахын тулд дотоод итгэл үнэмшилдээ Т.Ц- буруутай гэж урдын итгэл үнэмшлээр хэрэгт хандаж, нотлох баримт, хэргийн нөхцөл байдлуудаа үнэлэхгүйгээр, хэрэгт дүгнэлт хийж, удаа дараа буруу шийдвэр гаргалаа. Энэ хэрэг шалгагдаад 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад шийдэгдээгүй, хэрэг шийдвэрлэгдэхгүй удсан шалтгаан бол шүүгч Б.С , Г.Э , Ц.Д  нарын цэвэр буруугаас болсон. Гэтэл одоог хүртэл хууль зөрчиж, буруу шийдвэр гаргаж байсан 3 шүүгчид хариуцлага хүлээлгэхгүй байна. Т.Ц-ийн 3 жил гаруй цагдан хоригдсон хугацааны 2 жил 6 сар нь зөвхөн дээрх 3 шүүгчийн буруу шийдвэрээс болж, шүүхийн шатанд хоригдсон хугацаа байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээд хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзвэл уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй” гэжээ. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ... аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх дээр болсон яллагдагч Г.М-, Т.Ц- нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаан дээр миний бие өмгөөлөгч Д.Д-гийн хамтаар “Б.С , Г.Э  уг хэргийг урьд өмнө нь шийдвэрлэж байсан бөгөөд Т.Ц-ийг гэм буруутайд тооцон ял шийтгэж байсан. Тиймээс шүүгч нар тэр л итгэл үнэмшлээрээ хэргийг шүүнэ гэсэн үг. Энэ нь шүүгч нар өмнөхөөсөө өөр шийдвэр гаргах нөхцөл байдал үүсэхэд хүнд байх болно. Өөрөөр хэлбэл дотоод итгэл үнэмшилтэйгээ зөрчилдөнө. Ёс зүйн хувьд алдаатай шийдвэр гаргах магадлал маш өндөр. Тиймээс шүүгчээс татгалзаж байсан” гэх үндэслэлээр шүүгч Б.С , Г.Э  нараас татгалзах хүсэлт гаргасан боловч шүүгч Б.С , Г.Э  нар хүлээж аваагүй, шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Тус шүүх хуралдаан дээр даргалагч шүүгч Б.С  нь миний өмгөөлөгч Ж.Я-ыг өвчтэй, хүрэлцэн ирэх боломжгүй гэж хэлээд байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Тэр шүүх хуралдаанаар яллагдагч Г.М- цагаатгагдаж, миний бие 16 жилийн ялаар шийтгүүлсэн. Шүүх хуралдаанаас хойш сүүлд сонсоход миний өмгөөлөгч Ж.Я-д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байсан. Шүүгч Б.С , Г.Э  нар хэрэгт хэт нэг талыг барьж, хууль зөрчин шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хууль бусаар хязгаарлаж шийдвэрлэсэн. Миний бие ...2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шүүгч Б.С , Г.Э  нарын 2021/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж хоригдож байгаад, Дээд шүүхийн тогтоолоор 2021/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоол хүчингүй болж, Эрүүгийн хэрэг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр прокурорт ирэхэд прокурор Т.Батсүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 14.10 дугаар зүйлийн 2-т зааснаар цагдан хорих саналыг дахин тус шүүхэд гаргасан. Шүүгч Ц.Д  мөн л прокурорын саналыг хүлээн авч, 2022 оны 2022/ЦХШЗ/02 дугаар захирамж гаргасныг миний бие эс зөвшөөрч, дахин гомдол гаргахад тус шүүхийн шүүгч Э.Дулмаа гомдлыг хүлээн авч хянаад ... яллагдагч Т.Ц- болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангаж,...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тул 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ЕШЗ/98 дугаар захирамжаар миний бие суллагдаад, гадуур байж байгаад хэргээ шалгуулсан. ...2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ... аймгийн Хархорин сум дахь Прокурорын газрын Ерөнхий прокурор тус эрүүгийн хэргийг хүлээн аваад дээрх Улсын дээд шүүхийн 200 дугаар тогтоолд заасан үүргийг хийж гүйцэтгэлгүй, зөвхөн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлээд хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Шүүгч Б.С , Г.Э  нар хүлээн авч хянаад Улсын дээд шүүхийн 200 дугаар тогтоолд заасан үүргийг биелүүлээгүй байгааг мэдсээр байж урьд өмнө нь хэргийг буруу шийдвэрлэж байснаа дахин хамгаалахын тулд шүүгдэгч Т.Ц-ийн өмгөөлүүлэх эрхийг хязгаарлаж, өмгөөлөгч Д.Д-гийн “шүүгч Б.С , Г.Э  нараас татгалзсан” хүсэлтийг нь хангалгүй, хэргийг дахин буруу шийдвэрлэсэн. Шүүгч Б.С , Г.Э  нар хууль бус шийдвэрээ хамгаалахын тулд хэт нэг талыг барьж, хууль зөрчин, хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж шийдвэр гаргаж байсан нь тодорхой харагддаг. Миний бие шүүгч Б.С , Г.Э  нарын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/56 дугаар тогтоолоор ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 423 дугаар хорих ангийн цагдан хорих байранд хоригдсон. Миний бие дээд шүүхэд гомдол гаргах хүсэлтэй байсан бөгөөд гомдол гаргахын тулд эхлээд хэргийн материалтай танилцах хэрэгтэй байсан. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болоогүй байсан болохоор Т.Ц- миний бие шүүгдэгчээр хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлтээ 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан. Гэтэл хуулийн хугацаанд гаргасан хүсэлтэд хариу ирүүлээгүй тул тус шүүхэд гомдол гаргасан. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ... шүүхийн шүүгч Ц.Д  “таны гомдлыг хүлээн авлаа, хэргийн материалтай танилцах эрхтэй” гэсэн захирамж гарган ирүүлснийг цагдан хорих байрны дарга, дэд хурандаа А.Г- надад танилцуулсан. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хэргийн материалтай танилцах хүсэлт дахин гаргасан боловч ямар ч хариу ирүүлээгүй. Шүүхээс ... аймгийн шүүхээс хэргийн материалтай танилцах эрх хязгаарлаад байсан тул ... аймгийн өмгөөлөгч Г.А-ыг өмгөөлөгчөөр авах хүсэлт гаргасан ба өмгөөлөгч Г.А- 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цагдан хорих байранд ирж надтай гэрээ байгуулсан. Дараа нь өмгөөлөгчийн хамтаар хэргийн материалтай танилцаад дараа нь дээд шүүхэд гомдлоо гаргасан. Шүүгч Б.С , Г.Э  нар эрхийг минь хязгаарлаж байсанд гомдолтой байдаг. Энэ явдлаас хойш 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн байранд хэргийн материалтай танилцахад 12 дугаар хавтаст хэргийн 66-218 дугаар хуудасны хооронд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд гаргасан миний гомдол, хүсэлт, зарим баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргаагүй, бүх хавтаст хэргийг харахад ч байхгүй байсан. ... аймгийн 423 дугаар хорих ангийн даргын албан тоотоор шүүхэд хүргүүлсэн хүсэлт, гомдлууд, шүүхээс ирсэн бичгүүд тус хорих ангийн бүртгэлд бүртгэгдээд архивлагдсан. Мөн Т.Ц-ийн хувийн хэрэгт хуулбарууд нь хавсаргагдан хадгалагдсан байхад эрүүгийн ... дугаартай хэрэгт тус баримтууд байхгүй байна. Шүүгч Б.С , Г.Э  нар өөрсдийн хууль бус шийдвэрээ хамгаалахын тулд Т.Ц- миний эрхийг хязгаарлаж байсан бөгөөд хүний эрх хязгаарласан үйлдлээ нуухын тулд хавтаст хэрэгт авагдах ёстой бичгийн баримтуудыг устгаж, хууль зөрчсөн гэж үзэхээс аргагүйд хүрч байна. ...Тус эрүүгийн хэрэгт шүүгч Б.С , Ц.Д , Г.Э  нар олон удаа оролцож хэргийг буруу шийдвэрлэж, Т.Ц-ийг үндэслэлгүй 3 удаа яллаж байсан. Эдгээр шүүгч нар Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан үүргүүдийг огт биелүүлээгүй, өөрсдийнх нь гаргасан шийдвэрүүд хүчингүй болох бүрд нь яллагдагч Т.Ц-ийг үзэн ядсан байдлаар дараа, дараагийн шүүх хуралдаанд орж, хүний эрх, Монгол Улсын хууль зөрчиж байгааг анхаарч үзнэ үү. Шүүгч Б.С  2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ... аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх хэргийг шийдвэрлэхдээ яллагдагч Т.Ц-д “танай өмгөөлөгч Ж.Я-тэй утсаар ярьсан өвчтэй, шүүх хуралдаанд ирэх боломжгүй” гэж хэлээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн өмгөөлүүлэх эрхийг худал хэлж, хязгаарласан. Энэ талаар хүний эрхийн байгууллагад хандсан. ...Монгол Улсын хуульд заасан үндэслэл журмаас гадуур баримт нотолгоогүйгээр Б.С , Г.Э , Ц.Д  нар Т.Ц-ийг хорьж хууль зөрчсөн, хүний эрх хууль бусаар хязгаарласан гэж үзэхээр байгаа тул эдгээр шүүгч нарыг хууль журмын дагуу шалгаж өгнө үү. Миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Шүүгч Б.С  Сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “...... аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ц-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүх бүрэлдэхүүний шүүгчээр, ... аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ц-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М- нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар тус тус хянан шийдвэрлэсэн. ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 204/МА2018/34 дугаартай магадлалаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/МШМ/45 дугаартай магадлалаар 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байдаг. Ерөнхий шүүгч Б.С  миний бие Т.Ц-, Г.М- нарт холбогдох ... дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд 2 удаа шүүх бүрэлдэхүүний шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар оролцож шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр шийдвэрээ гаргасан. Түүнчлэн гомдолд дурдсанчлан Улсын Дээд шүүхээс энэ хэргийг ингэж шийд гэсэн ямар нэгэн үүрэг даалгавар ирээгүй. Үүрэг даалгавар өгөх хууль зүйн боломжгүй ба тус хэрэг нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хүчингүй болж прокурорт удаа дараа буцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2,1.3,1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд ... аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокуророос Т.Ц-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн саналын дагуу тухай бүрд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйл, 14.10 дугаар зүйлд зааснаар тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу тухайн жилдээ цагдан хорио хариуцсан шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэж байсан ба хууль бусаар хорьж байсан асуудал байхгүй. Т.Ц-ийн гомдолд бичсэн “шүүгч Б.С , Г.Э  нар нь өөрсдийн хууль бус шийдвэрээ хамгаалахын тулд Т.Ц- миний эрхийг хязгаарлаж байсан бөгөөд хүний эрх хязгаарласан үйлдлээ нуухын тулд хавтаст хэрэгт байх ёстой 2021.08.10-ны өдрөөс 2021.09.02-ны хооронд гаргасан хүсэлтүүдийг устгасан” гэжээ. Тухайн хүсэлтүүд гаргасан гэх цаг хугацаанд миний бие ээлжийн амралттай байсан тул ямар хүсэлтүүд ирж байсныг мэдэхгүй болно. Т.Ц-, түүний өмгөөлөгч Д.Д- нар нь тус шүүхийн шүүгчдийг өмнө нь хэргийг шийдвэрлэж байсан гэж хууль зүйн үндэслэлгүй тайлбар гарган удаа дараа татгалзан гаргах хүсэлт гаргадаг ба 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд Т.Ц- нь Ерөнхий шүүгч Б.С , шүүгч Г.Э- нараас татгалзах хүсэлт гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6-д “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж Ц-ийн гаргасан Ерөнхий шүүгч Б.С , шүүгч Г.Э  нараас татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Т.Ц- нь үндэслэлгүй гомдол гаргасан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Г.Э  Сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “Шүүгч Г.Э  би Т.Ц-, Г.М- нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүний шүүгчээр тус тус оролцож байсан. ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ДШМ/01 дугаартай магадлалаар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 200 дугаартай тогтоолоор 2021/ДШМ/01 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай” гэснийг “...хэргийг прокурорт буцаасугай” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэж байсан. ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ДШМ/45 дугаартай магадлалаар 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Т.Ц- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 52 дугаартай тогтоолоор Т.Ц- нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явагдана” гэж заасан байдаг. Шүүгч Г.Э  би Т.Ц-д холбогдох ... дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд 2 удаа шүүх бүрэлдэхүүний шүүгчээр оролцож шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр шийдвэрээ гаргасан болно. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд Т.Ц- нь Ерөнхий шүүгч Б.С , шүүгч Г.Э  нараас татгалзах хүсэлт гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. ...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Т.Ц- нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэрэг нь прокуророос шүүхэд шилжиж ирсэн ба шүүгч Ц.Д д хуваарилагдаж 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүгч Ц.Д  нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тус захирамжид Т.Ц- нь Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3-д зааснаар Ерөнхий шүүгч Б.С  жирэмсний амралтаа авсан тул түүний томилсон шүүгч Г.Э  би тус захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэсэн. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/54 дугаартай шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт Т.Ц- нь шүүгч Б.С , Г.Э , Ц.Д  нараас татгалзсан хүсэлт гаргасан бөгөөд шүүгч нараас татгалзсан татгалзлыг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 146/ЗТ2022/00009 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн болно. Т.Ц-ийн өргөдөлд бичсэн “шүүгч Б.С , Г.Э  нар нь өөрсдийн хууль бус шийдвэрээ хамгаалахын тулд Т.Ц- миний эрхийг хязгаарлаж байсан бөгөөд хүний эрх хязгаарласан үйлдлээ нуухын тулд хавтаст хэрэгт байх ёстой 2021.08.10-ны өдрөөс 2021.09.02-ны хооронд гаргасан хүсэлт гомдол зарим баримтыг устгасан” гэжээ. Т.Ц- нарт холбогдох эрүүгийн хэрэг нь шүүгч Г.Э  надад хуваарилагдаж байгаагүй, устгасан гэх баримтуудыг би мэдэхгүй, миний хувьд 2 удаа шүүх бүрэлдэхүүний шүүгчээр оролцож байсан талаар тайлбар гаргасан...” гэжээ.

 

Шүүгч Ц.Д  Сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “Шүүгч би ... аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ц-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М- нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдаанд даргалагч шүүгчээр, ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ДШМ/01 дугаартай магадлалаар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 200 дугаартай тогтоолоор 2021/ДШМ/01 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай” гэснийг “...хэргийг прокурорт буцаасугай” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэж байсан. Тус хэргийг ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ДШМ/45 дугаартай магадлалаар 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Т.Ц- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 52 дугаартай тогтоолоор Т.Ц- нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байдаг. Шүүгч Ц.Д  би Т.Ц-д холбогдох ... дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд 1 удаа даргалагч шүүгчээр шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр шийдвэрээ гаргасан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд ... аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокуророос Т.Ц-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн саналын дагуу тухай бүрд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйл, 14.10 дугаар зүйлд зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэж байсан. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Т.Ц- нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэрэг нь прокуророос шүүхэд шилжиж ирсэн ба шүүгч Ц.Д  надад хуваарилагдаж 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тус захирамжид Т.Ц- нь тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд шүүгч Г.Э  тус захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэсэн. Т.Ц-ийн өргөдөлд бичсэн “шүүгч Б.С , Г.Э  Ц.Д  нар нь өөрсдийн хууль бус шийдвэрээ хамгаалахын тулд Т.Ц- миний эрхийг хязгаарлаж байсан бөгөөд хүний эрх хязгаарласан үйлдлээ нуухын тулд хавтаст хэрэгт байх ёстой 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны хооронд гаргасан хүсэлт гомдол, зарим баримтыг устгасан” гэжээ. Т.Ц-ийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны хооронд тус шүүхэд гаргаж байсан гомдол, хүсэлтийг тус шүүхэд гомдол, эсэргүүцэл, өргөдөл, хүсэлт хүлээн авсан бүртгэлээс үзэхэд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь тус бүртгэлийн дэвтрийн 64 дугаарт Т.Ц-ийн 2021 оны 08 дугаар 20-ны өдөр хэргийн материалтай танилцах 2 хуудас хүсэлтийг хүлээн авч бүртгэн шүүгч Ц.Д  би хүлээн авсан. Мөн тус бүртгэлийн 65 дугаарт Т.Ц-ийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хэргийн материалтай танилцах 2 хуудас хүсэлтийг бүртгэж авсан. Шүүгч Ц.Д  би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 161 дүгээр албан бичгээр Т.Ц-д хариу хүргүүлж, Т.Ц-ийн гаргасан хүсэлтүүдийг тус албан бичгийн ард нь хавсарган 2021 оны шүүхийн албан бичигт архивлагдсан байна. Мөн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь тус бүртгэлийн дэвтрийн 66 дугаарт Т.Ц-ийн 2021 оны 08 дугаар 27-ны өдөр хэргийн материалтай танилцах 4 хуудас хүсэлтийг хүлээн авч бүртгэж шүүгч Э.Дулмаад хүлээн өгсөн байна. Шүүгч Э.Дулмаа нь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 166 дугаар албан бичгээр Т.Ц-д хариу хүргүүлж, Т.Ц-ийн гаргасан хүсэлтүүдийг тус албан бичгийн ард нь хавсарган 2021 оны шүүхийн албан бичигт архивлагдсан байна. Т.Ц-, Г.Мөнх- Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн, хууль зөрчсөн зүйлгүй болно” гэжээ.

 

Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулууны сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:

“1. “Хэргийг буруу шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үүргүүдийг биелүүлдэггүй, хууль бусаар намайг хорьсон” гэх тухайд: ...Нэр бүхий шүүгч нарыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, шүүн таслах ажиллагаа явуулж шийдвэр гаргасныг хууль бус шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үүргүүдийг биелүүлээгүй, Т.Ц-ийг хууль бусаар цагдан хорьсон гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүхийн сахилгын хороо нь шүүгч Б.С , Г.Э , Ц.Д  нарын гаргасан эрх зүйн акт, өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол, захирамжийг хянах, түүнд дүгнэлт өгөх эрх бүхий байгууллага биш бөгөөд уг хороонд ийм эрхийг хуулиар олгоогүй болно.

    2. “Өмгөөлөгч Ж.Я-ыг өвчтэй, шүүх хуралдаанд ирэх боломжгүй гэж худал хэлэн өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан” гэх тухайд: Гишүүний 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 934 дүгээр “Нотлох баримт гаргуулах тухай” захирамжийн дагуу ... аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.М-ын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Т/104 дүгээр албан бичгээр ирүүлсэн нотлох баримтуудаас болон Ерөнхий шүүгч Б.С д холбогдох сахилгын хэргээс хуулбарлан авсан баримтуудаас үзвэл өмгөөлөгч Ж.Я-д шүүх хуралдааны товыг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэхэд тэрээр “шүүх хуралд суухгүй, миний бие өвчтэй байгаа учир очиж чадахгүй” гэж хэлсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, тус шүүхийн шүүгчийн туслах Т.Лхагвасүрэнгийн тайлбар, тус шүүхийн ... дугаарын утаснаас өмгөөлөгч Ж.Я-ын ... дугаарын утас руу 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ярьсан утасны дуудлагын баримтаар тус тус тогтоогдож байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.7 дахь заалтад “шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох” гэж зааснаар шүүгчийн туслах нь шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгджээ. Түүнчлэн сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад ... шүүхийн Тамгын газраас  2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг нотлох баримтаар гаргуулан авсан ба тус бичлэгт үзлэг хийхэд 1 дүгээр бичлэгийн 01 минут 45 секундээс шүүгдэгч Т.Ц- “Ж.Я- өмгөөлөгчийн биеийн байдал нь тийм бол бас оролцуулахгүйгээр, харин гайгүй, өөрөө хүрээд ирнэ гэвэл” гэхэд, шүүх хуралдаан даргалагч “ирэхгүй гэсэн. Ирэх боломжгүй, биеийн байдал муу байна. Хуралд оролцох боломжгүй байна гэж туслахтай ярьсан байна. Ж.Я- өмгөөлөгчтэй хуралд орох уу, орохгүй юу гэдэг саналыг асууж байна”,  “Ж.Я- өмгөөлөгчийг яах юм бэ” гэхэд шүүгдэгч Т.Ц- “Ж.Я- өмгөөлөгчтэй нэгэнт яриагүй юм чинь ингээд орчъё” гэж хэлж байна. Даргалагч “үргэлжлүүлээд Д.Д- өмгөөлөгчтэй ороход болох юм уу? Мөн үү?” гэж лавлаж асуухад шүүгдэгч Т.Ц- “тэгье” гэж хэлсэн болох нь бичлэгт бичигдсэн байна.

    3.Хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргахад хууль бусаар хязгаарласан” гэх тухайд: Шалгах ажиллагааны хүрээнд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбаярын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Т/104 дүгээр албан бичгээр ирүүлсэн баримтуудаас үзвэл: 

  • 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Т.Ц-д,
  • 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Т.Ц- мөрдөгч Э.Г-ын нэмэлтээр хийсэн ажиллагаатай,
  • 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Т.Ц-, түүний өмгөөлөгч Д.Д- нарт,
  • 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Т.Ц-, түүний өмгөөлөгч Ж.Я- нарт,
  • 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Т.Ц-, түүний өмгөөлөгч Д.Д- нарт 2736 хуудас хэрэг,
  • 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Т.Ц-д,
  • 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Т.Ц-д,
  • 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд Т.Ц-д хэргийн материалыг
  • 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Т.Ц-д 13 хавтас, 3118 хуудас баримтуудыг танилцуулжээ. Шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3 дугаар бичлэгт даргалагч шүүгдэгч нарт эрх, үүргийг тайлбарлаж байгаагаар эхэлж байх ба бичлэгийн 19 секундэд даргалагчаас “хэргийн материалтайгаа танилцсан уу” гэхэд шүүгдэгч нар “танилцсан” гэж хэлэн толгой дохиж байна. Мөн бичлэгийн 15 минут 35 секундээс даргалагч “шүүгдэгч Т.Ц- өмгөөлөгчийнхөө нотлох баримт дээр нэмж гаргах нотлох баримт, санал хүсэлт байна уу” гэхэд шүүгдэгч Т.Ц- “байгаа” гээд 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавтаст хэргүүдээс нотлох баримтуудыг нэрлэн зааж байна. 6 дугаар бичлэгт улсын яллагч “энэ талаар бусад гэрчүүд яагаад мэдүүлэхгүй байгаа билээ” гэхэд 07 минут 31 секундээс шүүгдэгч Т.Ц- “энэ талаар ерөөсөө асуугаагүй байдаг юм билээ. Би бас хэргийн материал үзэж байсан...” гэж хэлсэн нь бичлэгт бэхжүүлэгджээ. 10 дугаар бичлэгийн 16 минут 53 секундээс 30 минут 01 секунд хүртэл буюу бичлэг дуустал, 11 дүгээр бичлэгт байх хугацаанд буюу 30 минут 01 секунд хугацаанд, нийт 43 минут 09 секунд шүүгдэгч Т.Ц- нотлох баримт шинжлэн судалж байна. Дээрх баримт болон бичлэгээс үзвэл Т.Ц- хэргийн материалтай танилцсан, түүнийг хэргийн материалтай танилцах эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэхээргүй байна.

    4. “Т.Ц-ийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд гаргасан хүсэлт, гомдол зарим баримтыг устгасан” гэх тухайд: Т.Ц- 2021 оны 08 дугаар сарын 16, 20, 25-ны өдрүүдэд “хэргийн материалтай танилцах” хүсэлтээ ... аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 423 дугаар хорих ангиар дамжуулан гаргасныг ... шүүхийн “Анхан шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл, өргөдөл, хүсэлт хүлээн авсан бүртгэл”-ийн дэвтэрт 2021 оны 08 дугаар сарын 20, 25, 27-ны өдрүүдэд 65-67 дугаарт бүртгэгдэж, тус шүүхийн шүүгч Ц.Д , Э.Д нарт хуваарилагдсан байна. Шүүгч Ц.Д  нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 161 дүгээр албан бичгээр “...хэргийн материал болоод шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эдлэх таны хуульд заасан эрх бөгөөд шүүхээс танд энэхүү эрхэд хязгаарлалт тавиагүй тул танилцах боломжтой болно” гэх хариуг Т.Ц-д хүргүүлжээ. Харин шүүгч Э.Д нь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаар албан бичгээр мөн адил утга, агуулга бүхий хариуг Т.Ц-д хүргүүлж байсан болох нь тус шүүхийн “Анхан шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл, өргөдөл, хүсэлт хүлээн авсан бүртгэл”-ийн дэвтрийн бүртгэгдсэн баримт, шүүхийн ирсэн, явуулсан албан бичгийн бүртгэлийн дэвтрээр тогтоогдож байна. Дээрхээс үзвэл Т.Ц-ийн өргөдөлдөө дурдсан 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд гаргасан хүсэлт, гомдлыг устгасан гэж үзэхгүй. Иймд шүүгч Б.С , Г.Э , Ц.Д  нар нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргаагүй байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл ... аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор ... аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Г.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Т.Ц-ийг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүнийг алсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил, 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байх ба уг шийтгэх тогтоолыг ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ДШМ/01 дугаартай магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 200 дугаар тогтоолоор магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...хэргийг прокурорт буцаасугай” гэж өөрчлөлт оруулсан, улмаар ... аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор ... аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Г.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Т.Ц-ийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байх ба уг тогтоолыг ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ДШМ/45 дугаартай магадлалаар хүчингүй болгож, шүүгдэгч Т.Ц- нарт холбогдох хэргийг дахин прокурорт буцааж шийдвэрлэсэн, Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 52 дугаартай тогтоолоор хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан үйл баримтууд тогтоогдож байна.

Дээрх шийтгэх тогтоолуудыг гаргасан шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.С , Г.Э , Ц.Д  нарт холбогдуулан шүүгдэгч Т.Ц- гомдол гаргаж, үндэслэлээ “...анхан шатны шүүхээр 3 удаа шүүж намайг 3 удаа ял шийтгэн, нөгөө яллагдагчийг цагаатган удаа дараа илт хууль бус шийдвэр гаргасан, дээд шатны шүүхийн шийдвэрт заасан үүргийг биелүүлээгүй, хэт нэг талыг барьж шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг худал хэлж, хязгаарласан, хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд гаргасан хүсэлт, гомдол зарим баримтыг устгасан” гэж тодорхойлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн  2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан хуулийг тайлбарлан, хэрэглэхдээ буруу хэрэглэсэн алдааг дээд шатны шүүх нь залруулдаг онцлогтой.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тул шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх эрх хэмжээгүй болно.

Иймд өргөдөл, мэдээлэлд дурдсан “шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг худал хэлж, хязгаарласан, хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд гаргасан хүсэлт, гомдол зарим баримтыг устгасан” гэх үндэслэлийн хүрээнд зөрчил гарсан эсэхийг шалгаж тогтоох учиртай бөгөөд сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны бичлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Т.Ц-ийг хэргийн материалтай танилцуулаагүй, өмгөөлөгч Ж.Я-ыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, шүүгдэгчээс гаргасан хүсэлт гомдлыг устгасан гэж үзэх боломжгүй талаар илтгэгч гишүүн зөв дүгнэлт хийсэн байна. Тодруулбал,

Шүүгдэгч Т.Ц-ийн өмгөөлөгч Ж.Я-д шүүх хуралдааны товыг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэхэд тэрээр “шүүх хуралд суухгүй, миний бие өвчтэй байгаа учир очиж чадахгүй” гэж хэлсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, шүүгчийн туслах Т.Л-гийн тайлбар, тус шүүхийн ... дугаарын утаснаас өмгөөлөгч Ж.Я-ын ... дугаарын утас руу 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ярьсан лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байгаагийн зэрэгцээ шүүгдэгч Т.Ц- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа хэргийн материалтай танилцаж байсан, хэргийн материалтай танилцсан тухайгаа шүүх хуралдаанд нотлон мэдүүлж байгаа байдал,түүний өмгөөлөгчөөр Д.Д- оролцсон зэргээс үзвэл шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг худал хэлж, хязгаарласан, хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн  гэж үзэхээргүй.

Түүнчлэн, шүүгдэгч Т.Ц-ээс гаргасан хүсэлтүүд нь ...  шүүхийн “Анхан шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл, өргөдөл, хүсэлт хүлээн авсан бүртгэл”-ийн дэвтэрт 2021 оны 08 дугаар сарын 20, 25, 27-ны өдрүүдэд бүртгэгдэн шүүгч Ц.Д , Э.Д нарт хуваарилагдсан, шүүгч Ц.Д  2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 161 дүгээр албан бичгээр, шүүгч Э.Д 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн нь мөн дээрх бүртгэлийн дэвтэр болон шүүхийн ирсэн, явсан албан бичгийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байх тул “2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд гаргасан хүсэлт, гомдол зарим баримтыг устгасан” гэх гомдол үгүйсгэгдэж байна.

Иймд нэр бүхий шүүгч нарыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулууны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 96 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн ­Ерөнхий шүүгч Б.С , шүүгч Г.Э , ...  шүүхийн шүүгч Ц.Д  нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ                                                         О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                                                 Д.АРИУНТУЯА                        

ГИШҮҮН                                                               Ц.ДАВХАРБАЯР