info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-06-30

Дугаар 216

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ... шүүхийн шүүгч Б.У-д холбогдох, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 109 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Иргэн Ч.Г- сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...“Б и” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийг шийдвэрлэж буй шүүгч Б.У- нь Шүүхийн тухай хуулийн 50.1.23, 50.1.28-д заасан зөрчлүүдийг гаргасан тул энэхүү гомдлыг гаргаж байна. Нэг. Өөрөө татгалзан гарах үүргээ хэрэгжүүлээгүй тухай. Шүүгч Б.У- нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох “А с ц” хороололтой холбоотой “И с к” ХХК болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргааныг шийдвэрлэж байсан бөгөөд “Б и” ХХК болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.1.4-д заасан “ашиг сонирхлын зөрчил үүсэж болохоор нөхцөл байдал бий болсон” гэх үндэслэлд хамаарч байхад өөрөө татгалзан гараагүй. Хоёр. Хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн тухай. Тус иргэний хэрэгт гуравдагч этгээдээр “Б ф х б х” гэх БНХАУ-ын компани оролцож буй бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Г.Г т итгэмжлэл олгохдоо “апостиль” тамга даруулаагүй байсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд гуравдагч этгээдэд олгосон итгэмжлэл нь Гадаад харилцааны сайдын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Апостиль гэрчилгээ олгох” журмыг зөрчиж буй тул шүүх хуралдаанд оролцуулахгүй байх талаар хүсэлт гаргасан. Гадаад улсын хуулийн этгээдээс олгож буй итгэмжлэлийг апостиль гэрчилгээг үндэслэн үнэн зөв болохыг тогтоодог. Апостиль тамга дарагдаагүй итгэмжлэлийг үнэн зөв болохыг шүүхээс тогтоох боломжгүй. Учир нь “Б ф х” компани нь БНХАУ-д бүртгэлтэй байдаг эсэх, тухайн итгэмжлэлийг нь үнэхээр тухайн компани олгосон эсэхийг тогтоох боломжгүй. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлт үндэслэлтэй байтал шүүхээс бидний хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдаанд гуравдагч этгээдийг оролцуулсан нь хуулийн тодорхой заалтыг илт зөрчсөн явдал болсон. Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй “Б ф х б х” ХХК-аас Г.Г т олгосон итгэмжлэлд В Ж Ш гэх этгээд гарын үсэг зурсан байсан бөгөөд тус иргэний хэргийн 2 хавтасны 62 дугаар талд тусгагдсан “Б ф х б х” ХХК-ийн гэрчилгээнээс үзвэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь В Ж Ш  гэх этгээд байсан. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г  нь компанийг төлөөлөх эрхгүй этгээдээс итгэмжлэл авсан байсан. Энэхүү үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулахгүй байх хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс тавьтал шүүхээс уг асуудлыг өмнө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шийдвэрлэсэн гэж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас гаргасан гуравдагч этгээдээс олгосон итгэмжлэлд гарын үсэг зурсан этгээд нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн үү гэх үндэслэлтэй хүсэлтэд ямар ч дүгнэлт хийлгүйгээр өмнөх апостильтэй холбоотой асуудалтай адилхан хүсэлт гаргасан мэт дүгнэлт хийж захирамжийн үндэслэлээ тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, Шүүхийн тухай хуулийн 50.1.23 “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой” -ыг тус тус зөрчсөн байна. Иймд ... шүүхийн шүүгч Б.У-гийн дээрх үйлдлүүд нь тус шүүгчийг гуравдагч этгээд болох “Б ф х б х” ХХК-ийн нөлөөнд автсан байж болзошгүй гэх дүгнэлт хийхэд хүргэж байгаа тул шалгаж өгнө үү”  гэжээ.

 

Шүүгч Б.У- сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:  “...Нэхэмжлэгч “Б и” ХХК-ийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд шүүгч тус хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болоогүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр “Б ф х б х” ХХК-ийг гуравдагч этгээдийн хувиар татан оролцуулсан. Хэргийг хянан шийдвэрлэхэд бусад этгээдийн эрх, үүрэг сөргөөр нөлөөлөхөөр үндэслэл хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтээр тодорхойлогдсон тохиолдолд шүүх түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр татан оролцуулах нь шүүхээс гарах шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэх юм. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт шүүгч нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар хэрэг үүсгэсэн даруйд тухайн хэргийн оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулах үүрэгтэй бөгөөд ийнхүү тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчид аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй гэж заасан. Тус хэргийн гуравдагч этгээд болох “Б ф х б х” ХХК-нд нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар танилцуулсан бөгөөд гуравдагч этгээдээс шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлөөгүй тул гомдол гаргагчийн гомдолд дурдсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяагийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Шүүгч дараах үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй”, 91.1.1-т “урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон”, 91.1.2-т “уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал”,  91.1.3-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, 91.1.4-т “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол”, 91.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно” гэж тус тус заажээ. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03467  дугаар шүүхийн шийдвэрээр  “И с к” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий иргэний хэргийг Б.У- шүүгч хянан шийдвэрлэсэн байх бөгөөд одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа “Б и” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоос битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай” шаардлагатай өөр өөр хэргүүд байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г-оос 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “шүүгч Б.У- нь одоо хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийн маргааны гол зүйл болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлалтай “А с ц” хорооллын орон сууцны зориулалттай 21285,45 м.кв талбайтай 1 дүгээр блок барилгуудын үнэлгээтэй холбогдох хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03467 дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэж байсан” гэх үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргажээ. Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ЕШ2021/05312 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна үзэж дээрх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Иймд шүүгч Б.У- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэг үүсээгүй тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн өргөдөл гаргагчаас “гуравдагч этгээдээр “Б ф х б х” гэх Бүгд Найрамдах Хятад Ард улсын компани оролцож байгаа бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Г.Г т итгэмжлэл олгохдоо “апостиль” тамга даруулаагүй байсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд гуравдагч этгээдэд олгосон итгэмжлэл нь Гадаад харилцааны сайдын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Апостиль гэрчилгээ олгох” журмыг зөрчиж байх тул шүүх хуралдаанд оролцуулахгүй байх талаар хүсэлт гаргасан” гэжээ. Гадаад харилцааны сайдын 2010 оны А/42 тоот тушаалаар “Баримт бичиг баталгаажуулж, Апостиль гэрчилгээ олгох журам”-ыг баталсан байх бөгөөд тус журамд  "Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц" (цаашид "Конвенц" гэх)-ийн гишүүн улсуудад хэрэглэгдэх, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн албан ёсны баримт бичгийг баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ олгоход энэхүү журмыг мөрдөхөөр заажээ. Тус иргэний хэрэгт авагдсан итгэмжлэл, компанийн дүрэм, хурлын шийдвэр, аж ахуйн нэгжийн гэрчилгээ зэрэг нь бүгд албан ёсны орчуулгын тэмдэг дарагдсан байх бөгөөд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар апостиль гэрчилгээгээр баримт бичгийг заавал баталгаажуулж үнэн зөв болохыг тодорхойлохыг шаардаагүй байна. Иймд апостиль тамгаар итгэмжлэлийг баталгаажуулаагүй гэдэг үндэслэлээр шүүгчийг Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн өргөдөл гаргагч “Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй “Б ф х б х" ХХК-аас Г.Г т олгосон итгэмжлэлд В Ж Шгэх этгээд гарын үсэг зурсан байсан. Тус иргэний хэргийн 2 хавтасны 62 дугаар талд тусгагдсан “Б ф х б х” ХХК-ийн гэрчилгээнээс үзвэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь В Ж Ш  гэх этгээд байсан. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г  нь компанийг төлөөлөх эрхгүй этгээдээс итгэмжлэл авсан байсан” гэж дурджээ. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Б ф х б х” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан дүрэмд тухайн компанийн хувьцаа эзэмшигчээр “Бээжин Фү Хуан хотын захиргааны төсөл хэрэгжүүлэгч” ХХК, Ч ш р, В Ж Ш нар бүртгэгдсэн байна. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Бүгд Найрамдах Хятад улсын аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээр хууль ёсны төлөөлөгч Ван Жин Мин гэж бичигдсэн. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Б ф х б х” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр улирлын хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт В Ж Ш-г “Б Ф Х” ХХК-ийн Ерөнхий захирлын албан тушаалд 5 жилийн хугацаатай томилсон байх бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр захирал /WANGJIANXIN/ В Ж Ш“Б ф х б х” ХХК-ийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Г ийг томилж 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2021/08436 дугаартай шүүгчийн захирамжаар “Б ф х б х” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт “Бичгээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино: 64.2.1-т “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх”, 64.2.2-т “хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх”, 64.2.3-т “олгосон он, сар, өдрийг заах”, 64.2.4-т “хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх”, 64.2.5-т “итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах” гэж тус тус хуульчилжээ. Дээрх иргэний хэрэгт авагдсан баримтууд болон хуулийн заалтаас үзвэл Г.Г т олгосон итгэмжлэл нь Иргэний хуульд заасан дээрх шаардлагыг хангасан бөгөөд итгэмжлэл олгох эрхгүй этгээд компанийг төлөөлөх бүрэн эрхийг олгосон гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаас гуравдагч этгээдийг төлөөлөн оролцож байгаа этгээд нь хуульд заасан шаардлага хангаагүй гэх хүсэлтийг удаа дараа гаргасан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2021/15221, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2021/16515, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2021/21340  дугаар шүүгчийн захирамжуудаар гуравдагч этгээд буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй байх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” 999 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч Б.У-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ч.Г-оос ... шүүхийн шүүгч Б.У-д холбогдуулан өргөдөл гаргаж, үндэслэлээ “...“Б и” ХХК болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.1.4-д заасан “ашиг сонирхлын зөрчил үүсэж болохоор нөхцөл байдал бий болсон” гэх үндэслэлд хамаарч байхад татгалзан гараагүй, гадаад улсын хуулийн этгээдээс олгосон итгэмжлэл “апостиль” тамга дарагдаагүй байхад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангалгүйгээр гуравдагч этгээдийг оролцуулсан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г  нь компанийг төлөөлөх эрхгүй этгээдээс итгэмжлэл авсан байтал ...уг асуудлыг өмнө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шийдвэрлэсэн гэж үндэслэлгүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн” гэж тодорхойлжээ.

          Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3467 дугаар шийдвэрээр “И с к” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий иргэний хэргийг шүүгч Б.У- шийдвэрлэсэн байх ба уг хэргийг хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Б и” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоос битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г- нь шүүгч Б.У-г татгалзан гаргах хүсэлт гаргасныг ... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5312 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Б ф х б х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г ээс гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 8436 дугаар захирамжаар хангасан, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-аас “...тус хэрэгт “Б ф х” компанийг төлөөлөн оролцож байгаа этгээд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу хуулбарласан тамгатай итгэмжлэлтэй шүүх хуралдаанд оролцож байна. Иймд хууль бус оролцогчтой шүүх хуралдаан явагдах магадлалтай байгаа тул нягталж өгнө үү” гэж хүсэлт гаргасныг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 15221 дүгээр захирамжаар хангахаас татгалзаж, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаагаас гуравдагч этгээдэд олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй талаар дахин хүсэлт гаргасныг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21340 дүгээр захирамжаар хангахаас татгалзаж тус тус шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдсон байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэлийг, 91 дүгээр зүйлд шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлүүдийг заасан бөгөөд шүүгч Б.У- нь “И с к” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн нь “Б и” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэж болохоор нөхцөл байдал бий болсон гэж үзэхээргүй төдийгүй энэ үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг ерөнхий шүүгчийн захирамжаар шийдвэрлэжээ. Тодруулбал,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3-т "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгохоор, 3.1.11-д “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг ойлгохоор тус тус зохицуулсан бөгөөд урьд нь хамаарал бүхий хэрэг маргаан шийдвэрлэж байсан нь ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсгэхгүй, шүүгч тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэг үүсээгүй байна.

Харин ч шүүгч өөрт хуваарилагдсан хэрэг маргааныг заавал хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах нь ёс зүйн зөрчил болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлийн талаар илтгэгч гишүүний дүгнэлт зөв байх тул хүлээн авах нь зүйтэй ба харин иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудыг нотлох баримтаар үнэлж, Г.Г т олгосон итгэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангасан, итгэмжлэл олгох эрхгүй этгээд компанийг төлөөлөх бүрэн эрхийг олгосон гэж үзэх боломжгүй гэх зэргээр дүгнэлт хийснийг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

Учир нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь энэ хуулиар тодорхойлсон шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага бөгөөд хэрэг маргаан шийдвэрлэгдээгүй байгаа энэ тохиолдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад дүгнэлт өгөх, гуравдагч этгээдийн олгосон итгэмжлэл хуульд нийцсэн эсэхийг тогтоох эрх хэмжээ олгогдоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заажээ.

Түүнчлэн, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байхыг ойлгох бөгөөд гуравдагч этгээдэд олгосон итгэмжлэл, төлөөлөх эрхтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн зөрчилд хамааруулахгүй, энэхүү хуулийн заалтыг илт тодорхой гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан эсэхийг гагцхүү дээд шатны шүүх нь хянаж дүгнэлт хийх эрхтэйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг билээ.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл илтгэгч гишүүнээс шүүгч Б.У-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байх тул хүлээн авч, холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяагийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 109 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Б.У-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

          3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ                                                         О.НОМУУЛИН

 ГИШҮҮН                                                                 Д.ЭРДЭНЭЧУЛУУН

 ГИШҮҮН                                                               Д.МЯГМАРЦЭРЭН